Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2015/0508/з |
Дугаар | 25 |
Огноо | 2016-01-25 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 25
“Реалко Кореа” ХХК-ний нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 508 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 508 дугаар магадлалтай, “Реалко Кореа” ХХК-ний нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайваны хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч "Реалко кореа" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг, Лугийн толгой гэдэг газарт ХV-14430 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 2009 оноос эхлэн эзэмшиж байсан. Гэтэл Ашигт малтмалын газрын 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 504 тоот шийдвэрээр "Хадат голден" ХХК-д хууль бусаар шилжүүлсэн. Уг тусгай зөвшөөрөл өөр бусад руу шилжигдэх үйл ажиллагаа Ашигт малтмалын газрын шууд буруутай үйл ажиллагаанаас болсон байна гэдгийг Улсын дээд шүүхийн 2013 оны 6 дугаар 17-ны өдрийн 108 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, маргаан бүхий 14430 тоот тусгай зөвшөөрөл "Реалко кореа" ХХК руу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 3 дугаар 24-ний өдрийн 396 дугаар шийдвэрээр буцаж шилжсэн.
Ашигт малтмалын газрын буруутай үйл ажиллагаанаас болж манай компани 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 2 жил 4 сар гаруй хугацаанд ХV-14430 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших хууль ёсны эрхээ алдаж цаг хугацаа, санхүүгийн хувьд онц их хэмжээний бодит хохирол амсаж зөвхөн шүүхээр л явдаг ажилтай болсон байсан.
...Хэн буруутай болох талаар шат шатны шүүхүүдийн гаргасан шийдвэр, магадлал, тогтоол дээр тодорхой дурдаж нотолсон байгаа. Ийм байхад тусгай зөвшөөрөл эзэмших эрхгүй компанид олгосон он жилүүдийн хугацааг "Реалко кореа" ХХК-ийн тусгай зөвшөөрөл эзэмшсэн хугацаанд Ашигт малтмалын газар оруулан тооцож тайлбарлаж байгаа нь хуулинд нийцэхгүй байна.
...Иймд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг, Лугийн толгой газарт байрлах ХV-014430 тоот тусгай зөвшөөрлийг "Реалко кореа" ХХК-ийн эзэмшилд 4 дэх жилээс эхлэн тооцохыг Ашигт малтмалын газарт даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг, Лугийн толгой нэртэй 5468.27 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын ХV-014430 тоот тусгай зөвшөөрлийг анх 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр "Реалкокореа" ХХК-д олгосон байна. 2014 онд "Реалкокореа" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-014430 тоот тусгай зөвшөөрлийн 6 дахь жил тул Ашигт малтмалын газарт тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг холбогдох материалын хамт гаргах ёстой байсан.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд "хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ирүүлэхээр хуульчилсан байна. Сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 "хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2 "үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3 "байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4 хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаардсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 7.1-д “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно” гэж зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгодог. Гэтэл "Реалкокореа" ХХК-ийн гүйцэтгэх захирал өвчний улмаас ажил үүргээ биелүүлэх боломжгүй байсан ч компанийн бусад эрх бүхий албан тушаалтан, эсхүл хуульд зааснаар томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хайгуулын ХV-14430 тоот тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө хугацаанд нь ирүүлэх боломж байсан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д заасан шаардлага хангасан сунгуулах өргөдлийг "Реалкокореа" ХХК хуулийн хугацаанд гаргаагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна. “Реалкокореа” ХХК хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу хайгуулын ХV-14430 тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм. Иймд “Реалкокореа” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 508 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21, 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Лугийн толгой газарт байрлах ХV-014430 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болсноор бүртгэснийг хүчингүй болгож, “Реалко Кореа” ХХК-ийн нэр дээр ХV-014430 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг тав дахь жилээс эхлэн тооцож тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэхийг Ашигт малтмалын газарт даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 508 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 508 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гэсний дараа 56 дугаар зүйлийн 56.1 гэж нэмж, “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Лугийн толгой газарт байрлах ХУ-014430 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгон бүртгэснийг хүчингүй болгож, "Реалко Кореа" ХХК-ийн нэр дээр ХУ-014430 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 5 дахь жилээс эхлэн тооцохыг Ашигт малтмалын газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 508 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр хүчингүй болгуулахааар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна.
"Талст дөл" ХХК-ийн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Лугийн толгой нэртэй 5472 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын ХУ-014430 тоот тусгай зөвшөөрлийг ГУУКХ-ийн даргын 2009 оны 08 дугаар сарын 18-ны едрийн 577 дугаар шийдвэрээр "Реалко Кореа" ХХК-д шилжүүлсэн байна.
"Реалко Кореа" ХХК нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Лугийн толгой нэртэй 5472 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын ХҮ-014430 тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн өргөдлийг хянаж үзээд АМГ-ын ГУУКХ-ийн даргын 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 504 дүгээр шийдвэрээр "Хадат голден" ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн.
Нэхэмжлэгч нь АМГ-ын буруутай үйл ажиллагааны улмаас тусгай зөвшөөрөл шилжсэнийг шүүх тогтоосон гэсэн нь үндэслэлгүй бөгөөд харин тусгай зөвшөөрөл шилжүүлэх бичиг баримтыг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус болохыг шат шатны шүүх тогтоосон байна.
Шат шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж 2013 оны 09 дүгээр 24-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 396 дугаар шийдвэр гарч ХҮ-014430 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг "Хадат голден" ХХК-иас "Реалко кореа" ХХК-ийн нэр дээр бүртгэж шийдвэрлэсэн байна. Шийдвэрийн дагуу мэдэгдлийг "Реалко кореа" ХХК хүлээн авч 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ээлжит жилийн төлбөр болох 6 дахь жилийн төлбөр 5468 долларыг төлсөн ба тусгай зөвшөөрлийн хавсралтад 6 дах жилийн төлбөрийг төлсний дагуу тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг 2013.11.19-2014.11.19 гэж хавсралтад бичилт хийлгэсэн мөн төлбөр төлсөн баримт, бусад баримтаар "Реалко кореа" ХХК хугацааны хувьд маргаангүй байсан нь нотлогдож байна.
“Хадат голден” ХХК-ийн эзэмшиж байсан 2 жилийн хугацаанд тус компани нь хуульд заасан үүргүүдээ биелүүлж ХВ-014430 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд геологи, хайгуулын ажил хийж тухайн жилүүдийн тайлан, төлөвлөгөөг ирүүлж, зардлын доод хэмжээг баталгаажуулж, ээлжит жилийн төлбөрийг төлж байсан нь Геологийн албаны тодорхойлолт, хавсралт бичсэн тэмдэглэлүүдээр нотлогдож байгаа бөгөөд энэ нь тухайн тусгай зөвшөөрлийн хувьд хугацаа тасалдсан гэж үзэх мөн тухайн хайгуулын талбайд хийгдсэн ажлуудыг үгүйсгэх нь үндэслэлгүй юм. Мөн тусгай зөвшөөрлийн маргаан захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэгдэж байх үед Ашигт малтмалын газраас шүүхийн маргаантай байх хугацаанд ХУ-014430 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсан, үйл ажиллагааг нь түдгэлзүүлсэн ямар нэгэн шийдвэр гаргаагүй, тусгай зөвшөөрлийн эзэмшилд байх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй мөн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд хугацаа тасалдсан талаар дурдаагүй бөгөөд харин "Реалко кореа" ХХК нь энэ хүсэлтээ шат шатны шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой байсан байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа анх 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр "Реалко кореа" ХХК-ийн ХВ-014430 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийн хугацааг 4 дэх жилээс нь тооцож өгөхийг хүссэн хүсэлт Ашигт малтмалын газарт хандсан гэтэл үүнд ямар ч хариу ирүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд тус өдөр "Реалко кореа" ХХК нь АМГ-т ямар ч хүсэлт ирүүлээгүй бөгөөд харин 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1306 тоот бичгээр ХВ-014430 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийн хугацааг 4 дэх жилээс нь тооцож өгөхийг хүссэн хүсэлт ирүүлснийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар хариу 6-6763 тоот албан бичгээр өгч байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.
Ашигт малмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж заасан нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг биелүүлж, төлбөрөө төлж байсан бол хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол иргэн хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны акт хүлээн авснаас эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэж зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийн хугацааг 4 дэх жилээс нь тооцож өгөхийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа гомдол гаргаагүй байна.
“Реалко Кореа” ХХК-ний ашигт малтмалын хайгуулын ХВ-014430 тоот тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрийг төлсөн мөн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг 2013.11.19-2014.11.19 гэж хавсралтад бичигдсэн. Үүний Ашигт малтмалын газарт тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж заасны дагуу “Реалко Кореа” ХХК нь ХВ-14430 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ирүүлэх мөн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан материалуудыг хуулийн шаардлага хангуулан ирүүлэхээр хуульчилсан байна.
"Реалко Кореа" ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хугацаа сунгуулах өргөдөл, холбогдох баримтыг хуулийн хугацаанд ирүүлээгүй учраас Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хайгуулын тусгай зөвшөөрлийг хугацаандаа татвар төлөөгүй гэдэг үндэслэлээр дуусгавар болгосон хуулийн этгээдийн захирал нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нь татвар төлөөгүй байж болох хүндэтгэн үзэх шалтгаан гэж зөвхөн нэг шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм.
Учир нь "Реалко Кореа" ХХК нь сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2 үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3 байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4 хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргах ёстой бөгөөд “Реалко кореа” ХХК нь 2013 онд 09 сараас хойш 2013-2014 онд өөрийн эзэмшлийн ХВ-014430 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд геологи, хайгуулын ажил хийж тухайн жилүүдийн тайлан, төлөвлөгөөг ирүүлээгүй, зардлын доод хэмжээг баталгаажуулаагүй, ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй байсан нь Геологийн албаны тодорхойлолтоос нотлогдож байгаа бөгөөд тус компани нь хуульд заасан дээрх үүргүүдээ биелүүлээгүйгээ тусгай зөвшөөрлийн хугацааг тооцох дээр маргаантай гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 7.1-д хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно гэж заасан нь хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгодог. Гэтэл "Реалко кореа" ХХК-ийн гүйцэтгэх захирал өвчний улмаас 2014 оны 10 дугаар сард ажил үүргээ биелүүлэх боломжгүй байсан бол тус сараас өмнө ирэхдээ эсвэл компанийн бусад эрх бүхий албан тушаалтан эсхүл хуульд зааснаар томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хайгуулын 14430Х тоот тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг холбогдох материалын хамт хуулийн хугацаанд нь ирүүлэх боломж байсан.
Энэ нь "Реалко Кореа" ХХК-ийн захирал Чо Юунг Хва 2014 онд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө 3 удаа 3, 5, 8 дугаар саруудад тус улсад ирж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас ирүүлсэн тодорхойлолт мөн Татварын газраас ирүүлсэн тайланг компанийн эрх бүхий тушаалтан өгч байсан зэргээс хайгуулын 14430Х тоот тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг холбогдох материалын хамт хуулийн хугацаанд нь ирүүлэх боломж байсан боловч хэрэгжүүлээгүй байгаа нь нотлогдож байна.
"Реалко Кореа" ХХК хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй” гэж заасны дагуу хайгуулын X14430 тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй юм.
Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 508 дугаар магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудад холбогдуулан хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн (хуучин нэрээр) даргын 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 504 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч "Реалко Кореа" ХХК-ийн эзэмшиж байсан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг, Лугийн толгой нэртэй газарт байрлах 14430Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг "Хадат голден" ХХК-д шилжүүлэн бүртгэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 6 дугаар 17-ны өдрийн 108 дугаар тогтоолоор хууль бус болохыг эцэслэн тогтоож, дээрх 504 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон, 14430Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг "Реалко Кореа" ХХК-ийн нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгасан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 62 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 141 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 396 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг "Реалко Кореа" ХХК-ийн нэр дээр бүртгэсэн, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “...тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн хугацаа дууссан, хугацааг сунгуулах тухай өргөдлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч "Реалко Кореа" ХХК-ийн эзэмшиж байсан 14430Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаар тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэсэн, 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд 14430Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг “Хадат голден” ХХК эзэмшиж байсан, талууд дээрх үйл баримттай маргаагүй, нэхэмжлэгч “...бусдын эзэмшилд хууль бусаар шилжсэн байсан хугацааг манай тусгай зөвшөөрөл эзэмших эрхийн хугацаанд оруулан тооцсон нь хууль бус” гэж, хариуцагч “... тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд /“Хадат голден” ХХК/ нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг биелүүлж, төлбөрөө төлж байсан тул тусгай зөвшөөрлийн хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй” гэж маргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл “Хадат голден” ХХК-аас 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргасан “Хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулахыг хүссэн” өргөдлийн дагуу АМГ-ын ГУУКС-ийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1018 дугаар шийдвэрээр 14430Х тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2011 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д “...хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг” ойлгохоор зааснаас үзэхэд 14430Х хайгуулын тусгай зөвшөөрөл “Хадат голден” ХХК-ийн эзэмшилд байсан хугацаанд нэхэмжлэгч “Реалко Кореа” ХХК-ийн хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д “... тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэсэн нь захиргааны хууль бус шийдвэрийн улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдсөн тохиолдолд түүнийг сэргээх агуулгатай хуулийн зохицуулалт байх тул уг хуулийн заалтын “хууль бусаар цуцалсан” гэх нөхцлийг “хууль бусаар шилжүүлсэн” үйл баримттай адилтган үзэж, хуулийг төсөөтэй хэрэглэхээр тайлбарласан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан “... “Хадат голден” ХХК эзэмшиж байсан 2 жилийн хугацаанд хуульд заасан үүргүүдээ биелүүлж ... байсан /тул/ тусгай зөвшөөрлийн хувьд хугацаа тасалдсан гэж үзэх мөн тухайн хайгуулын талбайд хийгдсэн ажлуудыг үгүйсгэх нь үндэслэлгүй”, “... хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсан, үйл ажиллагааг нь түдгэлзүүлсэн ямар нэгэн шийдвэр гаргаагүй, тусгай зөвшөөрлийн эзэмшилд байх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй мөн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд хугацаа тасалдсан талаар дурдаагүй” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй.
Нэхэмжлэгч “Реалко Кореа” ХХК-ийн эзэмшлийн 14430Х хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг “...2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөр дуусгавар болсон” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа нь дээрх байдлаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч “Реалко Кореа” ХХК-аас АМГ-т хандан 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1306 дугаар албан бичгээр “... хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийн хугацааг 4 дэх жилээс нь тооцож өгөх”-ийг хүссэн хүсэлтэд АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 6-6763 дугаартай албан бичгээр “...шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн, уг “хариу”-нд “...гомдол гаргаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайваны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 508 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 508 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА