Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 182/2016/01522/И |
Дугаар | 001/ХТ2017/00889 |
Огноо | 2017-06-27 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2017/00889
С.Баянхангайн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00563 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1158 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч С.Баянхангайн нэхэмжлэлтэй
Хариуцагч “Тээвэр хөгжлийн банк” ХХК-д холбогдох,
Нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч М.Отгонбаярын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүү, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч нь 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллах болсон. С.Баянхангай Тээвэр хөгжлийн банкинд ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлага болон сахилгын шийтгэл авч байгаагүй. Тээвэр хөгжлийн банкны хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан эрх үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэтгэж ажиллаж байсан.
С.Баянхангайг ажилд авахдаа орон сууцны зээлийн асуудлыг шийдвэрлэх, унах машины нөхцөл боломжоор хангах, өмнө ажиллаж байсан байгууллагад авч байсан цалингийн хэмжээнээс дордуулахгүйгээр цалин, хөлс олгох зэрэг боломжийг амлаж байсан. Хэрвээ ажил олгогчийн санаачлагаар С.Баянхангайг ямар нэгэн үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд 1 сарын өмнө мэдэгдэх, мөн үүний дараа 1 жилийн хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох талаар талууд тохиролцсон.
2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.3 дахь хэсэгт ажилтан болон ажил олгогчийн санаачилгаар эсхүл хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөн, ТУЗ шинэчлэн байгуулагдсан гэх зэрэг ямар нэгэн шалтгаанаар ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд 1 жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор талууд хатуу тохиролцсон. Мөн уг гэрээнд төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байдаг. “Тээвэр хөгжлийн банк” ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 9 дүгээр сарын 25-ны 02 тоот тогтоолоор гүйцэтгэх захирал С.Баянхангайг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэдэг үндэслэлээр С.Баянхангайг ажлаас чөлөөлсөн. Уг үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд тэтгэмж олгох талаар гэрээний 10.3 дахь хэсэгт заасан бөгөөд үүнд тус гэрээг 10-р зүйлийн 10.1-10.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болгож байгаа тохиолдолд гүйцэтгэх захиралд 1 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг ажил олгогчоос 1 сарын хугацаанд олгоно гэж заасан. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон уг тэтгэмжийг олгох талаар Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан н.Энхтайван гэдэг хүнд бичгээр хандаж өргөдөл гаргасан байдаг.
Уг хүсэлтийг хүлээж авсан боловч хариу өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. С.Баянхангай нь Тээвэр хөгжлийн банкинд ажиллах хугацаанд анх 10 000 000 төгрөгийн цалин авч байсан бол сүүлд өөрчлөлт оруулж 5 000 000 төгрөгийн цалин авдаг болсон. Тиймээс сүүлд авч байсан цалин болох 5 000 000 төгрөгөөр тооцож нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнийг 1 жилийн хугацаагаар тооцож 60 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
С.Баянхангай нь “Тээвэр хөгжлийн банк” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг. Ажил үүргийн төлөвлөгөө, зорилгыг батлуулж, хөлслөгдөн ажиллаж байсан. Ямар байгууллагад ажиллаж байгаа гэдэг онцлогоос хамаарч “Тээвэр хөгжлийн банк” ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулж, хөгжлүүлнэ гэсэн амлалтыг өгсөн байдаг.
Гэтэл Монголбанкнаас тавьсан шаардлагыг хангаж ажиллаж чадаагүй байдаг. Өнөөдөр нэхэмжлэгч С.Баянхангай уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй боловч ёс суртахууны хувьд гаргах эрхгүй байсан. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнд тухайн үед С.Баянхангайг урьж ажиллуулсан хөрөнгө оруулагч нар амлалт өгч, хэрвээ хөдөлмөрийн гэрээ дуусгавар болвол 1 жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 60 000 000 төгрөгийг олгох талаар тохиролцоо хийсэн нь үнэн.
Нэхэмжлэгч тал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа С.Баянхангай нь Тээвэр хөгжлийн банктай удаа дараа уулзаж, тохиролцох талаар уулзаж байсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч үнэн байдалтай нийцэхгүй байна. Учир нь банкны зүгээс уулзах талаар удаа дараа хүсэлт тавьж байсан боловч нэхэмжлэгч өөрөө ирдэггүй байсан. Татварын тухай хууль болон нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу цалин хөлснөөс суутгах шимтгэлд тодорхой хэмжээний мөнгийг суутгадаг.
Тийм учраас 60 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. С.Баянхангай нь энэ талаар ямар хүнтэй тохиролцсон, тэр хүнээсээ уг мөнгийг авах нь зүйтэй гэж бодож, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00563 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д заасныг баримтлан хариуцагч “Тээвэр хөгжлийн банк” ХХК-иас 60 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Баянхангайд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 457 950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1158 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00563 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байсан С.Баянхангай нь банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаартай “Гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлөх тухай” тогтоолын дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, тус банкны шинээр томилогдсон гүйцэтгэх захирлыг томилон ажиллуулахад татгалзах зүйлгүй болохыг Монголбанкны Ерөнхийлөгч 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А-1/33 дугаартай тоотоор Тээвэр хөгжлийн банкинд мэдэгдсэн.
Гэвч С.Баянхангайн нэхэмжлэлтэй хэргийг анхан шатны шүүхэд хянан хэлэлцэх үед Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас тус банкны улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлтийг оруулаагүй, улсын бүртгэлд өөрчлөгдсөн мэдээллийг бүртгүүлэх ажиллагаа бүрэн дуусаагүй, бүртгэлийн ажиллагаа явагдаж байсан, өөрөөр хэлбэл Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирал нь С.Баянхангай гэсэн бичилт Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр хүчинтэй, хэвээр байсан бөгөөд энэ нотлох баримтыг хариуцагч талаас шүүхэд гаргаж өгч, холбогдох хүсэлтийг гаргасан нь хэрэгт авагдсан байгаа болно.
Ийнхүү улсын бүртгэлд банкны гүйцэтгэх захирлын албан ёсны өөрчлөлтийг бүртгүүлж, баталгаажуулснаар төлөөлөгчийн бүрэн эрх нь хуульд заасан нөхцөл шаардлага хангаж, тус банкны эрх зүйн байдал нь хуулийн шаардлагатай бүрэн нийцэх байсан боловч анхан шатны шүүхийн 00563 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 1158 дугаартай магадлалд хуулийн зохицуулалтыг зөрчиж, гарсан юм.
Нэхэмжлэгч С.Баянхангай нь захирлаар ажиллах гэрээний дагуу хүлээсэн ажил үүргээ маш хангалтгүй биелүүлсэн бөгөөд арилжааны банк, түүний удирдлагын үйл ажиллагаанд хуулийн дагуу хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгдөг цорын ганц байгууллага болох Монголбанкнаас удаа дараа шалгаж, Тээвэр хөгжлийн банкны нийт үйл ажиллагаа нь хангалтгүй, онцгой дэглэм тогтоох, албадан татан буулгах нөхцөл бүрдсэн хэмээн үнэлгээ өгч, Банкны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д зааснаар албан бичгээр сануулга анхааруулга өгч байсан, өөрөөр хэлбэл С.Баянхангайг гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед үнэлэлт, дүгнэлт өгсөн албан ёсны үнэлгээ болно.
Гэвч эдгээр бичгэн нотлох баримт, нөхцөл байдлыг шүүх зохих ёсоор судлан нягтлан үзэж, үнэлж дүгнээгүй, хуульд нийцсэн бодитой шийдвэр гаргаагүй, хууль зөрчсөн шийдвэрүүд болсон тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын шатны шүүхэд хариуцагч тал гомдол гаргасан боловч зохигчид шүүх хуралдаанаас өмнө харилцан тохиролцож, маргааны зүйлийн талаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Энэхүү эвлэрлийн гэрээгээр талууд дараахь байдлаар харилцан тохиролцсон байна.
Нэг тапаас Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жуулчдын гудамж, Тээвэр хөгжлийн банк /цаашид “Хариуцагч” гэх/,
нөгөө талаас ХУД-ийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 24Б-р байр 606 тоот хаягт оршин суугч С.Баянхангай /цаашид “Нэхэмжлэгч” гэх, хамтад нь \“талууд” гэх/ бид нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг эвлэрлийн журмаар шийдвэрлэхээр харилцан тохиролцож, энэхүү Эвлэрлийн гэрээг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулав.
1.1. Энэхүү гэрээний зорилго нь нэхэмжлэгч болон хариуцагч талын хооронд 2013 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу ажлаас халагдсаны тэтгэмж болох нийт 60 000 000 төгрөгийн шаардлагыг нэхэмжлэгчийн зүгээс багасган, 42 410 964.81 төгрөг болгон, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 00563 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1158 дугаартай магадлалыг энэ эвлэрлийн гэрээгээр тохиролцсон дүнгээр талууд хүлээн зөвшөөрч биелүүлэх, талуудын эвлэрснийг баталж, талуудын хооронд үүссэн тооцоог харилцан тохиролцон хааж дуусгавар болгох асуудлыг шийдвэрлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэхүү гэрээнд нэхэмжлэгч болон хариуцагч талууд тэгш эрхтэй оролцсон бөгөөд талууд гэрээний бүх зүйл заалттай танилцаж, түүнийг сайн дураар хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн болно.
Хоёр. Талуудын эрх, үүрэг
2.1. Нэхэмжлэгч нь ажлаас халагдсаны тэтгэмж нийт 60 000 000 төгрөгийн шаардлагыг багасган 42 410 964.81 төгрөг болгон, нэхэмжлэгч нь энэ мөнгийг хариуцагчаас бэлнээр авахгүйгээр, талуудын хоорондын тооцоог хааж, зохих тооцооллыг хийхийг хариуцагч Тээвэр хөгжлийн банкинд зөвшөөрч байна.
2.2. Хариуцагч нь нэхэмжлэгчийн зүгээс багасгасан нэхэмжлэлийн шаардлага болох 42 410 964.81 төгрөгөөр тооцон, талуудын хоорондын тооцоог хааж, зохих тооцооллыг хийхийг зөвшөөрч байна.
2.3. Талууд нь хоорондын тооцооллын баримтыг жич үйлдэн баталгаажуулан, тооцоог хааж дуусгавар болгох болно.
Гурав. Баталгаа
3.1. Бүрэн эрх. Энэхүү гэрээнд гарын үсэг зурсан өдрийн байдлаар талууд нь энэхүү гэрээг байгуулах болон Гэрээний нөхцлүүдийг биелүүлэхдээ хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагын шаардлагатай бүх зөвшөөрлийг авсан, бүрэн эрх бүхий болно.
3.2. Үнэн зөв мэдэгдэл. Энэхүү гэрээний дагуу талуудаас гаргаж өгсөн, нэмж гаргаж өгөх бүх баримт бичиг болон мэдээлэл, баталгаа нь бүгд үнэн зөв бөгөөд ямар нэгэн нөхцөл байдлын тухай худал мэдээлээгүй, гэрээ үнэн зөв болоход зайлшгүй шаардлагатай аливаа чухал нөхцөл байдлыг орхигдуулаагүй болно.
3.3. Энэхүү гэрээг байгуулж, хоорондын тооцоог тохиролцон хааснаар талууд цаашид харилцан бие биенээс шаардах, нэхэмжлэх зүйл байхгүй болно.
Дөрөв. Бусад зүйл
4.1. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж, гэрээний тал тус бүрд хадгалуулсан хувь, мөн шүүхэд хүргүүлсэн хувь нь адил хуулийн хүчин төгөлдөр байна.
Зохигчид дээрх эвлэрлийн гэрээг байгуулахдаа хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн, бусдын эрх, эрх чөлөөг зөрчөөгүй, эвлэрлийн гэрээний эрх зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд мэдэгдсэн тул эвлэрлийг батлах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4., 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00563 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1158 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Баянхангайн болон хариуцагч “Тээвэр хөгжлийн банк” ХХК-ийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 172 дугаар зүйлийн 172.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457 950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН