Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Могнооны Цэцэгмаа |
Хэргийн индекс | 128/2016/0845/З |
Дугаар | 124 |
Огноо | 2017-02-15 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 124
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М.А , Н.Б д, Г.Б , С.Д , Г.И , Ц.Н , О.Н , Х.Ч , С.Ц нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох
Гуравдагч этгээд: Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1921 м2 газрыг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б , итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Л.Б, П.М, тэдний өмгөөлөгч Ч.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Б.Б, С.В, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, П.С, гэрч Д.Б Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Л.Б, П.М, өмгөөлөгч Ч.Ж нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, ******* дүгээр байрны баруун талын 1921 м2 талбай бүхий уг байрны сууц өмчлөгчидөд зориулагдсан орчны газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр болж байгаа нь уг байрны оршин суугч, сууц өмчлөгчдийн орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх, орон сууцны байшингийн дэвсгэр болон орчны газрыг эзэмших, ашиглах эрхийг ноцтойгоор зөрчиж байгаагаас гадна орон сууцны байшингийн насжилт, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь дээрх захирамжийн дагуу газар эзэмших эрх олж авсан даруйдаа “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-д заасны дагуу иргэн Д.Б уг төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. ******* дүгээр байрын 288 өрхийн оршин суугч нараас санал авах байтал оршин суугч иргэдээс албан ёсоор санал аваагүйгээр төслийн ажлыг хариуцуулан өгч, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь иргэн Д.Б тэй 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 01 тоот “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан байна. Иргэн Д.Б нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хашаа барихаар хүч түрэн орж ирэхийг завдсанаар дээрх нөхцөл байдлыг мэдэж иргэд оршин суугч бид өөрсдийн зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Мөн Нийслэлийн Засаг даргын дээрх захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэхээр заасан байдаг ч иргэн Д.Б гэдэг хувь хүний ашиг олох, бизнесийн хэрэглүүр болж байгаа нь уг хуулийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
“Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд Авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-д заасны дагуу уг байрны 288 өрхийн 70 хувиас доошгүй өрхийн зөвшөөрсөн саналыг авсан гэх боловч уг саналын хуудас нь 130-аад хүнийг хамарсан байдаг. Үүнээс огт иргэний үнэмлэхгүй, тухайн байранд амьдардаггүй 40-өөд хүний саналын хуудас байгаа нь дээрх журмыг баримтлаагүй хуурамч материал бүрдүүлсэн байгаа нь нотлогддог. Оршин суугчдаас нь санал авч оршин суугчид нь дэмжсэн тохиолдолд үйл ажиллагаа явуулж болохоор эдгээр тогтоолууд нь гарсан. Дээрх байр ашиглалтад орсноос хойш дундын өмчлөлийн эд хөрөнгө, нийтийн эзэмшлийн гудамж талбай зэргийг сууц өмчлөгч бид өнөөдрийг хүртэл тасралтүй эзэмшиж, ашиглаж, арчлан хамгаалж, тохижуулж ирсэн билээ.
Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна, 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасан хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна. ******* дүгээр байрны 288 өрхийн 600 орчим хүүхдийн аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж болзошгүй, ноцтой байдал үүсээд байна. Мөн оршин суугчид санал, гомдлоо өгсөөр байхад санаатайгаар нуун дарагдуулж төрийн шийдвэрт иргэдийн хүсэл зоригийг тусгуулаагүй нь баримтаар нотлогддог.
Газар барилгажилтын зөвлөл нь “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ын 3.2.3, 3.2.4-д заасан шаардлагыг хангаагүй иргэн Д.Б материалыг хүлээн авч хэлэлцсэн, мөн хуралд оршин суугчид 100 хувь саналаа өгсөн гэсэн худал мэдээллийг шалгаж нягтлалгүй дүгнэлт гаргасан. ******* дүгээр байрны оршин суугчид бидний болон үр хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд өсч торних эрх ашиг зөрчигдөж болзошгүй болоод байна. Нэхэмжлэгчдийн зөрчигдөж болзошгүй эрх, ашгийг хамгаалж нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1921 м2 газрыг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б бичгээр гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, С.В*******, Б.Б******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 20******* оны А/684 дүгээр захирамжаар батлагдсан Газар, барилгажилтын зөвлөлийн 2015 оны 01 дүгээр хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтад дурьдсан 23 байршилд тохижилт бүхий газар доор авто зогсоолын зориулалтаар нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон байна. Дээрх захирамжийн 2 дахь хэсэгт заасны дагуу газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгосон байна.
Уг захирамж нь Газрын тухайн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэсэн. Төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулж газар олгосон. Энэ төслийг цаашид хэрэгжүүлж ажиллахын тулд газар эзэмших эрхийг нь Баянзүрх дүүрэгт шилжүүлсэн. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, ******* дүгээр байрны баруун талд 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 19/01 дүгээр тохижилтын ажлын зураг боловсруулах даалгавар батлагдсан байна.
Газрын тухай хуульд зааснаар Сууц өмчлөгчдийн холбоо нь тухайн орчны газраа хүсэлт гаргаад эзэмшиж, ашиглаж болно. “М*******” Сууц өмчлөгчдийн холбоо нь одоогийн байдлаар Нийслэлийн газрын алба болон Нийслэлийн Засаг даргад ямар нэг байдлаар орчны газраа эзэмшихээр гаргасан хүсэлт байхгүй. Газрын тухай хуульд зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалгүй байх ёстой. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон 1921 м2 газар нь ямар нэг байдлаар бусдын эзэмшилтэй давхцаагүй.
2015 оны 84 дүгээр тогтоолоор баталсан Журмын дагуу иргэн Д.Б ийн ирүүлсэн саналыг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, дүгнэлт гаргах үйл ажиллагаа явагдсан. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамж нь Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтийг үндэслэн гарсан. Уг журмын 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар орон сууцны хороолол дундах талбайд авто зогсоол барих тохиолдолд мэдээлэл бүхий самбарыг барилгажих талбайд 7 хоногийн хугацаатай байршуулна гэж заасныг ******* хоног болгож өөрчилсөн. Энэ журамд зааснаар иргэдээс авах саналын хувийг зохицуулсан зүйл байхгүй. 2015 оны 84 дүгээр тогтоолоор батлагдсан журам нь цуцлагдсан зүйл байхгүй хэрэгжиж байгаа. 175 дугаар тогтоолоор уг журам дээр нэмэлт өөрчлөлт орсон. Нэмэлт өөрчлөлт нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмшүүлсэн байсныг Дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлдэг болсон. Мөн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа этгээд нь иргэн бүрээс санал авах байсныг болиод иргэдээс бичгээр санал авахгүй болгосон.
20******* оны 5/******* дүгээр Журмын 4 дүгээр зүйлийн 4.11-д зааснаар нийт санал өгвөл зохих иргэдийн 70 хувийн саналыг хүчинтэйд тооцно гэсэн. Эсэргүүцсэн санал ирүүлсэн тохиолдолд нийт санал өгөх иргэдийн 70 хувь нь саналаа ирүүлсэн бол хүчинтэйд тооцно гэж ойлгоно. Зөвшөөрөөгүй санал нь 70 хувьд хүрэхгүй. Газар доорх барилга байгууламжид хоорондын зай хэмжээ авдаг норм дүрэм байхгүй.
Иймд нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна. Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “Нийслэлийн Засаг дарга “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан байна. Иймд маргаан бүхий газар болох Баянзүрх 18 дугаар хороо, 13 дугаар хороолол ******* дүгээр байрны баруун талын 1921 м2 талбай бүхий газрыг эзэмшүүлэх эрхийг нийслэлийн Засаг дарга эзэмшүүлэх бүрэн эрхтэй болно.
Сууц өмчлөгчдийн холбоонд орчны газрыг ашиглуулахдаа Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд Сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд орон сууцны орчны газар хамаарахгүй тул маргаан бүхий газар нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дахь хэсэгт заасан зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон нийтийн эзэмшлийн газар тул төрийн мэдлийн, өмчийн газар байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх замаар авто замын түгжрэлийг бууруулах, оршин суугчдын эрүүл аюулгүй, тав тухтай амьдрах орчин бүрдүүлэх зорилгоор нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр тогтоол гаргаж “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол барьж байгуулах журам”-ыг баталсан байдаг. Тус журамд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлтийг оруулсан байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан журмын 1 дүгээр зүйлийн 1.8-д “Иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшил, өмчлөлийн газар дээр авто зогсоол барих тохиолдолд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20******* оны 5/******* дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам”-ын 3-7 дугаар зүйлд заасны дагуу хэрэгжүүлнэ” гэж заасан байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20******* оны 5/******* дүгээр тогтоолоор батлагдсан журмын 4 дүгээр зүйлийн 4.11-д “Санал өгвөл зохих иргэдийн 70 хувийн саналыг хүчинтэйд тооцно” гэж заасныг нэхэмжлэгч нар баримтлан маргаж буй нь үндэслэлгүй юм.
Учир нь дээрх журмын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “Баригдах барилгын талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх 3х2м хэмжээтэй самбарыг барилгажих талбайд тод харагдахуйцаар 7-оос доошгүй хоног байршуулна”, 4.6 дахь хэсэгт “Баригдах барилгын талаарх саналыг бичгээр, эсвэл зөвлөлийн хуралд төлөөллөө оролцуулах замаар гаргаж болно” 4.10 дахь хэсэгт “Зөвлөлийн хуралд төлөөллөө оролцуулаагүй, саналаа ирүүлээгүй тохиолдолд тухайн байршилд барилгажихыг дэмжиж саналаа өгсөнд тооцно”, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан журам зэргээс үзэхэд нийтлэг журам нь мэдээллийн самбар байрлуулсан ******* хоногийн хугацаанд холбогдох байрны оршин суугчдын 20-иос илүү хувь нь үндэслэл бүхий татгалзсан саналыг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд ирүүлээгүй л бол Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцэж, газар эзэмших эрх олгох боломжтой юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдсан шиг оршин суугч тус бүрээс зөвшөөрсөн саналыг бичгээр авах үндэслэлгүй юм.
Тус журмын 2, 3 дугаар зүйлд зааснаас үзэхэд авто зогсоол барьж байгуулах нь нийслэлийн ерөнхий төлөвлөгөөны газраас төлөвлөлт гаргасны дагуу нийтэд төсөл сонгон шалгаруулах, төлөвлөсөн байршлаас бусад байршилд иргэн, хуулийн этгээдээс санал гаргасны дагуу авто зогсоол барьж байгуулах гэсэн 2 хэлбэртэй байна.
Маргаан бүхий газрын хувьд иргэн Д.Б нь журамд заасны дагуу санал гаргаж авто зогсоол барихаар болж, журмын 1.5 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар газар эзэмших эрх гарсан байна. Энэ талаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10/618 дугаар албан бичгээр иргэн Д.Б өд санал дэмжигдэж, захирамж гарсан тул журмын дагуу дүүргийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулахыг хүссэн байна. Мөн тус газраас 2016 оны 03 дугаар сарын 10-нд 10/590 дүгээр албан бичгээр Баянзүрх дүүргийн Засаг даргад хандаж төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулах хүсэлт гаргасан, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолоор батлагдсан журмын 3 дугаар зүйлийн 3.10 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 2016/01 дугаар “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан болно.
Хэдийгээр журамд зааснаар иргэдээс заавал бичгээр зөвшөөрөл авахыг шаардаагүй боловч дүүргийн Засаг даргын зүгээс анхаарал хандуулж, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогтын баталсан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/933 дугаар захирамжаар хэрэгжих 8 байршлын төсөлд санал өгсөн иргэдийн материалыг шалгаж, бататгах ажлын удирдамж”-ийн дагуу Ажлын хэсэг байгуулагдаж, тус дүүрэгт иж бүрэн тохижилттой хүүхдийн тоглоомын талбай болон газар доорх авто зогсоол барих тухай иргэдээс авсан саналын дагуу саналыг хүлээн зөвшөөрсөн оршин суугч тус бүрээс утсаар лавлан асууж, тэмдэглэл хөтлөн тайлан бэлтгэх ажил хийгдсэн байна. Энэ бүгдээс үзэхэд тус захирамж нь ямар нэг эрх зүйн зөрчилгүй, хууль ёсны дагуу гарсан байна.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Газар барилгажилтын зөвлөл нь тус барилгын насжилтад төсөл хэрэгжүүлснээр нөлөөлөх эсэхийг судалсны үндсэнд иргэний төслийг дэмжсэн байх тул нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх боломжгүй юм. Түүнчлэн тус газрыг ашиглах асуудлыг Газрын тухай хуулийн 441 дэх хэсэгт заасны дагуу аливаа зөвшөөрөл тус байрны сууц өмчлөгчдийн холбоонд байхгүй, маргаан бүхий газар нийтийн эзэмшлийн газар болно. Харин ч дээр дурдсанчлан нийслэлийн нутаг дэвсгэрт авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх замаар авто замын түгжрэлийг бууруулах, оршин суугчдын эрүүл аюулгүй, тав тухтай амьдрах орчин бүрдүүлэх зорилгоор нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс тус журмыг баталсан байдаг тул нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөж байна хэмээн маргаж буй нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч М.А , Н.Б д, Г.Б , С.Д , Г.И , Ц.Н , О.Н , Х.Ч , С.Ц нараас “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1921 м2 газрыг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Газар барилгажилтын зөвлөл нь “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ын 3.2.3, 3.2.4-д заасан шаардлагыг хангаагүй иргэн Д.Б ийн материалыг хүлээн авч хэлэлцсэн, мөн хуралд оршин суугчид 100 хувь саналаа өгсөн гэсэн худал мэдээллийг шалгаж нягтлалгүй дүгнэлт гаргасан. ******* дүгээр байрны оршин суугчид бидний болон үр хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд өсч торних эрх ашиг зөрчигдөж болзошгүй болоод байна. Нэхэмжлэгчдийн зөрчигдөж болзошгүй эрх, ашгийг хамгаалж өгнө үү” гэж маргаж байгаа.
1. Нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “ “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зорилго, агуулгаас үзэхэд маргаан бүхий захиргааны акт, түүний үр дагаварын улмаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол заавал зөрчигдсөн байх хуулийн шаардлага тавигдаагүй, харин захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас өөрийн зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байна.
Маргаан бүхий актаар Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжнаас ******* дүгээр байр руу орсон орон сууцны хороолол доторх туслах авто замын төгсгөлд байх ******* дүгээр байр болон *******7 дугаар цэцэрлэгийн дунд байрших ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам бүхий газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт “тохижилт бүхий газар доорх авто зогсоол” барих зориулалтаар эзэмших эрхийг олгосон.
Нэхэмжлэгч М.А , Н.Б д, Г.Б , С.Д , Г.И , Ц.Н , О.Н , Х.Ч , С.Ц нар ******* дүгээр байрны суугч, орон сууц өмчлөгчид болохын хувьд өөрсдөд нь болон үр хүүхүүдэд нь зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоол бүхий орчны газартай холбоотой зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
2. Маргаан бүхий актын тухайд:
Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, ******* дүгээр байрны баруун талд тохижилт бүхий газар доорх авто зогсоолын зориулалтаар 1921 м2 газрыг 15 жилийн хугацаатай Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, 7 дугаар сарын 03-ны өдөр “Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн 00043 дугаартай гэрчилгээ” олгосон байна.
Улмаар дээрх захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын төлөөлж Тамгын газрын дарга болон төсөл хэрэгжүүлэгч Д.Б нарын хооронд 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2016/01 дугаар “Хамтран ажиллах гэрээ” байгуулагджээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам” (цаашид Журам гэх)-ыг баталсан бөгөөд энэхүү Журамд 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулж дахин шинэчлэн баталжээ.
Хариуцагчаас 2015 оны 84 дүгээр тогтоолоор баталсан Журмын дагуу иргэн Д.Б ийн ирүүлсэн саналыг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, дүгнэлт гаргах үйл ажиллагаа явагдсан. Дараа нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 175 дугаар тогтоолоор уг Журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэхдээ Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамж нь Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтийг үндэслэн гарсан гэж тайлбарлаж байсан болно.
2015 оны 84 дүгээр тогтоолоор баталсан Журмын 1.1-д “Нийслэлийн нутаг дэвсгэрт авто тээврийн хэрэгслийн газар дээрх болон доорх авто зогсоолын барилга байгууламж, ил зогсоолыг төлөвлөх, иргэн хуулийн этгээдийн хөрөнгөөр барьж байгуулах, хөрөнгө оруулалтаар бий болсон тохижилтыг нийслэлийн өмчид шилжүүлэн авахтай холбоотой харилцааг зохицуулна”, 3.3-д “Иргэн, хуулийн этгээдээс авто зогсоол барихаар ирүүлсэн саналыг “Газар барилгажилтын зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлнэ” гэж заажээ.
Уг журмаар Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан нийслэлийн барилга хот, байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллагаас төлөвлөгдөөгүй байршилд иргэн, хуулийн этгээдээс авто зогсоол барих саналыг (шаардлага хангасан) эрх бүхий байгууллагад гаргаж болохоор зохицуулсан байна.
Анх иргэн Д.Б өөс 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, ******* дүгээр байрны орц талын талбайг тохижилт бүхий газар доорх авто зогсоол барих”-аар гаргасан хүсэлтийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар (хуучин нэрээр) хянан үзээд мөн оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “...2015 оны 84 дүгээр тогтоолоор баталсан Журамд заасан шаардлагад нийцэхгүй байгаа тул шийдвэрлэх боломжгүй” тухай хариуг өгсөн, иргэн Д.Б нь мөн өдрөө дахин газар доорх авто зогсоол барих хүсэлт (санал) гаргаж, 4******* хуудас материалын хамт хүргүүлсэн байна.
Дээрх Журмын Гуравдугаар зүйлд “Иргэн, хуулийн этгээдийн санаачилгаар авто зогсоол төлөвлөх” харилцааг зохицуулсан байх ба 3.1-д “Төлөвлөсөн байршлаас бусад байршилд иргэн, хуулийн этгээдээс авто зогсоол барьж байгуулахаар ирүүлсэн саналыг нийслэлийн барилга хот, байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага хүлээн авна”, 3.2-т “Ирүүлсэн санал нь дор дурдсан шаардлагыг хангасан байна”, 3.2.1 “Авто зогсоол төлөвлөж буй байршлын зурагтай байх”, 3.2.2 “Төлөвлөж буй авто зогсоолын төсөл боловсруулсан байх”, 3.2.3 “Орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд авто зогсоол барих тохиолдолд мэдээлэл бүхий самбарыг барилгажих талбайд 7-оос доошгүй хоног байршуулан оршин суугчдаас бичгээр санал авсан байх”, 3.2.4 “төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн 60-аас доошгүй хувийн мөнгийг өөрийн дансанд байршуулсан байх” гэсэн шаардлагыг хангасан байхыг тусгайлсан шаардсан байна.
Иргэн Д.Б нь ******* дүгээр байрны орчимд газар доорх авто зогсоол барих тухай мэдээлэл бүхий Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан загварын дагуух самбарыг нийтэд байршуулаагүй, “Баригдах барилгын заагдсан хязгаарт санал авах хуудас”-аар оршин суугчдаас санал авах ажиллагааг бүрэн дүүрэн хангалттай хийгээгүй, мөн нийт төсөвт өртгийн 60-аас доошгүй хувийн мөнгийг өөрийн дансанд байршуулаагүй зэрэг Журмын 3.2.3, 3.2.4-д заасан шаардлагуудыг хангаагүй санал ирүүлсэн байхад Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн, 2016 оны 10 дугаар сарын 09-ний огноо бүхий “дэмжигдсэн” гэх дүгнэлтийг гаргасан нь захиргааны байгууллагын шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.
Учир нь Журмын 3.2.4-д “төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн 60-аас доошгүй хувийн мөнгийг өөрийн дансанд байршуулсан байх” гэсэн шаардлагыг хангасан байхыг шаардсан бөгөөд Д.Б ийн саналд хавсаргаж ирүүлсэн Монгол Улсын мэргэшсэн төсөвчин Ё.Оюунчимэгийн “Барилгын угсралтын ажлын урьдчилсан төсөв”-т ажлын нийт өртөг 1.087.538.780 төгрөгөөр төсөвлөгдсөн байх тул уг дүнгийн 60 хувь буюу 652,523,268 төгрөгөөс доошгүй мөнгийг дансандаа байршуулах ёстой байжээ.
Гэтэл иргэн Д.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Төрийн банкны 10230******* дугаар дансанд 220,006,000.00 төгрөг, ХААН банкны 5007******* дүгээр дансанд 280,001,150.00 төгрөг, бүгд 500,007,150.00 төгрөгийг байршуулсан байсан бөгөөд энэ нь шаардагдах хөрөнгийн 60-аас доошгүй хувь буюу 652,523,268 төгрөгт хүрээгүй учир Журмын 3.2.4-д заасан шаардлагыг хангаагүй болох нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын архивын Хувийг хэрэг 1 хавтаст авагдсан Төрийн болон ХААН банкны Депозит дансны хуулгаар нотлогдож байна.
Мөн Газар, барилгажилтын зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын архитектор Х.М*******ээс “******* дүгээр байр нийт 288 өрхтэй, тэрнээс 15 өрх нь эсэргүүцсэн, бусад нь дэмжиж байгаа, иргэд 100 хувь саналаа өгсөн. Төлбөрийн хувьд байршуулсан банкны тодорхойлолттой” гэсэн илтэд бодит бус мэдээлэл өгч хэлэлцүүлсний улмаас уг хурлаас гарсан дүгнэлт хууль бус болжээ.
Тухайлбал, хэрэгт хавсаргагдсан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын архивын Хувийг хэрэг 1, 2 хавтаст авагдсан иргэн Д.Б ийн “Баригдах барилгын заагдсан хязгаарт санал авах хуудас”-аар авсан саналыг тоолж үзэхэд ******* дүгээр байрны оршин суугчдаас газар доорх авто зогсоол барихыг 98 өрх зөвшөөрч, 2 өрх татгалзсан (мөн оршин суугчийн бүртгэлгүй 24, тухайн хаягт бүртгэлгүй 3) санал өгсөн ба оршин суугчдын дөнгөж 98 өрх буюу 34 хувь нь “зөвшөөрсөн” буюу дэмжсэн болох нь дээрх саналын хуудсуудаар тогтоогдож байна. Улмаар тус байрны нийт 288 өрх, айлын 178 өрхөөс огт санал аваагүй байгаагаас үзвэл санал авах ажиллагаанд санал өгвөл зохих иргэд, оршин суугчдыг бүрэн дүүрэн хамруулаагүй нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “газар зохион байгуулалтын төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангах” зарчим хэрэгжээгүй гэж үзэхээр байна.
Түүнчлэн Д.Б нь ******* дүгээр байрны орчимд газар доорх авто зогсоол барих мэдээлэл бүхий өөрийн самбар байршуулаагүй бөгөөд, харин н.У-ын байршуулсан самбарыг үндэслэн оршин суугчдаас санал авсан болох нь шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “н.У Д.Б хоёр хоёулаа зэрэг тухайн байршилд авто зогсоол барих хүсэлт өгсөн. н.У******* самбараа байршуулсан байсан. Нэгэнт тухайн байршилд самбар байршуулсан байсан тул Д.Б ийг давхар байршуулах шаардлагагүй” гэх тайлбар, гэрч Д.Б ийн “2016 оны 9 дүгээр сарын 15-ны шөнө 2 самбар байршуулсан байсан. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас надад олон самбар байршуулах шаардлага байхгүй, нэг л загварын батлагдсан самбар байдаг. Цаг хугацаа таарч байгаа учраас энэхүү самбарыг үндэслээд өөрийн зураг төслөөр санал авч болно гэсэн” мэдүүлгээр тогтоогдож байна.
Газар, барилгажилтын зөвлөл нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2015 оны А/03 дугаар тушаалаар батлагдсан “Газар, барилгажилтын зөвлөлийн дүрэм”-ийн 2.9-д “Зөвлөл нь хурлаар “Зөвшөөрсөн”, “Эс зөвшөөрсөн” гэсэн дүгнэлт гаргана. Хэлэлцэж буй асуудлаар нэмэлт судалгаа хийх, тодруулга авахаар хойшлуулж болох бөгөөд дурдагдсан асуудал бүрэн шийдвэрлэгдсэн тохиолдолд хуралдаанаар дахин хэлэлцэж дүгнэлт гаргана”, 3.1.12-т “Шаардлагатай тохиолдолд хурлаар хэлэлцүүлэх асуудлаар нэмэлт судалгаа, тодруулга гаргуулахаар хойшлуулах” гэж заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлж ажиллаагүй буруутай байна.
Зүй нь Д.Б ийн ирүүлсэн санал 2015 оны 84 дүгээр тогтоолоор батлагдсан Журмын 3.2.3, 3.2.4-д заасан шаардлагыг хангаагүй тул Газар, барилгажилтын зөвлөл нь эрх хэмжээнийхээ хүрээнд нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлж, хэлэлцэж буй асуудлаар нэмэлт судалгаа, тодруулга авах, иргэдийн оролцоог хангасны дараа дахин хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байжээ.
Иймд Газар барилгажилтын зөвлөлийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 09-ний огноо бүхий “дэмжигдсэн” гэх дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1921 м2 газрыг эзэмшүүлсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасантай нийцээгүй тул захиргааны байгууллагын шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэж шүүх үзлээ.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Газар барилгажилтын зөвлөлийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 09-ний дүгнэлт нь холбогдох хууль тогтоомж болон Журмыг зөрчсөн, улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмшүүлсэн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1921 м2 газрыг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.А , Н.Б д, Г.Б , С.Д , Г.И , Ц.Н , О.Н , Х.Ч , С.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/933 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 1921 м2 газрыг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА