Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2019/0063

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2019/0063

Улаанбаатар хот

                                                                                                                                                                                                         “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагч Ж.Э, Э.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0639 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.Э, Э.Э нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0639 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 18.1.13, 29 дүгээр зүйлийн 29.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.10-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ж.Э, Э.Э нарын 2016 оны 06 сарын 28-ны өдөр тогтоосон 250022758 тоот актын гянтболдод холбогдох эхсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэр бүхий татварын улсын байцаагчид “А” ХХК-ийн 2011-2015 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай’’ 250022758 дугаар актаар 780.767.630.00 төгрөгийн зөрчилд 41.194.555.50 төгрөгийн нөхөн татвар, 12.358.366.60 төгрөгийн торгууль, 7.668.358.00 төгрөгийн алданги нийт 61.221.280.10 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Уг актаар “А” ХХК-ийн 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 124.30 тонн хайлуур жоншны хүдэр, 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 21.00 тонн, мөн оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2.22 тонн нийт 23.22 тонн гянтболдын хүдэр баяжмал экспортолсны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөөгүй хэмээн үзэж нөхөн татвар, торгууль, алданги тооцож тавьжээ.

Шүүхээс татварын байцаагчдын актыг үндэслэлтэй гэж үзэхдээ зарим нэг зүйлийг нягтлан шалгаагүй, ерөнхийлөн дүгнэснээс алдаа гарсан байна.

Нэхэмжлэгч “А” ХХК нь Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Цагаан овоо нэртэй газарт 26.79 гектар талбай бүхий М\/-18782 дугаартай жонш олборлох, эрх бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд 43.123.480 төгрөгийн үнэлгээтэй, 124.3 тонн жонш олборлож экспортолсонд ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болох 2.156.174 төгрөгийн нөхөн татвар, түүнтэй холбоотой торгууль, алдангад маргаагүй болно.

Харин “А” ХХК нь гянтболд олборлох, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, өөрийн эзэмшлийн газраас гянтболд олборлоогүй, ашиглаагүй зэрэг нөхцөл байдлыг шүүх анхаарсангүй.

Нэгэнтээ “А” ХХК нь гянтболд олборлож, ашиглаагүй тул гянтболд олборлож ашигласны төлбөр төлөх төлбөр төлөгч биш юм.

Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож, худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж заасан байна.

Энэ хуулийн заалтыг нягтлан уншваас энэ зохицуулалт нь зөвхөн "ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч” этгээдэд хамааралтай зохицуулалт юм.

Түүнчлэн шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10-т “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь олборлож, худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүнд ногдох тухайн улирлын төлбөрийг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор төсөвт төлнө” гэснийг шийдвэрийнхээ үндэслэл болгожээ.

Энэ хуулийн зохицуулалт мөн ялгаагүй ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд ашигт малтмал олборлож худалдсан, худалдахаар бусдад ачуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх тухай утга агуулгатай болохыг зориуд тэмдэглэж байна

"А” ХХК нь экспортоор гаргасан 23.22 тонн гянтболдын хүдэр баяжмалыг олборлоогүй, харин бусдаас худалдаж авсан тухайгаа шүүхэд тайлбарласан боловч “худалдахаар ачуулсан бүх төрлийн бүтээгдэхүүнд ногдох төлбөрийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийн хувиар төлөх үүрэгтэй байна” хэмээн муйхар байдлаар шийдвэрлэсэн байна.

Тухайн хуулийн зохицуулалтыг хэн хэрэгжүүлэх, ямар субъектэд хамааруулсан байгаа эсэхийг ухаж тайлж гэмээнэ хуулийг хэрэглэхгүй бол ингэж алдаа гарч байна

Нэхэмжлэгч “А” ХХК нь маргааны зүйл болж буй 23.22 тонн гянтболдыг өөрсдөө олборлоогүй, бусдаас худалдан авч экспортод гаргасан тухай үйл баримтыг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар ил тодын тайландаа тусгаж тайлагнасан юм. Үүнтэй хариуцагчид маргадаггүй.

Харин 23.22 тонн гянтболдыг “А” ХХК нь хэнээс, хэрхэн, яаж худалдан авсан, ямар гэрээ, хэлцлээр авсан талаар нотлох баримтыг гаргах асуудал нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.2-д “Энэ хуулийн 6.1-д заасан хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, тэдний мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын нийгмийн даатгалын шимтгэлийн шинээр гаргасан тайлан, нөхөн мэдүүлсэн гаалийн мэдүүлэгт тус тус тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно” гэж зохицуулагдсан тул шүүхэд гаргаж өгөх боломжгүй  байгаа болно. Нэгэнтээ хуулиар ингэж хамгаалагдсан байх тул бид энэ зүйл баримтыг амаар л тайлбарлаж хэлэх боломжтой байгаа юм .

Иймд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э, Э.Э нарын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 250022758 дугаар акт нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдож байгаа тул 250022758 дугаар татварын байцаагчдын акт болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0639 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлж, хангалттай нотлох баримт цуглуулж, түүндээ үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянасан болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн  татварын улсын байцаагч Ж.Эрдэнэбүрэн, Э.Энх-Очир нар нь “Алтан барга” ХХК-ийн 2011-2015 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн /төлөвлөгөөт/ шалгалтыг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хийж 250022758 тоот акт гаргасан байна.

Уг актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн зүгээс “...250022758 тоот актын гянтболдод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан  байх бөгөөд  Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр маргаж байгаа гэж тодруулсан, анхан шатны шүүх зөвхөн тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүнчлэн давж заалдах шатны шүүхэд  “...А” ХХК нь гянтболд олборлох, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, өөрийн эзэмшлийн газраас гянтболд олборлоогүй, ашиглаагүй...”

“А” ХХК нь “гянтболд олборлож, ашиглаагүй тул гянтболд олборлож ашигласны төлбөр төлөх төлбөр төлөгч биш юм.

Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 ... зөвхөн "ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч” этгээдэд хамааралтай зохицуулалт юм.

Шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10-т “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүнд ногдох тухайн улирлын төлбөрийг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор төсөвт төлнө” гэснийг шийдвэрийнхээ үндэслэл болгожээ. Энэ хуулийн зохицуулалт мөн ялгаагүй ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд ашигт малтмал олборлож худалдсан, худалдахаар бусдад ачуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх тухай утга агуулгатай болохыг  тэмдэглэж байна.

"А” ХХК нь экспортоор гаргасан 23.22 тонн гянтболдын хүдэр баяжмалыг олборлоогүй, харин бусдаас худалдаж авсан тухайгаа шүүхэд тайлбарласан боловч “худалдахаар ачуулсан бүх төрлийн бүтээгдэхүүнд ногдох төлбөрийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийн хувиар төлөх үүрэгтэй байна” хэмээн өрөөсгөл байдлаар шийдвэрлэсэн гэсэн үндэслэл зааж, маргаж байна.

“А” ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 124.30 тонн хайлуур жоншны хүдэр, 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 21.00 тонн, мөн оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2.22 тонн нийт 23.22 тонн гянтболдын хүдэр баяжмал экспортолсон болох нь татварын албаны цахим мэдээллийн сангаас авсан баримт, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн архиваас авсан баримт, Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн 11209100814Е30547, 02214100614Е30010, 07214100314Е30005 дугаартай гаалийн экспортын мэдүүлгээр тус тус тогтоогджээ.

Нэхэмжлэгчийн тайлбарлаж буй үндэслэлийн дагуу ойлговол:

Хэрвээ тухайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч жонш олборлох тусгай зөвшөөрөлтэй бол өөр төрлийн, тодруулбал гянтболдыг ашигт малтмалын нөөц ашигласны татваргүй экспортод гаргаж болно, нүүрсний уурхайтай бол өөр төрлийн ашигт малтмал болох алтыг ашигт малтмалын нөөц ашигласны татваргүй экспортод гаргаж болно гэсэн ойлголт гарч ирэхээр байна. 

Шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.10 дахь хэсгүүдийг дээрх агуулгаар ойлгож хэрэглэх боломжгүй гэж үзэв. Учир нь хуулийн дээрх 2 заалт нь татварыг төлүүлэх тухай, үүрэгжүүлсэн агуулга бүхий заалт болохоос ямар нэгэн байдлаар хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх тухай заалт биш.

Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “татварын хууль тогтоомжийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласнаас татвар төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээд татвар төлөгч байна”, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг”, 47 дугаар зүйлийн 47.1-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж заасан байгааг дурдах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашиглалтын талбай дахь ашигт малтмалын нөөц болон уг этгээдийн худалдан борлуулсан, экспортолсон ашигт малтмалын нэр, төрөл өөр байх нь татвар төлөхгүй байх үндэслэл биш юм.

Гагцхүү экспортолсон “А” ХХК болон түүнд гянтболд худалдсан гэх хуулийн этгээдийн аль нэг нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зайлшгүй төлсөн байх ёстой. “А” ХХК нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулсан гэж маргаагүй байна.

Давж заалдах гомдлын 2 дахь үндэслэл нь ...  нэхэмжлэгч “А” ХХК нь маргааны зүйл болж буй 23.22 тонн гянтболдыг өөрсдөө олборлоогүй, бусдаас худалдан авч экспортод гаргасан тухай үйл баримтыг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар ил тодын тайландаа тусгаж тайлагнасан юм. Үүнтэй хариуцагчид маргадаггүй.

Эдийн засгийн ил тод байдлын дэмжих тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 6.1-д заасан хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, тэдний мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн шинээр гаргасан тайлан, нөхөн мэдүүлсэн гаалийн мэдүүлэгт тус тус тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно” гэж зохицуулагдсан тул шүүхэд гаргаж өгөх боломжгүй байгаа болно. Нэгэнтээ хуулиар ингэж хамгаалагдсан байх тул бид энэ үйл баримтыг амаар л тайлбарлаж хэлэх боломжтой байгаа юм” гэжээ.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг мөн зүйлийн 6.1 дэх хэсэгтэй болон бусад зүйл, хэсэг, заалтуудтай харилцан уялдуулан ойлгох ёстой.

Тухайлбал хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг нь мөн зүйлийнхээ 6.1 дэх хэсэгтэй нягт холбоотой байна. Уг хэсэгт “Энэ хуулийн 4.1, 5.1-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно” гэжээ. 6.2 дахь хэсэг нь татвар төлөгчид сөрөг байдлаар, тухайлбал эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулах зорилгоор  ... нотлох баримт болохыг бусад этгээдэд хориглосон агуулгатай байна. 

Түүнээс биш тухайн татвар төлөгч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах үүднээс өөрийн гаргасан, тайлагнасан баримтаа ашиглах нь эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулах гэсэн үндэслэлд хамаарахгүй, өөр бусад этгээдээс нотлох баримт болгон ашиглаж буй хэлбэр ч биш юм.

Түүнчлэн экспортолсон гянтболд нь тогтоогдож байгаа,  гянтболдыг худалдан авсан гэх худалдагч, худалдан авагч аль ч тал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхгүй, хохирол учруулахаар байгаа тул “худалдахаар ачуулсан” “А” ХХК-ийг ашигт малтмал ашигласны төлбөрийг төлөх үүрэгтэй хуулийн этгээд мөн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй  орхиж шийдвэрлэв.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0639 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Н-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР

 

                       ШҮҮГЧ                                                                 Д.БААТАРХҮҮ

 

                       ШҮҮГЧ                                                                 Э.ЗОРИГТБААТАР