Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/02013

 

 

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/02013

 

 

А ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2023/02556 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: В ТӨААТҮГ-т холбогдох,

гэрээний үүрэгт 1,469,078,443 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хамтран ажиллах гэрээний 2.2, 2.3, 3.1.4, 3.2.1 дэх заалтууд болон гэрээний эргэн төлөлтийн хуваарийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1 Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 376 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын залуучуудын ногоон наадмыг 2021 оны 9 дүгээр сард, 2017 оны 268 дугаар тогтоолоор "Зүүн Азийн залуучуудын II наадам-ыг 2023 онд тус тус зохион байгуулахаар тогтоосон. Энэхүү наадмын бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий нийслэлийн өмчит компанийг байгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгасан ба үүний дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн А ХК байгуулах тухай 65 дугаар тогтоолоор нийслэлийн өмчит тус компанийг байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

Дээрх спортын наадмуудын нэг төрөл буудлагын спортын тэмцээнийг "Б" ТӨААТҮГ-ын буудлагын талбайд зохион байгуулахаар төлөвлөн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 31 тоот албан бичгээр хандахад тус барилга, байгууламж нь 1980 оноос хойш урсгал болон их засварын ажил хийгдээгүй тул засвар тохижилтын ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байгаа талаар хариу өгсөн.

Ингээд "Б" ТӨААТҮГ-ын барилга, байгууламжийн их засварын ажилд шаардагдах 979,385,629 төгрөгийн зардлыг А ХК нь эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлэх, "Б" ТӨААТҮГ нь хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 01 тоот хамтран ажиллах гэрээг баталгаажуулсан.

Уг их засварын ажлыг "Г" ХХК нь 979,385,629 төгрөгөөр гүйцэтгэж, их засварын ажлыг байнгын ашиглалтад оруулах комиссын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3Т-126/2020 тоот дүгнэлтээр ашиглалтад оруулан өмчлөгч байгууллагад хүлээлгэн өгсөн.

Манай байгууллагын зүгээс хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлж гүйцэтгэгч компанид 979,385,629 төгрөгийн санхүүжилтийг бүрэн олгосон ба "Б" ТӨААТҮГ нь гэрээний 2.2, 3.1.4-т заасны дагуу 2020 оны 09 дүгээр сараас эхлэн сар бүр 20,403,867 төгрөгийг төлөх үүрэгтэй боловч өнөөдрийг хүртэл ямар ч төлөлт хийгээгүй тул гэрээг цуцалсан.

Иймд хамтран ажиллах гэрээний 2.2, 2.3, 3.1.4, 3.2.1 дэх заалтуудыг үндэслэн их засварын ажилд зарцуулсан 979,385,629 төгрөг, үүргээ гүйцэтгээгүй хугацааны буюу 2020 оны 09 дүгээр сарын 01-нээс 2021 оны 10 дугаар сарын 01- ний өдрийг хүртэл 395 хоногийн алданги 1,160,571,970 төгрөгийн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 489,692,814 төгрөг, нийт 1,469,078,443 төгрөгийг "Б" ТӨААТҮГ-аас гаргуулж өгнө үү.

1.2. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээг бичгээр үйлдэж, гүйцэтгэх удирдлага болох эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон бөгөөд энэ талаар хариуцагч маргадаггүй. Хариуцагч байгууллага их засварын ажлаа хийлгэхээр гэрээ байгуулахад заавал эрх бүхий төрийн байгууллагын зөвшөөрөл авсан байх хуулийн шаардлага тавигдахгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээг болон түүний холбогдох заалтуудыг хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1 Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах "Олон улсын залуучуудын ногоон наадам", 2023 онд зохион байгуулагдах "Зүүн азийн залуучуудын наадам" зэргийг Монгол улсад зохион байгуулахтай холбогдуулан буудлага спортын төрлийн тэмцээнүүд нь манай байгууллагын буудлагын талбайд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан.

А ХК дээрх наадмуудыг зохион байгуулах үүргийнхээ дагуу манай байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж 2019 оны 12 дугаар сараас эхлэн "Ган тоонот констракшн" ХХК-аар гүйцэтгүүлэн их засварын ажил эхлүүлсэн.

Тухайн их засварын ажлын зардлыг төрийн өмчит томоохон компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд босгосон хандивын хөрөнгөөр хийсэн. Энэ нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас их засварын ажлыг яаралтай эхлүүлэхийг чиглэл болгож албан бичиг ирүүлсний дагуу хийгдсэн засварын ажил юм. Хөрөнгө оруулагч талын эрх бүхий албан тушаалтнууд их засварын ажлын явцтай газар дээр нь ирж танилцаж байсан ба засварын ажлын санхүүжилт болох 979,385,629 төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр хандивын журмаар гаргаж байгаагаа илэрхийлж байсан.

Улмаар засварын ажил хийгдэж дууссаны дараа хамтран ажиллах гэрээний үүрэг биелүүлэхийг А ХК-ийн зүгээс шаардаж эхэлсэн. Үүний дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандаж чиглэл хүсэхэд хандивын хөрөнгөөр хийгдсэн засварын ажлын зардлыг төр хариуцах хуулийн зохицуулалт байхгүй учраас гэрээний эргэн төлөгдөх нөхцөлтэй үүргээс татгалзаж цуцлахыг чиглэл болгосон.

Дээрх үндэслэлүүдийн дагуу А ХК-д гэрээний үүргээс татгалзах тухай саналаа албан бичгээр хүргүүлэхэд ямар нэгэн хариу ирүүлээгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хамтран ажиллах гэрээний 2.2, 2.3, 3.1.4, 3.2.1 дахь заалтууд нь "Б" ТӨААТҮГ-ын анхны хүсэл зоригоос өөр байдлаар хийгдсэн, эрх бүхий төрийн байгууллагын шийдвэр, зөвшөөрөлгүй хийгдсэн хууль бус хэлцэл байсан.

Гэрээний хүрээнд засварын ажлыг санхүүжилтыг А ХК гаргана, "Б" ТӨААТҮГ буцаан төлнө гэхчлэн төлбөр тооцоотой холбоотой асуудлыг зохицуулаагүй, Өөрөөр хэлбэл, энэ хамтран ажиллах гэрээ төлбөр тооцооны үүрэг үүсгэх агуулгагүй.

Нэхэмжлэгч нь дангаараа барилгын засвар хийх гүйцэтгэгчээр "Г" ХХК-ийг сонгон шалгаруулж, энэ компанитай 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Энэ нь "Б" ТӨААТҮГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулахаас даруй 3 сарын өмнө болсон үйл баримт.

А ХК-ийн "Г" ХХК-тай байгуулсан үндсэн гэрээ, хугацаа сунгасан гэрээнүүдийг байгуулахад Б ТӨААТҮГ-ыг оролцуулаагүй, хяналт тавих боломж олгоогүй. Ийм учир битүүлэг ажил явагдсан бөгөөд 979,385,629 төгрөг төлөгдсөн эсэх нь ч тодорхойгүй.

Иймд, хамтран ажиллах гэрээний 2.2-т "ТСТ нь УБСМ-ийн хийж гүйцэтгэх энэ гэрээний 2.1-т заасан үйл ажиллагаа буюу буудлагын талбайн барилга байгууламжийн их засварт зарцуулсан төлбөрийг Наадах-2023-аас өмнө хавсралт 1 хуваарийн дагуу УБСМ-д эргэн төлнө, 2.3 -т "Гэрээний 2.2-т заасан гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.3 хувиар алданги төлнө, 3.1.4 "УБСМ-д гэрээний хавсралт- 1 дагуу төлбөрийг заагдсан хугацаанд төлөх үүрэгтэй", 3.2.1 "Гэрээнд заасан хугацаанд хавсралт- 1-д заасан төлбөрийг шилжүүлэхийг шаардах эрхтэй" гэж заасан нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, хууль бус заалтууд байна.

Түүнчлэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас удаа дараа төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр, хууль тогтоомж зөрчин, А ХК-тай байгуулсан гэрээний хөрөнгө мөнгө эгүүлэн төлөхтэй холбоотой заалтуудаас татгалзах, эдгээр үүргээс татгалзах талаар албан бичиг, албан шаардлага болон зөвлөмжөөр ирүүлсэн.

Иймд А ХК болон "Б ТӨААТҮГ-ын хооронд байгуулагдсан 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаар хамтран ажиллах гэрээний 2.2, 2.3, 3.1.4, 3.2.1 дахь заалтууд болон гэрээний хавсралт болох хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн график-ийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг тус тус баримлан хариуцагч В аж ахуйн тооцоот төрийн өмчит үйлдвэрийн газраас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 979,385,629 төгрөг, алданги 357,062,672 төгрөг, нийт 1,336,453,301 /нэг тэрбум гурван зуун гучин зургаан сая дөрвөн зуун тавин гурван мянга гурван зуун нэгэн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 132,625,142 төгрөгийг, гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,503,342 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 6,840,216 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Ж.Ариунаа миний бие 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хөлөө гэмтээсний улмаас хагалгаанд орсон тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан тул энэ талаар шүүгчийн туслахад мэдэгдэж, хүсэлтээ баримтын хамт шүүхэд хүргүүлсэн. Гэтэл шүүх хүсэлтийг хүлээн аваагүйд гомдолтой байна. Учир нь миний бие нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргаж явсан, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг гаргасан, шүүх хуралд сөрөг нэхэмжлэлийг дэмжин тайлбар гаргаж мэтгэлцэх үүрэгтэй итгэмжлэгдсэн төлөөлөгч юм. Б.Мөнх Адьяа төлөөлөгч шүүх хуралд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж мэтгэлцээгүй бөгөөд тэгэх боломж ч байгаагүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд намайг шүүх хуралд оролцуулалгүйгээр хэргийг шийдсэнээр хариуцагч байгууллагын хувьд талууд тэгш эрхтэй оролцох, тайлбар татгалзлаа бүрэн дүүрэн гаргах эрх зөрчигдөж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг тал бүрээс нь бодитойгоор үнэлж шийдвэрлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим алдагдаж, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадсангүй гэж үзэж байна.

4.2 Хамтран ажиллах гэрээний зорилго бол "Наадам-2020", "Наадам-2023" -ыг зохион байгуулах бэлтгэл ажилд хэн нь юугаа хариуцах талаарх хамтын ажиллагааны тохиролцоо болохоос төлбөр тооцооны гэрээ биш бөгөөд өр үүсгэх, төлбөр төлөх үүрэг үүсгэх зорилго агуулаагүй.

Нэхэмжлэгч нь "Наадам-2020", "Наадам-2023" -ыг тус тус зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай барилга байгууламжийг барих, техникийн шаардлага хангасан спортын хэрэгсэл, тоног төхөөрөмж авах, хөрөнгийг төвлөрүүлэн зохицуулах үүрэг бүхий зорилгоор үүсгэн байгуулагдсан Нийслэлийн өмчит хаалттай хувьцаат компани бөгөөд хөрөнгө төвлөрүүлэх, төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах менежментийг хийх байгууллага юм. Засгийн газрын тогтоолд хандив, тусламж авч энэ ажлыг зохион байгуул гэсэн чиглэл өгсөн байдаг.

Ийм хэрэгцээ шаардлагын үүднээс буудлага спортын сургалт хөгжил хариуцсан, тэмцээн уралдаан зохион байгуулдаг төрийн өмчийн байгууллага болох "Б" ТӨААТҮГ-тай хамтрах, хөрөнгө мөнгө гаргаж, тэмцээн уралдааны орчин нөхцөлийг сайжруулах ажил явагдсан байдаг.

Хамтран ажиллах гэрээний зорилго, нэхэмжлэгчийн үйл ажиллагаанаас засварын зардлыг буцаан авах, ашгийн төлөө ажиллах чиглэл харагдахгүй байна. Гэтэл нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалтыг хийж, засварын ажлыг хийж өгнө гэдгээ илэрхийлсэн атлаа заавал нөхөн төлнө гэсэн гэрээ байгуулахгүй бол ажил дуусахгүй, хүлээлгэж өгөхгүй гэсэн шахалтад оруулсан.

Нэхэмжлэгч нь буудлагын барилга байгууламжид засвар хийхтэй холбоотой тендер зарлах, тендерийн бичиг баримт боловсруулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажилд хариуцагчийг оролцуулаагүй бөгөөд ажил гүйцэтгэгчээр "Г" ХХК-ийг сонгон шалгаруулсан нь хариуцагчтай хамтран ажиллах гэрээ байгуулахаас даруй 3 сарын өмнө болсон.

Хэрэв хариуцагч энэ хөрөнгийг эргэн төлөхөөр бол их засварын ажлыг өөрсдөө зохион байгуулалтад оролцож, тендер зарлаж, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, хөрөнгө мөнгийг шилжүүлж, гэрээний хяналт тавьж, ажил гүйцэтгэлийн доголдол болон ажил гүйцэтгэх гэрээний эрх, үүргийг хэрэгжүүлэх ёстой. Хэнтэй, хэдэн төгрөгийн гэрээ байгуулаад, ямар материалаар ямар ажил хийлгэснийг мэдэхгүй атлаа засварын зардлыг төлөх боломжгүй.

4.3. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхойгүй.

Нэхэмжлэгч 979,385,629 төгрөгийн зардал, 489,692,814 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй эсэхийг анхаарч үзсэнгүй.

Төрийн өмчийн барилга байгууламжид засвар хийж байгаа тохиолдолд тендер, сонгон шалгаруулалт нь хуулийн дагуу явагдсан эсэхийг тогтоох ямар ч баримт хэрэгт байхгүй байсан. Хариуцагчид үүрэг ногдуулах гэж байгаа бол ногдуулах үүргийн хэмжээг тодорхой гаргах ёстой. Гэтэл барилгын засварын ажлын зардалд хэдэн төгрөг зарцуулсан нь баримтаар нотлогдоогүй, ажил гүйцэтгэгч тал 979,385,629 төгрөгийн ажил гүйцэтгэсэн эсэх, нэхэмжлэгч 979,385,629 төгрөгийг ажил гүйцэтгэгч талд бүрэн төлсөн нь нотлогдоогүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй нэхэмжлэгчийн хэлсэн үнийн дүнгээр гаргуулж шийдсэн нь үндэслэлгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс бодитоор мөнгө авч ашигласан, хэрэглэсэн үйл баримт байхгүй байхад 979,385,629 төгрөгийг төлөөгүй гэж алданги тооцон шийдсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч талын дурдсан төлбөрийн хуваарийн дагуу төлбөр төлөх хугацаа дуусаагүй байхад ямар хугацаанд алданги тооцоод байгаа нь ойлгомжгүй.

Гэрээний хавсралт-1 гэж нэхэмжлэгч талын тодорхойлж буй 1 хуудас төлбөрийн хуваарь нь талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний хавсралт гэж үзэх боломжгүй. Учир нь энэ хуваарь ямар бичиг баримтад хамааралтай эсэх нь мэдэгдэхгүй, мөн нэг талын гаргасан баримт бичиг учир талуудыг төлбөрийн талаар тохиролцсон гэж үзэхгүй.

Иймд гэрээний 2.2, 2.3, 3.1.4 3.2.1 заалтууд болон гэрээний хавсралт гэх хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн график нь хүчин төгөлдөр бус байх тул дээр үндэслэлүүдээр төлбөр шаардах эрх нэхэмжлэгч талд үүсэхгүй болно.

4.4. Уг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд хангалтгүй байсан.

Тухайлбал, А ХК-ийн үүсгэн байгуулах баримт бичиг, дүрэм, үүсгэн байгуулагчийн шийдвэр, тэмдэглэл, буудлагын төвийн их засварын ажилд зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийг нотолсон баримт, "Б" ТӨААТҮГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулах талаар А ХК-ийн гүйцэтгэх захиралд эрх олгосон баримт бичиг, "Б" ТӨААТҮГ-ын буудлагын төвийн их засварын ажил гүйцэтгэх тендер сонгон шалгаруулалтын материал зэрэг хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтууд хэрэгт авагдаагүй юм.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1 Хариуцагч байгууллагаас 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Б.Мөнх-Адъяад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйл заасан бүх эрх үүргийг эдэлж, хариуцагч байгууллагыг төлөөлж оролцох итгэмжлэлийг олгосон. Сөрөг нэхэмжлэлийг мөн өдөр шүүх хуралдаанд Б.Мөнх-Адъяа төлөөлөгч гаргасан. Хариуцагч байгууллагын төлөөлөгч оролцсон учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Мөн хариуцагч байгууллага ашгийн төлөө аж ахуйт тооцоот үйлдвэрийн газар бөгөөд 2021 оноос хойш удаа дараа сөрөг нэхэмжлэл гаргасан боловч нэг ч удаа улсын тэмдэгтийн хураамж төлөлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Давж заалдах гомдол болон сөрөг нэхэмжлэл гаргахдаа ямар ч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байгааг шүүх анхаарч үзнэ үү.

5.2. Хамтран ажиллах гэрээнд хамтран ажиллах нөхцөл, талууд ямар эрх, үүрэг хүлээх вэ гэдэг талаар маш нарийн зохицуулж өгсөн. Манай компанийн зүгээс гэрээнийхээ үүргийг 100 хувь биелүүлсэн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хариуцагчид их засварын ажлыг яаралтай эхлүүл гэсэн чиглэл өгсөн нь хэрэгт баримтаар авагдсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн учраас шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А ХК нь хариуцагч Б ТӨААТҮГ-т холбогдуулан гэрээний үүрэгт 1,469,078,443 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, хамтран ажиллах гэрээний 2.2, 2.3, 3.1.4, 3.2.1 дэх заалтууд болон гэрээний эргэн төлөлтийн хуваарийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн үүргийн харилцаа, маргааны зүйлд хамаарах үйл баримт зэргийг буруу тогтоож дүгнэсэн, түүнчлэн шийдвэрийн удиртгал, тогтоох хэсэгт хариуцагч байгууллагын нэр, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг орхигдуулсан, буруу бичсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Спортын бэлтгэл, сургалтын төв ТӨААТҮГ болон "Б" ТӨААТҮГ-ыг нэгтгэн В ТӨААТҮГ болгож өөрчлөн зохион байгуулсан байх тул шийдвэрийн удиртгал болон тогтоох хэсэгт хариуцагч байгууллагын нэрийг хуучин нэршлээр нь бичсэн, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрийн удиртгал хэсэгт бичилгүй орхигдуулсан, тогтоох хэсэгт бүрэн бичээгүй техник шинжтэй алдаа гаргасныг залруулан дүгнэв.

 

4. А ХК нь Г ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр В ТӨААТҮГ-ын буудлагын төвийн барилгын их засварын ажил гүйцэтгэх гэрээг, В ТӨААТҮГ-тай 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хамтран ажиллах гэрээ тус тус байгуулжээ /1хх 10-19/.

Г ХХК нь В ТӨААТҮГ-ын их засварын ажлыг хийж гүйцэтгэн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгч, улмаар 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан байна /1хх 20-24/.

 

4.1. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэжээ. Учир нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаа А ХК болон Г ХХК-ийн хооронд үүссэн байна.

Талуудын хооронд захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх, ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой үүргийг хүлээгээгүй.

Харин А ХК болон В ТӨААТҮГ-ын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нь Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээлд зохион байгуулагдах 2020 оны Залуучуудын спортын ногоон наадам, 2023 оны Зүүн Азийн залуучуудын спортын наадмын бэлтгэл ажлыг хангах хүрээнд буудлагын төвийн барилгын их засварын ажлыг хариуцахаар, хариуцагч нь их засварт зарцуулсан зардлыг хуваарийн дагуу эргүүлэн төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсгэсэн хэлцлийн харилцаанд хамаарч байна.

 

4.2. 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь буудлагын төвийн барилгын их засварын ажлын хөлсөнд,

Г ХХК-д 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 469,844,532 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 336,964,903 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 106,600,736 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 48,969,282 төгрөг, нийт 962,379,453 төгрөг, захиалагчийн хяналт хийсэн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 8,015,774 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 6,116,626 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 2,873,776 төгрөг, нийт 17,006,176 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан банкны гүйлгээний баримт, барилгын ажлын гэрээ дүгнэсэн протокол, тооцооны үлдэгдлийн баталгаа зэргээр тогтоогджээ /1хх 35, 47-52, 199-200/.

Анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан гэрээний үүрэгт 979,385,629 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцжээ.

Хариуцагчийн гаргасан бодитоор барилгын их засварын төлбөрийг төлсөн нь тогтоогдохгүй, зохигчийн байгуулсан гэрээ нь төлбөр төлөх үүрэг үүсгэхгүй гэх агуулгатай гомдол үндэслэлгүй.

 

4.3. Хариуцагч нь гэрээний хавсралтаар тогтоосон төлбөр төлөх хуваарийг зөрчсөнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэрээнээс татгалзах агуулга бүхий албан бичгийг хүргүүлснийг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар урт хугацаатай гэрээг урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалсан гэж үзнэ. /1хх 38/.

Талууд 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэхдээ төлбөрийн үлдэгдэл 979,385,629 төгрөг болохыг баталгаажуулжээ. /1хх 54/

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулж тохиролцоо хийхдээ зохигч нь алдангийн талаар тохиролцоогүй тул алдангийн үүрэг тооцоо нийлснээр дуусгавар болсон гэж дүгнэнэ.

Түүнчлэн, Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан тооцоо нийлэх гэрээ нь ажил хэргийн хүрээнд байнгын харилцаатай ашиг олох зорилгоор тогтмол үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн хооронд байгуулахаар заасан байдаг. Талууд нь төрийн зорилт чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд учир дээрх гэрээний зохицуулалтад хамаарахгүй

Анхан шатны шүүх дээрх тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан тохиролцоог Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэв.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 489,692,814 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Үүнтэй холбогдуулан алдангийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй.

 

5. Хариуцагч нь гэрээний зарим хэсэг буюу гэрээний 2.2, 2.3, 3.1.4, 3.2.1 дэх заалтууд болон гэрээний эргэн төлөлтийн хуваарийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлээ баримтаар нотлоогүй гэж анхан шатны шүүх дүгнэж хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т нийцсэн, үүнд холбогдох давж заалдах гомдлыг хангахгүй.

Мөн хариуцагч байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулсан, тэдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийн эрх, үүргийг хэрэгжүүлж байсан учир 1 итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэх гомдлыг хангахгүй.

Хариуцагчаас нэхэмжлэгч байгууллагын хуулийн этгээдийн бүртгэлд холбогдох баримт, А ХК болон Г ХХК-ийн гэрээ байгуулах үндэслэл болсон тендерийн баримт зэргийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШЗ2022/04624 дугаар захирамжаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй гэж дүгнэж хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлтэй. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буй тул улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилтад өөрчлөлт оруулна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2023/02556 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч В ТӨААТҮГ-аас 979,385,629 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 489,692,814 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч А ХК-д холбогдуулан гаргасан 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаар хамтран ажиллах гэрээний 2.2, 2.3, 3.1.4, 3.2.1 дахь заалтууд болон гэрээний хавсралт болох хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн графикийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч В ТӨААТҮГ-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэх заалт нэмж,

2 дахь заалтыг 3 гэж дугаарлан, уг заалтын хариуцагч Б төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 6,840,216 төгрөг гэснийг хариуцагч В ТӨААТҮГ-аас 5,054,878 төгрөг гэж өөрчилж,

3 дахь заалтыг 4 гэж дугаарлан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Т.БАДРАХ