Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 4730

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1-40 мянгат, 22-16 тоотод оршин суух, Мянгад овогт Төмөртогоогийн Туул /РД: УГ67111209/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 71 дүгээр байр, 104 тоотод оршин суух, Эзэн овогт Ганболдын Сайндүү /РД: ЦВ84040918/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-46, Гранд плаза 6-11 тоотод байрлах, “Ворлднэксес” ХХК /РД: 5106605/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 66 791 858 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа, хариуцагч Г.Сайндүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэнбаатар, нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Туул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээслүүлэгч Г.Туул нь өөрийн өмчлөлийн Гранд плаза худалдаа үйлчилгээний цогцолборт байрлах 6 давхарын 11 тоотын 157.58 мкв талбайг оффис, тавилгын зориулалтаар 'Ворлднэксес" ХХК-тай гэрээг хийх гэсэн боловч тухайн үед тус компаны бичиг баримт байхгүй гэх шалтгаанаар "Ворлднэксес" ХХК-ны захирал Г.Сайндүү нь өөрийн нэр дээр 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөрийн 014/02 дугаар түрээсийн гэрээг байгуулсан. Одоо тус компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэвийн явуулж байгаа. Гэрээний хугацаа 2014  оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилээр байгуулсан ба түрээсийн 1 м.кв талбайн түрээс 20 000 төгрөг, 1 сарын төлбөр 3 151 600 төгрөг байхаар тохирсон. Гэрээний хугацаанд 12 сарын нийт 37 819 200 төгрөг төлөх ёстой боловч түрээслэгч нь түрээсийн төлбөрөөс 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 3 151 600 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 3 151 600 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр  3 151 600 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 3 151 600, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 3 151 600 төгрөг, нийт 15 758 000 төгрөгийг төлж, үлдэх 22 061 200 төгрөгийг төлөөгүй байна. Иймд үндсэн төлбөрийг үлдэгдэл 22 061 200 төгрөг, гэрээний 4.7-д зааснаар алданги 6 911 458 төгрөг нийт 28 972 658 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Туул шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:: Миний бие өөрийн өмчлөлийн Гранд плаза худалдаа үйлчилгээний цогцолборт байрлах 6 давхарын 11 тоотын 157.58 мкв талбайг бүхэлд нь Г.Сайндүүтэй 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, 1 м.кв талбайг 20 000 төгрөгөөр буюу сарын 3 151 600 төгрөг байхаар гэрээг 2015  оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Өнөөдрийг хүртэл гэрээний дагуу ямар нэгэн төлбөр төлөөгүй байх тул 1 жилийн буюу 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт нийт 37 819 200 төгрөгийг, өмнөх гэрээний үүрэг 28 972 658 төгрөгийг хамт бүгд 66 791 858 төгрөгийг Г.Сайндүүгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Т.Туулын нэхэмжлэлтэй, Г.Сайндүү, “Ворлднэксес” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч “Ворлднэксес” ХХК-иас татгалзаж байна гэв.

 

Хариуцагч Г.Сайндүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэнбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсийн гэрээг дүгнэх, цаашид хэрхэн үргэжлүүлэх талаар харилцан тохиролцох гэж хариуцагчийн зүгээс удаа дараа хичээсэн. Түрээслэгчийн зүгээс удаа дараа иргэдийн худалдан авах чадвар муу байна, төлбөрийн хэмжээг дахин харах хэрэгтэй байна, төлбөрийг хэрхэн гүйцэтгэх хуваарь ийм байна гэх зэрэг ажил хэрэгч саналуудыг хүргүүлэн уулзах хүсэлтийг тавьж байсан боловч хариу өгөөгүй билээ. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөсөн орлого тасалдаж түрээслэгчийн бизнес ашиггүй болсон бөгөөд үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрчээд байна. Түрээсийн гэрээний 4.8-д заасны дагуу түрээсийн төлбөрийг буулгах боломж бас байна гэж түрээслэгчийн зүгээс үзэж байна. Учир нь гэрээ хоёр талын эрх ашгийг харилцан хангахуйц байж хүчин төгөлдөр болно. Наадам, Цагаан сар зэрэг бүх нийтийн амралтын өдрүүд, тоггүй байсан өдрүүдийн төлбөрийг бас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эхний гэрээний үндсэн төлбөрөөс үлдэх төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин алданги төлөх үндэслэлгүй. Мөн сүүлийн гэрээний 1 м.кв талбайн үнийг буулгах талаар хариуцагч нь нэхэмжлэгчид санал гаргаж байсан тул 37 819 200 төгрөгийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Туул нь хариуцагч Г.Сайндүү, “Ворлднэксес” ХХК нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт нийт 66 791 858 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хариуцагч “Ворлднэксес” ХХК-д холбогдох хэсгээс татгалзав.

 

Хариуцагч Г.Сайндүү нь нэхэмжлэлийн шаардлагыг “...өмнөх гэрээний алдангийг төлөхгүй, ...сүүлийн гэрээний үнийн дүнг буулгах талаар нэхэмжлэгчид санал хүргүүлж байсан” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч Г.Сайндүү нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 014/02 дугаар “Худалдаа үйлчилгээний талбай түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-ээр түрээслэгч Г.Сайндүү нь түрээслүүлэгч Г.Туулын өмчлөлийн Баянгол дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Гранд плаза” худалдаа үйлчилгээний цогцолборын 6 дугаар давхар, 6-11 тоотод байрлах 157.58 м.кв талбайг гэр ахуйн, оффисын тавилга худалдах зориулалтаар нэг м.кв-г 20 000 төгрөгөөр, нийт нэг сарын 3 151 600 төгрөгөөр, 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээслэхээр, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан “Худалдаа үйлчилгээний талбай түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-ээр дээрх нөхцлөөр 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээслэхээр харилцан тохиролцсон нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон түрээсийн гэрээгээр нотлогдож байна. Мөн талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр эсэх болон гэрээнд хүсэл зоригоо илэрхийлсэн байдалын талаар маргаагүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талуудын чөлөөт байдалд нийцсэн гэж үзэхээр байна.

 

Гэрээний агуулга, шинж, талуудын эрх, үүрэг, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан буюу гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Г.Сайндүүд түрээсийн төлбөрийг төлөх гэрээний үүрэг, нэхэмжлэгчид гэрээнд заасан худалдаа үйлчилгээний талбайг хариуцагч Г.Сайндүүгийн эзэмшилд шилжүүлэх үүргээ тус тус үүссэн байна.

 

2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 014/02 дугаар “Худалдаа үйлчилгээний талбай түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-ний үүрэгт 28 972 658 төгрөг гаргуулах шаарлагын тухайд:

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хариуцагч Г.Сайндүүгийн эзэмшилд шилжүүлсэн талаар болон гэрээний үүрэг болох 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр нийт 37 819 200 төгрөгөөс хариуцагч Г.Сайндүү 15 758 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, мөн үлдэх 22 061 200 төгрөгийг төлөөгүй талаар талууд маргаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээний үүрэг болох эд хөрөнгийг хариуцагч Г.Сайндүүгийн эзэмшилд шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.

 

Харин хариуцагч Г.Сайндүүг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байхаас гадна хариуцагч Г.Сайндүү нь үлдэх төлбөрийг төлөөгүйг үгүйсгээгүй байх  тул нэхэмжлэгч нь мөн зүйлд зааснаар гэрээний үлдэгдэл төлбөр болох 22 061 200 төгрөгийг хариуцагч Г.Сайндүүгээс шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хууль болон гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд талууд гэрээний 4.7-д алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувь байхаар тохирсон байна. Гэвч нэхэмжлэгч нь дээрх гэрээний алданги 6 911 458 төгрөгийн шаардлагын үндэслэл буюу хариуцагч Г.Сайндүүг хэзээнээс эхэлж гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн алдангийн хэмжээг хэдэн хувиар тооцсон, түүнчлэн сар бүр, эсхүл гэрээний хугацаа дууссан үеэс алданги шаардаж буй зэрэг үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Г.Сайндүүгээс алданги шаардах эрхгүй байна.

 

2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Худалдаа үйлчилгээний талбай түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-ний үүрэгт 37 819 200 төгрөг гаргуулах шаарлагын тухайд:

 

Нэхэмжлэгч болон хариуцагч Г.Сайндүү нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан “Худалдаа үйлчилгээний талбай түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хариуцагч Г.Сайндүүд шилжүүлсэн, хариуцагч Г.Сайндүү нь уг гэрээний үүрэгт нийт 37 819 200 төгрөг төлөөгүй болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч Г.Сайндүү нь дээр гэрээний 1 м.кв талбайн түрээсийн үнийн дүнг багасгах талаар нэхэмжлэгчид санал хүргүүлж байсан гэх боловч Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасан хэлцэлийг хийсэн гэж үзэх нөхцөл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч Г.Сайндүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...1 м.кв талбайн түрээсийн үнийн дүнг багасгах” гэх татгалзал үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагч Г.Сайндүүгээс гэрээний үүрэгт 37 819 200 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хариуцагч “Ворлднэксес” ХХК-иас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйллийн 106.5-д зааснаар хариуцагч “Ворлднэксес” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Г.Сайндүүгээс түрээсийн гэрээний үүрэгт нийт 59 880 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Туулд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 911 458 төгрөг болон хариуцагч “Ворлднэксес” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Г.Сайндүүгээс 59 880 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Туулд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 911 458 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч “Ворлднэксес” ХХК нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 649 866 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Сайндүүгээс 457 352 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН