Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/01781

 

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 20 өдөр Дуга210/МА2023/01781

 

 

******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/01785 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ******* ТӨХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах болон хадгалалтын гэрээний үүрэгт 4,097,124,779 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,302,860,470.46 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 77,936,625 төгрөг, 3,380,797,095 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигч талуудын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ренчинболд, Л.Ганчимэг, Н.Цэгц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Талуудын хооронд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ******* хөлгийн ТС-1 шатахуун худалдах, худалдан авах гэрээ, ******* хөлгийн ТС-1 шатахуун дамжуулан хадгалах гэрээ тус тус байгуулан хамтран ажилласан ба мөн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ******* хөлгийн ТС-1 шатахуун худалдах, худалдан авах гэрээний нэмэлт гэрээ №1, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэмэлт гэрээ №2-ыг тус тус байгуулсан болно.

 

Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь бүрэн биелүүлж агаарын хөлгийн шатахууныг тухай бүрт нь нийлүүлсэн боловч ******* ТӨХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд бүрэн биелүүлээгүй буюу агаарын хөлгийн шатахууны төлбөрийг хугацаандаа төлөхгүй байсаар байна.

 

Тус компаний манай компанид төлөх төлбөрийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар 3,948,252,174 төгрөг байгаа ба талуудын эрх бүхий этгээдүүд тухайн тооцоог харилцан баталгаажуулж байсан. Дээрх төлбөрийг зохих ёсоор гүйцэтгэвэл зохих хугацааг гэрээгээр тохирсон байдаг ба хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд талуудын хооронд байгуулсан гэрээний 10.1-д талууд энэхүү гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол гуйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр хоног тутамд 0,01 хувиар алданги тооцохоор тохиролцсон байдаг.

 

Манай компаний зүгээс ******* ТӨХК-ийг үлдэгдэл төлбөр болон алдангийг төлөхийг удаа дараа албан тоотоор шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байсаар байна. Хамгийн сүүлд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-нд талуудын тооцоог 7,816,398,166 төгрөг гэж баталгаажуулсан байдаг. Талууд өөрсдийн өглөг, авлагыг санхүүгийн эрх бүхий этгээдүүд баталгаажуулахаар заасан байдагчлан дээрх тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан дүн нь гэрээний хэрэгжилтийн явцад үүссэн үүргийн гүйцэтгэлийг бүрэн илэрхийлэхээр байна. Тухайн тооцоо нийлсэн өдрөөс хойш хариуцагчийн зүгээс 20,167,659,413 төгрөг нэхэмжлэгчид төлсөн. Иймд хариуцагчийн хувьд дээрх 3,948,252,174 /16,299,513,421+7,816,398,166-20,167,659,413/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөх нь гэрээгээр хүлээсэн үүрэг байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-т ...Талуудын санхүүгийн хэлтэс, албадууд тооцоо нийлж, нэхэмжлэх хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 14 хоногийн дотор нийлүүлэгчээс ирүүлсэн нэхэмжлэхийг үндэслэн ... дансанд шилжүүлнэ гэж, 9.2-т ... нийлүүлсэн ******* хөлгийн шатахууны төлбөрийг төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу талуудын хооронд байгуулсан гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэл болох 3,948,252,174 төгрөгийг гаргуулна. Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6, талуудын хооронд байгуулсан гэрээний 10.1-д Талууд энэхүү гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр хоног тутамд 0,01 хувиар алданги тооцно гэж тус тус зааснаар хууль болон гэрээний дагуу тооцсон алданги болох 148,872,605 төгрөг, нийт 4,097,124,779 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

******* ******* ******* ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрт 3,948,252,174 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд тус төлбөрийн тооцооллыг харахад ******* ТӨХК болон ******* ******* ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 19/402 тоот гэрээний үлдэгдэл төлбөрт 2,929,729,320 төгрөг, 21/116 тоот гэрээний үлдэгдэл төлбөрт 1,018,522,853.42 төгрөг, нийт 3,948,252,174 төгрөгийн тооцооны асуудал байна. Талууд 2019 оны 10 сард гэрээ байгуулснаас хойш 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг дуусталх хугацаанд агаарын хөлгийн шатахуун нийлүүлсэн тоо хэмжээний тухайд маргаагүй.

 

Талуудын хооронд байгуулагдсан хөлгийн ТС-1 шатахуун худалдах худалдан авах 19/402 болон 21/116 гэрээний 3 дугаар зүйлд гэрээний үнийг Сингапурын биржийн /МОРЅ/ зарласан сарын дундаж үнийг мөрдөн тохируулга хийхээр заасан. Нийлүүлэгч нь Сингапурын биржийн цэсэнд мөрдөгдсөн сар бүрийн ханшийн албан ёсны, бодит мэдээллийг дараа сарын 10-ны дотор захиалагчид гарган өгч байх, захиалагч нь Сингапур цэсэнд мөрдөгдсөн ханшийн мэдээллийн үнэн зөвийг шалган тодруулах эрхтэй байхаар харилцан тохиролцсон.

 

Тодруулбал, талууд доорх байдлаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний 3.1-д агаарын хөлгийн шатахууныг нийлүүлэх хугацаанд дараах өөрчлөлтүүд орсон тохиолдолд тухайн сард нийлүүлсэн 1 метрик тонн шатахууны үнийн өөрчлөлтийг тооцож дараа сарын 10-ны дотор талуудын санхүүгийн хэлтэс, албадууд тохируулга хийн албан ёсоор баталгаажуулахаар заасан. ******* ТӨХК нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01/516 дугаар Тооцоо нийлэх тухай албан бичгийг ******* ******* ******* ХХК-д хүргүүлсэн.

 

******* ******* ******* ХХК-аас ирүүлсэн Сингапурын биржийн /MOPЅ/ сар бүрийн үнийн мэдээллийг манай БНСУ дахь нислэгт шатахуун сумалгаа хийдэг UNILINE pte компани болон бусад компаниас ирүүлсэн Сингапурын биржийн /MOPS/ үнэтэй /хавсралт бүхий тооцоолол/ харьцуулан тулган нягтлахад гэрээ байгуулсан өдрөөс хойш буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийт 3,302,860,470.46 төгрөгийг илүү нэхэмжилсэн болох нь тогтоогдож байх тул гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.2-т заасны дагуу ******* ТӨХК нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №01/1516 дугаар Тооцоо нийлэх тухай албан бичгийг ******* ******* ******* ХХК-д хүргүүлэн тооцоо нийлэх саналтай байгаагаа илэрхийлсэн.

 

******* ******* ******* ХХК-аас 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 22/3673 тоот албан бичгээр агаарын хөлгийн шатахууны нэгж үнийн зөрүүг эс зөвшөөрч, хариу ирүүлсэн тоот албан бичгээр тооцоо нийлж, Сингапурын биржийн /MOPS/ үнийн мэдээллийг ******* ТӨХК-ийн зүгээс и-мэйл болон 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1951 сурвалжаас нь тулган баталгаажуулж, үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхэд бэлэн байгаа саналаа хүргүүлсэн. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ******* ******* ******* ХХК-аас 22/4098 тоот албан бичиг манай компанид ирүүлсэн. Тус албан бичигт гэрээний хэрэгжилтийн хугацаанд Сингапурын биржийн үнийн мэдээллийг дахин өөр үүсвэрээс авч, нягтлан шалгахаар ажиллаж байна. Дээрх мэдээллийг цуглуулахад хугацаа шаардаж байгаа ба эцсийн байдлаар 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бүрэн мэдээлэлтэй болж тооцоо нийлэх боломжтой хэмээн дурдсан боловч өнөөдрийг хүртэл сар бүрийн шатахууны MOPS үнийн задаргааг эх сурвалжаас ирүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Мэдээлэл ирүүлэхгүй байх шалтгааныг лавлахад Харилцагч гаднын харилцагч байгууллагаасаа утсаар авдаг байсан баримт байхгүй, систем рүү орж хардаг программ нь маш өндөр төлбөртэй хэмээн тайлбарладаг. ******* ******* ******* ХХК нь 19/402 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрт 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 1,758,499,868 төгрөг, 21/116 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрт 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд 1,544,360,602 төгрөг, нийт 3,302,860,470.46 төгрөг илүү нэхэмжилж авсан болох нь тогтоогдсон болно.

 

******* ТӨХК-ийн зүгээс өнөөдрийн байдлаар 645,393,700 төгрөгийн үлдэгдэл байгааг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс сөрөг нэхэмжлэлд дурдагдсан 77,936,625 төгрөгийг хасаад 567,457,075 төгрөг, алданги 21,396,563 төгрөгийг хүлээн зөвшөөрөөд, үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээ, нэмэлт гэрээнүүд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ мөн эсэх дээр маргаагүй. Маргаж байгаа гол асуудал нь гэрээний 3, 4 дэх заалт, гэрээний үнийн талаар маргаж байгаа.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд ******* ******* ******* ХХК нь 19/402 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрт 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 1,758,499,868 төгрөг, 21/116 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрт 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд 1,544,360,602 төгрөг, нийт 3,302,860,470.46 төгрөг илүү нэхэмжилж авсан болох нь тогтоогдсон тул үүнийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, агуулга:

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар талуудын хооронд үүссэн худалдах-худалдан авах гэрээний үүрэг болох худалдан авсан эд зүйлийн үнийг төлөх үүрэг худалдан авагчид үүссэн байна. Энэхүү үүргээ худалдан авагчийн хувьд хүлээн зөвшөөрсөн байдаг ба барааны үнийг зөвшөөрч баталгаажуулж байсан, төлсөн зэрэг нөхцөл байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш тухайн үнийн зөрүү үүссэн тухай асуудлыг хөндөж байгаа нь гэрээний үүргээс зайлсхийх арга гэж үзэж байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 21/116 тоот гэрээ, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 21/116-1 тоот, 21/116 дугаартай гэрээний нэмэлт гэрээ, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 21/116 дугаартай гэрээ, 21/116 дугаартай гэрээний нэмэлт өөрчлөлт, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 21/116 дугаартай ******* хөсгийн ТС-1 шатахуун дамжуулан хадгалах гэрээний үүргийг шаардсан. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд илүү мөнгө авсан гэж байгаа нь цаг хугацаа болон гэрээний хэрэгжилтэд хамааралгүй зүйлийг татгалзлын үндэслэлээ болгож байна. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар дээрх цаг хугацаанд үүссэн үүргийг хариуцагчаас шаардаагүй, талуудын хооронд үүссэн төлбөрийн үүргийг дуусгавар болгосон гэж үзэж байгаа.

 

Манай талаас сар бүрийн үнийн мэдээллийг албан бичгээр хандаж хүргүүлж байсан ба энэ бүх хугацаанд 2022 оны 07 дугаар сард нийлүүлэх үнийн дүн дээр эргэлзээтэй нөхцөл үүссэн тухай и-мэйлээр хандаж, энэ дагуу ******* ТӨХК-ийн ирүүлсэн үнээр шатахууныг нийлүүлж байсан баримт хэрэгт байна. Үүнээс үзвэл сар бүрийн манай өгсөн үнийн мэдээллийг шалгаж байсан. Тэрхүү мэдээлэлд зөрүүтэй байвал талуудын хооронд байгуулсан гэрээний 8.3.2, 8.3.4, 9.3.3-д тус тус зохицуулсан нь гэрээ хэрэгжих явцад эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж, тэр талаар талууд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 422 дугаар зүйлийн 422.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ******* ТӨХК-аас худалдах-худлалдан авах гэрээний үүрэг 3,942,069,387.61 төгрөг, хадгалалтын гэрээний үүрэг 6,182,786.44 төгрөг, алданги 30,401,525 төгрөг, нийт 3,978,653,699.05 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 118,471,080 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 109,215,875 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 77,936,625 төгрөг, нийт 187,152,500 төгрөгийг гаргуулж хариуцагч ******* ТӨХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,193,644,595.46 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-аас улсын тэмддэгтийн хураамжид төлсөн 20,643,574 төгрөг, хариуцагч ******* ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,220,300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ТӨХК-аас 20,051,218 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-аас 1,093,712 төгрөгийг гаргуулж хариуцагч ******* ТӨХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зуйлийн 243.1 болон 422 дугаар зуйлийн 422 1-д зааснаар худалдах-худалдан авах болон хадгалалтын гэрээний харилцаа тус тус үүссэн байна дүгнэсэн байдаг.

Тухайн төрлийн харилцаа нь өмчлөлийн эд зүйлийг шилжүүлэн өгч хариу мөнгөн төлбөр авах, мөн бусдын эд хөрөнгийг хадгалж түүнд тохирсон төлбөрийг авах төрлийн харилцаанд бий болох харилцаа, Худалдах худалдан авах гэрээний харилцаанд худалдагч эд зүйлийг худалдан авагчид шилжүүлэн өгч худалдан авагч тухайн эд зүйлийг үнийг төлөхөөр хуульчилсан байдаг ба гэрээний гол зүйл нь үнэ, эд зүйлийн чанар, тоо хэмжээ байдаг.

 

5.2.Талууд гэрээгээр гол нөхцөлөө тохиролцож үүнээс үүсэх маргааныг гэрээгээр хоорондоо тохиролцохоор тусгасан байна. Өөрөөр хэлбэл гэрээгээр талууд гэрээний үнэ, түүнийг өөрчлөх нөхцөлүүдийг тусгасан байдаг ба тэрхүү тохиролцоогоор тухайн гэрээний харилцаа үргэлжлэх ёстой байсан.

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн тохиолдолд тухайн гэрээний үнийг буцаан шаардах хуулийн тусгайлсан журмаар худалдан авагч нь шаардлага гаргах эрхийг хуульд заасан байдаг.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга нь бодит үнийг нэмэгдүүлсэн гэж байгаа ба нөгөө талаараа тэрхүү үнэнд тохирсон тоо хэмжээний шатахуун нийлүүлээгүй гэх асуудал яригдаж байна. Өөрөөр хэлбэл 10 төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг бараа материал ирэх ёстой байтал 10 төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг бараа материал нийлүүлсэн гэж маргаж байгаа ба үүнийг бодит байдал дээр 10 байсан уу 9 байсан уу гэдгийг мэдэх боломж нь талуудын хооронд байгуулсан гэрээгээр тодорхойлж өгсөн байдаг.

Гэтэл түүнийг мэдсэн атлаа хүлээн авсан нь хожим шаардлага гаргах эрхээ Иргэний хуулийн 255.1.1-д зааснаар алдсан гэж харахаар байна. Энэ талаар талууд хоорондоо тохиролцож тооцоо нийлсэн байдаг ба үнийг талуудын эрх бүхий этгээдүүд гэрээнд зааснаар тооцоо нийлж талуудын өглөг авлагыг тодорхойлсон.

Гэрээнд зааснаар гэрээний үнийг баталгаажуулж тооцоо нийлж байсан, худалдан авагчийн зүгээс худалдагчийн явуулсан үнийн саналыг үнэн эсэхэд хяналт тавьж байсан, зөрүү гарсан тохиолдолд залруулж байсан зэрэг үйл баримтууд авагдсан атал зөрүү гарсан гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Талууд 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр №21/116-2 тоот ******* хөлгийн ТС-1 төрлийн шатахуун худалдах, худалдан авах 21/116 тоот гэрээний нэмэлт, өөрчлөлт гэрээ байгуулсан байдаг ба тухайн гэрээний 3.3.2-т ОХУ-аас худалдан авч буй дундаж үнийн өөрчлөлтөөр тооцно. Тооцоо хийх суурь үнийг 1,289 ам.доллараар тооцно, 2-т үндсэн гэрээний бусад заалтуудад заасан Сингапурын биржийн үнэ гэсэн ойлголтыг энэхүү гэрээ байгуулагдснаар цаашид ОХУ-аас худалдан авч буй дундаж үнэ гэж ойлгоно, 3-т энэхүү гэрээний нэмэлт өөрчлөлт нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр харилцан тохиролцсон байхад анхан шатны шүүхээс МОПС үнийн зөрүүг тооцож сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 109,215,875 төгрөг хангаж, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

5.3.Шүүхээс гэрээний хугацаанд талуудын хооронд үүссэн маргааныг зохицуулах зохицуулалтыг буруу дүгнэсэн гэж үзэхээр байна. Гэрээний 8.3-т заанаар тухайн мэдээллийг заасан хугацаанд гаргаж өгснөөр захиалагч өөрийн зүгээс үнийг нягтлах, эргэлзээтэй байвал хэлэлцээр хийх замаар асуудлыг шийдвэрлэх, хэлэлцээрийн замаар шийдэлд хүрээгүй бол албан ёсны ханшийг худалдан авах талаар зохицуулсан нь талуудын хооронд тухайн гэрээ хэрэгжиж байх явцад хийгдэх ажиллагаа болохоос гэрээний хугацаа дууссан үед хэрэглэх зохицуулалт биш юм. Энэ бүх хугацаанд манайхаас хүргүүлж байсан үнийн дүнд эргэлзээтэй нөхцөл байдал бий болоогүй ба үүнийг талуудын эрх бүхий этгээдүүд харилцан тооцоо нийлж баталгаажуулж байсан. Харин 2022 оны 07 дугаар сард нийлүүлэх үнийн дүн дээр эргэлзээтэй нөхцөл үүссэн тухай и-мэйлээр манайд хандсаны дагуу худалдан авагчийн ирүүлсэн үнийн саналаар өөрчлөлт оруулж, шатахууныг нийлүүлж байсан баримт хэрэгт байна.

Гэтэл Иргэний хуульд заасан худалдах худалдан авах гэрээний буцаан шаардах гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан байхад хохирол гэдэг байдлаар дүгнэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/01785 дугаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчилж хангасан 187,152,500 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

6.Хариуцагч ******* ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1.Хан-Уул дүүргийн иргэний харгийн анхан шатны шүүхийн 2023.05.30-ны өдрийн 183/ШШ2023/01785 дугаартай шүүхийн шийдвэрээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс худалдан авагчид учруулсан хохирол болох 3,193,644,595.46 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг нь эс зөвшөөрч, хариуцагчийн зүгээс давж заалдах шатны хурмаар дараах гомдлыг гаргаж байна.

Дээрх шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, 116.3-т зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

 

6.2.Сөрөг нэхэмжлэлийн тухайд зохигчийн хооронд байгуулагдсан гэрээгээр худалдагч тал хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас хохирол учирсан эсэх нь маргааны зүйл болсон байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад хангалттай дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх 19/402 тоот болон 21/116 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар талуудын санхүүгийн нягтлан бодогч нарын хооронд хийгдсэн гэрээ дүгнэсэн актыг үндэслэл болгож улмаар хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбар мэтгэлцээнийг хууль зүйн талаас хэрхэн үнэлсэнийг шийдвэртээ заалгүйгээр сөрөг нэхэмжлэлийн ихэнхи хэсгийг хэрэгсэхгүй болгосон. ******* ТӨХК-ийн нягтлан бодогч нь ******* ******* ******* ХХК-ийн ирүүлсэн үнийн мэдээлэлд /нэмэгдүүлсэн дүнтэй/ үндэслэн, авсан шатахууны гүйцэтгэлээр тооцон, тооцоо нийлсэн нь гэрээний үүргийн биелүүлсэн асуудал бөгөөд албан ёсоор 2 талаас эрх бүхий албан тушаалтнууд гэрээ дүгнэсэн баримтгүй. Иймд шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагад нийцээгүй.

 

6.3.Худалдах-худалдан авах гэрээний гол зүйл нь худалдан авч буй зүйлийн үнэ байдаг. Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт ... гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэх тохиролцож болно гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан 19/402 болон 21/116 дугаартай гэрээний 3-т үнийг Сингапурын биржийн зарласан сарын дундаж үнийг мөрдөн тохируулга хийхээр, 8.3-т нийлүүлэгч нь Сингапурын биржийн цэсэнд мөрдөгдсөн сар бүрийн ханшийн албан ёсны, бодит мэдээллийг дараа сарын 10-ны дотор захиалагчид гарган өгч байх, захиалагч нь ханшийн мэдээллийн үнэн зөвийг шалган тодруулах эрхтэй байхаар харилцан тохиролцсон бөгөөд захиалагчийн худалдан авсан албан ёсны мэдээллийн дагуу нийлүүлэгчийн ирүүлсэн мэдээлэл зөрүүтэй байсан нь тогтоогдвол нийлүүлсэн шатахууны үнийн зөрүүг нийлүүлэгч үл маргах журмаар захилагчид төлөх үүрэгтэй гэж заасан.

2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны хооронд шатахууны үнийг гэрээгээр тохиролцсоныг зөрчиж, үндэслэлгүйгээр нэмж нэхэмжилсэн үнийн дүнг баталгаажуулж, талуудын санхүүгийн нягтлан бодогч нарын гарын үсэг зурсан баримтыг ******* ТӨХК нь 2019 оны 10 дугаар сараас 2022 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн төлбөрийн дүнг шаардлага гаргах эрхгүйгээр хүлээн зөвшөөрсөн гэдгийг нотолсон баримт гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь худалдагчийн гэм буруугийн санаатай хэлбэрийг шүүх хамгаалж байгаа үйлдэл гэж үзэж байна.

 

6.4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасны дагуу хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүйгээс үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ санаатай үйлдлээр мэдсээр байж зөрчиж, шударга бусаар үндэслэлгүйгээр хөрөнгөжихийг санаархсан үйлдлийг зөвтгөж шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг олгож байгаа нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйл, 492 дугаар зүйлийн 492.1.1; 493 дугаар зүйлийн 493.6 дах заалтуудыг зөрчиж байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан ******* хөлгийн шатахуун худалдах худалдан авах гэрээ-ний 3 болон 8-д талуудын хүлээх хариуцлагыг хатуу тогтоосон байх тул энэ үндэслэлийн дагуу талуудын хэн аль нь өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй. 2021.07.09-ний өдөр гэрээ байгуулагдахад 2019.10.15-ны өдөр байгуулагдсан гэрээний төлбөрийн үлдэгдэл 2,900,000,000 төгрөг байсан бөгөөд ******* ТӨХК нь 2019 оноос хойшхи хугацаанд нийтдээ 47,000,000,000 төгрөгийн шатахууны төлбөр төлсөн байдаг.

Манай зүгээс ******* ******* ******* ХХК-аас ирүүлсэн Сингапурын биржийн МОР бүрийн үнийн мэдээллийг S&P Global компаниас худалдан авсан Сингапурын биржийн /МОРЅ/ албан ёсны үнэтэй харьцуулан тулган нягтлахад гэрээ байгуулсан өдрөөс хойш буюу ******* ******* ******* ХХК нь 10/402 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрт 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 1,758,409,808 төгрөг, 21/110 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрт 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд 1,544,360,602 төгрөг, нийт 3,302,850,470.45 төгрөгийг илүү нэхэмжилсэн болох нь тогтоогдсон.

Тухайлбал нэхэмжлэгчийн зүгээс гэрээ байгуулсан эхний 2 сар үнийн зөрүүгүй шатахуун нийлүүлж байгаад түүнээс хойш 1 баррел шатахууны үнийг 6.67 ам.доллараар 1 тонн тутамд 55 ам.доллараар нэмэгдүүлж нэхэмжилсэн болох нь 88P Global компаниас худалдан авсан Сингапурын биржийн МOPS/ албан мэдээллээр нотлогдож байх тул ******* ТӨХК нь шатахууны бодит төлбөрийг нэхэмжлэх, үндэслэлгүйгээр илүү нэхэмжилсэн мөнгийг хасч тооцохыг шаардсан нь Иргэний хуулийн 229 дугаар зүйлий 229.1-д нийцнэ.

Нэхэмжлэгч нь агаарын хөлгийн шатахуун худалдах-худалдан авах гэрээний гол тохиролцоо буюу шатахууны суурь үнийн тохиролцоо хүчин төгөлдөр болохыг худалдагч тал хүлээн зөвшөөрсөн атлаа худалдан авагчын зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлах эрхийн үндэслэл болж байгаа Сингапурын биржийн сарын дундаж үнэ бодит бус, ******* ТӨХК-ийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ хариуцагч тал хуульд заасны дагуу нотолж чадаагүй.

******* ТӨХК нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 01/1516 дугаартай албан бичгээр 19/402 дугаартай гэрээний хугацаанд 1,76 тэрбум төгрөг, 21/116 дугаартай гэрээний 2022 оны 06 дугаар сар дуустал хугацаанд 1,64 тэрбум төгрөг, нийт 3.4 тэрбум төгрөгийг илүү нэхэмжилсэн, үүнийг 4,68 төгрөгийн өглөгийн үлдэгдлээс суутган тооцуулж, 1,28 тэрбум төгрөгөөр тооцоо нийлэх саналыг тооцооллын хамт хүргүүлсэн. ******* ******* ******* ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22/4098 дугаартай албан бичгээр ... Сингапурын биржийн үнийн мэдээллийг дахин өөр эх үүсвэрээс авч нягтлан шалгахаар ажиллаж байгаа, эцсийн байдлаар 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бүрэн мэдээлэлтэй болж тооцоо нийлэх боломжтой гэсэн хариу ирүүлж байсан. Өнөөдрийг хүртэл сар бүрийн шатахууны MOPS үнийн задаргааг эх сурвалжаас нь ирүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Маргаан бүхий тохиолдолд гэм хорын хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг бөгөөд хуулийн гол урьдчилсан нөхцөл болох гэм хор учруулсан тохиолдолд зохигчийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэж, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан үүрэг үүсэх үндэслэл нэгэнт бий болсон байхад анхан шатны шүүх гэрээгээ хэрэгжүүлэх явцад худалдагч илүү мөнгө нэхэмжилж байгааг хариуцагч нягтлаагүй, нэхэмжлэгч гэрээнд заасан суурь үнийг үнэн зөв мэдээлэх үүргээ биелүүлж байгаа гэдэгт итгэж тооцоо нийлсэн акт дээр шатахуун хариуцсан нягтлан бодогч гарын үсэг зурсан үйлдэлд хариуцагчийг буруутгаж шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа 2019.10.15-ны өдрөөс 2022.06.30-ны хүртэлх хугацааны ******* хөлгийн ТС-1 шатахуун худалдах худалдан авах гэрээнүүдийн хувьд нэхэмжлэгч Сингапур цэсэнд мөрдөгдсөн ханшийн мэдээллийн бодитой байдлыг шалгах нягтлах үүнтэй холбоотой гарсан зардал болон илүү төлөгдсөн шатахууны төлбөрийн зөрүүг буцаан нэхэмжилж авах эрх нь нээлттэй байсан боловч энхүү эрхээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан тул уг гэрээнүүдийн дагуу илүү төлбөр төлж хохирсон гэх тайлбар үндэслэлгүй хэмээн талуудын тооцоо нийлсэн акт үйлдэгдээгүй 1 сарын нийлүүлэлт буюу 2022 оны 7 сард нийлүүлэгдсэн шатахууны хувьд нэхэмжлэгч 6,974,977 төгрөгийг илүү нэхэмжилсэн байна гээд зохигчдын хувьд маргаангүй байсан 2022 оны 08 сарын шатахуун нийлүүлэлтийн хэмжээ болон үнийн асуудал дээр шүүх 102,420,898 төгрөгөөр нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн шийдвэр гаргасан нь ИХШХШТХ-ийн 118 дүгээр 118.4 дэх заалттай нийцээгүй.

Мөн шүүхийн шийдвэрийн 18 талд буй нэхэмжлэгч нийт илүү нэхэмжилж авсан болон ханшийн зөрүүд 109,215,875 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх боловч энэ дүн 6,974,977+102,420,898 = 109.395875 төгрөгөөс зөрүүтэй байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Тайлбар байхгүй гэв.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Тайлбар байхгүй гэв.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ТӨХК-д холбогдуулан 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн агаарын хөлгийн ТС-1 шатахуун худалдах-худалдан авах гэрээ, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 21/116-1 дугаартай нэмэлт гэрээ, мөн оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 21/116-2 дугаартай нэмэлт гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн *******-21/116 дугаартай агаарын хөлгийн ТС-1 шатахуун дамжуулан хадгалах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,097,124,779 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гэрээний төлбөрт илүү нэмж авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэл заан 3,302,860,470 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 77,936,625 төгрөг, нийт 3,380,797,095 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргасан байна.

 

3.Талууд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ******* хөлгийн ТС-1 шатахуун худалдах-худалдан авах 19/902 дугаартай гэрээ, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 20/150 дугаартай 19/402 тоот гэрээний нэмэлт гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ******* 21/116 дугаартай шатахуун худалдах-худалдан авах гэрээ, мөн өдрийн 21/115 дугаартай ******* хөлгийн ТС-1 шатахуун дамжуулан хадгалах гэрээ, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 21/116-1 тоот гэрээний нэмэлт гэрээ, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 21/116-2 дугаартай шатахуун худалдах-худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээ зэрэг гэрээнүүдийг тус тус байгуулсан байна. Анхан шатны шүүх зохигч талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн заасантай нийцсэн. [D1] 

 

4.Зохигчид худалдах худалдан авах гэрээнүүдийг байгуулсан үйл баримт, худалдагчийн зүгээс агаарын хөлгийн ТС-1 шатахууныг нийлүүлсэн тоо хэмжээ, худалдан авагчаас шатахууны үнээс төлж байсан талаар маргадаггүй, харин н ийлүүлсэн шатахууны үнийн өөрчлөлттэй холбогдон үнэд тохируулга хийхдээ Сингапурын /MOPS/ биржийн ханшийн албан ёсны бодит мэдээллийг өгөх үүргээ зөрчсөн эсэх, биржийн ханшийн зөрүүтэй байдлын талаар маргасан байна.

 

5.Анхан шатны шүүх талуудын маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

 

Тодруулбал, хэргийн 1 хавтасны 120 дахь талд авагдсан нэхэмжлэгч ******* ТӨХК-ийн нягтлан бодогч Н.Болормаагаас хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөгч н.Тэнгис рүү цахим шуудангаар хүргүүлсэн мэдэгдэл, хэргийн 189-224 дэх талд авагдсан ******* ТӨХК, UNLINE PTE LTD-аас Н.Болормаад, Н.Болормаагаас UNLINE PTE LTD-д цахим шуудангаар хүргүүлсэн гэх баримтуудад үзлэг хийж, бэхжүүлэх ажиллагааг хийснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нотлох баримтад тооцогдоно. Анхан шатны шүүх дээрх цахим баримтад хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулаагүй, хуулбар хувийг үнэлсэн нь алдаатай болжээ.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/01785 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,093,713 төгрөг, хариуцагч ******* ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,126,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

  ШҮҮГЧИД  Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД

 

 


 [D1]Хэргийг хүчингүй болгож бгаа болохоор гэрээ байгуулсан эсэх, эрх зүйн харилцааны талаар дүгнэх шаардлага бна уу