Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 280

 

 О.Эын нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                         Г.Банзрагч,

                                                    М.Батсуурь,

                                                    Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 6/614 дүгээр тушаалын 2 дахь заалтад заасан хугацааг зөвтгөн тооцох, 3 дахь заалтад заасан 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг зохих журмын дагуу зөв тооцож олгохыг хариуцагчид даалгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар  сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0094 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 290 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар  сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0094 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хууль /1996 он/-ийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.2, 137  дугаар зүйлийн 137.2, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Эаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 6/614 дүгээр 2 дахь заалтад заасан хугацааг зөвтгөн тооцох, 3 дахь заалтад заасан 36 сарын нэг удаагийн тэтгэмжийг зохих журмын дагуу тооцож олгохыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 290 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 94 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч О.Э, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүх шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0094 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 290 дугаар магадлалыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Үүнд:

4. Анхан болон Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 7 дугаар зүйлийн 2-т тус тус заасныг үндэслэж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 3 дугаар бүлгийн 19 дүгээр зүйлийн 1-т "Офицерын цол бүхий иргэн Монгол Улсын Зэвсэгт хүчний зохих албан тушаалд цэргийн алба хаахыг офицерын алба гэнэ" гэж, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Дотоодын цэргийн тухай /1995 оны/ хуулийн 13 дугаар зүйлд “Монгол Улсын цэргийн тангарагийг өргөж, дотоодын цэргийн аль нэг байгууллагад алба хааж, суралцаж байгаа Монгол Улсын иргэнийг дотоодын цэргийн алба хаагч гэнэ" гэж, 14 дүгээр зүйлийн 2-т “Дотоодын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний дагаж мөрддөг хууль тогтоомж, цэргийн дүрмүүдээр зохицуулна" гэж тус тус заасныг зөрчиж хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын бүтэц, чиг үүрэг, албан хаагчийн эрх зүйн байдал болон бүхий л цэргийн харилцаа нь Дотоодын цэргийн тухай хуулиар зохицуулагдах бөгөөд хуульд тусгайлан заасан 1996 оны Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулиар тус тус зохицуулагдаж байсан юм.

5. Тухайлбал Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай /1996 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтан цэргийн цол, дотоодын цэргийн дурэмт хувцастай байна” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 135 зүйлийн 135.2-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч нь дотоодын цэргийн цол, дүрэмт хувцастай байна” гэж тус тус зохицуулсан байна.

6. Дээрх шийдвэрүүд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны / ...132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.2, 137 дугаар зүйлийн 137.3 тус тус заасныг үндэслэж нэхэмжлэгчийн Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга, дэд дарга, ахлах гүйцэтгэгчээр ажилласан хугацааг шийдвэр гүйцэтгэгчид хамааралтай зохицуулалтанд хамааруулж шийдвэрлэсэн байна.

7. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байгаагүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч нь цэргийн жинхэнэ алба хааж байсан тухай шүүх хуралдааны явцад тогтоогдсон үйл баримтыг шүүх буруу дүгнэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Даргын 2001 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/290 дугаар тушаалаар Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр томилогдож тус албан тушаалд 2,2 жил ажилласан байна.

8. Тус албан тушаал нь 1996 онд батлагдсан Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтан нь шийдвэр гүйцэтгэгч болон байгууллагын албан хаагчаас бүрдэнэ. Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтан төрийн төлөөлөгч мөн” гэж, мөн зүйлийн 8.2-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь Улсын ерөнхий гүйцэтгэгч, шадар гүйцэтгэгч, ахлах гүйцэтгэгч, гүйцэтгэгчдээс бүрдэнэ” гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтан цэргийн цол, дотоодын цэргийн дүрэмт хувцастай байна.” гэж тус тус заасны дагуу цэргийн цолтойгоор Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтнаар томилогдох байсан боловч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэн найруулагдаж бүх ахлах болон шийдвэр гүйцэтгэгч нар энгийн болно, эсвэл хууль батлагдсаны дараа цэргийн цолыг нөхөж олгоно гэсэн үндэслэлээр энгийнээр ажиллаж байсан юм.

9. Нэхэмжлэгчийн тасгийн даргаар ажилласан хугацаанд батлаагүй болон огт байхгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн юм. Нэхэмжлэгч нь цэргийн цолыг нөхөн олгоно гэж тухайн албан тушаалд энгийнээр томилсонд нь биш харин цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцоогүй нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхол гэж үзэх нь зөв юм. Хасаж тооцсоноор нэхэмжлэгчийн эрх зүйн байдал нь дордож байгаа ба тэтгэврийн харилцаа үүсэхэд энэ зөрчил илрээд, тогтоогдоод байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 137 зүйлийн 137.3-т “шийдвэр гүйцэтгэгч 137.2-т /...цэргийн цол, зэрэг, дэвийн нэмэгдэл олгох/ зааснаас бусад баталгааг эдэлнэ гэж тус тус заажээ” гэж заасныг шүүх буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна.

10. Тухайн нэмэгдэл нь үндсэн цалингаас гадна хоригдолтой ажилласны, төрийн алба хаасан хугацааны, цэргийн цол, зэрэг дэв зэргийн мөнгөн нэмэгдлийг Засгийн газар тогтоохоор зохицуулсан хэм хэмжээ тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т “Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь шийдвэр гүйцэтгэгч болон хорих байгууллагын албан хаагчаас бүрдэнэ” гэж, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч нь цэргийн цол, дүрэмт хувцастай байна” гэж тус тус заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь цэргийн цол, дүрэмт хувцастай байхаар зохицуулсныг үгүйсгэх зохицуулалт биш юм.

11. Нэхэмжлэгчийн 1985 оны 06 сарын 29-ний өдрөөс 1990 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл Дүүрэн дэх Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид ээлжийн даргаар ажилласан хугацааг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны 413 дугаар тогтоолыг үндэслэж хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт байхгүй нотлох баримтыг үндэслэсэн байна. Нэхэмжлэгчийн цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хугацааг шүүх нэмж нийт ажилласан 21 жил, 10 сар, 19 хоногийг 23 жил, 3 сар, 19 хоног болгосон, хариуцагч тухайн нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн байхад энэ талаар шүүхийн шийдвэрүүдэд тусгаагүй, мөн маргаан бүхий актын 2 дахь заалтыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг баримталсан, нэхэмжлэгчийн бусад ажилласан хугацааны уялдаа, холбоонд хамааралгүй мэт дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлага болон, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрх зүйн байдлыг дээрдүүлэх зэрэгт хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй гэж үзэж байна.

12. Иймд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

13. Хяналтын шатны шүүхээс гомдлын хүрээнд хэргийг хянаж шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

14. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д “Цэргийн алба хаагч ...тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно”, 19 дүгээр зүйлийн 1-д “Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, ...жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, 2-т “Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж тус тус хуульчилсан. 

15. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 6/614 дүгээр тушаалын 1 дэх заалтаар, хошууч О.Эыг ...үүрэгт ажлаас нь цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлж, 2 дахь заалтаар О.Эыг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд цэргийн албанд биеэр 20 жил 09 сар 19 хоног, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласан хугацааны нэмэгдэл 01 жил 01 сарыг нэмж тооцон, цэргийн албанд нийт 21 жил 10 сар 19 хоног ажилласнаар тооцох, 3 дахь заалтаар О.Эт 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн мөнгийг зохих журмын дагуу олгохоор шийдвэрлэсэн байна.

16. Нэхэмжлэгч О.Э нь “...тушаалаар миний ажилласан жилийг буруу тооцсон, ...миний бие цэргийн албанд нийт 26 жил 3 сар 10 хоног ажилласан тул хуульд зааснаар 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй. ...Дорноговь аймгийн Дүүрэн дэх ЗХХ-ийн колонид ээлжийн даргаар ажилласан 5 жил 2 сарын хугацааны нэмэгдэл 1 жил 3 сарыг “офицерын бүрэлдэхүүнд хамаарахгүй” гэж хасч тооцсон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажилласан 2 жил 2 сарыг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцоогүй, 0.5 жилийн нэмэгдэл олгоогүй, Цагдаагийн байгууллагад 1990-1997 онуудад ажилласан хугацааны нэмэгдэл 1 жил 3 сарыг оруулан тооцоогүй, 2012-2015 онуудад Хорих 409 дүгээр хорих анги /чанга дэглэмтэй/-д ажилласан хугацаанд 3 сараар тооцож нэмэгдэл тооцох ёстой байтал 2 сараар тооцсон” гэж марган, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 6/614 дүгээр тушаалын 2 дахь заалтад заасан хугацааг зөвтгөн тооцох, 3 дахь заалтад заасан 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг зохих журмын дагуу зөв тооцож олгохыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

17. Нэхэмжлэгч О.Э нь цагдаагийн байгууллагад нийт 5 жил 1 сар 16 хоног ажилласан байх бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т “Цагдаагийн алба хаагчийн албадан эрүүлжүүлэх, саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон замын хөдөлгөөн зохицуулах, эргүүл, харуул, жижүүрийн албанд ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар, ...тооцно” гэж заасны дагуу нэмэгдэл хоногийг тооцоход нийт 6 жил 4 сар 16 хоног ажилласнаар тооцогдоно, өөрөөр хэлбэл хариуцагчаас нэхэмжлэгчийн цэргийн албанд ажилласан нийт хугацааг 21 жил 10 сар 19 хоног ажилласнаар тооцсон, үүн дээр цагдаагийн байгууллагад ажилласны нэмэгдэл хоногийг нэмж тооцоход, түүний цэргийн албанд ажилласан нийт хугацааг 23 жил 3 сар 19 хоногоор тооцох үндэслэлтэй, энэ талаар шүүхүүд зөв дүгнэлт хийсэн байна. 

18. Нэхэмжлэгчийн маргасан бусад үндэслэл, хяналтын гомдлын тухайд: О.Э нь Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт 2001 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2003 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд тасгийн дарга, ахлах гүйцэтгэгчээр томилогдон ажилласан байх боловч энэ хугацаанд цэргийн цолгүй, энгийнээр ажиллаж байжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 132 дугаар зүйлийн 132.1-д “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь шийдвэр гүйцэтгэгч болон хорих байгууллагын албан хаагчаас бүрдэнэ”, 135 дугаар зүйлийн 135.2-т “хорих байгууллагын албан хаагч нь цэргийн цол, дүрэмт хувцастай байна”, 137 дугаар зүйлийн 137.3-т “шийдвэр гүйцэтгэгч нь энэ хуулийн ...137.2-т зааснаас бусад баталгааг эдэлнэ” гэж тус тус зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн цэргийн цолгүй, энгийнээр ажилласан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцохгүй байхаар зохицуулсан тул нэхэмжлэгчийн ажилласан энэ хугацааг цэргийн алба хаасан хугацаанд тооцох боломжгүй байна. Мөн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1980 оны 413 дугаар тогтоолоор, хорих ангид 1980 оноос 1993 онуудад хянагч болон хянагч-сувилагчаар ажиллаж байсан алба хаагчдад нэмэгдэл олгохоор заасан, нэхэмжлэгч нь 1985 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Дүүрэн дэх ЗХХ-ийн колонид ээлжийн даргаар ажиллаж байсан тул түүний ажилласан энэ хугацаанд нэмэгдэл хоног тооцогдохгүй, түүнчлэн хариуцагчаас нэхэмжлэгч О.Эын Хорих 409 дүгээр ангид хянагч, гадна хамгаалалтын офицероор ажилласан 2013-2015 онуудад 3 сараар нэмэгдэл хоногийг тооцсон нь тогтоогдсон /1хх-ийн 83 тал/, анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны эдгээр үйл баримтуудад хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзлээ.

19. Дээрх байдлаар, нэхэмжлэгч О.Эын цагдаагийн байгууллагад ажилласан хугацааны нэмэгдэл хоногийг тооцож, түүний цэргийн албанд ажилласан нийт хугацааг 23 жил 3 сар 19 хоногоор тооцох үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийн цэргийн алба хаасан хугацаа нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй жил алба хаагаад...” гэсэн шаардлагыг хангахгүй байх тул түүний гаргасан “...тушаалын 3 дахь заалтад заасан 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг зохих журмын дагуу зөв тооцож олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй байна.  

20. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0094 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 290 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ТУНГАЛАГ

                                         ШҮҮГЧ                                                          Б.МӨНХТУЯА