Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2019/0295

 

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2019/0295

Улаанбаатар хот

     

 О.Э-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0190 дүгээр шийдвэртэй, О.Э-ын нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч О.Э болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нарын давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0190 дүгээр шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 286 дугаар зүйлийн 286.7, Цагдаагийн албаны тухай хууль /2017 он/-ийн 86 дугаар зүйлийн 86.2, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, 6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Э-с Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6/614 дүгээр тушаалын 3 дугаар заалтыг хүчингүй” гэсэн шаардлагыг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6/614 дүгээр тушаалын 2 дугаар заалтыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч О.Э давж заалдах гомдолдоо: ... шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дугаар хуудасны хүснэгтийн 2-т “Дүүрэнгийн Засан хүмүүжүүлэх колонид жижүүрийн офицероор 1985.06.29-1990.06.01 хугацаанд гэж, хүснэгтийн 3-т “Засан хүмүүжүүлэх 0409 дүгээр ангид жижүүрийн офицероор 1990.06.01-1990.09.25 хугацаанд" гэж үндэслэсэн нь буруу байна. Хэрэгт авагдсан Тагнуулын ерөнхий газрын 2018 оны 05/2708 дугаар архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Төв архивын 2018 оны 26/191 дүгээр архивын лавлагаагаар нэхэмжлэгч нь 1985.06.29 - 1990.09.25 хугацаанд Дүүрэн дэх ЗХХ-ийн колони 0409 ангид ажиллаж байсан бөгөөд нэг хорих ангийг өөр өөр анги гэж үндэслэсэн нь буруу байна. Мөн тус колони нь тухайн үед чанга дэглэмтэй буюу одоогийн хаалттай хорих анги тул 1 жил ажилласан хугацааг 1 жил 3 сар гэж тооцож, нэмэгдэл 1 жил 3 сарыг нэмж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх,

Мөн үндэслэх хэсгийн 11 дүгээр хуудаст “ үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь 1994-1997 онд ... Цагдаагийн албаны тухай хуулийн зохицуулалтын дагуу ажилласан жилийн нэмэгдэл авах үндэслэлгүй байна” гэж үндэслэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан Цэргийн алба хаасан, цагдаагийн байгууллагад ажилласан хугацааны тухай нотлох баримтад нэхэмжлэгчийн 1994.06.01-1997.05.28 хугацаанд Чойрын цагдаагийн хэлтэст ажилласан хугацааг Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т заасны дагуу 8 сар 20 хоногийн нэмэгдлийг ажил олгогч өөрөө тооцож олгосныг шүүх үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т заасны дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 онд баталсан ажлын байр /албан тушаал/-ын жагсаалтын 5-д заасан эрүүгийн төлөөлөгч, эдийн засгийн ахлах төлөөлөгч, эдийн засгийн төлөөлөгч нарын ажлын байр /албан тушаал/ хамаарч байгаа тул нэмэгдэл 8 сар 20 хоногийг хуульд заасны дагуу нэмж олгох,

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2001 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/290 дүгээр тушаалаар Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр томилж тус албан тушаалд 2.2 жил ажилласан байна. Тус албан тушаал нь 1996 онд батлагдсан Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтан нь шийдвэр гүйцэтгэгч болох хорих байгууллагын албан хаагчаас бүрдэнэ. Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтан төрийн төлөөлөгч мөн” гэж, мөн зүйлийн 8.2-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь Улсын ерөнхий гүйцэтгэгч, шадар гүйцэтгэгч, ахлах гүйцэтгэгч, гүйцэтгэгчдээс бүрдэнэ” гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтан цэргийн цол, дотоодын цэргийн дүрэмт хувцастай байна.” гэж тус тус заасны дагуу цэргийн цолтойгоор Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтнаар томилогдох байсан боловч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэн найруулагдаж бүх ахлах болон шийдвэр гүйцэтгэгч нар энгийн болно, эсвэл хууль батлагдсаны дараа цэргийн цолыг нөхөж олгоно гэсэн үндэслэлээр энгийнээр томилсон байна. Нэхэмжлэгчийн тасгийн даргаар ажилласан хугацаанд батлаагүй хуулийг хэрэглэсэн, эсвэл цэргийн цолыг нөхөн олгон гэж тухайн албан тушаалд энгийнээр томилсон нь  нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцоогүй, мөн засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид ээлжийн даргаар ажилласан хугацааны нэмэгдлийг ажилласан жилд оруулан тооцоогүй нь нэхэмжлэгчийн цэргийнээр ажилласан жил тогтоох, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ зэрэгт нөлөөлж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь  зөрчигдөж байна.

Өөрөөр хэлбэл, 1996 онд батлагдсан Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу тасгийн даргаар ажилласан 2.2 жилийн хугацааг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд оруулан тооцоогүй нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байгаа тул ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажилласан 2 жил 2 сарын хугацааг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд тооцуулах юм.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0190 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С давж заалдах гомдолдоо: ...  “Нэхэмжлэгчийн Дүүрэнгийн засан хүмүүжүүлэх колонид жижүүрийн офицероор 1985.06.29-1990.06.01 өдөр хүртэл 4 жил 11 сар З өдөр ажилласан байдалд нэмэгдэл олгох, тэтгэвэрт тогтоолгох тооцооллыг хийх цаг хугацааны буюу маргаан бүхий акт гарсан 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрх зүйн хэм хэмжээ, зохицуулалтыг баримтлах нь үндэслэлтэй байна.” гэсэн үндэслэлгүй байна.

 Тухайлбал, Сайд нарын зөвлөлийн 1980 оны 413 дугаар тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа бөгөөд нэхэмжлэгчийн тухайн үед /1985-1990 он/ ажиллаж байсан байгууллагыг одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 286 дугаар зүйлийн 286.7-д заасан хугацаатай адилтган үзэх боломжгүй юм. Мөн хавтас хэрэгт уг тогтоол авагдаагүй бөгөөд өмнөх хуулийн заалтыг буцаан хэрэглэх, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй болно.

Шүүх “маргаан бүхий актын 2 дахь заалтаар хариуцагч байгууллагын нэхэмжлэгчийн ажилласан жилийг тооцоолж гаргасан тооцоолол буруу байгаа үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлтэй байх тул ...” гээд маргаан бүхий актын 3 заалтыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно." гэж заасан.

Энэ нь алба хаагчийн цэргийн цолтой алба хаасан нийт хугацааг тооцож түүнд нэг удаагийн тэтгэмжийг түүний сүүлд ажиллаж байсан цэргийн байгууллага олгодог. Гэтэл шүүхийн бодож гаргасан нэхэмжлэгчийн уг хуульд заасан цэргийн албыг цэргийн цолтой хаасан хугацаа нь 25-аас доошгүй жил хүрэхгүй байх тул маргаан бүхий актын 3 дахь заалтыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн төрийн тусгай албанд нийт ажилласан хугацаа болон цэргийн цолтой ажилласан жилийн хугацааг буруу тооцоолж гаргасан байна. Тухайлбал, нэхэмжлэгч төрийн тусгай албанд нийт 24 жил, 11 өдөр ажилласан бөгөөд цэргийн цолтойгоор 21 жил, 10 сар 19 хоног, энгийн /цэргийн цолгүй/-ээр 02 жил, 01 сар, 22 өдөр ажилласан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээр цэргийн болон энгийнээр ажилласан жилийн хугацаагаа бодуулан 26 жил 08 сар 20 өдрөөр тооцуулан цэргийн алба хаагчийн бүрэн тэтгэвэр тогтоолгосон авч байгаа болно.

Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор үнэлээгүй, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0190 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн зарим үйл баримттай холбоотой ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хууль буруу хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч О.Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/614 дүгээр тушаалын 2 дахь заалтаар ажилласан хугацааны нэмэгдлийг дутуу тооцож цэргийн албанд ажилласан жилийг 21 жил 10 сар 19 хоногоор тооцсон, 3 дугаар заалтаар тэтгэмжийг олгохдоо ажилласан жил дутуу тооцсонтой холбоотойгоор дутуу олгосон гэж үзэж, уг заалтуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “ ... “Дүүрэнгийн Засан хүмүүжүүлэх колонид жижүүрийн офицероор 1985.06.29-1990.06.01 хугацаанд” гэж, хүснэгтийн 3-т “Засан хүмүүжүүлэх 0409 дүгээр ангид жижүүрийн офицероор 1990.06.01-1990.09.25 хугацаанд" гэж нэг хорих ангийг өөр анги гэж үндэслэсэн буруу ... мөн тус хорих анги чанга дэглэмтэй буюу одоогийн хаалттай хорих анги байсан байхад нэмэгдэл тооцохдоо нээлттэй хорих ангид ажиллаж байснаар тооцсон нь буруу” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтад 409 дүгээр анги[1], Дүүрэн дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колони[2] гэж заасан бөгөөд энэ нь нэг байгууллага болох талаар болон тухайн үед ямар дэглэмтэй хорих анги байсан талаар баримт байхгүй байх тул уг нөхцөл байдлыг тодруулах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 286 дугаар зүйлийн 286.7-д “... хаалттай хорих ангид ажилласан 1 жилийг 1 жил 3 сар, ... нээлттэй хорих ангид бол 1 жил 2 сараар” тооцохоор заасны алийг нь хэрэглэх талаар дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байна.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “...  Чойрын цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст эдийн засгийн албаны ахлах төлөөлөгч болон эдийн засгийн төлөөлөгчөөр ажилласан хугацааг ажил олгогч өөрөө тооцож олгосныг шүүх үгүйсгэх үндэслэлгүй ...” гэжээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т “Цагдаагийн алба хаагчийн албадан эрүүлжүүлэх, саатуулах байр, улсын онц чухал обьектын хамгаалалтад болон замын хөдөлгөөн зохицуулах, эргүүл, харуул, жижүүрийн албанд ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар, цагдаагийн байгууллагын нууцалбал зохих албанд гүйцэтгэх ажилтнаар ажилласан 1 жилийг 1 жил 4 сараар тус тус тооцно.” гэж заасан байна.

Уг хуулийн заалтад цагдаагийн алба хаагчийн албан тушаалын нэрээр биш, аль албанд ямар үүрэг гүйцэтгэж байгаагаар нь ажилласан жилийн нэмэгдэл тооцохоор заасан байх тул нэхэмжлэгчийн цагдаагийн байгууллагад ажиллаж байсан эрүүгийн төлөөлөгч, эдийн засгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгчийн  албан тушаалын ажлын байрны тодорхойлолтоор чухам ямар ажил үүрэг гүйцэтгэдэг байсныг тодруулах, мөн ажиллаж байсан цагдаагийн байгууллага нь “8 сар 20 хоног” нэмэгдэл тооцохоор тодорхойлолт гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй байх тул Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар тодруулга авч, уг хуулийн дагуу нэмэгдэл тооцох эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.  

3. Нэхэмжлэгч нь Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга, албаны дэд дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгчээр томилогдох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиар цэргийн цолтой томилох ёстой атал энгийнээр томилсон 2,2 жилийн хугацааг цэргийн албанд ажилласанд тооцоогүйг буруу гэж маргасан байхад шүүх маргаанд холбогдолгүй 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн “цэргийн албанд ажилласан жилийн нэмэгдэл тооцох” талаар зохицуулсан заалтыг хэрэглэж нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч О.Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2001 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/290 дүгээр тушаалаар Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр томилоход цэргийн цолгүй энгийнээр томилсон нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /1996 оны/ 8 дугаар зүйлийн 8.2-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь Улсын ерөнхий гүйцэтгэгч, шадар гүйцэтгэгч, ахлах гүйцэтгэгч, гүйцэтгэгчдээс бүрдэнэ.” гэж, 9 дүгээр зүйлийн 9.2-т “Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтан цэргийн цол, дотоодын цэргийн дүрэмт хувцастай байна” гэж тус тус заасанд нийцээгүй байна.

Тухайн үед нэхэмжлэгч энэ талаар маргалгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болох нь тогтоогдож байна. Гэвч тухайн үеийн албан тушаалд томилогдохтой холбоотой хөдөлмөрийн харилцаанд маргаан үүсгээгүй явдал нь одоо цэргийн тэтгэвэр тэтгэмж, тогтоохтой холбоотой харилцаанд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах, тухайн үед цэргийн цолтой томилогдсон адил албан тушаал эрхэлж байсан албан хаагч нараас тэгш бус, ялгавартай хандах үндэслэл болохгүй.

Иймд дээрх 1996 оны хуулийн дагуу цэргийн цолтой, дүрэмт хувцастайгаар ажиллах ёстой шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан буюу ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан нь тогтоогдож байх тул Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно.” гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан хугацааг цэргийн албанд ажилласан хугацаанд оруулж тооцохоор байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гомдолдоо “... Сайд нарын зөвлөлийн 1980 оны 413 дугаар тогтоолыг баримталж нэмэгдэл тооцох үндэслэлгүй” гэх боловч нэхэмжлэгчийн маргаж буй харилцаанд цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой харилцааг зохицуулсан одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн зохицуулалтыг баримтлахаар байна. Мөн хорих ангийн дэглэм өөрчлөгдсөнтэй холбоотой жилийг тооцохдоо 01 дүгээр сарын 01-ээс 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацааг нэг бүтэн жилд тооцно, 2018 онд 5 сар хүртэл ажилласан тул бүтэн жил болоогүй гэх тайлбарт анхан шатны шүүх нэхэмжлэгчийн  ажилласан 12 сарыг нэг жилээр тооцох талаар зөв дүгнэж нэхэмжлэлийг хангажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг үндэслэлтэй дүгнэсэн боловч хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий дээр дурдсан баримтуудыг бүрэн цуглуулж, нотлох үүргээ хэрэгжүүлсний үндсэн дээр энэхүү маргааныг хянан шийдвэрлэх нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 


[1] Хэргийн 38, 84 хуудас

[2] Хэргий 31, 115, 126 хуудас