Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 105/2016/0142/Э |
Дугаар | 89 |
Огноо | 2017-02-07 |
Зүйл хэсэг | 096.1., |
Улсын яллагч | Б.Уранчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 89
Б.Хатанзоригт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Уранчимэг,
Ялтан Б.Хатанзориг, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,
Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Ё.Цогтзандан, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Хатанзоригийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Хатанзоригт холбогдох эрүүгийн 2016 2503 1666 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овогт Батзоригийн Хатанзориг, 1989 оны 6 дугаар сарын 25-нд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, архитектур мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх, дүү, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 12 дугаар гудамжны 191 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УУ89062539/,
Б.Хатанзориг нь 2016 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 31 дүгээр гудамж, 463 тоотод Н.Борисыг “гар утас хулгайлж авлаа” гэх шалтгаанаар зодож, түүний бие махбодид хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Б.Хатанзоригийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дүгээр зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Хатанзоригийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Хатанзоригт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, Б.Хатанзориг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Ялтан Б.Хатанзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Учир нь хэрэг гарсан өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 20-нд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн байцаагч Батдорж нь дарамт үзүүлэн миний өгсөн мэдүүлгийг үл ойшоож, хүчээр хохирогчийг зодсон гэж мэдүүлэг авч, хэрэг хүлээлгэж гарын үсэг зуруулсан. Би дараа нь “үнэн зөвөөр мэдүүлэг өгмөөр байна” гэж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч Серикт хэлсэн боловч “урдах мэдүүлгээсээ зөрж болохгүй, өмнөхтэйгөө адил байх ёстой, тэгээд ч чиний хэрэг анхны хэрэг, хөнгөн хэрэг, гайгүй” гэж хэлсэн. Анхны болон 2 дахь мэдүүлгээ өмгөөлөгчгүй өгсөн.
Хэрэг гарсан өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Энхсүрэнгийн хамт Н.Борис гэх хүний гэрт очсон. Хохирогч Н.Борис нь Энхсүрэнгээс “мөнгө байна уу, цуг ууя” гэхээр нь Энхсүрэн бид хоёр дэлгүүр явж, архи авчирч Н.Бористой 1 шил архи, 2 шил пиво ууцгааж бид 3 нээх согтсон янзгүй амарсан.
Өглөө 08.00 цагийн үед гаднаас хүн орж ирэхийг мэдээд сэрж хартал хохирогч Н.Борис нь хүнд зодуулсан согтуу орж ирээд Энхсүрэн бид хоёрыг “одоо манайхаас яв” гэж хөөж, туусан. Би босоод S4 загварын гар утсаа алга болсныг мэдээд хайж эхлэхэд Н.Борис “манай гэрт юугаа хайгаад байгаа юм” гэсэн. Тэгээд гартаа заазуур барьсан байдалтай их бухимдсан байдалтай, ууртайгаар над руу дайрсан. Би гарцаагүй байдалд орж биеэ хамгаалах гэж гартаа байсан заазуурыг нь булаан авах гэж ноцолдож, заазуурыг нь булаан авч, ширээн дээр байсан хутгатай хамт нуусан. Энхсүрэн хажууд байсан. Хохирогч Н.Борисыг зодож нүдсэн асуудал огт байхгүй. Энхсүрэн хохирогч Н.Борисыг хүнд зодуулсан, согтуу байдалтай орж ирснийг харсан хэрнээ мэдүүлэгт хэлж өгөөгүй.
Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон хүнд гэмтэл гарахаар надтай зодолдсон зүйл огт байхгүй бөгөөд тухайн үед хэнд зодуулсан гэдгээ санахгүй байна гэж мэдүүлсэн байдаг.
Гэрч Баясгалангийн мэдүүлэгт: “...хохирогч Н.Борис гэртээ очихоосоо өмнө жалганы тэнд явж байгаад танихгүй хүнд зодуулсан...” гэж хэлсэн байдаг. Тухайн хэрэг болсон өдөр Энхсүрэн нь мэдүүлэхдээ хохирогч бид хоёрын ноцолдсоныг зодолдсон гэж мэдүүлсэн байдаг.
Гэрч О.Баясгалан, Б.Алгирмаа нарын мэдүүлэгт “...хохирогч Н.Борис нь шөнө гарч яваад хүнд зодуулан орж ирсэн...” гэдгийг хохирогчоос өөрөөс нь сонссон байна.
Энхсүрэн юу ч санахгүй байгаа хохирогч Н.Борисд “та манай найзтай зодолдсон” гэж гэрчүүдэд хэлсэн. Иймд гэрчүүдийн мэдүүлэг зөрөөтэй байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Ялтан Б.Хатанзоригийн өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтан Б.Хатанзоригийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна, гомдолд дурдсанаар гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.
Прокурор Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх Б.Хатанзоригт холбогдох хэргийг үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд “саад болох эсхүл тогтоол гарахад нөлөөлж болохуйц” Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан “заавал нотолбол” зохих асуудлуудыг мөрдөн байцаалт болон прокурорын шатанд нотолж ирүүлээгүй байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангаагүй шийтгэх тогтоол гаргаж хэргийг шийдвэрлэсэн байна.
Дараах зүйлийг нотолж ирүүлэх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан бодит үнэнийг тогтоох зарчимд нийцнэ гэж үзнэ. Үүнд:
Гэрч Б.Алгирмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “... аав гэртээ том өрөөний буйдан дээр дээшээ хараад хэвтчихсэн, нүүр ам нь хөхөрчихсөн мөн цус нөж болчихсон хэвтэж байсан бөгөөд Энхсүрэнтэй хамт байсан нэг өндөрдүү биетэй урт үстэй залуу нь аавыг дээрээс нь дарчихсан саарал өнгийн биеийн тамирын цамцаар цусыг нь арчиж байсан. Тэгээд би Энхсүрэнгээс аав яасан юм гэж асуухад Энхсүрэн надад шөнө аав чинь гарч яваад хүнд зодуулчихаад ороод ирлээ гэж хэлсэн. Тухайн үед аав сайн ярьж чадахгүй байсан ба эмнэлэг явах замдаа Энхсүрэнтэй хамт явж байсан өндөр залуу намайг зодсон гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх 36/,
Гэрч О.Баясгалан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... эхнэр бид хоёр Энхсүрэнгээс юу болсныг нь асуухад хадам аавыг урд шөнө гарч яваад хүнд зодуулчихаад ороод ирсэн гэж хэлсэн. Тэгээд ааваас юу болсныг нь асуухад аав бас л шөнө жалганы тэнд явж байгаад танихгүй хүнд зодуулчихсан гэж хэлж байсан. Эмнэлэг явж байхдаа хадам аав Борис нь хадам ээж Цэвэлмаад хэлэхдээ Энхсүрэнгийн найз гэх өндөр Хатанзориг гэдэг залууд зодуулсан гэдгээ хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх 39/,
Мөн хохирогч Н.Борис мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... Энхсүрэн болон найзтай нь хамт архи ууж байсан, тэгээд хэсэг хугацааны дараа сэрэхэд хамаг бие өвдөөд ам хамраас цус гарчихсан шүд унасан байсан. Намайг хэн яаж, яах гэж зодсоныг нь мэдэхгүй байна, архи ууж байгаагаа л санаж байна, өөр зүйл санахгүй байгаа юм ...” /хх 29-34/ гэж тус тус мэдүүлсэн нь прокуророос тогтоогдсон гэж үзсэн хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлж байна.
Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83, 84 дүгээр зүйлүүдэд зааснаар бусад нотлох баримтаар хэрхэн батлагдаж байгаа, хэрхэн зөрж байгаа,
- хохирогч мэдүүлгийн эх сурвалжаа шууд заасан гэж үзвэл, тэрхүү заасан эх сурвалжийг үнэн бодит эсэхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар шалгаж, түүнийг үнэлэх, эсхүл няцаах зэрэг ажиллагаа хийлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11671 дүгээр дүгнэлтэд хохирогч Н.Борисын биед үүссэн хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж дурдагдсан байх тул Б.Хатанзоригийн үйлдэлд онц харгис хэрцгий шинж байгаа эсэхийг шалгах нь зүйтэй.
Түүнчлэн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Д.Энхсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцсон байна. Тухайн өдөр Д.Энхсүрэн өмгөөлөгчгүй байцаалт өгөхгүй гэсэн байх бөгөөд дараа нь өмгөөлөгч оролцуулж дахин байцаалт аваагүй, байцаан шийтгэх ажиллагаа явуулаагүй атлаа 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Д.Энхсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Дээрх нөхцөл байдлууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн байцаалт прокурорын шатанд заавал хийгдвэл зохих Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд байгаа бөгөөд уг нотлох баримтуудын эргэлзээг арилгах бүрэн боломжтой гэж үзэв.
Иймд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Хатанзоригт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт очтол Б.Хатанзоригт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД Т.ӨСӨХБАЯР
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ