Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01900

 

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01900

 

 

Х.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2023/02403 дугаар шийдвэртэй,

 

Х.Эын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00466 дугаар захирамжаар X.Э надаас 190,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

1.2. Энэхүү шийдвэрт заасан барьцаа нь улсын бүртгэлийн - дугаартай, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, - байр зоорийн давхарт байрлах, Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хайхран, хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

1.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь гаргасан шийдвэрээ Х.Э надад мэдэгдэх үүрэгтэй боловч 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/37 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг танилцуулаагүй, анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр явуулсан.

Энэхүү хууль бус ажиллагааг хүчингүй болгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлага болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шат дарааллан гомдол гаргасан боловч гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

1.4. Төлбөр төлөгч би дуудлага худалдаанд оролцох эрхтэй, энэхүү эрхээ эдлэх боломжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хангах үүрэгтэй атал албадан дуудлага худалдаа явуулах талаар мэдэгдээгүй, энэхүү алдаагаа засахгүйгээр дуудлага худалдаа явуулж миний эрхийг хязгаарлалаа.

Иймд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах үүднээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байгаа тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/37 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээр Х.Эаас 190,000,000 төгрөг гаргуулж, “- ББСБ” ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг битүүмжилж, хурааж, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилж, 184,804,762 төгрөгөөр үнэлгээ тогтоолгосон. Үнэлгээ тогтооход хариуцагч тал шинжээчийн гаргасан үнэлгээ зах зээлийн үнэлгээ биш гээд үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол гаргаж, 3 шатны шүүхээр хариуцагчийн талд шийдвэрлэж, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улсын дээд шүүхийн тогтоол гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдсан.

2.3. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд үнэлгээний 70 хувиар оруулах мэдэгдэл гарч, тухайн өдөр баталгаат шуудангаар төлбөр төлөгч Х.Э болон хөрөнгийн өмчлөгч Ч.Ц нарт мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл Х.Э нь мэдэгдэл аваагүй гэх тайлбар гаргадаг. Манай зүгээс мэдэгдэл хүргүүлсэн болохоо нотлохоор “Монгол шуудан” ХК-ийн албан бичгийг хэрэгт баримтаар өгсөн.

2.4. Анхны албадан дуудлага худалдаа явагдаж өнгөрсөн бөгөөд одоо дээрх тогтоолыг хүчингүй болгосон тул 2023 оны 4/37 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь үр дүнгүй юм. Нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Ч.Цний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, - байр зоорийн давхарт байрлах, улсын бүртгэлийн - дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахаар анхны албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбарт “2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дуудлага худалдаа явагдаж өнгөрсөн, одоо дээрх тогтоолыг хүчингүй болгосон, 4/37 тогтоолыг хүчингүй болгосон тогтоолыг хавсаргав” гэсэн. Гэтэл хариуцагчийн хавсарган өгсөн баримт нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/37 тоот тогтоолыг хүчингүй болгосон тогтоол биш, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5/31 дугаар тогтоолоор 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцсон байдаг. Хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүй.

4.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Ч.Цгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулан худалдан борлуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдээгүй.

“Монгол шуудан” ХК-ийн мэдэгдэл гардуулсан гэх баримтад Х.Э гэж бичигдсэн байх боловч нэхэмжлэгч Х.Эын гарын үсэг мөн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн гарын үсэг мөн эсэх нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нь дээрх баримтыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн  4/37 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч анхны албадан дуудлага худалдаа явагдсан бөгөөд уг тогтоолыг хүчингүй болгосон гэж маргажээ.  

 

3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00466 дугаар захирамжаар Х.Э нь  190,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор “- ББСБ” ХХК-д төлж, дээрх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн хэрэг үүсгэсэн, барьцааны зүйл болох Ч.Цгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, - байранд байрлах 299.9 м.кв талбайтай гараашийн зориулалттай агуулахыг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр битүүмжилж, 2021 оны 08 дугаар сарын 11ний өдөр хураан авсан байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/37 дугаар Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор барьцаа хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэ болох 184,804,762 төгрөгийн 70 хувь буюу 129,363,333 төгрөгөөр 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч нь ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

5. Нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/37 дугаар Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолын дагуу Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, - байранд байрлах 299.9 м.кв талбайтай гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахаар явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба энэ тогтоолд заасан 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр албадан дуудлага худалдаа явуулсан талаархи баримтыг хариуцагч байгууллага гаргаж өгөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт зааснаар шүүх шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулж буй ажиллагаа хуульд нийцэж буй эсэхийг тогтоох учиртай бөгөөд хариуцагч байгууллагын дээр дурдсан ажиллагаа баримтаар бэхжигдсэн байх ёстойг анхан шатны шүүх анхаараагүй байна.  Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан эсэхийг талуудын тайлбараар тогтоох боломжгүй.  

 

6. Хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2023/02403 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      Т.БАДРАХ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА