Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 203/МА2023/00043

 

******* өгөөж ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 144/ШШ2023/00114 дугаар шийдвэртэй,

******* өгөөж ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Өмнөговь аймгийн ******* дарга, ******* даргын ******* газар-т хариуцагдах,

 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 945 030 060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Өмнөговь аймгийн ******* дарга нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/05 дугаар захирамжаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг-ийн барилгыг шинээр барих ажлыг манай компанитай гэрээ байгуулан гүйцэтгэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн ******* даргын ******* газартай ӨМ2016/48 тоот гэрээг байгуулж, ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл гүйцэтгэхээр тохиролцсон байсан. Гэтэл уг гэрээг баталж аймгийн ******* дарга Н.******* гарын үсэг зураагүйгээс гэрээнд заасан хугацаанд ажил эхлээгүй.

Гэрээнд гарын үсэг зурж батлахгүй байгааг хууль зөрчсөн эс үйлдэхүй гэж манай компани маргаан үүсгэж Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр давах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 253 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж эцсийн шийдвэр гаргасан. Дээд шүүх ******* даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/05 дугаар захирамжаар гэрээ байгуулахыг нэгэнт зөвшөөрсөн атлаа гэрээг баталж гарын үсэг зурахгүйгээр өөрийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүйгээр үгүйсгэж байгааг хууль бус эс үйлдэхүй гэж үзэх бөгөөд үүний улмаас тендерт ялагч болсон нэхэмжлэгч ******* өгөөж ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж тогтоолдоо бичсэн.

Ийм шийдвэр гарсаар байхад Өмнөговь аймгийн ******* дарга шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул дахин шүүхэд манай компани хандаж Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 120/Ш32017/0083 тоот шүүгчийн захирамж гаргуулж, шийдвэр гүйцэтгүүлэх журмаар 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан.

******* даргын хууль бус эс үйлдэхүйн улмаас 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр эхлэх байсан ажил 2017 оны 08 дугаар сарын 05-нд нээлтээ хийж эхэлсэн. Энэхүү ажлын санхүүжилтийг ******* оюу Хөгжлийг дэмжих сангаас гэрээнд заасан хэмжээгээр гаргасан. Харин гэрээгээр тохиролцсон ажлыг хугацаанд нь эхлүүлээгүйгээс болж тендерт оролцох үеийн барилгын материалын үнэ ажил гүйцэтгэж эхлэх үед огцом өсөж манай компани зөвхөн материалын болон машин механизмын зардалд 945 030 060 төгрөгийн хохирол хүлээсэн. Энэ хохирлыг Өмнөговь аймгийн ******* дарга нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах үүргийн дагуу гаргасан А/05 захирамжаа үндэслэлгүйгээр үгүйсгэж мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Худалдан авах ажиллагаанд..., хариуцлагатай байх зарчмыг баримтална гэснийг зөрчсөн хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол гэж үзэж байна. Ажил гүйцэтгэх хугацааны явцын хяналтыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар ӨМ2016/48 гэрээний 11-д заасны дагуу хийж ирсэн тул үнийн өсөлт бий болсон талаар захиалагч тал мэдэж байсан. Энэ талаар манай компани ч мэдэгдэж байсан. Харин орон нутгийн хөгжил, сургууль цэцэрлэгт суралцах хүүхдийн эрх ашгийг бодож барилгын ажлыг гэрээнд заасан үндсэн 10 сарын хугацаанд дуусгахаар аль аль талаасаа эрмэлзсэн.

Захиалагч нь хугацааны алдагдал, үнийн өсөлт, ханшийн зөрүү зэргээс болж үүссэн хохирлыг арилгана гэдгээ мэдэгдэж ажлыг гүйцэтгүүлж, хүлээн авсан. Тохиролцсон ёсоор алдагдлын төсвийг гаргаж Комиссын дарга, ******* газрын дарга, ******* дарга нарт хүсэлт өгсөн боловч нэг ч хариу ирээгүй байна. Мөн ******* даргад энэ байдлаа 2019 оны 4 дүгээр сард дахин танилцуулсан боловч нааштай хариу сонсоогүй.

Иймд Өмнөговь аймгийн ******* дарга, Өмнөговь аймгийн ******* даргын тамгын газраар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн эс үйлдэхүйн улмаас учирсан хохиролд 945 030 060 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

... Аймгийн ******* даргын ******* газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн а/119 дүгээр тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо нь Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулж, оролцогчоос ирүүлсэн тендерийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нээсэн. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааны явцад тендерт оролцогч нараас Сангийн яам, Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаснаар тендер шалгаруулах хугацаа удааширч улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д заасан Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна гэсэн хугацаа дуусгавар болоход хүрч, улмаар хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасан Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно" гэснээр тендерийн хүчинтэй байх хугацааг сунгаж ажилласан.

Тухайн тендер шалгаруулалтад оролцогч нар удаа дараалан гомдол гаргаснаар тендерт ялагч байгууллагатай гэрээ байгуулах ажил удааширч аймгийн ******* даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар захирамжаар нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх тухай шийдвэр гарч, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэрээний төсөл баталгаажуулах болсон. Харин энэ үед хуульд заасан тендерийн хүчинтэй байх хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөр дуусгавар болсон байсан тул дээрх үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээг баталгаажуулахаас татгалзсан юм.

Энэ талаар Товийн өгөөж ХХК нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган маргаан үүсгэж, хяналтын шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 253 дугаар тогтоолоор хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, уг шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг баталгаажуулсан.

******* өгөөж" ХХК-ийн нэхэмжлэлд тендерт оролцох үеийн барилгын материалын үнэ ажил гүйцэтгэж эхлэх үед огцом өсөж, материалын болон машин механизмын зардалд 945 030 060 төгрөгийн хохирол хүлээсэн талаар дурдсан ч барилгын материалын үнэ хэрхэн өссөн талаар баримтыг гаргаагүй байна.

Нэхэмжлэгч компани нь маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлэх үед тендер, түүнчлэн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй байтал гэрээнд үнийн тохируулга хийж болохгүй гэсэн заалт бүхий гэрээг хүлээн зөвшөөрч гэрээт ажлыг гүйцэтгэсний дараа хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.1, 345.2 дахь хэсэгт зааснаар ******* өгөөж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн ******* дарга, ******* даргын тамгын газраас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн эс үйлдэхүйн хохиролд 945030060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,880,101 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.******* давж заалдах гомдолдоо:

....Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ:

1. Хууль буруу хэрэглэсэн

2. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль"-ийн 116-р зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг баримтлаагүй шийдвэр гаргасан гэж өмгөөлөгч миний бие үзсэн болно.

-Шүүгч шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгтээ Иргэний хууль-ийн 498-р зүйлийн 498.2 дахь хэсгийг дурдсан байна. Эрүүгийн хууль"-д гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай байх" зарчмыг хуульчилжээ. Хэрэв гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон бол Иргэний хууль-д заасан гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл бий болно. ******* өгөөж" XXK нь гэм хор учруулснаас гарсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй.

-Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ" хэсэгтээ Иргэний хууль"-ийн 345-р зүйлийн 345.2 дахь хэсгийг баримтлан ******* өгөөж" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв гэжээ". Энэ заалтад: Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэнэ энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэсэн. Гэтэл нэхэмжлэгч төсөв нэмэгдүүлэх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй юм.

Харин өмгөөлөгч миний хэлэх гэсэн санаа бол Иргэний хууль-ийн 223 дугаар зүйлтэй холбогдох юмаа. Энэ зүйлийн 2-т: Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ." гэжээ. Хавтаст хэргийн 163-р хуудсанд авагдсан ...барилгыг шинээр барих ажлын гэрээ-д Өмнөговь аймгийн ******* дарга гарын үсэг зураагүйгээс тухай барилгын эхлэх хугацаа, ашиглалтад өгөх хугацаа бүгд хойшлогдсон байдаг. Хойшлогдсон хугацаанд ******* өгөөж ХХК нь анх төсөвлөснөөс илүү материалын зардлыг гаргаж, хохирол хүлээсэн учраас энэ хохирлоо нэхэмжилсэн.

Иймд хэргийг хянан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг хэрэг 4 жил гаруй хугацаанд 7 удаа шүүхээр хэлэлцүүлэхээр гомдол гаргаж байна. Хяналтын шатны шүүхээс нотлох баримт дутуу гэх үндэслэлээр анхан шатны шүүхэд буцаасан. Гэвч анхан шатны шүүх нотлох баримтуудыг авч хэлэлцэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхэд нэг бүрчлэн нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Уг хэргийн хүрээнд манай компани их хэмжээний хохирол амссан. ******* дарга асан Н.*******ыг шүүхэд олон удаа гэрчээр дуудуулсан боловч ирээгүй. Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй. Талуудын хоорондох маргаан, нэхэмжлэлийн гол шаардлагыг чухалчлан авч хэлэлцээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэх заалтаар учруулсан хохирлоо нэхэмжлээд байгаа юм уу? Гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэгт маргаад байгаа юм уу? Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чадаагүй. Мөн Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл бид төсөв нэмсэн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Нэхэмжлэлдээ удаа дараа үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг нэхэмжилж байна гэж бичсэн. Үүнийг шүүх анзаараагүй өнгөрөөсөн. Мөн ******* дарга гарын үсэг зураагүйн улмаас тухайн компани 7 сар гаруйн хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж чадалгүй үнийн өөрчлөлтөд орж хохирол амссан. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан. Үүнээс гарсан хохирлыг мөн үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө хариуцна гэх хуулийн заалт байдаг. Энэ талаарх нотлох баримт хавтас хэрэгт авагдсан байгаа. Иймд анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн маргаан 2019 оны 04 дүгээр сараас хойш одоог хүртэл явж байна. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас хохирсон хохирол 945 030 045 төгрөгийг нэхэмжилдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрчилж, хариуцагч гэрээнд гарын үсэг зураагүйн улмаас хугацааны алдагдал, үнийн зөрөө үүссэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Ажлын гүйцэтгэлийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээж авсан. Тэр үед ямар нэгэн гэрээний зөрчил гараагүй. Гэрээгээр хүлээсэн ажлын хөлсийг бүрэн төлсөн. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтрүүлсэн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 дүгээр сарын 18-ны өдрийн 143/ШШ2023/00114 дугаартай шийдвэр үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ: 

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу ******* өгөөж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн ******* дарга, ******* даргын тамгын газар-т холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.*******гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.******* нь хариуцагч Өмнөговь аймгийн ******* дарга, ******* даргын ******* газарт холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 945030060 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч нэхэмжлэгч компани нь маргааныг шүүхээс эцэслэн шийдвэрлэх үед тендер, түүнчлэн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй байтал гэрээнд үнийн тохируулга хийж болохгүй гэсэн заалт бүхий гэрээг хүлээн зөвшөөрч гэрээт ажлыг гүйцэтгэсний дараа хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгох агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүхээс гарсан шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж дүгнэв.

Анхан шатны шүүхийн Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...тендерт оролцох үеийн барилгын материалын үнэ огцом өсөж, 945 030 060 төгрөгийг зардал гаргаж хохирсон гэж байгаагаа өөрийн гаргасан төсвийн тоо, хэмжээний зөрүү, хугацааны алдагдал, ханшийн өөрчлөлтөөс үүссэн зардлын нэгтгэл, материалын зардал / 1-р хх-ийн 64-92/ баримт, бараа материал худалдан авч байсан байгууллага, иргэнтэй байгуулсан гэрээ, тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдоно гэж тайлбарлаж байгаа ч энэ талаар захиалагчид даруй мэдэгдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй, нотолж чадахгүй байна., ...гарын үсэг зураагүй, үүргээ биелүүлээгүй ******* дарга Н.*******, ******* даргын тамгын газраас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдлийн улмаас учирсан хохирол 945 030 060 төгрөг гаргуулах юм уу, эсхүл ...Ханбогд сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр барих 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10 ӨМ2016/48 дугаартай гэрээнд заасан үүргээ зөрчсөн хохиролд 945 030 060 төгрөгийг нэхэмжилж байгаагаа тодорхойлж чадаагүй гэсэн дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлтэй.

******* өгөөж ХХК нь хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс хэдэн оны хэдэн сарын хэдний өдрүүдэд нийт худалдан авсан барилгын материалын үнэ зах зээл дээр хэдэн төгрөгөөр өссөн, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр барих ажлыг 6 079 828 009 төгрөгөөр тооцож төсөвлөхөөр тогтоосон ба тендерт оролцох үеийн барилгын материалын үнэ огцом өсөж 945 030 060 төгрөгийн зардал гаргаж хохирсон гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нотолж чадаагүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Иргэний хуулийг буруу хэрэглэсэн шийдвэрийг хүчингүй болгох тухай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 144/ШЗ2023/00690 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч А.*******ийн давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжийг давж заалдах шатны шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа 945030060 төгрөгийн хэмжээнд тооцон улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Иргэний хуулийг буруу хэрэглэсэн шийдвэрийг хүчингүй болгох тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 14Ш/ШШ2022/00114 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар ******* өгөөж ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 4883100 /дөрвөн сая найман зуун наян гурван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.  

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА

 

ШҮҮГЧИД Ш.ТӨМӨРБААТАР

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ