| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2022/02591/И |
| Дугаар | 210/МА2023/01949 |
| Огноо | 2023-11-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2023/01949
| 2023 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 210/МА2023/01949 |
Х.Лийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/03202 дугаар шийдвэртэй,
Х.Лийн нэхэмжлэлтэй,
Ш.Гт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 63,690,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Л, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагч Ш.Г, гуравдагч этгээд Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Хариуцагч Ш.Гтэй 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 дугаар байр, - орон сууцыг барьцаалсан. Зээл, хүүгийн хамт сар бүр 2,000,000 төгрөгийг миний эзэмшлийн, Хаан банк дахь дансанд шилжүүлэхээр тохирсон. Гэрээгээр заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон төлөх нөхцөл тохирсон, гэрээг нотариатаар батлуулсан.
1.2. Ш.Гийн бусдаас зээлсэн зээл, зээлийн хүү, алдлаги нийт 16,000,000 төгрөгийг төлж барьцааны орон сууцыг чөлөөлүүлж, түүний дансанд 14,000,000 төгрөг шилжүүлсэн.
Г.Сгээс Х.Лтой байгуулсан зээлийн гэрээний 20,000,000 төгрөгийг Ш.Г төлнө гэж сайн дураараа 50,000,000 төгрөгийн гэрээнд гарын үсэг зурсан.
1.3. Иймд хариуцагч Ш.Гээс зээл 50,000,000 төгрөг, хүү 9,000,000 төгрөг, алданги 4,690,000 төгрөг, нийт 63,690,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 дугаар байр, - орон сууцаар хангуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр намайг ажил дээрээ согтуу байхад Х.Л, Г.С хоёр ирээд чирэх шахам авч яваад баахан бичиг баримтад гарын үсэг зуруулсан. Би юун дээр гарын үсэг зураад байгаагаа ерөөсөө мэдээгүй. Энэ хоёр л мэдэж байсан.
2.2. Анх Н.ГХаас надад итгэмжлэлийг байрандаа засвар хийх зорилгоор банкнаас зээл авахад хийж өгсөн. Тухайн үед би ажилтай байсан болохоор надад зээл гарах боломж байсан. н.Бөд байрыг барьцаалсан талаар Н.ГХ мэдэхгүй.
2.3. Х.Л 50,000,000 төгрөг хүлээж авлаа гэж хэлж бичүүлээд гарын үсэг зуруулсан болохоос би бэлнээр нэг ч төгрөг аваагүй.
2.4. Харин 14,000,000 төгрөг миний данс руу шилжүүлээд, тэр дороо Г.Сгийн төлөх 20,000,000 төгрөгийн хүү гэж 1,000,000 төгрөгийг Х.Л авсан. 13,000,000 төгрөгийг Г.С өөрийн данс руугаа шилжүүлж авсан. Х.Л машин дотор өөрөө хэлж надаар “36,000,000 төгрөг бэлнээр хүлээж авсан” гэж бичүүлсэн болохоос гар дээрээ би ямар ч мөнгө аваагүй.
3. Гуравдагч этгээд Г.Сгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Би Х.Лоос 20,000,000 төгрөг зээлж, хүүг төлж байсан. Гэтэл намайг жирэмсэн байхад гэрт ирж “зээлээ төл” гэж дарамталж эхэлсэн. Би аавынхаа байрыг барьцаанд тавих гэхээр аав зөвшөөрөхгүй тул аавын утас холбогддоггүйг далимдуулан хэлэлгүй ээжид очоод согтуу байхад нь аав байраа барьцаанд тавь гэсэн гэж хэлээд Х.Л бид хоёр ээжийг дагуулаад нотариат орсон. Энэ 50,000,000 төгрөгийн 20,000,000 төгрөг нь миний өмнө нь авсан зээл, 16,000,000 төгрөг нь н.Бөд тавьсан зээлээ чөлөөлүүлсэн. Үлдэх 14,000,000 төгрөгийг ээжийн данс руу шилжүүлсэн. Түүнээсээ миний 20,000,000 төгрөгийн хүүнд төлөх 1,000,000 төгрөгийг Х.Л аваад, үлдэх 13,000,000 төгрөгийг нь би авсан. Миний зээлсэн мөнгийг надаас нэхэхгүй, яагаад ээжээс нэхээд байгаа юм мэдэхгүй.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Гээс 37,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Лид олгож, үлдэх 26,490,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Г шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Сонгинохайрхан дүүрэг 15 дугаар хороо 1 дүгээр хороолол 23 дугаар байр - 30 мкв талбайтай 2 өрөө орон сууцны үнээс хангаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 546,600 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ш.Гээс 414,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Лид олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
5.1. Х.Л би Ш.Гтэй 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатайгаар 4 хувийн хүүтэй, хүүгийн төлбөрт 2,000,000 төгрөгийг сар бүрийн 04-ний дотор Х.Л миний, “Хаан банк” дахь - тоот дансанд шилжүүлэх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон төлөх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан.
5.2. Зээлийн гэрээг байгуулахдаа Ш.Г нь өөрийн төрсөн охин Г.Сгийн өмнө нь надаас зээлж авсан 20,000,000 төгрөгийг өөрөө хариуцан төлөхөөр тохиролцсоны үндсэн дээр баталгаа бичиж, зээлийн гэрээ байгуулсан. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр н.Б гэгчээс Сонгинохайрхан дүүргийн, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, -, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалан зээлж авсан 15,000,000 төгрөг, зээлийн хүү 800,000 төгрөг, алданги 200,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр надаар төлүүлж үүргийг дуусгавар болгон байрыг чөлөөлүүлсэн. Улмаар Ш.Г нь барьцаанаас чөлөөлүүлсэн уг орон сууцаа барьцаалан надаас нэмж 14,000,000 төгрөг зээлж, үүн дээрээ өөрийн төрсөн охин Г.Сгийн зээлж авсан 20,000,000 төгрөгийн үүргийг өөрөө хариуцан төлнө гэж хүлээн зөвшөөрч сайн дурын үндсэн дээр 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байхад анхан шатны шүүх Г.С хүүнд 1,000,000 төгрөг төлсөн тул Ш.Гээс 20,000,000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Ш.Г Г.Сгийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж өгсөн, талууд хүсэл зоригоо анхнаасаа чөлөөтэй илэрхийлсэн тул тэрээр зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0020 дугаартай зээлийн гэрээний дагуу 63,690,000 төгрөг гаргуулах байхад шүүх Г.Сгийн зээлсэн 20,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрх үүсэхгүй гэж дүгнэж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 26,490,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
5.3. Ш.Г нь шүүхэд “... би бэлнээр нэг ч төгрөг аваагүй ..." гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Ш.Г “өөрийн охин Г.Сгийн өмнө нь зээлсэн 20,000,000 төгрөгийн үүргийг би хүлээнэ, н.Бөд барьцаалсан байрыг хүү, алдангийн хамт 16,000,000 төгрөг төлөөд барьцааны гэрээг дуусгавар болгоод өг, би энэ байраа чөлөөлүүлээд дахин өөрт чинь барьцаалж 14,000,000 төгрөг зээлж авъя, мөн Г.Сгийн өмнө авсан 20,000,000 төгрөгийн үүргийг би хариуцан барьцаа хөрөнгөөрө төлье, нийт 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулья” гэсэн санал гаргаж зээлийн гэрээг байгуулсан байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
5.4. Зээлийн гэрээний 3.6-д заасны дагуу хүүг тооцохдоо анхан шатны шүүх алдаатай тоцоолсон байна.
Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийвэрлүүлхээр буцааж өгнө үү.
6. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбар: Би Х.Лтой ямар нэгэн байдлаар гэрээ хийгээгүй. Манай охин Г.С болон Х.Лийн хооронд болсон асуудал. Нотариатаар орж баталгаа бичгийг надаар хүчээр бичүүлсэн. н.Бөөс Г.С бид хоёр хамтарч зээлж авсан, 50,000,000 төгрөгөөс би нэг ч төгрөг аваагүй.
7. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбар: Тухайн үед намайг жирэмсэн байхад Х.Л манай гэрт дайрч орж ирээд намайг цохиж, зодоод байхаар нь айсандаа аавынхаа байрыг аавд хэлэлгүйгээр барьцаанд тавьсан. Аав энэ талаар мэдээд анхан шатны шүүх хуралдаанд оролцоно гэхэд нь оролцуулаагүй. Нэхэмжлэгч Х.Лийн давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй байна
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Х.Л нь хариуцагч Ш.Гт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 63,690,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Х.Л, Ш.Г нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр зээлдүүлэгч Х.Л нь 50,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Ш.Г зээлийг сарын 4 хувийн хүүтэй эргүүлэн төлөх үүргийг тус тус хүлээж, талууд гарын үсэг зурсан байна.
4. Талууд зээлийн гэрээний хэмжээг 50,000,000 төгрөг гэж тодорхойлсон боловч тэдгээрийн хооронд 30,000,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээ байгуулагдсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчимд нийцжээ.
4.1. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Үүрэг дуусгавар болсон тухай гэрээг нэг талаас Б.Б нөгөө талаас Ш.Г, Г.С нар байгуулсан байх ба уг гэрээнд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг хугацаанаас өмнө үүрэг гүйцэтгүүлэгч Б.Б хүлээж авсан тул 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг дуусгавар болгож, барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 1дүгээр хороолол 23 дугаар байр - орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн байна. Энэ гэрээний үүрэг гүйцэтгэгч талд Ш.Г оролцож гарын үсэг зурсан, үүрэг дуусгавар болсон гэрээнд дурдагдсан зээлийн гэрээний үүрэг болох 16,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Лоор төлүүлсэн нь түүний эзэмшлийн, “Хаан банк” ХХК дахь - данснаас 5014309267 тоот данс руу 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “С, Г зээл чөлөөлөв” гэх утгаар 15,000,000 төгрөг, “С, Г хүү” гэх утгаар 800,000 төгрөг, “С, Г алданги” гэх утгаар 200,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдал болон гуравдагч этгээд Г.Сгээс гаргасан тайлбарт “Х.Лоор 16,000,000 төгрөгийг чөлөөлүүлээд ...” гэж дурдагдсан байдлаар тус тус тогтоогдож байна. Түүнээс гадна Ш.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан Үүрэг дуусгавар болсон тухай гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
4.2. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Х.Л өөрийн эзэмшлийн, “Хаан банк” ХХК дахь - данснаас 14,000,000 төгрөгийг Ш.Гийн эзэмшлийн - тоот данс руу шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
4.3. Ш.Г нь өөрийн дансаар хүлээж авсан 14,000,000 төгрөгөөс мөн өдөр Х.Лид 1,000,000 төгрөгийг төлөхдөө зориулалтыг Г.Сгээс Х.Лид төлөх зээлийн хүү гэж тодорхойлсныг үндэслэн анхан шатны шүүх мөнгөн хөрөнгийн эзэмшигч өөрийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийн хүрээнд хийгдсэн үйлдэл гэж дүгнэж зээлийн мөнгөн хөрөнгөөс хасч тооцоогүйг буруутгах боломжгүй байна.
4.4. Ш.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “14,000,000 төгрөгийг дансаар, 36,000,000 төгрөгийг бэлнээр авсан” талаар баримт үйлдэж Х.Лид олгосон боловч Х.Лоос гаргаж өгсөн CD-д хийсэн бичлэгийг шүүх үзлэг хийж үйлдсэн тэмдэглэлд уг баримтыг Ш.Г бичиж буй байдал тогтоогдож байх боловч бодитоор 36,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх байдал нотлогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. Шүүхийн энэ дүгнэлтийн талаар зохигчийн хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй.
4.5. Уг зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө Х.Л нь Г.Сд 20,000,000 төгрөг зээлдүүлсэн байх тул уг зээлийн гэрээний үүргийг Ш.Г гүйцэтгэх үүрэггүй юм.
4.6. Иймд Х.Л нь зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг Ш.Гт шилжүүлсэн тул тэдгээрийн хооронд байгуулагдсан зээлийн нийт хэмжээг уг мөнгөн дүнгээр тодорхойлсон нь зөв болжээ.
5. Зээлийн гэрээний 3.3, 3.6 дахь хэсэгт зааснаар зээлийн хүүгийн хэмжээг сарын 4 хувь гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасан хэлцлийг бичгээр байгуулах шаардлагыг хангажээ.
6. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дуусах бөгөөд гэрээний 3.6 дахь хэсэгт зааснаар сар бүрийн хүүгийн төлбөрийг тухайн сарын 4-ний дотор төлөх үүргийг зээлдэгч Ш.Г зөрчсөнтэй холбоотойгоор зээлдүүлэгч Х.Л нь зээлийн гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн нь зөв боловч ийнхүү дүгнэлт хийхдээ хуульд заасан үндэслэлийг дурдаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Зээлийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор үүрэг гүйцэтгүүлэгч нь урт хугацааны гэрээг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар цуцлах эрхээ хэрэгжүүлэх бөгөөд Х.Л нь шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар уг эрхээ хэрэгжүүлжээ.
Зээлдэгч Ш.Г нь гэрээний 3.6 дахь хэсэгт зааснаар зээлийн хүүг 2 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сар бүр төлөх байсан боловч эхний 4 удаагийн төлөлтийг хийгээгүйг гэрээний хугацаа 6 сар байгаатай харьцуулвал Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасан ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон гэж дүгнэхээр байх тул зээлдүүлэгч нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах үйлдэл хийх шаардлагагүй гэж дүгнэлээ. Харин Х.Л нь Ш.Гт гэж хаягласан мэдэгдэлийг хүргүүлсэн байдлаа нотлоогүй тохиолдолд уг мэдэгдлээр үүрэг гүйцэтгэж зөрчлөө арилгахыг урьдчилан сануулсан гэж дүгнэх боломжгүй байна.
6.1.Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Лийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүүг 6 сараар тооцож 7,200,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэнд хариуцагч Ш.Г давж заалдах гомдол гаргаагүй тул нэхэмжлэгчийн гаргасан өөрийнх нь гомдлоор эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байх зарчмыг баримтлах нь зүйтэй.
6.2. Дээрх үндэслэлээр зээлийн гэрээг 50,000,000 төгрөгийн хэмжээнд байгуулсан гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
7. Талууд гэрээний 3.7 дахь хэсэгт алдангийн талаар тохиролцсон боловч зээлийн гэрээг хугацаанаас өмнө зээлдүүлэгч тал цуцалсан гэх үндэслэлээр анхан шатны шүүх алдангийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.
8. Х.Л, Ш.Г нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр барьцааны гэрээ байгуулагдаж, Н.ГХийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 дугаар байрны -, орон сууцны зориулалттай, 30 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг барьцаалсан, Н.ГХаас 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр олгогдсон итгэмжлэлийг Ш.Г нь барьцааны гэрээнд түүнийг төлөөлж гарын үсэг зурсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр тул уг барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдах агуулгыг тусгаагүй, шийдвэр гүйцэтгэх байгууллагыг заагаагүй алдааг залруулах боломжтой гэж дүгнэлээ.
9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 2 дахь заалтад найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/03202 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Г шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны зүйл болох Н.ГХийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 дугаар байрны -, орон сууцны зориулалттай, 30 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Лоос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 476,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Э.ЗОЛЗАЯА