Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/0065

 

“МК” ГХОХХК-ийн

нэхэмжлэлтэй, ХХЗХ-нд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:                          Х.Батсүрэн

            Танхимын тэргүүн:                      Д.Мөнхтуяа

            Шүүгчид:                                           М.Батсуурь                                  

                                                                           Ц.Цогт

            Илтгэгч шүүгч:                              П.Соёл-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга:               А.Гантогтох

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 51 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 330 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 340 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэнгэл, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Э нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: ХХЗХ- болон “Ю” ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ”-г хүчингүй болгуулах;

2.Хэргийн нөхцөл байдал: 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ХХЗХ- нь “Ю” ХХК-тай гэрээ байгуулж, 50, 55-аар эхлэх дугаарлалтыг үүрэн холбооны сүлжээнд ашиглахыг зөвшөөрч, баталгаажуулсан байна.

3.Нэхэмжлэгчээс “... Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд нийт 20 сая багц бүхий дугаарлалтыг ярианы үйлчилгээнд хуваарилахаар тусгагдсан байдгаас 4 сая дугаарлалтыг аль нэг компанид хуваарилаагүй, 16 сая дугаарлалтыг үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудад хуваарилснаас, 5 сая орчим дугаар ашиглалтад байгаа, 11 сая дугаарлалт ашиглалтгүй буюу хангалттай нөөцтэй байхад нэмэлтээр 2 сая дугаар олгосон нь хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай зарцуулаагүй, үндэслэлгүй шийдвэр болсон, Ю компанид давуу эрх олгож, тэгш өрсөлдөх нөхцөл бүрдүүлээгүй, ХХЗХ-ны хуралдаанаар гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх асуудлыг дарга ганцаараа шийдсэн, урьд нь энэ дугаарыг ашиглаж байхад “нөөц хангалттай” гэж хураан авсан атлаа нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад дахин олгосон, сонсох ажиллагаа хийгээгүй” гэж, хариуцагчаас “... Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлд хамаарах нэмэлт гэрээг байгуулахдаа Хороо хуралдаж шийдвэр гаргаж байгаагүй, Хорооны дарга шууд гэрээ байгуулж шийддэг, хууль зөрчөөгүй, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, нэг аж ахуйн нэгжид давуу байдал олгосон, тэгш бус байдал гаргасан гэх асуудлыг захиргааны хэргийн шүүх тогтоохгүй, маргаан бүхий гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, нэхэмжлэгчид ашиглагдаж байсан 55 дугаарлалтыг дараа үеийн дата үйлчилгээнд зориулж тодорхой давтамжийн зурвасыг чөлөөлсөн, заавал нэхэмжлэгч  ашиглах ёстой гэсэн ойлголт байхгүй” гэж, гуравдагч этгээдээс “... Үйлчилгээнд 88, 89, 86, 80 дугаарлалтуудыг ашиглаж байгаа бөгөөд тус дугаарлалтуудын дүүргэлт 76 хувьд хүрсэн, дугаарын нөөц нь хэрэглэгчийн тоо болон хэрэгцээ шаардлагад хүрэлцээтэй бус байгаа, хууль зөрчигдөөгүй” гэж тус тус маргажээ.

4.Анхан шатны шүүх: “... Нэмэлт гэрээг байгуулахдаа хороо хуралдаагүй, хуралдааны тэмдэглэл гараагүй, хэрхэн хэлэлцэж ийм шийдвэр гаргасан нь тодорхой бус байсан нь нотлогдсон, дүрмийн 3.1.4-д заасан Хорооны даргын бүрэн эрх нь зохицуулах хорооны тогтоол гаргах замаар шийдвэрлэх буюу тусгай зөвшөөрөлд нэмэлт оруулах асуудалд хамааралгүй, Харилцаа холбооны тухай хуульд тусгай зөвшөөрөлд нэмэлт оруулах (хуулийн 9.1.2) нь Зохицуулах хорооны бүрэн эрхэд байна, дугаар ашиглалтын нөөцийг хэрхэн тогтоосон, дугаарлалтыг үр ашигтай хуваарилах зарчим хэрхэн хангагдсан, ашиглалтын тайлан, үр ашгийн задаргааг харьцуулж үзсэн эсэх, гуравдагч этгээдийн тооцоолон ирүүлсэн баримтыг бодит байдалд нийцэж байгаа эсэхийг шалгасан эсэх, идэвхтэй хэрэглэгчийн зах зээлд эзлэх хувь хэмжээг дугаарлалтын нөөцийн судалгаатай уялдуулсан эсэх, өрсөлдөөнийг хэрхэн хангасан нотлох баримт байхгүй, зөвхөн гуравдагч этгээдийн хүсэлтийн дагуу гэрээ байгуулсан, оператор компаниудаас саналыг нь авч, зах зээл дэх судалгааны үр дүнгээр тэгш хүртээмжтэй, өрсөлдөөний зарчмыг баримтлан нэмж 2 сая дугаарыг гаргах хэрэгцээ шаардлага байсан гэдгийг хариуцагч нотолж чадаагүй. Маргаан бүхий гэрээ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ХХЗХ-ны “Ю” ХХК-тай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Ю ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын нэмэлт 31400014 тоот гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

5.Давж заалдах шатны шүүх: “... Хорооны дарга нь Хороог төлөөлж, Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй нэмэлт гэрээ байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй, бүтээгдэхүүн үйлчилгээнд ашиглахад дугаарын сонголтууд бий болгох үүднээс дугаарлалтын эрх хүссэн хүсэлтийг шийдвэрлэсэн, харин нэхэмжлэгчээс уг дугаарлалтыг хүссэн хүсэлтийг гаргаагүй, татгалзах үндэслэл тогтоогдоогүй, ХХЗХ-ны дарга нь хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, гэрээ байгуулсан байх бөгөөд өрсөлдөөнийг хязгаарласан, давуу байдал бий болгосон гэж үзэхгүй, 51, 52 зэрэг үлдэх дугаарт хүсэлт гаргах эрхийг хязгаарлаагүй” гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгч “МК” ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Буянтогтохоос давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:

6.1.Давж заалдах шатны шүүх Харилцаа холбооны тухай хууль болон ХХЗХ-ны дүрмийн заалтыг зөрүүтэй тайлбарлаж, гуравдагч этгээдэд ашигтайгаар хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн.

6.2.Хууль, дүрмээр хорооны хуралдаанд олгогдсон бүрэн эрхийг хорооны даргын бүрэн эрх мэтээр хуулиар тус тусын чиг үүрэгтэй субъектүүдийн бүрэн эрхийг нэг мэтээр тайлбарлаж, хороо өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг хорооны дарга гаргаж албажуулах эрхтэй байхад хорооны дарга итгэмжлэлгүйгээр хороог төлөөлөхдөө хорооны бүрэн эрхийг давхар эдэлдэг мэтээр хольж дүгнэсэн нь үндэслэлгүй.

6.3.Хорооны дүрмийг Засгийн газар 2016 онд шинэчлэн баталж мөрдүүлснээс хойш анх удаа дугаарлалт олгож байгаа нь өнөөдрийн маргаж буй 50, 55 болохын давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй маргааны үйл баримтыг цаг хугацаа, орон зайг буруу тодорхойлж, хуучин мөрдөгдөж байсан дүрэм журмын дагуу дүгнэсэн.

6.4.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч үйлдлээрээ хүлээн зөвшөөрч ХХЗХ- өөрийн хуулиар олгогдсон бүрэн эрхээ дээрх журамд холбогдох заалт нэмж, Хорооны дарга руу шилжүүлсэн болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Энэ маргааны хууль зүйн үйл явдал эхлэх төгсөх хугацаанд гэрээ байгуулах эрх гагцхүү ХХЗХ-нд хадгалагдаж байсан.

6.5.ХХЗХ- хууль дүрмээр хүлээсэн харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх үүргээ үл биелүүлж нэг хуулийн этгээдэд давуу байдал бий болгож, шударга өрсөлдөөнийг хязгаарласан үйлдэл гаргасан байхад Өрсөлдөөний тухай хуулийг анхан шатны шүүхээс зөрүүтэй, буруу тайлбарлаж хэрэглэсэн.

6.6.Нэхэмжлэгчээс сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын шийдвэртэй маргаагүй. Харин уг өөрчлөлтийг хариуцагчаас хэрэгжүүлэхдээ үүрэн телефоны үйлчилгээ эрхлэгч компаниудад мэдэгдэхдээ шударга өрсөлдөх боломжийг хязгаарлаж, үүрэн телефоны үйлчилгээ эрхлэгч компаниудад мэдэгдэхээсээ өмнө “Ю” ХХК-д давуу байдал бий болгож, түрүүлж мэдэгдсэн хүсэлтийг нь урьдчилж авсан гэж маргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх “өөрчлөлтийг хариуцагчаас мэдэгдээгүй талаар маргаагүй” гэж хэргийн үйл баримт маргааны үндэслэлд дүгнэлт хийлгүй, зориуд дүгнэлт хийхээс зайлсхийж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

6.7.Мөн хэргийн оролцогчдын маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож тайлбарлаагүй асуудлаар буюу 52, 53 гэх мэт дугаарлалтын асуудлаар хийсвэр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэжээ.

7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 340 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Буянтогтохын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

8.Хариуцагч, гуравдагч этгээд нарт 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч талаас хяналтын журмаар гомдол гаргасан тухай мэдэгдсэн, хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9.Давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

10.Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.2-т “хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд үүрэн холбооны сүлжээний дугаарлалтын нэмэлт гэрээ байгуулах эрх ХХЗХ-ны даргад олгогдоогүй байна.

11.Хуулийн дээрх заалтад зааснаар ХХЗХ-ны шийдвэрлэвэл зохих асуудлыг нэрлэн заасны дотор тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээ байгуулах асуудлыг Хороо хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр тусгайлан заасан байхад энэхүү маргааны тухайд, ХХЗХ-ноос нэмэлт гэрээ байгуулах эсэхийг хэлэлцэж, шийдвэрлээгүй байхад Хорооны дарга дангаар шийдвэрлэж, тусгай зөвшөөрөлд нэмэлт оруулж, хуулиар олгогдоогүй эрх эдэлжээ.

12.Давж заалдах шатны шүүхээс “... Хорооны дарга нь хороог төлөөлж, нэмэлт гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй” гэсэн дүгнэлтээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу бөгөөд хуулийн дээрх заалтыг буруу тайлбарласан байна.  

13.Тодруулбал, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Өмчийн бүх төрлийн аж ахуй нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй ХХЗХ- ажиллана” гэж, 8.2-т “Зохицуулах хороо нь дарга, орон тооны бус 6 гишүүнээс бүрдэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд Зохицуулах хороо нь хамтын удирдлагын байгууллага бөгөөд Хорооны дарга нь хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын хүрээнд, Хороог төлөөлөх чиг үүрэгтэй.

14.Гэтэл давж заалдах шатны шүүхээс Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар тогтоолоор баталсан ХХЗХ-ны дүрмийн 3.1-д “Хорооны дарга дараах бүрэн эрхтэй”, 3.1.4-д “хороог гадаад дотоодод итгэмжлэлгүйгээр төлөөлөх” гэснийг маргааны үйл баримтад хэрэглэсэн нь буруу бөгөөд энэхүү маргааны үйл баримт нь Хорооны даргаас Хороог төлөөлж явуулах үйл ажиллагаанд хамааралгүй, харин Хорооны бүрэн эрх, шийдвэрлэх асуудлын цар хүрээгээр хязгаарлагдаж байна.

15.Түүнчлэн, давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэж буруу дүгнэсэн буюу нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “манай компани 55 дугаарлалтыг өмнө нь ашиглаж байсан бөгөөд хэт их дугаарлалтын нөөц бий болсон гэх үндэслэлээр хурааж авсан атлаа нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад “Ю” ХХК-д ашиглуулахаар олгосон, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй” гэж маргасан, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, маргаан бүхий 55 дугаарлалтыг нэхэмжлэгч хуулийн этгээд урьд нь ашиглаж байсан болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөөгүй гэж үзэхгүй.

16.Давж заалдах шатны шүүхийн “... үлдэх 51, 52, 53, 54, 56, 57, 58, 59 дугаарлалтад хүсэлт гаргах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлаагүй ...” гэх дүгнэлт нь маргааны үйл баримтад хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.

17.Дээрх үндэслэлүүдээр, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 330 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 51 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “МК” ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Х.БАТСҮРЭН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                             М.БАТСУУРЬ

                                                                          Ц.ЦОГТ

   П.СОЁЛ-ЭРДЭНЭ