Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 208/МА2023/00027

 

******* ******* ******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 265 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХ,

 Хариуцагч *******д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлд 200,000,000 төгрөг, зээлийн хүүнд 132,024,274.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 20,480,477.27 төгрөг, нийт 352,504,751.61 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай

 Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонмаа /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь *******д холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 200,000,000 төгрөг, зээлийн хүүнд 132,024,274.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 20,480,477.27 төгрөг, нийт 352,504,751.61 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах

2.Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* Хаан Банк ХХК нь зээлдэгч *******тай байгуулсан 2019 оны 06-р сарын 05-ны өдрийн тоот эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээний дагуу 200,000,000.00 (хоёр зуун сая) төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, зөрчил үүссэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохиролцож зээлдүүлсэн болно.

...******* нь Зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр төлөх үүргээ 2019 оны 12-р сарын 20-ноос эхлэн зөрчсөн бөгөөд нийт 3 сарын төлөлтөөр үндсэн зээлд 0 төгрөг, зээлийн хүүнд 3,227,495.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 363,287.66 төгрөг, нийт 3,590,783.13 төгрөгийг төлсөн бөгөөд, 2020 оны 02-р сарын 18-ны өдрөөс хойш зээлийн өр төлбөрийг огт төлөөгүй байна... гэжээ

 Хариуцагч хариу тайлбартаа:

 ...******* би газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд ургац алдаж хүнд нөхцөл байдал бий болсны улмаас нэхэмжлэгч *******наас зээл авсан. Зээл авсны дараахан Ковид-19 цар тахал гарснаас санхүүгийн байдал сайжирч өгөхгүй, орлого олох боломжгүй болсон тул 2019.06.05-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хүсэлтээ удаа дараа гаргасан боловч ******* хүсэлтүүдийг шийдвэрлэж өгөөгүй.

...Миний хувьд үндсэн зээл 200.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байх бөгөөд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 200.000.000 төгрөгийг хангаж үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 265 дугаартай шийдвэрээр:

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч *******гаас үндсэн зээлд 200,000,000 төгрөг, зээлийн хүүнд 132,024,274 төгрөг, нийт 332,024,274 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК /Дархан-Уул салбар/-д олгож, нэмэгдүүлсэн хүү 20,480,477 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ******* дугаартай, Сэлэнгэ аймаг, ******* сум, 1 дүгээр баг, 1 дүгээр гудамж, 43 тоотод байрлах, 535,2 мкв талбайтай амины орон сууц, ******* дугаартай, Сэлэнгэ аймаг, ******* сум, 3 дугаар баг, Гүн нуур фермд байрлах, 105,3 мкв талбайтай ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,990,674 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,818,071 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК /Дархан-Уул салбар/-д олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

 ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа М.Отгонмаа би Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дутаар сарын 01-ний өдрийн 265 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасныг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1.Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт: ...Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 200,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 132,024,274.34 төгрөг, нийт 332,024,274 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэмэгдүүлсэн хүү 20,480,477.24 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хзрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв... гэжээ.

2019 оны 06-р сарын 05-ны өдрийн дугаар Зээлийн гэрээний 3.2-т жилийн хүүг 20.4 хувь гэж заасны дагуу хариуцагч нь үндсэн хүү 132.024.274,34 төгрөгөөс үндсэн зээлийн 1 жилийн үндсэн хүү 40.800,000 төгрөг төлөх ёстой.

Үндсэн хүү 132.024.274,34 төгрөгөөс үндсэн зээлийн 1 жилийн үндсэн хүү 40.800.000 төгрөгийг хасч тооцвол 91.224.274 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч нь газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд ургац алдаж хүнд нөхцөл байдал бий болсны улмаас нэхэмжлэгч *******наас зээл авсан. Зээл авсны дараахан Ковид-19 цар тахал гарснаас санхүүгийн байдал сайжирч өгөхгүй, орлого олох боломжгүй болсон тул 2019 оны 06-р сарын 05-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хүсэлтээ удаа дараа гаргасан боловч ******* хүсэлтүүдийг шийдвэрлэж өгөөгүй өнөөдрийн нөхцөл байдал үүссэн.

Хариуцагчийн хувьд үндсэн хүүнд 91.224.274 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна.

 2.Шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт: ...Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д шаардах эрх үүссэн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасныг баримтлан барьцаа хөрөнгө болох ******* дугаартай, Сэлэнгэ аймаг, ******* сум, 1 дүгээр баг, 1 дүгээр гудамж, 43 тоотод байрлах, 535,2 мкв талбайтай амины орон сууц, ******* дугаартай, Сэлэнгэ аймаг, ******* сум, 3 дугаар баг, Гүн нуур фермд байрлах, 105,3 мкв талбайтай ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэв... гэжээ.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа эд хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс төлөөлөгчид барьцааны гэрээ байгуулах эрхийг итгэмжпэлээр олгосноос үл хамаарч маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр өмчлөгч Ё.Саранцэцэг, "Баян-Ундарга ХХК нарын өмчлөх эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх эсэхийг анхан шатны шүүх анхаараагүйд гомдолтой байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэпг зааснаар шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно. гэж хуульчилсан.

Гэтэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмчлөгч иргэн Ё.Саранцэцэг, Баян-Ундарга ХХК-ийн нарын буюу гуравдагч этгээдээр оролцуулж тайлбар авах зэрэг хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 265 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...хариуцагч ******* одоог хүртэл зээлээ төлөөгүй учир зээл болон зээлийн хүүг төлөх нь үндэслэлтэй. Дээрээс нь хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Саранцэцэг, Баян-Ундрага ХХК-г оролцуулаагүй талаар нэхэмжлэгч өөрийн эрх үүргийн дагуу хариуцагчаа тодорхойлж шүүхэд нэхэмжлэлийг гаргасан. Үнэхээр хариуцагч талын зүгээс гуравдагч этгээдийн эрх, ашиг хөндөгдөж байна гэж үзсэн бол өөрсдөө хүсэлт гаргаад гуравдагч этгээдийг татан оролцуулах эрх байсан. Заавал шүүхийн зүгээс гуравдагч этгээд татан оролцуулаагүй, хэргийг бүхэлд нь шийдвэрлээгүй гэж шүүхийг харлуулж байгаа нь үндэслэлгүй. Итгэмжлэлд 2 үл хөдлөх хөрөнгийг зээлийн гэрээнд барьцаалах, үүргийн гүйцэтгэл хангуулах бүрэн эрх нь олгогдсон байхад Саранцэцэг, Баян-Ундрага ХХК нарыг заавал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах шаардлагагүй. Давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3.Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 200,000,000 төгрөг, зээлийн хүү 132,024,274.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,480,477.27 төгрөг, нийт 352,504,751.61 төгрөгийг зээлдэгч *******тай байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн тоот зээлийн гэрээ, тоот барьцааны гэрээний дагуу эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Фермийн барилга, дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан борлуулах замаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 Хариуцагч *******гаас ...үндсэн зээлийг хүлээн зөвшөөрнө, харин цар тахалтай холбоотой бизнесийн үйл ажиллагаа зогссон, *******анд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтийг удаа дараа гаргаад байхад шийдвэрлэж өгөлгүй зээлийн хүүг нэмэгдүүлсэн тул төлөх үндэслэлгүй... гэж маргасан байна.

 ******* ******* ******* ХХК болон хариуцагч ******* хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх хуульд заасан шаардлагуудыг хангасан, энэ талаар анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Зээлдүүлэгч ******* ******* ******* ХХК нь зээлийн гэрээний дагуу 200.000.000 төгрөгийг зээлдэгч *******д олгосон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, гэрээний талууд гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй.

Зээлдэгч нь 200.000.000 төгрөгийн зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан байх ба 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй зээлдэгч үүргээ зөрчсөн, зээлдүүлэгч нь үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлж, үүргийн зөрчил гаргасан, зээлийн гэрээний хугацаа 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон байна.

Иймд нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай шаардлага гаргах эрхтэй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч нь зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

 Хариуцагч ******* нь зээлийн гэрээний хугацаанд төлбөрийн хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээл 200.000.000 төгрөг, зээлийн хүү 132.024.274.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20.480.477.27 төгрөг, нийт 352.504.751.61 төгрөгийн төлбөртэй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Мөн талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан байх ба зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлтэй байна.

 4.Давж заалдах гомдлын талаар:

Зохигчид зээлийн гэрээний үндсэн зээл болон сард төлөх зээлийн хүүгийн хэмжээний талаар маргаагүй харин өөрөөс үл шалтгаалах байдлын буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гэрээний үүрэг зөрчсөн хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан заалтыг баримтлан хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ хэтрүүлсэн хугацааны зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох үндсэн зээл, зээлийн хүү гаргуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хариуцагч нь гэрээний үүргээ хугацаа хэтрүүлсэн, гэрээний зөрчлийг арилгах талаар зээлдүүлэгчээс удаа дараа сануулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул зээлдэгчээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр барагдуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй.

Хэдийгээр зээлдэгч нь өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас зээл төлж чадаагүй хугацаа хэтрүүлсэн, цар тахалтай холбогдуулан Засгийн газар, Монгол *******ны ерөнхийлөгчийн тушаалаар зээлийн гэрээний хүүг чөлөөлөх талаар зохицуулалт байхад ******* үндэслэлгүйгээр хүү нэхэмжилсэн гэж маргаж байгаа боловч Монгол *******ны ерөнхийлөгчийн 2020 оны 04 сарын 13-ны өдрийн А-122, 2020 оны 08 сарын 07-ны өдрийн А-320, 2020 оны 11 сарын 23-ны өдрийн А-423 тоот тушаалуудаар эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 2020 оны 02 дугаар сараас эхлэн эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлийн хувьд үлдэгдэл хугацааг 12 сар хүртэлх хугацаагаар, зээлийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр, нэг удаа сунгахыг *******уудад зөвшөөрсөн.

Тус тушаалаар зээлийн гэрээний хугацааг сунгах, зээлийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар заасан байх ба харин зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүүг багасгах, чөлөөлөх талаар зохицуулаагүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан заалтыг үндэслэн анхан шатны шүүхээс хариуцагчийг зээлийн гэрээний үүрэг болох зээлийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч маргаагүй тул шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, бодитой талаас нь авч үзээгүй. Учир нь: зээлийн гэрээний хугацаан дахь 1 жилийн хүү 40.800.000 төгрөгийг төлнө, үлдэх илүү нэхэмжилсэн хүүг төлөхгүй, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй, мөн зээлийн барьцааны хөрөнгийн эзэн Ё.Саранцэцэг, Баян-Ундарга ХХК-ийг 3 дагч этгээдээр татан оролцуулаагүй... гэх гомдлууд нь хуулийн үндэслэлгүй байна.

Учир нь: Талуудын байгуулсан зээлийн гэрээний үндсэн хугацаа 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон, тухайн цаг хугацаанд Ковид-19 цар тахал Монгол улсад бүрэн тархаагүй, хорио цээр тогтоогоогүй байсан, түүнчлэн хариуцагч ******* нь гэрээний хугацаа дууссанаас хойш жилийн дараа ******* ******* ******* ХХК-д гэрээтэй холбоотой хүсэлтээ 2021 оны 04, 06, 12 дугаар саруудад гаргаж байсан байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон түүний гомдол үндэслэлгүй байна.

 Мөн хариуцагч *******гийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалсан хөрөнгийн өмчлөгч Ё.Саранцэцэг болон Баян-Ундарга ХХК-ийн эрх ашиг зөрчигдөн хөндөгдсөн, тэднийг гуравдагч этгээдээр татан оролцуулах ёстой байсан гэх гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь: Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно гэж, 62.3-д Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж тус тус заасны дагуу барьцаа хөрөнгө болох ******* дугаартай, Сэлэнгэ аймаг, ******* сум, 1 дүгээр баг, 1 дүгээр гудамж, 43 тоотод байрлах, 535,2 мкв талбайтай амины орон сууцны өмчлөгч Ё.Саранцэцэг, ******* дугаартай, Сэлэнгэ аймаг, ******* сум, 3 дугаар баг, Гүн нуур фермд байрлах, 105,3 мкв талбайтай ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Баян-Ундарга ХХК-ий захирал нь уг хөрөнгүүдээ зээлийн барьцаанд тавих, улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зэрэг эрхийг зээлдэгч *******д олгож 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр барьцаалбар үйлдсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

 Түүнчлэн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж заасан ба барьцаалуулагч Ё.Саранцэцэг нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг барьцаанд тавих, улсын бүртгэлд бүртгүүлэх, өөрийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэлцэл хийх эрхийг *******д олгосон, барьцаалбар хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд энэхүү хэрэгт түүнийг бие даасан шаардлага гаргасан, гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй байжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 265 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамж 614,100 төгрөгийг орон нутгийн төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ                                   Д.БУЯНЖАРГАЛ 

                             ШҮҮГЧИД                                   Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                 Г.ДАВААРЕНЧИН

  АРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Top of Form