Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2023/00241

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/01785 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/01781 дүгээр магадлалтай,

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“М” ТӨХК-д холбогдох

Үндсэн нэхэмжлэл: Худалдах-худалдан авах болон хадгалалтын гэрээний үүрэг, алдангид нийт 4,097,124,779 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,302,860,470.46 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 77,936,625 төгрөг, нийт 3,380,797,095 төгрөг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мын гаргасан хяналтын гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, Н.Г, Э.Р, Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “М” ТӨХК-д холбогдуулан худалдах-худалдан авах болон хадгалалтын гэрээний үүрэг, алдангид нийт  4,097,124,779 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 645,393,700 төгрөг төлөхийг зөвшөөрсөн байна.

Хариуцагч “М” ТӨХК нэхэмжлэгч “С” ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3,302,860,470.46 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 77,936,625 төгрөг, нийт 3,380,797,095 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй маргажээ.

2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/01785 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 422 дугаар зүйлийн 422.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “М” ТӨХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 3,942,069,387.61 төгрөг, хадгалалтын гэрээний үүрэг 6,182,786.44 төгрөг, алданги 30,401,525 төгрөг, нийт 3,978,653,699.05 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 118,471,080 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 109,215,875 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 77,936,625 төгрөг, нийт 187,152,500 төгрөгийг гаргуулж хариуцагч “М” ТӨХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,193,644,595.46 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,643,574 төгрөг, хариуцагч “М” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,220,300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ТӨХК-аас 20,051,218 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д, нэхэмжлэгч “С” ХХК-аас 1,093,712 төгрөгийг гаргуулж хариуцагч “М” ТӨХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/01781 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/01785 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,093,713 төгрөг, хариуцагч “М” ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,126,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...Тухайн хэрэг маргааныг анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 243.1, 422.1, 232.6-д заасан үндэслэлээр нэхэмжпэлийн шаардлагаас 3,978,653,699.05 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн бол Иргэний хуулийн 492.1.1, 228.1, 229.1-д зааснаар 187,152,500 төгрөгийн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгчээс хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн байдаг. Талууд давж заалдах гомдол гаргасан байдаг ба давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг гаргахдаа давж заалдах шатны шүүхийн магадлалын 4-т “...нийлүүлсэн шатахууны үнийн өөрчлөлттэй холбогдон үнэд тохируулга хийхдээ С-ын MOPS биржийн ханшийн албан ёсны бодит мэдээллийг өгөх үүргээ зөрчсөн эсэх, биржийн ханшийн зөрүүтэй байдлын талаар маргасан”, 5-д “...маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна” гэж дүгнэсэн. Тухайн дүгнэлтийг хийж хэргийг буцаасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхээр байна.

4.1.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд өөрсдийн нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа өөрөө нотлох үүргийг хүлээдэг ба шүүхээс тухайн асуудалд хөндлөнгийн байх зарчмыг баримтлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл хэргийн оролцогч өөрийн нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотолсон баримтыг хуульд заасан шаардлага хангасан байдлаар гаргаж өгөх нь тухайн оролцогчийн өөрт олгогдсон эрх, үүрэг нь юм. Мөн шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх боломжгүй ба хэргийн оролцогчоос үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй байхад шүүхээс үзлэг хийх боломжгүй. Тодруулбал, хэрэг маргааныг шийдвэрлэхдээ аль нэг талын хуулийн шаардлага хангахгүйгээр гаргаж өгсөн нотлох баримтыг хуульд заасан шаардлагад нийцүүлэхийн тул өөрийн санаачилгаар үзлэг хийх нь хэргийн нэг талд давуу эрх олгосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно.

4.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь уг ажиллагаанд удирдлага болгодог тусгай зарчим болох диспозитив буюу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг зохигчдын санаачилга, хүсэлтийн үндсэн дээр явуулах болон мэтгэлцэх зарчимд үндэслэдэг явдал юм. Дээрх зарчмуудын агуулга нь зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэх, төгсгөх асуудлаа бие даан чөлөөтэй хэрэгжүүлэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдлэх эсэхээ өөрийн хүсэл сонирхол, санаачилгаараа шийдэх, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, татгалзлыг үгүйсгэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, түүний үндэслэлийг нотлох үүрэгтэй байдагт оршино. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” хэмээн дээрх зарчмыг хуульчилсан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох хүрээнд гаргаж өгсөн баримт болох “М” ТӨХК, U-аас Н.Бд, Н.Бгаас U-д цахим шуудангаар /е-mail/ хүргүүлсэн гэх баримтуудад үзлэг хийж бэхжүүлэх ажиллагаа хийгээгүй гэдэг байдлаар хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхэд халдаж өөрийн заавраар заавал үзлэг хийлгэхээр буцаасан нь ойлгомжгүй байна.

4.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5-д “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан байдаг ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас өөрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох хүрээнд гаргаж өгсөн баримтыг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлээ болгосон тохиолдолд түүнийг давж заалдах шатны шүүхээс хуульд нийцүүлэн өөрчлөх эрх нь байсаар байтал дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхээс, анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байгаа бол тухайн шийдвэрт өөрчлөлт оруулах эрх нь байсаар байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл зааж, буцаасан нь диспозитив зарчмыг зөрчиж байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эрхийг Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд тусгайлан заасан бөгөөд нотлох баримтыг буруу үнэлсэнтэй холбоотойгоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл хуульд заагаагүй байна. 168.1.7-д заасан тохиолдол нь хуулийн 38.6-д заасан ажиллагааны явцад бүрдүүлсэн баримтын хүрээгээр хязгаарлагдах бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн шиг “шүүхээс хэрэгт гаргаж өгсөн баримтыг заавал үзлэг хийн бэхжүүлэн авахаар өөрийн сайн дураар хийх ажиллагаа” биш гэж үзэхээр байна. Давж заалдах шатны шүүхээс нэгэнт л анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үнэлсэн гэж үзэж байгаа бол хуульд нийцүүлэн тухайн баримтыг үндэслэл болгон шийдсэн дүгнэлтийг хүчингүй болгох эрх нь байсаар байтал харин ч хариуцагчийн талд ашигтай байдлаар шийдсэн нь өөрийн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэж харахаар байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана” гэж заасан байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхдээ хуульд зааснаас илтэд өөрөөр шийдвэрлэн хуульд нийцүүлэн шийдвэрлэж дээрх зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

4.4.Сөрөг нэхэмжлэлийг хэсэгчлэн хангасан нь үндэслэлгүй болох талаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т “...талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 болон 422 дугаар зүйлийн 422.1-д зааснаар худалдах-худалдан авах болон хадгалалтын гэрээний харилцаа тус тус үүссэн байна” дүгнэсэн байдаг. Тухайн төрлийн харилцаа нь өмчлөлийн эд зүйлийг шилжүүлэн өгч хариу мөнгөн төлбөр авах, мөн бусдын эд хөрөнгийг хадгалж түүнд тохирсон төлбөрийг авах төрлийн харилцаанд бий болох харилцаа байдаг. Худалдах худалдан авах гэрээний харилцаанд худалдагч эд зүйлийг худалдан авагчид шилжүүлэн өгч худалдан авагч тухайн эд зүйлийг үнийг төлөхөөр хуульчилсан байдаг ба гэрээний гол зүйл нь үнэ, эд зүйлийн чанар, тоо хэмжээ байдаг. Талууд гэрээгээр гэрээний гол нөхцөлөө тохиролцож үүнээс үүсэх маргааныг гэрээгээр хоорондоо тохиролцохоор тусгасан байна. Өөрөөр хэлбэл гэрээгээр талууд гэрээний үнэ, түүнийг өөрчлөх нөхцөлүүдийг тусгасан байдаг ба тэрхүү тохиролцоогоор тухайн гэрээний харилцаа үргэлжлэх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн 5-д “С” ХХК-аас 2022 оны 07-р сард 1,513,021 кг шатахуун нийлүүлсэн бөгөөд С-ын биржийн МОРS үнэ 4,831,472 төгрөг болон “С” ХХК-ийн нэхэмжилсэн 4,826,981 төгрөгийн зөрүү 4,491 төгрөгийг нийлүүлсэн шатахууны хэмжээнд үржүүлэхэд илүү нэхэмжлэн авсан зөрүү төлбөр 6,974,977 төгрөг болов, мөн “С” ХХК-аас 2022 оны 8-р сард 1,543,208.44 кг шатахуун нийлүүлэгдсэн бөгөөд С-ын МОРS үнийн зөрүү 32,15 ам.доллар ба үүнийг 3,185.72 төгрөгөөр тооцоход 102,420.90 төгрөг болох бөгөөд нийт илүү нэхэмжилж авсан болон ханшийн зөрүүд 109,215,875 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж уг төлбөрийг нэхэмжлэгч “С” ХХК-аас гаргуулж “М” ТӨХК-д олгохоор шийдвэрлэлээ” гэж заасан байна. Дээр дурдсанчлан талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн тохиолдолд тухайн гэрээний үнийг буцаан шаардах хуулийн тусгайлсан журмаар худалдан авагч нь шаардлага гаргах эрхийг хуульд заасан байдаг. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” бол худалдан авагч шаардах эрхээ алдахаар зохицуулсан байдаг. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга нь бодит үнийг нэмэгдүүлсэн гэж байгаа ба нөгөө талаараа тэрхүү үнэнд тохирсон тоо хэмжээний шатахуун нийлүүлээгүй гэх асуудал яригдаж байна. Өөрөөр хэлбэл 10 төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг бараа материал ирэх ёстой байтал 10 төгрөгийн үнэ бүхий 9 ширхэг бараа материал нийлүүлсэн гэж маргаж байгаа ба үүнийг бодит байдал дээр 10 байсан уу 9 байсан уу гэдгийг мэдэх боломж нь талуудын хооронд байгуулсан гэрээгээр тодорхойлж өгсөн байдаг. харин түүнийг мэдсэн атлаа хүлээн авсан нь хожим шаардлага гаргах эрхээ хуульд зааснаар алдахаар байна. Нийлүүлсэн шатахууны талаар талууд хоорондоо тохиролцож тооцоо нийлсэн байдаг ба үнийг талуудын эрх бүхий этгээдүүд гэрээнд зааснаар тооцоо нийлж талуудын өглөг авлагыг тодорхойлсон байдаг. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 07 дугаар сарын шатахуун нийлүүлэх үнийг худалдан авагчийн зүгээс “...1 тонн=1289 USD байгаа тул 7-р сарын үнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна, ...үнийн тооцооллыг дахин нягталж ирүүлнэ үү” /хх-52/ гэх хүсэлтийг 2022 оны 8-р сарын 18-д “С” ХХК-нд ирүүлсэн байдаг ба тухайн хүсэлтэд дурдсанаар үнийг дахин нягталж 2022 оны 08-р сарын 22-нд биржийн үнэ 1289 USD болсон тул энэ сард ТС-1 шатахуун нийлүүлэхийг мэдэгдэж байна” /хх-51/ гэсэн байдаг. Үүнээс үзвэл анхан шатны шүүхийн дүгнэсэн “С” ХХК-аас 2022 оны 7-р сард 1,513,021 кг шатахуун нийлүүлсэн бөгөөд С-ын биржийн МОРS үнэ 4,831,472 төгрөг болон “С” ХХК-ийн нэхэмжилсэн 4,826,981 төгрөгийн зөрүү 4,491 төгрөгийг нийлүүлсэн шатахууны хэмжээнд үржүүлэхэд илүү нэхэмжлэн авсан зөрүү төлбөр 6,974,977 төгрөг болов” гэх дүгнэлт үндэслэлгүй байгаа ба 7 сард нийлүүлсэн шатахууны үнийг талуудын тодорхойлсон үнэ болох 1289 USD-р тодорхойлсон тул энэхүү үнэнд зөрүү гарах учиргүй байна. Учир нь талууд гэрээнд зааснаар гэрээний үнийг баталгаажуулж тооцоо нийлж байсан, худалдан авагчийн зүгээс худалдагчийн явуулсан үнийн саналыг үнэн эсэхэд хяналт тавьж байсан, зөрүү гарсан тохиолдолд залруулж байсан зэрэг үйл баримтууд авагдсан атал зөрүү гарсан гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.5.Мөн “С” ХХК-аас 2022 оны 8-р сард 1,543,208.44 кг шатахуун нийлүүлэгдсэн бөгөөд С-ын МОРS үнийн зөрүү 32.15 ам.доллар ба үүнийг 3,185.72 төгрөгөөр тооцоход 102,420.90 төгрөг болох бөгөөд нийт илүү нэхэмжилж авсан болон ханшийн зөрүүд 109,215,875 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж уг төлбөрийг нэхэмжлэгч “С” ХХК-аас гаргуулж “М” ТӨХК-д олгохоор шийдвэрлэлээ” гэсэн байгаа ба талууд 2022 оны 09 дүгээр сарын 05-ний өдөр №21/116-2 тоот “Агаарын хөлгийн ТС-1 төрлийн шатахуун худалдах, худалдан авах 21/116 тоот гэрээний нэмэлт, өөрчлөлт” гэрээ байгуулсан байдаг ба тухайн гэрээний 3.3.2-т “...ОХУ-аас худалдан авч буй дундаж үнийн өөрчлөлтөөр тооцно. Тооцоо хийх суурь үнийг 1,289.00 ам.доллароор тооцно”, 2-т “Үндсэн гэрээний бусад заалтуудад заасан С-ын биржийн /МОРS/ үнэ гэсэн ойлголтыг энэхүү гэрээ байгуулагдсанаар цаашид ОХУ-аас худалдан авч буй дундаж үнэ гэж ойлгоно”, 3-т “энэхүү гэрээний нэмэлт өөрчлөлт нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр талууд харилцан тохиролцов” гэж тус тус заасан. Гэтэл анхан шатны шүүхээс МОРS үнийн зөрүүг тооцож сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 109,215,875 төгрөг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.6.Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д “Энэхүү 22,500 ам.доллар буюу 77,936,625 төгрөгийг “С” ХХК-аас гаргуулж хариуцагч “М” ТӨХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг мөнгөн төлбөр нь гэрээнээс учирсан гэм хорын хохирол буюу хэрэв “С” ХХК-аас гэрээний 3.5.3, 8.3-т заасан үүргээ шударгаар гүйцэтгэсэн бол “М” ТӨХК-д ийм хэмжээний үнээр худалдан авалт хийж, С-ын биржийн үнийн мэдээллийг шалгах хэрэгцээ шаардлага үүсэхгүй, цаашлаад хохирол учрахгүй байх боломжтой байсан”, “...хариуцагчид учирсан хохирол нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас мөн шалтгаалсан байх ба энэхүү үйл баримтын хооронд шалтгаант холбоотой байх тул Иргэний хуулийн 228.1, 229.1-д зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-аас гэрээнээс учирсан гэм хорын хохиролд 77,936,625 төгрөгийг гаргуулж хариуцагч “М” ТӨХК-д олгохоор шийдвэрлэв” гэсэн байдаг. Дээрх дүгнэлтийн тухайд шүүхээс гэрээний хугацаанд талуудын хооронд үүссэн маргааныг зохицуулах зохицуулалтыг буруу дүгнэсэн гэж үзэхээр байна. 8.3-т “...сар бүрийн ханшийн албан ёсны бодит мэдээллийг дараа сарын 10-ны дотор захиалагчид гаргаж өгөх” гэж зааснаар тухайн мэдээллийг заасан хугацаанд гаргаж өгснөөр захиалагч өөрийн зүгээс үнийг нягтлах, эргэлзээтэй байвал хэлэлцээр хийх замаар асуудлыг шийдвэрлэх, хэлэлцээрийн замаар шийдэлд хүрээгүй бол албан ёсны ханшийг худалдан авах талаар зохицуулсан нь талуудын хооронд тухайн гэрээ хэрэгжиж байх явцад хийгдэх ажиллагаа болохоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэх зорилгоор гаргасан зардлыг гаргуулахаар хэрэглэх зохицуулалт биш юм. Энэ ч үүднээс манай талаас сар бүрийн үнийн мэдээллийг албан бичгээр хандаж хүргүүлж байсан ба энэ бүх хугацаанд манайхаас хүргүүлж байсан үнийн дүнд эргэлзээтэй нөхцөл байдал бий болоогүй ба үүнийг талуудын эрх бүхий этгээдүүд харилцан тооцоо нийлж баталгаажуулж байсан. Харин 2022 оны 07 дугаар сард нийлүүлэх үнийн дүн дээр эргэлзээтэй нөхцөл үүссэн тухай и-мэйлээр манайд хандсаны дагуу худалдан авагчийн ирүүлсэн үнийн саналаар өөрчлөлт оруулж шатахууныг нийлүүлж байсан баримт хэрэгт байна. Үүнээс үзвэл сар бүрийн манай өгсөн үнийн мэдээллийг шалгаж байсан ба тэрхүү мэдээлэлд 2022 оны 07-р сарын өгсөн үнэ зөрүүтэй байсныг талуудын хооронд байгуулсан гэрээний 8.3.2-т “...эргэлзээ бүхий эсвэл зөрүүтэй байвал ...энэ талаар мэдэгдэж хэлэлцээр хийх замаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан хүрээнд үнийг өөрчилсөн тохиолдлоос өөр ямар нэгэн зөрүүтэй зүйл байхгүй байсан ба гэрээний 8.3.4-т “...мэдээллийг худалдан авахтай холбогдон гарсан бүх зардлыг нийлүүлэгч хариуцна”, 9.3.3-т “...тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд” гэж тус тус зохицуулсан нь гэрээ хэрэгжих явцад эргэлзээтэй нөхцөл байдал үүсч тэр талаар талууд тохиролцоонд хүрч чадахгүй болсон тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл манай зүгээс дээрх эргэлзээтэй үнийн саналыг хүлээн авах боломжгүй гэсэн тохиолдолд гэрээнд зааснаар тухайн мэдээллийг худалдан авч албан ёсны эх сурвалжтай нь тулган баталгаажуулах ажиллагаа хийгдэх тухай зохицуулалт юм. Гэтэл Иргэний хуульд заасан худалдах худалдан авах гэрээний буцаан шаардах гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан байхад хохирол гэдэг байдлаар дүгнэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/01781 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/01785 дугаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчилж хангасан 187,152,500 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар хяналтын гомдол гаргаж байна” гэжээ.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.11.10-ны өдрийн 001/ШХТ2023/01360 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч “М” ТӨХК-д холбогдуулан 4,097,124,779 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ, “...Талууд  2021.07.09-ний өдөр агаарын хөлгийн ТС-1 шатахуун худалдах-худалдан авах 21/116 тоот  гэрээ, мөн өдрийн агаарын хөлгийн ТС-1 шатахуун дамжуулан хадгалах 21/115 тоот гэрээ тус тус байгуулж  хамтран ажилласан ба шатахуун худалдах-худалдан авах гэрээнд 2 удаа  нэмэлт өөрчлөлт оруулсан. Манай компанийн зүгээс агаарын хөлгийн шатахууныг тухай бүрт нь нийлүүлсэн боловч “М” ТӨХК нь шатахууны  төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүй өнөөдрийн байдлаар 3,948,252,174 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг талуудын эрх бүхий этгээдүүд тооцоо нийлж харилцан баталгаажуулсан. Иймд уг төлбөрийг нэхэмжилнэ.  Шатахуун худалдах-худалдан авах гэрээний 10.1-д зааснаар төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр хоног тутамд 0,01 хувиар алданги тооцохоор тохиролцсон байдаг. Манай компанийн зүгээс “М” ТӨХК-ийг үлдэгдэл төлбөр болон алдангийг төлөхийг удаа дараа албан тоотоор шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байсаар байх тул  гэрээний 4.1-т ...талуудын санхүүгийн хэлтэс, албадууд тооцоо нийлж, нэхэмжлэх хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 14 хоногийн дотор нийлүүлэгчээс ирүүлсэн нэхэмжлэхийг үндэслэн ... дансанд шилжүүлнэ гэж, 9.2-т ... нийлүүлсэн агаарын хөлгийн шатахууны төлбөрийг төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу тооцсон алданги болох 148,872,605 төгрөг, нийт 4,097,124,779 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн ба үндэслэлээ, “... төлбөрийн тооцооллыг харахад “М” ТӨХК болон “С” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019.10.15-ны өдрийн 19/402 тоот гэрээний үлдэгдэл төлбөрт 2,929,729,320 төгрөг, 21/116 тоот гэрээний үлдэгдэл төлбөрт 1,018,522,853.42 төгрөг, нийт 3,948,252,174 төгрөгийн тооцооны асуудал байна. Талууд 2019 оны 10 сард гэрээ байгуулснаас хойш 2022.09.05-ны өдрийг дуусталх хугацаанд агаарын хөлгийн шатахуун нийлүүлсэн тоо хэмжээний тухайд маргаагүй. Шатахуун худалдах-худалдан авах 19/402 болон 21/116 гэрээний 3 дугаар зүйлд гэрээний үнийг С-ын биржийн /МОРЅ/ зарласан сарын дундаж үнийг мөрдөн тохируулга хийхээр заасан. Нийлүүлэгч нь С-ын биржийн цэсэнд мөрдөгдсөн сар бүрийн ханшийн албан ёсны, бодит мэдээллийг дараа сарын 10-ны дотор захиалагчид гарган өгч байх, захиалагч нь ханшийн мэдээллийн үнэн зөвийг шалган тодруулах эрхтэй байхаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгчээс  ирүүлсэн С-ын биржийн /MOPЅ/ сар бүрийн үнийн мэдээллийг манай БНСУ дахь нислэгт шатахуун сумалгаа хийдэг U pte компани болон бусад компаниас ирүүлсэн С-ын биржийн /MOPS/ үнэтэй харьцуулан тулган нягтлахад гэрээ байгуулсан өдрөөс хойш буюу 2019.10.15-ны өдрөөс 2022.07.31-ний өдрийг дуустал хугацаанд нийт 3,302,860,470.46 төгрөгийг илүү нэхэмжилсэн болох нь тогтоогдсон. Гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.2-т заасны дагуу “М” ТӨХК нь 2022.09.06-ны өдрийн №01/1516 дугаар тооцоо нийлэх тухай албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлэн тооцоо нийлэх саналтай байгаагаа илэрхийлсэн. “М” ТӨХК-ийн зүгээс өнөөдрийн байдлаар 645,393,700 төгрөгийн үлдэгдэл байгааг хүлээн зөвшөөрч байна. Үүнээс сөрөг нэхэмжлэлд дурдагдсан 77,936,625 төгрөгийг хасаад 567,457,075 төгрөг, алданги 21,396,563 төгрөгийг хүлээн зөвшөөрөөд, үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарласан.

Хариуцагч “М” ТӨХК нь нэхэмжлэгч “С” ХХК-д холбогдуулан 3,380,797,095.46 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, “...нэхэмжлэгч нь 19/402 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрт 2019.10.15-ны өдрөөс 2021.07.09-ний өдрийг хүртэл хугацаанд 1,758,499,868 төгрөг, 21/116 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн төлбөрт 2021.07.09-ний өдрөөс 2022.07.31-ний өдрийн дуустал хугацаанд 1,544,360,602 төгрөг, нийт 3,302,860,470.46 төгрөг илүү нэхэмжилж авсан болох нь тогтоогдсон тул уг мөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...худалдах-худалдан авах гэрээний үүрэг болох худалдан авсан эд зүйлийн үнийг төлөх үүрэг худалдан авагчид үүссэн байна. Энэхүү үүргээ худалдан авагчийн хувьд хүлээн зөвшөөрсөн байдаг ба барааны үнийг зөвшөөрч баталгаажуулж байсан, төлсөн нөхцөл байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш тухайн үнийн зөрүү үүссэн тухай асуудлыг хөндөж байгаа нь гэрээний үүргээс зайлсхийх арга гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2021.07.09-ний өдрийн 21/116 тоот гэрээ, мөн өдрийн 21/115 тоот гэрээ, худалдах-худалдан авах гэрээний нэмэлт  өөрчлөлт,  шатахуун дамжуулан хадгалах гэрээний үүргийг шаардсан. Гэтэл хариуцагч 2019.10.15-ны өдрөөс 2021.07.09-ний өдрийг хүртэл хугацаанд илүү мөнгө авсан гэж байгаа нь цаг хугацаа болон гэрээний хэрэгжилтэд хамааралгүй зүйлийг сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ болгож байна. Манай талаас сар бүрийн үнийн мэдээллийг албан бичгээр хандаж хүргүүлж байсан ба энэ бүх хугацаанд 2022 оны 07 дугаар сард нийлүүлэх үнийн дүн дээр эргэлзээтэй нөхцөл үүссэн тухай цахим шуудангаар /e-mail/  хандаж, энэ дагуу “М” ТӨХК-ийн ирүүлсэн үнээр шатахууныг нийлүүлж байсан баримт хэрэгт байна. Үүнээс үзвэл сар бүрийн манай өгсөн үнийн мэдээллийг шалгаж байсан. Тэрхүү мэдээлэлд зөрүүтэй байвал талуудын хооронд байгуулсан гэрээний 8.3.2, 8.3.4, 9.3.3-д тус тус зохицуулсан нь гэрээ хэрэгжих явцад эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж, тэр талаар талууд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбар гаргасан.

8.Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

9.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаас нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М-ын гаргасан “... давж заалдах шатны шүүх хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан” тухай гомдол нь хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлд хамаарна гэж үзсэн бөгөөд  энэ хүрээнд хэргийг  хянан хэлэлцэв.

10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ “...Зохигч нийлүүлсэн шатахууны үнийн өөрчлөлттэй холбогдон үнэд тохируулга хийхдээ С-ын /MOPS/ биржийн ханшийн албан ёсны бодит мэдээллийг өгөх үүргээ зөрчсөн эсэх, биржийн ханшийн зөрүүтэй байдлын талаар маргасан байна. Анхан шатны шүүх талуудын маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Тодруулбал, хэргийн 1 хавтасны 120 дахь талд авагдсан нэхэмжлэгч “М” ТӨХК-ийн нягтлан бодогч Н.Б-гаас хариуцагч “С” ХХК-ийн төлөөлөгч н.Т рүү цахим шуудангаар /e-mail/ хүргүүлсэн мэдэгдэл, хэргийн 189-224 дэх талд авагдсан “М” ТӨХК, U-аас Н.Б-д, Н.Б-гаас U-д цахим шуудангаар /e-mail/  хүргүүлсэн гэх баримтуудад үзлэг хийж, бэхжүүлэх ажиллагааг хийснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нотлох баримтад тооцогдоно. Анхан шатны шүүх дээрх цахим баримтад хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулаагүй, хуулбар хувийг үнэлсэн нь алдаатай болжээ. Дээрх ажиллагааг  нөхөн гүйцэтгэж, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй” гэж үзсэн байна.

11.Хяналтын шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийлээ.

Хэргийн баримт, зохигчийн мэтгэлцээнээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчаас 2022.07.09-ний өдрийн шатахуун худалдах-худалдан авах гэрээ, үүнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, уг гэрээний төлбөрийг баталгаажуулсан актыг үндэслэж, шатахууны үнийн төлөгдөөгүй төлбөрт 3,948,252,174 төгрөгийг алдангийн хамт шаардсан, хариуцагч нь 2019.10.15-наас 2002.07.31-ний өдөр хүртэл хүлээн авсан  шатахууны үнийг зөрүүтэй тогтоосноос 3,302,860,170 төгрөгийг илүү төлснийг буцаан гаргуулж, зөрүүг төлнө гэж маргажээ.

Энэ маргааны зүйлийн үндэслэлийг, нэхэмжлэгч “худалдсан шатахууны үнийг гэрээнд зааснаар 1 метрик тонны үнийг 2,070,000 төгрөг гэж тогтоосон, гэхдээ гэрээний хугацаанд шатахууны үнийн өөрчлөлт гарсан тохиолдолд С-ын биржийн үнэ /MOPS/  баримтлах, тухайн өөрчлөлттэй холбоотой 2 талын санхүүгийн алба тохируулга хийж баталгаажуулахаар тохирч, энэ хүрээнд талууд нийлүүлсэн шатахуун болон үнийн тооцоог актаар баталгаажуулсан.” гэж, хариуцагч  “ ...  төлбөрийг 2 тал баталгаажуулж акт үйлдсэн боловч С-ын биржийн үнэ /MOPS/  ханшийн бодитой байдлыг шалгах эрхийн хүрээнд өөр хамтрагч байгууллагаас мэдээлэл авахад дээрх зөрүү гарсан” гэж тус тус тайлбарласан.

Хариуцагч дээрх тайлбар, татгалзлын үндэслэл болгож нэхэмжлэгч “М” ТӨХК-ийн нягтлан бодогч Н.Б-гаас хариуцагч “С” ХХК-ийн төлөөлөгч н.Т рүү цахим шуудангаар /е-mail/ хүргүүлсэн мэдэгдэл / 1-р хх-120-р тал/, U-аас Н.Б-д, Н.Б-гаас U-д хүргүүлсэн гэх /1-р хх-189-224-р тал/ цахим шууданг /е-mail/ шүүхэд цаасанд буулгаж нотлох баримтаар  хэвлэн өгсөн байна.

Эдгээр баримтыг давж заалдах шатны шүүх “хуулбар” гэж үзэж, улмаар  анхан шатны шүүх уг баримтуудад үзлэг хийж, бэхжүүлэх ажиллагааг хийгээгүйгээс  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан нотлох баримтад тооцогдохгүй гэж үзэн, энэ шалтгаанаар зохигчийн хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй үзсэн нь үндэслэлгүй болжээ.

12.Учир нь, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын мэтгэлцэх  зарчмын үндсэн дээр явагддаг бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д  заасанчлан иргэний хэргийн  нотлох баримт гэж хэргийн оролцогчоос өөрийн шаардлага эсхүл татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, бодит нөхцөл байдлыг тогтооход аливаа шаардлагатай баримтат мэдээллийг ойлгох бөгөөд мөн зүйлийн 37.2-т зааснаар хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогддог  байна.

13.Дээр дурдсанаас үзэхэд, нотлох баримтын нэг төрөлд бичмэл болон цахим баримт хамаарах ба эдгээрийг зөв ялгаж ойлгох нь зүйтэй.

13.1.Тухайлбал, бичмэл баримт  нь цаасан суурьтай  байна, ийм баримтыг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч байгаа тэр хэлбэрээр нь шүүхэд гаргах тохиолдолд  эх хувиар, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгснөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т шаардсан  нотлох баримтыг шүүхэд гаргах шаардлагыг хангана.

13.2.Харин цахим баримт гэж юуг ойлгохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхойлон заагаагүй, гэвч “цаасан суурьгүй баримт бичиг” буюу анхнаасаа  аналог дохионы формат болон ямар нэгэн электрон техникийн эх үүсвэр эсхүл цахим харилцаа холбооны сүлжээнд буй автомат өгөгдөл боловсруулах хэрэгслийн тусламжтай хадгалагдсан, боловсруулагдсан, мэдээлэл солилцсон, дамжуулагдсан баримт нэгэнт бий болсон, нөгөө талаар мөн бичмэл буюу цаасан суурь бүхий баримтыг техник, технологи ашиглан илгээх, хүлээн авах, хадгалах нөхцөл байдал тогтсон байна.

Цаасан суурьгүй баримт бичиг нь цахим баримтад хамаарах нь тодорхой бөгөөд үүнээс гадна цаасан суурьтай буюу   бичмэл баримтыг техник, технологи ашиглан илгээсэн, хүлээн авсан, хадгалсан бол үүнийг  мөн адил цахим нотлох баримтад хамааруулж ойлгохоор байна.

Иймд цаасан суурьгүй баримт бичиг болон цаасан суурьтай боловч уг баримт бичгийг техник, технологи ашиглан илгээх, хүлээн авах, хадгалсан тохиолдолд аль алиныг цахим баримт гэж үзнэ.

14.Цаасан суурьгүй баримт бичиг буюу  цахим баримтын нэг хэлбэр нь цахим шуудан /е-mail/ бөгөөд  давж заалдах шатны шүүхийн магадлалд зааж буй хариуцагч “М” ТӨХК, нэхэмжлэгч “С” ХХК-ийн төлөөлөгч нарын хооронд, хариуцагч  “М” ТӨХК-ийн төлөөлөгчөөс  харилцагч U-руу, тус байгууллагаас “М” ТӨХК-ийн төлөөлөгч рүү  тус тус илгээсэн, хүлээн авсан цахим шууданг /е-mail/ хариуцагч цаасанд буулган хэвлэн өгснийг анхан шатны шүүх хүлээн авсан ба энэхүү баримтыг цаасан суурьтай баримттай адилтгаж хуулбар баримт гэж үзэхгүй. Тиймээс давж заалдах шатны шүүхийн “хуулбар хувийг үнэлсэн” гэсэн дүгнэлт алдаатай байна.

15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар шүүх хэрэгт цугларсан эд мөрийн баримт болон баримт бичгийг судалж, шаардлагатай бол хэргийн оролцогч, гэрч, шинжээчийн хүсэлтээр бичмэл ба цахим нотлох баримтыг шүүх хуралдаанд уншиж сонсгон, ...танилцуулна.  Харин шүүх  цахим баримтыг тухайн баримтын  төрөл, хэлбэрээс  хамаарч түүнд  агуулсан мэдээллийг тохиромжтой аргыг хэрэглэн шинжлэн судлах бөгөөд энэ хэргийн хувьд хариуцагч талаас шүүхэд гаргасан цахим шууданг /е-mail/  хэвлэсэн байдлаар нь эсхүл дэлгэц ашиглах хэлбэрээр уншиж  бэхжүүлэх боломжтой юм.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан цахим шууданг /е-mail/ цаасан дээр буулгасан хэлбэрээс анхан шатны шүүх шинжлэн судалсан болох нь тус шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд, түүнчлэн шүүхийн шийдвэрт тусгагджээ.

Үүнээс гадна цахим баримтад үзлэг хийснээр нотлох баримтад тооцогдох талаар хуулиар шууд журамлаагүйг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

16.Нөгөө талаар, нэхэмжлэгч талаас энэ цахим шуудан /е-mail/, түүнд байгаа мэдээллийн талаар маргаагүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхээс өмнө буюу нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хариуцагч талаас нэхэмжлэгч талд магадлалд дурдсан цахим шууданг /е-mail/ илгээж байсныг хүлээн авсан,  мөн харилцагч байгууллагаас авсан үнийн мэдээллээс, нэхэмжлэгчийн хариуцагчид хүргүүлж төлбөрийн хэмжээг тогтоосон үнээс зөрүүтэй байгаа талаар албан бичиг хүргүүлж байсныг үгүйсгээгүй байна.  Гагцхүү  байгаа мэдээллийг баримталж маргааныг шийдвэрлэх үндэслэлгүй гэж нэхэмжлэгч маргажээ.

17.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нотлох баримт гаргахдаа түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглодгоос гадна нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдана.

Харин хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс орон нутагт байгаа шалтгааны улмаас хэргийн оролцогч өөрөө олж авах боломжгүй, мөн туршилт, үзлэг хийх, тусгай мэдлэг бүхий мэргэжлийн шинжээчээр шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг шүүх хүсэлтээр бүрдүүлдэг журамтай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-д “Хэрэгт байгаа бичмэл, цахим баримт хуурамч болох нь мэдэгдвэл тийнхүү хуурамч болохыг мэдсэн этгээд уг баримтыг нотлох баримтаас хасахыг шүүхээс хүсч болно. Бичмэл, цахим баримт хуурамч гэж мэдэгдсэн этгээд тэр тухайгаа нотлох үүрэгтэй. Бичмэл, цахим баримт хуурамч болох тухай мэдээллийг шалгахын тулд шүүх шинжилгээ хийлгэх буюу бусад нотлох баримт шаардан авч болно.” гэж, 110.4-т “Бичмэл, цахим баримт хуурамч байсан нь тогтоогдвол шүүх түүнийг нотлох баримтаас хасах бөгөөд хэргийн оролцогч шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагад хуурамч бичиг баримтын талаар гомдол гаргаж болно.”

Магадлалд заасан баримтыг хууль бусаар цуглуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй.

18.Хэрэв талууд хэнээс хэнд, хэзээ, ямар утга агуулгатай цахим шуудан /е-mail/  илгээгдсэн, хүлээн авсан  эсэхэд маргасан тохиолдолд шүүх зохигчийн хүсэлтээр уг баримтыг хэрхэн бэхжүүлэх аргаа сонгож  баримтжуулах шаардлагатай, өөрөөр хэлбэл, зохигч маргасан тохиолдолд техникийн болон хууль эрх зүйн шаардлагууд нь цахим  баримтыг хүлээн зөвшөөрөх эсэхийн суурь үндэс болно.

19.Харин тухайн цахим шуудан /е-mail/ илгээсэн, хүлээн авсан боловч түүнд агуулагдсан анхны мэдээлэл нь өөрчлөгдсөн, засварлагдсан эсэхэд эргэлзээ байвал хэргийн оролцогч шинжээч томилуулах замаар шүүхэд хүсэлт гаргаж тогтоолгох боломжтой.

20.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй байхад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан.

Давж заалдах шатны шүүх  маргааны үйл баримт, хууль хэрэглэх талаар эрх зүйн  дүгнэлт хийгээгүй тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/01781 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “С” ХХК 2023.10.26-ны өдөр төлсөн 1,093,713 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ                                

ШҮҮГЧИД                                                          Н.БАТЧИМЭГ

                                                                               Д.ЦОЛМОН

                                                                               Х.ЭРДЭНЭСУВД