Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 190

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С даргалж, О.Э-ын нэхэмжлэлтэй, ШШГЕГД-д холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн агуулга

1.1. Нэхэмжлэгч О.Э 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ[3]:

О.Э нь 1985 онд НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийг /хуучин нэрээр/ хуульч мэргэжлээр төгсөж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон Цагдаагийн төв орон нутгийн байгууллагуудад ээлжийн дарга, гадна хамгаалалтын офицер, тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, мөрдөн байцаагч, эрүү, эдийн засгийн ахлах төлөөлөгч зэрэг ажлуудыг өөрийн биеэр 22,4 жил, нэмэгдэл 3,9 жил нийт 26,4 жил ажиллаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Г******* аймаг дахь Хорих 425 дугаар нээлттэй хорих ангид ээлжийн дарга, хошууч цолтойгоор ажиллаж байгаад Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэврийн насны хязгаарт хүрсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6/614 дугаар тушаалаар тэтгэвэрт гарсан.

Дээрх хугацаанд алба хаахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2001 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/290 дугаар тушаалаар Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр томилж тус албан тушаалд 2,2 жил ажилласан байна. Тус албан тушаал нь 1996 онд батлагдсан Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтан нь шийдвэр гүйцэтгэгч болон хорих байгууллагын албан хаагчаас бүрдэнэ. Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтан төрийн төлөөлөгч мөн гэж, мөн зүйлийн 8.2 дахь хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь Улсын ерөнхий гүйцэтгэгч, шадар гүйцэтгэгч, алхах гүйцэтгэгч, гүйцэтгэгчдээс бүрдэнэ гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтан цэргийн цол, дотоодын цэргийн дүрэмт хувцастай байна гэж тус тус заасны дагуу цэргийн цолтойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнаар томилогдох байсан боловч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэн найруулагдаж бүх ахлах болон шийдвэр гүйцэтгэгч нар энгийн болно, эсвэл хууль батлагдсаны дараа цэргийн цол нөхөж олгоно гэсэн үндэслэлээр энгийнээр томилсон байна.

Мөн тус газрын Дүүрэнгийн Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид ээлжийн даргаар ажилласан 1985 оноос 1990 онуудад ажилласан 5,2 жилийн нэмэгдэл 1,3 жилийг офицерийн бүрэлдэхүүнд хамаарахгүй гэсэн үндэслэлээр хасаж тооцсон нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Одоогийн нөхцөл байдлаар төв болон орон нутгийн бүх хорих ангид ажиллаж байгаа нийт албан хаагчид ажилласан жилийн хугацааны нэмэгдлийг авч байгаа болно.

Нэхэмжлэгчийн тасгийн даргаар ажилласан хугацаанд батлаагүй хуулийг хэрэглэсэн, эсвэл цэргийн цолыг нөхөн олгоно гэж тухайн албан тушаалд энгийнээр томилсон нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж тухайн албан тушаалд энгийнээр томилсон нь цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцоогүй, мөн засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид ээлжийн даргаар ажилласан хугацааны нэмэгдлийг ажилласан жилд оруулан тооцоогүй нэхэмжлэгчийн цэргээр ажилласан жил тогтоох, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ зэрэгт нөлөөлж эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол нь зөрчигдөж байна.

Өөрөөр хэлбэл 1996 онд батлагдсан Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу тасгийн даргаар ажилласан 2,2 жилийн хугацааг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд оруулан тооцоогүй тус хугацааны нэмэгдэл 0,5 жил олгоогүй, мөн ээлжийн даргаар ажилласан хугацааны нэмэгдэл 1,3 жилийн хугацааг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд оруулан тооцоогүй нь нэхэмжлэгчийн цэргийн албанд нийт 26.4 жил ажилласан хугацааг цэргийн албанд нийт 21 жил 10 сар 19 хоног ажилласан гэж хууль бус захиргааны акт гаргасан байна. Иймд хариуцагчийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6/614 дүгээр тушаалын 2 дугаар заалтыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Хоёр. Хариуцагч талын шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга:

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа[4]:

... Нэхэмжлэгч О.Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Г******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангийн ээлжийн даргаар ажиллаж байгаад тус хорих ангийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01/478 дугаар албан бичгээр ээлжийн дарга, хошууч О.Э-ын тэтгэвэрт гарах хүсэлтийг ирүүлсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/614 дүгээр тушаалаар цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.

Иргэн О.Э нь 1990-2001 онд Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн харьяа 0409 дүгээр ангид жижүүрийн офицер, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 2002 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/290 дүгээр тушаалаар Дорноговь аймаг Шүүхийн шийдвэр биелүүлэх тасгийн дарга /энгийнээр/, Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 2002 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/540 дугаар тушаалаар Дорноговь аймаг дахь ШГА-ны дэд дарга, ахлах гүйцэтгэгч, /энгийн/-ээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2003 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн б/660 дугаар тушаалаар албан тушаалаас халагдсан байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн б/184 дүгээр тушаалаар Г******* аймаг дахь ШГА-нд хянагчаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн б/273 дугаар тушаалаар тус албанд гадна хамгаалалтын офицер, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний б/245 дугаар тушаалаар тус албанд ээлжийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн б/614 дүгээр тушаалаар цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлөгдсөн.

Ахмад настан О.Э нь төрийн тусгай байгууллагад 20 жил 09 сар, үүнээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 13 жил 05 сар ажилласан байна.

Ахмад настан О.Эыг тэтгэвэр тогтоолгох үед Хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн биечлэн уулзаж таны төрийн тусгай албанд ажилласан жил 25-аас дээш жил хүрэхгүй байх тул цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгож, 18 сарын тэтгэмж авах боломжтой, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан болзол хангасан цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно гэж заасны дагуу иргэний байгууллагад ажилласан материалаа бүрдүүлж, Г******* аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсээр хянуулж бодуулан, тэтгэвэр тогтоолгохдоо оруулах боломжтойг тус тус тайлбарлаж байжээ.

Түүнчлэн ахмад настан О.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч-тай биечлэн уулзаж тэтгэврийн бодолтыг нэг бүрчлэн бодож танилцуулсан байна. Үүнд:

-1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 9 жил 24 хоног /сургууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласан хугацаа/ Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 05/2708 лавлагаа,

-1990 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 2 жил 1 сар 20 хоног /Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтсээс ирүүлсэн бодолт 6 сарын хуулийн нэмэгдэлтэй нийт 2 жил 7 сар 20 хоног/

- 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 2 жил 11 сар 27 хоног /Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын лавлагаа 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 23-08/1486/

-2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон бодоход 6 жил 1 сар 8 хоног /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласан хугацаа/

-Хуулийн нэмэгдэл 2013, 2014, 2015 онд 3 сар, /Г******* аймаг дахь шүүхийн гүйцэтгэх алба хорих анги болгон өөрчилсөн тул 2016, 2017 онд 2 сар /нийт 1 жил 1 сар/

-Цэргийн албанд нийт 21 жил 10 сар 19 хоног болж байх тул хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон байна.

О.Э нь 2001 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2003 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэрийн байгууллагын албанд тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгчээр энгийнээр ажиллаж байсан тул Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд цэргийн жинхэнэ алба болон тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авилгатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно. гэж заасны дагуу иргэний байгууллагад ажилласан хугацаа орохгүй тул хувь тэнцүүлсэн тэтгэвэрт гаргасан байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хошууч О.Э-ын хувь тэнцүүлсэн цэргийн тэтгэвэрт гарах хүсэлтийг өгсөн тул хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн б/614 дүгээр тушаалаар цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлсөн.

Мөн Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн даргаар 2001 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2003 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл энгийнээр ажиллаж байсан тул Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох хугацаанд оруулах боломжгүй, Дүүрэнгийн Засан хүмүүжүүлэх колонид 1985 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан хугацааг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд оруулан тооцсон бөгөөд тухайн ажилласан хугацаанд ээлжийн даргын албан тушаалд хуулийн нэмэгдэл олгохоор заагаагүй бөгөөд сайд нарын зөвлөлийн 1980 оны 413 дугаар тогтоолоор 1980-1993 онуудад ажиллаж байсан хянагч, хянагч-сувилагчийн албан тушаалд 3 сарын нэмэгдэл тооцож олгож байна.

Иймд иргэн О.Э-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/614 дүгээр тушаалаар цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор албан тушаалаас чөлөөлсөн нь холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэргийг нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байгаа тайлбар, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцааж байгаа тайлбаруудыг хэрэгт цугларсан баримттай харьцуулан шинжлэн судалж, үнэлж дүгнэн, маргаан бүхий татгалзлын хууль зүйн үндэслэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хуулийн зохицуулалт, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд холбогдуулан дор дурдсан үндэслэл, дүгнэлтээр анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэв:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага, маргаж буй зүйлийн талаар:

Анх нэхэмжлэгч О.Э-аас гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6/614 дүгээр тушаалын 2 дугаар заалтыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийн дагуу шүүхээс 128/2018/0926/3 индекстэй захиргааны хэрэг үүсгэжээ[5].

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6/614 дүгээр тушаалын 3 дахь заалтыг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлжээ

Маргаан бүхий актын 2 дугаар заалтаар О.Э-ыг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цэргийн албанд биеэр 20 жил 09 сар 19 хоног Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласан хугацааны нэмэгдэл 01 жил 01 сарыг нэмж тооцон, цэргийн албанд нийт 21 жил 10 сар 19 хоног ажилласнаар тооцсугай. гэж, актын 3 дугаар заалтаар О.Э-т 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг зохих журмын дагуу олгохыг Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газар /дэд хурандаа С.Б/-т зөвшөөрсүгэй. гэжээ.

Нэхэмжлэгчээс 1.цэргийн албанд өөрийн биеэр 22,4 жил, нэмэгдэл 3,9 жил нийт 26.4 жил ажилласан байхад маргаан бүхий актаар ажилласан жилийг бууруулан тооцсон нь хууль бус, 2.цэргийн албанд нийт 26.4 жил ажилласан тул 18 сар биш 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн мөнгө авах үндэслэлтэй гэж маргажээ.

Хоёр.Маргааны үйл баримтын талаар

1. Нэхэмжлэгч О.Э нь 1981 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Цагдаа, тагнуулын дээд сургуульд сонсогчоор орж суралцсан байна.[6]

2. 1985 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс Дүүрэнгийн Засан хүмүүжүүлэх колонид жижүүрийн офицероор томилогдсон гэдэг нь тогтоогдож байна.[7]

3.Тэрээр 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Засан хүмүүжүүлэх 0409 дүгээр ангид жижүүрийн офицероор, ахлах дэслэгч цолтойгоор томилогдон ажилласан. Улмаар 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэдэг нь тогтоогдож байна[8].

4.Ажилчин дүүрэг дэх цагдан сэргийлэх хэлтэст жижүүрийн мөрдөн байцаагч /ахлах дэслэгч цолтой/-аар 1990 оны 08 дугаар сарын 26-ний өдрөөс томилж, 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ[9].

5.Үүний дараа Чойрын цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч /ахлагч цолтой/-оор 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс, Г******* аймгийн цагдаагийн хэлтсийн эдийн засгийн төлөөлөгчөөр 1995 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс, 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Г******* аймгийн цагдаагийн хэлтэст эдийн засгийн албаны ахлах төлөөлөгчөөр ажиллаж байгаад 1997 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа чөлөөлөгджээ.[10]

6.Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн даргаар 2001 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс томилогдож, 2002 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс Дорноговь аймаг дахь шийдвэр гүйцэтгэлийн албаны дэд дарга, ахлах гүйцэтгэгчээр томилогдож, 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдөр уг албан тушаалаас халагджээ.[11]

7.Үүний дараа нэхэмжлэгч нь Г******* аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны хянагчаар 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс томилогдож, 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс хамгаалалтын офицероор дэвшүүлэн томилогдсон. Улмаар Г******* аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны ээлжийн даргаар 2016 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс шилжүүлэн томилж, бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулж албан тушаалаас чөлөөлж, Г******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн харуул хамгаалалтын хэлтсийн хошууч цолтойгоор ээлжийн даргын албан тушаалд томилжээ. Нэхэмжлэгчийг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс цэргийн ахмад цолыг сэргээн олгож, 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс цэргийн хошууч цол олгожээ.[12]

8.О.Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6/614 дугаар тушаал[13]аар өндөр насны тэтгэвэртээ гарсан байна.

Нэхэмжлэгчийн дээр дурдсан ажилласан жил, түүний нэмэгдлийг хүснэгтээр харуулбал:

Ажилласан байгууллага, албан тушаал

Ажилласан Огноо

Ажилласан жил

Нэмэгдэл

1.

Цагдаа, тагнуулын дээд сургуульд сонсогч

1981.09.01-1985.06.29

3 жил 10 сар

 

2.

Дүүрэнгийн Засан хүмүүжүүлэх колонид жижүүрийн офицероор-шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад

1985.06.29-1990.06.01

4 жил 11 сар 3 өдөр

8 сар

3.

Засан хүмүүжүүлэх 0409 дүгээр ангид жижүүрийн офицероор, ахлах дэслэгч цолтойгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад

1990.06.01-1990.09.25

3 сар 24 өдөр

 

4.

Ажилчин дүүрэг дэх цагдан сэргийлэх хэлтэст жижүүрийн мөрдөн байцаагч /ахлах дэслэгч цолтой/-цагдаагийн байгууллагад

1990.09.26-1992.11.16

2 жил 1 сар 20 өдөр

6 сар

5.

Чойрын цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч /ахлагч цолтой/-оор, Г******* аймгийн цагдаагийн хэлтсийн эдийн засгийн төлөөлөгчөөр, Г******* аймгийн цагдаагийн хэлтэст эдийн засгийн албаны ахлах төлөөлөгчөөр- цагдаагийн байгууллагад

1994.06.01-1997.05.28

3 жил

 

6.

Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн даргаар, Дорноговь аймаг дахь шийдвэр гүйцэтгэлийн албаны дэд дарга, ахлах гүйцэтгэгчээр-шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад

2001.05.17-2003.07.09

2 жил 1 сар 23 өдөр

 

7.

Г******* аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны хянагч, хамгаалалтын офицероор дэвшүүлэн томилогдсон. Улмаар Г******* аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны ээлжийн даргаар, Г******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн харуул хамгаалалтын хэлтсийн хошууч цолтойгоор ээлжийн даргын албан тушаалд томилжээ.

2012.03.26-2018.05.04

6 жил 1 сар 8 өдөр

2013, 2014, 2015 оны нэмэгдэл 9 сар, 2016, 2017, 2018 онд 6 сар нэмэгдэл, Нийт 1 жил 3 сар нэмэгдэл

 

Нийт ажилласан жил

24 жил 10 сар 18 өдөр

 

Нийт ажилласан жил:

22 жил 5 сар 18 өдөр

Нэмэгдэл:

2 жил 5 сар

 

Гурав.Маргаан бүхий актын 2 дугаар заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн талаар:

Дээр дурдсан маргааны үйл баримт, тооцооллоос нэхэмжлэгч талаас ажилласан жилийг тооцохдоо дор дурдсан нэмэгдлийг тооцоогүйн улмаас ажилласан жилийг дутуу тооцсон гэж маргасан бусад ажилласан жилийн тооцоололд маргаагүй байна:

3.1.Нэхэмжлэгчээс 1985-1990 онд 1 жил 3 сарын хугацааны цэргийн албаны нэмэгдэл тооцох байтал тооцоогүй гэж маргажээ.

Уг үндэслэлийг хариуцагчаас Сайд нарын зөвлөлийн 1980 оны 413 дугаар тогтоолоор 1980-1993 ондуудад ажиллаж байсан хянагч, хянагч-сувилагчийн албан тушаалд 3 сарын нэмэгдэл тооцож олгохоор заасан учир ээлжийн даргаар ажиллаж байсан нэхэмжлэгчийн ажилласан хугацааг хянагч, хянагч сувилагч гэж үзэх үндэслэлгүй тул уг нэмэгдлийг тооцоогүй. гэж няцаан тайлбарлажээ.

Нэхэмжлэгчийн Дүүрэнгийн засан хүмүүжүүлэх колонид жижүүрийн офицероор 1985.06.29-1990.06.01 өдөр хүртэл 4 жил 11 сар 3 өдөр ажилласан байдалд нэмэгдэл олгох, тэтгэвэрт тогтоолгох тооцооллыг хийх цаг хугацааны буюу маргаан бүхий акт гарсан 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрх зүйн хэм хэмжээ, зохицуулалтыг баримтлах нь үндэслэлтэй байна.

Энэ цаг хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг тооцоолох нарийвчилсан хэм хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 286 дугаар зүйлийн 286.7-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн баривчлах байр, цагдан хорих төв, цагдан хорих байр, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, хаалттай хорих ангид 1 жил ажилласан хугацааг 1 жил 3 сар, нээлттэй хорих анги, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад 1 жил ажилласан хугацааг 1 жил 2 сар ажилласанд тооцно. гэж зохицуулжээ.

Иймд нэхэмжлэгчийн Дүүрэнгийн засан хүмүүжүүлэх колонид жижүүрийн офицероор 1985.06.29-1990.06.01 өдөр хүртэл 4 жил 11 сар 3 өдөр ажилласан байдлыг дээрх хуулийн заалтын дагуу нээлттэй хорих анги, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад ажилласан-тай адилтган үзэж 1 жил ажилласан хугацааг 1 жил 2 сар ажилласанд тооцож нэхэмжлэгчийн ажилласан жилд 8 сарын нэмэгдэл тооцох үндэслэлтэй байна.

Харин хариуцагч талаас Сайд нарын зөвлөлийн 1980 оны 413 дугаар тогтоолоор 1980-1993 ондуудад ажиллаж байсан хянагч, хянагч-сувилагчийн албан тушаалд 3 сарын нэмэгдэл тооцож олгохоор заасан учир ээлжийн даргаар ажиллаж байсан нэхэмжлэгчийн ажилласан хугацааг хянагч, хянагч сувилагч гэж үзэх үндэслэлгүй тул уг нэмэгдлийг тооцоогүй. гэсэн тайлбар нь нэхэмжлэгчийн эрхийг дордуулсан шинжтэй өмнөх хуулийн заалтыг буцаан хэрэглэх, нэхэмжлэгчийг эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

3.2.Нэхэмжлэгчээс 1994-1997 онд ажилласан 8 сар 20 хоногийн цэргийн албаны нэмэгдэл хугацааг тооцоогүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нь Чойрын цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч /ахлагч цолтой/-оор 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс, Г******* аймгийн цагдаагийн хэлтсийн эдийн засгийн төлөөлөгчөөр 1995 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс, Г******* аймгийн цагдаагийн хэлтэст эдийн засгийн албаны ахлах төлөөлөгчөөр 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллаж байгаад 1997 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа чөлөөлөгджээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т Цагдаагийн алба хаагчийн албадан эрүүлжүүлэх, саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон замын хөдөлгөөн зохицуулах, эргүүл, харуул, жижүүрийн албанд ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар, цагдаагийн байгууллагын нууцалбал зохих албанд гүйцэтгэх ажилтнаар ажилласан 1 жилийг 1 жил 4 сараар тус тус тооцно. гэж зохицуулжээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь 1994-1997 онд цагдаагийн байгууллагад ажиллахдаа эрүүгийн төлөөлөгч, эдийн засгийн төлөөлөгчөөр ажилласан харин эрүүлжүүлэх, саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон замын хөдөлгөөн зохицуулах, эргүүл, харуул, жижүүрийн албанд ажилласан, цагдаагийн байгууллагын нууцалбал зохих албанд гүйцэтгэх ажилтнаар ажиллаагүй байх тул дээр дурдсан Цагдаагийн албаны тухай хуулийн зохицуулалтын дагуу ажилласан жилийн нэмэгдэл авах үндэслэлгүй байна.

3.3.Нэхэмжлэгчээс 2001-2003 оны ажилласан жилийг цэргийн албанд ажилласнаар тооцож нэмэгдэл тооцоогүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нь 2001-2003 онд Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн даргаар, Дорноговь аймаг дахь шийдвэр гүйцэтгэлийн албаны дэд дарга, ахлах гүйцэтгэгчээр ажиллаж байжээ.

Хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийг тэтгэвэр тогтоолгохтой холбогдуулан түүний ажилласан жилийг тооцоолох асуудлыг шийдвэрлэх үед үйлчилж байсан хуулийг хэрэглэх нь үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий тушаал 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гарсан бөгөөд энэ үед УИХ-аас 2017 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 286 дугаар зүйлийн 286.7-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн баривчлах байр, цагдан хорих төв, цагдан хорих байр, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, хаалттай хорих ангид 1 жил ажилласан хугацааг 1 жил 3 сар, нээлттэй хорих анги, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад 1 жил ажилласан хугацааг 1 жил 2 сар ажилласанд тооцно. гэж зохицуулжээ.

Иймээс нэхэмжлэгч нь 2001-2003 онд Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шийдвэр гүйцэтгэгч, ахлах гүйцэтгэгчээр ажиллаж байсан харин хорих байгууллагад ажиллаж байгаагүй байна. Иймээс хорих ангид ажилласан хугацаанд олгодог нэмэгдлийг эдлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлд дурдснаар УИХ-аас 1996 онд батлагдсан Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэгч болон хорих байгууллагад ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцох талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй байгааг дурдах нь зүйтэй.

Харин УИХ-аас 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь шийдвэр гүйцэтгэгч болон хорих байгууллагын албан хаагчаас бүрдэнэ., 132.3-д Шийдвэр гүйцэтгэгч нь Улсын ерөнхий гүйцэтгэгч, ахлах гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчээс бүрдэнэ., 137 дугаар зүйлийн 137.4-д Хорих байгууллагад ажилласан хугацааг тооцоход цагдан хорих байр, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, гяндан болон сүрьеэг эмчлэх ангид 1 жил ажилласан хугацааг 1 жил 3 сар, насанд хүрэгсдийн болон насанд хүрээгүйчүүдийн хорих ангид 1 жил ажилласан хугацааг 1 жил 2 сар ажилласанд тооцно. гэж заажээ.

3.4.Нэхэмжлэгчээс 2012-2018 онд дэглэм өөрчлөгдөхөд нэмэгдэл 2 сарыг тооцоогүй, хоригдолтой ажилласны нэмэгдлийг тооцоогүй гэж маргасан.

Уг үндэслэлд хариуцагчаас Хуулийн нэмэгдэл 2013, 2014, 2015 онд 3 сар буюу 9 сарын нэмэгдэл тооцсон Г******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор жирийн дэглэмтэй хорих анги болгон өөрчилсөн тул 2016, 2017 онд 2 сар, нийт 1 жил 1 сарыг нэмэгдэл болгож олгосон. 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс хойш тус хорих анги жирийн дэглэмтэй болсон учраас үүнээс хойш хугацааны нэмэгдэл 4 сар, нийт 13 сарын нэмэгдэл тооцсон байна. 2018 ондоо бүтэн ажиллаагүй тул нэмэгдэл тооцож бодохгүй. гэсэн няцаасан тайлбарыг өгчээ.

Маргааны үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Г******* аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны хянагч, хамгаалалтын офицероор дэвшүүлэн томилогдсон. Улмаар Г******* аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны ээлжийн даргаар, Г******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангийн харуул хамгаалалтын хэлтсийн хошууч цолтойгоор ээлжийн даргын албан тушаалд 2012.03.26-2018.05.04-ны өдөр хүртэл 6 жил 1 сар 8 өдөр ажилласан байна.

Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор Г******* аймаг дахь хорих анги нь жирийн дэглэмтэй хорих анги болгон өөрчилжээ.

Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 286 дугаар зүйлийн 286.7-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн баривчлах байр, цагдан хорих төв, цагдан хорих байр, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, хаалттай хорих ангид 1 жил ажилласан хугацааг 1 жил 3 сар, нээлттэй хорих анги, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад 1 жил ажилласан хугацааг 1 жил 2 сар ажилласанд тооцно. гэж заасны дагуу нэхэмжлэгчийн 2012.03.26-2016.03.26-ны хүртэлх ажилласан жил дээр 3 сараар буюу нийт 9 сарын нэмэгдэл, 2016.03.26-2018.05.04-ний өдөр хүртэл ажилалсан хугацаанд 2 сараар буюу нийт 6 сарын нэмэгдэл тооцон олгох нь үндэслэлтэй байна.

Энэхүү нэмэгдлийг бодохдоо баримталсан хуулийн заалтын талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй боловч хариуцагч талын 2018 ондоо бүтэн ажиллаагүй тул нэмэгдэл тооцож бодохгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

Нэгтгэн дүгнэхэд, маргааны үйл баримт, хууль зүйн дүгнэлтээс үзвэл нэхэмжлэгч нь цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нийт 22 жил 6 сар 3 өдөр ажиллаж, үүн дээр Цагдаагийн ерөнхий хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 286 дугаар зүйлийн 286.7-д заасны дагуу нийт 2 жил 5 сарын нэмэгдэл тооцуулан авах эрхтэй байх бөгөөд нийт ажилласан жил нь 24 жил 10 сар 18 өдөр ажилласан байна.

Гэтэл нэхэмжлэгч О.Э-ыг маргаан бүхий актаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн тэтгэвэрт гарах насны хязгаарт хүрч, 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан учир цэргийн албан хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоож, цэргийн албанд биеэр 20 жил 09 сар 19 хоног, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласан хугацааны нэмэгдэл 01 жил, 01 сарыг нэмж тооцон, цэргийн албанд нийт 21 жил 10 сар 19 хоног ажилласнаар тооцохдоо ажилласан жил, түүний нэмэгдлийг дутуу тооцож, ажилласан хугацааг буруу гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Маргаан бүхий актын 2 дугаар заалтаар нэхэмжлэгчийн ажилласан жил, түүний нэмэгдлийг буруу тооцоолсноос шалтгаалж нэхэмжлэгчийн нийт ажилласан жилдээ тохирсон тэтгэвэр, тэтгэмж авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Үүний учир маргаан бүхий актын 2 дугаар заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй.

Дөрөв.Маргаан бүхий актын 3 дугаар заалтыг хүчингүй болгох шаардлагын хууль зүйн үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэлийн шаардлагад хүчингүй болгуулахаар дурдсан маргаан бүхий актын 3 дугаар заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэв.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд Энэ хуулийн зорилт нь ... цагдаа, ...болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын .. офицер, ахлагч, ... цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч /энэ хуульд цаашид "цэргийн алба хаагч" гэх/ нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад  оршино. гэж зохицуулжээ.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1-ийн 5, 8-д заасны дагуу цагдаа... шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, ... цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч нь цэргийн тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй байна.

Уг хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно., 3 дахь хэсэгт Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно., 4 дэх хэсэгт Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан болзол хангасан цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно. гэж тус тус заажээ.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д 1.Цэргийн албан хаагчийн тэтгэврийг тогтоох, олгох ажлыг тухайн тэтгэвэр авагчийн алба хааж байсан ... цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага.... асуудал эрхэлсэн ... этгээд эрхлэн гүйцэтгэнэ. гэж, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно. гэж, 2 дахь хэсэгт Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно. гэж заасан.

Маргаан бүхий актын 2 дахь заалтаар хариуцагч байгууллагын нэхэмжлэгчийн ажилласан жилийг тооцоолж гаргасан тооцлол буруу байгаа үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлтэй байх тул уг тооцооллыг үндэслэн гаргасан маргаан бүхий актын 3 дахь заалтад дурдсан нэхэмжлэгчид олгосон 18 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох-той холбоотой тооцооллыг дахин тодруулах, дээр дурдсан хуулийн заалтуудын дагуу өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн ажилласан жил, түүний нэмэгдлийг тооцоолох ажлыг хийж гүйцэтгэн уг нэг удаагийн тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх нь хариуцагчийн бүрэн эрхэд хамаарахаар байна.

Тухайлан хэлбэл, нэхэмжлэгчийн 2001 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2002 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх цэргийн цолтой байсан үеийг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно., 3 дахь хэсэгт Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно., 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д 1.Цэргийн албан хаагчийн тэтгэврийг тогтоох, олгох ажлыг тухайн тэтгэвэр авагчийн алба хааж байсан ... цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага.... асуудал эрхэлсэн ... этгээд эрхлэн гүйцэтгэнэ. гэж заасны дагуу шийдвэрлэх боломжтой эсэхийг шинжлэн судлах боломж, цар хүрээ хариуцагч захиргааны байгууллагад олгогдсон байна.

Иймээс шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид нэмж тодруулах шаардлагатай гэж үзэн, уг нэмж тодруулах зүйлийн цар хүрээ, бүрэн эрх нь хуулиар хариуцагч захиргааны байгууллагад олгогдсон, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл актын 3 дахь хэсгийг түдгэлзүүлэн шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.11, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 286 дугаар зүйлийн 286.7, Цагдаагийн албаны тухай хууль /2017 он/-ийн 86 дугаар зүйлийн 86.2, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, 6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Эаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6/614 дүгээр тушаалын 2, 3 дугаар заалтыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6/614 дүгээр тушаалын 2 дугаар заалтыг хүчингүй болгуулах гэсэн шаардлагыг хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6/614 дүгээр тушаалын 3 дугаар заалтыг хүчингүй болгуулах гэсэн шаардлагыг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6/614 дүгээр тушаалын 2 дугаар заалтыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                   А.С