Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01863

 

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/01863

 

М.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2023/02432 дугаар шийдвэртэй,

 

            Б.Эгийн нэхэмжлэлтэй,

З, Анд тус тус холбогдох,

 

            Гэм хорын хохиролд 148,076,521 төгрөг, дуудлага худалдааны анхны үнэд төлсөн 35,000,000 төгрөг, нийт 183,076,521 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Зын итгэмжлэгсдэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, хариуцагч Зын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ, хариуцагч Аны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие Зын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 3,565 м.кв газар эзэмших эрхтэй болж, уг газар дээрээ орон сууцны барилга барихаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, инженер хайгуулын ажлыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай “Инженер-хайгуулын ажил гүйцэтгэх аж ахуйн гэрээ”-гээр “Ж” ХХК-аар гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 10,000,000 төгрөг, барилгын зураг төслийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Барилгын зураг төсөв зохиох ажлын гэрээ”-гээр “А” ХХК-аар гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 138,076,521 төгрөг, уг газрын дуудлага худалдааны анхны үнэд 35,000,000 төгрөг тус тус төлсөн.

1.2. Барилгын ажил эхлүүлэхээр төлөвлөж бэлтгэл ажлаа хангаж байх хугацаанд Зын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/683 дугаар захирамжаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлсэн, хэмжээ хуульд заасан хэмжээнээс илүү байхад дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлахгүйгээр газар эзэмшүүлсэн гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмших эрх олгосон Зын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжийн М.Эд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Уг захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 820 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 107 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс дуудлага худалдааны үнэд төлсөн мөнгөө иргэний журмаар буцаан шаардах эрхтэй гэж дүгнэсэн.

1.3. Хариуцагч Зас хууль зөрчиж газар олгосон болохыг шүүхийн журмаар тогтоосон тул инженер хайгуулын ажлын хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөг, барилгын зураг төсөл зохиох ажлын хөлсөнд төлсөн 138,076,521 төгрөгийн хохиролыг нөхөн төлүүлж өгнө үү.

1.4. Мөн газрын дуудлага худалдааны үнэд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Анд төлсөн 35,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч Аны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: М.Эгийн нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч нь өөрт учирсан бодит хохирлоо баримтаар нотолж чадахгүй байгаа учраас нэхэмжлэгчид 153,076,521 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй.

Харин дуудлага худалдааны анхны үнэ болох 35,000,000 төгрөг нь улсын төсөвт орсон учраас буцааж өгөх боломжтой.

 

3. Хариуцагч Зын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнийн татгалзал, тайлбарын агуулга: “А” ХХК-аас ирсэн баримт нь Татварын ерөнхий хуулийн 28.4, 28.5 дахь хэсэгт заасан шаардлага хангахгүй байгаа учраас бодит хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна.

Зын хувьд хууль зөрчсөнөөс үүссэн гэм буруутай үйлдэл байхгүй, мөн нэхэмжлэгчид 148,076,521 төгрөгийг бодит хохирол учирсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг баримтлан Зас 150,000,000 төгрөгийг гаргуулан М.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33,076,521 төгрөг болон Анд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,073,333 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Зас 907,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

5.1. Татварын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/1486 албан бичгээр нэхэмжлэгч “А” ХХК нь борлуулалтын орлогыг татварын цахим төлбөрийн баримтын системд 2019-2023 онд бүртгээгүй, 2019 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй талаар холбогдох тайланг нотлох баримтаар ирүүлсэн. Анхан шатны шүүх Татварын ерөнхий газраас ирүүлсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Нэхэмжлэгчийн “А” ХХК-тай байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаартай “Барилгын зураг төсөв зохиох ажлын гэрээ”-ний 2.2-т “Эскиз хийгдэхэд явцын төлбөрийн 30 хувь болох 34,500,000 төгрөгийг гүйцэтгэгч талд олгоно”, 2.3-т “Талууд комисс эцсийн шатны ажил хүлээлцэх актад гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулснаар ажил 100 хувь бүрэн хүлээлцсэн гэж тооцох бөгөөд нийт төлбөрийн 40 хувь болох 46,000,000 төгрөгийг гүйцэтгэгч талд олгоно" гэж заасан боловч шүүх “А” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 08-20 дугаартай албан бичиг болон орлогын ордероор тогтоогдож байна” гэж нэг талын нотлох баримтыг үндэслэн дүгнэсэн нь үндэслэлгүй.

5.2. Мөн нэхэмжлэгч М.Э нь Нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн газраас баталдаг “Архитектур төлөвлөлтийн даалгавар” гараагүй байхад эскиз зураг, ажлын зураг боловсруулсан ажлын хөлсөнд 115,000,000 төгрөгийг төлсөн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6: Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн зүгээс дуудлага худалдааны анхны үнэ 35,000,000 төгрөгийг буцаан төлөх эсэх асуудлаар маргадаггүй. Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр З олгох ёсгүй газрыг олгосноос болж, уг зардал гарсан учраас захирамжийг хүчингүй болгосон. Тухайн нөхцөл байдалтай холбоотой дуудлага худалдааны анхны үнэ төлсөн төлбөрөө иргэний журмаар шаардах эрхтэй. Мөн татварт ажлын хөлсөө тайлагнаагүй байгаа нь талуудын хооронд зардал гарсан гэдгийг үгүйсгэх нотлох баримт болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч З, Анд тус тус холбогдуулан гэм хорын хохиролд 148,076,521 төгрөг, дуудлага худалдааны анхны үнэд төлсөн 35,000,000 төгрөг, нийт 183,076,521 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч А дуудлага худалдааны анхны үнэд төлсөн 35,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, гэм хорын хохиролд 148,076,251 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 3565 м.кв талбайтай газар эзэмших эрхийг М.Эд олгосон. Түүнд олгосон газар эзэмших эрхийг Зын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/683 дугаар захирамжаар хүчингүй болгожээ. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаар тогтоолоор “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр заагаагүй газрыг нэхэмжлэгч М.Эд эзэмшүүлж, хууль зөрсөн, мөн маргаан бүхий газар нь нийтийн эзэмшлийн зам барихаар төлөвлөсөн газартай давхцаж, нийтийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...” гэх үндэслэлээр Зын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/683 дугаар захирамж хууль зөрчөөгүй гэж дүгнэжээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

4. Зын 2018 оны А/988 дугаар захирамж хүчингүй болсон тул уг захирамжийг хүчинтэй байх хугацаанд нэхэмжлэгч М.Эгээс гаргасан зардал хоорондоо шалтгаант холбоотой гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв бөгөөд уг гэм хор учруулснаас үүсэх үүргийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З хариуцах үндэслэлтэй. 

 

5. М.Э 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Анаас зохион байгуулсан газар эзэмших эрхийн дуудлага худалдааны үнэд төлсөн 35,500,000 төгрөгийг хариуцагч Зас хохиролд тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх  хэсэгт заасантай нийцсэн бөгөөд энэ талаар хариуцагч нар давж заалдах гомдол гаргаагүй байна. 

Нэхэмжлэгч М.Э нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “А” ХХК-тай “Барилгын зураг төсөв зохиох ажлын гэрээ” байгуулсан, “А” ХХК 171 айлын орон сууцны барилгын эскиз гаргаж нэхэмжлэгчид өгсөн, нэхэмжлэгч ажлын хөлсөнд 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 34,500,000 төгрөг, мөн оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 34,500,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сард 46,000,000 төгрөг, нийт 115,000,000 төгрөгийг төлсөн болохыг анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч М.Э нь барилгын зураг төсөл боловруулах ажлын хөлсөнд 115,000,000 төгрөг төлсөн бөгөөд энэ нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар бодит хохиролд хамаарч байна.  

Харин “А” ХХК нь гэрээний дагуу хүлээн авсан төлбөртэй холбоотойгоор холбогдох татварыг зохих хэмжээгээр төлөөгүй гэх байдалд ажил гүйцэтгэх гэрээний хөлс төлсөн иргэнг буруутгах боломжгүй тул “А” ХХК-аас ирсэн баримт хуулийн шаардлага хангаагүй” гэх хариуцагч Зын гаргасан тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

Иймд Зас 115,000,000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулж М.Эд олгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж дүгнэнэ. 

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг 150,500,000 төгрөгийн хэмжээнд хангахаар дүгнэлт хийсэн атлаа 150,000,000 төгрөг гаргуулж 500,000 төгрөгийн тооцооллын алдаа гаргасан байх ба энэ шийдэлд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд хариуцагчийн гомдлоор түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй гэх зарчмыг үндэслэн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

7. Нэхэмжлэгч М.Э Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Ж” ХХК-тай байгуулсан “Инженер-хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ”-ний ажлын хөлсөнд 10,000,000 төгрөгийг, мөн “Барилгын зураг төсөв зохион ажлын гэрээ”-ний дагуу 23,076,521 төгрөгийг төлсөнөө баримтаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. 

 

8. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай зохигчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. 

 

9. Анхан шатны шүүх гэм хор учруулснаас үүсэх үүргийн ерөнхий зохицуулалт болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт оруулсныг буруутгахгүй гэж дүгнэлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2023/02432 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Зын итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Зын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

 

                                         ШҮҮГЧИД                                      Н.БАТЗОРИГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА