Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 208/МА2023/00030

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 233 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

 Хариуцагч *******д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: 35,070,200 төгрөг гаргуулах тухай

 Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 1.    35.070.200 төгрөг гаргуулах тухай

... ******* миний бие нь *******тай 2015 оны 1 сараас 2018 оны 10 сар хүртэлх хугацаанд хамтран амьдарсан. ******* нь хамтран амьдрахаар ирсэн үеэсээ эхлэн миний байранд хамт амьдарч байсан ба өөрөө РRОNТIЕR маркийн машин, Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн сумын Охиндийд 2га газар эзэмшдэг байсан.

Надтай амьдарсан хугацаандаа миний хөрөнгийн эх үүсвэрээр 10 га газартай болж, Истана маркийн машин авч, мөн газар тариаландаа трактортой болсон. Эдгээр хөрөнгийг үнэлбэл 21 сая төгрөгийг хөрөнгө байдаг. Мөн *******тай хамтран амьдрах хугацаандаа бүхий л ажилд нь хамтран зүтгэж, тусалж, өөрөөсөө хөрөнгө оруулж, хүүхдүүдийнх нь сургалтын төлбөрийг хүртэл төлж байсан. Хамгийн сүүлд 2017 оны 3 дугаар сард ******* гэдэг хүнээс 200 тоннын багтаамжтай ногооны зоорийг 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр худалдан авахад нь би 35 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. *******т би өөрийн дансаараа 25,000,000 төгрөгийг шилжүүлж, өөрийн өмчлөлийн Х-Тгаil маркийн автомашиныг 10,000,000 төгрөгт тооцон *******ын нэр дээр шилжүүлж өгч байсан. Гэвч Отгонжаргал нь архи дарс хэрэглэх нь ихсэж, орон гэртээ тогтохоо байж хамтын амьдралаа дуусгаж байх шиг байна, өөр хүнтэй амьдарч байгаа сурагтай.

Иймд *******аас 200 тоннын ногооны зоорь авахад нь хөрөнгө оруулсан 35,000,000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ.

 Хариуцагч хариу тайлбартаа:

 1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь авсан ногооны зоорийн мөнгийг буцааж өөрт нь өгсөн. Намайг эрэн сурвалжлуулсан гэж яриад байна. Тийм зүйл байхгүй. Зоорь худалдаж авсан 35,000,000 төгрөг ч энэ хүнээс гаргаагүй. Энэ хүний дансанд миний ногооны орлого ордог байсан.

 Надад мөнгө өгсөн мэт нэхэмжлэл гаргаж байгаа ч тийм зүйл болоогүй. Худлаа нэхэмжлэл гаргаад миний дансыг хүртэл хаалгаж, намайг маш их хохироож байгаа. Нэхэмжлэлдээ надтай хамт ногоо тарьсан гэж бичсэн байсан. Тийм зүйл байхгүй. Амралтын өдрөөрөө ирж хоол л хийж өгдөг байснаас өөр зүйл байхгүй. Машинаа би ногоогоо зарж байгаад авсан. Аль 10 жилийн өмнө нь л би 10 га талбайд ногоо тарьдаг байсан. Намайг хүүхдэдээ мөнгө өглөө гэж уурлаж түүнээс болж бид 2 салсан. Би ногооны ченжүүдэд ногооны мөнгөө энэ хүний /*******/ -ын дансанд хий гэдэг байсан. Миний ногооны орлого маань энэ хүний дансанд байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 233 дугаартай шийдвэрээр:

 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 35,070,200 /гучин таван сая далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******од олгох,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,300 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 333,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагч давж заалдах гомдолдоо:

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 00233 дугаартай шийдвэрийг үл зөвшөөрч хариуцагч ******* миний бие нь давж заалдах гомдол гаргаж байна.

 1.Нэхэмжлэгч *******ын зоорь авахад шилжүүлсэн мөнгө бол миний тарьсан ногоог худалдаж авсан хүмүүс нь *******ын данс руу төлбөрөө шилжүүлсэн ба тэр мөнгийг буцаагаад ******* руу шилжүүлсэн мөнгө байгаа юм. Гэтэл шүүгч тухай үед хамт амьдарч байсан 2 хүнийг бие биедээ мөнгө зээлсэн мэтээр ойлгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2.Хэрвээ ******* нь надад зоорийн мөнгө зээлсэн юм бол түүнээс хойш миний данснаас болон надаас мөнгө зээлүүлсэн хүмүүсийн данснаас ******* руу шилжүүлсэн мөнгийг яагаад хасахгүй шийдвэрлэж байгаад гайхаж байна.

3.Миний Хаан банкны ******* дугаартай данснаас *******ын Хаан банкны ******* дугаарын данснаас 34.275.000 төгрөг шилжүүлсэн байхад үүнийг хасаж шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.

4.Миний зүгээс нэхэмжлэлийг үгүйсгэх талаараа нотлох баримтуудыг хангалттай бүрдүүлж, гэрч нарыг хүртэл асуулгасан байхад хүлээж аваагүй байна.

5.Энэ хэргийг дахин дахин буруу шийдээд байгаа ******* шүүгчээс татгалзсан боловч хүлээн аваагүй байна. Өмнө гаргасан шийдвэрээ гаргасан байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Давж заалдах гомдлын хувьд энэ хэргийг шийдвэрлэсэн шүүгч ******* шүүх хуралдааны тэмдэглэл буюу шүүх хуралдааны нотлох баримтыг устгасан. Шүүх хуралдааны явцад шүүгч нэхэмжлэгчээс хариуцагчид зээлсэн мөнгөө нэхэмжилж байна уу? хөрөнгө оруулсан мөнгөө нэхэмжилж байна уу? гэж асуухад нэхэмжлэгч хөрөнгө оруулсан мөнгөө нэхэмжилж байна гэж тодорхой хариулсан байхад шүүгч энэ хэсгийг шүүх хуралдааны тэмдэглэлээс хассан. Шүүх хуралдааны тэмдэглэлээс шүүгч өөрийн асуусан 3-4 асуултаа хассан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд нотлох баримтын талаар заасан. Нотлох баримтад юу хамаарах вэ? гэхээр зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нь хамаарна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл энэ нотлох баримтыг хуулийн дагуу цуглуулаагүй. Шүүгч шүүх хуралдааны тэмдэглэлд үг, үсгийн алдааны засвар оруулж болох хэдий ч шүүх хуралдааны тэмдэглэлээс хасах эрхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т шүүх хуралдааны тэмдэглэлд юу багтах талаар заасан. Үүнд шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс асууж тодруулсан байдал гэж байна. Гэтэл шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс асууж тодруулсан байдлаа хасаж байгаа нь ноцтой алдаа гэж үзэж байна.

Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т зааснаар албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгохыг хориглоно гэж заасныг зөрчиж нэхэмжлэгч талд давуу байдал бий болгосон байна. Энэ хэрэг маргаантай учраас давж заалдах журмаар гомдол гаргана. Ийм учраас давж заалдах шатны шүүгч нарт энэ тэмдэглэлийн энэ асуултыг уншуулахгүй гэдэг байдлаар шүүгч энэ хэрэгт хандсан. Нэхэмжлэгч зоорь авахад хөрөнгө оруулсан 35.000.000 төгрөгөө нэхэмжилсэн. Ингээд зээлсэн юм уу? хөрөнгө оруулсан юм уу? гэдэг маргаан үүсээд удаа дараа хойшилсон. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын талаар тодруулж асуухад нэхэмжлэгч тал хөрөнгө оруулсан мөнгө гэж ахин дахин хэлээд байхад шүүгч иргэд хоорондын зээлийн гэрээ гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг дур мэдэн өөрчилж, нэхэмжлэлээс гадуур шийдсэн. Энэ байдлаар шүүхийн эцсийн шийдвэрээ хамгаалахын тулд хөрөнгө оруулалттай маргасан хэсгийг бүгдийг нь хассан. Энэ нь шүүгчийн ёс зүйн маш том алдаа. Шүүхийн шийдвэрт 3 удаа мөнгө авч өгөөд байсан нь мөнгө зээлж өгдөг байсан нь тогтоогдож байна гэж бичсэн. Гэтэл *******ын данс руу 8 удаагийн буюу 33,020,000 төгрөг орсон байхад 3 удаа хоорондоо өгч авсан мөнгөний талаар бичсэн нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

 1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 35.070.200 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа 200 тн ногооны агуулах буюу зоорь худалдан авахад нь зориулж хөрөнгө оруулсан гэж тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээний үүрэг гэж зөрүүтэй тайлбарласан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 -т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа тохиолдолд шүүх шаардлагыг нэхэмжлэгчээс тодруулж хэргийг шийдвэрлэх боломжтой юм.

 3.Шүүх хэргийн хянан хэлэлцээд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгчийн шаардлага нь зээлийн гэрээний үүрэг гэж тодорхойлон хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тухай гомдлоо анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн санаачилгаар өөрчилж, хэргийг хянан шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэжээ.

Мөн дээрх тайлбартайгаа холбоотой анхан шатны шүүх хуралдааны бичлэгийг хэрэгт хуулбарлан авах хүсэлтийг шүүхийн тамгын газарт гаргасан байх ба тамгын газраас хэрэгт анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 19-ний өдөр *******ын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны дүрс бичлэгийг гомдлын хамт хуулбарлан ирүүлсэн байна.

 4.Хоёр дугаар хавтаст хэргийн 202-210 дугаар талд анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 19-ний өдрийн 211 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, тухайн өдрийн хурлын дүрс бичлэг тус тус авагдсан байх ба хуралдааны дүрс бичлэгээс үзвэл шүүгчээс нэхэмжлэлийн шаардлага тодруулах ажиллагаа хийгдсэн байхад энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн бичигдээгүй орхигдуулсан болох нь тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлд шүүх хуралдааны тэмдэглэлд тавигдах шаардлага, агуулга, журмыг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл нотлох баримтад тооцогдох тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмыг зөрчсөн байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна. гэсэн заасан. Энэ нь хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдаан даргалагчаас үг, үсэг буруу бичигдсэн техникийн шинжтэй хэсэгт засвар оруулах ойлголт бөгөөд ийнхүү засвар хийсэн талаараа тэмдэглэлд зайлшгүй тусгасан байхыг шаарддаг.

Гэтэл хуралдаан даргалагчаас шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан шүүх хуралдааны оролцогчийн тайлбар мэдүүлгийг өөрчлөх, мэдүүлгийг хасах зэрэг засвар оруулсан байх ба энэ тухай тэмдэглэлд тусгаж гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 5.Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан ...шүүх хуралдаан даргалагчийн шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулахдаа шүүх хуралдааны оролцогчийн тайлбар мэдүүлгийг өөрчлөх, мэдүүлгийг хасах зэрэг засвар оруулж албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон... гэсэн гомдолд давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Шүүхийн тухай хуульд заасны дагуу энэ талаар холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

 6. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул хэргийн шийдвэрлэлт болон давж заалдах гомдлын талаар дүгнэлт хийгээгүй болно.

 7.Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэлээр хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд Э.Одончимэг нь оролцож байсан бөгөөд давж заалдах шүүхийн шүүх хуралдааны өмнө төлөөлөгч итгэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн энэ талаар нэхэмжлэгч *******од мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд биечлэн оролцох эсэх хүсэлтээ шүүх хуралдаанаас өмнө ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2-т зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 233 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 333.500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Top of Form

Г.ДАВААРЕНЧИН