Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 163

 

З.Ж-, Б.М- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч Х.Даваахүү, Б.Наранцэцэг, З.Цэнгэнбаяр, Б.Гэрэл-Очир, шүүгдэгч З.Ж-ын өмгөөлөгч Б.Дашдорж, Д.Батбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.М-, М.З-, тэдний өмгөөлөгч Ц.Амар, Б.Бат-Ерөөлт, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 794 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1476 дугаар магадлалтай, З.Ж-, Б.М- нарт холбогдох хэргийг Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргалын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Амар, шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Б.Наранцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ***, ял шийтгэлгүй, Г овогт Б-ы М-,

2. Монгол Улсын иргэн, 1955 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ***, ял шийтгэлгүй, Х овогт З-н Ж-.

Б.М- нь 2019 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг дэвсгэр “Уугант” гэх газар ** УНЦ дугаартай “Субару Форестер” загварын тээврийн хэрэгслийг жолоодож хөдлөхдөө Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Х.Б-ыг мөргөж, амь насыг нь хохироон Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн,

З.Ж- нь 2019 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг дэвсгэрт байх “Уугант” гэх газар ** УБҮ дугаартай “Ниссан Патрол” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчиж, Х.Б-ыг дайрч, амь насыг нь хохироон Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-г авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон,

З.Ж-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн.4.1-д зааснаар шүүгдэгч Б.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ж-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 1 жил хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос шүүгдэгч З.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс шүүгдэгч З.Ж-т холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Ж-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Б.Наранцэцэг, Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч З.Ж- нийт 203 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Прокурор С.Оюунжаргал хяналтын шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх ... Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Шүүхээс Б.М-г “тээврийн хэрэгслийн гэрлээ холын тусгалд шилжүүлэн замын эсрэг урсгалыг хааж байршуулсны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж” гэж дүгнэсэн нь гэрлийн гялбаа үүсгэснээс үзэгдэх орчин хязгаарлагдаж улмаар гэм буруугүйгээр хохирогчийг дайрсан гэсэн агуулгаар уншигдаж байна.

Прокуророос З.Ж-ыг “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж дүгнэснийг шүүх үгүйсгээгүй атлаа түүний гэм буруу байхгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэж заажээ. Энэ заалтаас үзэхэд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйг өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан гэсэн агуулгаар дүгнэх ёсгүй.

Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэснээр бол З.Ж- нь хурдтай явж байсан бөгөөд гэрлийн гялбаа үүсэх юм уу, хөдөлгөөнд аюул саад тулгарсан үед ямар ч тохиолдолд хурдыг хасч, улмаар тээврийн хэрэгслийг зогсоох үүрэгтэй байсан. Гэтэл энэ нөхцөл байдал үүссэн буюу жолооч үүргээ биелүүлээгүй байхад гэм буруугүйгээр хор уршиг учруулсан гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд магадлалыг хүчингүй болгуулж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн шийдвэрийг хяналтын шатны шүүхээс гаргуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Амар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад гэмт хэргийн сэдэлт гэм буруугийн хэлбэрийг нотолно гэж заасан.

Хавтас хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар талийгаач Х.Б- нь 2019 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг дэвсгэрт байх “Уугант” гэх газар “...баруун дунд чөмөгний бампер хугарал, дотор эрхтэний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уушги элэгний саран холбоос, өрцний цус хуралт, бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал, баруун хөмсөг, шанаа, хамар, зүүн хацар, эрүү, хэвлий, баруун зүүн өвдөгт зулгаралт, зүүн гарын хоёр дугаар хуруу, баруун өгзөгт шарх, баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл..." авч “...баруун дунд чөмөгний бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уушги элэгний саран холбоос, өрцний цус хуралт, бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокоор..." нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон.

Эдгээр гэмтлүүдээс “...баруун дунд чөмөгний бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уушги элэгний саран холбоос өрцний цус хуралт, баруун гуя, өвдөг, шилбэний цус хуралт нь Автомашинд мөргөгдөх үед, тухайлбал хүний босоо байрлалд биеийн араас буюу баруун гуя хэсэгт ойролцоогоор 69 см өндөр бампертай машинаар мөргөсөн үед үүснэ...." гэж гэмтэл үүссэн шалтгаан нөхцөлийг шинжээч нар дүгнэсэн.

Уг гэмтлийг яллагдагч Б.М- нь өөрийн жолоодож байсан ** УНЦ улсын дугаартай Субару Форестер маркийн тээврийн хэрэгслээрээ мөргөж учруулсан болохыг анхан болон давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтой урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно “ гэж заасан.

Яллагдагч Б.М- талийгаач Х.Б-ыг өөрийн унаж явсан тээврийн хэрэгслээрээ санаатайгаар мөргөсөн үү, эсхүл Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж болгоомжгүйгээр учруулсан уу гэдэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар дүгнэлт өгвөл:

Хэрэг учрал болсон цаг хугацаа талийгаач Х.Б-, яллагдагч Б.М-, гэрч Б.Н- нарын хэн аль архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба талийгаачийн хувьд Б.Н-, Б.М- нараас илүү согтолттой байсан шинжээчийн дүгнэлт, драгер багажаар согтолтын зэрэг шалгасан байдал зэргээр тогтоогддог.

Тухайн цаг хугацаанд талийгаач Х.Б-, яллагдагч Б.М- нар нь хоорондоо хувийн таарамжгүй харьцаатай, хэрэлдэж зодолдсон болох нь гэрч Б.Н-ын удаа дараа өгсөн мэдүүлгүүдээр тогтоогддог. Тэр ч утгаараа Х.Б-, Б.М- нарыг сумын төв рүү хүргэж өгөхөөр Б.Н- хамт явсан байдаг.

Дээр дурдсанчлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдлээр үйлдэгддэг байтал хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар яллагдагч Б.М- нь талийгаач Х.Б-ыг мөргөхгүй байж чадна гэж бодсон боловч мөргөсөн, эсхүл талийгаачийг мөргөх боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч мэдэлгүйгээр түүнийг мөргөсөн гэх ямар ч нотлох баримт авагдаагүй байна.

Эсрэгээрээ яллагдагч Б.М- нь өөрийн санаатай үйлдлээр урдаа байсан талийгаач Х.Б-ыг ** УНЦ улсын дугаартай Субару Форестер маркийн тээврийн хэрэгслээрээ мөргөсөн болох нь нотлогдон тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч З.Ж-т холбогдох хэргийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Магадлалд “...Шүүгдэгч Б.М- нь осол гарсны дараа тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн замын үзэгдэх орчин хязгаарлагдмал, гадаа харанхуй болсон байхад өөрийн тээврийн хэрэгслийг замын бүрэн зогсоож, гэрлээ холын тусгал дээр нь шилжүүлж, эсрэг урсгалаас ирэх тээврийн хэрэгсэлд саад учруулж, дахин зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ аваагүйн улмаас “Ниссан Патрол” загварын ** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон авсан З.Ж- нь замын зорчих хэсэг дээр хэвтэж байсан амь хохирогчийг дайрсан үйл баримт тогтоогдож байна. ...хэргийн үйл баримтаас үзэхэд анх тээврийн хэрэгслийн жолооч Б.М- нь согтуугаар талийгаач Х.Б-ийг замын зорчих хэсэг дээр мөргөж, үүний дараа тэрээр тээврийн хэрэгслийн гэрлээ холын тусгалд шилжүүлэн замын эсрэг урсгалыг хааж байршуулсны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, тээврийн хэрэгсэл жолоодон авсан З.Ж- нь зам дээр мөргөгдөн унасан Х.Б-ыг дайрсан...” гэж дүгнэсэн.

Гэтэл шүүгдэгч Б.М-н согтуугаар талийгаач Х.Б-ийг замын зорчих хэсэг дээр мөргөж, үүний дараа тэрээр тээврийн хэрэгслийн гэрлээ холын тусгалд шилжүүлэн замын эсрэг урсгалыг хааж байршуулсан үйлдлийг гэм буруугийн хэлбэрийг давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Гэм буруугийн хэлбэрийг тогтоохдоо гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг тал бүрээс нь бодитойгоор дүгнэх шаардлагатай.

Гомдлын эхэнд дурдсанаар шүүгдэгч Б.М- нь өөрийн санаатай үйлдлээр урдаа байсан талийгаач Х.Б-ыг тээврийн хэрэгслээрээ санаатайгаар мөргөсөн үйлдлээ нуун далдах, өөр бусдаар гэмт хэрэг үйлдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийн гэрлээ холын тусгалд шилжүүлэн замын эсрэг урсгалыг хааж байршуулж, жолооч З.Ж-ын осол гаргах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх бүрэн боломжтой байна.

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн. 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийг гүйцэтгэж гэнэ.” заасан хууль зүйн үндэслэлтэй нийцэж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх хүсэлттэй байна” гэв.

Шүүгдэгч Б.М- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд бүрэн гүйцэд хийгдээгүй. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байгууллага прокурорын зүгээс илтэд намайг буруутгах зорилгоор нэг талыг барьж хэргийг шалгасан. Прокуророос мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын харьяалал тогтоох Улсын ерөнхий прокурорын А/67 дугаартай тушаалыг зөрчиж Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны тусгай субеъктын үйлдсэн гэмт хэргийг буюу мөрдөн шалгах хэлтсийн харьяалан шалгах гэмт хэргийг Авилгатай тэмцэх газарт шалгуулсан.

Миний зүгээс өөрийн гэм буруугүй болохоо нотлох зорилгоор задлан шинжилгээний дүгнэлтийг дахин бүрэлдэхүүнтэй гаргуулах, тээврийн хэрэгслийн баруун урд талд үүссэн гэмтлийг хуучин гэмтэл болох талаар гэрч нараас мэдүүлэг авахуулах зэрэг бусад шаардлагатай ажиллагаануудыг хийлгэхээр хүсэлтүүдийг Авилгатай тэмцэх газар, Тээврийн прокурорын газарт шат дараалан удаа дараа гаргаж байсан боловч нэг ч хүсэлтийг хүлээн аваагүй.

Гэрч Б.Н- нь мэдүүлэхдээ намайг талийгаачийг мөргөөгүй, талийгаач тээврийн хэрэгслийн ард зогсож байсан, өөрөө алхаж байгаад дөрвөн хөллөж унаад улмаар З.Ж-ын тээврийн хэрэгсэлд дайруулсан гэж Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх хуралд удаа дараа хэлж ярьсан.

Хэрэв талийгаач миний тээврийн хэрэгсэлд мөргүүлж баруун хөлдөө гэмтэл авсан бол дөрвөн хөллөх, алхах үйлдэл хийх боломжгүй гэж шинжээч эмч Ч.Эрдэмболор шүүх хуралд оролцохдоо мэдүүлдэг.

Энэ нь намайг тус гэмт хэрэгт гэм буруугүй болохыг шууд нотолдог. Миний хувьд задлан шинжилгээний 641 дугаартай шинжээчийг дүгнэлтийг хэн нэгэн хүний нөлөөгөөр З.Ж-ын гэм буруутай үйлдлийг нуун далдалж зөвхөн намайг энэ гэмт хэрэгт буруутгах зорилгоор худал гаргасан хууль бус дүгнэлт гэж үзэж байна.

Шинжээч М.Энхбат нь миний тээврийн хэрэгсэлд үзлэг хийж 5 дугаартай дүгнэлт гаргахдаа тухайн тээврийн хэрэгслийг дугуйгүй байхад нь үзлэг, хэмжилт хийж урд гуперын баруун буланг газраас 69 см, зүүн буланг газраас 70 см гэж талийгаачийн хөл дэх гэмтлийн хэмжээтэй адил болгож хэмжсэн. Үүний дараа тээврийн хэрэгсэлд дугуйг тавьж шинжээч М.Энхбатаар дахин үзлэг хэмжилт хийлгэхэд урд гуперын баруун булан газраас 63 см, зүүн булан газраас 65 см болж өөрчлөгдсөн. Үүнд шинжээч М.Энхбатыг би анх миний тээврийн хэрэгсэлд үзлэг, хэмжилтийг хувийн сонирхлоор хэмжилт хийсэн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх анх тээврийн хэрэгслийн гуперт хийсэн хэмжээсийг магадлалд тусгасан нь гуперт дахин хэмжилт хийж хэмжээс өөрчлөгдсөн шинжээчийн дүгнэлтэд үнэлэлт дүгнэлт хийгээгүйг харуулж байна.

Давж заалдах шатны шүүхээс намайг их гэрлээ асаасан гэж үзэж З.Ж-ын тээврийн хэрэгсэлд хамт явсан түүний хамаарал бүхий этгээдүүд болох Г.Б, Б.Ч, Ч.И, Ө.А нарын мэдүүлгээр З.Ж-ыг цагаатгаж, намайг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Тухайн үед би тээврийн хэрэгслээ ойрын гэрэл дээр тавьсан байсан. энэ талаар анхан шатны шүүх хуралд мэдүүлсэн.

Иймд эрхэм шүүгчид та бүхэн энэ гэмт хэргээс надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, З.Ж-т холбогдох хэсгийг гэм буруутайд тооцож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч Х.Даваахүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурорын хяналт тавих, шүүхэд шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийг зөрчин явуулж, хууль ёс, шударга ёс, гэм буруугийн зарчмуудыг үл харгалзан мөн хэргийн бодит байдал, түүнийг тал бүрээс нь эргэлзээгүйгээр тогтоогоогүй, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд захирагдан шийдвэрээ гаргаагүйд гомдолтой байна.

Осол хэргийн шалтгаан нөхцлийг тогтооход чухал ач холбогдолтой нотлох баримт болох шинжээчийн 641, 343 тоот дүгнэлтүүдийг гаргахад оролцсон шинжээч эмч Эрдэмболорыг 2020.09.03-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцуулж асуулт, хариулт авсан.

Шинжээч Эрдэмболор Бамнер хугарал бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Машин 40-45 км цагийн хурдтай явж байгаа тохиолдолд үүснэ гэж хариулж байсан. Гэтэл шинжээчийн 641 тоот дүгнэлтийн 3 дугаарт “хүнд” гэмтэл гэсэн нь зөрүүтэй байдаг, мөн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д Бампер хугарал гэсэн ямар ч нэр томьёо, болон баруун дунд чөмөгний Бампер хугарал гэсэн гэмтлүүд огт байхгүй байдаг. Харин 3.1.15-д байгаа гэмтлүүд нь З.Ж-ын хохирогчид учруулсан гэмтлүүд байдаг. Иймд шинжээчийн 641 тоот дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй, эргэлзээтэй гэж үзэж байна.

Шинжээч Эрдэмболор бампер хугарал авсан хүн явах, мөлхөх, боломжгүй гэж хариулсан нь бодит байдалтай нийцэхгүй байдаг. 641 тоот дүгнэлт гарснаас нэг хоногийн дараа 343 тоот дүгнэлтийг ганцаараа гаргасан байдаг бөгөөд энэ дүгнэлтийг гаргах талаар мөрдөгч, прокурорын тогтоол байхгүй, /хавтаст хэрэгт огт байхгүй/ дахин дүгнэлтийг гаргаж байгаа юу? нэмэлтээр гаргаж байгаа юу? гэдэг нь тодорхой биш ойлгомжгүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтыг зөрчсөн.

Хэргийн газрын үзлэгт эмч Амгалан оролцсон бөгөөд 641 тоот дүгнэлтийг гаргахад оролцсон, шинжээч томилсон тогтоолд Амгалан танилцаж гарын үсэг зурсан, харин шинжээч томилсон тогтоолтой танилцуулж, хууль сануулаагүй шинжээчээр дүгнэлт гаргуулсан, үзлэгт оролцсон эмчээр дүгнэлт гаргуулсан нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1, 3-ийг зөрчсөн байдаг.

Шинжээч эмч Ганболд мэдүүлэг өгсөн бөгөөд тухайн хэрэгт шинжээчийн ямар ч дүгнэлт гаргаагүй байж мэдүүлэг өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2, 5, 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчин хувийн сонирхлоор шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн албан тушаалтнуудын нөлөөгөөр хууль бус үйлдэл хийсэн гэж үзэж байна.

Дээрх байдлуудаас дүгнэлт хийхэд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд хууль зөрчиж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4, 6, 7, 13-ийг зөрчсөн байхад шүүх нотлох баримтаар тооцож Б.М-г гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Тухайн хэрэгт хэргийн газрын үзлэг 3 удаа хийсэн бөгөөд эхний хоёр удаагийн үзлэгийн хэмжээ зөрүүтэй нотлох баримтыг шаардлага хангахгүй учир анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцааж үзлэгийг хийсэн нь ослын шалтгааныг үнэн зөв тогтоосон гэж үзэх үндэслэлгүй бодит байдлаас зөрүүтэй, хууль зөрчиж хийсэн гэж үзэж байна. Жишээ нь: үзлэгийн тухай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг албан ёсоор гардан явуулж байсан комиссар Э.Ганбат үзлэгт криминалистик шинжээчээр оролцсон бөгөөд схем зурагт явган зорчигчийг замын зүүн гар талаас ирж буюу З.Ж-ын баруун гар талаас ирж дайрагдсан гэж үзсэн нь Б.М- хохирогчийг дайраагүйг нотолж байдаг.

Б.М- хохирогчийг дайраагүй гэм буруугүй гэдэг нь Эрдэмболор эмчийн дүгнэж байгаагаар хохирогчид гэмтэл учруулах үед тээврийн хэрэгслийн хурд 40-45 км цагийн хурдтай байх ёстой. Гэтэл Б.М-г замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдлөөгүй гэж буруутгаж байгаа.

Эрдэмболор эмчийн гаргасан дүгнэлтээр хүнд гэмтэл авсан үед тээврийн хэрэгсэлд эвдрэл үүсдэг. Тэгвэл Б.М-н жолоодож явсан тээврийн хэрэгсэлд ослоос үүссэн шинэ эвдрэлийг олж тогтоогоогүй. Зүүн талд урьд нь үүссэн хуучин гэмтлийг тогтоолгох хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд ямар ч шинэ эвдрэл үүсээгүй. Хохирогчийн биед задлан хийсэн фото зургийн үзүүлэлтээс үзэхэд биеийн арьсанд жижиг улаан олон тооны толбо үүссэн бөгөөд энэ нь зам дээрх сул жижиг чулуунаас үүссэн гэж үзсэн байдаг. Энэ нь хурдтай, том оврын тээврийн хэрэгсэл болох З.Ж-ын тээврийн хэрэгсэлд дайрагдах үед үүссэн бөгөөд дайрагдах үед авсан гэмтлүүд /гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д заасан/ мөн З.Ж-ын тээврийн хэрэгслээс авсан эдийн шинжилгээ хохирогчийнхтой таарч байгаагаар нотлогдон тогтоогдсон, тухайн хэргийн цорын ганц гэрч Наранболд Б.М- талийгаачийг дайраагүй гэдгийг бүх мэдүүлэгтээ өгдөг бөгөөд хохирогч тухайн үед бие засаж байсан нь задлан шинжилгээгээр давсганд нь шээс байгаагүй гэсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж байна.

Осол болсны дараа З.Ж-ын хүргэн Г- хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг хууль бусаар цуглуулах, устгах, оролдлого хийхдээ тагнуулын байгууллагын нэрийг барьсан үйлдлийг эцэслэн шалгаж тогтоогоогүй, хэргийг тусгаарласан гэх боловч энэ талаар ямар ч шийдвэр гаргаагүй байгаа нь хууль бус үйлдэл, энэ хэргийн шалтгааныг нуун халхавчилж байгаа үйлдэл гэж үзэж байна. Г-ын хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа тухайн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

З.Ж- нь хохирогчийг дайрч биед нь хүнд гэмтэл учруулж амь насыг нь хохироосон гэх үйлдэл нь гэрч Наранболдын мэдүүлэг, З.Ж-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл дээрх наалдцаас авсан ул мөр, зам дээрх хохирогчийн биенээс гарсан эдтэй тохирч байсан гэх шинжээчийн дүгнэлтээр мөн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч өгч байсан мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдсон байдаг.

Гэтэл давж заалдах шатны шүүх З.Ж-ыг цагаатгахдаа /1хх-н 146-150 хуудаст/ гэрч Г.Э-ын мэдүүлгийг дурдсан байдаг. Г.Э-ын мэдүүлэгт мөрдөн байцаагч өмгөөлөгч авах эрхээр хангаагүй, асуугаагүй, бичиг үсэг мэдэхгүй тул Хишигжаргал гэгчийг оролцуулсан байдаг бөгөөд эхнэр нь гэх нотлох баримт байхгүй, энэ талаар нотлох баримт байхгүй тул хууль ёсны мэдүүлэг гэж үнэлэхгүй байсан.

Г.Б-н мэдүүлэг осол гарах үед бидний явж байсан урсгалын эсрэг талд жижиг тэрэг аваарын гэрлээ асаачихсан зогсож байгаа харагдсан мэдүүлэг байгаад шүүх дүгнэлт өгөөгүй бөгөөд Г.Б- нь З.Ж-н танил, мэдүүлэгт нь илт худал зүйл авагдсан байдаг. Г.Б-н мэдүүлгээс үзэхэд З.Ж- замын хөдөлгөөний дүрмийг зөрчихөд Б.М-н ямар ч үйлдэл нөлөөлөөгүй гэдэг нь тогтоогдож байна. Гэрч Ч /1 хх 106/ ард суудлын гол хэсэгт унтаж явсан гэж /зүүрмэглэж/ мэдүүлдэг.

Хэргийг харьяалал зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Хэргийг Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Бат-Өлзий 2019.02.28-ны 03 тогтоолоор хэргийн харьяаллыг өөрчилсөн байдаг. Өөрчлөхдөө Авилгатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар болсон. Тухайн хэрэг албан тушаалын буюу ажлын байран дээрээ авилга аваагүй, эрүүдэн шүүсэн үйлдэл огт байхгүй хэрэг шүүдээ. Гэтэл 2019.04.23-ний өдрийн 5/244 тогтоолоор хяналтын харьяаллыг өөрчлөн тогтоосон нь буруу гэж үзэж байна. Хэргийг тусгай субъект шалгах ёстой гэж үзэж байна. Дээрх тогтоолд хэргийн харьяаллыг УЕП-ын газраас тогтоосон гэж удирдсан нь Өвөрхангай аймгийн прокурорын газрын 2019.02.28-ны өдрийн 03 тоот прокурорын тогтоол хууль бус бөгөөд хоёр тогтоолын хооронд хийгдсэн ажиллагаанууд бүгд хууль бус гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч Б.Наранцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Өмгөөлөгчийн хувьд 2 шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

1. Б.М-н согтуугаар авто машин жолоодсон үйлдэл нь зөрчлийн хэрэг юм. Хүний амь нас хохирсон авто ослын хэрэгт гэм буруугүй юм. Энэ нь мөрдөн байцаалтын шатанд эргэлзээгүй нотлогдож тогтоогдсонгүй. Гэтэл гэм буруу нь тогтоогдоогүй хүнд ял халдааж хуулийн зарчим алдагдлаа.

Авто аваарын гэмт хэргийн толь болсон ослын акт үндэслэл муутай, дутуу дулимаг, нэг талыг барьсан, урьд нь дүгнэлт гаргасан хүнээ дахин томилж дүгнэлт гаргуулсан, хэргийн үнэн зөвийг олох зорилгогүй, анхнаасаа Б.М-г буруутан болгож гаргасан.

Хэргийн бодит байдлыг тогтоох, хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчим алдагдсан. Энэ хэргийн холбогдогч байсан З.Ж-ыг хуулийн үндэслэлгүйгээр хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл З.Ж-ын талынхан мөрдөн байцаалтын ажиллагааны эхний үеэс эхлэн камерын бичлэгийг хувиараа албаны нэр зүүж устгахыг оролдсон. Гол гэрч Б.Н-ын хөдөө гэрт очиж нөлөөлөхийг оролдсон, тэр ч байтугай одоо давж заалдах шатны шүүхэд нөлөөлж хэргээ хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Гол буруутай этгээд З.Ж-т ял завшууллаа.

Энэ хэргийн хамт явсан гол гэрч Б.Н-ын мэдүүлгийг нэг талаас нь мушгин гуйвуулж 2 шатны шүүх нотлох баримтаар тооцсон мөртлөө гэрч Б.Н-ын “Талийгаач Х.Б-ыг 3.Ж-ын машин хурдтай ирж дайрсан. Мөн талийгаачийг өвдөглөөд 4 хөллөсөн ёолоод байсан гэх мэдүүлгүүдийг яаж үгүйсгэж няцаасан нь тодорхой биш, гэтэл шинжээч эмч н.Эрдэмболор мэдүүлэхдээ бампер хугарал авсан хүн 4 хөллөж чадахгүй. бампер хугарлыг 40км/ц илүү хурдтай явсан машин учруулна гэж мэдүүлсэн нь ослын актын дүгнэлттэй зөрчилдөж байна. 3.Ж-ын асар их хурдтай, явж байсныг мэдүүлсэн гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт ч байхгүй байна.

Осолд холбогдсон гэх 2 машины бамперын хэмжээг янз бүрээр авсан, 69 см хэмээх өндрийг аль машиных гэдгийг нарийн тогтоогоогүй. З.Ж-ын Ниссан Патрол маркын ** УБҮ дугаартай машины бамперын өндрийг тухайн үеийн нөхцөл байдалтай нь уялдуулж хэмжээгүй зэрэг жинг тооцолгүй хэмжилт хийсэн нь мөн л алдаатай эргэлзээтэй тоо гарсан. Эцэст нь хүсэхэд хоёр машины бамперын өндрийг амь хохирогчийн өндөртэй хүн, машинуудын тухайн үеийн жинг тооцож нөхцөл байдлыг сэргээж хэргийн холбогдогч нарын байлцуулан дахин хэмжилт хийх нь шударга үнэнийг тогтооход хэрэгтэй байна.

Б.М-н машиний урд гуперд үүссэн гэх гажилтыг шинэ хуучин болохыг тогтоох боломжгүй гэж техникийн шинжээч М.Энхбат 5 тоот дүгнэлтдээ тогтоосон байдаг бөгөөд шүүгдэгч Б М- мөрдөн байцаалт, прокурор шүүхийн шатанд удаа дараа гаргасан хүсэлтдээ 2018.10.20-ны үеэр Өвөрхангай аймгийн Хужирт суманд цогцос оршуулсан газраас нь гаргаж шинжилгээ хийх гэж яваад гол гарах үед мөс цөмөрч үрд гуперээ гэмтээсэн. Энэ үед хамт явсан цагдаагийн бүрэлдэхүүн болох шинжээч эмч Э.Хүрэлсүх криминалистик шинжээч д/ч Г.Очирпүрэв нарыг гэрчээр асуулгах, гэмтлийн шинэ хуучныг тогтоолгох хүсэлт гаргасныг хүлээн аваагүй юм.

Мөрдөн байцаалтын шатанд Б М- 5 удаа гаргасан хүсэлтдээ а/ ** УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хаана зогссон байгаад хөдөлсөн ул мөрийг тогтоох, б/ ** УНЦ дугаартай тээврийн хэрэгсэл осол болсон цэгээс ямар зайд яваад хаана буцаж эргээд зогссоныг тогтоох зэрэг хүсэлтүүдийг бичгээр гаргасан боловч үүнийг аль ч шатанд хангахыг хүссэнгүй, тогтоосонгүй, гэтэл ослын акт гаргасан шинжээч Э.Энхболдын гаргасан дүгнэлт эргэлзээтэй болж байгаа юм.

Талийгаач амь хохирогч Х.Б-ийн бие дээрээс илэрсэн дугуйны хээг 2 машины дугуйны хээтэй харьцуулж дүгнэлт гаргаагүй. Энэ нь тус хэрэгт их чухал баримт байх байсан болов уу.

Эцэст нь З.Ж- хурд хэтрүүлж явсан, гялбаанд орж машинаа зогсоох арга хэмжээ аваагүй, гэм буруутай үйлдлийг цагаатгаж байгаад гомдолтой байна

Б.М-н мөрдөн байцаах прокурорын шатанд гаргасан 5 удаагийн хүсэлтүүдийг хангаагүй бөгөөд анхан шатны шүүх цагдан хорих арга хэмжээг өөрчлүүлэх өмгөөлөгч нарын хүсэлтүүдийг ч шүүх нэг ч удаа хангаагүй. Энэ хэргийг анхнаасаа нэг талыг барьж шалгасан, хэргийг бүх талаас нь бүрэн дүүрэн эргэлзээгүй нотолж чадаагүй учраас Б.М-д холбогдох хэргийг прокурорт буцааж бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дахин ослын акт гаргуулах хүсэлтийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч Б.Гэрэл-Очир хэлсэн саналдаа “Шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг бүрэн дэмжиж байна. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1742 дугаар шүүгчийн захирамжаар буцаасан үндэслэлийг нэг мөр биелүүлэх ёстой байсан. Мөн өөр, өөр мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулах нь маргаж буй үйл баримтыг таслах боломжтой. Бампер хугарлын хэмжээнд шууд хамаарах амь хохирогчийн гутлын өсгийн хэмжээг тогтоох зайлшгүй шаардлагатай.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хэргийн шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоогоогүй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Иймд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч З.Цэнгэнбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.М-, З.Ж- нарт холбогдох хэргийн гэм буругийн талаар хийсэн дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, үндэслэлгүй болсон. Шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Б.Наранцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч З.Ж-ын өмгөөлөгч Б.Дашдорж хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байна” гэв.

Мөн шүүгдэгч З.Ж-ын өмгөөлөгч Д.Батбаяр хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хэлсэн саналдаа “Ц.Амар өмгөөлөгчийн гомдлыг бүрэн дэмжиж байна. Гэм буруутай этгээдийн санаа бодол, гэмт хэргийн субъектив шинж, түүний агуулга, хэрэг үйлдэгдэхийн өмнөх хохирогч болон шүгдэгчийн хоорондын харилцаа, гэмт үйлдэл таслан зогсоогдсон шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн арга, гэмтлийн шинж байдалд дүгнэлт хийж үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй, тээврийн хэрэгсэл ашиглаж бусдын амь насыг санаатай хохироосон шинжтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, зүйлчлэлийг зөвтгөхөөр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокуророос шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, З.Ж-т холбогдох хэргийг 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5-10 жил хүртэлх хугацаагаар хасахаар заасан. Гэтэл анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хассан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд прокурорын эсэргүүцэлд дүгнэлт хийхгүйгээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М-, З.Ж- нарт холбогдох хэргийг прокурор С.Оюунжаргалын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Амар, шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Б.Наранцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Б.М-г 2019 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг дэвсгэр “Уугант” гэх газар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 10.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж, Х.Б-ыг мөргөж, амь насыг нь хохироосон,

мөн З.Ж-ыг 2019 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг дэвсгэрт байх “Уугант” гэх газар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж, Х.Б-ыг дайрч, амь насыг нь хохироосон гэж Б.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэг, З.Ж-ын үйлдлийг мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.

Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгч нарын үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс үнэлж тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд дахин шинжээч томилуулах, зам тээврийн ослын үндсэн шалтгааныг тогтооход ач холбогдолтой нотлох баримтыг цуглуулах ажиллагааг бүрэн хийгээгүй, оролцогчийн гомдол хүсэлтийг шалгаж шийдвэрлээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзнэ.

Хавтаст хэргийн материалыг хянаж үзэхэд шүүгдэгч Б.М-н гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоох буюу амь хохирогчийг үхэлд хүргэх үйлдлийг санаатай хийсэн эсэх нөхцөл байдал байгаа эсэхэд дүгнэлт өгөх, шинжээчийн 641, 343 дугаартай дүгнэлтийг нэг шинжээч, нэг хоногийн зайтай өмнөх дүгнэлтээ дахин давтан гаргаж буй нь учир дутагдалтай байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч дахин томилуулж дүгнэлт гаргуулах талаарх хэргийн оролцогч нарын гомдол, хүсэлтийг биелүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт заасан шаардлагыг хангах зэргээр хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагатай байна.     

Мөн түүнчлэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа,  энэ талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий гэрчийн мэдүүлгийн үнэн бодит байдлын түвшинг үнэлж, хэрэв уг хэргийн шийдвэрлэлтэд хувийн сонирхлоор хандаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах зорилгоор зориуд худал мэдүүлж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдвол холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулах, үүний зэрэгцээ, гэмт хэргийн үйл баримтыг зөв сэргээн тогтоох болон зам тээврийн ослын үндсэн шалтгааныг тодруулах үүднээс тусгай мэдлэг бүхий бүрэлдэхүүнтэй шинжээч нараар дүгнэлт гаргуулах нь хэргийн шийдвэрлэлтэд чухал ач холбогдолтой болно.

Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй байх тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэргийн нотолбол зохих байдлуудыг тогтоогоогүй үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, үүнтэй холбогдуулан шүүгдэгч нарын гэм буруу болон түүнтэй холбогдуулж шүүгдэгч Б.М-н гаргасан “...энэ хэргээс надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, З.Ж-ыг гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн агуулгатай гомдлын талаар энэ удаа эцэслэн дүгнэлт хийгээгүй, харин түүний өмгөөлөгч болон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан “...хэргийг прокурорт буцаах” агуулгатай гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 794 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1476 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч З.Ж-, Б.М- нарт холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                            Б.АМАРБАЯСГАЛАН

ШҮҮГЧ                                                     С.БАТДЭЛГЭР

Б.БАТЦЭРЭН

Б.ЦОГТ

Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН