Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 205/МА2023/00033

 

Д.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 140/ШШ2023/00390 дугаар шийдвэртэй

Д.Дүгэрсүрэн, Х.Дашхүү нарын нэхэмжлэлтэй Хурд-Од ХХК, Бошигт хөвөө констракшн ХХК-нд холбогдох Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг Цагдаагийн ард байрлах 25 айлын орон сууцны 3 давхрын 13 тоот хаягтай тус орон сууцыг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай дараах баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах. Үүнд: тухайн үл хөдлөх хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон дугаар байршилын хаяг, орон сууц захиалгын гэрээ, газрын гэрчилгээ болон гэрээ, кадастрын зураг, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комиссын дүгнэлт, төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, барилга байгууламжийн зураг төсөл гэсэн баримтуудыг гаргуулахаар даалгахыг хүссэн. Хурд-Од ХХК-ны сөрөг нэхэмжлэлтэй компанийн хөрөнгө болох Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг, Өндөр толгойн 3-300в хаягт байрлах 25 айлын орон сууцны 3 давхрын 13 тоот 1 өрөө орон сууцны байрыг иргэн Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн тухай иргэний хэргийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл, хариуцагч Ш.Алтансүх, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа, хариуцагч Р.Цогбаярын өмгөөлөгч Т.Уянга /цахимаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Д.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нар нь хариуцагч Хурд-Од ХХК, Бошигт хөвөө констракшн ХХК-нд холбогдуулан Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг Цагдаагийн ард байрлах 25 айлын орон сууцны 3 давхрын 13 тоот хаягтай, орон сууцыг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай дараах баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах. Үүнд: тухайн үл хөдлөх хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон дугаар байршлын хаяг, орон сууц захиалгын гэрээ, газрын гэрчилгээ болон гэрээ, кадастрын зураг, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комиссын дүгнэлт, төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, барилга байгууламжийн зураг төсөл гэсэн баримтуудыг гаргуулахаар даалгахыг хүссэн.

Хурд-Од ХХК-ны сөрөг нэхэмжлэлтэй компанийн хөрөнгө болох Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг, Өндөр толгойн 3-300в хаягт байрлах 25 айлын орон сууцны 3 давхрын 13 тоот 1 өрөө орон сууцны байрыг иргэн Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл:

...Бид Хурд Од ХХК, болон Бошигт хөвөө констракшн ХХК нарын хамтран Улиастай сумын Богдын гол багийн Өндөр толгойн 3-300в тоотод баригдсан Цагдаагийн арын 25 айлын орон сууцнаас Бошигт хөвөө констракшн ХХК-тай Орон сууц захиалгын гэрээг 2019 оны 12-р сарын 09-ний өдөр байгуулан тус орон сууцны 3 давхар 13 тоот 35.2 м байрыг 59.840.000 төгрөгөөр 2 хувааж төлөөд худалдаж авсан. Гэтэл Хурд Од ХХК-ний захирал Ш.Алтансүх нь "...танай худалдаж авсан байрны төлбөр манай байгууллагад орж ирээгүй" гэдэг Бошигт хөвөө констракшн ХХК-ний захирал Р.Цогбаяр болохоор таны байрны төлбөрийг Ш.Алтансүхийн данс руу шилжүүлсэн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг Ш.Алтансүх хариуцна" гэдэг гэтэл бид одоог хүртэл худалдаж авсан орон сууцныхаа гэрчилгээг авч өмчлөх эрхээ шилжүүлж авч чадаагүй хохирч байна. 2019 онд Бошигт хөвөө констракшн 25 айлын орон сууцыг бусдад худалдан борлуулах захиалга авах эрхтэй байсан, үүнийг Ш.Алтансүх мэдэж байсан, яагаад мэдэж байсан бэ гэхээр Р.Цогбаярыг байхад Ш.Алтансүх намайг нэг ч удаа чи ямар хүн энэ байранд орчих уу гэж нэг ч хэлж байгаагүй явсан хойно ч хэлж байгаагүй. Сүүлдээ нэг удаа газрын албаны Алтангэрэл гэдэг залууг дагуулж ирээд квадрат метрийг чинь хэмжиж үзнэ гэсэн. Тэгэхээр нь би улсын комисс хүлээгээд авчихсан квадрат метрийг хэмжүүлэхгүй, тэр хэмжээгээрээ л бичиг баримтаа гаргуулж авна гэсэн. Тэрнээс болж бид 2 маргасан. Тэгсэн чаддаг юм бол чи бичиг баримтаа Цогбаяраасаа олж аваарай гэж хэлж байсан.

Бидний хувьд орон сууц захиалгын гэрээний дагуу төлбөрөө 100 хувь төлөөд байрандаа орсон. Бидний төлсөн байрны мөнгийг Бошигт хөвөө констракшн ХХК-аас Хурд Од ХХК-ны захирал Ш.Алтансүхийн дансанд шилжүүлсэн болох нь Завхан аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор тогтоогдож байгаа.

Иймд орон сууц худалдах, худалдан авах, захиалгатай холбоотой эрх, үүргийг Бошигт хөвөө констракшн ХХК-аас шилжүүлж авсан Хурд Од ХХК хариуцах үүрэгтэй. Мөн орон сууц захиалгын гэрээний 3.2-т "...дээр дурдсан орон сууцыг үл хөдлөх улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардагдах туслалцааг үзүүлэх" үүргийг орон сууц барих тал хүлээхээр заасан энэ үүргээ биелүүлэхгүй байна. Улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахад шаардлагатай улсын комисс хүлээн авсан акт, байгууллагын албан тоот, газрын гэрчилгээ, гэрээ кадастрын зураг зэрэг шаардлагатай баримт бичгүүдийг гаргуулахаар шаардлага гаргаж байна гэв.

2. Хариуцагч Хурд-Од ХХК-ний Ш.Алтансүхийн хариу татгалзал, тайлбарын агуулга:

...Нэхэмжлэгч нарыг хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нар Богдын гол багийн Өндөр толгой 3-300В тоотод баригдсан 25 айлын орон сууцны барилгаас 35.2 м2 талбайтай 1 өрөө байр худалдан авахдаа Орон сууц захиалгын гэрээг "Бошигт хөвөө констракшн ХХК-ний захирал Р.Цогбаяртай 2019 оны 12 сарын 09-ны өдөр хийж байрны үнийг мөн компаний Хас банкин дахь 5003185252 тоот дансанд 2019 оны 12 сарын 09-нд 26 сая төгрөг, 2020 оны 02 сарын 17-нд 33 сая 840 мянган төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. Түүнийг нь "Бошигт хөвөө констракшн ХХК-ний захирал Р.Цогбаяр хүлээн зөвшөөрч НӨАТ-ийн и-баримтыг Х.Дашхүүгийн регистрээр шивж өгсөн байдаг. Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нар нь миний болон "Хурд-Од" ХХК-ны дансанд байрны үнэ гэж нэг ч төгрөг төлөөгүй. Мөн Р.Цогбаяр болон "Бошигт хөвөө констракшн ХХК-аас Ш.Алтансүх миний болон "Хурд-Од" ХХК-ний дансанд Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нарын байрны мөнгө гэж нэг ч төгрөг орж ирээгүй юм. Ийм учир Үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй юм...

3. Хариуцагч Бошигт хөвөө ХХК-ний Р.Цогбаярын тайлбар татгалзлын агуулга:

...Манай компанийн хувьд нэхэмжлэгч Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нартай орон сууц Захиалгын гэрээг хийсэн нь үнэн. Нэхэмжлэгч нарын "Орон сууц захиалгын" гэрээний дагуу шилжүүлэн өгсөн 59.840.000 төгрөгийг "Хурд Од" ХХК-ийн захирал Ш.Алтансүхийн данс руу бүрэн шилжүүлэн өгсөн. Би тухайн 25 айлын орон сууцыг барихдаа "Хурд Од" ХХК-тай хамтран хийхээр тохирсон байсан. "Бошигт хөвөө констракшн ХХК-аас Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг Цагдаагийн газрын хойд талд баригдсан 25 айлын орон сууцны өмчлөх эрхийг "Хурд Од" ХХК-д бүрэн шилжүүлж өгсөн. Манай компаний барьсан 25 айлын орон сууцны өмчлөх эрх одоо "Хурд Од" ХХК-ийн нэр дээр гарсан байгаа тул нэхэмжлэгч нарт өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардагдах баримтууд нь "Бошигт хөвөө констракшн ХХК-д байхгүй тул гаргаж өгөх боломжгүй юм. Иргэн Дашхүү Дүгэрсүрэн нарын нэхэмжлээд байгаа баримт бичгүүдийг Хурд-Од ХХК хариуцаж олгох нь зүйтэй гэж үзэж байна. Тухайн үед бид хамтран ажиллах гэрээ байгуулж барилга байгууламж ашиглалтад оруулсан. Хамтран ажиллах гэрээний дагуу орон сууц захиалгын гэрээг манай компани авах эрх нь үүссэн байсан. Үүнийг Ш.Алтансүх худлаа гэж тайлбарлаж байна 12 сард хийгдсэн гэрээ гэдэг байдлаар. Манай байрны захиалгын гэрээ 9 дүгээр сараас явж эхэлсэн. Хамгийн анхны захиалагч Хаданхүү багш байсан юм. Баруун бүсийн клонкийн хажууд байх том самбар дээр орон сууц борлуулахаар нийтэд зарласан зар тавигдсан ба зар дээр миний утасны дугаар бас бичигдсэн байсан. Тэр зарын дагуу эдгээр хүмүүс надтай холбогдож байсан юм гэв.

4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага:

Хурд од ХХК-ны захирал Ш.Алтансүх шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ш.Алтансүх миний бие Хурд-Од ХХК-ны захирал ажилтай. Манай компани Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт Цагдаагийн газрын ард 25 айлын орон сууц барих ажлыг Бошигт хөвөө констракшн ХХК-иар гүйцэтгүүлсэн. Манай компани тухайн орон сууцыг барих ажлыг 100 хувь санхүүжүүлж ажилласан. Хурд-Од ХХК-ний зүгээс гүйцэтгэгч Бошигт хөвөө констракшн ХХК-д иргэдтэй орон сууц захиалах гэрээ хийх эрх олгоогүй. Гэтэл Бошигт хөвөө констракшн ХХК нь барилгын ажил явагдаж байх хугацаанд иргэн Х.Дашхүү, Д Дүгэрсүрэн нартай орон сууц захиалгын гэрээ хийж төлбөр мөнгийг компанийнхаа дансаар хүлээн авч байрны түлхүүрийг өгсөн байсан. Дээрх зөрчлийг мэдсэн цагаас хойш иргэн Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нарт компанийн хөрөнгө чөлөөлж өг, эсхүл орон сууцны төлбөрөө төлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулахыг шаардсан боловч шаардлагыг биелүүлээгүй ирсэн. Иймд Хурд-Од ХХК-ны хөрөнгө болох Улиастай сумын Богдын гол баг, Өндөр толгойн 3-300в хаягт байрлах 25 айлын орон сууцны 3 давхрын 13 тоот 1 өрөө орон сууцны байрыг чөлөөлүүлэхээр шүүхэд хандаж байна. Цаашид орон сууцны байрны элэгдэл хорогдол, ашиглалтын зардлыг тооцож шаардлагаа нэмэгдүүлнэ. Хурд-Од ХХК-ны хөрөнгө болох Улиастай сумын Богдын гол баг, Өндөр толгойн 3-300в хаягт байрлах 25 айлын орон сууцны 3 давхрын 13 тоот 1 өрөө орон сууцны байрыг иргэн Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

5. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

...Бид 2019 онд тус байрыг худалдан авахдаа бусад оршин суугчдын нэгэн адил Бошигт хөвөө констракшн ХХК-тай холбогдож гэрээ байгуулж төлбөрөө хэлсэн ёсоор нь төлөөд байранд орсон. Одоо 3 дахь жилдээ тус байранд амьдарч байна. Бошигт хөвөө констракшн ХХК нь тухайн барилгыг барих, борлуулах ажлыг хийж байсан, Хурд-Од ХХК нь түүний дараа гэрчилгээ олгох ажлыг хийсэн. Харин эдгээр хоёр компанийн хооронд сүүлд үүссэн дотоод асуудал нь орон сууц худалдан авагч бидэнд хамааралгүй тул үүнийг бидэнд халдааж тайлбарлахыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн сөрөг нэхэмжлэлд Бошигт хөвөө констракшн ХХК нь худалдан борлуулах эрхгүй байж гэрээ байгуулж зөрчил гаргасан гэжээ. Захирал Алтансүх урд нь ингэж хэлж байсан бөгөөд бид цагдаагийн байгууллагад энэ талаар хандаж шалгуулахад захирал Алтансүхийн эхнэр Сольхүү нь хоёр компани хамтран ажиллах гэрээтэй, хэн аль нь худалдах эрхтэй байсан хэмээн гэрчийн мэдүүлэг өгч байсан. Хууль сануулж авсан гэрч Сольхүүгийн мэдүүлэг, хамтран ажиллах гэрээ гэсэн баримтуудыг үндэслэж Завхан аймгийн Прокурорын газар тухайн асуудлаар хэрэг бүртгэлтийн хэргийг хааж байсан тогтоол нь иргэний хэрэгт авагдсан. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь хуулийг дээдэлж шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлэхгүй байгааг шүүх анхаарч үзэхийг хүсье гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нарын нэхэмжлэлтэй хариуцагч Бошигт хөвөө констракшн ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монгол улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар иргэн Ш.Алтансүхийн сөрөг нэхэмжлэлтэй иргэн Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нараас Хурд-Од ХХК-ны хөрөнгө болох Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг Өндөр толгойн 3-300в хаягт байрлах 25 айлын орон сууцны 3 давхрын 13 тоот 1 өрөө орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, мөн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Цагдаагийн арын 25 айлын орон сууцны 3 давхрын 13 тоот хаягтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгуулахыг хүссэн иргэн Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нарын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас хариуцагч Хурд-Од компанид олгосон дугаар байршлын хаяг, орон сууц захиалгын гэрээ, газрын гэрчилгээ болон гэрээ кадастрын зураг, барилга байгууламжийг ашиглалтад хүлээж авах улсын комиссын дүгнэлт, төлбөр, тооцоо дууссан тухай тодорхойлолт, барилга байгууламжийн зураг төсөл гэсэн баримтуудыг нэхэмжлэгч Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нарт гаргаж өгөхийг хариуцагч Хурд-Од ХХК-нд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Дүгэрсүрэн, Х.Дашхүү нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөг, сөрөг нэхэмжлэгч Хурд-Од компанийн төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Хурд-Од ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нарт олгож шийдвэрлэжээ.

7. Хариуцагч Ш.Алтансүхийн давж заалдах гомдлын агуулга, тайлбар: Хурд-Од ХХК-ыг төлөөлж Ш.Алтансүх би Д.Дүгэрсүрэн, Х.Дашхүү нарын нэхэмжлэлтэй 2023 оны 09 сарын 06-ны өдрийн шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Д.Дүгэрсүрэн Х.Дашхүү нар нь Богдын гол баг, Цагдаагийн ард байрлах 25 айлын орон сууцны 3 давхрын 13 тоот 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцыг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай тухайн үл хөдлөх хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршлын хаяг, орон сууц захиалгын гэрээ, газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комиссын дүгнэлт, төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, барилга байгууламжийн зураг төсөл гэсэн баримтуудыг гаргаж өгөхийг Хурд-Од ХХК, Бошигт хөвөө констракшн ХХК-д холбогдуулан нэхэмжилсэн. Уг 25 айлын орон сууцыг барихад шаардлагатай хөрөнгийн 70%-ийг Хурд-Од ХХК, 30%-ийг Бошигт хөвөө констракшн ХХК гаргаж хамтран ажиллах гэpээг 2019 оны 3 сарын 25-нд байгуулсан. Энэхүү хамтран ажиллах гэрээний гол нөхцөл биелэгдэхгүй, цааш үргэлжлэх боломжгүй болсон. Үүнийг Р.Цогбаяр нь маш сайн мэдэж байгаа. Бошигт хөвөө констракшн ХХК-ны 30%-ийн хөрөнгө гаргах ажил нь бүтэхгүй болж уг гэрээг өөрчилж Х.Сольхүүтэй зээлийн гэрээ байгуулан 1.4 тэрбум төгрөгийг зээлсэн, сүүлд Ш.Алтансүх надтай 300 сая төгрөгийг зээлийн гэрээ байгуулж зээлэн уг барилгыг Хурд-Од ХХК-ны хамаарал бүхий хүмүүсийн 100%-ийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан юм.

Өөрөөр хэлбэл Хурд-Од ХХК-ны эзэмшил газар дээр Хурд-Од ХХК-ны захиалгаар 25 айлын орон сууцны барилгын ажлыг Бошигт хөвөө констракшн ХХК гүйцэтгэсэн юм.

Учир нь тухайн газрыг эзэмших эрх олгосон Аймгийн Засаг даргын захирамж, гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, техникийн нөхцөлүүд, барилгын хөгжлийн төвийн магадлалаар орж баталгаажсан барилгын ерөнхий зураг, барилгыг ашиглалтад хүлээн авах бүрэлдэхүүн томилсон аймгийн засаг даргын захирамж, улсын комиссын акт зэрэг бүх бичиг баримт Хурд-Од ХХК-ны нэр дээр байдаг. Мөн Барилгын тухай хуулийн 37.3 д "Барилгын үйл ажиллагаанд захиалагч тодорхой байна. Захиалагч тодорхой бус тохиолдолд тухайн барилга байгууламжийн эзэмшигч, өмчлөгч тодорхой бус бол тухайн газрын эзэмшигч буюу өмчлөгчийг захиалагчид тооцно" гэж заасан тул барилгын захиалагч нь Хурд-Од ХХК гэдгийг бүрэн тодорхойлж байгаа юм. Гүйцэтгэгч Бошигт хөвөө констракшн ХХК нь иргэдтэй захиалгын гэрээ хийх ямар ч эрх зүйн үндэс байхгүй. Хурд-Од ХХК нь Бошигт хөвөө констракшн ХХК-д захиалга хийх эрх олгоогүй. Ийм байсаар байтал Бошигт хөвөө констракшн ХХК-ны захирал Р.Цогбаяр нь худалдан авагчдаас байрны урьдчилгаа гэж хуурамч захиалгын гэрээ хийж мөнгийг нь өөрийн хувийн дансаар болон компанийнхаа дансаар авч байсан ба барилга хүлээн авсан улсын комиссын актын нүүр хэсэгт өөрийн Бошигт хөвөө констракшн ХХК-ыг захиалагч гэж хуурамчаар бичүүлж, Улсын бүртгэлийн газар болон банкуудаар ипотекийн зээл хөөцөлдөж залилан мэхлэх үйл ажиллагаа хийж байсныг тухайн үед нь би мэдээгүй тэр үед би Улаанбаатар хотод байсан юм. Энэ тухай Хаан банкны захирал Өрнөхжаргал над руу утсаар ярьж энд нэг хүн танай барилгын захиалагч гээд Ипотекийн зээл хүссэн өргөдөл бариад явж байна үүнийг та мэдэж байгаа юу гэж хэлсэн. Ингээд би Улаанбаатараас яаран ирэхэд Р.Цогбаяр Увс аймаг руугаа явчихсан байсан тул юу болоод байгаа талаар утсаар ярихад Цогбаяр худалдан авагчаа алдахгүйн тулд 7 айлаас урьдчилгаа авч захиалгын гэрээ хийсэн энэ айлуудаас авсан мөнгөө танд удахгүй өгнө та энэ хүмүүстэй захиалгын гэрээг нь шинэчлээд гэрчилгээнүүдийг нь гаргаад заримыг нь ипотекийн зээлд хамруулаад өгөөч гэсэн. Энэ 7 айлд Б.Хаданхүү, Б.Энхтүвшин, Д.Бямбадорж, Д.Рэнцэнсодном, Д.Мөнхзаяа, Ё.Дэлгэрмаа, Д.Бадамрагчаа гэсэн нэр хэлж байсан. Д.Дүгэрсүрэн, Х.Дашхүү нартай захиалгын гэрээ хийсэн мөнгийг нь авсан гэж огт хэлээгүй энэ 2 хүн өөрсдөө Улиастайд байгаагүй /хөдөө байдаг байсан юм байна лээ/.

Би захиалагчидтай уулзаж захиалгын гэрээг Хурд-Од ХХК-ний нэрээр шинэчилж хийсэн. Энэ үеэс хойш Р.Цогбаяр утсаа авахгүй сураггүй 8 сар болсон тэгээд 10 сард гэнэт ирсэн энэ үед 13 тоотод айл орсон байна юун айл вэ гэхэд наад айл чинь хөдөөний малтай айл байрны мөнгөө хүйтрэхээр малаа нядлаад тооцоогоо хийчих юмаа мянгат малчин байгаа юм та айлтгүй гэсэн. Дулааны улиралд энэ айл эзэнгүй байдаг байсан учир би мэдээгүй. Ингээд 25 айлын орон сууны 24 айлтай захиалгын гэрээ хийж үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг Хурд-Од ХХК-ний бичиг баримтыг үндэслэн гаруулсан. Мөн зарим айлуудыг ипотекийн зээлд хамруулсан. Нэхэмжлэгч Д.Дүгэрсүрэн, Х.Дашхүү нар нь Бошигт хөвөө констракшн ХХК-ний захирал Р.Цогбаяртай захиалгын гэрээ хийж мөнгөө өгсөн байсныг Ш.Алтансүх би мэдээгүй 2020 оны 10 сард байрны гэрчилгээгээ гаргуулъя гэхээр нь л мэдсэн. Д.Дүгэрсүрэн, Х.Дашхүү нар нь Бошигт хөвөө констракшн ХХК-ний захирал Р.Цогбаяртай 2019 оны 12 сарын 09-нд захиалгын гэрээ хийж урьдчилгаа 26 сая төгрөгийг Бошигт хөвөө констракшн ХХК-ний Хас банкны 5003185252 тоот дансанд шилжүүлсэн, 2020 оны 02 сарын 17-нд 33 сая 840 мянган төгрөгийг мөн дансанд шилжүүлж нийт 59 сая 840 мянган төгрөгийг шилжүүлсэн байдаг. Иймд захиалгын гэрээний үүргийг Ш.Алтансүх надаас шаардах биш гэрээ хийж мөнгийг нь авсан Бошигт хөвөө констракшн ХХК-ны захирал Р.Цогбаяраас гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж ойлгож байна. Энэ тухай иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдах авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэгдэн тохиролцсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Тиймээс Д.Дүгэрсүрэн, Х.Дашхүү, Бошигт хөвөө констракшн ХХК-ний захирал Р.Цогбаяр нарын хооронд байгуулсан гэрээнд Хурд-Од ХХК болон Ш.Алтансүх би үүрэг хүлээсэн зүйл заалт байхгүй юм. Р.Цогбаяр нь Ш.Алтансүхийн дансанд Д.Дүгэрсүрэн Х.Дашхүү нарын байрны мөнгийг 2019 оны 12 сарын 17-ны өдөр 50 сая төгрөгийг зээл төлөв гэсэн гүйлгээний утгаар, 2020 оны 02 сарын 18-ны өдөр 40 сая төгрөгийг зээл төлөв гэсэн гүйлгээний утгатай тус тус шилжүүлсэн гэж хэлдэг энэ нь Р.Цогбаяр нь Ш.Алтансүх надаас 2019 оны 11 сарын 12-ны өдөр 300 сая төгрөгийг зээлийн гэрээ хийж авсан зээлээ төлж байгаа хэрэг юм. Зээл төлөв гэсэн гүйлгээний утгатай 50 сая, 40 сая төгрөг шилжүүлсэн хугацаа нь 300 сая төгрөгийн зээл авснаас хойш төлөгдөж байгаа нь зээлийн эргэн төлөлт гэж ойлгогдож байгаа юм. Миний дансанд зээл төлөв гэсэн гүйлгээний утгатай орж ирсэн мөнгөний дүн 90 сая төгрөг, Д.Дүгэрсүрэн Х.Дашхүү нарын байрны төлбөр болох 59 сая 840 мянган төгрөгтэй таарахгүй 30 сая 160 мянган төгрөгөөр илүү дүнтэй байгаа нь худал ярьж байгааг харуулж байна. Аливаа гүйлгээний утга нь тухайн мөнгөн хөрөнгийн зориулалтыг илэрхийлдэг бөгөөд Бошигт хөвөө констракшн ХХК-ний захирал Р.Цогбаяр нь Ш.Алтансүхийн хаан банкны дансанд зээл төлөв гэх гүйлгээний утгаар 90 сая төгрөг шилжүүлснийг нэхэмжлэгч Д.Дүгэрсүрэн Х.Дашхүү нарын худалдан авсан байрны төлбөр болох 59 сая 840 мянган төгрөгийг шилжүүлсэн байна гэж үзэх боломжгүй юм. Ер нь Д.Дүгэрсүрэн Х.Дашхүү нар нь Р.Цогбаяртай дотно харьцаатай тул Ш.Алтансүх намайг нийлж гүтгэн, ху хууран мэхэлж миний хөрөнгийг хууль бусаар эзэмших оролдлого гэж үзэж байна. Р.Цогбаяр нь анхнаасаа л миний хөрөнгийг өөрийн болгож авах сэдлээр хүмүүстэй хууль бус хуурамч захиалгын гэрээ хийж, урьдчилгаа авч улсын комиссын актын нүүр хэсэгт захиалагч гэж өөрийн Бошигт хөвөө констракшн ХХК-ний нэрийг бичүүлж улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан ипотекийн зээлийн мөнгийг өөртөө авах атгаг санаа агуулж байсан нь гаргаж буй үйлдлүүдээс нь харагдаж байна. Манай Хурд-Од ХХК нь барилга баригдахаас өмнө шаардлагатай хөрөнгийг 100 хувь бэлэн болгосон байсан тул худалдан авагчдаас барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөөс өмнө нэг ч төгрөгийн урьдчилгаа авахгүй шүү гэж Р.Цогбаярт удаа дараа сануулж байсан. Миний гомдлыг нотлох баримтад тулгуурлан бодит байдалд нийцүүлэн шударгаар үнэн зөв шийдэж өгнө үү. Иймд Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна.

Хариуцагч Ш.Алтансүхийн өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдол болон тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нар нь Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутагт Цагдаагийн газрын ард байрлах 25 айлын орон сууцны 3 давхрын 13 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай тухайн үл хөдлөх хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон дугаар хаяг байршил, орон сууц захиалгын гэрээ, газрын гэрчилгээ болон гэрээ, кадастрын зураг, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын дүгнэлт, төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, барилга байгууламжийн зураг төсөл гэсэн баримтуудыг Хурд-Од ХХК, Бошигт хөвөө консракшн ХХК-иас гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй. Хариуцагч Хурд-Од ХХК иргэн Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нарын хууль бус эзэмшлээс Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутагт Цагдаагийн газрын ард байрлах 25 айлын орон сууцны 3 давхрын 13 тоот орон сууцыг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлтэй хэргийг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 06-ны өдөр хянан хэлэлцэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Шүүхийн талуудын гаргасан тайлбарууд, 2019 оны 12 сарын 09-ны өдөр Бошигт хөвөө констракшн ХХК иргэн Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ, 2019 оны 03 сарын 25-ны өдөр Хурд-Од ХХК, Бошигт хөвөө констракшн ХХК нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ, Хурд-Од ХХК-ний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Хурд-Од ХХК Бошигт хөвөө констракшн ХХК-иудын улсын бүртгэлийн гэрчилгээ, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, байрны борлуулалтыг хүснэгтээр харуулсан баримт, Завхан аймгийн Прокурорын 2021 оны 04 сарын 19-ний өдрийн 22 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, иргэн Х.Дашхүүгээс Бошигт хөвөө констракшн ХХК-ний ХАС банкны дансанд байрны мөнгө шилжүүлсэн баримт, Бошигт хөвөө констракшн ХХК-ний дансны хуулга, иргэн Ш.Алтансүхийн дансны хуулга, Хурд-Од ХХК иргэн Д.Бямбадорж, Б.Хаданхүү. 3.Болдбаатар, 3.Батбаатар нарын 21 иргэнтэй тус тус байгуулсан орон сууц захиалгын гэрээ гэрчилгээнүүд, гэрч Б.Хаданхүү, Б.Энхтүвшин нарын мэдүүлэг зэрэгт нотлох баримтыг үндэслэж хэргийн шийдвэрлэлээ гэх боловч эдгээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж нотлох баримтын агуулгыг эрс өөрөөр дүгнэн үнэлж байж боломжгүй шийдвэр гарлаа.

Тухайлбал шүүхийн үндэслэх хэсгийн "...орон сууцны борлуулалтыг 2 компани аль аль нь хийж байсан, орон сууц борлуулахаар нийтэд зарласан зарын дагуу Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нар холбогдож Бошигт хөвөө констракшн ХХК-тай гэрээ байгуулж, тус компаний дансанд байрныхаа үнийг шилжүүлсэн, гэх мэтчилэн Бошигт хөвөө констракшн ХХК хэд хэдэн иргэнтэй орон сууц захиалгын гэрээ хийж үнийг төлж орон сууцанд орж байсныг Хурд-Од ХХК мэдээгүй байх боломжгүй, үүнийг таслан зогсоох боломжтой байсан. Хурд-Од ХХК өөрийн бариулсан байрны захиалгын гэрээг Бошигт хөвөө констракшн ХХК хийж, төлбөрийг авах эрхтэй гэсэн ойлголтыг аливаа гуравдагч этгээдэд эс үйлдэхүйгээрээ ч бай, хайхрамжгүй байдлаараа бай, бодит үйлдлээрээ ч бай ямар нэг байдлаар тэгж ойлгогдох нөхцлийг бүрдүүлсэн байна. Хоёр компаний үйл ажиллагаа аливаа гуравдагч этгээдэд ойлгомжгүй байснаас шалтгаалж байрныхаа төлбөрийг бүрэн төлсөн иргэн хохирох нь шударга ёсонд нийцэхгүй" гэж дүгнэсэн энэ хэсэгт шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн ямар нотлох баримтад тулгуурлан "...орон сууцны - борлуулалтыг 2 компани аль аль нь хийж байсан, орон сууц борлуулахаар нийтэд зарласан зарын дагуу Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нар холбогдож Бошигт хөвөө констракшн ХХК-тай гэрээ байгуулж..." гэх дүгнэлтийг хийсэн болох, Хурд-Од ХХК- ний ямар шийдвэр үйл ажиллагаа нь "иргэн Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нарт орон сууц захиалах гэрээ хийх, төлбөр авах эрхийг Хурд-Од ХХК-ний өмнөөс Бошигт хөвөө констракшн ХХК эдлэх юм" гэх ойлголтыг өгөх нөхцлийг бүрдүүлсэн гэж дүгнэж байгаа эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Мөн шүүхийн үндэслэх хэсгийн ...Өөрөөр хэлбэл Хурд-Од ХХК-ны зүгээс өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй аливаа үйлдлийг таслан зогсoox ёстой байсан, үүний тулд дор хаяж орон сууц борлуулахаар нийцэт зарласан зар дээр Бошигт хөвөө констракшн ХХК-ны утасны дугаарыг тавихгүй байх, Х.Дашхүү, Б.Хаданхүү болон Бошигт хөвөө констракшн ХХК-тай гэрээ хийсэн хүмүүс байрныхаа төлбөр тооцоог хийгээгүй гэж үзэж байгаа бол эдгээр хүмүүсээс нэхэмжлэх боломжтой байхад нэхэмжлээгүй байгаа нь ямар учиртай болох, өөрийн өмч гэж үзэж байгаа бол одоог хүртэл ямар шалтгааны улмаас 3, 4 жил бусдад эзэмшүүлж байрандаа амьдруулаад байгаа нь тодорхойгүй, эс үйлдэхгүй байна гэж шүүх үзэв гэж дүгнэсэн энэ хэсгийг хариуцагчийн өмгөөлөгч би ойлгосонгүй. Шүүхийн шийдвэр нэгэнт өнгөрсөн үйл баримтыг шүүмжлэх, талуудад зааж сургах, зөвлөн туслах агуулгаар бичигдэх биш, хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэн мэтгэлцсэн нотлох баримтад тулгуурлан объектив байдлаар хэргийн бодит байдалд эрх зүйн дүгнэлт өгч улмаар материаллаг хуулийн хэм хэмжээнд үндэслэн маргааны шийдвэрлэх учиртай. Ийнхүү шүүх дээрх дүгнэлтүүдэд тулгуурлан Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д "Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй" гэж заасныг баримтлан "Бошигт хөвөө констракшн ХХК төлөөлөх эрхгүй байсныг Хурд-Од ХХК аливаа гуравдагч этгээдийн тухайд ашиглаж болохгүй юм" гэх дүгнэлтийг хийсэн. Энэ дүгнэлтийг хийхдээ Хурд-Од ХХК өөрийгөө төлөөлөх эрхтэй гэх ойлголтыг Бошигт хөвөө констракшн ХХК-д ямар хэлбэрээр яаж өгсний улмаас Бошигт хөвөө констракшн ХХК өөрийгөө Хурд-Од ХХК-ийг төлөөлөх эрхтэй гэж ойлгосон. Улмаар Хурд-Од ХХК-ны ямар эрхийг Бошигт хөвөө констракшн ХХК шударгаар төлөөлж гүйцэтгэсэн гэж үзэж байгаагаа баримтад тулгуурлан, үндэслэл бүхий, эргэлзээгүйгээр тайлбарлаж чадаагүй нь энэ хэргийн тухайд шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд бус хяналтын шатны шүүхийн тогтоолд хөтлөгдөж гаргасан байна гэж үзэхээр байна. Хариуцагч Хурд-Од ХХК сөрөг нэхэмжлэл гаргаж Х.Дашхүү. Д.Дүгэрсүрэн нарын хууль бус эзэмшлээс Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутагт Цагдаагийн газрын ард байрлах 25 айлын орон сууцны 3 давхрын 13 тоот /маргаан бүхий/ орон сууцыг чөлөөлүүлэхийг шаардсан.

Шүүх Хурд-Од ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ "Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нар нь орон сууц захиалгын гэрээний дагуу байрныхаа үнийг төлсөн, хуулийн дагуу эзэмшиж ашиглаж байгаа, Х.Дашхүү. Д.Дүгэрсүрэн нарын нэр дээр байрны гэрчилгээ гараагүй байгаа юм чинь уг орон сууц компаний өмч байх ёстой гэх боломжгүй, учир нь орон сууцны гэрчилгээ авахад шаардлагатай баримтуудыг бүрдүүлж өгөх үйл ажиллагаа тус нэхэмжлэгч Хурд- Од ХХК-ийн өөрийнх нь үйл ажиллагаатай холбоотой юм. Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нарыг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар шударга эзэмшигч гэж үзнэ" гэж дүгнэжээ.

Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутагт Цагдаагийн газрын ард байрлах 25 айлын орон сууцны барилгын хууль ёсны өмчлөгч Хурд-Од ХХК болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа, Хурд-Од ХХК-ны захирал Ш.Алтансүх иргэн Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нар манай компанитай гэрээ байгуулаагүй, манай компанид байрны үнэ төлөөгүй, иргэн Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нар 2020.02 сард байрны түлхүүрийг Бошигт хөвөө констракшн ХХК-ны захирал Р.Цогбаяраас авсан байсан.

Р.Цогбаяр хэлэхдээ Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нар Отгон сумын мянгат малчин, намар малаа зарж мөнгөө төлөх юм гэж надад тайлбарласан. Би Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нарыг намар мөнгөө өгөх юм байна гэж бодоод байж байтал 2020.10 сард Р.Цогбаяр манайхтай бүх тооцоо дуусч, хамаг хөрөнгөө ачаад явснаас хойш Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нар надад хандаж байрны гэрчилгээг гаргаж өгөхийг шаардсан. Би мөнгөө төл гэхэд Р.Цогбаярт бүрэн төлсөн. Р.Цогбаяр Хурд-Одтой тооцоо нийлээд хөрөнгө аваад Завханаас явсны дараа Ш.Алтансүхээс гэрчилгээгээ нэхээрэй гэсэн гэж Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нар хэлдэг талаар тайлбарлаж, 2020.10 сараас хойш Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нараас байрны мөнгөө төлөхийг, эсхүл чөлөөлж өгөхийг шаардсаар ирсэн, тэр цагаас хойш хуулийн байгууллага энэ асуудлыг шалгаж байгааг мөн тайлбарлаж, Х.Дашхүү. Д. Дүгэрсүрэн нараас бичиж өгсөн бичгийг шүүхэд нотлох баримтаар өгсөн байгааг шүүх анхаарч үзээгүй, хөрөнгийн өмчлөгч хэн вэ гэдгийг зөв тодорхойлж чадаагүй Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д "Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ" гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Ийнхүү шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Х.Дашхүү. Д.Дүгэрсүрэн нарын нэхэмжлэлтэй хариуцагч Бошигт хөвөө констракшн ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон дугаар хаяг байршил, орон сууц захиалгын гэрээ, газрын гэрчилгээ болон гэрээ, кадастрын зураг, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын дүгнэлт, төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, барилга байгууламжийн зураг төсөл гэсэн баримтуудыг нэхэмжлэгч Х. Дашхүү, Д.Дүгэрсүрэн нарт гаргаж өгөхийг Хурд-Од ХХК-д даалгаж шийдвэрлэснээр миний үйлчлүүлэгч Хурд-Од ХХК-ны өмчлөх эрхээ шүүхээр хамгаалуулах эрхийг хязгаарлаад зогсохгүй, орон сууц захиалах гэрээний талууд гэрээний агуулга, хариуцлагаа харилцан тохиролцсон байхад тэднийг гэрээний хариуцлагаас чөлөөлж, Хурд-Од ХХК-нд үндэслэлгүйгээр үүрэг ногдуулж, миний үйлчлүүлэгчийн өмчлөх эрхэд ноцтой халдсан шийдвэр болсон.

Анхан шатны шатны шүүхүүд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрсөн зөрчил нь шийдвэр, магадлал гаргахад нөлөөлсөн байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн 140/ШШ2023/00390 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хянаж хэргийн бодит байдал, шударга ёсны зарчимд нийцүүлэн иргэн Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нарын Хурд-Од ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

8. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

...Эрх шилжүүлэх гэдгээс илүү Хурд-Од ХХК-ийг төлөөлөх эрхтэй гэж ойлгуулсан талаар шүүхийн шийдвэрт байгаа. Тэр зарын самбар дээр Бошигт хөвөө констракшн ХХК-ний захирал ч бай, менежерийн ч бай утасны дугаарыг захиалга авна гэж тавиад тэр зарын дагуу утасны дугаараар нь холбогдоод очоод, гэрээ байгуулаад, мөнгөө төлсөн иргэн хүнд яг ямар буруу байгаа юм бэ. Энэ нөхцөл байдал Хурд-Од ХХК-д хамаагүй юм уу. Хурд-Од ХХК-ний байр байсан юм бол түлхүүр нь яагаад Бошигт хөвөө констракшн ХХК-д байж байсан юм бэ, Хурд-Од ХХК-ний байр байсан юм бол Д.Дүгэрсүрэн гуайнх тэр байранд 2 сард орсон байхад тэнд амьдраад байхад яагаад мэдээгүй байдаг юм бэ. Амьдарч байгааг нь огт мэдээгүй нь худлаа. Угаасаа мэдэж байсан, Д.Дүгэрсүрэн гуайнхаар орж гарч байсан байдаг. Ийм нөхцөл байдал байхад Хурд-Од ХХК мэдээгүй гэх тайлбар гаргах боломжгүй. Ийм нөхцөл байдал бүрдүүлсэн нь энэ хоёр компанийн аль, алиных нь хариуцлага байх ёстой. Тэгээд иргэн хүний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай баримтууд Хурд-Од ХХК-д байгаа учраас, өнөөдөр Хурд-Од ХХК-иас баримтуудыг гаргуулах шаардлагатай гэж шүүх шийдсэн. Үүн дээр нэхэмжлэгч нарыг хүн хуурах гээд залилах гээд, хүний хөрөнгө хууль бусаар авах гээд байсан гэж ярьж байна. Тийм зүйл байхгүй. Тэгэх шаардлага ч байхгүй. Хэрвээ тэр самбар дээр зөвхөн Хурд-Од компанийн дугаар байсан бол нэхэмжлэгч нар мөнгөө барин барин, очиж Бошигт хөвөө констракшн ХХК-тай гэрээ байгуулахгүй. Гэрээг Хурд-Од ХХК-тай л байгуулах ёстой байсан гэж яриад байгаа ч гэсэн Хурд-Од ХХК, Бошигт хөвөө констракшн ХХК-ны гэрээнүүдийг харьцуулж үзэхээр компанийн нэр нь л өөр гэрээний бусад бүх зүйл нь адилхан байдаг. Тэгэхээр ямар ч хүн харсан энэ хоёр компаниуд нэг үйл явцын төлөө болоод байгаа процессыг хоёулаа ойлгоод, тэрэндээ хоёулаа оролцоод явчихсан. Үүнийг жирийн иргэн хүн компаниуд хоорондоо ямар гэрээ, ямар тохиролцоо хийснийг мэдэх боломжгүй. Ямар ч байсан Бошигт хөвөө констракшн ХХК гэрээ байгуулж байгаа юм байна. Энэ компанид мөнгө төгрөгөө өгөөд байранд орох юм байна гэж ойлгосон үүднээс, нэхэмжлэгч нар төлбөрөө төлсөн, байрандаа орсон, амьдарсан. Одоо гэрчилгээгээ л авъя гэж байгаа. Өөр нэмэлт тайлбар байхгүй гэв.

9. Хариуцагч Ш.Алтансүх, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа нарын давж заалдах гомдолд хариуцагч Р.Цогбаярын өмгөөлөгч Т.Уянгын тайлбарын агуулга:

...хариуцагч Ш.Алтансүх ...анх хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч энэ гэрээг өөрчилж зээлийн гэрээ байгуулсан гэдэг зүйлийг ярьдаг. Мөн энэ асуудлыг хариуцагч Ш.Алтансүх анхан шатны шүүх хурал дээр ч ярьж байсан. Гэтэл хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтаар ийм нөхцөл байдал тогтоогддоггүй. Хэдий хавтаст хэрэгт хамтран ажиллах гэрээ, зээлийн гэрээ гэсэн 2 гэрээ байдаг боловч анх байгуулагдсан хамтран ажиллах гэрээний зохицуулалтуудыг нь аваад үзэхээр тухайн гэрээний дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгэх үүргийг Бошигт хөвөө констракшн ХХК, захиалагч буюу Хурд-Од ХХК бол барилгыг барьж гүйцэтгэхэд шаардлагатай санхүүжилтийн 70 хувийг олгох зохицуулалттай байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн санхүүжилтийг зээлийн гэрээ хэлбэрээр гаргах шаардлагагүйгээр хамтран ажиллах гэрээнд заасны дагуу тухайн барилгын санхүүжилтийн 70 хувийг Хурд-Од ХХК гаргах ёстой байсан. Тухайн үед хамтран ажиллах гэрээ байгуулсны дараагаар барилгын ажил хийгдэж байх явцад санхүүжилтээ олгохоос өмнө албан ёсоор 70 хувийн санхүүжилтийг зээлийн гэрээ хэлбэрээр гаргах нь надад хэрэгтэй байна гэж Р.Цогбаяраас гуйснаар тухайн зээлийн гэрээнд Р.Цогбаяр гарын үсэг зурсан байдаг. Ингээд Ш.Алтансүх тухайн 70 хувийн санхүүжилт буюу 1 тэрбум 400,0 сая төгрөгийг шилжүүлэхдээ өөрийнхөө данснаас эхнэр Х.Сольхүүгийнхээ данс руу шилжүүлээд, Х.Сольхүүгийн данснаас Бошигт хөвөө констракшн ХХК-ны данс руу шилжүүлэгдсэн байдаг. Энэ нь Х.Сольхүү гэдэг хүн Бошигт хөвөө констракшн ХХК-нд иргэн Р.Цогбаярт мөнгө зээлэх хүсэл сонирхол байсан уу гэдэг дээр эргэлзээ төрүүлэхээр ийм нөхцөл байдал байдаг. Тэгэхээр анх хамтран ажиллах гэрээтэй байсныхаа дагуу санхүүжилтээ шилжүүлсэн. Санхүүжилтээ шилжүүлэхдээ зээлийн гэрээ хэлбэрээр шилжүүлсэн гэдэг Бошигт хөвөө констракшн ХХК-ийн хариуцагч Р.Цогбаяр нарын тайлбар нь үндэслэлтэй тайлбар байна гэж харагдаж байна. Энэ нь мөн бусад нотлох баримтаар нотлогддог. Мөн зээлийн гэрээ гэдэг хэлбэрээр тухайн санхүүжилтийг шилжүүлсэн учраас иргэдээс орон сууцны захиалга авсан мөнгийг Ш.Алтансүх буюу Хурд-Од ХХК-руу шилжүүлэхдээ зээл төлөв гэдэг гүйлгээний утгаар шилжүүлээд өг гэж гуйсан учраас би тухайн утгаар шилжүүлсэн юм гэж Р.Цогбаяр мэдүүлдэг. Энэ бүх хэрэгт авагдсан баримтуудыг нягтлаад үзэхээр Бошигт хөвөө констракшн ХХК-ний ХАС банкны дансны хуулга, Р.Цогбаяр гэдэг хүний дансны хуулга, Ш.Алтансүхийн дансны хуулга, Хурд-Од ХХК-ний дансны хуулга, мөн иргэн Х.Сольхүүгийн дансны хуулгуудыг шүүгээд үзэхээр яг тухайн Бошигт хөвөө констракшн ХХК эхний 7 иргэний захиалгыг өөрийн нэрээр гэрээ байгуулж төлбөрийг шилжүүлэн авсан байдаг. Тухай бүр төлбөрийг шилжүүлж авах бүртээ орж ирсэн мөнгөнүүдийг бөөгнүүлээд, эсвэл бөөн орж ирсэн мөнгийг Ш.Алтансүхийн данс руу зээл төлөв гэх гүйлгээний утгаар хоног өдрүүд нь зөрүүтэйгээр шилжүүлээд байсан энэ дансны хуулгууд хэрэгт авагдсан байдаг. Тэгэхээр Бошигт хөвөө констракшн ХХК нь зээлийн гэрээний дагуу зээл төлөөд байсан юм гэдэг энэ нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Хоёрдугаарт, Бошигт хөвөө констракшн ХХК байрны захиалга авах эрхгүй этгээд байсан юм. Тийм учраас нэхэмжлэгч нарын Бошигт хөвөө констракшн ХХК-тай байгуулсан гэрээ, хуурамч гэрээ юм гэдэг зүйлийг хариуцагч гомдолдоо ярьж байна. Хуурамч гэрээ гэдгийг, хуурамч нотлох баримт гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоосон зүйл байдаггүй. Бошигт хөвөө констракшн ХХК захиалга авах эрхтэй байсан юм гэдгийг нотолсон баримт хэрэгт хангалттай байгаа. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасны дагуу хэргийн оролцогч нь үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Нэхэмжлэгч Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн болон хариуцагч Р.Цогбаяр, Ш.Алтансүхийн эхнэр Х.Сольхүү нарын мэдүүлгүүдээс харахад Бошигт хөвөө констракшн ХХК болон Хурд-Од ХХК тухайн байрыг эхэлсэн цагаас самбар дээр аль, алиных нь утасны дугаарыг байршуулсан. Аль, аль орон сууцны захиалга авах эрхтэй байсан гэдэг зүйлийг яриад байгаа нь нотлогддог. Өөрөөр хэлбэл, тухайн байрыг барьж эхэлснээс хойш улсын комисс хүлээж авах буюу ашиглалтад орох хүртэл хугацаанд эхний 7 иргэний захиалгыг Бошигт хөвөө констракшн ХХК аваад төлбөрийг өөрийн компанийн дансаар авч, мөнгийг Ш.Алтансүхийн данс руу шилжүүлсэн байдаг. Гэтэл Ш.Алтансүх буюу Хурд-Од ХХК тухайн 7 иргэний өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нараас бусад 6 иргэний байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзээд өөрийн хуулийн этгээдийн нэр дээр төлбөр нь бүрэн төлөгдсөн гэсэн бичиг баримтыг гаргаж өмчлөх эрхийн гэрчилгээг нь гаргуулж өгсөн байдаг. Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нэр бүхий 25 айлын орон сууцны 24 иргэнд өмчлөх эрх шилжүүлж өгсөн баримтууд хэрэгт нотлох баримтаар хавсаргагдсан байгаа. Тухайн баримтаас харахад гэрч Хаданхүү, Энхтүвшин, Бямбадорж нарын төлбөрийг бүрэн төлөгдсөн гэдгийг Хурд-Од ХХК хийж өгсөн байдаг. Мөн тухайн иргэдтэй Хурд-Од ХХК-ний нэрээр байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлд гэрээний төлбөрийг зохицуулахдаа Бошигт хөвөө констракшн ХХК-ний данс руу тухайн иргэд мөнгөө хийсэн хугацаагаар буюу тухайн огноогоор мөнгө төлөгдсөн, үнийн дүн нь мөн адилхан байдаг. Хариуцагч Ш.Алтансүхийн зүгээс Р.Цогбаяр нь тухайн иргэдийн өмчлөх эрхийн гэрчилгээг нь гаргаад өгчих, төлбөрийг нь би төлье гэж гуйсан юм гэж ярьж байна. Гэтэл ийм яриа огт болоогүй гэдгийг хариуцагч Бошигт хөвөө констракшн ХХК-ний захирал Р.Цогбаяр анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хэлсэн. Мөн дээрээс нь ийм нөхцөл байдал болсон гэдгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар нотлогддоггүй. Зөвхөн хариуцагч Ш.Алтансүх энэ талаар ийм тайлбар гаргадаг. Хэрвээ үнэхээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан тухайн 6 иргэний төлбөр төлөгдөөгүй байсан юм бол Хурд-Од ХХК яагаад улсын бүртгэлийн байгууллагад дээрх иргэдийн төлбөр төлөгдсөн гэсэн хуурамч бичиг баримт гаргаж өгөв. Яагаад төлбөр төлөгдөөгүй байсан юм бол, өөрийнхөө өмчлөлийн байрыг бусдад үнэ төлбөргүйгээр шилжүүлэв гэдэг асуудал яригдана. Тэгэхээр энэ нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Гэрээ ч гэсэн хуурамч гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн дээрээс нь хариу тайлбар дээр нэхэмжлэгч Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нарын байрны төлбөр 59 сая 840,0 мянган төгрөгийн төлбөрийг шилжүүлэх ёстой байсан гэтэл Р.Цогбаяр 2 удаагийн гүйлгээгээр зээл төлөв гэсэн утгаар 90,0 сая төгрөг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын байрны төлбөрийн үнийн дүнгээс 30 сая 160,0 мянган төгрөгийг илүү шилжүүлсэн байгаа нь нэхэмжлэгч нарын байрны төлбөрийг төлсөн гэж хэлээд байгаа нь худлаа байна гэж тайлбар гаргадаг. Гэтэл дансны хуулгаар энэ нь худлаа байсан уу, үгүй юу гэдэг нь нотлогддог. Хэрэгт Бошигт хөвөө констракшн ХХК-ний дансны хуулга, мөн Р.Цогбаярын ХААН банкны дансны хуулга аль аль нь авагдсан байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч нар хариуцагчийн данс руу анх 2019 оны 12 сарын 09-ний өдөр буюу гэрээ байгуулсан өдрөө 26,0 сая төгрөгийг байрны урьдчилгаа гэж шилжүүлсэн байдаг. Бошигт хөвөө констракшн ХХК-ний дансны үлдэгдэл 71,0 сая төгрөг болсон байдаг. Яг тухайн өдрөөс 4 хоногийн дараа буюу 2019 оны 12 сарын 13-ны өдөр Бошигт хөвөө констракшн ХХК-ний данснаас Р.Цогбаярын данс руу 70,0 сая төгрөгийн гүйлгээ хийгдээд тухайн 70,0 сая төгрөгөөс бригадын ажилчдын цалин 10,0 сая төгрөг, Тулгаад 5,0 сая төгрөг, барилгын материалын үнэ, түлшний үнэ гээд зарлагууд гараад, үлдсэн 50,0 сая төгрөгийг 2019 оны 12 сарын 18-ны өдөр хариуцагч Ш.Алтансүхийн ХААН банкны 5517066265 гэсэн данс руу зээл төлөв гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн байдаг. Мөн дараагийн төлбөр болох нэхэмжлэгч нарын байрны үнэ 2020 оны 02 арын 17-ны өдөр 33,0 сая 840,0 мянган төгрөг орж ирсэн. Тухайн мөнгө яагаад 30,0 сая төгрөгөөр илүү байв гэж яриад байгаа нь илүү мөнгө зөвхөн нэхэмжлэгч нарын төлбөрийг шилжүүлээгүй. 2020 оны 02 сарын 17-ны өдөр буюу нэхэмжлэгч нарыг үлдэгдэл төлбөрөө төлдөг өдөр бусад иргэдээс тухайлбал, Хаданхүү гэдэг хүнээс байрны үлдэгдэл төлбөрт 11 сая 840,0 мянган төгрөгийн гүйлгээ орсон. Мөн тухайн иргэн өөрөө байрнаас гадна граж худалдаж авсан байсан. Гражны үнэ гэх гүйлгээний утгатайгаар тухайн өдрөө 8,0 сая төгрөг орсон. Ингээд нийлээд 53,0 сая төгрөгөөс 40,0 сая төгрөгийг зээл төлөв гэх гүйлгээний утгатайгаар Ш.Алтансүхийн данс руу шилжүүлсэн. Тэгэхээр илүү төлөгдөөд байна гэж яриад байгаа энэ мөнгө нь өөрөө бусад гэрч нарын байрны үлдэгдэл төлбөр болон гражны үнэ нийтдээ 90,0 сая төгрөг Ш.Алтансүхийн данс руу орсон. Ийм учраас тухайн нэхэмжлэгч нарын худалдан авсан байрны үнэ Хурд-Од ХХК буюу Ш.Алтансүхийн данс руу орсон байна гэж харж байна. Мөн дээрээс нь өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой холбоотойгоор хэлэхэд захиалгын самбар улсын комисс хүлээн авсны дараа тавигдсан гэдэг зүйл яриад байна. Энэ бол хариуцагч Хурд-Од компанийн захирал Ш.Алтансүхийн гаргаад байгаа тайлбар. Анхнаасаа энэ хэрэг дээр гэрчүүд, мөн оролцогчид мэдүүлэхдээ анхнаасаа тухайн барилгыг барьж эхлэхдээ захиалгын самбарыг байршуулаад Хурд-Од ХХК буюу Ш.Алтансүхийн утасны дугаар, Р.Цогбаярын утасны дугаар аль аль нь бичигдсэн байсан, үүний дагуу иргэд ирж захиалга өгдөг байсан гэдгийг хэлдэг. Мөн дээрээс нь тухайн орон сууцнаас орон сууц худалдан авсан гэрчээр мэдүүлэг өгөөд байгаа Бямбадорж, Хаданхүү нар энэ нөхцөл байдлыг хэлдэг. Ийм учраас анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж харж байна. Мөн хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо ...Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгч нар нь хууль ёсоор тухайн байрыг эзэмшиж байсан этгээдүүд биш гэж тайлбарлаад байна. Нэхэмжлэгч нарын тухайд тухайн үед захиалга авах эрхтэй этгээд байсан Бошигт хөвөө констракшн ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж төлбөрөө бүрэн шилжүүлсний үндсэн дээр байрныхаа түлхүүрийг гардан авч анх тухайн байр ашиглалтад орсон үеэс буюу 2020 оноос амьдарч ирсэн. Тухайн байрыг улсын комисс хүлээж авсны дараа 2020 онд борлогдоогүй үлдсэн бүх байрны түлхүүрийг Бошигт хөвөө констракшн ХХК-иас Ш.Алтансүх буюу Хурд-Од ХХК-ний захирал хүлээж авсан байдаг. Ш.Алтансүх түлхүүрийг хүлээж авахдаа нэхэмжлэгч нарыг тухайн байрыг эзэмшиж байгаа гэдгийг мэдэж байсан учраас өнөөдрийг хүртэл тухайн орон сууцанд нэхэмжлэгч нарыг амьдруулсан. Албадан чөлөөлүүлэх ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. Тэгэхээр нэхэмжлэгч нар нь хууль ёсны дагуу тухайн байрыг эзэмшиж, оршин сууж байсан иргэд байна. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн зүйл байхгүй гэж харж байна. Мөн Хурд-Од ХХК Ш.Алтансүх гэдэг хүний зүгээс нэхэмжлэгч нарт Бошигт хөвөө констракшн ХХК хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн үйлдлүүдийг хангалттай гаргасан байдаг. Иймд Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасны дагуу Хурд-Од ХХК нь нэхэмжлэгч нарт орон сууцны өмчлөлийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг, баримтуудыг гаргаж өгөх, хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн анхан шатны шүүхийн шийдвэрт хийсэн дүгнэлтийг тодотгон тайлбарлаж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Дүгэрсүрэн, Х.Дашхүү нар нь хариуцагч Хурд-Од ХХК, Бошигт хөвөө констракшн ХХК-д тус тус холбогдуулан Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг, Цагдаагийн ард байрлах 25 айлын орон сууцны 3 давхрын 13 тоот хаягтай орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардагдах баримтууд буюу тухайн үл хөдлөх хөрөнгөнд эрх бүхий байгууллагаас олгосон дугаар, байршлын хаяг, орон сууц захиалгын гэрээ, газрын гэрчилгээ, кадастрын зураг, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын дүгнэлт, төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, барилга байгууламжийн зураг төсөл гэсэн баримтуудыг гаргуулахаар даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Д.Дүгэрсүрэн, Х.Дашхүү нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа ...Хурд-Од ХХК, Бошигт хөвөө констракшн ХХК нарын хамтран Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Өндөр толгойн 3-300в тоотод баригдсан 25 айлын орон сууцнаас Бошигт хөвөө констракшн ХХК-тай орон сууц захиалгын гэрээг 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан тус орон сууцны 3 давхар 13 тоот 35.2 мкв байрыг 59.840.000 төгрөгөөр 2 хувааж төлөөд худалдаж авсан. Бошигт хөвөө констракшн ХХК-ний захирал Р.Цогбаяр нь таны байрын төлбөрийг Ш.Алтансүхийн данс руу шилжүүлсэн, одоогийн байдлаар өмчлөх эрхийг Ш.Алтансүх хариуцна гэх боловч Хурд-Од ХХК-ний захирал Ш.Алтансүх нь танай худалдаж авсан байрны төлбөр, манай байгууллагад орж ирээгүй гэдэг. Орон сууц худалдах, худалдан авах захиалгатай холбоотой эрх үүргийг Бошигт хөвөө констракшн ХХК-аас шилжүүлж авсан Хурд-Од ХХК хариуцах үүрэгтэй ...Орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардагдах улсын комисс хүлээн авсан акт, байгууллагын албан тоот, газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг зэрэг бичиг баримтыг гаргуулахыг даалгах... гэжээ.

Хариуцагч Хурд-Од ХХК нь хариу тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг тайлбарлахдаа,

Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нар нь Орон сууц захиалгын гэрээг Бошигт хөвөө констракшн ХХК-ний захирал Р.Цогбаяртай 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хийж, байрны үнийг 50003185252 дансанд 2019 оны 12 дугаар сарын 09-нд 26.000.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 17-нд 33.840.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нар нь миний дансанд байрны үнэ гэж нэг ч төгрөг төлөөгүй, мөн Р.Цогбаяр болон Бошигт хөвөө констракшн ХХК-наас миний болон компанийн дансанд нэг ч төгрөг орж ирээгүй учир, үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй гэж мэтгэлцжээ..

Хариуцагч Бошигт хөвөө констракшн ХХК нь хариу тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг тайлбарлахдаа...

Манай компаний хувьд нэхэмжлэгч Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нартай орон сууц захиалгын гэрээний дагуу шилжүүлэн өгсөн 59.840.000 төгрөгийг Хурд-Од ХХК-ийн захирал Ш.Алтансүхийн данс руу бүрэн шилжүүлэн өгсөн. Манай компанийн Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг, Цагдаагийн газрын хойд талд баригдсан 25 айлын орон сууцны өмчлөх эрх Хурд-Од ХХК-нд бүрэн шилжүүлж өгсөн. Өмчлөх эрх одоо Хурд-Од ХХК-нд байгаа тул өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардагдах бичиг баримтууд нь Бошигт хөвөө констракшн ХХК-нд байхгүй тул, гаргаж өгөх боломжгүй гэж мэтгэлцжээ.

Хариуцагч Хурд-Од ХХК-иас нэхэмжлэгч Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ...

Манай компани Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт Цагдаагийн газрын ард 25 айлын орон сууц барих ажлыг Бошигт хөвөө констракшн ХХК-иар гүйцэтгүүлсэн. Манай компани тухай орон сууцыг барих ажлыг 100 хувь санхүүжүүлж ажилласан. Хурд-Од ХХК-ний зүгээс, гүйцэтгэгч Бошигт хөвөө констракшн ХХК-нд иргэдтэй орон сууц захиалах гэрээ хийх эрх олгоогүй. Гэтэл Бошигт хөвөө констракшн ХХК нь барилгын ажил явагдаж байх хугацаанд иргэн Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нартай орон сууц захиалгын гэрээ хийж төлбөр мөнгийг нь компанийхаа дансаар хүлээн авч байрны түлхүүрийг өгсөн байсан. Дээрх зөрчлийг мэдсэн цагаас хойш иргэн Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нарт компанийн хөрөнгө чөлөөлж өг, эсхүл орон сууцны төлбөрөө төлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулахыг шаардсан боловч шаардлагыг биелүүлээгүй ирсэн. Иймд Хурд-Од ХХК-ны хөрөнгө болох Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг, Өндөр толгойн 3-300 хаягт байрлах 25 айлын орон сууцны 3 давхрын 13 тоот 1 өрөө орон сууцны байрны элэгдэл, хорогдол ашиглалтын зардлыг тооцож, уг орон сууцыг Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэнийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч маргажээ.

1.Үндсэн нэхэмжлэлийн талаар,

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч, Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нар нь Бошигт хөвөө констракшн ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 09-оны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг, Цагдаагийн ард байрлалтай, баригдаж байгаа 25 айлын орон сууцны захиалгын гэрээ байгуулж, орон сууцны үнэ төлж, орон сууцыг эзэмшиж байгаа үйл баримт тогтоогджээ.

Маргаан бүхий дээрх орон сууцыг Хурд-Од ХХК, Бошигт хөвөө констракшн ХХК нар нь 2019 оны 03 дугаар сарын 2-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээгээр Хурд-Од ХХК нь 70 хувийн, Бошигт хөвөө констракшн ХХК нь 30 хувийн санхүүжилт гаргаж барилгын ажлыг Бошигт хөвөө констракшн ХХК нь гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна.

Гэрээний явцад Бошигт хөвөө констракшн ХХК нь тохиролцсон санхүүжилтийг гаргах боломжгүй нөхцөл байдал бий болж, Хурд-Од ХХК-ний 100 хувийн санхүүжилтээр, маргаан бүхий орон сууцны ажлыг Бошигт хөвөө констракшн ХХК нь барьж дуусгасан нь талуудын тайлбараар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

Барилгын тухай хуулийн 37.3 дахь хэсэгт Барилгын үйл ажиллагаанд захиалагч тодорхой байна. Захиалагч тодорхой бус тохиолдолд тухайн барилга байгууламжийн эзэмшигч, өмчлөгч тодорхой бус бол тухайн газрын эзэмшигч буюу өмчлөгчийг захиалагчид тооцно гэж заажээ.

Маргаан бүхий орон сууцны байрлах газар нь Хурд-Од ХХК-ний өмчлөлийн газар болох нь нь 000008435  дугаар бүхий аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээгээр тогтоогдож байгаа учраас Хурд-Од ХХК-нийг захиалагч буюу өмчлөгч гэж үзэхээр байна.

Өмчлөгч нь хуульд зааснаар өмчлөлийн зүйлээ захиран, зарцуулах эрхтэй боловч тухайн үед буюу 2019 онд Хурд-Од ХХК нь тухайн орон сууцны барилгаас худалдан борлуулахад төлөөлөх эрхийг Бошигт хөвөө констракшн ХХК-нд олгосноор, түүнийг төлөөлж тус компаний захирал Р.Цогбаяр нь тухайн орон сууцны эхний захиалагч нартай гэрээ хийсэн болох нь

Нэхэмжлэгч Д.Дүгэрсүрэн, Х.Дашхүү нарын ...Бид хоёр 2019 онд тус байрны захиалгыг Р.Цогбаяртай хийн, уг орон сууцыг худалдан авахдаа бусад оршин суугчдын нэгэн адил төлбөрөө хэлсэн ёсоор нь төлөөд байрандаа орсон. Одоо 3 дахь жилдээ тус байранд амьдарч байна. Тухайн үед Бошигт хөвөө констракшн ХХК нь тухайн барилгыг барих, борлуулах ажлыг хийсэн. Эдгээр хоёр компаний хооронд сүүлд үүссэн дотоод асуудал нь орон сууц худалдан авагч бидэнд хамааралгүй гэсэн тайлбар,

Гэрч Б.Хаданхүүгийн ...Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Өндөр толгойн 3-300в тоотод баригдсан Цагдаагийн арын 25 айлын байрны орон сууцны захиалгын гэрээг Бошигт хөвөө констракшн ХХК-ний захирал Р.Цогбаяртай хийсэн. Би уг байрны төлбөр 59.940.000 төгрөгийг Бошигт хөвөө буюу Р.Цогбаярын данс руу хийсэн. Би төлбөрөө 100 хувь хийсэн. Би бас граж авсан. Уг гражийн үнэ 8.000.000 төгрөгийг нийлүүлээд 67.940.000 төгрөгийг төлөөд Цогбаяр надад НӨАТ-ын баримт өгч байсан. ...гэрчилгээгээ бол Р.Цогбаяр, Ш.Алтансүх хоёрын зөвшилцлөөр Ш.Алтансүхээс авч байсан... гэсэн мэдүүлэг,

Гэрч Энхтүвшингийн ... Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Өндөр толгойн 3-300в тоотод баригдсан цагдаагийн арын 25 айлын байрны орон сууцанд байр захиалсан...Бошигт хөвөө констракшн ХХК буюу Р.Цогбаяр гэдэг хүнтэй гэрээгээ хийж урьдчилгаа мөнгөө дансаар шилжүүлж, байрандаа орж байсан. Үлдэгдэл зээлийг нь Ш.Алтансүхийн данс руу хийсэн... гэсэн мэдүүлэг,

Завхан аймгийн Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 22 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд авагдсан гэрч Х.Сольхүүгийн мэдүүлэгт ... Улиастай сумын Богдын гол багийн Өндөр толгойн 3-300в тоотод барилга баригдсан газар нь нөхөр Ш.Алтансүхийн 100 хувийн өмчлөлийн компаний нэр дээрх газар бөгөөд уг газар дээрээ Цогбаяртай ярьж орон сууцны барилга бариулахаар болсон юм. Тэгээд барилга бариулах дээрээ тулж Ш.Алтансүх Цогбаярт 300.000 сая төгрөгний зээл өгсөн юм. Мөн би 1.400.000.000 /тэр бум/ төгрөгийг Цогбаярт зээлдүүлж уг хөрөнгөөр барилгаа бариулахаар тохирсон юм. Хурд-Од ХХК-ний хувьд барилга барих зөвшөөрөлгүй учир дээрх тохиролцоо буюу би гэр бүлийнхээ хүний хамтаар барилга бариулсан гэсэн үг. Тэгээд барилга бариулж дууссан ба уг барилгыг 2 тал хоёулаа борлуулалт хийж мөнгийг дундын дансанд байршуулж эхний удаад зээлийн эргэн төлөлтийг авах тохиролцоотойгоор тохирч гэрээгээ ч хийчихсэн юм. Аль, аль тал нь худалдан борлуулах эрхтэй байсан, тэгээд орон сууцыг 2 тал 2 уулаа худалдан борлуулсан боловч Цогбаяр дундын данс биш өөрийн дансаар мөнгийг авч талыг нь Хурд-Од ХХК-ний данс руу шилжүүлж заримыг нь өөрөөр авч зарцуулсан гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Бошигт хөвөө констракшн ХХК-ний захирал Р.Цогбаяр нь орон сууцны барилга баригдах хугацаанд буюу барилга баригдаж дууссаны дараа нэр бүхий иргэдээс байрны урьдчилгаа болон төлбөрийг авч Хурд-Од ХХК-ний захирал Ш.Алтансүхийн дансанд шилжүүлсэн болох нь тэдний дансны хуулгаар тогтоогддог.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно.

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх, гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар болон бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно

Мөн Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг, нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс, нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж тус, тус заажээ.

Эндээс үзэхэд Хурд-Од ХХК нь тухайн үед Бошигт хөвөө констракшн ХХК-ний захирал Р.Цогбаярт бичгээр төлөөлөл олгоогүй ч гэсэн орон сууцыг худалдан авахыг хүссэн иргэнтэй захиалгын гэрээ хийх, төлбөрийг дансаар авч Хурд-Од ХХК-ны дансанд шилжүүлэх, төлбөр төлсөн худалдан авагчид орон сууцны түлхүүрийг өгч, орон сууцыг тэдний эзэмшилд шилжүүлсэн байдлыг Хурд-Од ХХК нь дуугүй байдлаар, бодит үйлдлээр хүлээн зөвшөөрөх замаар Бошигт хөвөө констракшн ХХК-нд төлөөлөх эрх олгож байсан гэж үзэхээр байна.

Бошигт хөвөө констракшн ХХК нь Хурд-Од ХХК-нийг төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон тухайн үед нэхэмжлэгч Х.Дашхүү, Д.Дүгэрсүрэн нартай орон сууц захиалгын гэрээ хийсэн байна.

Нөгөө талаас нь харахад нэхэмжлэгч нар нь энгийн иргэний хувьд Бошигт хөвөө констракшн ХХК нь тухайн үед барилгын ажлыг гүйцэтгэж байсан, орон сууцны борлуулах зарын самбарт Бошигт хөвөө констракшн ХХК-ний менежерийн утасны дугаар байсан, энэ утасны дугаараар холбогдож гэрээгээ хийсэн, Бошигт хөвөө констракшн ХХК нь захиалгын гэрээг бусад иргэнтэй хийсэн зэргээс нэхэмжлэгч Бошигт хөвөө констракшн ХХК-нийг уг орон сууцыг захиран зарцуулах эрхтэй гэж итгэсэн, Хурд-Од ХХК нь энэ итгэлийг аль, аль талд нь төрүүлсэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө, хүлээн авах үүргийг хүлээнэ гэж заажээ.

Иймд Хурд-Од ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар ...эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг ...худалдан авагчид шилжүүлж өөрийн төлөөлөгчийн хийсэн үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь Хурд-Од ХХК нь учраас нэхэмжлэгчдийн орон сууцтай холбоотой баримт, бичиг хариуцагч Бошигт хөвөө констракшн ХХК-ний захирал Р.Цогбаярт байхгүй үндэслэлээр хариуцагч Р.Цогбаярт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Сөрөг нэхэмжлэлийн талаар,

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй этгээдийг шударга эзэмшигч гэж үзнэ гэж тус, тус заажээ.

Нэхэмжлэгч Д.Дүгэрсүрэн, Х.Дашхүү нар нь Бошигт хөвөө констракшн ХХК нь маргаан бүхий орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэж байсан, бусад захиалагч нартай гэрээ хийж уг байрыг худалдан борлуулж байсан учраас Бошигт хөвөө констракшн ХХК-нийг уг байрыг захиран зарцуулах эрх бүхий этгээд гэдэгт итгэж, захиалгын гэрээ хийж, байрны үнийг шилжүүлж, байранд оршин сууж байгаа нь уг байрыг шударгаар эзэмшиж байна гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Маргаан бүхий орон сууцыг худалдан борлуулах эрх бүхий этгээд болох Бошигт хөвөө констракшн ХХК-тай орон сууц захиалгын гэрээ хийж, гэрээний үндсэн дээр оршин сууж байгааг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй боловч эзэмшил хууль бус байснаар шаардлага хангагддаг тул Д.Дүгэрсүрэн, Х.Дашхүү нарын эзэмшил хууль бус болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч, түүний өмгөөлөгчийн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох-ыг хүссэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэргийг бүхэлд нь зөв шийдвэрлэсэн боловч хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь зүйтэй байна гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 140/ШШ2023/00390 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтад Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар гэж нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ш.Алтансүх, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Алтансүхийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.819 төгрөг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэтуяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Ж.БАТТОГТОХ