Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 165

 

В.Б-, С.Д- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч С.Д- ийн өмгөөлөгч Д.Батдулам, Б.Д- , нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1675 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1448 дугаар магадлалтай, С.Д- , В.Б- нарт холбогдох хэргийг шүүгдэгч С.Д-, түүний өмгөөлөгч Д.Батдулам нарын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ***,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт В-н Б-,

2. Монгол Улсын иргэн, 1976 оны 06 сарын 01-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 44 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***, ам бүл 4, ял шийтгэгдэж байгаагүй, Д овогт С-н Д- .

Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ хүнс” дэлгүүрийн арын нийтийн байранд хохирогч С.Д- ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Д-  нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2020 оны 01 дүгээр сарын 13, 01 дүгээр сарын 23, 04 дүгээр сарын 25, 07 дугаар сарын 25-ны өдрүүдэд мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гарган гарын үсэг зурсны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө иргэн Н-г өөрийн биед гэмтэл учруулсан гэж зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх В.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, С.Д- ийг мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Б-д 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Д- ийн өмгөөлөгч Д.Батдуламын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Д-д хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...Миний бие хүргэн ах В.Б-д зодуулж биедээ хөнгөн гэмтэл авсан нь үнэн. Тэрээр гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн. Би хүргэн ахад зодуулсан тэр мөчид түүнд зодуулснаа үнэхээр санахааргүй их согтолттой байсан, зодуулчихаад нийтийн байрныхаа гадаа унтсан байсан. Гэтэл манай байранд амьдардаг Болдбаатар миний утас руу залгаад би шагнуулсан манайхаар ороод ир гэхэд нь орох гэтэл түүний дүү гэх Н- оруулахгүй гээд намайг түлхээд хаалгаа түгжсэн. Харин би түүний дүү Н-д зодуулчихлаа гэж дүү С.П- руу залгахад миний дүү нөхөртэйгөө ирээд цагдаа дуудаж, Б-д байсан нэг согтуу хүнийг эрүүлжүүлэх рүү авч явсан. Харин тухайн өдрөөс 12 хоногийн дараа 2020.01.13-ны өдөр цагдаагийн газар очиж мэдүүлэг өгөх хүртэл би тухайн өдөр надад хэн гэмтэл учруулсныг үнэхээр мэдээгүй. Н- гэх хүнд зодуулсан гэсэн бүрэн дүүрэн ойлголттой байсан, санамсаргүй байдлын улмаас худал мэдүүлж ямар ч буруугүй хүнийг гүтгэсэндээ маш их харамсаж байна. Миний бие эхнэр, хүүхдийн хамт нийтийн байранд жижүүр хийж амьдардаг, би гараад ажил хөдөлмөр эрхэлж, архи уухгүй амьдрах зорилготой байгаа болно. Иймд шүүх бүрэлдэхүүн миний хувийн байдал болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг торгуулийн ял болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд С.Д- ийн өмгөөлөгч Д.Батдулам гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх хуралдаанд С.Д-  нь нүүрэн тус газраа гэмтэл авч ухаан балартсан, эхнэр Д- нь чамайг урд хаалганы Н- зодсон гэж итгүүлсний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв тусган авч чадаагүйн улмаас бодит байдлаас зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Энэ нь хамгийн анх 102-ын дуудлагаар ирсэн цагдаа Г.Батсайханы гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогдож байна гэсэн үндэслэлд ямар ч дүгнэлт хийгээгүй, магадлалд тусгаагүй байна. Мөн насанд хүрээгүй гэрч Д.О-н мэдүүлэг нь ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг байлцуулан авсан бөгөөд үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлдэг. С.Д-  нь эрүүл мэнд, сэтгэл санаа, гэр бүлийн хүний бодит нөхцөл байдлын зөрүүтэй тайлбарын улмаас гэрчээр зөрүүтэй мэдүүлэг өгсөн байтал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгасан нь үндэслэлгүй, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Дээрх байдлыг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлэх эсвэл хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч С.Д- ийн өмгөөлөгч Б.Д-  хэлсэн саналдаа “Миний үйлчлүүлэгч С.Д-  нь анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон байна. С.Д-  нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гэрч, яллагдагчийн мэдүүлэг өгөхдөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар бие махбодын, сэтгэл санааны албадлагын, эд хөрөнгийн, албан тушаалын, бусад байдлаар эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзаагүй. Учир нь гэрч С.П-н мэдүүлгээр н.От- С.Д- той маргалдаж, ямар нэгэн шаардлага тавьсан болох нь нотлогддог. Дээрх нөхцөл байдлаас харахад миний үйлчлүүлэгч С.Д-  нь бусдын ятгалга буюу эрхшээлд байсан байх боломжтой. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож тогтоогдсон. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр төөрөгдөлд орсон гэх үйл баримт үгүйсгэгдсэн бөгөөд шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг зөв зүйлчилж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул анхан шатны шүүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Д-, түүний өмгөөлөгч Д.Батдулам нарын гаргасан гомдлыг үндэслэн С.Д- , В.Б- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

В.Б- нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ хүнс” дэлгүүрийн арын нийтийн байранд өөрийн хүргэн дүү С.Д- ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, С.Д-  хохирогчоор удаа дараа мэдүүлэг өгөхдөө иргэн иргэн Н-г өөрийн биед гэмтэл учруулсан гэж зориуд худал мэдүүлж, бусдыг гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч В.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч С.Д- ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч В.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохироогүй байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзвэл, шүүгдэгч С.Д-  тухайн үед эрүүл мэндэд нь хохирол учирсан хохирогч бөгөөд шүүгдэгчтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байдал нь түүнийг “худал мэдүүлэг” өгөх шалтгаан болсон, тэрээр өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж ял оногдуулах нь зүйтэй байна.

Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ. 

Иймд шийтгэх тогтоол, магадлалд шүүгдэгч С.Д- ид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан өөрчлөлтийг тус тус оруулж, шүүгдэгч С.Д-  болон түүний өмгөөлөгч Д.Батдулам нарын гаргасан “...ял хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1675 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1448 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч С.Д-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй”,

“С.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суух газар газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Д-, түүний өмгөөлөгч Д.Батдулам нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

 

ДАРГАЛАГЧ                             С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ                                      Б.БАТЦЭРЭН

                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                  Ч.ХОСБАЯР

                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН