| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 171/2016/0089/Э |
| Дугаар | 8 |
| Огноо | 2017-01-30 |
| Зүйл хэсэг | 148.4., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 8
Б.А-, С.Д-, С.О- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Я.Туул
Шүүгчид Б.Батзориг
Ц.Амаржаргал
Прокурор А.Оргилбаяр
Хохирогч Г.Б-
Д.Эрдэнэчимэг
Ялтан Б.А-
С.О-
С.Д-
Ялтны өмгөөлөгч Ц.Отгонсүх
И.Атарбямба
Ц.Гансүх
Г.Баттогтох
Ц.Алтанзаяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,
Дархан-уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулга даргалж, шүүгч Т.Энхжаргал, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 86/Б дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны өмгөөлөгч Ц.Отгонсүх, Н.Баярмаа, ялтан Б.А-, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарын давж заалдах гомдлуудаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-, С.О-, С.Д- нарт холбогдох эрүүгийн 201409000812 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ялтан нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1973 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч, багш мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 15 дугаар байр, 44 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Б-ийн А- /РД:ТЗ73081206/
2. Монгол Улсын иргэн, 1979 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ Дархан-Уул аймгийн 52 дугаар тойргийн нотариатчийн туслахаар ажиллаж байсан, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 12 дугаар хороололын 1 дүгээр байрны 34 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Баатад овогт С-гийн О- /РД:ТИ79062508/
3. Монгол Улсын иргэн, 1974 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэг татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 5, ээж, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар байрны 47 тоотод оршин суух, урьд:
-1997 онд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 168 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 35.000 төгрөгөөр торгох ялаар,
-2002 онд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 205 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, тэнсэж хянан харгалзсан
-2003 онд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 237 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Гавилуу овогт С-ийн Д- /РД: ТЗ74010715/
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
Б.А- нь иргэн Г.Б-аас 90.000.000 төгрөгийг түүний итгэлийг эвдэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр С.Д-, С.О- нартай бүлэглэн иргэн Д.Эрдэнэчимэг, О.Энхсүлд нарын өмчлөх эрхийг хуурч мэхлэх аргаар хууль бусаар олж авч өмчлөх эрхийг иргэн Д.Эрдэнэтуяад зээлийн барьцаанд тавьж, бусдад нийт 78.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,
-С.О- нь Б.А-тэй бүлэглэн иргэн Д.Эрдэнэчимэг, О.Энхсүлд нарын өмчлөх эрхийг хуурч мэхлэх аргаар хууль бусаар олж авч 53.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,
-С.Д- нь Б.А-тэй бүлэглэн иргэн Д.Эрдэнэчимэг, О.Энхсүлд нарын өмчлөх эрхийг хуурч мэхлэх аргаар хууль бусаар өөрийнх нь нэр дээр шилжсэнийг мэдсээр байж уг өмчлөх эрхийг иргэн Д.Эрдэнэтуяад зээлийн барьцаанд тавьж, бусдад нийт 78.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 86/Б дугаартай шийтгэх тогтоолоор:
-Боржигон овогт Б-ийн А-, Баатад овогт С-гийн О-, Гавилуу овогт С-ийн Д- нарыг бүлэглэн, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг залилан мэхэлж авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар Б.А-ийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоног /арван жил арван хоног/ хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөний ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар С.О-, С.Д- нарын хувьд ногдох эд хөрөнгөнөөс тус бүр 50.000 /тавин мянга/ төгрөг хурааж, тус бүр 6 жил 8 сар /зургаан жил найман сар/ хорих ялаар тус тус шийтгэж,.
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 52.5-т зааснаар Б.А-т оногдуулсан 10 жил 10 хоног /арван жил арван хоног/, С.О-д оногдуулсан 6 жил 8 сар /зургаан жил найман сар/ хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар С.Д-д оногдуулсан 6 жил 8 сар /зургаан жил найман сар/ хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Б.А-ийн цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,
-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.А-ээс 90.000.000 /ерэн сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 1 дүгээр байрны 8 тоотод оршин суух Тугчин овогт Гомбын Б- /ТИ79052891/-т олгож,
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар энэ хэрэгт Б.А-ийн эд хөрөнгийг битүүмжилсэн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 207 дугаартай, 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугааргүй мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч 90.000.000 төгрөг төлөх шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл дуудлага худалдаагаар худалдан хохиролд тооцуулахаар Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр,
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1-т зааснаар С.О-гийн 2015 оны 2 дугаар сарын 23-нд төрсөн охин Их хүрэмт овогт Дэмбэрэлдоржийн Гэрэлгэгээ, 2001 оны 12 дугаар сарын 3-ны өдөр төрсөн хүү Их хүрэмт овогт Дэмбэрэлдоржийн Төгстөгөлдөр нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг С.О-гийн харъяалах багийн засаг даргаар уламжлуулан тогтоохыг Дархан-Уул аймгийн засаг даргад хариуцуулж,
-Шүүгдэгч С.О-, С.Д- нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч С.О-, С.Д- нар энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-, С.О-, С.Д- нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор... тус тус заажээ.
Ялтны өмгөөлөгч Ц.Отгонсүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...С.Д- нь залилангийн гэмт хэргийн субьект биш юм. Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, өмчлөлд байгаа эд зүйлсийг буцааж өгөлгүйгээр бусдыг төөрөгдөлд оруулдаг, өөрийн эзэмшилд бүр мөсөн авахыг хэлдэг бөгөөд энэхүү нөхцөл байдлаар С.Д- нь найз Б.А-тээ тус болох зорилгоор өөрийн ээжийн эзэмшилд байдаг байрны гэрчилгээг барьцаанд тавьж зээл авахыг зөвшөөрсөн бөгөөд зээлсэн гэх 25.000.000 төгрөгнөөс нэг ч төгрөг аваагүй.
Хохирогч Д.Эрдэнэчимэгийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэгт “гэрчилгээ гэрт байхад хүү С.Д- “хэрэглэчихээд өгье” гээд авсан. 10 дугаар сарын үед “гэрчилгээг яасан бэ” гэхэд А- нь “би зээл төлж байгаа” гэж хэлсэн. Төлж чадахгүй бол би С.Оргилд хэлнэ гэсэн. Хохирол барагдаж байраа буцааж авсан. Гэрчилгээ одоо Эрдэнэтуяагийн нэр дээр байгаа. Хүүдээ гомдол, саналгүй” гэх мэдүүлгээр С.Д-ы үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь тогтоогдож байна. Иймд С.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ:
Ялтны өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Ялтан С.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар шийтгэгдэн 6 жил 8 сарын хорих ял авсан. Өмгөөлөгчийн хувьд энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ гэмт хэргийг хийгээгүй гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн тайлбарт: Залилан мэхлэх гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж буцаан өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгаатай.
Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоолын 9 дүгээрт: залилан мэхлэж авах гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинж болох хуурч мэхлэх буюу итгэл эвдэх нь бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулан, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг тул хуурч мэхлэх, итгэл эвдэх ямар нэг үйлдэл хийгээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй.
Мөн тогтоолын 16-д: залилан мэхлэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйпдсэнд тооцно.
...Улсын яллагчийн хувьд С.О-г хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт болон компьютерийн программ, сүлжээ, төхөөрөмж зэргийг мэдсээр байж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэхэд ашиглуулсан этгээдийг энэ хэргийн хамтран оролцогч гэж үзнэ гэснийг үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35-д гэмт хэргийн оролцогчдыг захиалагч, зохион байгуулагч, хатгагч, гүйцэтгэгч, хамжигч гэж тодорхойлсон байдаг. Гэтэл С.О-гийн хувьд захиалагч, зохион байгуулагч, хатгагч, гүйцэтгэгч гэсэн оролцогчийн үйлдэл үгүйсгэгдэж байна. Харин улсын яллагч С.О-г хамжигч гэж тодорхойлдог. Гэтэл Эрүүгийн хуульд зааж зөвлөх, зэвсэг, хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа, орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг нуун далдлах, зарж борлуулах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амласан этгээдийг хамжигч гэж тодорхойлсон байна. Товчоор хэлэхэд урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ. Гэтэл С.О- нь гэрээг батлахдаа цаашдын үр дагаврыг мэдэх боломжгүй, бололцоогүй байсан ба ямар нэгэн зүйлийг амлаагүй. Ялтан Б.А- нь туслах ажилтнаар нь ажиллаж байсан С.О-гийн нотариатч Ш.А-тэй “ярьж тохиролцчихлоо, чамайг тамгыг дарчих” гэхээр нь урьд нь энэ хоёрын хооронд иймэрхүү тохиролцсон үйлдлүүд байдаг байсан болохоор тамгыг дарж өгсөн.
С.О- нь Нотариатчийн туслах ажилтны журмын 3.6.1-д заасан “нотариатчийн туслах ажилтан нь нотариатын тамга, тэмдгийг хэрэглэх, нотариатчийн нэрийн өмнөөс биечлэн үйлдэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх тул залилан мэхлэх гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл байна.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13.2-т Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хуулийн болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Ялтан Б.А- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Би Г.Б-аас 100.000.000 төгрөгийг зээлийн гэрээ хийж, 90.000.000 төгрөгийг амаар тохирч зээл авсанд бидний хооронд маргаан байхгүй. Түүний данс руу сар бүр 9.500.000 төгрөгийг хийж, нийтдээ 70.500.000 төгрөг төлсөн тооцоо байгаа. Мөн эхнэрт нь 4.000.000 төгрөг өгсөн. Г.Б- болохоор миний өгсөн мөнгийг гэрээтэй зээлсэн 100.000.000 төгрөгийн хүү гэж тооцдог. Энэ нь юугаар нотлогдож байгаа нь хавтаст хэрэгт байхгүй байдаг. Үүнийг зайлшгүй тодорхой болгомоор байна. Өгч чадаагүй, хүү төлөөгүй гэх 90.000.000 төгрөг залилан болдог юм бол Г.Б-аас авсан 100.000.000 төгрөг яагаад залилан болохгүй байгаа, мөн яагаад би түүнийг залилсан болж таараад байна. Тиймээс 100.000.000 төгрөгний асуудлыг шалгуулмаар байна.
...Би Г.Б-т түүний мөнгийг хүүгийн хамт бүрэн дарчихаар нөхрийн нэр дээр байсан газрыг хүртэл сэтгэлээрээ шилжүүлж байсан баримт хавтаст хэрэгт байгаа. Аймгийн захиргаа хууль бусаар хураасан байсныг захиргааны хэргийн шүүхээр явж манайх газрынхаа эрхийг сэргээж авсан. Энэ үйлдлийг мөн залилан гэж үзэж байгаа бол мөн шалгуулж тогтоолгомоор байна. Шалгахгүй гэж байгаа бол зээл төлөх гэсэн санаа, сэтгэл байсан маань илрэн гарч байна. Энэ бүх байдлыг сайн шалгаж үзвэл би Г.Б-ийг залилах санаа үнэхээр байгаагүй болно.
...Би Д.Эрдэнэчимэг гуайн байрыг хулгайлж залилаагүй. Ярьж тохирсон болохоор Д.Эрдэнэчимэг, С.Д- нарын оролцоогүйгээр хууль бусаар нотариатын үйлдэл хийлгэж, хууль бус тамга тэмдэг ашигласан үйлдэлдээ хариуцлага хүлээхэд гомдолгүй. Хамгийн гол нь би удахгүй буцаагаад бүх зүйлийг хэвийн байдалд нь оруулчихна гэсэн бодлоос болсон. Нэгэнт нотариатын үйлдэл хийгдсэн болохоор Д.Эрдэнэтуяагаас барьцаат хүүтэй мөнгө зээлсэн маань хууль ёсны болж шүүгчийн захирамж гарч эвлэрлийн гэрээ байгуулан Д.Эрдэнэтуяад хүүгийн хамт илүү мөнгө 30.800.000 төгрөг төлж Д.Эрдэнэчимэг, С.Д- нарын байрны бичиг баримтыг эздэд нь бүрэн өгч дээрх хүмүүст ямар нэгэн хохирол байхгүй болно.
Мөн мөнгийг удаасан болохоор тэд намайг цагдаагаар шалгуулсан. Залилах байсан бол хохирол барагдуулаад явахгүй. Иймд миний залилан мэхлэх гэсэн санааг шалган тогтоож нотлож өгнө үү гэжээ.
Ялтны өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...-Г.Б-аас 178.000.000 сая төгрөгийг залилсан гэх үйлдлийн тухайд:
Иргэний эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар хэлцэл хийснээр үүсдэг. Шүүхийн практикт залилан мэхлэх гэмт хэргийг иргэний эрх зүйн харилцаанаас ялгаж зүйлчлэхэд хэд хэдэн зүйлийг анхаарч үздэг. Түүний дотроос холбогдогчийн гэмт санаа зорилго байсан эсэх, мөн гэрээ буюу хэлцэл нь анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан гэдгийг зайлшгүй тогтоосон байхыг шаарддаг. Мөн бусдын эд хөрөнгийг зээл нэрээр хапхавчлан залилан мэхлэж авсан гэж үзвэл уг зээлийг буцааж төлөх бодит баталгаагүй байсныг заавал тогтоож байж гэм буруутай байна гэж үздэг.
Гэтэл ялтан Б.А-ийн тухайн үеийн орлогын хэмжээ нь 490.499.321,86 төгрөг /1-р хавтасны 38-39-р хуудас/ байсан, мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй, аймгийн төвд ашигтай байрлалд газар эзэмшдэг, бусдад зээл олгож хүүлдэг гэх мэт хөрөнгө, орлоготой нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.
Хохирогч Г.Б- нь Б.А-т 100.0 сая төгрөгийг гэрээ байгуулж, 90.0 сая төгрөгийг бичгээр гэрээ байгуулалгүй амаар хэлцэл хийж олгосон гэдэг. Г.Б-ийн гомдолд “... би энэ 100.0 сая төгрөгийн асуудлаар шүүхэд хандана.” /1-р хавтасны 3-р хуудас/ гэсэн байдаг. Үүнээс дүгнэвэл 90.0 сая төгрөгийг залилан мэхлэж авсан гэж гомдол гаргасан гэж ойлгогдож байна.
Хэрэв гэм буруутай гэж үзсэн бол хохирогч 90.0 сая төгрөгийн хохирол учирлаа гэж гомдож байхад шүүх 178.0 сая төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай байна гэж үзэх нь буруу ба 90.0 сая төгрөгийн хохирлоос эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө хүүнд төлсөн нийт 66.500.000 төгрөгийг хасаж тооцоогүй байна.
Б.А- нь Г.Б-т төлбөр төлж байсан нь Г.Б-ийн Хаан банкны хуулга /1-р хавтас 15-30-р хуудас/-аар, мөн хохирогчоор 2015 оны 01 сарын 29-нд өгсөн мэдүүлгээр /1-р хавтас 133-134-р хуудас/ тус тус тогтоогдож байхад “90.0 сая төгрөгөөс төлбөр төлсөн нь нотлогдохгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Б.А-ийн дээрх нөхцөл байдлуудаас мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу, хэт яллах талыг барьж шүүх гэм буруутай гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.
-С.О-, С.Д- нартай бүлэглэн Д.Эрдэнэтуяаг залилсан гэх үйлдлийн тухайд:
Шүүх дээрх ялтнууд нь “Д.Эрдэнэтуяад 25.0 сая төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай байна” гэж дүгнэсэн нь буруу байна.
Эрхийн зөрчилтэй гэх эд хөрөнгийн тухайд: Хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Д.Эрдэнэчимэгийн “...уг гэрчилгээ иргэний үнэмлэхийг түр хэрэглээд өгье гэж хэлсэн...” /2-р хавтасны 330-р хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт “...манай хүү С.Д- Б.А-ийг түр байрны гэрчилгээ хэрэглэчихээд өгье гэж байна гэхээр нь би тэг гэж хэлсэн юм”,“... улсын яллагч: урьд нь байраа барьцаанд тавиулж байсан юм уу? ...мөнгөний хэрэг болоод байна гээд нэг удаа хэлээд авч байсан..., ...том хүү С.Оргилоос айгаад тэгж мэдүүлэг өгсөн...” /4-р хавтасны 84-р хуудас/ гэх мэт мэдүүлгүүдээс хохирогч Д.Эрдэнэчимэг өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих зөвшөөрлийг Б.А-т өгсөн ба үр дагаварыг ойлгож байсан байна.
Иргэний хуулийн 3-р дэд хэсэгт Хэлцлийн тухай хуульчилсан байдаг. 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах зөвшөөрлийг Б.А-т Д.Эрдэнэчимэг олгосон байна.
Насанд хүрээгүй хохирогч О.Энхсүлдийн зөвшөөрөлгүй хэлцлийн хувьд: Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасан “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж зааснаас үзвэл насанд хүрээгүй хохирогч О.Энхсүлд С.Д-ы үйлдлийг дэмжин зөвшөөрвөл нэр шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэж болохоор байна. О.Энхсүлдийн мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүйгээс гадна гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийн үр дагаврыг хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан тайлбарлаж өгөөгүйг дурдах нь зүйтэй. Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаас үзвэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь эрхийн доголдолгүй байдлыг иргэний шүүхээр тогтоолгож шийдвэрлүүлэх боломжтой байна.
Энэ нь С.Д-ы нэр шилжүүлсэн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш гэр бүлийн гишүүдийн хэлцэл байж болохыг нотолж байгаа юм.
Өөрөөр хэлбэл: Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т зааснаар Д.Эрдэнэчимэг, О.Энхсүлд нар нь үл хөдлөхийн нэр шилжүүлсэн үйлдлийг дэмжин зөвшөөрвөл барьцаалсан эд хөрөнгө нь эрхийн доголдолгүй болно. Хэрэв барьцааны зүйл болох үл хөдлөх эрхийн доголдолгүй бол Д.Эрдэнэтуяагийн зээлийн болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл болно. Энэ нь Эрүүгийн хуульд заасан залилан мэхлэх гэмт хэрэг биш гэдгийг нотолж байгаа юм.
Шүүх иргэний эрх зүйн харилцааг Эрүүгийн хуульд заасан гэм буруутай үйлдэл гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн зөрчлийн тухайд: Мөрдөн байцаагч Д.Хатанзоригийн 2015 оны 01 сарын 30-ны №207 тоот эд хөрөнгө бигүүмжлэх тухай тогтоол /1-р хавтасны 136-р хуудас/ гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө буюу ВSВ маркийн цахилгаан зуух, 42 инчийн “SONY” маркийн LCD зурагт, “SAMSUNG” шарах шүүгээ, “ТOSHIВА” маркийн хөргөгч зэрэг эд зүйлийг битүүмжилсэн. Иргэний хуулийн 127 дугаар зүйлд зааснаас бусад хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө гэж үзэх ба гэмт хэрэгт холбогдоогүй гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрхэд хууль бусаар халдсан зөрчил гаргажээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2015 оны 03 дугаар сарын 06-ны №75 тоот “Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчийн гаргасан гомдлыг хэсэгчлэн хангах тухай” тогтоол /1-р хавтас 153-р хуудас/ нь эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч прокурорын хяналтанд байх үед аймгийн прокурор тогтоол гаргаж цагдаагийн байгууллагаар ажиллагаа хийлгэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 215.2.3-т заасан “Нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах” гэсэн заалтыг зөрчиж, буцаалгүй шийдвэрлэсэн байна. Дээрх хууль зөрчсөн шийдвэр нь бусдын /Чингис Хаан Банк/ хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.
Мөрдөн байцаагч Б.Гэрэлцогтын 2015 оны 12 сарын 27-ны өдөр насанд хүрээгүй хохирогч О.Энхсүлдийг /2-р хавтасны 395-р хуудас/ байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145-р зүйлийн 145.2-т заасан "...түүнчлэн сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах бөгөөд тэдэнд эрх, үүргийг нь тайлбарлан өгч...” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөх буюу өгөхгүй байх эрхийг тайлбарлах нь өөрийн гэр бүлийн гишүүн болох авга ах С.Д-ы эрх зүйн байдалд шууд хамааралтай байгаа юм.
Б.А- нь Г.Б-т автомашины дулаан граж шилжүүлж өгсөн ба уг гражийн зах зээлийн үнэлгээ хийгдээгүй, төлбөрөөс хасагдаагүй байгаа нь Б.А-ийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа юм.
Дээрх дутуу явуулсан болон процессийн алдааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул тогтоолыг хүчингүй болгож нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Г.Б- гаргасан мэдүүлэгтээ:
“...Б.А-ийн дансанд 300.000.000-400.000.000 төгрөг байсан гэж байна, хэрэв энэ мөнгө Б.А-т байсан бол миний мөнгийг өгөх байсан, би мөнгөө удаа дараа нэхсэн, би одоо газар авахгүй, би Б.А-т бэлэн мөнгө өгсөн. Би урьд нь Б.А-тэй найз нөхдийн холбоотой байсан нь үнэн. Б.А- сүүлийн 90.000.000 төгрөгийг залилж, хуурч мэхэлж итгэл эвдэх аргаар авч, удаа дараа худал хэлсэнд гомдолтой байна” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Д.Эрдэнэчимэг гаргасан мэдүүлэгтээ:
“...С.Д-ыг ял шийтгэсэнд гомдолтой байна. Намайг сүүлд нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орох гэж байхад С.Д-д 6 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн байсан. Би байрыг С.Д-ы нэр дээр шилжүүлнэ, миний хүү намайг залилаагүй” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд ялтан Б.А- гаргасан мэдүүлэгтээ:
“...Хэргийн үнэн зөвийг шийдвэрлэж өгнө үү. Надад залилах санаа байгаагүй. Би сард 9.500.000 төгрөгийг Г.Б-т төлдөг байсан” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд ялтан С.О- гаргасан мэдүүлэгтээ:
“...Г.Б-ийн 40.000.000 төгрөг гэдгийг би аваагүй. Г.Б- надаас 40.000.000 төгрөг авъя гэхээр нь би Б.А- рүү утасдаж асуухад “надад мөнгөний хэрэг болоод чамайг авсан гэж хэлсэн” гэж хэлсэн. Би хохирогч болж олон жилийн хорих ял эдлэж байна, маш их гомдолтой байна” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд ялтан С.Д- гаргасан мэдүүлэгтээ:
“...Залилсан гэх байрандаа би 43 жил амьдарсан. Тухайн хэргийн улмаас би ээжийгээ залилсан болоод, ээж хохирогч болоод байна. Д.Эрдэнэтуяа хохироогүй. Д.Эрдэнэтуяа 25.000.00 төгрөгөө 35.600.000 төгрөг болгож хүүтэй нь авсан” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд ялтны өмгөөлөгч Ц.Отгонсүх гаргасан тайлбартаа:
“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд ялтны өмгөөлөгч И.Атарбямба гаргасан тайлбартаа:
Хэргийг тал бүрээс нь тогтоох ёстой. Иргэний хэргийн асуудал гэж үзэж байна. Б.А- гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлтийг тогтоож өгнө үү гэж хэлсэн. Залилан биш гэдэг нь харагддаг, 90.000.000 төгрөгийг хэд нугалахаар газрыг Г.Б-т шилжүүлж өгөхөд гомдол саналгүй гэж хэлсэн, гэтэл аймгийн захиргаанаас газартай холбоотой асуудал үүсэхэд Г.Б- гомдолтой гэж хэлсэн. 100.000.000 төгрөгөнд хүү гэж өгмөөргүй байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд ялтны өмгөөлөгч Ц.Гансүх гаргасан тайлбартаа:
“...Давж заалдах гомдлоо дэмжиж байна” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд ялтны өмгөөлөгч Г.Баттогтох гаргасан тайлбартаа:
“...Нотариатын үйлдлийг хийсэн нь гэм буруутай байх боломжтой. С.О- нотариатын туслах хийх ёстой хүн мөн үү гэж хүсэлт тавихад нотариатын туслахын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй гэж хариу өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд мөн үүнийг тодруулах шаардлагатай учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцаах нь зүйтэй” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгч Ц.Алтанзаяа гаргасан тайлбартаа:
“...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасны дагуу үнэн зөв гараагүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцааж өгнө үү” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оргилбаяр гаргасан тайлбартаа:
“...Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд авагдсан, ялтнуудын ял шийтгэл, хэргийн зүйлчлэл тохирсон, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Тодорхойлох нь:
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 86/Б дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий…” байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэх боломжгүй байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А-ийг иргэн Г.Б-аас 90.000.000 төгрөгийг түүний итгэлийг эвдэх аргаар залилан мэхэлж онц их хэмжээний хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр С.Д-, С.О- нартай бүлэглэн иргэн Д.Эрдэнэчимэг, О.Энхсүлд нарын өмчлөх эрхийг хуурч мэхлэх аргаар хууль бусаар олж авч өмчлөх эрхийг иргэн Д.Эрдэнэтуяад зээлийн барьцаанд тавьж, бусдад нийт 78.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар,
-С.О-г шүүгдэгч Б.А-тэй бүлэглэн иргэн Д.Эрдэнэчимэг, О.Энхсүлд нарын өмчлөх эрхийг хуурч мэхлэх аргаар хууль бусаар олж авч 53.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар,
-С.Д-ыг шүүгдэгч Б.А-тэй бүлэглэн иргэн Д.Эрдэнэчимэг, О.Энхсүлд нарын өмчлөх эрхийг хуурч мэхлэх аргаар хууль бусаар өөрийнх нь нэр дээр шилжсэнийг мэдсээр байж уг өмчлөх эрхийг иргэн Д.Эрдэнэтуяад зээлийн барьцаанд тавьж, бусдад нийт 78.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, гэмт этгээдүүдийн санаа бодол, сэдэлт, зорилго зэргийг сайтар анхааралгүйгээр шүүгдэгч нарт ял шийтгэсэн байх ба зарим шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзнэ.
Ялтан нарын өмгөөлөгч нар болон ялтан Б.А-ийн давж заалдах гомдлуудыг үндэслэн мөрдөн байцаалтын ажиллагааны үр дүнд хэрэгт цугларсан нртлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлавал ялтан Б.А- нь иргэн Г.Б-аас 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 40.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 50.000.000 төгрөг буюу 90.000.000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон, Б.А- С.Д- нар нь иргэн Д.Эрдэнэчимэг, О.Энхсүлд нарын өмчлөлийн Дархан сумын 13-р баг, 1 дүгээр хороолол, 23-44 тоотын 29 м2 талбайтай 2 өрөө орон сууц худалдах, худалдан авах гэрээг өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр хуурамчаар үйлдэж, уг байрыг байр өмчлөгч Д.Эрдэнэчимэгийн төрсөн хүү болох С.Д-ы нэр дээр шилжүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй байна.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, тэднийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Нотариатчийн туслахаар ажиллаж байсан ялтан С.О- нь Б.А- С.Д- нарын хуурамчаар үйлдсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээн дээр тамга дарж баталгаажуулж хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байх ба тэрээр бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авах гэсэн шууд санаа, зорилго, шунахайн сэдэлт агуулаагүй, хуурч мэхлэх, итгэл эвдэх ямар нэгэн үйлдэл хийгээгүй гэж үзнэ.
Ялтнуудын дээрх хуурамч баримт бичиг үйлдсэн хөнгөн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” буюу эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Харин ялтан Б.А- С.Д- нар бүлэглэн дээрх хуурамч баримт бичиг үйлдэх аргыг хэрэглэн С.Д-ы нэр дээр шилжүүлсэн өмчлөх эрхийн гэрчилгээг ашиглан иргэн Д.Эрдэнэтуяагаас 25.000.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон байна.
Ялтан Б.А-ийн хохирогч Г.Б-аас 90.000.000 төгрөгийг залилсан, давтан үйлдлээр С.Д-той бүлэглэн хуурч мэхлэх аргаар иргэн Д.Эрдэнэтуяаг залилан 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авч, нийт 115.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх тул ялтан Б.А-т энэ зүйл ангиар ял халдаах үндэслэлтэй.
Ялтан С.Д- нь ялтан Б.А-тэй бүлэглэн хуурч мэхлэх аргаар иргэн Д.Эрдэнэтуяаг залилан 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх тул түүнд урьд сонсгосон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Ялтан С.Д-ы энэхүү үйлдлийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх хуралдаанаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах байдлаар өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 86/Б дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:
“1. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А- С.Д- нарт хохирогч Д.Эрдэнэчимэг, О.Энхсүлд нарыг залилан мэхэлж 53.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж,
-шүүгдэгч С.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 болгон өөрчилж,
-шүүгдэгч С.Д-д бусадтай бүлэглэн хуурч мэхлэх аргаар хохирогч Д.Эрдэнэчимэг, О.Энхсүлд нарт 53.000.000 төгрөгийн, Д.Эрдэнэтуяад 25.000.000 төгрөгийн, нийт 78.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж залилсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 болгон тус тус өөрчилж,
-шүүгдэгч Б.А-ийг давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч онц их хэмжээний хохирол учруулсан, хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
-шүүгдэгч С.Д-ыг бусадтай бүлэглэн хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авч их хэмжээний хохирол учруулсан, хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-шүүгдэгч С.О-г хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,
-Шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг:
“2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А- С.Д- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч С.О-д холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д заасан хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар түүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоног /арван жил арван хоног/-ийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар түүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс 50.000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар /таван жил нэг сар/-ын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,
-Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг:
“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан, 52.5-т зааснаар Б.А-т оногдуулсан 10 жил 10 хоног /арван жил арван хоног/-ийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, С.Д-д оногдуулсан 5 жил 1 сар /таван жил нэг сар/-ын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй” гэж,
-Шийтгэх тогтоолын 3 дахь заалтын дараа 31 гэсэн заалтыг нэмж,:
“31.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар түүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж тус тус өөрчлөн найруулсугай.
2. Шүүгдэгч Б.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Д-, С.О- нарт урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, тэднийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.
3.Шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Б.БАТЗОРИГ
Ц.АМАРЖАРГАЛ