Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 128/2021/0868/З |
Дугаар | 001/ХТ2022/0079 |
Огноо | 2022-12-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2022/0079
“З м” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ашигт малтмал, газрын тосны газарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: А.Гантогтох
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2022/0567 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2022/0651 дүгээр магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 498 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: “З м” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “... 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/21 дүгээр албан бичгээр болон 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05/22 дугаар албан бичгээр гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль, журамд нийцүүлэн хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” нэхэмжлэлийг гаргасан.
2. Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч “З м” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/21 дүгээр албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж “... манай компанийн эзэмшлийн хайгуулын XV-013670 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын хил заагийг тогтоох тухай” 300 дугаар тогтоолын хавсралтад заасан хилийн заагтай бүхэлдээ давхцал үүссэн тул нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй тохиролцон, тусгай зөвшөөрлийн талбай дүйцүүлэн олгох тухай энэхүү хүсэлтийг гаргаж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч, манай компанийн нөхөн олговор авах тухай хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т зааснаар шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газарт уламжилж өгнө үү” гэх хүсэлт, мөн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05/22 дугаар албан бичгээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид хандаж “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан бүрэн эрх нь Засгийн газарт олгогдсон байх тул харьяаллын дагуу манай компаниас гаргаж байгаа “Нөхөн олговор авах асуудал”-ыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр гаргаж байгаа энэхүү хүсэлтийг хүлээн авч, зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргасан байна.
2.1. Нэхэмжлэгч “З м” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2011 онд хайгуулын XV-013670 дугаар тусгай зөвшөөрлийг авснаас хойш төлбөрийг жил бүр хуульд заасан хугацаанд нь төлж, хайгуулын талбайд ... зардлуудыг гаргаж, нийт 4,443,985,904.0 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүргийг зохих ёсоор биелүүлэн ажилласан, ... тусгай зөвшөөрлийн 23,534.85 гектар талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Засгийн газрын 2012 оны 194 дүгээр, 2015 оны 289 дүгээр, 2018 оны 300 дугаар тогтоолуудад авагдсан ... хилийн заагтай бүхэлдээ давхцалтай болж, 2014 оноос эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, ... нөхөх олговор авах хүсэлтээ гаргасан хэдий ч хариуцагч захиргааны байгууллагаас шийдвэрлэж өгөөгүй ... тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу талбай дүйцүүлэн авах хүсэлтээ хариуцагч байгууллагад гаргасан, ... хүсэлтийг шийдвэрлээгүй нь хууль бус эс үйлдэхүй, ... тухайн жилийн төсөвт нөхөх олговрыг тусгах талаар чиглэл өгөөгүй, төсөвт суугдаагүй гэж татгалзаж байгаа бол өөр талбайгаас дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх боломжтой ...” гэж тодорхойлсон байна.
2.2. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас “... төрийн захиргааны байгууллагаас зохих үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа, ... Монгол Улсын дээд шүүхийн /2022 оны/ тайлбар гарахаас өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг хэрэгжүүлэх эрх хэмжээ нь Засгийн газарт хадгалагдаж байсан бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор уг зүйл, заалтыг тайлбарласан албан ёсны тайлбар болон Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ХЭГ/729 дугаартай албан бичиг ирснээр “З м” ХХК-ийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр зохих ажиллагааг өнөөг хүртэл хийж ирсэн ...” гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... нэхэмжлэгчийн, “... нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй тохиролцон, тусгай зөвшөөрлийн талбай дүйцүүлэн олгох хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т зааснаар шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газарт уламжилж өгнө үү” гэх хүсэлтийн гол үндэслэлд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас “... нөхөн олговор төсөвт суугдаагүй, нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүхийн шийдвэр эцэслэн гарснаар нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэнэ” гэх агуулга бүхий хариу өгсөн нь хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээний хүрээнд гаргасан, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар “... бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий” шийдвэр; ... Түүнчлэн нэхэмжлэгчээс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05/22 дугаар албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандаж гаргасан хүсэлтийг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ХЭГ/724 дүгээр албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд шилжүүлсэн нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1, 2-т заасантай нийцсэн, нөгөө талаар нэхэмжлэгч нь уг хүсэлтээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандаж гаргасан атлаа Ашигт малтмал, газрын тосны газрыг “... хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, энэ нь хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй биш ...” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад “... уг маргааны хувьд хариуцагч өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан гэх нөхцөл байдал бий болоогүй, хариуцагч өөр боломжит байдлаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхгүй гэж маргаагүй, шийдвэрлэхээр холбогдох ажиллагаа явуулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн ...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дугаар сарын 29-ний өдрийн 498 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл
6. Нэхэмжлэгч “З м” ХХК-ийн төлөөлөгч Л.Г-аас “... Шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.2.1, 123.2.2, 123.2.3-т заасан зохицуулалтад нийцүүлэн энэхүү гомдлыг гаргаж, дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Үүнд:
6.1. Нэг. Шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлийн тухайд: а/ Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 37 дугаартай тогтоолын 18-д “Хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д заасан “маргаан бүхий захиргааны акт” гэдэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон захиргааны актыг хэлнэ. Мөн зүйл, хэсгийн “... акт хууль бус болох ...” гэдэгт мөн хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас бусад байдлаар хуулийг зөрчсөнөөс иргэн, хуулийн этгээд, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байхыг ойлгоно” гэж тус тус заасан байна. Хэдийгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн албан ёсны тайлбарыг Монгол Улсын дээд шүүхээс гаргаагүй, шинээр батлагдсан хуультай холбогдуулан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчингүй болсон хэдий ч маргаан бүхий акт хууль бус болох үндэслэл, ойлголт одоог хүртэл хэвээр байгаа тул дээрх Монгол Улсын дээд шүүхийн тайлбар хэрэглэгдэнэ гэж үзэж байна.
6.2. Манай компанийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/21 дүгээр албан бичгээр “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газарт уламжилж өгнө үү” гэсэн хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт хандан гаргасан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын 12 дугаар сарын 18-ны өдрийн 2/5517 дугаар албан бичгээр “танай компанийн нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иймд танай 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/21 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр эцэслэн гарснаар нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх болохыг мэдэгдье” гэсэн хариуг өгсөн байна.
6.3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 224 дүгээр магадлалын Хянавал хэсгийн 6-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан боловч хариуцагч нь 2/5517 дугаар албан бичгээр нөхөх олговрын талаар шүүхэд хандсантай холбоотой хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд үүнийг тухайн хүсэлтийг үндэслэлтэй эсэхийг шийдвэрлээд татгалзсан хариу өгсөн гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн бөгөөд уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
6.4. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан. Дээрхээс үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын 12 дугаар сарын 18-ны өдрийн 2/5517 дугаар албан бичгээр “шүүхийн шийдвэр эцэслэн гарснаар нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх болохыг мэдэгдье” гэсэн хариуг өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан эс үйлдэхүйн үндэслэлд хамаарах бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар “тухайн хүсэлтийг үндэслэлтэй эсэхийг шийдвэрлээд татгалзсан хариу өгсөн гэж үзэхээргүй байна” гэж үндэслэлтэй дүгнэсэн байна.
6.5. Манай компанийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын 12 дугаар сарын 18-ны өдрийн 2/5517 дугаар албан бичгээр өгсөн хариу нь эс үйлдэхүйн шинжийг агуулж байгаа тул эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан хэдий ч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2022/0651 дүгээр магадлалд “... нэхэмжлэгчээс шүүхэд хандсаны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 10/21 дүгээр албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандсаны хариуд хариуцагчаас нэгэнт хэрэг маргаан шүүхээр хянагдаж байгаа гэх үндэслэлээр шүүхийн шийдвэр эцэслэн гарснаар нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх болохыг мэдэгдсэнийг шууд буруутгаж, үүнийг эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 224 дүгээр магадлалаар “... тухайн хүсэлтийг үндэслэлтэй эсэхийг шийдвэрлээд татгалзсан хариу өгсөн гэж үзэхээргүй байна ...” гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан шийдвэрлэхгүй орхигдуулсан гэх ойлголтод хамаарахаар байтал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2022/0651 дүгээр магадлалаар “... эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй ...” гэж хуулийн зохицуулалтыг өөр өөр байдлаар тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд Монгол Улсын дээд шүүхээс давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн дүгнэлтүүдийн зөрүүг арилгаж, хуулийг нэг мөр ойлгомжтой, зөв хэрэглэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангаж тухайн асуудалд эрх зүйн нэгдсэн ойлголтыг бий болгож өгөхийг хүсэж байна.
6.6. Мөн манай компанийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05/22 дугаар албан бичгээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид хандан “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасан бүрэн эрх нь Засгийн газарт олгогдсон байх тул харьяаллын дагуу манай компаниас гаргаж байгаа “Нөхөх олговор авах асуудал”-ыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр гаргаж байгаа энэхүү хүсэлтийг хүлээн авч, зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан.
6.7. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд хүргүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай” ХЭГ/729 дугаартай албан бичгээр “Булган аймгийн Сэлэнгэ, Бугам сумдад геологи, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “З м” ХХК-ийн хүсэлтийг танд хүргүүлж байна. Хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлан үзэж, хариу өгөхийг үүгээр мэдэгдэж байна” гэсэн агуулгаар хариу өгөхөөр хүсэлтийг уламжилсан. Улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 01/1031 дугаартай албан бичгээр “Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ыг баталсан. Уг журмын 4.1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөх олговор авах хүсэлтээ геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр гаргах бөгөөд түүнд дараах бичиг баримтыг хавсаргана” гэж заасан байдаг.
6.8. Журмын 4.2 дахь хэсэгт “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг тодорхойлж, тодорхойлолтыг холбогдох бичиг баримтын хамт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр тодорхой заасан байна. Иймд холбогдох журмын хүрээнд ажиллаж, холбогдох хариуг түүгээр хүргүүлнэ үү” гэж дурдан “З м” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05/22 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлүүлэхээр Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн байна.
6.9. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 01/1031 дугаартай албан бичгийг хавсралтын хамтаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, бүртгэсэн болох нь хариуцагчаас хэрэгт гаргаж өгсөн “ирсэн бичгийн хэвлэх хуудас”-т тодорхой дурдагджээ. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан албан тушаалтан дараахь байдлаар хянан үзнэ”, 13 дугаар зүйлийн 2-т “өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй бөгөөд албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргаагүй өргөдөл, гомдлыг харьяалах газар нь 3 хоногийн дотор шилжүүлнэ” гэж заасан байна.
6.10. Дээрхээс үзэхэд манай компанийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05/22 дугаар албан бичгээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид хандан “Нөхөх олговор авах асуудал”-ыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг эцсийн байдлаар Ашигт малтмал, газрын тосны газраас шийдвэрлэж, хариу өгөх үүргийг хүлээсэн байна. Гэтэл анхан шатны шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газрыг “хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, энэ нь хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй биш ...” гэж дүгнэн Ашигт малтмал, газрын тосны газар нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, бүртгэсэн үйл баримтын талаар огт дүгнэлт хийгээгүй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2022/0651 дүгээр магадлалд “... Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад хандан гаргасан хүсэлтийг тухайн салбар хариуцсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад шилжүүлснээр ажиллагаа хийгдэж, хариуцагч байгууллагаас тухайн асуудлаар Сангийн яам руу хандаж шаардлагатай арга хэмжээг авч байгаагаас дүгнэхэд нэхэмжлэгч талын хүсэлт эцэслэн шийдвэрлэгдээгүй байх бөгөөд хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна” гэж үндэслэлгүй дүгнэсэнд гомдолтой байна.
6.11. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”, 16 дугаар зүйлийн 16.12-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй”, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд “Өргөдөл, гомдол гаргагч дараахь эрх эдэлнэ”, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах;”, 5 дахь хэсэгт “төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх”, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж тус тус заасан. Уг хуулийн зохицуулалтуудын дагуу иргэн, хуулийн этгээдээс гаргасан хүсэлтийг хууль, тогтоомжийн дагуу хуулийн хугацаанд шийдвэрлэх, түүний дагуу хариу өгөх үүргийг төрийн байгууллага, албан тушаалтан хүлээсэн байх ба 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05/22 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөх үүргийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн хүлээсэн, Ашигт малтмал, газрын тосны газраас энэ хугацаанд уг өргөдөл, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар болон хуульд заасны дагуу хугацаа сунгасан талаар огт мэдэгдээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.
6.12. б/ Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын албан ёсны тайлбарын Тайлбар хэсгийн 1-д “... Энэ заалтын нөхөх олговрын журмаар олгох талбай нь тухайн талбайг нөхөх олговрын журмаар олгох талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон Засгийн газар, эсхүл түүний эрх олгосны дагуу ашигт малтмалын асуудлаарх төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллага нь харилцан зөвшилцөлд хүрсэн байх, үүний үндсэн дээр шинээр олгогдох уг талбайн хил зааг, солбицол, хэмжээ, байрших газар нутгийн нэр зэргийг тодорхойлсон Засгийн газрын шийдвэр гарсан байх бөгөөд тухайн талбай нь улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлалтай, эсхүл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц нь тогтоогдсон талбай байна”, 2-т “Энэ заалтын “тусгай зөвшөөрөл олгож болно” гэснийг нөхөх олговрын зориулалтаар талбай олгох эсэх нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан “сонгох боломж” бөгөөд Засгийн газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах эрхтэй, Засгийн газраас шийдвэр гаргасан тохиолдолд тухайн шийдвэрийг үндэслэн геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал эрхэлсэн нэгжийн даргын шийдвэрээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг ойлгоно” гэж, 3-т “Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан үндэслэлээр улсын тусгай хэрэгцээнд авсан бөгөөд нөхөх олговорт энэ зүйлд заасан талбай олгох талаар Засгийн газрын шийдвэр гараагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу нөхөх олговрыг мөнгөн дүнгээр тооцуулах хэлбэрээр авах боломжийг өөрт хадгалагдсан гэж ойлгоно” гэж тус тус тайлбарласан байна.
6.13. Манай компанийг шүүхээр маргаж байх явцад Монгол Улсын дээд шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтад албан ёсны тайлбар хийх хэрэгцээ, шаардлага үүссэн, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор шүүхийн шийдвэр, практикт үндэслэн дээрх тайлбарыг гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгч талын хүсэлт эцэслэн шийдвэрлэгдээгүй байх бөгөөд хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь, дээд шүүхийн тайлбарт дурдсаны дагуу Засгийн газар, эсхүл түүний эрх олгосны дагуу ашигт малтмалын асуудлаарх төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллага нь харилцан зөвшилцөлд хүрсэн байх, үүний үндсэн дээр шинээр олгогдох уг талбайн хил зааг, солбицол, хэмжээ, байрших газар нутгийн нэр зэргийг тодорхойлох зэрэг асуудлыг манай компани болон Ашигт малтмал, газрын тосны газар харилцан зөвшилцөн шийдвэрлэж, үүний дагуу Засгийн газраас шийдвэр гаргах ёстой байтал “эцэслэн шийдвэрлүүлээгүй” гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг няцаан тайлбарлаж байгаа анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд үндэслэлгүй байна. Тодруулбал, манай компанийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05/22 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэх эрхийг Монгол Улсын Засгийн газраас Ашигт малтмал, газрын тосны газарт олгосон бөгөөд хуульд заасан хугацаанд манай компанитай харилцан зөвшилцөлд хүрч талбайн хил зааг, солбицол, хэмжээ, байрших газар нутгийн нэр зэргийг тодорхойлоогүй нь хууль болон Монгол Улсын дээд шүүхийн тайлбарыг ноцтой зөрчсөн байна.
6.14. Хоёр. Мөн маргаан бүхий давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсгийн 3.7-д “Түүнчлэн нэхэмжлэгчийн өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг хариуцагч шууд дангаар шийдвэрлэх хууль, эрх зүйн орчин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хийсэн “... тухайн хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа, шийдвэрлэх боломжтой ...” гэх тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгчийн нөхөх олговор авах эсэх асуудлыг шийдвэрлэх эрх нь одоог хүртэл хариуцагч байгууллагад хадгалагдаж байгаа, шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон эсэхээс үл хамааран нэхэмжлэгчийн уг асуудлаар маргах эрхийг үүгээр хязгаарлахгүй” гэжээ.
6.15. Манай компанийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05/22 дугаар албан бичгээр Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид хандан гаргасан хүсэлтийг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Хүсэлт уламжлах тухай” ХЭГ/729 дугаартай албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд хүргүүлсэн бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 01/1031 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн байтал хариуцагч шууд дангаар шийдвэрлэх хууль, эрх зүйн орчин байхгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна.
6.16. Учир нь, Ашигт малтмалын тухай хууль болон Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын албан ёсны тайлбарт төрийн захиргааны байгууллагын нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхой тусгасан байтал хариуцагч шууд дангаар шийдвэрлэх хууль, эрх зүйн орчин гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна. Мөн нөхөх олговор авах эсэх асуудлыг шийдвэрлэх эрх нь одоог хүртэл хариуцагч байгууллагад хадгалагдаж байгаа гэсэн дүгнэлт нь хариуцагч шууд дангаар шийдвэрлэх хууль, эрх зүйн орчин байхгүй гэж дүгнэсэнтэй зөрчилдөж байх ба нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн болон 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус тогтоолгож, хууль, журамд нийцүүлэн хүлээн авч шийдвэрлэхийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн дүгнэлтийг хийсэн байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлээгүй, хуульд заасан хугацааг сунгасан талаар мэдэгдээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх агуулгаар маргаж байтал Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу шийдвэрлүүлэх эрх зүйн асуудлын талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгаж өгсөн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэл, хэргийн оролцогчдын маргалдаж буй үндэслэл, үйл баримтаас хэтрүүлэн хууль зөрчсөн дүгнэлт хийсэн байна.
6.17. Гурав. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн үндэслэлийн тухайд: Манай компаниас анх “З м” ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ХV-013670 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн нөхөх олговор авахыг хүссэн хүсэлтээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2/5517 дугаар шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговор авах тухай асуудлын талаар зохих шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ч нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр “З м” ХХК-ийн гаргасан хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2/5517 дугаар албан бичгээр татгалзаж, эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
6.18. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 224 дүгээр магадлалаар “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан боловч хариуцагч нь 2/5517 дугаар албан бичгээр нөхөх олговрын талаар шүүхэд хандсантай холбоотой хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд үүнийг тухайн хүсэлтийг үндэслэлтэй эсэхийг шийдвэрлээд татгалзсан хариу өгсөн гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчээс “З м” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/21 дүгээр ... бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль, журамд нийцүүлэн хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
6.19. Гэтэл нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 567 дугаар шийдвэрээр хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/21 дүгээр албан бичгээр гаргасан хүсэлтэд Ашигт малтмал, газрын тосны газрын 12 дугаар сарын 18-ны өдрийн 2/5517 дугаар албан бичгээр ... хариу өгсөн болох нь тогтоогдсон, уг албан бичгийн хууль зүйн үндэслэлийн талаар хэргийн оролцогчид маргаагүй” гэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2022/0651 дүгээр магадлалд “... нэхэмжлэгчээс шүүхэд хандсаны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 10/21 дүгээр албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандсаны хариуд хариуцагчаас нэгэнт хэрэг маргаан шүүхээр хянагдаж байгаа гэх үндэслэлээр шүүхийн шийдвэр эцэслэн гарснаар нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх болохыг мэдэгдсэнийг шууд буруутгаж, үүнийг эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн байна.
6. 20. Дээрхээс дүгнэхэд, анхан болон давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл ойлголтгүйгээр өөр хоорондоо ялгаатай, зөрүүтэй дүгнэлт хийснээс шалтгаалан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байдалд хүрээд байгаа тул Монгол Улсын дээд шүүхээс зөрүүтэй дүгнэлт хийж байгаа шүүхийн шийдвэр, магадлалуудад дүгнэлт хийж өгөхийг хүсэж байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
7. Хариуцагч Ашигт малтмалын газраас нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан шүүхэд тайлбар ирүүлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.
ХЯНАВАЛ:
8. Нэхэмжлэгч “З м” ХХК-аас хамгийн сүүлд тодорхойлсон “2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/21 дүгээр албан бичгээр болон 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05/22 дугаар албан бичгээр гаргасан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтүүдийг хууль, журамд нийцүүлэн хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий болжээ.
9. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;”, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус зааснаар захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус, өөрөөр хэлбэл, хуулиар хүлээсэн үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг хууль бус эс үйлдэхүй гэж үзэж, уг хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон бол шүүх тухайн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих шийдвэр гаргахыг хариуцагч захиргааны байгууллагад даалгах учиртай.
10. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 9.1.13-т “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасныг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор тайлбарлажээ.
11. Уг тогтоолын 2-т “Энэ заалтын “тусгай зөвшөөрөл олгож болно” гэснийг нөхөх олговрын зориулалтаар талбай олгох эсэх нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан “сонгох боломж” бөгөөд Засгийн газар өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах эрхтэй, Засгийн газраас шийдвэр гаргасан тохиолдолд тухайн шийдвэрийг үндэслэн геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал эрхэлсэн нэгжийн даргын шийдвэрээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг ойлгоно” гэж тайлбарласнаар Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг хуульд заасан зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авсан тохиолдолд улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайнаас олгох боломжтой ч энэ нь хуульд зааснаар Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх буюу захиргааны байгууллагын өөрийнх нь сонгох боломжид хадгалагдаж байна.
12. Тиймээс захиргааны байгууллагын өөрийнх нь сонгох боломжид байгаа бүрэн эрхэд холбогдуулж гаргасан “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох” шаардлагыг хангах эрх зүйн үндэслэлгүй.
13. Нөгөө талаас, хавтаст хэрэгт авагдаж шүүхүүдийн дүгнэснээр: “... нэхэмжлэгч “З м” ХХК-иас Ашигт малтмалын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/21 дүгээр албан бичгээр гаргасан хүсэлтэд Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2/5517 дугаар албан бичгээр “... Танай компанийн хүсэлтэд дурдсан нөхөн олговрын асуудал төсөвт суугдаагүй, хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл ирүүлээгүй байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2/4286 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал орд” гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т зааснаар нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй харилцан тохиролцож дүйцүүлэн өөр талбайд тусгай зөвшөөрөл олгох замаар шийдвэрлэж болохоор хуульчилсан хэдий ч танай компанийн нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иймд танай 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/21 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр эцэслэн гарснаар нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх болохыг мэдэгдье” гэх хариу өгсөн ...”; Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид хандаж 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05/22 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ХЭГ/724 дүгээр албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд шилжүүлсэн болох нь тус тус тогтоогдсон байх тул хуулиар хүлээсэн үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж хариуцагчийг буруутгах боломжгүй юм.
14. Энэ талаар анхан шатны шүүх “... нэхэмжлэгчээс 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05/22 дугаар албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандаж гаргасан хүсэлтийг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1, 2-т заасантай нийцсэн, нөгөө талаар нэхэмжлэгч нь уг хүсэлтээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандаж гаргасан атлаа Ашигт малтмал, газрын тосны газрыг “... хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, энэ нь хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй биш ...” гэж; давж заалдах шатны шүүх “... хариуцагч болон бусад захиргааны байгууллагуудаас энэ асуудлаар хариу өгч байсан зэрэг үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл өөр талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй ...” гэж тус тус хуулийг зөв тайлбарлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлын үндэслэл няцаагдана.
15. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргахгүй; шүүхүүдийн дурдсанчлан “... нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд “... тусгай зөвшөөрлийн талбайд нийт 4,443,985,904 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, уг 23,534.85 гектар талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Хилийн зааг тогтоох тухай” 194 дүгээр тогтоол, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 289 дүгээр тогтоол, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай” 300 дугаар тогтоолуудад заасан солбицлуудтай давхцалтай болсон тул ... гэж дурдсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар эдгээр үйл баримтууд тогтоогдсон хэдий ч уг асуудлаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ...”, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж заасны хүрээнд шаардах эрхээ тодорхойлоогүй, харин мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасныг үндэслэж маргасан байх тул нэхэмжлэгчийн өөрийн тодорхойлсон шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн шүүхүүдийн шийдэл зөв; нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлээгүй, хуульд заасан хугацааг сунгасан талаар мэдэгдээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх агуулгаар маргаж байтал Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу шийдвэрлүүлэх эрх зүйн асуудлын талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгаж өгсөн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэл, хэргийн оролцогчдын маргалдаж буй үндэслэл, үйл баримтаас хэтрүүлэн хууль зөрчсөн дүгнэлт хийсэн байна ...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
16. Өмнө дурдсан Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын албан ёсны тайлбар”-ын 3-т “Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан үндэслэлээр улсын тусгай хэрэгцээнд авсан бөгөөд нөхөх олговорт энэ зүйлд заасан талбай олгох талаар Засгийн газрын шийдвэр гараагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан үндэслэл журмын дагуу нөхөх олговрыг мөнгөн дүнгээр тооцуулах хэлбэрээр авах боломжийг өөрт хадгалагдсан гэж ойлгоно” гэж тайлбарласан, нөхөх олговрын асуудлаар шийдвэр гаргах болон уг асуудлаар маргах бол шүүхийн энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
17. Иймд, дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2022/0567 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2022/0651 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч “З м” ХХК-ийн төлөөлөгч Л.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
М.БАТСУУРЬ
“З м” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ашигт малтмал, газрын тосны газарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: А.Гантогтох
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2022/0567 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2022/0651 дүгээр магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 498 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
М.БАТСУУРЬ