Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2022/0048

 

“Ө а А х” ГҮТББ-ын нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн

иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд

холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:         Х.Батсүрэн

Шүүгчид:                         Д.Мөнхтуяа

                                          П.Соёл-Эрдэнэ

                                          Ц.Цогт

Илтгэгч шүүгч:               М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: А.Гантогтох

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 120/ШШ2022/0004 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 242 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 274 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ц-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бөхбат, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-, Ж.Б- нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  

1. Нэхэмжлэлийн шаардлага: “Ө а А х” ГҮТББ-ын төлөөлөгч А.Ц-оос Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан “...  2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан.

2. Хэргийн нөхцөл байдал:

2.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...  “Ө а А х” төрийн бус байгууллага нь Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар ахмад настны олонхийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, нийгэмд үйлчилдэг, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, 33 жилийн түүхтэй төрийн бус байгууллага бөгөөд одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Бадраа нь үйл ажиллагаа нь жигдэрч, ахмадын эрх ашгийн төлөө явж үр дүнд хүрч байгаа аймгийн Ахмадын хорооны ажлыг үгүйсгэж, Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хэм хэмжээг хэтрүүлэн, Ахмад настны тухай хууль, түүнтэй холбогдон гарсан журам, дүрмийг зөрчиж, Хурлын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2/8 тогтоолоор баталсан манай байгууллагын 2021 оны төсөв санхүүжилтийг “а А ч х”-нд шилжүүлсэн тогтоол гаргасан нь хууль бус. Тус тогтоол нь М а хтой 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байгуулсан Гүйцэтгэлийн гэрээ болон манай 2021 онд төлөвлөсөн ажлууд тасалдаж хохироосон, улмаар аймаг сумдын Ахмадын хороодын дарга, ажилтнуудын эрх ашиг хөндөгдөж, цалин урамшуулал өгөгдөөгүй зэрэг олон талын хохирол гарсан шалтгаан үр дагавартай ...” гэж тодорхойлон маргажээ.

2.2. Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Ахмадын байгууллагын санхүүжилтийн тухай” 04 дүгээр тогтоолоор Ахмад настны нийтлэг эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “а А ч х”-той 2021 оны 02 дугаар сарын 01-нээс эхлэн гэрээ байгуулж, орон нутгийн төсвөөс санхүүжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгажээ.

2.3. Хариуцагч маргаан бүхий тогтоолын үндэслэлдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 20.1.10, Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх  заалтыг тус тус баримталсан, “... Тэргүүлэгчдийн 04 дүгээр тогтоолоор төсөвтэй холбоотой ямар нэгэн зүйлд өөрчлөлт оруулсан, төсөв нэмж хассан, төсөв баталсан зүйл байхгүй. Уг тогтоолоор зөвхөн “а А ч х”-той гэрээ байгуулж, орон нутгийн төсвөөс санхүүжүүлж ажиллахыг Өмнөговь аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч, аймгийн Засаг даргад даалгасан шийдвэр гаргасан. Ийнхүү тогтоол гаргасан нь Тэргүүлэгчид ямар нэгэн байдлаар эрх хэмжээгээ хэтрүүлэн ашиглаагүй, Хурлын хуралдааны бүрэн эрхэд халдаагүй, хууль бус шийдвэр гаргаагүй ...” гэж;

2.4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар бүлэгт заасан 18 төрлийн хүний эрх байдаг. Үүнийг хангах зорилгоор 2005 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “М а ч х” гэж НҮТББ үүсгэн байгуулагдсан. Монгол Улсад мөрдөгдөж байгаа Төрийн бус байгууллагын тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу “М а ч х” гэж нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь албан ёсны гэрчилгээ дээрээ 21 аймаг, 273 сумыг хуульд заасны дагуу бүртгүүлээд үйл ажиллагаагаа явуулдаг үндэсний хэмжээний байгууллага. Гэтэл “Ө а А х” гэдэг ГҮТББ төсөв хөрөнгө авч байгаа нь Төрийн бус байгууллагын хууль, Төсвийн тухай хууль, Ахмад настны тухай хууль гэх зэрэг олон хуулиудыг зөрчиж байна. “М а х” гэдэг төрийн бус байгууллага өөрийн гэсэн регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй хуулийн этгээд,  “Ө а А х” гэдэг нь гишүүндээ үйлчилдэг өөр регистрийн дугаартай М а х-ны салбар байгууллага биш байна ...” гэж шүүхэд тус тус тайлбар гаргажээ.

3. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх “... Монгол Улсын хэмжээнд ахмадуудын эрх ашгийг хамгаалан үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг улсын төсвөөс, түүний салбар, нэгжийг аймаг, нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ гэж хуульчилсан байх бөгөөд хариуцагч нь улсын төсвөөс санхүүжиж буй М а х-ны Өмнөговь аймаг дахь салбар болох аймгийн Ахмадын хороотой хамтран ажиллах, санхүүжүүлэхийг Засаг даргад даалгаж шийдвэрлэх ёстой байсан, ... шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээд а А ч хг ямар шалгуур үзүүлэлт, үндэслэлээр хэрхэн сонгож санхүүжүүлэх болсон талаар үндэслэл бүхий тайлбар гаргаж мэтгэлцээгүй, мөн нэхэмжлэгч аймгийн Ахмадын хороотой хамтран ажиллах боломжгүй шалтгаан нөхцөл байсан эсэх талаар тодорхой тайлбар гаргаагүй, маргаан бүхий акт хууль тогтоомжид нийцсэн гэдгээ нотолж чадахгүй байсан, ... маргаан бүхий захиргааны акт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 он)-ийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэг, Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэг, Засгийн газрын 2016 оны 124 дүгээр тогтоолын 1, 2, 2019 оны 221 дүгээр тогтоолын 3 дахь заалтад заасантай нийцээгүй улмаас нэхэмжлэгч аймгийн Ахмадын хороо, түүний гишүүдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянаад, “... “М а х” ТББ төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан дээрх гэрээний дагуу төрөөс ахмад настан, насжилтын асуудлаар хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг тайлбарлан танилцуулах, хууль тогтоомж, шийдвэрийн төсөл боловсруулахад оролцох, ахмад настнуудын дунд хэлэлцүүлэх, тэдний саналыг тусгах болон бусад үйл ажиллагааг Өмнөговь аймагт өөрийн засаг захиргааны нэгжийн салбар болох “Ө а А х” ГҮТББ-аар дамжуулан хэрэгжүүлж зохион байгуулдаг байсан, ... Хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэлд аймгийн Засаг дарга ямар шалтгаан, үндэслэлээр Өмнөговь а А ч х-той гэрээ байгуулах болсон, Тэргүүлэгчдийн 2016 оны 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох болсон баримтгүй, Засгийн газрын тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай гэрээ байгуулснаас өөр байгууллагатай гэрээ байгуулж, улсын төсвөөс олгосон санхүүжилтийг төрөөс ахмад настан бүрд хүрч ажиллан тэдний санал, сэтгэгдлийг сонсох, ядуу амьдралтай ахмадуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг ажлуудыг хэрхэн гүйцэтгэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байдалд хүрэхээр байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмуудад нийцээгүй, ... Өмнөговь аймгийн Засаг дарга нэхэмжлэгч төрийн бус байгууллагад 2021 оны 01, 06 дугаар саруудад тус тус санхүүжилт олгосон нь ... хууль бус тогтоолыг зөвтгөх үндэслэл болохгүй ...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

5.1. Хариуцагчийн төлөөлөгчөөс “... Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Ахмад настны олонхийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, нийгэмд үйлчилдэг, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг улсын төсвөөс, түүний салбар, нэгжийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвөөс санхүүжүүлнэ” гэж тус хуулиар санхүүжүүлэх субъектийг тодорхой заасан. “Ө а А х” нь хуулийн этгээдийн 1172001007 тоот улсын бүртгэлийн дугаартай, 1561006 тоот регистрийн дугаартай, улсын бүртгэлийн гэрчилгээтэй биеэ даасан хуулийн этгээд бөгөөд М а х-ны салбар, нэгж биш юм. Мөн тус заалтад нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг санхүүжүүлнэ гэж хуулийн этгээдийн хариуцлагын хэлбэрийг тодорхой зааж өгсөн, шүүх нь хуулийн зүйл, заалтыг буруу ойлгож, адилхан эрх зүйн болоод хуулийн этгээдийн статустай нэг нь нэгэндээ үл хамаарах зөвхөн гэрээгээр хамтран ажилладаг, хуулийн этгээдийн хариуцлагын хэлбэр өөр, гишүүддээ үйлчилдэг “Ө а А х”-г М а х-ны салбар, нэгж гэж дүгнэсэн.

5.2. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт хуулийн этгээдийн салбар гэх ойлголтыг нэг мөр хуульчилсан ба 29.4, 29.5, 29.6 дахь хэсэгт хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын эрх, үүргийг зохицуулсан байдаг. Xуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу Өмнөговь аймагт М а х-ны салбар байхгүй байна гэж үзэх байтал, төрийн бус байгууллагуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг үндэслэж “Ө а А х”-г М а х-ны салбар, нэгж гэж үзсэн нь хууль бус байна. Иймд “Ө а А х” нь М а х-ны салбар, нэгж гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна.

5.3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид ямар үндэслэл шалтгаанаар “М а ч х” ТББ-ын салбар нэгж Өмнөговь а А ч х-той гэрээ байгуулж ажиллах талаар тодорхой заагаагүй байна гэсэн нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр гаргахдаа баримталсан хуулийн үндэслэлүүдийг үгүйсгэж байна.

5.4. Дээр дурдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Дөрөвдүгээр бүлэгт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай харилцааг зохицуулсны дагуу болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 он)-ийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 9 дүгээр зүйлийн 9.2 дэх 1 хэсгийг удирдлага болгон тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 20.1.10, Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг үндэслэн, үндэсний, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, нийгэмд үйлчилдэг “М а ч х” ТББ-ын салбар Өмнөговь а А ч х-той гэрээ байгуулж, санхүүжилт олгож ажиллахыг аймгийн Засаг даргад даалгасан 04  дүгээр тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргаж, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 он), Ахмад настны тухай хуулиудын хэрэгжилтийг хангаж, орон нутгийн түвшний асуудлыг бие даан шийдвэрлэснийг анхан шатны шүүхээс Тэргүүлэгчдийн тогтоол нь аймгийн Ахмадын хороо, түүний гишүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээснийг дээрх үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.5. Хуулиар хуулийн этгээдийн салбар, нэгж гэсэн ойлголтын тухай асуудлыг тодорхой зааж өгсөн байтал салбар, нэгж биш, биеэ даасан хуулийн этгээдийг хуулийн этгээдийн салбар, нэгж гэж үзэж, мөн хуулиар санхүүжүүлэх хуулийн этгээдийн хариуцлагын хэлбэрийг тодорхой зааж өгсөн байхад шүүх нь удаа дараа хуулийг буруу ойлгосон анхан болон давж заалдах шатандаа хуулиас илүүгээр хэргийн материалд цугларсан нотлох баримтуудыг үнэлэн үзэж, хууль зөрчсөн шийдвэрүүдийг удаа дараа гаргаж байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 274 дүгээр тогтоолоор хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

7. Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ц- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... шүүхийн шийдвэрүүдийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гарах үе болон өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, тогтоомжуудыг зөрчин гаргасан шийдвэр болохыг нотолж улмаар Өмнөговь аймгийн олон зуун ахмадын эрх ашгийг хамгаалсан шударга шийдвэр болсон гэдгийг хамгаалж, хариуцагчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд доорх товч тайлбарыг нэмж гаргаж байна. Үүнд:

7.1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоол нь гарсан өдрөөсөө л эхлэн ахмадуудыг талцуулан, хоёрдмол байдлыг бий болгосон, Ахмад настны тухай хууль, төрөөс ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэн үр дүнд хүрч байсан үйлдлийг нь таслан зогсоосноор ахмад настайчуудын нийтлэг эрх ашгийг хохироосноороо шийдвэрийн холбогдол өнөө хүртэл үргэлжилж байна.

7.2. Хариуцагч шүүхэд гаргаж байгаа тайлбар болон шүүх хуралдааны явцад мэтгэлцэж байгаа үндэслэлүүд нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг гаргах асуудлыг хэлэлцэх явцад огт яригдаагүй, тодорхой нэгэн жишээ нь асуудал оруулсан аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал Тэргүүлэгчдийн асуусан асуултад ... хоёул нийгэмд үйлчилдэг ... ТББ гэдгийг /хавтас хэрэгт авагдсан хурлын протоколд тодорхой бичигдсэн/ тэдгээрийн дүрмийг үндэслэн тайлбарласаар байхад Тэргүүлэгчдийн олонхоор хүч түрэн Ө а А х, Өмнөговь аймгийн Засаг даргатай гэрээ байгуулан хууль тогтоомж, аймгийн Засаг дарга, төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр хэрэгжиж байсан үйл ажиллагааг таслан зогсоосон байдаг.

7.3. Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ... дээр дурдагдсан хууль тогтоомжийн хүрээнд санхүүжилтийг олгож хамтран ажиллаж байна ... гэсэн нь бодит байдалд үл нийцсэн тайлбар гаргасан нь хууль бус үйлдлээ зөвтгөх гэсэн явуургүй тайлбар гэж үзэж байна. Харин ч 2021 оны 01 дүгээр сард уг тогтоол гарснаар санхүүжилтийг зогсоосон болохыг нотлох баримт юм.

7.4. Иймээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 242 дугаар магадлалын 3.12-т ... Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хууль бус тогтоолыг зөвтгөх үндэслэл байхгүй ... гэснийг нэхэмжлэгчийн зүгээс хамгаалж байна.

7.5. Хариуцагч давах шатанд ч ... маргаан шийдвэрлэхдээ ... хуулийг буруу тайлбарлаж ... гэж маргаж байгаа нь харин ч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрхийг Тэргүүлэгчид зөрчиж шийдвэр гаргасан, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2016)-ийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болох заалтыг тодорхой зааж хуульчилж өгсөн нь 20.1.7-д ... хуульд өөрөөр заагаагүй бол ... гэж тодорхой ойлгогдохоор байхад ... нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ... гэдэг ойлголтод хамаатуулан ойлгомжгүй тайлбар гаргах зэргээр хууль бус шийдвэрээ зөвтгөх буруу тайлбарыг удаа дараа гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

7.6. Иймээс хариуцагчийн хяналтын шатанд гаргасан гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, ... магадлалын 13 үндэслэлийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргав” гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Нэг. Маргаан бүхий Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Ахмадын байгууллагын санхүүжилтийн тухай” 04 дүгээр тогтоолоор а А ч х-той 2021 оны 02 дугаар сарын 01-нээс эхлэн гэрээ байгуулж, орон нутгийн төсвөөс санхүүжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн; нэхэмжлэгчээс дээрх тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандахдаа “... /манай байгууллага нь/ Ахмад настны олонхийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалдаг, 33 жилийн түүхтэй төрийн бус байгууллага ... үйл ажиллагаа нь жигдэрч, ахмадын эрх ашгийн төлөө явж, үр дүнд хүрч байгаа аймгийн Ахмадын хорооны үйл ажиллагааг үгүйсгэж, ... 2021 онд төлөвлөсөн ажлууд тасалдаж хохирсон, улмаар аймаг сумдын ахмадын хороодын дарга, ажилтнуудын эрх ашиг хөндөгдөж ... зэрэг олон талын хохирол гарсан шалтгаан үр дагавартай ...” гэдгийг нэг үндэслэл болгосон; хариуцагчаас “... аймгийн Ахмадын хороо нь гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага. Салбар биш, бие даасан хуулийн этгээдийн гэрчилгээтэй ...” (Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 120/ТМ2022/0010 дугаар тэмдэглэл, II хавтаст хэргийн 118 дахь тал) гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй шалтгаанаа тайлбарлаж маргасан байх тул шүүх нэн түрүүнд нэхэмжлэгчийн эрх зүйн байдал болон түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх учиртай.   

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:” гээд 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” хэмээн зааснаар шүүхээс зөрчигдсөн гэж үзэж, сэргээлгэхээр шаардаж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байж шүүхээр хамгаалагдана.

11. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болох” гэж заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай” 124 дүгээр тогтоолоор “Төрөөс ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ахмад настныг нийгмийн амьдралд эрх тэгш оролцуулах, хөдөлмөр эрхлэх боломж бий болгох, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгэмд насжилтын талаар эерэг хандлага, зан байдлыг бий болгох талаарх Засгийн газрын бодлого, шийдвэрийг сурталчлах, ахмад настны бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, улсын хэмжээнд ахмад настны аж байдлыг тогтмол судалж дүгнэлт, санал гаргах, ахмад настан бүрд хүрч ажиллан тэдний санал, сэтгэгдлийг сонсох, ядуу амьдралтай ахмадуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг төрийн гүйцэтгэх зарим чиг үүргийг М а хгоор гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэн хамтарч ажиллахыг, М а хтой хамтран ажиллах талаар гэрээ байгуулан түүний хэрэгжилтийг жил бүр дүгнэж, дараа жилийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг тус тус Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад; мөн Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” 221 дүгээр тогтоолын 3 дахь заалтаар М а х, түүний салбар нэгжийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг улсын болон тухайн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, төрийн болон нутгийн захиргааны зарим чиг үүргийг ахмадын төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд, бүх шатны Засаг дарга нарт тус тус даалгаж шийдвэрлэсэн.

12. Дээрх шийдвэрийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон М а х-ны ерөнхийлөгч нар 2016-2021 онуудад “Төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ” байгуулан, хэрэгжүүлэн ажиллаж байсны зэрэгцээ Өмнөговь аймгийн Засаг дарга 2019, 2020 онд “Ө а А х” ГҮТББ-тай гэрээ байгуулж, хамтран ажиллаж байсан нөхцөл байдал тогтоогдож байна.

13. Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Ахмад настны олонхийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, нийгэмд үйлчилдэг, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг улсын төсвөөс, түүний салбар, нэгжийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвөөс санхүүжүүлнэ” гэж; Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:” гээд 2/-т “нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага” гэж соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг;” гэж, 3/-т “гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага” гэж өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, нийгэмд үйлчилдгээс бусад төрийн бус байгууллагыг” гэж тус тус зааснаар ахмад настны олонхийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг улсын төсвөөс, харин түүний салбар, нэгжийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвөөс санхүүжүүлэхээр заажээ.

14. Мөн Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах буюу түүний нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх үүрэг бүхий нэгжийг төлөөлөгчийн газар гэнэ”, мөн зүйлийн 29.6-д “Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна” гэж хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын эрх зүйн байдлыг тодорхойлжээ.

15. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Ө а А х нь улсын бүртгэлийн 1172001007 дугаарт бүртгэгдсэн, 000038979 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий 7 гишүүнтэй, эцсийн өмчлөгчөөр 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэг иргэнийг бүртгүүлсэн, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд “М а х” ТББ-ын салбар, төлөөлөгчийн газар гэж үзэх баримт байхгүй, харин тухайн байгууллагатай үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг (I хавтаст хэргийн 4, 8-10 дахь тал) бие даасан хуулийн этгээд (энэ эрхийн хүрээнд аймгийн Засаг даргатай 2019, 2020 онд Үр дүнгийн болон гүйцэтгэлийн гэрээг дангаар байгуулан ажиллаж байсан, I хавтаст хэргийн 142-147 дахь тал) байна.

16. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Ө а А х” ГҮТББ нь Монгол Улсын Засгийн газрын 2016, 2019 оны дээрх тогтоолд дурдсан “М а х” ТББ-ын салбар, нэгж болох нь тогтоогдоогүй, Ахмад настны тухай хуулийн “нийгэмд үйлчилдэг байгууллагын салбар, нэгж” гэх нөхцөл (гипотез) үгүйсгэгдэж байгаа тохиолдолд хүчингүй болгуулахаар маргаж буй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... “Ө а А х” нь ... биеэ даасан хуулийн этгээд бөгөөд М а х-ны салбар, нэгж биш ... хамтран ажиллах гэрээг үндэслэж “Ө а А х”-г М а х-ны салбар, нэгж гэж үзсэн нь хууль бус ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

17. Тиймээс анхан шатны шүүхийн “... Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг М а х-ны (нийтэд илэрхий үйл баримт) Өмнөговь аймаг дахь салбар, нэгж бол “Ө а А х” гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага ... хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Ахмад настны тухай хууль болон Засгийн газрын тогтоол шийдвэрүүдийг эс биелүүлж ...” гэсэн дүгнэлт үндэслэлгүй; давж заалдах шатны шүүх “... “Ө а А х” ГҮТББ 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Өмнөговь аймгийн нийт ахмадуудыг хамаарч, тэдний эрх ашгийг хамгаалах, хөнгөлөлт үйлчилгээ үзүүлэх, халамжлах талаар хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах” үндсэн үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдсаныг улсын бүртгэлийн байгууллага 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон. Эдгээрээс үзвэл, ахмад настны олонхийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах төрийн чиг үүргийг үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болохын хувьд “М а х” ТББ хэрэгжүүлж, санхүүжилтийг улсын төсвөөс, Өмнөговь аймагт уг чиг үүргийг түүний салбар нэгж болох Ө а А х хэрэгжүүлсээр ирсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ ...” хэмээн дүгнэж, алдааг залруулаагүй нь буруу, шүүхүүд захиргааны актын хууль ёсны эсэхийг дүгнэхийн өмнө нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг анхаараагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.

18. Хоёр. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна” гэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 оны)-ийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18.1.1.“е”, 18.1.1.“ж”, 18.1.2.“г”, 18.1.2.“ж”, 18.1.2.“з”, 18.1.3.“в”, 18.1.3.“г”, 18.1.3.“ж”, 18.1.3.“з”, 18.1.3.“к”, 18.1.3.“л”, 18.1.3.“н”-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ:” гээд 20.1.7-д “Хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх”, 20.1.10-т “Олон нийтийн үүсгэл санаачилгыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тухайн нутаг дэвсгэр дэх төрийн бус байгууллага, сүм хийдтэй харилцах” гэж тус тус зааснаар тухайн нутаг дэвсгэр дэх эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, төрийн бус байгууллагатай харилцах бүрэн эрх нь тухайн орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тэр дундаа хуульд өөрөөр заагаагүй бол аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хадгалагдаж байна.

19. Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 18 дугаар зүйлийн 18.1.2 б/-д “Засаг даргын өргөн мэдүүлснээр сум, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн  тайланг  батлах”  гэж, мөн  Ахмад  настны  тухай  хуулийн  14  дүгээр зүйлийн 14.5.3-д аймаг, нийслэлийн Засаг дарга ахмад настныг дэмжих талаар авах арга хэмжээ, зарцуулах төсвийн санал боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх ...” гэж зааснаар аймгийн Засаг даргаас санал боловсруулж танилцуулсны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “2021 оны төсөв батлах тухай” 2/8 дугаар тогтоолын 3.2.1.5-д “Ахмадын холбоо”-нд /ерөнхий байдлаар/ 115,200,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн; энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс маргаан бүхий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Ахмадын байгууллагын санхүүжилтийн тухай” 04 дүгээр тогтоолоор улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, нийгэмд үйлчилдэг “М а ч х” НҮТББ-ын Өмнөговь аймаг дахь салбартай гэрээ байгуулж, санхүүжилт олгож ажиллахыг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь Ахмад настны тухай болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 оны)-ийн холбогдох заалтыг зөрчөөгүй.

20. Нөгөө талаас, Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Энэ хуульд заасан ахмад настны талаархи төрийн болон нутгийн захиргааны байгууллагын гүйцэтгэх зарим чиг үүргийг ахмад настны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, төсөл, арга хэмжээний зардлыг санхүүжүүлж болно” гэж заасан; хэдийгээр тогтоолд шууд баримтлаагүй боловч хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбар (I хавтаст хэргийн 165 дахь тал) болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралд “... Ахмад настны тухай хуулийн 15.2-т ... заасныг ... тус тус үндэслэн Тэргүүлэгчдэд танилцуулсан асуудлыг, Тэргүүлэгчид хэлэлцэж, Тэргүүлэгчдийн тогтоолоор асуулт саналыг үндэслэн Өмнөговь аймгийн чөлөөт Ахмадын холбоонд санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн ...” (Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 120/ТМ2022/0010 дугаар тэмдэглэл, II хавтаст хэргийн 119 дэх тал) гэж тайлбарласнаас үзэхэд захиргааны байгууллага өөрт олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, анхан шатны шүүхийн “...Ахмадын чөлөөт холбоог ямар шалгуур үзүүлэлт, үндэслэлээр хэрхэн сонгож санхүүжүүлэх болсон талаар үндэслэл бүхий тайлбар гаргаж мэтгэлцээгүй, мөн нэхэмжлэгч аймгийн Ахмадын хороотой хамтран ажиллах боломжгүй шалтгаан нөхцөл байсан эсэх талаар тодорхой тайлбар гаргаагүй ...” гэх, давж заалдах шатны шүүхийн “... ямар шалтгаан, үндэслэлээр Өмнөговь а А ч х-той гэрээ байгуулах болсон, ... төрөөс ахмад настан бүрд хүрч ажиллан тэдний санал, сэтгэгдлийг сонсох, ядуу амьдралтай ахмадуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг ажлуудыг хэрхэн гүйцэтгэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байдалд хүрэхээр байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмуудад нийцээгүй байна ...” гэх дүгнэлт хийж, маргаан бүхий тогтоолыг хууль бус гэж үзсэн нь буруу болжээ.

21. Дээрхээс дүгнэвэл, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 04 дүгээр тогтоол нь хууль зөрчөөгүй, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 120/ШШ2022/0004 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 242 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (2006 оны)-ийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 20.1.10, Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө а А х” ГҮТББ -ын “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.БАТСҮРЭН

                                   ШҮҮГЧИД                                              Д.МӨНХТУЯА

                                                                                                                 П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                                  Ц.ЦОГТ

        М.БАТСУУРЬ