Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01578

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01578

 

 

Өвөр Монголын Боюань шиди энержи ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2023/01744 дугаар шийдвэртэй,

Өвөр Монголын Боюань шиди энержи ХХК-ийн нэхэмжлэлтэй, ЮБМ сервис ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,105,412,369 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ЮБМ Сервис ХХК болон Өвөр Монголын Боюань шиди энержи ХХК ганц мод салбар компани нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2016/11-.. дугаар бүхий Гурван талт нүүрс нийлүүлэх-худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр худалдан авагч тал нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрээний үүргийн дагуу 20,000 тонн нүүрсний төлбөр болох нийт 640,000 ам доллар (гэрээний дагуу нэг тонн бүр 32 ам доллар)-ын урьдчилгаа төлбөрийг худалдагч талд шилжүүлсэн. Худалдагч тал нь гэрээний дагуу 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 20,000 тонн нүүрсийг нийлүүлэх үүрэг хүлээсэн.

1.2. Худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй. Худалдагч нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд зөвхөн 5,555.15 тонн нүүрс буюу нийт 77,764,80 ам долларын үнэ бүхий нүүрсийг худалдан авагч талд нийлүүлсэн бөгөөд одoo 14,444.85 тонн нүүрс нийлүүлэх буюу нийт 462,235,20 ам долларын үлдэгдэл өртэй байна.

 

Гэрээний 8.2.5 дугаар заалт, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалт болон 222 дугаар зүйлийн 222.4 дэх заалтын дагуу худалдагч талын гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардаж байна.

2017 оноос хойш худалдан авагч тал нь худалдагч талын эрх бүхий хүмүүстэй удаа дараалан уулзалт хийж, үлдэгдэл нүүрсийг нэн яаралтай нийлүүлэхийг шаардаж байсан, худалдагч тал амлалт өгч байсан тул хамтын ажиллагаа, худалдагч талын үйл ажиллагааг хүндэтгэн итгэн хүлээсээр байсан.

Мөн худалдан авагч нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр худалдагч талд албан захидал хүргүүлэн, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор үлдэгдэл 14,444.85 тонн нүүрсийг нийлүүлэхийг шаардаж, хэрэв эс биелүүлбэл 2017 оны 08 дугаар сарын 20-ны дотор урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болох нийт 462,235.20 ам долларыг буцаан шилжүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн.

Худалдан авагч тал нь 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган гэрээний урьдчилгаанд төлсөн 640,000 ам долларын үлдэгдэл 462,235,20 ам долларыг буцаан авахыг нэхэмжлэн иргэний хэрэг үүсгэсэн боловч худалдагч тал нь удаа дараалан шүүх хуралдааныг хойшлуулан шүүх ажиллагаанд саад учруулж байсан. Эдгээр нөхцөл байдлуудаас үүдэн худалдан авагч талын эрх зүйн байдал дордсон.

Өвөр Монголын Боюань шиди энержи ХХК ганц мод салбар компанийн нэр худалдах худалдан авах гэрээн дээр INNER MONGOLIA BERUN SHIDI ENERGY RESOURCES Co.,LTD GANTSMOD BRANCH гэж нэрлэгдэж байгаа бөгөөд энэ нь Хятад ханзнаас Англи руу буюу латин галигаар ингэж уншигддаг боловч Монгол орчуулгаар Өвөр Монголын Боюань шиди энержи ХХК ганц мод салбар компани гэж орчуулагддаг юм.

Дээрх хоёр нэрээр орчуулагдаж буй компани нь нэг компани гэдэг нь хятад ханзаар бичигдэж байгаа албан бичгүүд болон компанийн регистрийн дугаараар батлагдаж байгаа болно гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

ЮБМ сервис ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хоёр гэрээ байгуулсан байна. Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа гэрээний талууд нь 3 талт болон 2 талт гэрээ байгуулсан. Энэ өдрийн 2016/11-.. тоот 3 талт нүүрс нийлүүлэх худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрийг нэхэмжлэгч тал нэхэмжлэл гарган шаардаж байна.

Гэрээний нэг тал нь Гуажу гэдэг Хятад компани, Өвөр Монголын Берун компани, ЮБМ сервис ХХК гэсэн гурван компани Таван толгой ХК-аас нүүрс худалдах, худалдан авахаар гэрээ байгуулсан. Энэ гэрээг Таван толгой ХХК болон Гуажу компани хоёр 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан НГ201.... тоот гэрээг үндэслэж энэ гэрээг байгуулсан.

Мөн өдөр байгуулсан 2 талт гэрээ нь ЮБМ сервис ХХК, Берун ХХК-ийн хооронд нүүрс нийлүүлэх худалдах худалдан авах гэрээг тус тус байгуулсан. ЮБМ сервис ХХК нь Өвөр Монголын Боюань шиди энержи ХХК-тай гэрээ байгуулаагүй. Гэтэл итгэмжлэл нь өөрөө алдаатай гаргасан байна. Итгэмжлэл дээрээ 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ЮБМ сервис ХХК-тай байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээний төлбөр болон түүний алданги хохирлыг гаргуулахтай холбоотой итгэмжлэлийг өнөөдөр олгосон байна. Өөрөөр хэлбэл, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 04 тоот гэрээнд олгосон итгэмжлэл байгаад байна. Тэгсэн атлаа 3 талт гэрээний үүргийг шаардаад байдаг. Төлбөр нь бэлэн мөнгө хүлээлцэх баримтаараа 11-02 тоот гэрээний төлбөр гээд 640,000 ам доллар хариуцагч компанийн дансанд Берун компаниас гэсэн утгатай орж ирсэн байдаг. Боюань шиди энержи ХХК-ийн ганц мод салбар компаниас компанийг төлөөлж итгэмжлэл олгосон нь тодорхой байна. Гэтэл өнөөдөр нэхэмжлэл гаргаж байгаа этгээд нь Боюань шиди энержи ХХК юм. Ганц мод салбар компани гэдэг нь нэхэмжлэгч талаас салбар компани гэж үздэг. Боюань шиди энержи ХХК нь толгой компани юм. Өнөөдөр толгой компани нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тийм учраас итгэмжлэл алдаатай ирсэн байна. Мөн тамга тэмдгийн хувьд зөрүүтэй байна. Монгол хэл сайн мэдэхгүй гурван гадаад хүмүүс энэ компанийг байгуулсан. Өөрсдийнх нь үйл ажиллагааны чиглэл нүүрс худалдах худалдан авах гэдэг утгаараа үүнийг бичсэн, гэтэл яг бодит байдал дээр хариуцагч компани нь зуучлалын үүрэг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, 2 хятад компани нь нүүрсийг Монгол улсын хилээр гадагшаа нэвтрүүлж болохгүй учраас Монгол компанийг оруулсан. Монгол компанийн дансанд мөнгөө шилжүүлнэ, нүүрсний эзэмшигч этгээдийн зөвшөөрлөөр мөнгийг захиран зарцуулаад байгаа юм. Хавтаст хэрэгт үйлчилгээний гэрээ Гуажу компани, ЮБМ сервис ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд маш тодорхой байна. 230,000 ам.долларыг 1 жилийн хугацаатай үйлчилгээний төлбөрт авч байна, өөрийнхөө дансаар мөнгө оруулж гаргасан, зуучлалын хөлсөнд авч байна гэдгийг гэрээнд маш тодорхой заасан байгаа. ЮБМ сервис ХХК нь үүргээ биелүүлж Гуажу компанийн хүсэлтийн дагуу мөнгийг Таван толгой ХХК-ийн данс руу Гуажу компаниас гэж 410,000 ам.долларыг шилжүүлсэн. 229,000 ам.долларыг касс руугаа гээд ЮБМ сервис ХХК авсан учир Гуажу компанитай байгуулсан зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний хөлс болох 230,000 ам.долларыг авсан. Бодит байдал дээр 100,000 ам долларыг Таван толгой ХХК-ийн удирдлагуудад өгсөн баримт байгаа юм. Тэгсэн хэр нь энэ баримт нь гар бичмэлээр үйлдэгдсэн учраас шүүхэд нотлох баримтаар өгөх боломжгүй, үүнийг ажиглагчаар сууж байгаа хүнд танилцуулах журмаар хэлж байна. Энэ хөлсөө бүрэн гүйцэт авч чадаагүй. Нүүрсний 5,555 тонн хэмжээнд талууд маргадаггүй. Нүүрс гараад явж байтал Гуажу компани, Берун компани хоёр өөрсдөө 3 талт гэрээний үүргийг зөрчөөд, хуйвалдаад 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр N120160.... тоот гэрээг байгуулсан. 3 тоот гэрээний дараа 4 тоот гэрээ байгуулсан. 3 тоот гэрээгээр нүүрсний эзэмшигч Гуажу компани 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн үндсэн худалдах худалдан авах гэрээний эрх үүргийг Берун компанид шилжүүлсэн. Бодит байдал дээр 410,000 доллар Таван толгой ХК руу орсон, түүнээс тодорхой хэмжээний нүүрсийг гаргасан. Үлдэгдэл 429 сая төгрөг Таван толгой ХК-ийн дансанд одоог хүртэл байгаа. Энэ төлбөрийг авах эрх нь Берун компанид байгаа юм.

Хавтаст хэрэгт авагдсан материалаар Алтан говь компаниас тээвэр хийлгээд нүүрсийг гадагш нь гаргасан. Гадагшаа гаргахдаа Берун компаниар гаргасан. Энэ нь хэргийн 18-88 дугаар талд маш олон хуудас баримт байгаа. Бүх нэрэнд худалдан авагч Берун компани гэж бичсэн байдаг. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 90 дүгээр хуудсанд БНХАУ-ын импортын барааг мэдүүлэхдээ Берун шиди ХХК худалдан авсан гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Боюань шиди энержи ХХК гэсэн нэр байхгүй, энэ гэрээний үүргийг биелүүлж байгаагүй, энэ гэрээнд оролцсон нь Берун шиди ХХК юм. Яагаад өнөөдрийг хүртэл шүүхэд Боюань болон Берун ХХК гэж шүүхэд төөрөгдөл үүсгэж нэхэмжлэл гаргасаар байгаа юм бэ, энэ хоёр хуулийн этгээд өөр хуулийн этгээд юм. 3 талт гэрээний тамгыг өнөөдрийн олгосон итгэмжлэл дээрх тамгатай харьцуулаад үзэхэд, итгэмжлэл дээрх тамга ханз, Өвөр Монголын бичгийг хослуулан бичсэн тамга байхад 3 талт гэрээ болон 2 талт гэрээний тамганууд ханзаар бичсэн бөөрөнхий тамга байна. Тамга тэмдэг, нэрний хувьд зөрүүтэй. Нэхэмжлэл гаргах эрхгүй хуулийн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Энэ маргааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Учир нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэгч талаас хэлсэн. Энэ маргааны талаар нэхэмжлэл гаргаагүй байдаг.

Өвөр Монголын Боюань шиди энержи ХХК болон Берун гэдэг компани хоёрын нэрний хувьд зөрүүтэй байна, алдаагаа залруул гэсэн захирамж гаргасан. Энэ захирамжид заасан алдааг нэхэмжлэгч тал өнөөдрийг хүртэл залруулаагүй. 3 талт гэрээний хугацаа нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болохоор заасан. Үйлчилгээ үзүүлэх гэрээний хугацаа 1 жил байсан учраас 2017 онд дууссан. 2017 оноос хойш 3 талт гэрээний дагуу төлбөрийг шаардах эрх өнөөдрийг хүртэл 6 жил болсон байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан 3 жилийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Байгуулагдсан гэрээний хувьд Тавантолгой ХК нь Inner Mongolia Guo Ju Import Export Trading Co.,Ltd-тай 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр НГ/2016/... дугаартай Нүүрс экспортын гэрээ байгуулж, тус гэрээгээр 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нэг тонн тутам 20,50 ам доллараар 100,000 /Нэг зуун мянга/ тонноос ихгүй хэмжээний нүүрс худалдахаар тохирсон.

БНХАУ-ын зах зээл дээрх нүүрсний үнэ өссөнтэй холбогдуулан талууд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр НГ/2016/..... дугаартай гэрээгээр нэг тонн нүүрсний үнийг 31.6 ам.доллар болгон нэмэгдүүлсэн бөгөөд мөн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр НГ/2016/..... дугаартай гэрээгээр нүүрсний үнийг 46,37 ам доллар болгон нэмэгдүүлэн гэрээнд өөрчлөлт оруулж, талууд худалдан авалт хийгдэж байсан.

2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр НГ/2016/..... дугаартай гэрээгээр Үндсэн гэрээний дагуу нийлүүлэгдэх нүүрсийг худалдан авагчийн хүсэлтээр БНХАУ-ын Inner Mongolia Guo Ju Import Export Trading Co.,Ltd-д шилжүүлэн өгөхөөр тохиролцсон ба 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр НГ/2016/..... дугаартай гэрээгээр үндсэн гэрээний хугацааг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар сунгасан.

НГ/2016/... дугаартай гэрээнд худалдан авагч тал нь худалдан авсан нүүрсийг буулгах, хадгалах, шилжүүлэн ачих, тээвэрлэх, экспортын баримт бичиг бүрдүүлэлт, гаалийн татвар хураамж гэх мэт экспортод гаргахтай холбоотой бүхий л зардлыг хариуцахаар, Худалдагч тал Худалдан авагч талын тээврийн хэрэгсэлд нүүрсийг ачиж өгөх үүрэгтэй байхаар зохицуулсан.

3.2.Худалдан авагчийн зүгээс худалдан авах нүүрсний үнийг урьдчилан төлсөн боловч тухайн дүнгийн үлдэгдэл нүүрсийг ачиж авч явах үүргээ биелүүлээгүй бөгөөд Тавантолгой ХК-ийн зүгээс худалдан авагч талын үйл ажиллагаанд саад болсон зүйл байхгүй.

Тавантолгой ХК-ийн санхүүгийн бүхий л баримтуудыг хууль хяналтын байгууллагаас шалгалт хийх зорилгоор хураан авсан бөгөөд зөвхөн тус компанийн санхүүгийн програм дахь мэдээллээс үзвэл Inner Mongolia Guo Ju Import Export Trading Co.,Ltd нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 410,000 ам доллар буюу 989,362,800 төгрөгийг Тавантолгой ХК-д шилжүүлсэн. Үүнээс

-2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1057 тонн нүүрсийг 82,789,550.37 төгрөгөөр,

-2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1251.25 тонн нүүрсийг 143,813,020.47 төгрөгөөр,

-2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2271.85 тонн нүүрсийг 260,416,522.70 төгрөгөөр,

-2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр /Гэрээний үүрэг шилжсэний дараа/ 659 тонн нүүрсийг 73,948,868.97 төгрөгөөр худалдан авалт хийж урьдчилан төлсөн төлбөрөөс хасаж тооцсон байна.

Дээрхийг нэгтгэн тайлбарлавал худалдан авагч Inner Mongolia Guo Ju Import Export Trading Co.,Ltd-аас 2016-2017 оны хооронд нийт 989,362,800.00 төгрөгийн орлогын гүйлгээ хийж, Тавантолгой ХК-аас 560,957,962.51 төгрөгийн нүүрс нийлүүлсэн ба одоогоор Тавантолгой ХК-ийн дансанд 428,404,837.49 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Худалдан авагчийн зүгээс Тавантолгой ХК-тай тооцоо нийлсэн акт үйлдэж, гэрээний үлдэгдэл төлбөрөө буцаан авах, эсхүл нүүрсийг Монгол Улсын хөрөнгийн биржийн худалдаанд оролцон авах боломжтой гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар ЮБМ сервис ХХК-иас 230,000 ам.доллар буюу 550,033,500 төгрөгийг гаргуулж Өвөр Монголын Боюань шиди энержи ХХК-д олгож, нэхэмжлэлээс 235,020 ам.доллар буюу 555,378,869 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,685,000 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 2,908,117 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ЮБМ сервис ХХК-иас шинжээчийн зардал 30,000 төгрөгийг гаргуулж Итгэлт орчуулгын товчоонд олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. "Өвөр Монголын Боюань шиди энержи ХХК нь "ЮБМ" сервис ХХК-тай гэрээ байгуулаагүй тул маргааны зүйлийг шаардах эрхгүй, 2016/11/02 дугаар 3-н талт гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан.

Худалдагч "Таван толгой"ХК нь өөрийн эзэмшлийн нүүрсийг худалдан борлуулах зорилгоор БНХАУ-ын хуулийн этгээд худалдан авагч тал болох "Inner Mongolia Guo Ju Import Export Trading компани /Guo Ju/-д 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр НГ/2016/073 дугаар Нүүрс экспортын гэрээгээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгой ХК-ийн уурхайгаас 100,000 тонн нүүрсийг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

Энэ нүүрс экспортын гэрээг үндэслэж, нүүрсний эзэмшигч болох "Inner Mongolia Guo Ju Import Export Trading" буюу Guo Ju компани нь 2016 оны 11 дүгээр сарын 02- ны өдөр худалдан авагч болох Inner Mongolia Berun Shidl energy Resources Co.LTD Gantsmod Branch" компанитай, 2016/11/02 дугаарын "Худалдах, худалдан авах" гэрээг байгуулж, нүүрсийг 32 ам.доллараар худалдахаар тохирсон. Энэ гэрээний гуравдагч тал нь "ЮБМ сервис" ХХК орж, гэрээний үнийг тус компанийн дансаар оруулан, нүүрс худалдагч "Таван толгой" ХК-д шилжүүлэхээр тохиролцсон. Учир нь Таван толгой" ХК нь хятад компаниас мөнгө авч болохгүй байсан юм.

2016/11/02 дугаар гэрээний төлбөр болох 640,000 ам.долларыг Guo Ju компанийн зөвшөөрлөөр " ЮБМ сервис" ХХК хүлээн авч, "Таван толгой ХК-ийн дансанд шилжүүлсэн, энэ үйл баримтад талууд маргаагүй. Учир нь 2016/11/02 дугаар 3-н талт гэрээ нь " ЮБМ сервис" компанийн хувьд худалдах, худалдан авах талуудыг гэрээ байгуулахад нь зуучилж өгсөн, гэрээний ерөнхий нөхцөл, бусад заалт нь зуучлалын гэрээний эрх үүрэг хүлээж, харилцаа үүссэн холимог гэрээ юм. Иймд гэрээний энэ агуулгад маргаж байхад шүүх маргаагүй гэж үзсэн нь гэрээг үнэн зөв дүгнээгүй, хууль бус дүгнэлт болсон тул шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар гомдлоо гаргаж байна.

5.2. 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 181/Ш32021/04656 дугаар иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нь "Өвөр Монголын Боюань шиди энержи" компани байгаа. Харин маргаан үүсээд буй "Inner Mongolia Guo Ju Import Export Trading" буюу Guo Ju компани нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2016/11/02 дугаарын "худалдах-худалдан авах" гэрээний худалдан авагч болох Inner Mongolia Berun Shidi energy Resources Co.LTD Gantsmod Branch" компани, "Өвөр Монголын Боюань шиди энержи" компани нүүрс худалдах 2016/11/..,2016/11/.. тоот аль ч гэрээнүүдийн алинд нь ч оролцоогүй. Иймд оролцоогүй гэрээний талаар шаардах эрхгүй этгээдийн нэхэмжлэл тул нэхэмжлэл бүхэлдээ хэрэгсэхгүй болгогдох үндэслэлтэй

5.3. Боюань шиди энержи гэж өөр хуулийн этгээд байх ба 3-н талт гэрээ болон "Таван Толгой ХК-тай байгуулсан гэрээнүүдийн тамганы дотор талд хятад ханзаар битүү бичигтэй, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн албан бичигт /хх 81 дэх тал/ дарагдсан тамганы дотор талд хятад ханзаар талд нь бичигдсэн, тамга дээрх урт тоонууд зөрүүтэй, шүүхэд гаргасан итгэмжлэл болон толгой компани гэх "Өвөр Монголын Боюань шиди энержи" ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ганц салбар компанид нүүрс импортлох гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай албан бичиг дээр дарагдсан тамганы дотор талын үсэг Уйгуржин Монгол бичиг, Хятад ханзны хольсон бичигтэй байна. Ийнхүү ганц мод салбар компани толгой компани болох "Өвөр Монголын Боюань шиди энержи ХХК, 2016/11/02 дугаар 3 талт гэрээнд дарагдсан тамга 3-лаа хоорондоо зөрүүтэй байхад шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж шүүх юунд үндэслэж байгаа нь тодорхойгүй, нотлох баримтгүй байгаа юм.

5.4. 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Иргэний хэрэг үүсгэсэн 181/Ш32018/04650 дугаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч нь "Өвөр Монголын Бэрүн Шидиэрчим хүч" ХХК гэсэн нэр байхад шүүх хөөн хэлэлцэх хугацааны тасалдал гэж дүгнээд байгаа нь хууль бус. 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн НГ/2016/073/... дугаар гэрээг байгуулсан өдрөөс эхэлж, 2016/11/02 дугаар 3-н талт гэрээний үүргийг шаардах эрх Inner Mongolia Berun Shidi energy Resources Co.LTD Gantsmod Branch" компанид үүсэж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх тул 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр уг гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Шүүх зөвлөлдөх тасалгаанд орсны дараа Иргэн 2014 программаас өөрөө нэхэмжлэлийг шалгасан гэж 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шүүгчийн захирамжаар хэрэг үүссэн хариуцагч "Юнайтед Белаз Машинери Сервис"ХХК-Д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзсэн нь Шүүх хавтаст хэргийн хүрээнд нотлох баримтыг үнэлээгүй, хэргийг шийдвэрлэж, хуулийг ноцтой зөрчсөн Хэрэгт авагдаагүй шүүгчийн захирамжийг нотлох баримтаар үнэлснээр 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 181/Ш32018/..... дугаар шүүгчийн захирамжийн нэхэмжлэгч, хариуцагч, нэхэмжлэлийн шаардлага үндэслэл ялгаатай болохыг харьцуулж үзээгүй..

5.5. Шүүх маргааны зүйл болсон нэг өдөр байгуулагдсан 3 талт гэрээ, 2 талт гэрээ болох бие даасан нотлох баримтуудыг ялгаж дүгнээгүй, 2018 онд нэхэмжлэгч нь Ганц мод салбар компаниар нэхэмжлэл гаргасан энэ хэрэгт ХХК буюу толгой компаниар нэхэмжлэл гаргасан ялгаатай. Мөн түүнчлэн 2018 онд хариуцагчаар "Юнайтед Белаз Машинери Сервис"ХХК-ийг татсан, энэ компани нь огт байхгүй компани болох нь улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийн санд тавигдсан ИХШХШТ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий үйл баримт юм. Шүүхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байгаа 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн захирамж нь өөрөө хэргийн зохигчид бүгд өөр болохыг нотолсон мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр захирамжаар тогтоогдсон үйл баримт байхад шүүх анхаарч үзсэнгүй.

5.6. Шүүх 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ам.долларын ханшаар 462,235,20 ам.долларыг тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй, учир нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 181/Ш32021/..... дугаар шүүгчийн захирамжаар үүссэн тул ИХШХШТ хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцоогүй.

Шүүхийн нотлох баримтаар үнэлсэн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн албан бичигт /хх 81 дэх тал/ Өвөр Монголын Боюань шиди энержи" ХХК гэж нэр зөрүүтэй бичсэн, 2021 онд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч нь..... Боюань шиди энержи гэдэг нэрийг ашигласан байх ба энэ бичигт "Юнайтед Белаз Машинери Сервис" ХХК-д буюу огт байхгүй компанид зааварчилгаа олгосон, тэрнээс хариуцагч "ЮБМ сервис" ХХК-тай гэрээ байгуулах эрхийг олгоогүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Энэ хэрэг 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл 4 удаа анхан шатны шүүхээр, 2 удаа давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж байна. Анх нэхэмжлэлийг компанийн нэрнүүдийн үг, үсэг зөрүүтэй байна гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болж байсан. Энэ алдаагаа залруулж, компанийн болон захирлуудын нэрийг монгол зөв орчуулгаар орчуулж, нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээж авч, хоёр удаа хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. Хариуцагч тал манай компанийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж тайлбарлаж буй нь ойлгомжгүй байна. н.Энхбаясгалан бид хоёр 2018 оноос хойш энэ маргааны талаар тайлбарлаж байна. Маргааны зүйл нь гэрээний үнийн дүнгээс төлөгдөөгүй төлбөрийг гаргуулах юм. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 366 дугаар магадлал болон 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэх эрхгүй этгээд биш гэдгийг тодорхой дүгнэсэн. Өвөр Монгол Бюань шиди энержи ХХК ганц мод салбар компанийн өмнөөс Өвөр Монгол Бюань шиди энержи ХХК нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй гэдэг дүгнэлтийг хийсэн. Монгол улсын нэгдэн орсон гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенцод Хятад улс нэгдэн ороогүй тул хэрэгт авагдсан холбогдох баримтуудыг гэрчлэх шаардлага тавигдаагүй тул хариуцагч талын нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж маргаж буй нь үндэслэлгүй гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Зуучлалын гэрээний дагуу зуучлалын хөлсийг төлсөн гэж тайлбар гаргаж байна. Талууд 2016 онд нүүрс нийлүүлэх худалдах, худалдан авах, гурван талт гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 20,000 тонн нүүрсийг 640,000 ам.доллар тухайн өдрөө нэхэмжлэгч компани ЮБМ сервис ХХК-ийн данс руу нүүрсний үнэ гэж шилжүүлсэн. Энэ нь Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулдаг. Харин зуучлалын гэрээний шинжийг агуулаагүй. Энэ хоёр компанийн хооронд зуучлалын гэрээ байгуулагдаагүй. Харин Gou Ju компани болон ЮБМ сервис ХХК-уудын хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан байх магадлалтай.

6.2. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд, манай компани 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн өдрийн долларын ханшаар тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Үүнээс хойш нэхэмжлэлийн үнийн дүнд өөрчлөлт оруулаагүй. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй. Маргааны гол зүйл нь компанийн нэр байдаг. Өвөр Монголын Бюань шиди энержи ХХК-ийн Бюань шиди гэдэг нь Хятад ханзнаас Монгол хэл рүү орчуулсан хэлбэр юм. Англи үсгээр галиглаж, Хятад хэл рүү орчуулахаар Berun Shidi гэж бичигддэг. Энэ талаарх орчуулгын тодорхойлолтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Анхан шатны шүүхээс 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжийг үндэслэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Мөн шүүхийн хүчин төгөлдөр захирамжийг баримталж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч Өвөр Монголын Боюань шиди энержи ХХК нь хариуцагч ЮБМ сервис ХХК-д холбогдуулан гурван талт нүүрс нийлүүлэх худалдах худалдан авах гэрээний дагуу нийлүүлэх үүрэгтэй байсан 20,000 тонн нүүрсний үлдэгдэл 14,444.85 тонн нүүрсний үнэ болох 462.235.20 ам доллар буюу 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Монгол Банкнаас зарласан албан ёсны долларын ханш болох 2,391.45 төгрөгөөр тооцон 1,105,412.369 төгрөгийг ЮБМ сервис ХХК-аас гаргуулахыг шаардаж нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зуучлалын хөлсөнд төлсөн 230,000 ам долларыг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч тамга тэмдэг нэрний хувьд зөрүүтэй,нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

 

2. Хэргийн үйл баримтын талаар.

2.а. Хэрэгт 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2016/11-02 дугаартай Гурван талт нүүрс нийлүүлэх-худалдах-худалдан авах тухай гэрээ авагдсан.

Худалдагч гэх талын Хаан банкны 51310..... дансанд 20,000 тонн нүүрсний төлбөр болох 640,000 ам долларыг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

 

3. Хариуцагч нь Өвөр Монголын Боюань шиди энержи ХХК-тай гэрээ байгуулсан эсэх, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхэд маргаантай байна.

3.а. Анхан шатны шүүх тус шүүхийн иргэн 2014 программаас талуудын маргаж буй шүүхэд гаргасан гэх нэхэмжлэлийг шалгаж, нэхэмжлэгч тал 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Юнайтед Белаз машинери сервис ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг 1,105,416,991 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нь тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2018/07245 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр захирамж байх тул нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасанд хамаарна. гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Учир нь анхан шатны шүүх хэрэгт авагдаагүй шүүхийн иргэн 2014 программ-аас баримт шүүж, түүнийг үнэлж, дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэн учир дутагдалтай болжээ.

Шүүхээс дээр дурдсан эрхийн актууд гарсан байх боломжтой хэдий ч түүнийг хэрэгт хавсаргасны дараагаар хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт өгөх боломжтой юм.

 

4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

4.а. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2023/01744 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,908,118 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ш.ОЮУНХАНД