Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2017/0085/З |
Дугаар | 145 |
Огноо | 2017-02-22 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 145
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Г
Хариуцагч: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Б-ийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/158 дугаар тушаалыг илт хууль болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд дүйцэхүйц ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалыг болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.Г миний бие Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2013 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/64 дүгээр тушаалаар тус газрын Цахим худалдан авалт, олон нийтийн харилцах хэлтэст статистик мэдээ, тайлан хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа зөрчил, дутагдал гаргаж, сахилгын шийтгэл хүлээлгэж байгаагүй. 2015 онд байгууллагынхаа шилдэг ажилтан болж төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн бөгөөд жил бүр үр дүнгийн биелэлтийг 90-ээс дээш хувьтайгаар хангаж ажиллаж байсан.
Гэтэл Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Б нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн албанаас чөлөөлөх тухай” Б/158 дугаар тушаалаар намайг төрийн албанаас чөлөөлсөн болно. Миний бие уг тушаалыг хүлээн авах үед 14 долоо хоногтой жирэмсэн байсан. Дээрх тушаалыг гарсантай холбогдуулан тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Төрийн албан зөвлөлийн салбар зөвлөлд хуульд заасан хугацаанд хандахад Салбар зөвлөлийн хянан шийдвэрлэх асуудалд хамаарахгүй. Энэ асуудлыг шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн. Дээд шатны байгууллага Төрийн албаны зөвлөлд хууль зөрчиж гаргасан тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргахад Төрийн албаны зөвлөлөөс Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Б нь уг албан тушаалд томилогдохдоо төрийн албаны сонгон шалгаруулалтгүйгээр болон Нийслэл дэх Салбар зөвлөлийн дүгнэлтгүйгээр томилогдсон байна.
Тиймээс тушаал гаргах эрх хэмжээгүй этгээдийн гаргасан шийдвэртэй холбоотой асуудлыг хянахгүй, шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөсөн хариуг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгсөн. Үндсэндээ Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, Төрийн албаны зөвлөл, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Б нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн албанаас чөлөөлөх тухай” Б/158 дугаар тушаалыг гаргах эрх хэмжээгүй үндэслэлгүй тушаал гаргасан болохыг тодорхойлсон хариу өгсөн.
Миний бие дээрх тушаалыг гаргах үед 14 долоо хоногтой жирэмсэн байсан. Үүнийг сонсох үйл ажиллагааны үеэр жирэмсэн гэдгээ газрын удирдлагуудад хэлж, протоколд тэмдэглүүлэн гарын үсэг зурж байсан. Өөрөөр хэлбэл байгууллагын удирдлага миний жирэмсэн гэдгийг мэдэж байсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэйг аж ахуй татан буугдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 41.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халах, чөлөөлөхийг хориглоно” гэж заасныг ноцтой зөрчиж тушаал гаргасан болно.
Мөн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Б нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн албанаас чөлөөлөх тухай” Б158 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй байхад түүнчлэн мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан үндэслэлгүй байхад төрийн албанаас чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар намайг хангасангүй.
Иймд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Бгийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Төрийн албанаас чөлөөлөх тухай” Б158 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд дүйцэхүйц ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгаж өгөхийг хүсье.
Мөн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа утсаар холбогдож Э.Б дарга чамайг өөр газарт томилуулах саналтай байна. Анкетаа бөглөөд аваад ир гэсэн. Ямар ажлын байр санал болгож байгаа нь ч тодорхойгүй байсан. Миний анкет Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт байгаа. Надад өөр газарт ажиллах ямар нэг хүсэл байхгүй учраас анкетаа өөр газарт өгөх шаардлага байхгүй.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г нь тус газрын Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтэст Статистик мэдээ, тайлан хариуцсан мэргэжилтнээр 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байна. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” А/635 дугаартай захирамжаар тус газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг баталсан. Энэ захирамжаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрыг 4 хэлтэс, дарга, орлогч даргатайгаар орон тооны хязгаарыг 35 хүртэл байхаар баталсан ба байгууллагын дүрмийг боловсруулж танилцуулах, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг батлахыг газрын даргад даалгасны дагуу тус газрын дүрмийг оны 10 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/752 дугаар захирамжаар баталсан. Уг дүрмийн 2.5.1,2.5.3 -т тус газрын бүтцийг баталж, батлагдсан бүтэц, орон тоо болон хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд ажилтнуудыг томилох, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах чиг үүргийг хэрэгжүүлэхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргад олгосон байна.
Энэ дагуу Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/46 дугаар тушаалаар “Газар зохион байгуулалтын бүтэц”-ийг баталсан. Энэхүү тушаалын хавсралтаар тус газар “Захиргаа санхүүгийн хэлтэс”, “Хууль хяналтын хэлтэс”, “Худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтэс” гэсэн бүтэцтэйгээр орон тоо батлагдсан ба Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтэс болон хэлтсийн мэргэжилтнүүдийн албан тушаалын орон тоо хасагдсан.
Иймд бүтцийн өөрчлөлт орж, орон тоо хасагдсан тул Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийн заалтыг үндэслэн Б.Гийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсгийн заалтыг үндэслэн 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг хуулийн дагуу олгож хуулийн хүрээнд шийдвэрлэсэн болно. Б.Г нь уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч, хяналтын дагалдах хуудас болон тойрох хуудаст өөрөө гарын үсэг зурж нэг удаагийн тэтгэлгийг хүлээн авсан. Иймд Б.Гийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ асуудал бол ямар ч нам, улс төртэй холбоотой хамааралгүй гэдгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч ойлгох хэрэгтэй. Төрийн захиргааны байгууллагад улс төрийн нам, эвслийн хамааралгүй хүмүүс орж ирдэг.
Шинэ зохион байгуулалтаар захиргаа санхүүгийн хэлтэст н.Н, н.Т гээд Б.Гтэй нэг хэлтэст ажиллаж байсан хүмүүс ажил үүргийн хувиарыг үргэлжлүүлэн хийж байгаа. Шинээр ажилтан аваагүй. Бүтэц, орон тоо нь татан буугдсан бол өөр ажлын байр санал болгохоор хуульд заасны дагуу тухайн үед ижил төстэй ажлын байр байгаагүй ч дараа нь санал болгохоор хэд хэдэн удаа залгаад ирж уулзана уу гэж хандсан боловч одоог хүртэл ирээгүй. Хяналтын дагалдах хуудас, тойрох хуудсууд дээр бүх хүнээр гарын үсэг зуруулаад, мөн нэхэмжлэгч өөрөө гарын үсгээ зураад тушаалын нэг хувийг хүлээж авсан байдаг. Нэг удаагийн буцалтгүй тусламжийг ч мөн өөрийн дансанд хүлээн авсан байдаг. Хэрвээ хүлээн зөвшөөрөөгүй байсан бол яагаад хүсэлт гаргаагүйг гайхаж байна. Өнгөрсөн хугацаанд ажлын байр нь байхгүй байсан хүний өнгөрсөн хугацааны цалин хөлсийг хаанаас гаргаж өгөх нь ойлгомжгүй, хэрвээ нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд төрд хохирол үүсэж магадгүй нөхцөл байдал үүсээд байна.
Төрийн захиргааны байгууллага, агентлаг нь хувь хүний анкет, бүрдүүлсэн материалыг өөр газар луу шилжүүлэх эрхгүй, архивлаж үлддэг. Адил төстэй ажлын байр санал болгохын тулд бид хайж Нийслэлийн аудитын газарт олоод жирэмсэн байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай хүмүүсдээ ажил олгохоор зорьж ажилласан. Мөн тухайн үед Б.Гийг шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдгийг мэдээгүй. Шүүхээс өмнө холбогдоогүй байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Мөн Э.Б даргатай утсаар ярьж одоо байгаа нэг орон тоонд дээр авч болно /хэрэгт авагдсан нотлох баримт дээр нэг орон тоо гарсан тухай дурдагдсан/. Ажилгүй байсан 4 сараас 3 сарын тэтгэмж олгосон байгаа учраас 1 сарынх нь цалинг хараахан олгох боломжгүй энэ нөхцөлтэйгөөр сул байгаа нэг орон тоон дээр авч ажиллуулж болох талаар эвлэрч болох юм.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 10 дугаар сарын 28-ны Б/158 тоот төрийн албанаас чөлөөлөх тухай гэсэн толгой бүхий тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Бүтцийн өөрчлөлтөөр Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтсийн статистик, мэдээ тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаал хасагдсан гэж байгаа. Хариуцагчаас гаргасан нотлох баримтууд дээр Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтэс байхгүй болсон гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Маргаан бүхий тушаалын эрх зүйн үндэслэл болсон заалтууд нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг үндэслэл болгож тушаалыг гаргасан байгаа. Мөн Нийслэлийн Засаг даргын бүтэц орон тоо батлах тухай 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 тоот захирамж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/752 тоот захирамжийг тус тус үндэслэл болгож тушаалуудыг гаргасан байгаа. Дээр дурдагдсан захирамжууд нь газруудын бүтэц орон тооны хязгаарыг баталсан байдаг. Одоогийн байдлаар 35 хүний орон тооны хязгаарт багтааж ажиллаж байгаагаа ч мөн хэрэгт өгсөн байна. Гэхдээ статистик, мэдээ тайлан хариуцсан мэргэжилтний албан тушаал хасагдсан гэдэг нь үндэслэлгүй байна. Даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Бгийн гаргасан тушаалтай холбогдуулж Б.Г Төрийн албаны салбар зөвлөлд хандаж тушаал гаргасан байдаг. Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Б.Ц******* өгсөн хариудаа “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Б нь томилогдохдоо төрийн албаны сонгон шалгаруулалтгүй, Нийслэл дэх төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтгүйгээр томилогдсон байна” гэж бичсэн байна. Үүнээс үзвэл Э.Б тус захиргааны актыг гаргах үндэслэлгүй гэдгийг харж болно.
Улсын Их Хурлын 2003 оны 13 тоот тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах тухай журам байдаг. Тус журмын дагуу сонгон шалгаруулалтын журмаар явуулж, комисс сонгон шалгаруулалтыг үнэлээд төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны зөвлөлийн дарга болон нарийн бичгийг оролцуулсан 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгон шалгаруулалтыг явуулж томилох ёстой байдаг ч хэрэгжүүлээгүй нь Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн албан бичгээр мөн нотлогдож байна. Тус акт нь Улсын Их Хурлын тогтоол болон холбогдох хууль тогтоомжийг зөрчиж гарсан байна.
Нэхэмжлэгч Б.Г нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 3 сартай байсан бол одоо 7 сартай жирэмсэн. Тус байгууллагад өмнө нь 57 хүн ажиллаж байснаас 31 хүнийг ажлаас чөлөөлж 20 албан тушаалтныг шинээр ажилд авсан. Чөлөөлөгдсөн хүмүүсээс хүүхэд асрах чөлөөтэй 2, жирэмсэн 1, жирэмсний амралттай 1 хүн байсан байна. Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба мэргэшсэн тогтвортой байх зарчмыг зөрчиж байна. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 2014 оны 01 дүгээр сард байгуулагдсан цагаас хойш болон үүнээс өмнө 1 жил, нийт 4 жил ажилласан мэргэшсэн төрийн албан хаагч байхад чөлөөлсөн нь дээрх зарчмыг зөрчсөн гэдгийг харуулж байна. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д Төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах заасан байгааг, тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.2, 27.2-т заасан нөхцөл, баталгааг ч мөн хангаагүй байна. Улс төрийн сонгуулийн дараа хоморголон халж байгаа нь ч хууль тогтоомж зөрчиж байгааг харуулж байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасан байхад 31 хүнийг ажлаас чөлөөлж, шинээр 20 хүн ажилд авахдаа ямар нэгэн байдлаар сонгон шалгаруулалт явуулаагүй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан байхад ямар нэгэн байдлаар өөр ажил, албан тушаалд шилжүүлээгүй байна.
Төрийн албаны салбар зөвлөлийн бүрэн эрхийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд тодорхой заасан байдаг. Хэрвээ Э.Б даргын тушаал хүчин төгөлдөр бус байх юм бол хүчингүй болгох хэрэгтэй байхад ямар ч арга хэмжээ аваагүй.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасан байна. Жирэмсэн хүний хөдөлмөрийн тухай зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуульд илүү нарийвчлан заагдсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан байхад төрийн албанаас чөлөөлсөн байгааг үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг мөн зөрчиж тушаал гаргасан байна.
Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааны үеэр нэхэмжлэгч жирэмсэн учраас амралтаа авна гэдгээ илэрхийлсэн байхад нөхцөл байдлыг тодруулалгүйгээр тушаалаа гаргасан байна. 2016 оны 10 дугаар сарын 28-ны Б/158 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.”
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь шүүхэд “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Бгийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Б.Гийг төрийн албанаас чөлөөлөх тухай” Б/158 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд дүйцэхүйц ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгч нь 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтэст статистик мэдээ, тайлан хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан ба уг албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10-д зааснаар төрийн захиргааны албан тушаалд хамаарч байх бөгөөд Б.Г нь 2013 оны 12 дугаар сарын 09-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн байх тул түүнийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий актыг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдалтай холбоотой зохицуулалтын хүрээнд хянаж үзэх нь зүйтэй байна.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дүрэм, бүтэц, орон тоо батлах тухай” А/20 дугаар захирамжийн хавсралтаар баталсан бүтцээр тус газар нь 5 хэлтэс 56 албан тушаалын орон тоотойгоор ажиллаж байсан ба Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” А/635 дугаар захирамжийн хавсралтаар 4 хэлтэс, 35 албан тушаалын орон тоотой ажиллахаар тогтоосноор нэхэмжлэгч Б.Гийн ажиллаж байсан “Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтэс” хасагдсан байна. Улмаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын удирдлагын зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн хурлаар байгууллагын зохион байгуулалтын бүтцийн талаар хэлэлцэж, 4 хэлтсийг 3 хэлтэс болгон өөрчилж тус газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/46 дугаар захирамжийн нэгдүгээр бүтэц, албан тушаалыг баталжээ.
Нэхэмжлэгч Б.Г байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөж ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр ажлаас ажлаас чөлөөлсөн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 /утга, агуулгын илэрхий алдаатай/, 47.1.6 /иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй/-д тус тус заасан шинжийг агуулж байх тул илт хууль бус гэж дараах үндэслэлээр маргана.
1. Мэдэгдэх, сонсгох ажиллагааг хуулийн дагуу хийгдээгүй, тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Б шийдвэр гаргах эрхгүй гэх үндэслэлийн тухайд:
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2017 оны 09 дүгээр сарын 16–ны өдөр сонсох ажиллагаа хийж, байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөн орон тоо хасагдсан талаар танилцуулж, ажилтнуудын саналыг сонсжээ. Уг ажиллагаанд нэхэмжлэгч Б.Г оролцож саналаа илэрхийлсэн нь тэмдэглэлд тусгагдсан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 ”Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” 26.2. ”Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.” гээд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1-д сонсох ажиллагааг сонсгол зохион байгуулах хэлбэрээр, 27.2.4-д биечлэн уулзах хэлбэрээр явуулж болохоор заасан байх тул сонсох ажиллагаа нь хуульд нийцсэн байна.
Учир нь захиргааны байгууллагын зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор удирдлагаас гаргах шийдвэрийн улмаас олон төрийн албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй үндэслэлээр сонсох ажиллагааг явуулж, саналыг авсан байх тул энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан 30 хоногийн өмнө мэдэгдэх, төрийн албан хаагч бүрт мэдэгдэх хуудас хүргүүлэхийг шаардахгүй гэж үзлээ .
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын түр орлон гүйцэтгэгч Э.Б нь тус албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан эсэх талаар болон түүний томилгоотой холбоотой маргаан нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх асуудалд хамаарахгүй тул дүгнэлт хийхээс татгалзах нь зүйтэй байна. Харин тушаал гаргах эрх хэмжээний тухайд төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа этгээд тус албан тушаалтаны эдлэх эрх, үүргийг хэрэгжүүлэх нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй болно.
2. Ажлын байрны чиг үүрэг хадгалагдан үлдсэн байхад ажлын байранд шалгаруулалт явуулаагүй, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн баталгааг хангаагүй гэх үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын “Цахим худалдан авалт, олон нийттэй харилцах хэлтэс” нь тус газрын зохион байгуулалтын бүтцээс хасагдсан болох нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар захирамж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/46 дугаар захирамжаар тус тус тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.1.1-д.... “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил албан тушаалын байр үгүй болсныг ойлговол зохино.” гэж тайлбарлажээ.
Эндээс үзвэл нэхэмжлэгчийн ажил байсан нэгж нь татан буугдсанаар түүний эрхэлж байсан албан тушаалын байр үгүй болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Харин нэхэмжлэгчийн “урьд эрхэлж байсан ажлын чиг үүрэг нь өөрчлөн зохион байгуулагдсан бүтцээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах хэлтэст хамаарч байгаа гэх” тайлбарын тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “уг ажлыг эрхэлж буй ахлах мэргэжилтний орон тоо шинээр бий болгоогүй, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн гаргасан” гэж тайлбарлаж байх ба “худалдан авах ажиллагааны хэлтэс” шинээр байгуулагдаагүй хуучин бүтцэд хамаарч байсан бөгөөд чиг үүрэг нь хадгалагдан үлдсэн гэх байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөхөөс өмнө болон шинэчлэн баталсан бүтцээр албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, ажилд томилох шийдвэрийг нэгдсэн байдлаар гараагүй, албан тушаал тус бүрээр тухай бүр гаргасан талаар тайлбарлаж болохыг дурдах нь зүйтэй байна.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “............тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө.”, 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно.” гэж заасан байх тул нэхэмжлэгчийг “албан тушаалын орон тоо хасагдсан” гэж заасан байх тул байх тул нэхэмжлэгч Б.Гийг ажлаас чөлөөлж, нэг удаагийн тэтгэлэг олгосныг буруутгах үндэслэлгүй байна.
3. Нэхэмжлэгчийг “жирэмсэн” байхад ажлаас чөлөөлсөн шийдвэр нь илт хууль бус болох тухайд:
Нэхэмжлэгч Б.Г “жирэмсэн” гэдгээ сонсох ажиллагааны үед илэрхийлсэн байхад ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр илт хууль бус гэж маргаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно.” заажээ.
Гэвч нэхэмжлэлийн шаардлагад хамаарах захиргааны акт илт хууль бус байх шинж нь хэлбэр талаасаа бичгээр гаргасан актад тавигдах шаардлагыг хангасан байх, агуулга талаас захиргааны акт гаргах эрх хэмжээ, үндэслэл болон биелэгдэх боломжит шинжээр илэрхийлэгдэх учиртай бөгөөд маргаан бүхий актын хувьд энэ шинжийг агуулаагүй байна гэж үзлээ.
Учир нь маргаан бүхий актыг эрх бүхий этгээд хуульд үндэслэн гаргасан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр “илт хууль бус захиргааны акт” гэж үзэх үндэслэлгүй бөгөөд харин зохицуулсан асуудлын хувьд эрх зүйн зөрчилтэй болжээ. Өөрөөр хэлбэл маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасан “хууль бус захиргааны акт”-ын шинжийг агуулж байх тул маргаан бүхий актыг илт хууль болохыг тогтоох үндэслэлгүй байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, өөр газарт ажилд оруулах талаар удирдлагын түвшинд ярилцаж санал тавьсан ч нэхэмжлэгч хүлээж аваагүй талаар тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгээгүй, мөн шүүх хуралдаанд хариуцагч талаас өөрийн хүсэлтээр урт хугацаагаар суралцах шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн тус газрын Захиргаа санхүүгийн хэлтсийн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний тушаалыг ирүүлж, уг албан тушаалд Б.Гийг томилж улмаар амаржих, хүүхэд асрах чөлөө олгох боломжтой талаар санал гаргаж шүүхээс эвлэрэх боломж олгосон хэдий ч нэхэмжлэгч зөвшөөрөөгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.”гэж заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй байна гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Бгийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Б.Гийг төрийн албанаас чөлөөлөх тухай” Б/158 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд дүйцэхүйц ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ