Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 128/2021/0440/З |
Дугаар | 001/ХТ2022/0084 |
Огноо | 2022-12-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2022/0084
“И м о” ХХК-ийн гомдолтой, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын
улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Х.Батсүрэн
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: А.Гантогтох
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 324 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 474 дүгээр магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 382 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг гомдол гаргагчийн өмгөөлөгч Ц.Б-гийн гомдлоор, гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Г, түүний өмгөөлөгч Ш.Т , хариуцагч Я.Х нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдлын шаардлага: “И м о” ХХК-аас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Я.Х-д холбогдуулан “... 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0069152 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргасан.
2. Хэргийн нөхцөл байдал: “И м о” ХХК нь 2019-2021 он хүртэл Оросын Холбооны Улсын “Глобал трейнд” ХХК-аас хүнсний баяжуулсан ундаа импортлох, Монгол Улсад худалдаалах албан ёсны дистрибютерийн эрх авч худалдааны гэрээ байгуулан оруулж ирж зах зээлд нийлүүлэх үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Алтанбулаг хилийн боомтоор 836 кг, Vitality lux, Perfecto lux нэрийн 2 төрлийн ургамлын баяжмалыг нэвтрүүлж, Монгол Улсад импортолсон байна.
2.1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0069152 дугаар шийтгэлийн хуудсаар Vitality lux, Perfecto lux нэрийн ургамлын баяжмалыг Оросын Холбооны Улсаас импортлохдоо “хүнс импортлоход тавигдах хуульд заасан шаардлагыг зөрчсөн” гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “И м о” ХХК-ийг 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, 836 кг (5700 ш) ургамлын баяжмалыг хураах албадлагын арга хэмжээ авчээ.
2.2. Гомдол гаргагч “И м о” ХХК нь гомдлын шаардлагын үндэслэлээ “... Дэлхий нийтэд үүсээд буй цар тахал болох Ковид-19 өвчин дэгдэж, цаг хугацаа алдагдаж тогтоосон цаг хугацаандаа импортолж чадаагүй тохиолдол гарч барааныхаа худалдан авалтын тоог хайрцгийг цөөрүүлж хилээр оруулж ирсэн, ... барааг хүлээн авах бичиг баримтын бүртгэл зөрчилгүй байхад ... зөрчлийн хэрэг үүсгэж, ... хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн байна хэмээн шантаачилсан, ... манай компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хяналтын бүсээс гаргасан. Улмаар бүтээгдэхүүнээ лабораторийн шинжилгээнд хамруулж улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан, МҮХАҮТ-аас давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авч худалдан борлуулсан ...” гэж тодорхойлсон.
2.3. Хариуцагчаас “... Тухайн Vitality lux, Perfecto lux нэрийн ургамлын баяжмал бүтээгдэхүүнд биет үзлэгийн шалгалт хийхэд 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үйлдвэрлэсэн, бүтээгдэхүүний хадгалах хугацаа 12 сар байгаа нь хүнс импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчсөн. 2021 оны 01 дүгээр сарын 13-ны дотор багтаж импортлогдох ёстой, 2 сар хэтэрсэн талаар тайлбарлахад зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй, ... хяналт шалгалт бүрэн хийгдэж дуусаагүй байхад мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн мэдэгдэлгүй, ажлын бус цагаар гаалийн хяналтын бүсээс бүтээгдэхүүнийг ачиж гарсан зөрчлүүд илэрсэн, ... тухайн үед хилийн боомтоор хүнсний бүтээгдэхүүн ямар ч сааталгүй, чөлөөтэй нэвтэрч байсан ...” гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3-т заасныг баримтлан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Гомдол гаргагчийн импортолсон дээрх нэрийн бүтээгдэхүүнүүд нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үйлдвэрлэсэн, 12 сарын хугацаанд хадгалах зориулалттай бөгөөд бүтээгдэхүүнийг худалдан авах үед хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй байх шаардлага /2021 оны 02 дугаар сарын 19-ний байдлаар 5 сар 6 хоног/, гаалийн бүрдүүлэлт хийхэд мөн л /2021 оны 03 дугаар сарын 09-ний байдлаар 5 сар 24 хоног/ тус тус хэтэрсэн байх тул дээрх зөрчилд шийтгэл ногдуулсан улсын байцаагчийн маргаан бүхий захиргааны акт хуульд нийцжээ. Хэдийгээр гомдол гаргагч нь “гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн, хил хаалттай байсан” гэж тайлбарлаж буй хэдий ч тухайн бүтээгдэхүүнүүдийг анх худалдан авах үед л Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3-т “импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх” шаардлага хэтэрсэн байх тул дээрх тайлбарыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй ...” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдол гаргагчийн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад “... Улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар авсан “албадлагын арга хэмжээ”-г хэрэглэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн эсэх, энэ талаар зохицуулсан Зөрчлийн тухай хуулийн заалтыг улсын байцаагч нь зөв хэрэгжүүлсэн эсэх талаар дүгнэлт хийж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна, ... тухайн бүтээгдэхүүнийг албан ёсны зөвшөөрөл, гэрээ хэлцлийн дагуу худалдан авч импортолсон, “хадгалах хугацаа нь 6 сар үлдсэн” буюу хэрэглэх, борлуулах боломжит хугацаа үлдсэн байхад зөрчил үйлдэж олж авсан хөрөнгө буюу зөрчилтэй бүтээгдэхүүнд тооцож “хураах” албадлагын арга хэмжээ авсан нь ... шударга ёсны зарчимд нийцэхгүй байна ...” гэсэн үндэслэлээр гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шийтгэлийн хуудасны албадлагын арга хэмжээ авсан хэсгийг хүчингүй болгож, үлдэх хэсгийн талаарх гомдлыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулжээ.
5. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ц.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 382 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл
6. Гомдол гаргагч “И м о” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Б гомдолдоо: “... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй, хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хангалттай биелүүлээгүй, нотлох баримтыг дутуу цуглуулж хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь хэргийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.
6.1. 2020-2021 онд дэлхий нийтээрээ Ковид цар тахал өвчний улмаас хил гааль хаалттай байсан ба “И м о” ХХК-ийн импортлон оруулж ирдэг Vitality lux, Perfecto lux нэрийн ургамлын баяжмал нь Казакстан Улсаас Москва хот руу, тэндээсээ Улаан-Үд рүү очиж улмаар Монгол Улсын хил дээр тээвэрлэгдсэн ирдэг. Улаан-Үдээс Монгол Улс руу илгээдэг борлуулагч нь Ковид өвчний улмаас өвчтэй, хөл хорионд 2 сар гаруй хугацаанд байсан, өөрөөр хэлбэл, давагдашгүй хүчин зүйлийн улмаас дээрх бараа нь Монгол Улсын хил дээр 2021 оны 3 сард ирсэн нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, энэ талаарх нотлох баримтыг дутуу цуглуулан хэргийг шийдвэрлэсэн.
6.2. Төлбөр төлөгдсөн гэх цаг хугацаа буюу 2021 оны 02 дугаар сарын 19, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр, гаалиар орж ирсэн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрүүдийг дээрх барааг худалдан авсан үйл баримт гэж шууд үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.
6.3. “И м о” ХХК нь нийлүүлэгч “Глобал трейнд” ХХК-тай 2019 оноос эхлэн дистербьютерийн гэрээтэй ажиллаж байгаа ба гэрээнд зааснаар уг бараа 2021 оны 2 сараас өмнө Монгол Улсад ирэх байсан боловч Ковид цар тахал өвчний улмаас 2 улсын хил гааль дээр саатаж хугацаа алдсан байдаг. Гэтэл уг хэрэгт дээрх хоёр компанийн худалдааны гэрээ авагдаагүй, гаалийн бүрдүүлэлтийн материал хэрэгт байхгүй, уг бараа нь хилээр хүнсний ангиллаар орж ирсэн эсэх эсхүл биологийн идэвхт бүтээгдэхүүний ангиллаар орж ирсэн эсэх нь ч тодорхойгүй, уг бараа бүтээгдэхүүн 2019 оноос хойш импортоор орж ирэхдээ хаанаас /аль яамнаас/ зөвшөөрөл авсан эсэх нь ч тодорхойгүй байдаг. Өөрөөр хэлбэл, шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлэн хэргийг шийдвэрлэсэн байна.
6.4. Анхан шатны шүүх шийдвэртээ Хүнсний тухай хуулийн 3.1.1 гэсэн заалтыг баримталж “хүнс” гэсэн ангилалд оруулж шийдвэрлэсэн боловч 3.1.1-д заасан 4 төрлөөс алинд нь хамааруулж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, үндэслэл болгосон нотлох баримтаа дурдаагүй байна. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчмыг зөрчжээ.
6.5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдол гаргагч болох ... төлөөлөгч Б.Г нь өвчтэй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа талаарх нотлох баримтаа ирүүлэн, хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байх тул хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлт ирүүлсэн байхад өмгөөлөгч нь ирсэн гэсэн үндэслэлээр хуралдааныг үргэлжлүүлж, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, өөрийн давж заалдах гомдлоо тайлбарлах эрхийг ноцтой зөрчсөн.
6.6. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, мөн нотлох баримтыг дутуу бүрдүүлэн хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхээр байна. Иймд, шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
7. Хариуцагч Я.Х-гаас гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд тайлбараа гаргасан.
ХЯНАВАЛ:
8. Хяналтын шатны шүүхээс гомдол гаргагчийн өмгөөлөгч Ц.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
9. Нэг. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... “И м о” ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 09-нд гаалийн хилээр нэвтрүүлэх үед тухайн бүтээгдэхүүний хадгалах хугацаа дуусаагүй, 6 сарын хугацаа үлдсэн байсан нь тогтоогдож байна. Үүнээс үзвэл тухайн бүтээгдэхүүнийг албан ёсны зөвшөөрөл, гэрээ хэлцлийн дагуу худалдан авч импортолсон, “хадгалах хугацаа нь 6 сар үлдсэн” буюу хэрэглэх, борлуулах боломжит хугацаа үлдсэн байхад зөрчил үйлдэж олж авсан хөрөнгө буюу зөрчилтэй бүтээгдэхүүнд тооцож “хураах” албадлагын арга хэмжээ авсан нь ... шударга ёсны зарчимд нийцэхгүй ... Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д заасан “зөрчилтэй хүнсний бараа бүтээгдэхүүнийг хураах” гэсэн шаардлага тухайн тохиолдолд хангагдахгүй, өөрөөр хэлбэл бараа бүтээгдэхүүний хугацаа нь дуусаагүй ...” гэсэн дүгнэлт хийж, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар зөрчилтэй гэж үзсэн ургамлын баяжмалыг хураах албадлагын арга хэмжээ авсан хэсгийг хүчингүй болгосон; хариуцагчаас давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаагүй, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... тухайн үед гаалийн бүсээс бараа бүтээгдэхүүнийг гаргасан байцаагчид хариуцлага тооцож, арга хэмжээ авсан, бараа бүтээгдэхүүн аль хэдийнээ борлуулагдаад дууссан учраас нөхөн төлбөр тооцох боломжгүй, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрч байна ...” гэсэн тул энэ талаар хяналтын шатны шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй.
10. Хоёр. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино” гэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилгыг тодорхойлсны зэрэгцээ Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж шийтгэл оногдуулах үндэслэлийг тусгасан бөгөөд хүн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн зөрчлийн шинжийг хангасан тохиолдолд шийтгэл гарцаагүй байх нь шударга ёсны зарчимд нийцэх талаар хууль тогтоогчоос тусгайлан зохицуулсан байна.
11. Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 11.1-д заасан хуулийн этгээд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:” гээд 11.2.3-т “импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх” гэж, Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д ““гаалийн хилээр нэвтрүүлэх” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргах” гэж тус тус зааснаар аливаа этгээд нь Монгол Улсын хилээр хүнс импортолж байгаа тохиолдолд Хүнсний тухай хууль болон бусад хуульд заасан шаардлагыг хангах учиртай; уг шаардлагыг зөрчсөн хүнсний бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулсан бол хуульд заасан хариуцлага ногдуулахаар зохицуулжээ.
12. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, гомдол гаргагч “И м о” ХХК нь Оросын Холбооны Улсаас 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үйлдвэрлэгдсэн, 12 сарын хугацаатай, 836 кг, Vitality lux, Perfecto lux нэрийн 2 төрлийн ургамлын баяжмалыг 2021 оны 02 дугаар сарын 19, 26-ны өдрүүдэд худалдан авч, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Алтанбулаг хилийн боомтоор нэвтрүүлж, Монгол Улсад импортолсон; уг импортолсон бараа бүтээгдэхүүн нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үйлдвэрлэгдсэн бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хилээр нэвтрүүлэх үед “тухайн хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй байх” хуулийн шаардлага хангаагүй буюу 12 сарын хадгалах хугацаанаас 5 сар 24 хоног нь өнгөрсөн; Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтад хамруулахгүйгээр барааг эзэнд нь олгосон, үүнтэй холбогдуулж, гаалийн улсын байцаагч Д.О-т арга хэмжээ авсан” талаарх Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02-01/517 дугаар, Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01/148 дугаар албан бичгүүд ирсний зэрэгцээ гэрч Н.Э-ын мэдүүлэг, хариуцагчийн тайлбар болон бусад баримтуудаар гомдол гаргагч нь дээрх хууль зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаас “хүнс импортлоход тавигдах хуульд заасан шаардлагыг зөрчсөн” хэмээн Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 0069152 дугаар шийтгэлийн хуудас нь хууль зөрчөөгүй, энэ талаар шүүхүүд зөв дүгнэжээ.
13. Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрүүлэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр зогсоосон боловч Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай” 38 дугаар тогтоолоор тухайн авто тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлэн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг улсын хил нэвтрүүлж, ... ажиллахыг холбогдох байгууллагууд /эрх бүхий этгээд/-д үүрэг болгосноос үзэхэд тухайн боомтын үйл ажиллагааг хязгаарласан асуудал байхгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
14. Гурав. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох”, 20.1.3-т “нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” гэж нэхэмжлэгчийн эрхийг заасан хэдий ч нөгөө талаас мөн хуулийн 20.2.1-д “шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх” үүргийг мөн хэргийн оролцогчийн хувьд биелүүлэх учиртай.
15. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч талаас хуульд зааснаар “... өмгөөлөгч авах, өмгөөлөгчөөсөө татгалзах, хэргийн материалтай танилцах, эрүүл мэндийн буюу хүндэтгэн үзэх шалтгааны ...” зэрэг үндэслэлээр удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байсныг анхан болон давж заалдах шатны шүүхээс тухай бүр ханган шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул гомдол гаргагчийн эрхийг ноцтой зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхгүй, “... өмгөөлөгч нь ирсэн гэсэн үндэслэлээр хуралдааныг үргэлжлүүлж, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, өөрийн давж заалдах гомдлоо тайлбарлах эрхийг ноцтой зөрчсөн ...” гэх гомдлын үндэслэлээр давж заалдах шатны шүүхийг буруутгах боломжгүй.
16. Гомдол гаргагч “И м о” ХХК-ийн өмгөөлөгч Ш.Т-ээс шүүх хуралдаанд өмгөөлөгч Ц.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
17. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 474 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Х.БАТСҮРЭН
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
М.БАТСУУРЬ