Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/02027

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 20 өдөр Дуга210/МА2023/02027

 

 

Г.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/03432 дугаар шийдвэртэй,

 

Г.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

 

Ласти-Интернэшнл ХХК, Д.Болормаа нарт холбогдох,

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, Ласти таун хотхоны 10А байрны 36 тоот 62.7 м.кв, 2 өрөө орон сууц болон 5 тоот зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, Д.Болормаагийн нэр дээр 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Y-200321861 дугаараар үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн 24 орон сууцны бүртгэлээс миний өмчлөлийн орон сууцыг хасуулахыг хариуцагч Ласти-Интернэшнл ХХК, Д.Болормаа нарт даалгах тухай иргэний хэргийг хариуцагч Д.Болормаагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжав, хариуцагч Д.Болормаа, түүний өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагч Ласти-Интернэшнл ХХК-ийн төлөөлөгч Т.Чимэддулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Ласти-Интернэшнл ХХК нь 2014 онд орон сууцны барилга барьж, захиалга авч эхлэхэд би орон сууцтай болох зорилгоор 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 020 дугаартай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг тус компанитай байгуулсан.

Тус гэрээгээр Ласти таун хотхоны 10А байрны 9 дүгээр давхрын 36 тоотод байрлах 62,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууц /үнэ 62,700,000 төгрөг/ болон авто машины зогсоол /үнэ нь 16,000,000 төгрөг/ худалдан авч, үнийг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн хуваарийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бүрэн төлж дуусган орон сууцаа хүлээн авсан.

2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр уг сууцандаа нүүж орж, орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн учир нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын мөнгийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр албан ёсоор буцааж авсан.

 

1.2. Дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ласти интернэшил ХХК-ийн нэр дээр Улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаарт бүртгэгдсэн ба захиалгын гэрээний дагуу худалдан авсан орон сууцаа өөрийн нэр дээр Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэхийн тулд Ласти интернэшил ХХК-аас шаардлагатай бичиг баримтаа авахаар тус компанид хандахад компанийн удирдлага солигдсон бид мэдэхгүй гэсэн зүйлийг компанийн шинэ удирдлага ярьж, шаардлагатай бичиг баримт бичгүүдийг бүрдүүлж өгөөгүй.

 

1.3. Учир нь иргэн Д.Болормаа 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ласти-Интернэшнл ХХК-тай 01/14 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн, Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ласти-Интернэшнл ХХК-ийн барьж байсан 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгын ажилд 1,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан асуудлаа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр эвлэрлийн журмаар шийдвэрлүүлж, шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/08942 дугаартай захирамжаар Ласти-Интернэшнл ХХК нь 2,500,000,000 төгрөг Д.Болормаад төлөхөөр болсон.

Шүүгчийн энэхүү шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож, Дархан-Уул аймгийн, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 10А байрны 1423.42 м.кв талбай бүхий 46 орон сууцыг Д.Болормаагийн өмчлөлд шилжүүлэх журмаар 2,500,000,000 төгрөгийн өрийг төлөхөөр тохиролцсон байх ба энэ дунд нь миний Ласти-Интернэшнл ХХК-аас худалдан авч, үнийг нь бүрэн төлсөн орон сууцыг шилжүүлэхээр болсон байсан.

 

1.4. Д.Болормаа 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр бусад 23 орон сууцны хамт Ү-200321861 дугаараар үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд өөрийн нэр дээр бүртгүүлж гэрчилгээ авсан байдаг.

Д.Болормаа миний худалдаж авсан 10А байрны 36 тоот орон сууцыг өмчлөх эрхгүй болохыг дараах баримтууд нотолж байна.Үүнд;

Д.Болормаа нь Ласти-Интернэшнл ХХК-тай байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16\001\ дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ болон мөн өдрийн 16\001\01 дугаартай Барьцааны гэрээгээр хөрөнгө оруулагч Д.Болормаа нь үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, 8470 м.кв талбай бүхий 144 айлын орон сууцнаас 2667.22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг барьцаалж, нотариатаар баталгаажуулан, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Энэхүү барьцаанд авагдсан 46 орон сууцны жагсаалтад 10А байрны миний өмчлөлийн 36 тоот орон сууц байхгүй. Өөрөөр хэлбэл, миний орон сууц барьцаалагдаагүй байсан.

Хэргийн 85-86 дугаар хуудсанд байгаа 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд Ласти-Интернэшнл ХХК-ийн хуучин захирал А.Лхагвасүрэн энэ орон сууцуудыг гуравдагч этгээдүүдэд зарж, үрсэн байдал сонсогдоод байгаа...Төлбөр авагч Б.Дөлгөөн, Д.Болормаа бид бүхэн өмчлөх эрхээ олж авъя. Гуравдагч этгээдүүд гарч ирвэл бид бүхэн эрсдэлээ хүлээнэ. Энэ талаар танай шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргахгүй гэж Д.Болормаа гарын үсгээ зурсан байдаг.

Ийнхүү Хөрөнгө оруулалтын гэрээний барьцаанд байгаагүй, Ласти-Интернэшнл ХХК-ийн өмчлөлөөс аль хэдийнэ гарч, миний худалдаж авсан орон сууцыг мэдсээр байж Ласти-Интернэшнл ХХК-аас авах авлагатаа тооцон авч, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд хууль бусаар бүртгүүлсэн Д.Болормаагийн энэхүү үйл ажиллагааг хууль болон шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэх боломжгүй юм.

Иймд намайг Дархан-Уул аймгийн, Дархан сумын, 11 дүгээр баг, Ласти Таун хотхоны 10А байрны, 36 тоот, 62,7 м.кв 2 өрөө орон сууц болон 5 тоот зогсоолын өмчлөгчөөр тогтоож, Д.Болормаагийн нэр дээр 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Ү-200321861 дугаараар үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн 24 орон сууцны бүртгэлээс миний өмчлөлийн орон сууцыг хасуулахыг хариуцагч Ласти-Интернэшнл ХХК, Д.Болормаа нарт даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагч Ласти-Интернэшнл ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Ласти-Интернэшнл ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч А.Лхагвасүрэнтэй Ц.Батаа нь 144 айлын орон сууц барихад 2014 онд гэрээ байгуулан хөрөнгө оруулсан. Ласти-Интернэшнл ХХК-ийн захирал А.Лхагвасүрэн нь зээл төлөлтийн графикийн дагуу 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зээлийн төлбөрийг хийгээгүй, Ц.Батаа нь мөнгөө авч чадахгүй байсан тул өөрийн хөрөнгөө хамгаалж Ласти-Интернэшнл ХХК-ийн захирал А.Лхагвасүрэнтэй 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр хөрөнгө оруулсан төлбөрөө 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төлбөр тооцоог дуусгаж, компанийг буцаан өгөх хэлцэлтэйгээр гэрээ байгуулан шилжүүлэн авсан.

Ласти-Интернэшнл ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Лхагвасүрэн 2017 оны 12 дугаар сарын 31-нд Ц.Батаад зээлсэн мөнгөө өгч компаниа буцаан авна гэсэн боловч аваагүй.

Ц.Батаа захирал гадаад томилолтоор явах болсон тул Ласти-Интернэшнл ХХК-ийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ээр Т.Чимэддулам миний нэр дээр шилжүүлсэн.

Компанийг шилжүүлэн авсны дараа орон сууцыг худалдахдаа хөрөнгө оруулагч, иргэд, захиалгаар орон сууц барьсан барилгын компаниудтай гэрээг давхардуулан хийснийг мэдсэн.

Ингээд А.Лхагвасүрэнтэй уулзаж, хөрөнгө оруулагч, өмгөөлөгч нарыг байлцуулан хуралдаж Ласти-Интернэшнл ХХК нь бусдын өмнө хүлээсэн зээлийн болон бусад өр төлбөрийг төлөх асуудлыг бүрэн хариуцахаар хэлцэл хийж, 2018 оны 02 дугаар сарын 28-нд гэрээ байгуулан компанийг А.Лхагвасүрэнд 100 хувь шилжүүлсэн боловч А.Лхагвасүрэн нь гэрээний үүргийн дагуу Улсын бүртгэлийн албанд бүртгэл хийлгээгүй, бидэнд мэдэгдэлгүй 2018 оны 3 дугаар сард Хятад улс руу яваад ирээгүй.

 

2.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн 08942 дугаар захирамжийн дагуу төлбөр төлөгч Ласти-Интернэшнл ХХК-ийн 2,500,000,000 төгрөгийн төлбөрт тооцон компанийн өмчлөлийн улсын эрхийн Ү-2003018160 дугаарт бүртгэгдсэн Дархан Уул аймгийн сумын 11 дүгээр баг 13 дугаар хороолол 10А, 10Б байраас 44 ширхэг орон сууцыг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүгчийн 101/Ш32017/21655 дугаар захирамжийн дагуу төлөх 2,900,000,000 төгрөгийн төлбөрт тооцон, компанийн өмчлөлийн улсын эрхийн Ү-2003018160 дугаарт бүртгэгдсэн Дархан Уул аймгийн сумын 11 дүгээр баг 13 дугаар хороолол 10А, 10Б байраас 53 ширхэг орон сууцыг Б.Дөлгөөнд хүсэлтээр Шийдвэр гүйцэтгэлийн албадан ажиллагааны дагуу 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Д.Болормаа, Б.Дөлгөөн нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан.

 

2.3. Дархан-Уул аймгийн Дархан сумын Улсын бүртгэлийн алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, хөрөнгө оруулагч Д.Болормаа, Б.Дөлгөөн нар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах Ласти Таун нэртэй 144 айлын орон сууцанд Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэд, Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд орон сууц авсан иргэд амьдарч байсныг бүгд мэдэж байсан.

Тооцооллыг харахад 144 айлын орон сууцны нийт худалдах үнэ 8,554,167,190 төгрөг, урьдчилгаагаар төлбөр төлсөн дүн 6,289,442,820 төгрөг, үлдэгдэл төлбөр 2,264,724,370 төгрөг байсан.

Шийдвэр гүйцэтгэлийн албанд анх байрны 1 м.кв талбайг тухайн үеийн зах зээлийн ханшаар 1,250,000 төгрөгөөр тооцон өгсөн боловч Д.Болормаа, Б.Дөлгөөн нарын Шүүхийн шийдвэрээр гарсан мөнгөн дүнд дүйцүүлэн 1 м.кв талбайг 990,000 төгрөгөөр тооцон, захиалагч иргэдийн эрх ашгийг хөндөн хуваарилсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, Улсын бүртгэлийн алба тус компани нь олон хохирогчтой хөрөнгийн маргаантайг мэдсээр байж Ласти-Интернэшнл ХХК нь хөрөнгийг Шийдвэр гүйцэтгэх алба болон хөрөнгө оруулагч нар шахаж шаардан байж хөрөнгө оруулагчид хуваарилсан нь зөвхөн хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаж, захиалагчид иргэдийг хохироосон, үүний улмаас компани иргэдийн хоорондох маргаан шийдвэрлэгдээгүй удаж байна.

******* нь гэрээ байгуулаад байр ашиглалтад орсон цагаас хойш энэ байранд амьдарсан. Бид Д.Болормаатай 46 байрыг жагсаагаад үзэхэд гэрээнүүд давхацсан 36, давхцалгүй 10 айл байсан гэжээ.

 

3. Хариуцагч Д.Болормаагийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Би 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ласти-Интернэшнл ХХК-тай 01/14 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 01 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороололд баригдахаар болсон 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж. барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжид ашиг авахаар харилцан тохиролцсон.

Ласти-Интернэшнл ХХК-аас 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын ажпын явц удааширсан тул Ласти-Интернэшнл ХХК-аас гаргасан саналыг үндэслэн уг өдөр гэрээний хугацааг сунгаж, 02 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 03 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон Барьцааны гэрээг тус тус байгуулсан.

Эдгээр гэрээгээр хамтын үйл ажиллагааны vp дүнд бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахдаа хөрөнгө оруулагч тал буюу надад гэрээ байгуулах талаараа мэдэгдэж, зөвшөөрөл авсны үндсэн дээр захиран зарцуулж байхаар тохиролцсон.

 

3.2. Ласти-Интернэшнл ХХК нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт ...талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрөл авна гэснийг болон надтай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, ******* гэгч хүнтэй 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Орон сууц захиалгаар барих тухай гэрээ-ний үндсэн дээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын Ласти таун хотхоны 10А блокын 36 тоотын 2 өрөө сууцыг худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан нь хууль бус болсон байна.

 

3.3. Ласти-Интернэшнл ХХК нь Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч миний эрхийг зөрчиж байсан тул уг асуудлаар Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуучлалд хандан өргөдөл гаргаж, эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор Ласти-Интернэшнл ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 183 дугаартай Эвлэрлийн гэрээ-г байгуулсан бөгөөд уг эвлэрлийн гэрээг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/Ш32017/08942 дугаар захирамжаар баталгаажуулсан.

Дээрх захирамжийн дагуу Ласти-Интернэшнл ХХК нь надад 2,500,000,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлөх байсан ч энэ үүргээ биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын Ласти таун хотхоны 10А блокын 36 тоот, 2 өрөө орон сууц болон бусад орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэх асуудлаар 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш удаа дараа мэдүүлэг гаргаж, тэдгээртэй холбоотой маргааныг захиргааны журмаар шийдвэрлүүлсний эцэст 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр улсыг бүртгэлийг баталгаажуулж, үл хөдлөхөд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан.

 

3.4. Маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хууль болон гэрээний дагуу хүлээгээгүй, үүрэг гүйцэтгэх эрхтэй этгээд биш байхад гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй надаас орон сууцыг гаргуулахаар шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Хэрэв Г. Бат-Эрдэнэ нь хууль ёсоор гэрээ байгуулж, өмчлөх эрхийг олж авсан хэмээн үзэж байгаа бол Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхээ бүртгүүлэх тухай хүсэлтээ гаргах ёстой байсан бөгөөд ийнхүү хүсэлт гаргаагүй нь Г.Бат-Эрдэнийн өөрийнх нь буруу бөгөөд хууль мэдэхгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй.

Дээр дурдсанаар Ласти-Интернэшнл ХХК нь миний зөвшөөрлийг авч хэлцэл хийх ёстой байтал огт зөвшөөрөл авалгүй хэлцэл хийсэн, мөн нэхэмжлэгч нь миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2003021861 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын Ласти таун хотхоны 10А блокын 36 тоотын 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандаж байгаа нь хуульд нийцэхгүй, намайг хууль ёсны өмчлөгч болохыг, бүртгэл хууль ёсны дагуу хийгдсэн болохыг тогтоосон бүх шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.2, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, Ласти таун хотхоны 10А байрны 36 тоотод байршилтай, 62,7 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, Ласти таун хотхоны 10А байрны 5 тоотод байршилтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Бат-Эрдэнийг тус тус тогтоож,

Д.Болормаагийн нэр дээр 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ү-200321861 дугаараар үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн орон сууцны бүртгэлээс Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, Ласти таун хотхоны 10А байрны 36 тоотод байршилтай, 62,7 м.кв талбайтай орон сууцыг хасуулахыг Д.Болормаад, Ласти таун хотхоны 10А байрны 5 тоотод байршилтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Г.Бат-Эрдэнийн өмчлөлд бүртгүүлэхийг Ласти-Интернэшнл ХХК-д тус тус даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т заасныг баримтлан Г.Бат-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 779,600 төгрөгөөс 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдсэн 498,800 төгрөгийг улсын орлогоос гаргуулан *******д, хариуцагч Ласти-Интернэшнл ХХК-аас 140,400 төгрөг, Д.Болормаагаас 140,400 төгрөгийг тус тус гаргуулан *******д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Д.Болормаагийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг Ласти таун хотхоны 9 давхар орон сууцны А блокын 36 тоот 62,7 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч бөгөөд уг орон сууцыг өмчлөх миний эрх өнөөдрийн өдрийг хүртэл хүчинтэй байгаа.

Нэхэмжлэгч ******* нь уг өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэлтэй холбоотой бүртгэлийн байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулахаар Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 114 дүгээр шийдвэрээр түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Харин захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаас дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан ба давж заалдах шатны шүүхийн магадлалыг одоо болтол бидэнд гардуулж өгөөгүй байна.

 

5.2. Энэ иргэний хэргийг шийдвэрлэхэд миний өмчлөх эрхийг баталгаажуулсан захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг тогтоох чухал ач холбогдолтой бөгөөд энэ талаар захиргааны хэргийг шийдвэрлэхээс нааш энэ иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй байсан юм.

Гэтэл анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг тогтоолгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

 

5.3. Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, Ласти таун хотхоны 9 давхар орон сууцны А блокын 36 тоот, 62,7 м.кв 2 өрөө орон сууцыг өмчлөх миний эрхийг хүчинтэй хэвээр байхад шүүгч дахин өөр нэг этгээд буюу нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнийг нэхэмжлэгчээр тогтоосон нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй, биелэгдэх боломжтой байх тухай хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нэг этгээдийн өмчлөлөөс нөгөө этгээдийн өмчлөлд шилжихтэй холбоотой харилцааг Монгол Улсын Иргэний хууль болон тухайн үед үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой аливаа гэрээ хэлцэл бүртгэлийн байгууллагад бүртгэгдэж байж хүчин төгөлдөр болдог.

5.4. Нэхэмжлэгч ******* Ласти интерншнл ХХК-ийн хооронд Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан боловч энэ гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, ямар нэгэн урьдчилсан тэмдэглэл хийгдээгүй байсан. Энэ гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн, зохих журмаар урьдчилсан тэмдэглэл хийгдсэн бол би энэ орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авахгүйгээр өөр орон сууцыг шилжүүлэн авах бүрэн боломжтой байсан.

Шүүгч Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй байдаг ... хэмээн хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн. Харин нэхэмжлэгч ******* энэ эрхээ хэрэгжүүлсэн цаг хугацааг хэргийн үйл баримттай зөв харьцуулж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт тус тус нийцээгүй дүгнэлт хийсэн.

Миний бие уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх ажиллагаа явагдаж байх үед миний өмчлөх эрхэд шилжүүлсэн бүх орон сууцны өмчлөх эрх болон түүнтэй холбоотой бүртгэлд хамаарах ямар нэгэн маргаан байгаагүй тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар үнэн зөв гэж тооцогдох учиртай.

 

5.5. Шүүгч маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг миний өмчлөлд шилжүүлэх бүртгэл хийгдэж байх үед огт байгаагүй үйл баримт буюу нэхэмжлэгч ******* хожим 2021 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга, тус аймгийн Улсын бүртгэлд хандаж байсан хүсэлтүүдийг үндэслэж нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгийг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг Ласти таун хотхоны 9 давхар орон сууцны А блокын 36 тоот 62,7м.кв 2 өрөө орон сууц миний барьцаанд байгаагүй... , Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, Ласти таун хотхоны 9 давхар орон сууцны А блокын 36 тоот 62,7 м.кв 2 өрөө орон сууцыг өөр хүнтэй давхардуулан гэрээ байгуулсан гэдгийг мэдэж байсан... гэх зэрэг үйл баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасанд нийцүүлэн дүгнэлт хийж чадаагүй.

 

5.6. ... Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, Ласти таун хотхоны 9 давхар орон сууцны А блокын 36 тоот 62,7м.кв 2 өрөө орон сууцыг оөр хүнтэй давхардуулан гэрээ байгуулсан гэдгийг мэдэж байсан... гэх асуудлын тухайд:

Шүүгч хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн нь тодорхойгүй ... 144 айлын орон сууцны 10А, 10Б байрны захиалгаар бариулсан сууцны гэрээтэй иргэдийн дэлгэрэнгүй жагсаалт ... гэх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Шүүх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нэг этгээдийн өмчлөлөөс нөгөө этгээдийн өмчлөлд шилжихтэй холбоотой Монгол Улсын Иргэний хууль болон тухайн үед үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулиар нарийвчилсан зохицуулалтыг үгүйсгэж байгаа үндэслэлээ шийдвэрт огт тусгаагүй байна.

Тухайлбал, Бүртгэл үнэн зөв байх тухай хуулийн шаардлага хэрхэн яаж үгүйсгэгдэж байгааг огт дүгнээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад миний өмчлөлд шилжүүлж байгаа орон сууцнуудын ... улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл нь буруу ташаа болох ... талаар ямар ч мэдээлэл байгаагүй.

Мөн орон сууцнуудын ... бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэн ... маргааны бүртгэл огт байгаагүй. Харин хожим буюу бүртгэл хийгдсэнээс хойш жил гаруйн дараагаас эхлэн сүүлд нэр бүхий оршин суугчид өөрсдийн гэрээ хийсэн орон сууцыг миний өмчлөлд шилжүүлсэн бүртгэлтэй холбоотой асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан ба шүүхээс тэдний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болоод байгаа.

 

5.7. Маргаан бүхий 10А блокны 36 тоот, 62.7 м.кв орон сууцыг бусад орон сууцны хамт би Ласти-Интернэшнл ХХК-аас хөрөнгө оруулалтын гэрээний зүйлд төлбөрт авсан.

Хан-Уул дүүргийн шүүх дэхь эвлэрүүлэн зуучлалд 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 183 тоот эвлэрлийн гэрээ нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил хүчинтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл болно.

Төлбөр төлөгч Ласти-Интернэшнл ХХК нь тогтоосон хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар эд хөрөнгө, мөнгийг шилжүүлэх үүргээ сайн дураар биелүүлээгүй. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар ...тусгайлсан хөрөнгөтэй, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг хуулийн этгээдийн... хувьд удирдах байгууллага болох захирал нь иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгчийн хувьд өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө төлбөрт шилжүүлсэн.

Төлбөр төлөгч өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө төлбөрт шилжүүлэх явц нь тухайн хуулийн этгээдийн нягтлан бодох бүртгэлд бүртгэлтэй, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө шилжүүлсэн мөн төрийн байгууллага болох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар шилжүүлэн авсан хөрөнгө тул ямар нэгэн маргаан дагуулахгүй, мөн л эд хөрөнгийн эрхийн доголдолгүй, захиран зарцуулах, ашиглах боломжтой хөрөнгөө шилжүүлэх үүрэгтэй. Энэ ажиллагааны үр дүнд хуулийн этгээдийн хөрөнгө ,иргэнд шилжиж ирсэн игүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсоор явагдсан болох нь шат шатны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичгээр тодорхйлогдоно.

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хуулийн этгээд буюу мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч Ласти-Интернэшнл ХХК нь бусад этгээд буюу Д.Болормаа надад хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр, чөлөөтэй захиран зарцуулах эрхээ эдэлж шилжүүлэн өгсөн нь хууль зөрчөөгүй. Ийм байхад анхан шатны шүүх Д.Болормаа миний өмчлөлд иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрийн зүйлд ирсэн орон сууцыг төлбөр төлөгч Ласти-Интернэшнл ХХК-ийн гэрээний үүрэгт тооцон, өөр этгээдэд шилжүүлэн өгөхийг даалгаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар Д.Болормаа би эд хөрөнгийг шилжүүлэн авсан үед Ласти-Интернэшнл ХХК орон сууцыг өмчлөгч байсан тул хөрөнгийг шударгаар олж авсан.

 

5.8. Нэхэмжлэгч ******* нь төлбөр төлөгч болох Ласти-Интернэшнл ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бол гэрээний үүргийг үүрэг гүйцэтгэгч этгээдээс шаардах бөгөөд гэрээний үүрэг бодитой биелүүлэх боломжгүй болсон нөхцөлд учирсан хохиролоо гаргуулах эрх нээлттэй байхад анхан шатны шүүх бусдын өмчлөлийн зүйлийг гэрээний үүрэгт шилжүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй .

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө болох орон сууц өмчлөх эрх Д.Болормаа надад иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэн байхад одоогийн байдлаар маргаан бүхий орон сууцыг эзэмшиж буй Г.Бат-Эрдэнийг өмчлөгч гэж үзсэн нь буруу байна.

Д.Болормаагийн нэр дээр өмчлөх эрх бүртгэгдэж байх үед тухайн орон сууцны бүртгэлийн үнэн байдалтай холбоотой маргаангүй байсан нь баримтаар тогтоогдож байхад шүүхээс Д.Болормаагийн өмчлөлд шилжүүлж байх үед маргаантай байсан мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тухайн үед үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан зохицуулалтыг зөв үнэлж, дүгнэж хэргийг хянан шийдвэрлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга:

6.1. Улсын бүртгэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсний дараагаар энэхүү хэргийг шийдвэрлэх ёстой гэх агуулгаар гомдол гаргасан байна. Эхлээд өмчлөгч нь хэн гэдгийг тогтоосноор дараа нь бүртгэлийн асуудал яригдана. Иймд энэ талаарх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Учир нь үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд эхлээд өмчлөгч болох ёстой. Өмчлөлийн асуудал маргаантай байхад бүртгэлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Захиргааны журмаар хэргийг хянан шийдвэрлэтэл энэ хэргийг түдгэлзүүлэхээр анхан шатны шүүхэд хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хүлээж авсан боловч гомдлоор хэлэлцээд шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.

 

6.2. Д.Болормаа гомдолдоо гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй, урьдчилсан тэмдэглэгээ хийгээгүй, бүртгэлтэй холбоотой маргаан байхгүй гэж дурдсан. Гэтэл орон сууц захиалгын гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хуульд заагаагүй. Урьдчилсан тэмдэглэл хийлгэх эсэх нь өөрийн эрхийн асуудал бөгөөд үүрэг биш юм.

 

6.3. Бүртгэлтэй холбоотой маргах боломж бүрдээгүй. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2017 оны 11 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сар хүртэл явагдсан. Тус хугацаанд нэхэмжлэгч нь худалдаж авсан орон сууцаа бусдын өр төлбөрт шилжүүлж байгаа, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар мэдээлэлгүй байсан. Орон сууц барьсан компани дээр очиход шалтаг тоочиж жил гаруй хугацаа өнгөрсөн учир улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй, маргаан үүсгэх боломжгүй байсан.

Ласти-Интернэшнл ХХК-аас 36 тоот орон сууцыг хуулийн дагуу шударгаар олж авсан гэх үндэслэл байхгүй. Учир нь тус орон сууцууд зарагдсан талаар нэхэмжлэгчид мэдээлэл байсан гэдэг нь хэрэгт 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогддог. Ласти-Интернэшнл ХХК нь Д.Болормаагийн нягтлан бодогч болох н.Туяасайхантай тооцоо нийлсэн. Тус тооцоо нийлсэн актад 36 тоот орон сууц байдаггүй. Барьцааны гэрээнд мөн 36 тоот орон сууц байдаггүй. Д.Болормаа маргаан бүхий орон сууцыг шударгаар олж авсан гэх үндэслэл байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч Ласти-Интернэшнл ХХК-аас гаргасан тайлбарын агуулга:

7.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамжийн дагуу 44 айлыг хуваарилсан. Барьцааны гэрээнд 46 айлын жагсаалт байсан бөгөөд тус жагсаалтаас 11 орон сууц нь хоригтой бусдад шилжих боломжгүй байсан. Д.Болормаа 44 айлын орон сууц авна гэж шийдвэр гүйцэтгэлийн албанд мэдэгдэж, 44 орон сууцыг хуваарилсан. н.Туяамандах нь 1 айлын орон сууцад 2-3 айл давхацсан байсан гэдгийг мэдэж гарын үсэг зурсан. Орон сууц давхцалтай байсныг Д.Болормаа мэдэж байсан. Барьцааны жагсаалтанд нэхэмжлэгчийн шаардаж буй 36 тоот орон сууц байгаагүй.

Д.Болормаа 44 айлын орон сууц авна гэсэн учир шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа дээр хэлцэл хийсэн. Хэлцэл хийхэд гуравдагч этгээд оршин сууж байгаа бол бид эрсдэлээ хүлээнэ. Дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргахгүй гэсний үндсэн дээр дээрх ажиллагаа хийгдсэн. Өөр төлбөр авагч н.Дөлгөөн гэх хүн байсан бөгөөд түүнд 53 айлын орон сууцыг шилжүүлсэн. Тус асуудлаар одоог хүртэл маргаан гараагүй.

Д.Болормаа мэдээгүй гэж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд сонсох ажиллагаанд бүгд оролцсон байдаг. 44 айлын жагсаалт хэрэгт авагдсан. Нягтлан бодогч н.Оюунчимэг нь давхцалтай айлуудын ард нь тайлбар бичсэн байдаг. Г.Бат-Эрдэнийн хувьд давхцал байхгүй, цорын ганц эзэмшигч талаарх баримтыг шийдвэр гүйцэтгэгчид гаргаж өгсөн. Тус жагсаалтыг барьж ажиллагаа хийсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ласти-Интернэшнл ХХК, Д.Болормаа нарт холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, Ласти таун хотхоны 10А байрны 36 тоот 62,7 м.кв, 2 өрөө орон сууц болон 5 тоот зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, Д.Болормаагийн нэр дээр 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ү-200321861 дугаараар үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн 24 орон сууцны бүртгэлээс миний өмчлөлийн орон сууцыг хасуулахыг хариуцагч Ласти-Интернэшнл ХХК, Д.Болормаа нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдэл үндэслэлтэй, харин хууль хэрэглээний хувьд залруулан дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.

 

4. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй гэж маргаж буй энэ тохиолдолд хариуцагч Д.Болормаагийн хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар шилжүүлж авсан эсэх, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т заасан Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй гэсэн зохицуулалт үйлчлэх эсэхийг шүүх шалгах шаардлагатай. Өөрөөр хэлбэл тухайн тохиолдолд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар баталгаажсан Д.Болормаагийн улсын бүртгэлийг үгүйсгэх үндэслэл байгаа эсэхийг тогтоох юм.

 

5. Хэргийн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дараах үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

5.а. ******* болон Ласти-Интернэшнл ХХК нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 020 дугаар Орон сууц захиалгаар барих тухай гэрээ, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 05 дугаар Авто зогсоол захиалгаар бариулах гэрээ тус тус байгуулагдаж, дээрх гэрээнүүдээр Ласти-Интернэшнл ХХК нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, Ласти таун хотхоны 9 давхар орон сууцны А блокын 1 дүгээр орцны 9 давхарт 36 тоот, 62,7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, 5 тоот, 20 м.кв талбайтай автозогсоолыг худалдах авахаар тохиролцож, нэхэмжлэгч ******* нь гэрээний үүрэгт нийт 78,700,000 төгрөгийн төлбөрийг хариуцагчид төлсөн байна./1хх 9-21/

 

5.б. 2017 онд байр ашиглалтад орсноор Ласти-Интернэшнл ХХК нь орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн байна.

 

5.в. Харин хариуцагч Д.Болормаагийн хувьд 2014 онд хариуцагч Ласти-Интернэшнл ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, орон сууцны зориулалттай барилгад 1,000,000,000 төгрөгийн санхүүжилт хийж, барилга баригдсаны дараа орон сууцыг худалдан борлуулснаас олсон орлогоос тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцсон. 2015 оны 03, 10 дугаар сард гэрээний хугацааг хоёр удаа сунгасан, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон орон сууцны барилгаас 1 м.кв талбайг 750,000 төгрөгөөр тооцон нийт 2,667.22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг барьцаалах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээ 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэвч Ласти-Интернэшнл ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул Д.Болормаа нь шүүхэд хандан, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 8942 дугаар захирамжаар хариуцагч Ласти-Интернэшнл ХХК-аас 2,500,000,000 төгрөг гаргуулан, Д.Болормаад олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж Ласти-Интернэшнл ХХК-ийн өмчлөлийн байрны орон сууцуудын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2019 оны02 дугаар сарын 21-ний өдөр Д.Болормаагийн нэр дээр 44 орон сууцны өмчлөх эрх шилжсэний дотор нэхэмжлэгчийн шаардаж буй Ласти таун хотхоны 10А байрны 36 тоот орон сууц багтсан байна.

 

5.г. Дээр дурдсан хариуцагч нарын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээ болон түүнийг сунгасан гэрээний 5.2.3-т Гүйцэтгэгч тал нь ямар ч нөхцөлд уг барилгын үлдэгдэл санхүүжилт болон борлуулалтыг бүрэн хариуцна гэж, мөн хамгийн сүүлд буюу 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний 7.5-д Гүйцэтгэгч нь хөрөнгө оруулагчийн барьцаанд шилжүүлсэн, гэрээний хавсралтад заасан орон сууцыг 2016 оны 06 дугаар сарын 30-ны дотор бусдад худалдан борлуулах үүргийг хүлээх ба орон сууц худалдан борлуулсан тухай бүртээ төлбөрийг нь хөрөнгө оруулагчид төлөх бөгөөд хөрөнгө оруулагч нь худалдагдсан тухайн орон сууцыг нэн даруй барьцаанаас чөлөөлж байна, 7.6-д Хөрөнгө оруулагч нь энэ гэрээний 7.5-д заасан орон сууц худалдан борлуулсан орлогоос 2,000,000,000 төгрөгийг бүрэн хүлээн авсны дараа барьцаанд үлдсэн бусад орон сууцыг чөлөөлөн гүйцэтгэгч талд хүлээлгэн өгнө гэж заасан байх бөгөөд мөн өдрөө 46 айлын орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Харин уг барьцааны гэрээнд нэхэмжлэгчийн орон сууц барьцаалагдаагүй байжээ. Ийнхүү хариуцагч нарын хооронд үндсэндээ 2015 оноос хойш хөрөнгө оруулалттай холбоотой маргаан үүсэж, 2017 онд шүүхийн журмаар шийдвэрлэгдэн, 2019 хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилсэн, энэ хооронд барилга бүрэн ашиглалтад орж, орон сууцууд нь бусдын эзэмшилд шилжсэн бодит нөхцөл байдлын үед хариуцагч Д.Болормаагийн хувьд Ласти-Интернэшнл ХХК нь дээр дурдсан гэрээгээр олгогдсон эрхийнхээ хүрээнд орон сууцыг бусдад борлуулсан эсэх, бусдын эзэмшилд шилжсэн эсэхийг шалгах, ингэснээр эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шударгаар олж авах бүрэн боломжтой байсан гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгчийн орон сууц нь хариуцагч нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний зүйл болоогүй байхад Д.Болормаа нь 2019 онд өмчлөх эрхийг шилжүүлж өөрийн нэр дээр бүртгүүлэхдээ тухайн орон сууцыг бусдад худалдсаныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, нэгэнт өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр баталгаажсан тул нэхэмжлэгч маргах эрхгүй гэж тайлбарлаж буй нь талуудын тэгш, шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

 

5.д. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 болон 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан бүртгэл үнэн зөв байх зарчим нь ч гэсэн шударга ёсны зарчим-ыг агуулж байгаа нь ... өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол хамаарахгүй, ... Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, ... -аас бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэснээс тодорхой харагдаж байх тул тухайн хөрөнгө бусдын өмчлөлд байх боломжтойг мэдсээр байсан ч өрсөж бүртгүүлсэн л бол эрх нь хамгаалагдана. гэж тайлбарлах боломжгүй. Энэ талаар гаргасан хариуцагч Д.Болормаагийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6. Ийнхүү хариуцагч Д.Болормаагийн өмчлөх эрх үгүйсгэгдсэнээр нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ласти-Интернэшнл ХХК-аас шаардах эрх үүсэх тул аль аль хариуцагчид нь холбогдуулж гаргасан шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

7. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

8. Нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнийг маргаан бүхий орон сууц, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, энэ орон сууц болон автозогсоолыг нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнийн өмчлөлд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хариуцагч Д.Болормаа болон Ласти-Интернэшнл ХХК-д улсын бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэх эрх хэмжээ байхгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн бүртгэл хөтлөх эрх хуулиар олгогдсон Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нь хуульд нийцнэ.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/03432 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, Ласти таун хотхоны 10А байрны 36 тоотод байршилтай, 62,7 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, Ласти таун хотхоны 10А байрны 5 тоотод байршилтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Бат-Эрдэнийг тогтоож, Д.Болормаагийн нэр дээр 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ү-200321861 дугаараар үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн орон сууцны бүртгэлээс Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, Ласти таун хотхоны 10А байрны 36 тоотод байршилтай, 62,7 м.кв талбайтай орон сууц болон Ласти таун хотхоны 10А байрны 5 тоотод байршилтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Г.Бат-Эрдэнийн өмчлөлд бүртгэхийг Дархан Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР