Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/0069

 

Э.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч

О.Т-ын нэхэмжлэлтэй,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын

улсын байцаагч Н.А холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:             Ц.Цогт

            Шүүгчид:                             Д.Батбаатар

                                                            Х.Батсүрэн

                                                            П.Соёл-Эрдэнэ                                                              

            Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга:        Т.Даваажаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0439 дүгээр шийдвэр,

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 0545 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Н.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарыг оролцуулж,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 440 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн эсэх үндэслэлээр хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч Э.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т-оос Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Н.А-т холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6167 дугаар дүгнэлтийн “эрхийн улсын бүртгэлийн Ү-....... дугаарт бүртгэгдсэн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11-896900 дугаартай мэдүүлэг бүхий бүртгэлийг хүчингүй болгох” хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

            Хэргийн нөхцөл байдал:

2. Иргэн Э.Б, Я.Г нар нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ...-р хороолол, Төмөр замын ...-р байрны ... тоот 44 м.кв хэмжээтэй 3 өрөө байр, 2 тоот 24 м.кв байрыг үйлчилгээний зориулалтаар өргөтгөж, нийт 239.142 м.кв болгон өөрчлөлт оруулж, Улсын бүртгэлийн газарт мэдүүлэг гаргаснаар, үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-...... дугаар бүртгэлд өөрчлөлт оруулж, 239.1 м.кв хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийн ...... дугаар гэрчилгээг олгосон байна.

2.2. Гуравдагч этгээд “Т” ХХК-иас “ ... манай компани нь Баянгол дүүргийн ... дүгээр хорооны орон сууцны ..., ... дугаар байрны барилгажилтын төслийн хэрэгжүүлэгчээр батламжлагдсан,  ... дүгээр байрны ... тоот болон ...-... тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хууль бусаар олгогдсон байх тул Y-....... дугаар бүхий бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулгатай гомдлыг Улсын бүртгэийн ерөнхий газарт гаргасан, уг гомдлоор хяналт шалгалт хийгдэж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6167 дугаар дүгнэлтээр “... эрхийн улсын бүртгэлийн Y-........ дугаартай Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, Төмөр замын ... дүгээр байрны ... тоот орон сууцны талбайг нийт талбайн хэмжээнд давхардуулж, газар эзэмших эрх олгогдоогүй өргөтгөлийн барилгын хамт бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасныг бүртгэсэн” гэх үндэслэлээр дээрх бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... өөрийн өмчлөлийн байрандаа үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зорилгоор засвар хийж өргөтгөн, тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу зөвшөөрлүүдийг зохих газруудаас нь авсан .../байхад/ улсын бүртгэлийг хүчингүй болгож  өмчлөх эрхэд халдсан” гэх агуулгаар тайлбарлажээ.

4. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... хуульд заасан журмын дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулахад ...  эрхийн улсын бүртгэлийн Y-......... дугаартай, Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байрны ... тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийн нийтийн эзэмшлийн талбайд баригдсан өргөтгөлийн талбайн хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээ гэрээ байхгүй, ...  дүгээр байрны ... болон ... тоот орон сууцнуудаа өргөтгөлийн хэсэгтэйгээ нийлүүлэн нийт 239.1 м.кв талбайтайгаар бүртгүүлэхдээ ... тоот орон сууцны ......... тоот өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгэлийн хэлтэст буцаан өгч бүртгэлийг хүчингүй болгуулахгүйгээр өөр дээрээ авч үлдэн бүртгэл давхардуулсан зөрчлийг гаргасан нь тогтоогдсон тул ... зөвхөн улсын бүртгэлийн хуулиуд, газрын тухай хууль, орон сууцны тухай хууль тогтоомж зөрчиж бүртгүүлсэн өргөтгөлийн талбайн хэсгийг хүчингүй болгох дүгнэлт гаргасан  ... нь хууль зөрчөөгүйгэж маргажээ.

5. Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/736 дугаар захирамжаар “Т” ХХК-ийг Баянгол дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны ...., .... дугаар байрны барилгажилтын төслийн хэрэгжүүлэгчээр батламжилж, эрх олгосон. ...  Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 11 дүгээр байрны 1 тоотод 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Y-........... дугаар бүртгэж, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хууль зөрчин олгож, бүртгэл хийсэн” гэх агуулгатай тайлбарыг шүүхэд гаргажээ.

6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0439 дүгээр шийдвэр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4, 6.6, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 6167 дугаар дүгнэлтийн “Эрхийн улсын бүртгэлийн Y-.......... дугаарт бүртгэгдсэн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11-896900 дугаартай мэдүүлэг бүхий бүртгэлийг хүчингүй болгох” хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцээд 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 0545 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0439 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

8. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

8.1. “... Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл 106.2, 106.3.1, 22 дугаар зүйлд заасныг зөрчсөн, Улсын дээд шүүхийн 2006 оны 37 дугаар тогтоолын 6, 16, 17-д заасныг тус бүр зөрчиж, эдгээрт зааснаас хуулийг зөрүүтэй буруу тайлбарлан хэрэглэж, захиргааны хэргийн маргааныг шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэлээ /шийдвэрийн 5-р хуудас дахь “Үндэслэх нь” хэсгийн 2 дахь хэсэгт/ Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2, 183.3-т заасныг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, Иргэний хуулийн заалтыг үндэслэлээ болгож, хуулийг дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн. Тухайлбал:

8.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6167 дугаар дүгнэлтийг гуравдагч этгээд “Т” ХХК-ийн гомдлын дагуу хяналт шалгалт явуулж гаргасан нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь тухайн харилцаа Захиргааны ерөнхий болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтаар зохицуулагдаж байхад уг хуулийг хэрэглээгүй нөгөө талаар шүүхээс “Т” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөнө гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан атлаа түүний эрх ашиг хөндөгдөөгүй гэж өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн байна. Хэргийн нөхцөл байдал нь:

8.3. Э.Б, Я. Гэрэлмаа нар нь Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, Төмөр замын ... дүгээр байрны ... тоот 44м2 хэмжээтэй 3 өрөө орон сууц мөн байрны ... тоот 24 м2 орон сууц нийт 69м2 талбайтай 2 орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээтэй. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2004 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр “орон сууцны зориулалтыг өөрчилж, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох” тухай тушаалаар зөвхөн дээрх 69м2 талбайн зориулалтыг өөрчлөх зөвшөөрөл олгосон байхад нэмж зөвшөөрөлгүйгээр өргөтгөл барьж нийт 239,1 м2 үйлчилгээннй зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан нь нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ авсан “Т” компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байгаа болно.

8.4. Гуравдагч этгээд болох “Т” ХХК нь нэхэмжлэгч Э.Б-ын Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол Төмөр замын ... дүгээр байрны ... тоот 44 м2 орон сууц мөн байрны ... тоот 24 м2 нийт 69 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай орон сууцны өмчлөх эрхтэй огт маргаагүйг шүүх анхаарч үзсэнгүй.

8.5. Харин газар эзэмших эрхтэй “Т” ХХК-ийн эзэмшил газарт газар эзэмших эрхгүй этгээд болох Э.Б нь газрын болон өргөтгөл барих ямар нэг зөвшөөрөлгүйгээр 170.1 м.кв газарт өөрийн дураар өргөтгөл барьж Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 27 дугаар зүйл, Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.2.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 4.1.4, 4.1.5-д заасныг тус тус зөрчиж, зөвшөөрөлгүйгээр 170.1 м.кв газарт мөн хэмжээний өргөтгөл барьж тэр хэсэгтээ үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан нь хууль болон “Т” ХХК-ийн газар эзэмших эрхийг зөрчиж байгааг шүүх анхаарч үзэлгүй, нэхэмжлэгч Э.Бын зөрчилтэй эрхийг сэргээсэнд гомдолтой байна.

8.6. Энэ нь “Т” ХХК-ийн нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны 11, 12 дугаар байрны барилгажилтын төсөл”-ийг хэрэгжүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж, ажлыг гацааж байгаагаас гадна нэхэмжлэгч Э.Б нь тус компаниас үндэслэлгүйгээр их хэмжээний нөхөн төлбөр буюу 2,0 тэрбум нэхэмжилж байгаа нь хууль бус болно.

8.7. Давж заалдах шатны шүүхээс мөн маргаан бүхий үйл баримтад зөв дүгнэлт хийлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг сохороор дагаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан үүргээ үл биелүүлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

8.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, 52 дугаар зүйлийн 52.5.1-т захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаарх хуульд заасан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэнгүй.

8.9. Тодруулбал: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд гуравдагч этгээдээр татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан атлаа Улсын дээд шүүхийн 2006 оны 37 дугаар тогтоолын 17-д зааснаар бусдын хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг заавал шалган тогтоох шаардлагыг орхигдуулсан.

8.10. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэл хийгдсэнээс хойш газар эзэмших эрх гуравдагч этгээдэд үүссэн гэж үндэслэлгүй дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлаж байна.

8.11. Мөн шүүхээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хамгаалдаг болохоос хууль бусаар олж авсан хөрөнгийг хамгаалж, аж ахуйн нэгжийг хохироох шийдвэр гаргах эрхгүй юм.

8.12. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг газар ашиглах, эзэмших эрхгүй зөвшөөрөлгүй өргөтгөл барьсан гэдгийг дүгнэж, “Т” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй этгээд гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан атлаа гомдол гаргах эрхгүй этгээдийн гомдлоор шалгалт хийсэн гэж эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгож түүний хуулиар олгогдсон эрхэнд халдаж, шүүхийн тогтсон практик, дээд шүүхийн тайлбар холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчид хууль бусаар давуу байдал олгох эрх шүүхэд байхгүй болно.

8.13. Хэрэв хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн энэхүү алдааг засахгүй бол шүүхийн практикт буруу жишиг тогтож, дуртай этгээд нь эрх бүхий байгууллагын ямар ч зөвшөөрөлгүйгээр зөвхөн өөрийнх нь өмчлөх эрхтэй орон сууцны зориулалтыг өөрчилсөн /69 м2 талбайн/ тушаалыг ашиглаж хууль бусаар тайлбарлан баталгаажуулж байгаа явдал бөгөөд, хэдийгээр улсын байцаагч манай компанийн гомдлоор хяналт шалгалт хийсэн гэж буруутгагдаж байгаа боловч хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд зөрчлийг тогтоож, таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хууль бус гэж үзэх боломжгүй юм.

8.14. Шүүхээс улсын байцаагчийг гомдол гаргах эрхгүй этгээдийн гомдлоор хяналт шалгалт хийсэн гэж буруутгаж. дүгнэлтийг хүчингүй болгож байгаа бөгөөд хариуцагчийн энэхүү алдаа нь шалгалт хийж журмыг буюу захиргааны акт гаргах ажиллагааны зөрчил /формаль эрх зүйн алдаа/ болохоос захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл биш юм. Эрх бүхий улсын байцаагч иргэн, хуулийн этгээдийн гомдол мэдээллээр болон өөрөө шалгалт хийж зөрчлийг тогтоож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-т заасан хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлсэн байхад гуравдагч этгээд гомдол гаргах эрхгүй байсан гэсэн үндэслэлээр шүүх нь хууль бусаар нэхэмжлэгчид давуу байдал олгож байна.

8.15. Улсын онцгой комиссоос цар тахалтай холбоотой хорио цээр тогтоогоогүй байхад давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд биеэр оролцох эрхийг зөрчиж хуралдааныг цахим хэлбэрээр явуулсан.

8.16. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 0545 дугаар магадлал, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0439 дүгээр шийдвэр тус бүрийг хүчингүй болгож, Э.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-О, хариуцагч хяналтын улсын байцаагч Н.А нарт 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргасан тухай мэдэгдэж, гомдлыг цахимаар хүргүүлсэн, хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

10. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” байж болзошгүй гэх үндэслэлээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн, энэ үндэслэлээр хэргийг хянаад, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна”, 106 дугаар зүйлийн 106.8-д “шүүхийн шийдвэрт шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурах... ”-аар тус тус заасан.  

12. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1237 дугаар захирамжаар Э.Б-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Н.А-т холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Оюумаа, шүүгч О.Оюунгэрэл (илтгэгч шүүгч) нар, шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Б.Тунгалагсайханыг томилсон шийдвэрийг албажуулсан нь хэрэгт авагдсан байна.

13. Гэтэл, давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй хийсэн нь мөн өдрийн 0958 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож, магадлалд хуралдаан даргалагч, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч О.Оюунгэрэл нар тус тус гарын үсэг зуржээ.

14. Хэрэгт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1237 дугаар захирамжаар томилогдсон шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн томилсонтой холбоотой баримт, шийдвэр авагдаагүй байна

15. Дээрх байдлаар, хуульд заасан журмын дагуу томилогдоогүй шүүх бүрэлдэхүүн уг захиргааны хэргийг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн” үндэслэлд хамаарах бөгөөд, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно.

16. Иймд, магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 0545 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.4-т зааснаар гуравдагч этгээд “Т” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг Төрийн сангийн 100200700941 тоот данснаас буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.ЦОГТ         

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                  Д.БАТБААТАР

                                                                                      Х.БАТСҮРЭН

                                                                           П.СОЁЛ-ЭРДЭНЭ