Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01718

 

 

 

 

 

 

2023 09 06 210/МА2023/01718

 

С.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2023/02551 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ******* ******* ******* *******-д холбогдох,

Ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүйгээс учирсан хохиролд 7,069,748 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, агуулга: Нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ******* ******* ******* ******* *******-д Дотоод хяналт, чанар баталгаажуулалтын хэлтсийн даргын ажилд томилогдон ажилласан. Ингээд ажиллаж байтал удирдлагын зүгээс хамтарч ажиллахгүй, өргөдлөө бичиж өг гэж шаардсан. Тиймээс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдөл гаргаж, ажил үүргээ хүлээлгэж өгсөн. Ажлаас чөлөөлөх тушаал 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гарсан. Миний бие *******-******* дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандан ажил хайгчаар бүртгүүлж хасалт хийлгэсэн. Үүний дагуу ажилгүйдлийн тэтгэмж авахаарНийгмийн даатгалын газарт хандсан. Гэтэл *******-******* дүүргийн Нийгмийн даатгалын газраас танд ажилгүйдлийн тэтгэмж гаргаж өгөх боломжгүй, танай компани манай байгууллагад өртэй байна. Хариуцагч компани миний сар бүрийн цалин дээрээс минь суутган авсан татвараа цааш нь төлөөгүйгээс би Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй. Иймд тус компаниас өөрийн ажилгүйдлийн тэтгэмжид авах ёстой байсан 7,069,740 төгрөгийг нэхэмжилж байнагэжээ.

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд Ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллага сард 2 хүртэлх удаа тооцож олгоно гэж заасан. Үүний дагуу Нийгмийн даатгалын байгууллага нь ажилгүйдлийн тэтгэмжийг өгөх үндсэн субъект юм. Тиймээс Нийгмийн даатгалын байгууллагаас ажилгүйдлийн тэтгэмжийг авах ёстой гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.******* нь ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь анхнаасаа үүсээгүй байсан. Нэхэмжлэгч С.*******ийн өмнө нь ажиллаж байсан компаниуд нь нийгмийн даатгалын байгууллагад төлөх ёстой төлбөрөө төлөөгүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх үүснэ гэж заасан бөгөөд манай компанид сүүлийн 9 сар тасралтгүй ажиллаад нийгмийн даатгалын төлөлт хийгдсэн байсан ч гэсэн өмнөх ажиллаж байсан байгууллагууд нь нь мөн төлөлт хийгээгүй байгаа тул анхнаасаа ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүсээгүй байсан гэж үзэж байна. Манай байгууллагын зүгээс тайлангаа хугацаандаа тайлагнаж бичилт хийлгэж байгаа бөгөөд төлөх ёстой төлбөрөө санхүүгийн хувьд боломжгүй байдлын улмаас төлөөгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* *******-иас ажилгүйдлийн тэтгэмжийн хохиролд 5,873,901 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,195,847 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 108,932 төгрөг гаргуулан улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д..Оюунчимэгийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1 С.*******ийн гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод тус ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг ******* ******* ******* ******* *******-с өмнө ажиллаж байсан Вай Ти Эм Монголиа *******, Улаанбаатар хийн сүлжээ ******* нь тус тус нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх үүснэ гэж заасныг хангахгүй байна гэж үзэж байна. С.******* ажилгүй болохоосоо өмнө сүүлийн 10 сард манай компанид ажилласан боловч дээрх хуулийн заалтын дагуу 24 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх нь тодорхойгүй байхад манай компани ажилгүйдлийн тэтгэмж төлөх үүрэгтэй субъект болсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүсээгүй С.*******ийн нэхэмжлэлтэй хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч С.******* давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Миний зүгээс улсад ажилласан нь үнэн. Компаниуд нь үүргээ биелүүлж, хариуцлагаа хүлээх ёстой. Үүнээс шалтгаалж хөдөлмөр эрхэлсэн хүн хохирсон. Энэ асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч С.******* нь ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйгээс ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй, хохирол учирсан гэх үндэслэл заан хариуцагч ******* ******* ******* ******* *******-аас хохирол 7,069,748 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...нийгмийн даатгалын байгууллага нь ажилгүйдлийн тэтгэмжийг хариуцан олгодог, даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ. Нэхэмжлэгчийн өмнө нь ажиллаж байсан байгууллагууд нь нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт хийгээгүй байгаа тул ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүсээгүй гэж тайлбарлан, талууд маргажээ.

4. ******* ******* ******* ******* *******, С.******* нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, ажилтаны санаачилгаар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөр дээрх харилцаа цуцлагдсан үйл баримт тогтоогдсон. Мөн С.******* нь ажилгүй болсноо Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан үүргийн хүрээнд *******-******* дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгүүлж, хуулийн 6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл гаргасан байна. Энэ талаар талууд маргаангүй. /хх 3-5, 7/

5. Хариуцагч нь ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас төлөх ёстой гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь үндэслэлгүй. Учир нь, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ажил олгогч нь даатгуулагчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээдэг. Ажил олгогчийн зүгээс уг үүргээ биелүүлсэний үндсэн дээр нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг олгох хуулийн зохицуулалттай. Хариуцагч ******* ******* ******* ******* ******* нь шимтгэл ногдуулах, төлөхтэй холбогдсон тайланг даатгалын байгууллагад хүргүүлсэн боловч шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч С.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. Иймээс ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллага хариуцах боломжгүй. /хх-6, 81, 86/

6. Хариуцагч тал С.******* нь 24 сараас доошгүй хугацаанд ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг төлөх гэсэн болзлыг хангаагүй учраас анхнаасаа ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй байсан гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

6.1. Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ гэж заажээ. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан учир 9 сар нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэг нь хариуцагч байгууллагад хуулиар үүссэн. Мөн хэрэгт авагдсан нийгмийн даатгалын байгууллагын цахим лавлагаагаар нэхэмжлэгч нь 58 сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх тул дээрх хуулийн 24 сараас доошгүй хугацаанд гэх нөхцөл хангагдсан гэж үзнэ. Харин хуулийн үүнээс 9 сар төлсөн байх гэх нөхцөл нь хариуцагч байгууллагын буруугаас хангагдаагүй байна.

6.2. Нэхэмжлэгч С.******* нь ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, үүний улмаас ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй хохирсон гэх үндэслэлээр хариуцагч ******* ******* ******* ******* *******-аас хохирол төлүүлэхээр шаардаж байгаа нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцжээ. Анхан шатны шүүх хэргийн 6 дахь талд авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан хохирлын хувь хэмжээг тооцон хохиролд 5,873,901 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй.

7. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй байна

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдэхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2023/02551 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлөх ёстой улсын тэмдэгтийн хураамж 108,932 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ******* *******-аас гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Ч.ЦЭНД