Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/02091

 

 

 

 

 

 

 

   2023          12             01                                        210/МА2023/02091

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2023/03560 дугаар шийдвэртэй

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Г-д холбогдох,

Алданги болон өмгөөллийн хөлс нийт 8,000,000 төгрөг гаргуулах үндсэн,

2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “С” ХХК-д учруулсан хохирлыг нөхөн төлөх баталгаа болон 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “С” ХХК-д баталгаа гаргах тухай хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 21,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Урангоо, хариуцагчийн өмгөөлөгч Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Д.Г нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сар хүртэл манай компанид нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа нийт 53,000,000 төгрөгийн хохирол учруулсан тул цагдаад хандаж аудитын компаниар баталгаажуулсан. Д.Г нь цагдаад шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтын явцад тохиролцох санал тавьсныг хүлээн авч, 19,000,000 төгрөгийг манай компанид төлөхөөр болсон. Улмаар Д.Г нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн баталгаагаар учирсан хохирлын төлбөрөө 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 9,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэсэн. Дээрх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэсэн баталгаа бичиг гаргаж нотариатаар батлуулсан.

1.2. Хариуцагч нь тохирсон хугацаагаа зөрчиж, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийг бэлнээр, 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14,000,000 төгрөгийг тус тус төлсөн. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлөх байсан 5,000,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлөхөд нийт 167 хоног хэтэрч алданги нь 4,175,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлөх байсан 9,000,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлөхөд нийт 107 хоног хэтэрч алданги нь 4,815,000 төгрөг болсон тул нийт алданги нь 8,990,000 төгрөг болсон. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 14,000,000 төгрөгийн 50 хувь болох 7,000,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна.

1.3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, үүргээ биелүүлээгүй тул “С” ХХК-аас өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, өмгөөллийн хөлсөнд 1,000,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа өмгөөллийн хөлс болох 1,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

Иймд хариуцагчаас алданги 7,000,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Би 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр бичсэн баталгаа бүхий албан бичгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 16,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “С” ХХК-д миний зүгээс үндэслэлгүйгээр илүү 2,000,000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд уг илүү төлөлтийг буцаан гаргуулах үндэслэлтэй байна. Харин хамгийн сүүлд 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 16,000,000 төгрөгийг төлөхдөө “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б-тэй миний бие тохиролцож өр төлбөрийг бүрэн барагдуулсан, үлдэгдэл аливаа төлбөргүй, мөн дахин төлбөр нэхэхгүй гэж тохиролцсон. Гэтэл алданги гэж 7,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

2.2. Нэхэмжлэгч нь өмгөөлөгч С.Даваасүрэнтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөлөгчийн зардалд 1,000,000 төгрөг зарцуулсан гэжээ. Өмгөөлөгч авах асуудал нь тухайн нэхэмжлэгчийн эрхийн асуудал бөгөөд зайлшгүй авах шаардлага үүсээгүй байна. Өмгөөлөгчид төлсөн өмгөөлөгчийн зардал хариуцагч Д.Г-гаас шалтгаалаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

3.1. Д.Г нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд “С” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Д.Г нь Г.Б захирлын дарамтад ажиллах боломжгүй тул ажлаас гарах өргөдлөө өгсөн. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Г.Б нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Д.Г-г компанийн мөнгө шамшигдуулсан буюу мөнгө завшсан, хохирол учруулсан гэх үндэслэлээр гомдол гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.  Д.Г- мэдүүлэг өгөхдөө “би компанид хохирол учруулаагүй, мөнгө завшаагүй” гэсэн тайлбараа өгсөн. 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр н.Ууганбаяр байцаагч Д.Г-тай холбогдож мэдүүлэг авахад мөн л адил компанид хохирол учруулаагүй, мөнгө завшаагүй гэсэн тайлбараа өгсөн. Үүний дараа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн дээр санхүүгийн тайланд шинжээч томилохоор шийдвэрлэгдсэн.

3.2. Г.Б, Д.Г нар 2022 оны 05 дугаар сард уулзалдаж санхүүгийн тайлан дээр 5 хоног тулгалт хийхэд 3 дахь хоног дээр Г.Б- захирал Д.Г-д тохиролцъё бид нар удахгүй татварын шалгалтад орох гэж байгаа, бүх баримт бичгээ янзлаад өгвөл цагдаагийн асуудлаа бүрмөсөн дуусгая гэсэн саналыг тавьсан боловч Д.Г мөнгө завшаагүй учраас Г.Б захирлын саналыг зөвшөөрөөгүй. Харин Г.Б- нь удаа дараа Д.Г-тай холбогдож аудитын тайлангаар их хэмжээний хохирол учирсан үүнийгээ төл гэсэн дарамт шахалтыг өгч байсан. 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Г.Б захирал өөрөө хэлж Д.Г-гаар тухайн баталгаа бүхий хоёр бичгийг бичүүлж, нотариат орж батлуулсан. Д.Г-н зүгээс тухайн үед хэлцлийг эндүүрсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд “С” ХХК-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэх баталгаа бүхий бичгийг Г.Б захирал хэлж бичүүлж авсан. 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хаасан байдаг. Д.Г нь “С” ХХК-д хохирол учруулаагүй, мөнгө завшаагүй тул 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр үйлдэгдсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх үндэслэлтэй.

Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Д.Г-н “С” ХХК-д шилжүүлсэн 21,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Д.Г нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан нягтлан бодогчоор ажилд орсон бөгөөд 2020 оны 6 дугаар сард компанитай өр авлагын тооцоо нийлэхэд зөрүү гарч ирсэн. Мөн 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр бармен дээрээс 700,000 төгрөгийг бэлнээр аваад банкинд тушаах байсан боловч тушаагаагүй, тэрээр мөнгө авснаа хүлээн зөвшөөрч цалингаасаа төлнө гэж байсан. Д.Г нь ажлаасаа гарна гэсэн ба ярилцаад сууж байтал ажилчдын нийгмийн даатгалын дэвтэр дээр тэмдэг даруулчихаад ирье гэж хэлээд гарч яваад дэвтэрнүүдээ жижүүрт үлдээгээд явсан байсан. Түүнээс хойш утас руу нь залгахад утсаа авахгүй байж байгаад 2 хоногийн дараа санхүүтэй холбоотой кодыг явуулсан байсан. Ажилдаа ирэхгүй болохоор утсаар ярьсаар байгаад 2020 оны 8 дугаар сард авч ирээд уулзахад хүүхдээ харах хүн олчихоод ирээд ажлаа хүлээлгэж өгнө, тайлан балансаа гаргаж олдохгүй байгаа баримтуудыг олж өгнө гэж хэлсэн боловч түүнээс хойш залгахад утсаа авахгүй, мессеж бичихээр хариу өгөхгүй байсан.

4.2. Захирал Д.Болорчимэг санхүүгийн баримтуудаа шалгахад 2019 оноос өмнөх баримт байхгүй, Д.Г-гаас асуухад хэрэггүй байх гээд устгасан гэж хэлсэн. 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 7 дугаар сар хүртэлх баримтыг шалгахад 2019 оноос 2020 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд хуурамч баримтаар кассаас 15,038,327 төгрөгийг бэлнээр авсан, бараа материалын тайлангаар 38,418,000 төгрөгийн бараа материалыг авсан мэтээр хуурамч баримт үйлдэж, нуун дарагдуулж байгууллагад нийтдээ 53,456,327 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл эрүүгийн хуульд заасан завших гэмт хэргийн шинжтэй байсан тул Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл өгч шалгуулсан. Д.Г нь 53,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь аудитын дүгнэлт, татварын байгууллагын шалгалтаар зөрчил илэрч акт тавигдсан баримтуудаар нотлогдсон. Мөн Д.Г нь нялх нойтон хүүхэдтэй, эрүүгийн ял шийтгэл авмааргүй байна гэж гуйсан, мөн хувьдаа мөнгө завшсанаа хүлээн зөвшөөрсөн учраас 19,000,000 төгрөгийн хэмжээгээр өөрийн гараар баталгаа бичиж, нотариатаар баталгаажуулсан баримт үйлдсэн.  

Гэтэл энэ байдлаа үгүйсгэж хүссэн хэлцийнхээ агуулгыг эндүүрсэн хэмээн уг баримтаа хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Дээрх хоёр баталгааг үндэслэн Д.Г хохирлоо хугацаандаа төлнө гэсэнд итгэж Д.Г-гийн нэр дээр үүсгэсэн гомдлоо татан авсан. Хариуцагч Д.Г нь эрүүгийн хэргийг хаалгаж эрүүгийн ял шийтгэл эдлэх айдасгүй болсны дараа шүүхээр алданги нэхэмжилсний дараа гэнэт өмнөх тайлбараасаа буцаж, би анхнаасаа байгууллагын хөрөнгө мөнгийг завшаагүй, хүлээн зөвшөөрөөгүй, намайг дарамталж баталгааны 2 баримт үйлдэж, мөнгө төлүүлж намайг хохироосон байна гэж хөндлөнгийн бусад байгууллагаас зөрчлийг тогтоосныг үгүйсгэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Г-гаас алданги болох 1,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үндэслэлүүд тогтоогдоогүй тул нэхэмжлэгч “С” ХХК-д холбогдох 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “С” ХХК-д учруулсан хохирлыг нөхөн төлөх баталгаа болон 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “С” ХХК-д баталгаа гаргах тухай хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт шилжүүлсэн 21,000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч Д.Г-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 403,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гунгаадайгаас 38,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгүүдийг зөв тайлбарлан хэрэглэсэн атлаа 219.2 дахь хэсгийн үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно гэсэн заалтыг заавал хэрэглэх ёстой мэтээр тайлбарлаж үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчиж хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэлт хугацаа тогтоох боломж олгосны үндсэн дээр үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах, цаашлаад үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэснээр хуулийн зөвхөн дээрх заалтад байгаа болно гэсэн сонгомол хэрэглээг үгүйсгэсэн хэрэг боллоо. Ингэснээрээ нэмэлт хугацаа тогтоогоогүй бол үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг болох алданги нэхэмжлэх нь бүү хэл үндсэн үүргийн гүйцэтгэлийг ч шаардах эрх байхгүй мэт ойлголт төрүүлж байгаа нь цааш, цаашдын шатны шүүхийн шийдвэрт ч нөлөөлөхүйц нөхцөл байдлыг үүсгэж байна. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийн анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэсэн заалтыг шүүх хэрэглэсэн дараагийн дүгнэлтээс нь тодорхой харагдаж үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоогоогүй нь анзын хэмжээ илт их байх нөхцөлийг бий болгожээ гэсэн агуулгыг бүрдүүлж байна.

Түүнчлэн, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийн “...компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэсэн зохицуулалттай холбоогүй хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх “... зохигч талууд хэн аль нь ажиллах хугацаанд компанийн эрх бүхийн албан тушаалтнууд байсан...” гэж тодорхойлсноороо хууль хэрэглээний бас нэг алдаа гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн үндэслэл нь компанийн албан ёсны шийдвэр гаргах эсхүл гэрээ хэлцэл нягтлан бодогчийн ажиллагаатай холбоотой биш харин Нягтлан бодох тухай хуулиар хүлээсэн нягтлан бодогчийн үүрэгтэй холбоотой асуудал байхад шүүх Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны байх боломжоо алдах нөхцөлийг бий болгосон гэж үзэж байна. Цаашлаад Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т заасныг зөрчин шийдвэр гаргасан албан тушаалтнууд хамтын хариуцлага хүлээх бөгөөд хохирлыг тэнцүү хэмжээгээр нөхөн төлнө гэсэн заалт руу хөтөлснөөс шүүх алдангийн хэмжээг багасгах шийдвэр гаргахад нөлөөсөнд гомдолтой байна. Талууд 53,000,000 төгрөгийн хохирлын хэмжээгээр баталгаа баримт үйлдээгүй, харин хариуцагч нь өөрөө 19,000,000 төгрөгийг буюу 35 хувийг хариуцан төлөх боломжтой гэхээр нь түүний хүссэнээр нь баталгаа баримт үйлдсэн. Гэтэл шүүх дүгнэхдээ хариуцагч Д.Г-гийн 35 хувийн хэмжээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүссэн 7,000,000 төгрөгийн алдангийн 50 хувийг нэхэмжлэгч “С” ХХК-д хариуцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

6.2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2, 43.3 дахь хэсгийг зөв тайлбарлаж хариуцагчийн төлбөр барагдуулах баталгааг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамаарахгүй, нэхэмжлэлийн дүнд ч ороогүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсгийн нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ гэсэн заалт ёсоор 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн нягтлан бодогчийн үүрэгтэй холбоотой 2,000,000 төгрөгийг дээр дурдсанчлан хуулийн заалтыг буруу тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнээс багасгасан 3,500,000 төгрөгийн дүнгээс  “Гэвч хэрхэн шилжүүлсэн, төлсөн эсэх нь холбогдох нотлох баримтаар тогтоогүй...” гэсэн үндэслэлээр хасаж тооцсон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйг харуулж байна. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Д.Г- 16,000,000 төгрөгийг шилжүүлээд гүйлгээний утга дээр Гунгаадалай 2 сая 20 оны акт тооцоо бүр дуусав” гэж бичсэн. Баталгаа баримтаар төлөхөө илэрхийлсэн, татварын актаар тогтоогдож төлөх үүрэг хүлээлгэсэн, гүйлгээний утга дээр “...Гунгаадалай 2 сая 20 оны акт тооцоо бүр дуусав” гэж бичсэн тул энэ мөнгийг илүү төлсөн гэж үзэж хасч тооцох үндэслэлгүй.

6.3. Өмгөөлөгчийн хөлсөнд 1,000,000 төгрөг нэхэмжилсэн шаардлагын хувьд 2022 оны 06 үүргээ сарын 09-ний өдрийн “С” ХХК-д баталгаа гаргах тухай баримтанд биелүүлээгүйгээс “С” ХХК-д илүү зардал гарч, хохирол учирвал түүнийг нөхөн төлөх баталгаа гаргаж байна гэж бичсэнийг үндэслэсэн. Харин хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шаардах эрхгүй, үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтыг хэрэглэж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэдэг нь тухайн заалттай хорлбоотойгоор хавтаст хэрэгт авагдсан баримт болон талуудын шүүх хуралдаан дээр мэтгэлцэж байгааг дүгнэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг хэрэглэсэнд шүүхийг буруутгах үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа 7,000 төгрөг гэж яриад байгаа боловч 7,000,000 төгрөгийг асуудал яригдаж байгаа. Үндсэн нэхэмжлэлтэй холбоотой асуудалд алданги төлөх үүрэг дуусгавар болсон гэж маргасан. Анхан шатны шүүхээс алданги төлөх үүрэг дуусгавар болсонтой холбоотойгоор дүгнэлт, тайлбар өгөөгүй. Хавтаст хэргийн 9 дүгээр талд хохиролд нөхөн төлөх баталгаанд 0,5 хувийн алданги байна гэж заасан. 19,000,000 төгрөгийг ямар графикийн дагуу төлөх талаар заасан бөгөөд эхний ээлжинд төлөх ёстой байсан 5,000,000 төгрөгийг Д.Г хугацаандаа төлсөн. Үлдсэн 14,000,000 төгрөгийг баталгаанд заасан хугацаанд төлөөгүй.

Гэтэл “С” ХХК-аас Д.Г-г баталгаанд дурдсан хугацаандаа мөнгөө төлөхгүй байгаа талаар нэг ч удаа мэдэгдэл өгч байгаагүй, нэг ч удаа хугацаандаа мөнгөө төлөөгүй талаар дурдаж байгаагүй. “С” ХХК-ийн захирал Д.Г нар утсаар холбогдоод, Д.Г 14,000,000 төгрөгийг цалин мөнгөний асуудлаас болж хойшлуулмаар байна гэхэд мөнгөтэй болохоороо төлөөрэй гэж ярьсан. Ингэж ярьсаар байгаад 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 17 цаг 27 минутад “С” ХХК-ийн захирал Н.Б болон түүний нөхөр нь Д.Г-гийн ажил дээр нь ирж уулзалт хийхдээ 14,000,000 төгрөгийг яаралтай төл, акттай холбоотой асуудалд нэмж 2,000,000 төгрөг төл гэж шахсан. Тухайн үед Д.Г нялх хүүхэдтэй байсан тул Н.Бийн гаргаж байгаа зан араншингаас айж, би 16,000,000 төгрөгийг төлж төлбөр тооцоотой холбоотой асуудал дуусч байгаа шүү гэхэд Н.Б “за” гэж хэлсэн. Уг үйл баримтыг нотолсон баримт нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр хавтаст хэргийн 43 дугаар талд Д.Г-гийн өөрийнх нь бичсэн баримт байдаг. Д.Г тухайн өдрөө Д.Г 2021 оны акт, тооцоо дуусав гэх гүйлгээний утгатай 16,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаарх баримт хавтаст хэргийн 7 дугаар талд байдаг. Д.Г “С” ХХК-ийн захирал Н.Б-ийн нөхөрт нь фейсбүүк чатаар дамжуулж мөнгө шилжүүлсэн талаар мэдэгдсэн нь хавтаст хэргийн 74-75, 102-103 дугаар талд авагдсан чатад үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоно. Уг үйл баримтыг хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.4, 236 дугаар зүйлийн 236.5 дахь хэсэгт заасан эрх зүйн хэм хэмжээнд бүрэн нийцэж байна гэж дүгнэсэн.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.4 дэх хэсэгт өрийг хүлээн авсан тухай баримт бичигт хүүгийн тухай заагаагүй бол хүүг төлсөн гэж үзэж мөнгөн төлбөрийн үүрэг бүхэлдээ дуусгавар болно гэж заасан. Өрийг хүлээн авсан тухай асуудал дээр алдангийн асуудлыг дурдаагүй байгаа тул алдангийн үүрэгтэй холбоотой үүрэг дуусгавар болсонтой нэгэн адилтгаж үзнэ. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дахь хэсэгт өрийг тодорхой хэсгээр үе шаттайгаар төлж байсан бол хамгийн сүүлийн хэсгийг хүлээн авсан тухай баримт бичигт өөрөөр заагаагүй бол өмнөх хэсгүүдийг бүрэн төлсөн гэж үзнэ гэж заасан. 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Д.Г 16,000,000 төгрөгийг төлөөд тооцооны асуудал дууссан гэхэд 01 дүгээр сарын 25-ны өдөр гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө чиний үндсэн үүрэгтэй холбоотой асуудал дууссан, одоо алданги төл гэж нэг ч удаа шаардаж, мэдэгдэл өгч байгаагүй атлаа Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.4, 236 дугаар зүйлийн 236.5 дахь хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд алдангийн үүрэг дуусгавар болсон. Алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу үүргийг гүйцэтгэх баталгааны нэг хэсэг бөгөөд үндсэн үүрэгтэй холбоотой үүсэж байгаа үүрэг. Үндсэн үүрэг дуусгавар болж байгаа тохиолдолд  алдангитай холбоотой үүрэг хэрхэн, яаж шийдвэрлэгдэх асуудал яригдана. Үндсэн үүрэг дуусгавар болсон тохиолдолд тэр үүргийг гүйцэтгүүлэхтэй  холбоотой баталгаа өгөх алдангийн үүрэг дуусгавар болно. Алдангитай холбоотой асуудлын хууль эрх зүйн асуудал нь дуусгавар болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа гомдол үндэслэлгүй гэжээ.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:  

8.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт уг баталгаа гэх хэлцлүүдэд нэхэмжлэгч тал гарын үсэг зурж баталгаажуулаагүй ч хариуцагч Д.Г- гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулан нэхэмжлэгч талд хүсэл зоригоо илэрхийлсэн байдал нь Иргэний хуулийн 43 дугаар үйлийн 43.2, 43.3-т зааснаар нэг талын хүсэл зоргийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр бичгээр хэлцэл хийгдсэн гэж үзэхээр заасан. Уг хэлцлийг цагдаагийн байгууллагад нэхэмжлэгч тал хүлээлгэн өгсөн үйл баримтууд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон. Дээр дурдсанаас үзвэл зохигчдын хооронд гэрээний харилцаа үүссэн ба талууд хожим хүсэл зоригоо илэрхийлж төлбөр барагдуулах баталгаа гэх хэлцлийг бодит үйлдлээр байгуулсан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2, 43.3-т зааснаар хүчин төгөлдөр хэлцэлд хамаарч байна. Зохигч талуудын хооронд хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэн, гарын үсэг зурсан учир хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэх “2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “С” ХХК-д учруулсан хохирлыг нөхөн төлөх баталгаа” болон 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “С” ХХК-д баталгааг Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу, гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд байгуулагдсан гэрээ гэж дүгнэсэн байна. Гэтэл уг баталгаа бүхий баримт нь Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үүссэн хэрэг бүртгэлийн хэрэгт холбогдуулан үйлдсэн баримт бөгөөд эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхойлох, түүнийг барагдуулах эрх зүйн баримт бичиг юм. Харин уг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байсан хэрэг бүртгэлийн хэргийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор “С” ХХК-ийн хүсэлт дээр дурдсан баталгаануудыг үндэслээгүй бөгөөд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан маргаан бүхий баталгааг үйлдэх болсон эрх зүйн үндэслэл, гэмт хэргийн улмаас үүссэн хохирлын үндэслэл нь тогтоогдохгүй болж, гэмт хэргийн шинжгүй гэж прокурорын зүгээс үзсэн. Ийнхүү гэмт хэрэг гэдэг нь тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй учир уг хэрэг бүртгэлийн хэргийг хаасан байхад баталгаа гэх эрх зүйн баримт бичгийг гэрээний эрх зүйн харилцаа гэж тодорхойлж, улмаар уг баталгаа гэх баримт бичгийг дангаар нь үндэслэн Д.Г-гаас мөнгөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэж буй шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

8.2. Шүүхийн шийдвэрт зохигч талуудын хооронд хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан учир хучин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй гээд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.5-д хэлцэл хийгч Д.Г нь маргаж байгаа “С” ХХК-ийн хүсэлтийн дагуу хэлцлийг биелүүлэхийг зөвшөөрсөн бол төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй гэх үндэслэлийг заасан. Иймд Д.Г 19,000,000 төгрөг төлөхөө зөвшөөрсөн нь тус хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй гэжээ. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.5-д хэлцэл хийгч нөгөө тал нь маргаж байгаа талын хүсэлтийн дагуу хэлцлийг биелүүлэхийг зөвшөөрсөн бол төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй гэжээ.

Уг зохицуулалт нь өөртөө үндсэн 2 гол нөхцөлийг агуулсан бөгөөд уг маргаж буй хэлцэл нь төөрөгдсөн байх, мөн ийнхүү маргаж байхдаа маргаж буй тал уг хэлцлийг биелүүлэхийг зөвшөөрсөн байх ёстой байна. Үүнээс үзвэл, хариуцагчийн маргаж буй үндэслэлийг шүүх үндэслэлтэй гэж үзэж төөрөгдсөн гэж тодорхойлсон. Харин хариуцагчийн зүгээс ийнхүү маргаж байхдаа уг маргаж буй хэлцлийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд уг хэлцлийн дагуу үндэслэлгүйгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулахаар шаардсан. Гэтэл шүүгч ямар үндэслэлээр хариуцагчийг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэрийн тайлбараас харахад уг хэлцлийн дагуу 19,000,000 төгрөгийг төлсөн үйлдлийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.5 дах хэсэгт заасны дагуу хүлээн зөвшөөрсөн гэх агуулгад орж буй байдлаар шүүгч тайлбарласан нь үндэслэлгүй юм.

8.3. Шүүх хариуцагч Д.Г-г тус хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахад нэхэмжлэгч тал хууран мэхэлсэн, хүч хэрэглэн дарамталсан гэх байдлууд холбогдох нотлох баримтаар тогтоогдоогүй болохыг дурдахын сацуу уг хэлцлийнхээ агуулгыг эндүүрч ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэжээ. Хариуцагчийн зүгээс дээр дурдсан баталгаануудыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь уг хэлцлүүдийг тухайн үед үйлдэх болсон шалтгаан нь “С” ХХК-аас Д.Г-д холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Д.Г- нь нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа кассаас мөнгө авсан, барааны дутагдлыг нуун дарагдуулсан үйлдэл нь завших гэмт хэргийн шинжтэй гэсэн агуулгаар гомдол гаргасан байдаг. “С” ХХК-аас уг гомдлыг гаргах болсон үндэслэлээ тайлбарлахдаа “Эс Жи Эм Ди Аудит” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн баримтаар илрүүлсэн зүйлийн тайлангаар кассын зарлагаар 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 5,973,307 төгрөг, кассын орлогоор 9,160,000 төгрөгийн орлогыг дутуу шивсэн, харилцах дансанд тушаагаагүй, бараа материалын 37,396,324.39 төгрөг дутсан гэж дүгнэсэн. Тус аудитын компанийн гаргасан дүгнэлт нь өөрөө хуулийн шаардлага хангаагүй. Тодруулбал, шаардлага хангаагүй, гарын үсэггүй буюу баталгаажаагүй анхан шатны баримтуудад тулгуурлан “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б- өөрөө санхүүгийн тооцооллыг гаргаж, өөрөө гарын үсэг зурж аудитын дүгнэлт гаргуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас илэрхий харагдаж байна. Гэтэл уг шаардлага хангаагүй аудитын дүгнэлтээр “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б- нь Д.Г-г компанид ажлаа хийгээгүй хүн хуурч мөнгө хулгайлж байсан нягтлан гэх байдлаар дарамт үзүүлж байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна. Тухайн үед Д.Г компанид хохирол учруулаагүй хэдий ч Г.Б захирал аудитын дүгнэлтээр өөрийг нь гэмт хэрэгтэн болсон мэтээр харьцаж, дарамт шахалт үзүүлснээс үүдэн төөрөгдөлд орж баталгаа бүхий хэлцэлүүдийг Г.Б-ийн хэлсний дагуу бичиж “С” ХХК-ийн данс руу нийт 21,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг.

Д.Г завших гэмт хэрэг үйлдээгүй нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 119 тоот шинжээчийн дүгнэлтээр Д.Г-гийн учруулсан хохирлыг тогтоох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Мөн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 94 тоот шинжээчийн дүгнэлтээр мөн л ижил хариу гарсан байдаг. Уг шинжээчийн дүгнэлтүүдэд үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 812 тоот Чингэлтэй дүүргийн прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн байна. Харин нэхэмжлэгч талаас тайлбарлахдаа уг эрүүгийн хэргийг хаах болсон үндэслэл нь баталгаа бүхий хэлцэлүүдийг  “С” ХХК-аас цагдаагийн хэлтэст гаргасан гомдлоо татаж авсан учир хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан гэж тайлбарладаг. Гэвч хэрэгт авагдсан хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоолоор шинжээчийн дүгнэлтэд үндэслэж гэмт хэргийн шинжгүй болохыг тодорхой тусгаж өгсөн. Д.Г-гийн зүгээс прокурорын тогтоолоор өөрийнх нь хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан гэдгийг иргэний хэрэг ажиллагааны явцад уг тогтоолыг нотлох баримтаар хэрэгт авагдах үед мэдсэн. Хариуцагчаас төөрөгдөлд орсны улмаас уг хэлцэлүүдийг хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “С” ХХК-д хохирлыг нөхөн төлөх баталгаа болон 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн "С ХХК-д баталгаа гаргах тухай хэлцэлийн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 21,000,000 төгрөгийг “С” ХХК-аас буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т зааснаар хэлцэл хийгч тус хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэж үзэн ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Д.Г 20,000,000 төгрөгөөс илүү ашиглаагүй гэж уг мөнгийг хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хэрэг шалгагдаж байх явцад холбогдогч, хохирогч хоёуланд нь маш хүндрэлтэй байсан. Д.Г-гаас чи хэдийг төлөх вэ гэхэд би 19,000,000 төгрөгийг 3 хувааж төлье гэж өөрөө хүлээн зөвшөөрсөн. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагад алданги нэхэмжлэхээр баталгаа баримтыг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг. Сөрөг нэхэмжлэл ярихаар хэлцэл хийхэд төөрөгдсөн нь прокурорын тогтоолоор тогтоогдож, баталгаа баримтыг үндэслэж энэ асуудлыг шийдвэрлэх ёсгүй гэж тайлбарладаг. Хавтас хэрэгт баталгаа баримт үйлдэхээс өмнө юу болсон, эрүүгийн хэрэгт ямар баримт авагдсан талаарх бүх баримтууд авагдсан. 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хуурамч баримт үйлдэж, өмнөх өдөр нь 700,000 төгрөг дансанд хийх ёстой байсныг хийгээгүй баригдсаныгаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Гар утсанд үзлэг хийхэд би нэг удаа хуурсан, дахиж хуурахгүй гээд өөрийнх нь инээгээд сууж байгаа бичлэг байгаа.

Харин Д.Г-г дарамтад орсон гэх үйл баримт байхгүй. Хэрэг бүртгэлтийн хэрэг хаахаас өмнө талууд энэ асуудлаа нэг тийш нь болгоё гэж тохиролцсон. Түүний дараа 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2 баталгаа баримтыг хавсаргаад, хэрэг бүртгэлтийн хэргийг хааж өгөөч гэх хүсэлтийг “С” ХХК-аас өгсөн. Дараа нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр цагдаагаас хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналыг прокурорт хүргүүлж, 06 дугаар сарын 27-ны өдөр прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тогтоол гаргасан. Баталгаа баримтыг үйлдэх болсон хүсэл зориг юу байсан гэдгийг харгалзаж үзэх хэрэгтэй. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.5 дахь хэсэгт хэлцэл хийгч нөгөө тал нь маргаж байгаа талын хүсэлтийн дагуу хэлцлийг биелүүлэхийг зөвшөөрсөн бол төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй гэж заасан. Хариуцагч ямар хэлцэлийг хүсэж байгаад, ямар хэлцэлийг андуурч хийсэн юм бэ гэх асуудлыг ярих ёстой. Хүссэн хэлцлээ хариуцагч өөрөө тайлбарлаагүй мөртлөө шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоолыг баримтлан хохирлыг төлөх ёсгүй байсан юм гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Энэ баримтыг нотариатаар батлуулж, “С” ХХК-д өгсөн. “С” ХХК уг баримтыг эрүүгийн хэрэгт өгсөн. Өөрөөр хэлбэл хүсэл зоригийг хүлээн авсан тул хүсэл зоригийг биелүүлсэн. Хоёр баталгаа баримтын нэг баталгаа нь би 19,000,000 төгрөгийг авч ашигласан тул 3 хувааж төлнө, нөгөө баталгаа нь хийж байсан ажил үүрэгтэйгээ холбоотой санхүү, татварын тайлантай холбоотой нөхөн ногдуулалт гарч ирэх юм бол би хариуцаж төлнө гэсэн баталгаа байгаа. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүйд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан. Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тайлбараар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Д.Г-д холбогдуулан алданги болон өмгөөллийн хөлс 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “С” ХХК-д учруулсан хохирлыг нөхөн төлөх баталгаа болон 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “С” ХХК-д баталгаа гаргах тухай хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 21,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

 

3.а. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээ “хариуцагч Д.Г тус компанид ажиллаж байхдаа 53,000,000 төгрөгний хохирол учруулсныг цагдаад шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтын явцад тохиролцох санал тавьснаар 19,000,000 төгрөг төлөхөөр баталгаа бичиж өгсөн” гэж тайлбарласан байна.

 

Хариуцагч татгалзлаа “захирал Г.Б компанийн мөнгө шамшигдуулсан, завшсан, хохирол учруулсан  гэх үндэслэлээр цагдаад гомдол гаргаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн боловч эрүүгийн гэмт хэргийн шинжгүй гэж шийдвэрлэсэн хохирол учруулаагүй учраас баталгаа гэх баримтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгоно” гэж тайлбарлажээ.

3.б. Дээрхээс дүгнэхэд талуудын Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-т заасан гэм хор учруулснаар үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд уг маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх эрх зүйн маргаанд хамаарахгүй юм.

 

3.в. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2023/03560 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 118,950 төгрөг, хариуцагч Д.Г-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 442,300 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

  

 

                 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

  ШҮҮГЧИД                                  Д.ЦОГТСАЙХАН

 

                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ