Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/0050

 

Б.Д-ын гомдолтой, Увс аймгийн Татварын хэлтсийн

татварын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн  Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                    Х.Батсүрэн       

                                                   П.Соёл-Эрдэнэ                        

                                                   Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                          М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 290 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагч Б.Д-,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э- нарыг цахимаар оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 301 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн эсэх үндэслэлээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдлын шаардлага: Б.Д-аас Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б-эд холбогдуулан “улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0176472 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

2. Хэргийн нөхцөл байдал: Б.Д- нь Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн Баруунтуруун сумын 1 дүгээр тойрогт МАХН-аас нэр дэвшсэн бөгөөд сонгуулийн зардлын данс нээлгэж, Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй байна. Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0176472 дугаар шийтгэлийн хуудсаар Б.Д-ыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийг зөрчиж, сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг хуулийн хугацаанд Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй” гэсэн үндэслэлээр 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

2.1. Гомдол гаргагч Б.Д-аас “... би төрийн албаны ажилтнуудыг хариуцлагагүй байдлаас болж сонгуулийн зардлын дансаа Төрийн аудитын газарт бүртгүүлж чадаагүй боловч хуулийн хугацаанд сонгуулийн зардлын дансаа нээлгэж, хандив цуглуулж, үнэн зөвөөр тайлагнаж, аудитын дүгнэлт гаргуулсан, … сонгуулийн зардлын дансаа сонгуулийн санал хураахаас 20-оос доошгүй хоногийн өмнө Төрийн аудитын газар бүртгүүлэх хуулийн холбогдох заалт байгаа боловч 19 дэх хоногийн 17 цагаар тасалбар болгоно гэж заагаагүй, ... ажлын цаг дууссан гэдэг үндэслэлээр миний сонгуулийн зардлын дансыг бүртгэж аваагүй …” гэж;

2.2. Хариуцагчаас “... Б.Д- хуульд заасан үүргээ зөрчсөн учир шийтгэлийн хуудас бичигдсэн, … нэр дэвшигчид хувийн компаниар сонгуулийн зардлын тайланд аудит хийсэн баримт хэрэгт авагдсан байгаа. Сонгууль болсны дараа сонгуулийн зардлын дансанд орсон орлого, зарлагын зарцуулалтын зөрчилгүй, зориулалт бусаар зарцуулсан эсэхтэй холбоотой болохоос биш хуульд тусгайлан зааснаар санал авахаас 20-с доошгүй хоногийн өмнө зардлын дансны дугаар банкны нэрийг төрийн аудитын байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүргээ зөрчсөн гэх зөрчлийг үгүйсгэх, холбогдогчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй ...” гэж маргажээ.

3. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б.Д-ын “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б-ийн 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0176472 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 290 дугаар магадлалаар: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

5. Хяналтын журмаар гаргасан гомдол:

5.1. Гомдол гаргагч Б.Д-аас “... Нэг: Хуулийн заалтын учир агуулгыг нь татварын улсын байцаагч Г.Б- хэрхэн ойлгож хэрэглэсэн тухайд. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заажээ. Хуулийн энэхүү заалтад “мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж бичсэний агуулгыг татварын улсын байцаагч Г.Б- хэрхэн ойлгож, хэрэглэснийг анхаарч үзнэ үү. Чин үнэндээ мэдэгдэж, бүртгэх гэдэг нь тус тусдаа ойлголт бөгөөд 20-оос доошгүй хоногийн өмнө мэдэгдэх үүрэг нь нэр дэвшүүлэгч болон дэвшигч этгээдэд байх бөгөөд ийнхүү “мэдэгдсэн”-ий дагуу бүртгэх үүргээ аудитын байгууллага хариуцан гүйцэтгэх тухай л асуудал. Үүнийг практик үйл ажиллагаа дээр буулгаж, гардан хийгдэх үйлдлийг нь бодоод үзвэл аяндаа л ойлгогдох тодорхой заалт юм. Нэр дэвшигч би дансны дугаар, банкны нэрийг аудитын байгууллагад бичгээр мэдэгдэж, улмаар цаг хугацаа дуусахаас нь өмнө биечлэн очиж бүртгүүлэх гэж чармайсан. Өөрөөр хэлбэл, би мэдэгдсэн боловч тэд бүртгэж аваагүй л хэрэг.

5.2. Тэр тусмаа нэг байгууллагаас нөгөө байгууллагадаа албан ёсоор “мэдэгдсэн”, 66 тоот бичиг байгаа бөгөөд аудитын газрын бичиг хэргийн ажилтан З.Э- мэдүүлэгтээ “... би авдаггүй юмаа ... М.Б-А гэдэг хүнтэй уулзаарай гэж хэлсэн” гэж үнэнээ хэлжээ. МАХН-ын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 66 тоот бичгийг аудитын газрын бичиг хэргийн ажилтан З.Э- нь өөрөө хүлээж авах үүрэгтэй боловч авалгүйгээр М.Б-А гэдэг хүн рүү зааж явуулсан хэрэг. Ийнхүү аудитын газрын конторын 2-3 давхарт суудаг М.Б-А, З.Э- хоёрын хооронд явж хүлээсээр, эцэст нь ажлын цаг дуусахын өмнөх мөчид М.Б-Аг олж (нөгөө ажилтнуудынхаа дотроосоо түгжсэн өрөөнөөс гарч ирсэн) уулзсан боловч ажлын цаг дууссан хэмээн ундууцаж, ширвээтсэн харц, байдлаараа үнэрхэж, томроод бүртгээгүй.

5.3. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газрын 246 дугаар тогтоолоор баталсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 2.2.5-д “Бичиг хэргийн ажилтан дараах үүрэг хэрэгжүүлнэ”, 2.2.5.1-д “Байгууллагад ирсэн баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, удирдлагад танилцуулах, бүртгэл-хяналтын карт хөтлөх, холбогдох ажилтанд шилжүүлэх”, 5.2.1-д “Байгууллагад ирсэн баримт бичгийг дараах үе шат дарааллаар хянаж шийдвэрлэнэ”, 5.2.1.1- д “Бичиг хэрэгт төвлөрсөн журмаар хүлээн авах”, 5.4.6-д “Баримт бичгийг ирсэн өдөрт нь багтаан бүртгэж шилжүүлнэ” гэж тус тус заасан байдаг.

5.4. Энэ бүхнийг эргэцүүлэн шинжилж үзвэл аудитын газрын ажлын алдаа, ажилтнуудын бурууг өвгөн болсон над дээр тохож буруутган, намайг 10 сая төгрөгөөр торгож, ахуй амьдралын зовлонд унагаах үндэслэл байна уу. Албан хэргээ хууль, журмын дагуу явуулдаггүй, ажлын цагаа хийдүүлдэг, ааш араншин-зан харилцааны дутагдалтай албан хаагчдын алдаанаас болж өвгөн би 10 сая төгрөгөөр торгуулах хууль, эрх зүйн ямар ч үндэслэл байхгүй. Би дансны дугаар, банкны нэрийг аудитын байгууллагад албан ёсоор мэдэгдэж, улмаар бүртгүүлэхийг чармайсан боловч аудитын газар бүртгэж аваагүй. 

5.5. Хоёр: Хүмүүсийн өгсөн тайлбар, мэдүүлгийн тухайд. а/Татварын байцаагч Г.Б-ийн тайлбар, мэдүүлгийн тухайд: Г.Б- нь “шийтгэлийн хуудас”-аа хуулийн дагуу, эрх мэдлийнхээ хүрээнд гаргасан гэж хуулийн олон олон заалтыг дурдаж, өөрийнхөө хийсэн ажлыг зөвтгөн хамгаалах нь мэдээж л дээ. Түүний өгсөн тайлбар, мэдүүлгээс үзэхэд, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь заалтад “мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж бичсэний учир агуулгыг сайн зааглан ойлгоогүй бололтой. Хуулийн дээрх заалтыг сайн тунгааж уншвал, дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлэхээр аудитын байгууллагад хандаж албан ёсоор мэдэгдсэн нь нэр дэвшигчийн зүгээс үүргээ биелүүлж буй хэрэг. Харин ийнхүү мэдэгдсэний дагуу бүртгэх нь аудитын газрын үүрэг гэдгийг ялгаж салгаж ойлгоогүй л хэрэг юм. Өөрөөр хэлбэл, нэг талаас бүртгүүлэхийг хүсэж мэдэгдэх, нөгөө тал нь бүртгэн авах гэсэн хоёр талын оролцоотойгоор бүртгүүлэх үйл ажиллагаа явагдана. Үүнийг практик үйл ажиллагаа дээр буулгаад, гараар хийгдэх үйлдлийг нь бодоод үзээрэй. Аудитын газрын ажилтны үзгийг би шүүрч аваад бүртгэх ажлыг өөрөө хийж болохгүй нь мэдээж биз дээ. Дансны дугаар, банкны нэрийг мэдэгдсэн, 66 тоот албан бичгийг тэр өдрийн 16 цаг 30 минутын үед аудитын газрын бичиг хэргийн ажилтан З.Э- уншиж мэдсэн хэдий ч би авахгүй, М.Б-Атай уулз гээд явуулсан. Уг мэдэгдэл бичгийг ажлын цаг дуусахын өмнөх мөчид М.Б-А ч бас уншиж танилцсан бөгөөд харилцааны ур чадвар, ааш зангийн байдлаасаа болоод (бусад аудиторуудтайгаа түгжээтэй өрөөнд байснаа гарч ирсэн учраас) ундууцаад бүртгэж аваагүй л юм.

5.6. б/Гэрчээр мэдүүлэг өгсөн аудитор Т.Н, Ч.М нарын тайлбар, мэдүүлгийн тухайд: Тэд хамт ажилладаг М.Б-Агаа илт хаацайлсан бүрхэг зүйл ярьсан байх бөгөөд Б.Д-ыг хараагүй гэжээ. Ажлын цаг дуусахын өмнөх тэр үед тэдний өрөө түгжээтэй байсан юм. Ийм учраас тэд ч намайг хараагүй, би ч тэднийг хараагүй нь харин үнэн. Тэд өрөөгөө дотроос нь түгжсэн байснаа нууж, мэлзэх нь аргагүй ээ. Үүнээс гадна бичиг хэргийн ажилтан З.Э- нь М.Б-Атай уулзаарай гэж явуулсан учраас тэднийг биш, зөвхөн М.Б-Аг л хайж хүлээж байсан. Ажлын цаг дуусахын өмнөх мөчид М.Б-А дотроосоо түгжсэн тэдний өрөөнөөс гарч ирээд, надтай уулзах үед тэр мэдэгдэхүйц бүлэмцүү байсан бөгөөд яасан их хүлээлгэв ээ гэх миний үгэнд илт ундууцаж, уг бичгийг уншиж мэдсэн боловч ажлын цаг дууссан, би авахгүй гэж ширвэж байсныг дурдах нь зүйтэй санагдлаа. Түгжээтэй өрөөнд тэд хамт байснаа гарч ирсэн учраас ундууцсан байх ... Өвгөн надад хэнийг ч буруутгаж зовоох санаа зорилго байхгүй бөгөөд гагцхүү төрийн албан хаагчид хууль, журмаа гажуудалгүй хэрэгжүүлж, төрт ёс шударга, энэрэнгүй байгаасай гэж л хүсэж байгаа юм. Зөвөөр ойлгоно уу.

5.7. в/Гэрч, бичиг хэргийн ажилтан З.Э-ын тайлбар, мэдүүлгийн тухайд: З.Э- нь “Материал хүлээн авах сүүлийн өдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ажлын цаг дууссан ч илүү цагаар ажиллаж байсан. Б.Д- гэх хүн надтай уулзаагүй. Харин аудитын баг ажлаа дуусгаад амралтаа авсны дараа ирж уулзсан. Би өдрийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр биш байсан. Би авахгүй, М.Б-А гэдэг хүнтэй уулзаарай гэж хэлсэн” гэх зэргээр мэдүүлжээ. Үүнээс үзэхэд З.Э- нь “өдрийг нь сайн санахгүй байна” гэж булзааруулахын зэрэгцээ ээлжийн амралтаа аваад явчихсан хүний хойноос Б.Д- намайг явуулсан болж таарлаа. Энэ хүний яриа, мэдүүлэгт хүн үнэмшихүйц уялдаа, авцалдаа байна уу. Хэрвээ үнэн гэж үзвэл, илүү цагаар ажиллаж байсан юм бол уг бичгийг өөрөө яагаад аваагүй юм. М.Б-А ч яагаад хүлээж аваагүй юм бэ … Ээлжийн амралтаа аваад явчихсан хүний хойноос намайг явуулах ямар хэрэг байсан бэ ... Энэ хүн албан бичиг хүлээж аваагүй өөрийнхөө бурууг сайн ухаараагүй, бас М.Б-Агаа өмөөрч байгаа дүрээр илт худлаа зүйл ярьжээ. Ийм аргаа барсан худлаа мэдүүлэгт үнэмших үндэслэл байна уу. М.Б-Агийн хүсэл, захиалга юм болов уу.

5.8. г/Гэрч, аудитын менежер М.Б-Агийн тайлбар, мэдүүлгийн тухайд: Тэр, нийт 544 хүний банкны нэр, дансны дугаарыг хүлээж авсан. 09 дүгээр сарын 25-ны өдөр бид ажлын цагтаа бүрэн ажилласан гээд ажлын цагийн бүртгэлийг баримт болгон шүүхэд өгсөн байдаг. Үүнээс үзэхэд нийт 544 хүнээс чухам хэдэн хүнийх нь мэдэгдлийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэн авсан нь тодорхойгүй. Түүнчлэн тэр өдөр аудитын ажилтнуудыг ажиллаагүй гэж хэн ч хэлээгүй бөгөөд ажлын цагийн төгсгөлийн 20-30 минутын хугацаанд л М.Бат-
Амгаланг хүлээгээд ажлын цаг дуусахын өмнөх мөчид олж уулзсан хэрэг билээ. Цаг хугацааны энэхүү богинохон моментыг тэр өдрийн ажлын цагийн бүртгэл (өглөө ирсэн, орой тарсан)-ээр нотлох боломжгүй. Бичиг хэргийн ажилтан З.Э-ын мэдүүлснээр уртасгасан цагаар ажиллаж байсан бол М.Б-А нь ундууцаж ширвээтэлгүйгээр бүртгээд авчихгүй яасан юм вэ.

5.9. Ийнхүү, эдгээр хүмүүсийн өгсөн хуудуутай худал тайлбар, мэдүүлгийг гол болгон, хуулийн хугацаанд нь дансаа бүртгүүлэх гэж идэвх, чармайлт гаргасан намайг буруутгаж, миний гомдлын шаардлагыг хангахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг би зөвшөөрөх ямар ч үндэслэлгүй. Энэ бол харин ч ажлын цаг дуусаагүй байхад нэгнийхээ өрөөнд цугларан дотроосоо түгжээд, өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлсэн аудиторууд, түүнд нь саад боллоо хэмээн дургүйцэж, намайг буруутгаж, өөрсдийгөө өмөөрөн хаацайлсан аудитын газрын ажилтнуудын худлаа тайлбар, мэдүүлгүүд шүү дээ ... Гэхдээ би тэдний бурууг тодруулж, зовоохыг хүсээгүй, гагцхүү татварын улсын байцаагч нь хууль, журмынхаа утга агуулгыг зөв ойлгож, гажуудалгүй хэрэгжүүлээсэй, төрт ёс шударга, энэрэнгүй байгаасай гэж л хүсэж байгаа юм.

5.10. Гурав: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 290 дугаар магадлалын тухайд: Би давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа татварын улсын байцаагчийн болон анхан шатны шүүхийн шүүгчдийн буруу дүгнэлт, буруу шийдвэрийг эс зөвшөөрч түүний улам нарийн, нухацтай шинжлэн дүгнэж, засаж залруулж өгөхийг хүсэж, итгэл найдвар тавин хүлээсэн. Гэтэл давж заалдах шатны шүүхийн шүүгч нар уг асуудалд дэндүү хайнга хандаж, бурууг нь засаж залруулахын оронд улам дордуулсан, ямар ч үндэслэлгүй дүгнэлт хийж, буруу шийдвэрлэсэн нь даан ч харамсалтай.

5.11. Өмнө нь, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 590 дугаар магадлалд “Өөрөөр хэлбэл зардлын дансыг бүртгүүлж чадаагүй тухайн үеийн нөхцөл байдал нь Б.Д-аас хэрхэн хамааралтай байсныг мөрдөн шалгах зарчмын хүрээнд тогтоосноор түүнийг зөрчилд тооцох эсэх, хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх боломж бүрдэнэ” гэж тэмдэглээд анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасныг ч анхаарсангүй. Тухайлбал, тухайн үеийн нөхцөл байдлыг нарийн судлаагүй, оролцогч нарын хуудуутай тайлбар, мэдүүлэгт олигтой дүн шинжилгээ хийж чадаагүй, ажлынхаа алдааг хаацайлсан хүмүүсийн уялдаа авцалдаагүй худал мэдүүлэгт тулгуурлаж хэт нэг талыг барьсан байна. Түүгээр ч үл барам хэргийн материалтай бүрэн гүйцэт танилцаагүй, таамгаар, туйлын хайнга хандсан нь илт харагдаж байна. Жишээлбэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 290 дугаар магадлалын “Хянавал” гэсэн хэсгийн 5.1-д “Гэвч Увс аймгийн Баруунтуруун сумын 1-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч Баатарын Д- нэр дэвшигчийн зардлын тайлангаа төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хуульд заасан хугацааны дотор хүргүүлэх үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг ч болон хариуцагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй”, 5.3-т “Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч Б.Д- нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасны дагуу Увс аймаг дахь Төрийн аудитын газарт өөрийн биеэр хүргүүлж мэдэгдсэн болох нь гэрч нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж, энэхүү зөрчил нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул ... шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй байна”, 6-д “Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Б.Д-ын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв” гэж тус тус дүгнэжээ.

5.12. Үүнээс үзэхэд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Б, шүүгч Н.Д, Б.Т нар хэргийн материалтай бүрэн гүйцэт танилцаж, хянаж, дүн шинжилгээ хийх байтугай өвгөн миний гомдлыг ч сайн уншаагүй нь тодорхой байна. Иргэний гомдол, хүсэлтэд шүүгч хүн ингэж хариуцлагагүй, хайнга хандаж, таамгаар баахан юм бичээд хяналаа, шийдвэрлэлээ, хэрэгсэхгүй гээд орхиж болох уу ... Миний сонгуулийн зардлын дансыг аудитын газрын ажилтнуудын буруугаас бүртгэж аваагүй боловч би өөрөө төр, захиргааны хариуцлагатай ажил, албыг олон жил хашиж ирсэн ахмад хүний хувьд ухамсраараа уг дансаар гүйлгээгээ хийж, тайлангаа цаг хугацаанд нь гаргаж өгсөн. Ийм ч учраас зардлын тайлангийн талаар ямар ч маргаан гараагүй бөгөөд энэ талаар гэрч, хариуцагч хэн нь ч тайлбар, мэдүүлэг өгөөгүй. Давж заалдах шатны шүүхийн эрхэм шүүгчид миний гомдлыг уншиж, хэргийн материалтай танилцсан бол үүнийг амархан ойлгох байлаа. Тэд даан ч тэгсэнгүй.

5.13. Монгол Улсын дээд шүүхийн эрхэм шүүгчид миний гомдлыг бүрэн уншиж танилцаад, хэргийн материалыг нухацтай судалж, нөхцөл байдалд нь дүн шинжилгээ хийгээд оновчтой шийдвэрлэж чадна гэдэгт би бат итгэж байна. Би дансны дугаар, банкны нэрийг аудитын байгууллагад хуулийн хугацаанд нь албан ёсоор мэдэгдэж бичгээр өгсөн. Харин, аудитын байгууллагын бичиг хэргийн ажлын алдаа, зарим ажилтны ажлын цагийн хийдэл, ааш араншингаас шалтгаалан тэд бүртгэж аваагүй учраас бүртгэл явагдаагүй л хэрэг юм. Мэдэгдсэн хэдий ч бүртгэж аваагүй. Хуульд заасан ёсоор нэр дэвшигч нь дансаа мэдэгдэх үүрэгтэй, аудитын газар бүртгэж авах үүрэгтэй. Би дансаа хуулийн хугацаанд нь албан ёсоор мэдэгдэхээс өөр яах байсан юм бэ. Мэдэгдсэн төдийгүй бүртгүүлэх гэж очиж, чармайхаас өөр яах байсан юм бэ. Санаатайгаар бүртгүүлээгүй хэрэг биш бөгөөд үүнээс болж улс нийгэмд болон хэн нэгэн иргэнд ямар ч хохирол учруулаагүй. Өвгөн би гэм буруутай мэт, бараг 2 жил шахам байцаагдаж, зарга маргаан үүсгэж, олон шүүгчийн оюун ухаан, ажлын цаг, бичиг цаасыг үргүй зарцуулж, өөрөө ч шар махтайгаа хатаж явна. Энэ бүх нөхцөл байдал, учир шалтгааныг дахин нягтлан хянаж өвгөн надад энэрэнгүй хандаж, ... татварын улсын байцаагчийн 0176472 дугаар шийтгэлийн хуудас болон  анхан, дунд шатны шүүхийн буруу шийдвэрүүдийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

7. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7-д “шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч шүүхийн шийдвэрт гарын үсэг зурна”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна”, 118 дугаар зүйлийн 118.2-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгчдийн зөвлөгөөнөөс томилогдсон шүүгч даргална”, 119 дүгээр зүйлийн 119.4-т “магадлал хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна ...” гэж тус тус заасан.  

8. Хэрэгт авагдсан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 684 дүгээр захирамжаар Б.Д-ын гомдолтой, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б-эд холбогдох захиргааны хэргийг гомдол гаргагчийн давж заалдах гомдлоор хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Д, шүүгч Б.Т (илтгэгч шүүгч) нар, шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Н.Х-г томилсон шийдвэрийг албажуулсан, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 290 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд “... шүүх хуралдааныг шүүгч Н.Х- даргалж, шүүгч Н.Д, Б.Т нарын бүрэлдэхүүнтэй ...” хийж, даргалагч, шүүгч Н.Х- гарын үсэг зурж баталгаажуулсан, мөн магадлалын Удиртгал хэсэгт шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Н.Х-, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Д, илтгэгч шүүгч Б.Т нар оролцсон гэж бичсэн атлаа магадлалын Тогтоох хэсэгт Ерөнхий шүүгч Д.Б, шүүгч Н.Д, шүүгч Б.Т нар гарын үсэг зурсан зөрүүтэй байдал тогтоогдож  байна. 

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана:” гээд 121.3.6-д “шүүхийн шийдвэрт шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зураагүй, эсхүл шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан” гэж зааснаар шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч магадлалд гарын үсэг зурсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 290 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Д.МӨНХТУЯА

                           ШҮҮГЧИД                                                      Х.БАТСҮРЭН

                                                                            П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                             Ц.ЦОГТ

            М.БАТСУУРЬ