Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/0072

 

“Т с м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн,

хэрэглэгчийн төлөө газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, Танхимын тэргүүн:   Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                      Х.Батсүрэн

                                                     П.Соёл-Эрдэнэ

                                                     Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                             М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: А.Гантогтох

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2022/0474 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 511 дүгээр магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 441 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлоор, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, Д.О, Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, У.Х нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Т с м” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан “... тус газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох тухай” 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргасан.

2. Хэргийн нөхцөл байдал: “Т с м” ХХК нь 2017 оны 12 дугаар сард автомашины худалдаа эрхлэх үндсэн чиглэлээр Монгол Улсад үүсгэн байгуулагдаж, 2018 оны 01 дүгээр сараас “Т” брэндийн Монгол дахь цор ганц бүрэн эрхт албан ёсны дистрибьютерийн хувиар албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тухайн компаниас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0/102 дугаар албан бичгийн дагуу холбогдох судалгааны ажилд шаардлагатай мэдээллийг хүргүүлсэн байх бөгөөд захиргааны байгууллагаас Монгол Улсад борлуулагдаж буй импортын шинэ суудлын автомашины зах зээлийн судалгааны ажлын талаар хэлэлцэх сонсох ажиллагаанд “Т с м” ХХК-ийг  оролцуулж, улмаар 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор суудлын шинэ автомашины импортын зах зээлд  давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоожээ.

2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хуулиар олгосон эрх хэмжээг урвуулан, зах зээлийг хэт явцуу утгаар тодорхойлж, зах зээлийг бүтээгдэхүүн, үйлчилгээний ангилал төрлөөр бус, “шинэ”, “хуучин” гэх шинж чанараар хувааж буй нь “Т с м” ХХК-ийг үндэслэлгүйгээр давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтооход хүргэсэн, үүний улмаас компани Өрсөлдөөний тухай хуулиар тогтоосон холбогдох хязгаарлалтад орж, эрх ашиг хөндөгдөж байна ...” гэж тодорхойлон маргасан.

2.2. Хариуцагч маргаан бүхий тушаалын үндэслэлдээ Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 15 дугаар зүйлийн 15.1.6, 16 дугаар зүйлийн 16.8, Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”, Засгийн газрын 2012 оны 66 дугаар тогтоолоор баталсан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрэм”-ийн 3.5, 4.1 дэх заалтуудыг тус тус баримталсан; хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “... Монгол Улс өөрөө үйлдвэрлэгч орон биш, бүх авто машинууд импортоор орж ирж байгаа тул олон улсад баримталж байгаа стандартыг Монгол Улсад шууд баримтлах нь учир дутагдалтай, ... Монгол Улсын стандартаар автомашины хүрээ зах зээлийг тодорхойлох нь зөв гэсний үндсэн дээр давамгай байдалтай аж ахуйн эрхлэгч гэж тогтоосон, ... уг тогтоол нь бүрэн дүүрэн хийсэн судалгааны үндсэн дээр хийгдсэн тул хууль зүйн үндэслэлтэй, ... шинэ хуучин автомашины хооронд ялгаатай тул шинэ автомашиныг хуучин автомашинаар орлох боломжгүй гэж үзсэн ...” гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 15 дугаар зүйлийн 15.1.6 дахь заалтыг баримтлан “... хариуцагч захиргааны байгууллага нь журамд заасны дагуу судалгааг хийгээгүй, зарим харгалзах хүчин зүйлийг огт тооцоогүй буюу дутуу тооцсоноос маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон судалгаа нь үндэслэл муутай, тус судалгааг үндэслэн гарсан маргаан бүхий актын үндэслэлд шүүх эцэслэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй, судалгаагаар тогтоогдвол зохих үйл баримт нь шүүхийн шинжлэн судлах боломж, цар хүрээнээс хэтэрсэн ...” үндэслэлээр маргаан бүхий Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох тухай” 01 дүгээр тогтоолыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартай болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 15 дугаар зүйлийн 15.1.6 дахь заалтыг баримтлан “... хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянах боломжтой байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй, ... нэхэмжлэгч “Т с м” ХХК нь нийт худалдан авалтын гуравны нэгээс дээш борлуулалт хийсэн нь тогтоогдож байх тул түүнийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоол нь хуульд нийцсэн төдийгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй ...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 441 дүгээр тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

6. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл

6.1. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, С.Б, өмгөөлөгч Э.Б нар магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т зааснаар гомдол гаргасан.

6.1.2. “Нэг: Шүүхүүд хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд. а/Анхан болон давж заалдах шатны шүүх “бараа бүтээгдэхүүний хүрээ”-г тодорхойлох Өрсөлдөөний тухай хууль, холбогдох журмын зохицуулалтыг зөрүүтэй тайлбарласан талаар. ШӨХТГ нь маргаан бүхий тохиолдолд бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлохдоо “Авто тээврийн хэрэгсэл. Төрөл, нэр томьёо, тодорхойлолт MNS ISO 3833:2010” стандартыг үндэслэсэн ба уг стандартад суудлын автомашиныг ердийн бүхээгтэй, уртасгасан бүхээгтэй, зорчигчийн олон зориулалттай гэж ангилсан байна. Энэ тухай анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ тусгасан бөгөөд “... энэхүү стандартад заагаагүй буюу шинэ, хуучин гэх ангилал үүсгэн хүрээг тодорхойлсон нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн байтал, давж заалдах шатны шүүх нь “MNS ISO 3833:2010 стандартын ангилалд авто тээврийн хэрэгслийг суудлын автомашин, ачааны автомашин, тусгай зориулалтын автомашин гэж ангилсан хэдий ч импортоор үйлдвэрлэгчээс шууд орж ирсэн болон хэрэглэгдэж байсан суудлын автомашин нь харилцан үл орлох шинж чанартай гэж үзэн зах зээлийн хүрээг ялган тодорхойлж, энэхүү агуулгаар давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон нь журмын зохицуулалтыг хэрэглээгүй гэж үзэхээргүй байна” гэж алдаатай дүгнэлт гаргасан. Энэ нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тохиолдол бөгөөд ШӨХТГ нь бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлохдоо үндэсний стандартыг баримтлах үүрэгтэй, зарим тохиолдолд баримтлахгүй ч байж болно гэх ялгаатай ойлголт, сөрөг хууль зүйн үр дагаврыг үүсгэх эрсдэлтэй байна.​​​​​​​

6.1.3. ШӨХТГ нь 2022.07.18-ны өдрийн давах гомдолд бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлохдоо АНУ-ын Хэрэглээний үнийн индекс буюу СРI-д үндэслэсэн гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн ... гадаад улсын үнийн индексэд тулгуурлан MNS ISO 3833:2010 стандартыг нарийсгах хууль зүйн хувьд боломжгүй, ... ШӨХТГ-ын байгууллагын нууцын дардастай шүүхэд гаргаж өгсөн 9 хуудас судалгаанд энэ тухай огт дурдаагүй бөгөөд хавтаст хэрэгт ч мөн үүнтэй холбоотой ямар нэгэн баримт авагдаагүй, ... хариуцагчийн зүгээс маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа болон анхан шатны шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа дээрх үнийн индекс болон СРI-д үндэслээгүй, түүнийг ашиглаагүй, түүнчлэн Өрсөлдөөний тухай хууль болон Засгийн газрын холбогдох журам, MNS ISO 3833:2010 стандартыг хэрэглээгүй болох нь илэрхий тодорхой байх бөгөөд уг үйл баримтад хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.​​​​​​​

6.1.4. б/ШӨХТГ нь бараа бүтээгдэхүүний хүрээг дур мэдэн тодорхойлсон бөгөөд холбогдох журмыг зөрчиж, олон улсын болон дотоодын стандарт, кодыг баримтлаагүй тухай. Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6 дахь зохицуулалтын дагуу Засгийн газраас 2010 оны 298 дугаар тогтоолын хавсралтаар “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ыг баталсан. Дээрх журмын 2.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг дараахь үе шатаар тогтооно:”, 2.2.1-д “бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох;”, 2.2.2-т “зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох;”, 2.2.3-т “зах зээлийн төвлөрлийг тооцох;”, 2.2.4-т “зах зээлийн хүчийг тодорхойлох” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтай эсэхийг тогтоохдоо хамгийн түрүүнд “тухайн бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох” шаардлагатай байдаг. Бараа бүтээгдэхүүний хүрээг зөв тодорхойлсноор дараагийн үе шатуудад дурдагдсан нөхцөлүүдийг алдаа мадаггүй тогтоох боломжтой болох нь тус журмын зохицуулалт, бүтцээс илэрхий харагддаг. ​​​​​​​

6.1.5. Гэвч маргаж буй хэрэгт ШӨХТГ-аас бараа бүтээгдэхүүний хүрээг “суудлын шинэ автомашины импортын зах зээл” гэж үндэслэлгүй тодорхойлсон байгаа нь хүчин төгөлдөр үйлчилж буй олон улсын ангилал, дотоодын ангилал буюу “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”, дотоодын стандарт буюу “Авто тээврийн хэрэгсэл. Төрөл, нэр томьёо, тодорхойлолт MNS ISO 3833:2010 стандарт”, дотоодын код буюу “Бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгдсэн ангилал, 2007” зэрэг баримт бичгүүдэд огт нийцээгүй, тэдгээрт тусгагдаагүй. Мөн ШӨХТГ нь дээрх журмын 2.2.4-т заасан зах зээлийн хүчийг тодорхойлоогүй бөгөөд анхан шатны шүүх хуралдаан дээр “тодорхойлох шаардлагагүй гэж үзсэн” гэх тайлбар тавьж Монгол Улсын Засгийн газраас баталсан журмыг илэрхий зөрчсөн, үл ойшоосон үйлдэл, хандлага гаргасаар байна. ​​​​​​​

6.1.6. Улмаар ШӨХТГ нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа үндэслэл болгосон судалгааны явцад “суудлын шинэ автомашины импортын зах зээл” гэсэн ангиллыг бий болгож бараа бүтээгдэхүүний хүрээг хэт явцуу хүрээнд үндэслэлгүй тодорхойлсон. Ингээд тухайн зах зээлд “Т с м” ХХК-ийг төвлөрөл өндөртэй буюу 2019 онд 68.95%, 2020 онд 60.45%-ийг эзэлж байна гэх буруу дүгнэлт гаргасан. Нэхэмжпэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтад дурдсанчлан “Т с м” ХХК нь “суудлын автомашины импортын зах зээл”-д 2019 онд ердөө 2.6%, 2020 онд 2.3%-ийг эзэлж байна.​​​​​​​

6.1.7. в/Давж заалдах шатны шүүх нь суудлын шинэ болон хуучин автомашин нь харилцан орлогдох боломжгүй гэж буруу дүгнэлт гаргасан тухай. “Зүй ёсны монополь, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 3.2-т “Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох нь бараа бүтээгдэхүүнийг хэрэглээ, зориулалтаар нь ангилж, тэдгээрийн харилцан орлох бараа бүтээгдэхүүний бүлгийг тодорхойлоход чиглэгдсэн үйл ажиллагаа ...” гэж заасан бөгөөд маш тодорхой үе шатуудын дагуу холбогдох судалгааг хийхээр журамласан байдаг. ШӨХТГ-аас уг журамд заасан холбогдох судалгааг зохих ёсоор, бүрэн гүйцэт хийгээгүй атлаа “суудлын шинэ автомашины импортын зах зээл” гэсэн ангиллыг зохиомлоор үүсгэн нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн. ​​​​​​​

6.1.8. Энэ талаар анхан шатны шүүхээс “...шинэ, хуучин автомашины тухайд хэдийгээр насжилтын хувьд зөрүүтэй боловч хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг хангахын тухайд нэг нэгнээ орлох боломжтой” гэж дүгнэсэн нь ойлгомжтой бөгөөд хууль болон холбогдох журмын зохицуулалтад нийцсэн. Харин давж заалдах шатны шүүх “... MNS ISO 3833:2010 стандартын ангилалд үндэслэн суудлын автомашин, ачааны автомашин, тусгай зориулалтын автомашин гэж ангилах бөгөөд эдгээр автомашинуудын шинж байдал, хэрэглэх онцлог, зориулалт нь харилцан орлох боломжгүйг харгалзан үзэж нэг хүрээ буюу бие даасан нэг зах зээл гэж үзэж шинэ суудлын автомашины тухайд бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлсон нь үндэслэлтэй" гэж ойлгомжгүй бөгөөд алдаатай дүгнэлт гаргасан.​​​​​​​

6.1.9. Суудлын автомашин, ачааны автомашин, тусгай зориулалтын автомашин нь нэгнээ орлох боломжгүй, хэрэглээ, зориулалтын хувьд ялгаатай гэдэг нь MNS ISO 3833:2010 стандартын ... тодорхойлолтоос илэрхий харагддаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс суудлын автомашин, ачааны автомашин, тусгай зориулалтын автомашин нь шинж байдал, хэрэглэх онцлог, зориулалтаараа харилцан орлогдох боломжгүй гэж дүгнэсэн атлаа суудлын автомашин гэх ангиллыг дотор нь нарийсгаж шинэ, хуучин гэж хувааж, тухайн шинэ болон хуучин суудлын автомашин нь яг ямар үндэслэлээр харилцан орлогдох боломжгүй талаар үндэслэлтэй дүгнэлт, тайлбар огт өгөөгүй ... ​​​​​​​

6.1.10. 2014.06.16-ны өдрийн “Х ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт ... бичигдсэн тусгай саналын дүгнэлтээс үзвэл, “суудлын автомашин” нь шинэ, хуучин эсэхээс үл хамааран хэрэглээ, зориулалтын хувьд орлогдох боломжтой “ижил төрлийн бараа бүтээгдэхүүн” гэх ангилалд багтах нь ердийн мэдлэгийн түвшинд илэрхий тодорхой үйл баримт байх бөгөөд маргаан бүхий захиргааны актыг үндэслэлтэй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүх илэрхий алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэх үндэстэй байна. ​​​​​​​

6.1.11. г/Давж заалдах шатны шүүх Өрсөлдөөний тухай хууль, холбогдох журмын зохицуулалтын хэрэглээний талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн талаар.  ... Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалын 3.9-д маргаан бүхий асуудлаар холбогдох хуулийн зүйл, заалтыг оновчтой тайлбарлан хэрэглэхэд ижил төрлийн маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг иш татаж болохоор зохицуулсан байна. Тухайлбал, “Монгол телевиз” ХХК-ийн нэхэмжлэлтэй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт холбогдуулан гаргасан ... захиргааны хэрэгт хариуцагч ШӨХТГ нь Өрсөлдөөний тухай хууль, бусад холбогдох хууль, Засгийн газрын журмыг тус тус баримталж “гуравласан үйлчилгээний зах зээл” гэж буюу тодорхойлох боломжгүй гэж мэтгэлцсэн атлаа, “Т с м” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт 100 хувь эсрэг байр суурь илэрхийлж оролцож, байр сууриа үгүйсгэж байгаа төдийгүй, давж заалдах шатны шүүхээс Өрсөлдөөний тухай хууль, Засгийн газрын журмын нэг зохицуулалтыг ялгамжтай хэрэглэж, эрс зөрүүтэй шийдвэр гаргаж байгаа нь цаашид уг хууль хэрэглээний зөрүүтэй шийдвэрлэгдэж буй асуудлыг Монгол Улсын дээд шүүхээс хүлээн авч нэг мөр шийдвэрлэх шаардлагатай болохыг харуулж байна. Ингэснээр ШӨХТГ нь бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлохдоо холбогдох хууль, дүрэм, журам, ангилал, стандарт, код, шаардлагыг тухайн нөхцөл байдлаас хамааран өөрийн үзэмжээр шийдвэрлэж болно гэх хууль бус практик тогтохоос урьдчилан сэргийлж, шүүхээс маргааныг шийдвэрлэх замаар “эрх зүйг хөгжүүлэх”-д чухал алхам болох юм.​​​​​​​

6.1.12. д/Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон акт нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шинжийг хангаагүй тухай. ... “Т с м” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон ШӨХТГ-ын акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий шинжийг хангаагүй, ... маргаан бүхий захиргааны актад “суудлын шинэ автомашины импортын зах зээл” гэж тодорхойлон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон боловч, шийдвэрийг гаргах үндэслэл болсон судалгаандаа тус компанийн 2019, 2020 борлуулалтын орлогыг шалгуур үзүүлэлт болгож, улмаар борлуулалтын 60-аас дээш хувийг эзэлж байна гэдэг үндэслэлээр шийдвэр гаргасан нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон томьёолол, шалгуур үзүүлэлт илт зөрүүтэй болох нь тодорхой харагдаж байна ... ​​​​​​​

6.1.13. Маргаан бүхий захиргааны актыг гаргахад үндэслэл болгосон тоон мэдээлэл, “Т с м” ХХК-ийн импортолсон суудлын автомашины тоо илт зөрүүтэй байгаа нь ШӨХТГ-ын судалгааг үнэн зөв бүрэн дүүрэн хийгдээгүй, бодит байдалд нийцээгүй дүгнэлт гаргасан байна. Хариуцагч байгууллагын тодорхойлсноор “шинэ автомашин” гэх ангилал байхгүй, шинэ болон хуучин автомашин нь нэг зах зээл атал, зөвхөн 3 хүртэлх жилтэй суудлын автомашины тоонд харьцуулж “Т с м” ХХК-ийг 2019 онд борлуулалтын 68.95%, 2020 онд борлуулалтын 60.45% эзэлж байна гэх дүгнэлт хийсэн нь огт үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй, илэрхий алдаатай болох нь тодорхой байна. Уг үйл баримтад анхан шатны шүүх “хариуцагч захиргааны байгууллага нь журамд заасны дагуу судалгаа хийгээгүй, зарим харгалзах хүчин зүйлийг огт тооцоогүй буюу дутуу тооцсоноос маргаан бүхий захиргааны акт гаргах үндэслэл болсон судалгаа нь үндэслэл муутай, ...” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч, давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн дээрх зөрүүтэй, алдаатай тооцооллыг зөвтгөж, улмаар хариуцагч ШӨХТГ-ын судалгааг өмнөөс нь хийж, нэхэмжлэгч компанийг борлуулалтын зах зээлийн 61,2%-г эзэлж байна гэх дүгнэлт хийсэн нь огт үндэслэлгүй байна.​​​​​​​

6.1.14. Хоёр: ХХША-ны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар. Давж заалдах шатны шүүх нь “Т с м” ХХК-ийг бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай аж ахуй эрхлэгч гэх алдаатай бөгөөд шүүхээр тусдаа шийдвэрлэгдэж буй зөрчлийн хэргийн талаар урьдчилсан дүгнэлт гаргасан тухайд: Давж заалдах шатны шүүх, хариуцагчийн илт хууль зүйн үндэслэлгүй гомдлоор хэргийг хянахдаа, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасан “шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ...” журмыг зөрчсөн. Хариуцагчаас гомдолдоо магадлалын “Хянавал” хэсгийн 16 дахь хэсэгт заасан 2102000392 дугаар зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтуудын талаар огт дурдаагүй байхад энэ талаар сайн дураар дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, ... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэрийг гаргахдаа маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй, акт гаргаснаас хойш үүссэн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан, энэхүү хэрэгт хамааралгүй үйл баримтын талаар дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д заасныг зөрчсөн. ​​​​​​​

6.1.15. Учир нь, талууд “Т с м” ХХК-ийг суудлын шинэ автомашины импортын зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021.02.26-ны өдрийн 01 тоот тогтоол хуульд нийцсэн эсэхэд маргасан. Энэхүү тогтоолыг гаргахдаа хариуцагч нь Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуйн эрхлэгчийг тогтоох журам”-д заасны дагуу 2021.01.22-ны өдрөөс судалгаа хийсэн гэдэг. Гэтэл давж заалдах шатны шүүх уг тогтоол батлагдсанаас хойш 7 сарын дараа талуудын хооронд үүссэн өөр хэрэг маргааны үйл баримтын талаар дурдсан. Давж заалдах шатны шүүхийн дүгнэсэн уг баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны бүхий захиргааны актыг түдгэлзүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор анхан шатны шүүхээс өөрийн санаачилгаар цуглуулсан баримт бөгөөд тус уг захиргааны хэрэгт зохигчийн аль нэг талын тайлбар, татгалзлын үндэслэл болсон баримт биш юм. Тодруулбал. давж заалдах шатны шүүх хариуцагч талын давж заалдах гомдолдоо дурдаагүй, анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтад хамааралгүй буюу одоогийн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь түдгэлзсэн байгаа өөр хэрэг маргааны талаар дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Ийнхүү одоогийн байдлаар түдгэлзсэн байгаа хэрэг маргааны талаар дүгнэлт хийсэн нь тухайн түдгэлзсэн хэргийн шийдвэрлэлтэд шууд нөлөөлж, нэхэмжлэгчийн зүгээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан эрх зүйн байдлыг улам дордуулах нөхцөл байдлыг үүсгэхээр байна ...​​​​​​​

6.1.16. Анхан шатны шүүх, маргаан бүхий захиргааны акт, хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбарын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн боловч шийдвэр гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримталж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй, ... нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрт заасны дагуу хариуцагч ШӨХТГ нь Өрсөлдөөний тухай хууль, холбогдох журамд заасны дагуу холбогдох судалгааг зөв хийж, “бараа бүтээгдэхүүний хүрээ”-г зөв тодорхойлсон тохиолдолд “Т с м” ХХК нь “давамгай байдалтай аж ахуй эрхлэгч”-ийн тогтоогдохгүй гэж үзсэн учир давж заалдах журмаар гомдол гаргаагүй болно. Монгол Улсын дээд шүүх нь уг хэргийг хүлээн авч ШӨХТГ нь зах зээлийн хүрээ хязгаарыг дур мэдэн тодорхойлох эрхтэй эсэх, Өрсөлдөөний тухай хууль, Монгол Улсын Засгийн газраас гаргасан журмыг баримтлахгүй байх эрхтэй эсэх, бараа бүтээгдэхүүний хүрээг дур мэдэн өөрийн үзэмжээр тогтоох туйлын бүрэн эрхтэй эсэхийг тус тус эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү ...” гэжээ.​​​​​​​

6.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т зааснаар гомдол гаргасан. ​​​​​​​

6.2.1. “... Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд: а/Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ” гэж заасныг тайлбарлаж, хэрэглэсэн байх хэдий ч зөрүүтэй хэрэглэсэн байна. ​​​​​​​

6.2.2. Шүүхүүдийн шийдвэр, магадлалаас үзвэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны актад тохирсон дүгнэлт хийж, зөвхөн “суудлын автомашин”-ны зах зээлээр хүрээг тодорхойлж шийдвэрлэсэн нь хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин давж заалдах шатны шүүх талуудаас маргаагүй буюу “суудлын автомашин, ачааны автомашин, тусгай зориулалтын автомашин”-уудыг харилцан орлох боломжгүй, бие даасан нэг зах зээл гэж дүгнэж, зөвхөн суудлын автомашины зах зээлээр маргааны хүрээг тодорхойлохгүй, маргаанд болон хоорондоо харилцан хамааралгүй автомашины ангиллыг нэг мэтээр дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасантай нийцэхгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. 

6.2.3. б/ ... Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, стандартад автомашиныг, суудлын автомашиныг “шинэ, хуучин” гэж ангилсан зохицуулалт огт байхгүй байна. Харин Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т суудлын автомашинд онцгой албан татвар ногдуулахаар зохицуулсан байх бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Энэ хуулийн 4.1.4-т заасан суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан ...” гэж заасан. Тодруулбал, тус хуульд зааснаар суудлын автомашиныг үйлдвэрлэгдсэн оноос нь хамаарч 0-3 жил, 4-6 жил, 7-9 жил, 10 ба түүнээс дээш жил гэж 4 ангилж, хөдөлгүүр цилиндрийн багтаамжаар нь 1500 ба түүнээс доош, 1501-2500, 2501-3500, 3501-4500, 4501 ба түүнээс дээш гэж 5 ангилжээ. Өөрөөр хэлбэл, дээрх хууль, дүрэм, стандартад зааснаар суудлын автомашиныг “үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа” болон “хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж”-аар нь ангилан хуульчилсан байхад “шинэ, хуучин” гэж ялгаж давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох нь үндэслэлгүй бөгөөд захиргааны байгууллага үйл ажиллагаандаа хууль дээдэлж, хуулийг нэг мөр хэрэгжүүлж, зөвхөн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах үүргээ үл биелүүлж, өөрийн үзэмжээр зах зээлийг тодорхойлсон нь хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байна.​​​​​​​

6.2.4. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас, нэхэмжлэгч компанийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоохдоо тус компанийн импортолдог автомашиныг үйлдвэрлэгдсэн оноос нь хамаарч 0-3 жилтэй суудлын автомашин импортолдог гэж үзээд, түүнийгээ шууд “шинэ суудлын автомашин” гэж хуульд нийцэхгүй үндэслэлээр тодорхойлж байхад давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэлгүй “... 0-3 жилийн насжилттай ... шинэ автомашины тоог Гаалийн ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01-1/3336 дугаар албан бичгээр ирүүлсэн судалгаанаас харьцуулан дүгнэх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийн зөв дүгнэж хэрэглэсэн Монгол Улсын Авто тээврийн хэрэгсэл, төрөл, нэр томьёо, тодорхойлолт MNS ISO 3833:2010 стандартыг илт зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ” гэж заасны “тодорхой бараа бүтээгдэхүүн” гэх урьдач нөхцөлд “шинэ суудлын автомашин” гэх ангилал хамаарахгүй гэж үзэх үндэслэлтэй.​​​​​​​

6.2.5. в/Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ” гэж заасны “тодорхой бараа бүтээгдэхүүн” гэх урьдач нөхцөлд “шинэ суудлын автомашин” гэх ангилал хамаарахгүй гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “"бараа бүтээгдэхүүн" гэж зах зээлд худалдах, солилцох, эргэлтийн өөр нэг хэлбэрт оруулах зориулалттай бүх төрлийн эд юмс, төлбөрийн хэрэгсэл, ажил, үйлчилгээ, шилжүүлж болох эрх зэргийг” гэж зааснаас үзвэл суудлын автомашины хувьд “тодорхой бараа бүтээгдэхүүн” гэдэгт MNS ISO 3833:2010 стандартад заасан ердийн бүхээгтэй суудлын автомашин, эвхэгддэг бүхээгтэй суудлын автомашин, уртасгасан бүхээгтэй суудлын автомашин, зорчигчийн олон зориулалттай суудлын автомашин, богиносгосон бүхээгтэй суудлын автомашин, богиносгосон эвхэгддэг бүхээгтэй суудлын автомашин, ачаа зорчигчийн зориулалттай, урд хэсгээ бүрэн хянах суудлын автомашинууд хамаарна гэж үзэх үндэслэлтэй ...​​​​​​​

6.2.6. г/ Анхан шатны шүүх “... хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа тухайн бараа бүтээгдэхүүний хүчийг тодорхойлохгүйгээр гаргасан нь ... хууль зүйн үндэслэлгүй” гэж “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ыг хэрэглэх талаар зөв дүгнэж байхад давж заалдах шатны шүүх журмын 2.2.4-т “зах зээлийн хүчийг тодорхойлох” гэж заасныг орхигдуулж, дээрх 4 хүчин зүйлийн аль нэг шаардлагыг нь хангаж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзэж болохоор дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхээс зөрүүтэй дүгнэлтийг хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна ... Хариуцагч байгууллагаас Монгол Улсад импортлогдсон автомашиныг үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаагаар нь судалсан атлаа хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжаар нь судлаагүй байна. Нөгөөтэйгүүр судалгааг хийхдээ суудлын автомашиныг үйлдвэрлэгдсэн оноос нь хамаарч 0-3 жилтэй суудлын автомашиныг шууд “шинэ суудлын автомашин” гэж үзэж, Монгол Улсад үйлдвэрлэгдсэн оноос хойших 0-3 жилтэй автомашин импортолдог бусад компаниудын импортолсон суудлын автомашины тоо ширхэгтэй харьцуулж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд хувь иргэдийн импортолдог үйлдвэрлэгдсэн оноос хойших 0-3 жилтэй суудлын автомашины тоо ширхэгийг хамааруулаагүй нь үндэслэлгүй болсон ...​​​​​​​

6.2.7. Гаалийн ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01-1/923 тоот албан бичгийн хавсралтад “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/-ИЙН дагуу суудлын автомашины ангиллын кодын үндэсний задаргаа нь шинэ, хуучин автомашинаар нь зааглаагүй. Үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа нь 0-3 жил, 4-6 жил, 7-9 жил, 10 ба түүнээс дээш жилээр нь кодолсон байдаг” гэж тодорхой дурдсан байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Тодруулбал, давж заалдах шатны шүүх “... 2019, 2020 оны борлуулалтын нийт дүнгийн 61.2 хувийг “Т с м” ХХК дангаараа эзэлж байна” гэж хэрэгт авагдсан бодит тоон мэдээллээс зөрүүтэй дүгнэж, түүнийгээ үндэслэн “... Т с м ХХК нь нийт худалдан авалтын гуравны нэгээс дээш борлуулалт хийсэн нь тогтоогдож байх тул түүнийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоол нь хуульд нийцсэн төдийгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй ...​​​​​​​

6.2.8. Гаалийн ерөнхий газрын бодит тоон мэдээллээс үзвэл хариуцагч байгууллагын “шинэ суудлын автомашин” гэж тодорхойлж байгаа үйлдвэрлэгдсэн оноос нь хамаарч 0-3 жилтэй суудлын автомашины импортын зах зээлийн гуравны нэг буюу түүнээс дээш хувийг “Т с м” ХХК эзлээгүй болох нь тодорхой нотлогдож байна ...​​​​​​​

6.2.9. д/ Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 298 дугаар тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 2.1, 2.1.1, 2.1.2 дахь зохицуулалтыг анхан шатны шүүх маргааны үйл баримттай уялдуулж “... хэдийгээр насжилтын хувьд зөрүүтэй боловч хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг хангахын тухайд нэг нэгнээ орлох боломжтой, мөн хариуцагчийн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хийсэн судалгаанаас үзвэл тус зах зээлд шинээр аж ахуй эрхлэгч нэвтрэн ороход эдийн засгийн болон хууль, эрх зүйн боломж хязгаарлагдмал нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж зөв тайлбарлан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ... Хариуцагчийн шинэ суудлын авто машины зах зээлийг хуучин суудлын авто машин орлохгүй гэх үндэслэлийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзсэн нь бодит байдалд үл нийцсэн шийдвэр болсон ...​​​​​​​

6.2.10. Бодит байдал дээр суудлын автомашин хэрэглэгчид “үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа” болон “хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж”-аар нь харгалзан үзэж өөрийн эдийн засгийн байдал, хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн сонголтоо хийж, хэрэглэдэг байхад давж заалдах шатны шүүх бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлгүй “харилцан орлох боломжгүй” гэж үзсэн хэт хийсвэр дүгнэлт болсон гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, хэрэглэгчийн хүссэн бараа байхгүй тохиолдолд зориулалтын дагуу орлуулах боломжтой, нэг бүлэгт багтдаг, зориулалт нь нэг, төрлийн хувьд адил бараа бүтээгдэхүүнийг харилцах орлох боломжтой бараа бүтээгдэхүүн гэж үздэг болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй ...​​​​​​​

6.2.11. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, үйл баримт, холбогдох хууль, стандарт, дүрмийг зөв хэрэглэж, дүгнэсэн атлаа шийдвэрээ гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг буруу тайлбарлан шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, захиргааны актын алдааг нөхөн гүйцэтгэх, судалгааг шинээр хийх алдааг засах боломжгүй цаашид тодруулан шалгах үйл баримт нэгэнт байхгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн үйл баримт тогтоогдоогүй, ... нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байхад, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнгүй. ​​​​​​​

6.2.12. Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд: ... Хэрэгт авагдсан “нууц”-ын зэрэглэлтэй баримттай танилцахаар өмгөөлөгч миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн нууц хамгаалах ажилтанд хандахад “тус хэргийн “нууц”-ын зэрэглэлтэй баримтыг анхан шатны шүүхийн нууц хамгаалах ажилтан 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр буюу давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэсний дараа хүлээлгэн өгөхөөр ирсэн тул хүлээн авах боломжгүй” гэх үндэслэлээр буцаасан гэж тайлбарласан. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас лавлагаа хүсэхэд 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2/479 тоот албан бичгээр “... хэрэгт нотлох баримтаар ирсэн нууцын зэрэглэлтэй баримтыг тус шүүхийн нууц хамгаалах ажилтан 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн нууц хамгаалах ажилтанд хүргүүлсэн боловч “хэргийг шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр мөн өдөр буцаасан байна” гэх хариуг ирүүлсэн. 

6.2.13. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй, нэхэмжлэгч компанийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж тогтоосон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар маргаан бүхий актынхаа гол үндэслэлээ болгон тайлбарлаж байгаа судалгааны баримтууд болох “нууц”-ын зэрэглэлтэй нотлох баримт давж заалдах шатны шүүхэд гаргаж хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд шинжлэн судлаагүй, хариуцагчийн давж заалдах гомдлын гол үндэслэлээ болгосон үйл баримтыг бүхэлд нь хянаагүй хэрнээ ямар үндэслэлээр хариуцагч байгууллагын гаргасан захиргааны актыг зөв гэж дүгнэж, актын үндэслэл болсон судалгаа бодитой гэж үзсэн нь ойлгомжгүй байгаа бөгөөд шүүхийн шийдвэр илтэд үндэслэлгүй нотлох баримтыг нь анхан шатны шүүхэд байхад үзэхгүйгээр хэргийг шийдсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа болсон байна. ​​​​​​​

6.2.14. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрсдийн хийсэн судалгааны талаар тайлбарлаж байхад түүнийг нотолсон судалгааны баримт нь давж заалдах шатны шүүхэд ирээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүх нотлох баримтад үндэслэлгүй, хийсвэрээр хэргийг шийдвэрлэсэн хэтэрхий субьектив байдлаар хандсан гэж үзэх үндэслэлтэй. Хэргийг анхан шатны шүүх 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр давж заалдах шатны шүүхэд хүргүүлж, шүүх нууцын баримтыг ирээгүй байхад 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр буюу 6 хоногийн дотор шийдвэрлэжээ. Энэ нь хэргийг бүрэн судлаагүй нотлох баримтыг үзээгүй, нууцын баримт хэрэгт байгаа гэдгийг давж заалдах шатны шүүх мэдсэн хэрнээ анхан шатны шүүхээс авалгүйгээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон байна” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, У.Х нараас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.

ХЯНАВАЛ:

8. Давж заалдах шатны шүүхийн магадлал дараах байдлаар хууль ёсны ба үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй.

9. Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д ““бараа бүтээгдэхүүн” гэж зах зээлд худалдах, солилцох, эргэлтийн өөр нэг хэлбэрт оруулах зориулалттай бүх төрлийн эд юмс, төлбөрийн хэрэгсэл, ажил, үйлчилгээ, шилжүүлж болох эрх зэргийг;”, 5 дугаар зүйлийн 5.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар чиг үүргийнхээ дагуу дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 15.1.6-д “зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг Засгийн газар батална” гэж тус тус зааснаар аж ахуй эрхлэгч нь тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа, эсхүл бусад этгээдтэй хамтран үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоож болох бөгөөд энэхүү ажиллагааг Монгол Улсын Засгийн газраас баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын дагуу гүйцэтгэх үүрэгтэй.

10. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 1.1-д “Аж ахуй эрхлэгчийг тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр зүй ёсны монополь болон давамгай байдалтай эсэхийг судалж тогтоох, бүртгэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна”, 2.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг дараахь үе шатаар тогтооно:”, 2.2.1-д “бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох;”, 2.2.2-т “зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох;”, 2.2.3-т “зах зээлийн төвлөрлийг тооцох;”, 2.2.4-т “зах зээлийн хүчийг тодорхойлох” гэж тус тус зааснаар давамгай байдалтай аж ахуй эрхлэгч мөн эсэхийг энэхүү журмын дагуу судалж тогтоох бөгөөд бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч гэсэн дөрвөн үе шатыг дамжин хэрэгжүүлсний үндсэн дээр тухайн шийдвэрийг гаргахаар нарийвчлан зохицуулсан.

11. Журмын 5.1-д “Зах зээлийн төвлөрлийг тооцохдоо дараахь хүчин зүйлийг харгалзан үзнэ:” гээд 5.1.1-д “аж ахуй эрхлэгчийн зах зээлд эзлэх хувь” буюу “аж ахуй эрхлэгчийн тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын хэмжээг бараа бүтээгдэхүүний хүрээ, газар зүйн хил хязгаараар тодорхойлогдсон зах зээлийн үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын нийт хэмжээнд харьцуулж тодорхойлно. Бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын хэмжээг дор дурдсан зүйлийг харгалзаж ойролцоогоор тооцож болно:” гээд 1-д “биет хэмжээ”, 2-т “мөнгөн дүн”, 3-т “шаардлагатай бол үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын хүчин чадал” гэж тус тус зааснаар аж ахуй эрхлэгчийн зах зээлд эзлэх хувийг тогтоохдоо тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтын хэмжээг биет, мөнгөн дүн, хүчин чадал зэргийг үндэслэн нийт хэмжээнд харьцуулж тооцох учиртай.

12. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 онд хийсэн Шинэ суудлын автомашины импортын зах зээлд хийсэн судалгааны ажлын тайланд  “... Монгол Улсад импортоор оруулж ирж зах зээлд нийлүүлж буй 15 аж ахуй эрхлэгч үйл ажиллагаа явуулж байна. “Т с м” ХХК 2019 онд 1891, 2020 онд 1342 ширхэг автомашиныг импортлон оруулж ирсэн ... зах зээлийн төвлөрөл, Херфиндал-Хершманы индекс /ХХИ/-ээр тооцож тодорхойлох, “Т с м” ХХК 2019 онд 316,549,319,592.00 төгрөгийн, 2020 онд 235,059,690,909.00 төгрөгийн борлуулалт хийсэн ... тус зах зээлийн гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байгаа “Т с м” ХХК-ийг шинэ суудлын автомашины импортын зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох ...” гэж; хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “... судалгааг хийхдээ Монгол Улсын хэмжээнд гэж хүрээ хязгаарыг тодорхойлсон боловч хангагдаж байгаа 15 аж ахуй эрхлэгчийн дунд судалгаа хийсэн ... автомашины тоо, мөн борлуулалтаас нь авч үзэхэд 59 хувиас 61 хувийг эзэлж байна ...” (Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 72 дугаар тэмдэглэлийн 5 дахь тал) гэснээс үзэхэд нэхэмжлэгч аж ахуйн эрхлэгчийн шинэ суудлын шинэ автомашины импортын зах зээлд эзлэх хувийг тогтоохдоо “биет хэмжээ”, “мөнгөн дүн” зэргийг харгалзан үзсэн гэхээр боловч журмын дээрх заалтын дагуу “нийт” хэмжээнд харьцуулан тооцох заалт бүрэн хэрэгжсэн гэдэг нь эргэлзээтэй.

13. Тодруулбал, журмын дээрх заалтын дагуу аж ахуй эрхлэгчийн зах зээлд эзлэх хувийг тооцохдоо тухайн бараа бүтээгдэхүүний (энэ тохиолдолд хариуцагчийн тодорхойлсон “суудлын шинэ автомашины импорт” гэх зах зээл) борлуулалт, худалдан авалтын хэмжээг биет, мөнгөн дүнг (эсхүл дангаар нь) үндэслэн нийт хэмжээнд харьцуулан тооцох байтал зөвхөн 15 аж ахуйн нэгжийн дунд судалгааг хийсэн нь буруу болжээ.

14. Түүнчлэн, Гаалийн ерөнхий газраас шүүхэд хамгийн сүүлд ирүүлсэн (2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01-2/1451 дугаар албан бичигт зөвхөн бусад аж ахуйн нэгж, байгууллагатай харьцуулан ирүүлсэн буюу иргэдийг судалгаанд хамруулаагүй; 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01-1/3336 дугаар албан бичигт импортолсон зөвхөн “шинэ” автомашины тоог ирүүлсэн) 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01-1/923 дугаар албан бичигт “0-3” ба “3-с дээш жил” гэж насжилтыг ялгаж ирүүлсэн бөгөөд уг мэдээнээс үзэхэд: “Монгол Улсад аж ахуй нэгж, иргэд 2019 онд үйлдвэрлэгдсэнээс хойш 0-3 жилийн насжилттай суудлын автомашин 4499 ширхэгийг импортолсон байгаагаас 1450 ширхэгийг “Т с м” ХХК, 2020 онд 2984 ширхэгийг импортолсон байгаагаас 928 ширхэгийг “Т с м” ХХК тус тус импортолсон буюу суудлын шинэ автомашины импортын зах зээлийн 31-32 хувийг ойролцоогоор эзэлж байгаа гэсэн тоо гарч байгаа нь судалгаа журмын дагуу хийгдсэн гэж үзэх боломжгүй.

15. Тиймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... нөгөөтэйгүүр судалгааг хийхдээ ... 0-3 жилтэй автомашин импортолдог бусад компаниудын импортолсон суудлын автомашины тоо ширхэгтэй харьцуулж дүгнэсэн нь учир дутагдалтай бөгөөд хувь иргэдийн импортолдог үйлдвэрлэгдсэн оноос хойших 0-3 жилтэй суудлын автомашины тоо ширхэгийг хамааруулаагүй нь үндэслэлгүй ... хэрэв захиргаа Монгол Улсад импортолсон 0-3 жилтэй суудлын автомашиныг судалгаанд хамруулж байгаа бол нийт импортлогдсон 0-3 жилтэй суудлын автомашиныг бүхэлд нь хамруулж, түүнийгээ үндэслэн дүгнэж, захиргааны акт гаргах нь захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцэж, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэрийг гаргах нөхцөл бүрдэх байсан ... 2019 онд зах зээлийн 32.2, ... 2020 онд 31 хувийг эзэлж байна ...” гэсэн гомдол үндэслэлтэй байна.

16. Давж заалдах шатны шүүх Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн дээрх мэдээг  “ ... Гаалийн ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01-2/1451 дүгээр албан бичигт үйлдвэрлэгдсэнээс хойш 0-3 жил болсон суудлын автомашины импортын мэдээнд 2019 онд “Т с м” ХХК нь 1809, 2020 онд 1266 ширхэг суудлын автомашин импортоор оруулсан бол, бусад аж ахуйн нэгжүүд 2019 онд 2958, 2020 онд 2496 ширхэг суудлын автомашин импортоор оруулсан нь харагдаж байна ...” хэмээн хольж, өөрөөр хэлбэл, зөвхөн бусад аж ахуйн нэгж, байгууллагатай харьцуулан ирүүлсэн буюу иргэнийг судалгаанд хамруулаагүй 2958, 2496 гэсэн тоонд нэхэмжлэгчийн импортолсон (0-3 жилийн насжилттай болон түүнээс дээш) автомашины нийт тоог харьцуулан үзсэн нь буруу, үүнд тулгуурлан “... нэхэмжлэгч “Т с м” ХХК нь нийт худалдан авалтын гуравны нэгээс дээш борлуулалт хийсэн нь тогтоогдож байх тул түүнийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоол нь хуульд нийцсэн төдийгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй ...” гэж дүгнэсэн нь  нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, үнэн зөв, эргэлзээгүй үнэлэх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг зөрчжээ.

17. Анхан шатны шүүх энэ талаар “... Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар 2019 онд нийт 138 иргэн, хуулийн этгээд 2471 ширхэг, 2020 онд нийт 82 иргэн, хуулийн этгээд 1638 ширхэг автомашин импортолсон байхад зөвхөн дистрибьютер гэх 15 компанийн импортолсон гэх автомашинуудын хүрээнд судалгааг хийсэн нь учир дутагдалтайн дээр бусад иргэн, хуулийн этгээд ямар зорилгоор, хэдэн ширхэг автомашиныг импортлон оруулж ирсэн талаарх нөхцөл байдлыг судалж тодруулаагүй, судалгааг бүрэн гүйцэд хийсэн гэж үзэхээргүй байна ...” хэмээн зөв дүгнэжээ.

18. Түүнчлэн, энэ тохиолдолд хариуцагч нь борлуулалтын хэмжээ, эсхүл борлуулалтын орлого хоёрын алийг нь үндэслэж “59 хувиас 61 хувь” гэсэн тоог гаргасан нь тодорхойгүй, судалгаанд борлуулалтын орлогыг үндэслэсэн мэт боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт борлуулалтын тоог үндэслэсэн мэтээр зөрүүтэй байгаа, энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “... шийдвэрийг гаргах үндэслэл болсон судалгаандаа тус компанийн 2019, 2020 борлуулалтын орлогыг шалгуур үзүүлэлт болгож, улмаар борлуулалтын 60-с дээш хувийг эзэлж байна гэдэг үндэслэлээр шийдвэр гаргасан нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон томьёолол, шалгуур үзүүлэлт илт зөрүүтэй болох нь тодорхой харагдаж байна. Борлуулалт гэдэг нь тоо хэмжээг, харин борлуулалтын орлого гэдэг нь мөнгөн дүнг заасан ялгаатай ойлголтууд болох нь илэрхий юм ... “ гэх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

19. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрт заасны дагуу хариуцагч ШӨХТГ нь Өрсөлдөөний тухай хууль, холбогдох журамд заасны дагуу холбогдох судалгааг зөв хийж, “бараа бүтээгдэхүүний хүрээ”-г зөв тодорхойлсон тохиолдолд “Т с м” ХХК нь “давамгай байдалтай аж ахуй эрхлэгч”-ийн тогтоогдохгүй гэж үзсэн учир давж заалдах журмаар гомдол гаргаагүй болно ...” гэсэн атлаа “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах” гэж хяналтын гомдлын шаардлагаа тодорхойлсныг хүлээн авах боломжгүй; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т “Давж заалдах шатны журмаар хэлэлцээгүй хэрэгт хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй” гэж заасан нь энэ тохиолдолд адил хэрэглэгдэх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй, өөрөөр хэлбэл хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн, хариуцагч уг шийдвэрт гомдол гаргаагүй бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр болох байсан; давж заалдах шатны шүүхэд хэлэлцүүлээгүй гомдлын шаардлагыг хяналтын шатны шүүхэд гаргах боломжгүй, уг асуудлаар маргах эрхээ алдсан гэж үзнэ.    

20. Үүний зэрэгцээ анхан шатны шүүхийн “... хариуцагч захиргааны байгууллага нь журамд заасны дагуу судалгааг хийгээгүй, зарим харгалзах хүчин зүйлийг огт тооцоогүй буюу дутуу тооцсоноос маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон судалгаа нь үндэслэл муутай, тус судалгааг үндэслэн гарсан маргаан бүхий актын үндэслэлд шүүх эцэслэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй, судалгаагаар тогтоогдвол зохих үйл баримт нь шүүхийн шинжлэн судлах боломж, цар хүрээнээс хэтэрсэн ...” гэсэн дүгнэлт үндэслэлтэй, тодруулбал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь нэхэмжлэгч “Т с м” ХХК-ийг “суудлын шинэ автомашины импортын зах зээл”-д давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоохдоо Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-д заасан үе шат, хүчин зүйлийг бүрэн харгалзан үзэж тогтоогоогүй, шүүх захиргааны байгууллагад хуулиар олгогдсон бүрэн эрхийг нөхөн хэрэгжүүлэх эрхгүй, энэ нь шүүхийн шинжлэх судлах хүрээнээс хэтэрчээ.  

          Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 511 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2022/0474 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол тус бүрт улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                               Х.БАТСҮРЭН

                                                                                П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                Ц.ЦОГТ

                                                                                М.БАТСУУРЬ