Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/01455

 

 

 

Д.Б-нийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/01677 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Б-нийн хариуцагч Э- ХХК-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай маргаантай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б-нэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр  Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Д- хотхоны 1 дүгээр байр, 13 дугаар давхар, - тоотод байрлах, 2 өрөө бүхий, 53,97 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээг байгуулахдаа Э- ХХК, Д- ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан орон сууцны захиалгын гэрээнд үндэслэсэн. Өөрөөр хэлбэл, би орон сууц захиалахаар төлөвлөж байсан бөгөөд тухайн үед Хаантур ХХК манайх нийлүүлж буй бүтээгдэхүүнийхээ үнэд Э- ХХК-аас орон сууц авч байгаа, түүнийг худалдаж аваад мөнгөө манай компанид өгчих, бид хоорондоо тооцоогоо хийнэ гэсэн. Тэгэхээр нь тухайн байрны талаар судалж үзэхэд Э- ХХК нь Д- ХХК-ийн захиалгаар ажил гүйцэтгэж хөлсөнд нь бартераар байрнууд авсан ба тухайн байрнуудаасаа Х- ХХК-д авсан бүтээгдэхүүнийхээ хөлсөнд шилжүүлэхээр тохиролцсоныг Хаантур ХХК зарж таарсан. Ингээд би компаниуд нэгэнт хоорондоо ярьж тохиролцсоны дүнд надад энэхүү байрыг зарж байгаа юм байна гэж ойлгоод 70,000,000 төгрөгөөр дээр дурдсан байрыг авахаар тохиролцож гэрээгээ байгуулсан. Ингээд мөнгөө өгөхөөр болоход Э- ХХК, Хаантур ХХК нар хоорондоо тохиролцсон байгаа тул мөнгөө Хаантур ХХК-д өгч, харин гэрээнд Э- ХХК-ийг төлөөлж ажилтан нь гарын үсэг зурна гэхээр нь тэдэнд итгэж өөрсдийнх нь хүслийн дагуу гэрээ байгуулж, мөнгөө шилжүүлсэн. Гэтэл одоо байр ашиглалтад орж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгогдож эхэлсэн байхад Э- ХХК манай байрыг өгөхгүй Хаантур ХХК-тай хоорондын тооцоо дуусаагүй байгаа тул байрыг чинь өгөхгүй гэсэн тайлбар өгч миний захиалсан байрыг шилжүүлэхгүй намайг хохироож байна. Хэрэв тэд миний мөнгийг Х- ХХК-д өгүүлээгүй бол би бэлэн мөнгөө тэднийд шилжүүлэхгүй байсан ба Э- ХХК өөр хуулийн этгээдтэй буюу Хаантур ХХК-тай хийсэн гэрээний үүргийн зөрчлөөс хамааран намайг хохироож байгаад гомдолтой байна. Иймд миний худалдан авсан орон сууцны гэрээний дагуу намайг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Д- хотхоны 1 дүгээр байр, 13 дугаар давхар, - тоотод байрлах, 2 өрөө бүхий, 53,97 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Э- ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ч.Хишигбаатар нь Х- ХХК /Д.М-/-тай 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр арматур нийлүүлэх гэрээг, мөн өөрийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг Хьёндэ элеватор монгол ХХК-иараа байгуулсан бөгөөд өөрийн өмчлөлийн дээрх компаниуд дээрх 876,718,200 төгрөгийн эд хөрөнгийн эрхийг Х- ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М-ы хүсэлтийн дагуу бусдад шилжүүлсэн. Ийнхүү Э- ХХК нь Д- ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн ОСЗГ-19143/BAR/2021 дугаар бүхий орон сууц захиалгын гэрээтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Д- хотхоны 1 дүгээр байр, 13 дугаар давхар, - тоотод байрлах, 2 өрөө бүхий, 53,97 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн СИ80032011 бичиг баримттай Д.Б-нэд 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээний эрхийг шилжүүлсэн. Хаантур ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М- нь Арматур нийлүүлэх гэрээгээр тохиролцсоны дагуу 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хооронд манай компанид арматураа нийлүүлэх ёстой байсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй багөөд янз бүхийн шалтгаан хэлж хойшлуулсаар тодорхой хугацаа өнгөрсөн бөгөөд тэрээр өөр бусад иргэн хуулийн этгээдийг энэ мэтээр залилж цагдаагийн байгууллагад шалгагдаж байсныг бид мэдсэн. Ингээд бид Хаантур ХХК-ийн захирал Д.М- нь арматур нийлүүлэх гэрээ гэх баримт бичиг ашиглан манай компанийн 876,718,200 төгрөгийн эд хөрөнгийн эрхийг залилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан бөгөөд тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 221001921 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар энэ хэрэгт Хундай Элеватор Монгол ХХК болон Э- ХХК-ийг хохирогчоор тогтоосон. Нэхэмжлэгч Д.Б-нийг манай компани Хаантур ХХК-тай арматур нийлүүлэх гэрээ гэх халхавчтай залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хохирогч болохоосоо өмнө огт таньж мэддэггүй байсан бөгөөд Х- ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М- манай компанийн эд хөрөнгийн эрхийг залилж шилжүүлж авах үедээ Д.Б-нийн нэр дээр Д- ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ОСЗГ-19143/BAR/2021 дугаартай орон сууц захиалгын гэрээтэй тухайн орон сууцны захиалгын гэрээний эрхийг шилжүүлж өгөхийг хүссэн. Д.Б-нэ, Д.М- нар нь хоорондоо ямар харилцаатай, тохиролцоотой байсныг бид огт мэдээгүй. Х- ХХК-тай байгуулсан арматур нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг эд хөрөнгөөр тооцож шилжүүлж байна гэж ойлгож Д.Б-нэд орон сууц захиалгын гэрээний эрхийг шилжүүлсэн бөгөөд түүний нэхэмжлэлд дурсанчлан манай компанийн зүгээс Д.Б-нийг Х- ХХК-д байрны төлбөр шилжүүлж өгөхийг шаардаж хүсээгүй. Д.Б-нийн  өмчлөл тогтоохыг хүссэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Д- хотхоны 1 дүгээр байр, 13 дугаар давхар, - тоотод байрлах, 2 өрөө бүхий, 53,97 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь манай компани Хаантур ХХК-д залилуулсан Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар 221001921 дугаартай хэргийн хохирлын эд зүйл байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б-нийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол /13341/, Дандар Баатарын гудамж, 99А дугаар байр, 1 дүгээр орц, 13 дугаар давхар, -  тоот буюу 1104 тоотод байрлах, 53,97 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Б-нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э- ХХК-аас 507,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-нэд олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Д.Б-нээс 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээний 2.1заасан 70,000,000 төгрөг манай компанийн дансанд орж ирээгүй учраас Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа 221001921 дугаартай эрүүгийн хэрэгт Э- ХХК-ийн хохирогчийн мэдүүлэгт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 22-р хороо, Д- хотхоны 1 дүгээр байр 13 давхар - тоот 2 өрөө 53,97 м.кв талбайтай орон сууц нь манай компанийн хохиролд тооцогдсоныг шүүх нэхэмжлэгч Д.Б-нэ гэрээний үүргээ шаардах эрхтэй гэж хууль буруу хэрэглэсэн. Манай компанийн санхүүгийн баримтад дээрх орон сууцны төлбөрийг төлсөн тооцоо байхгүй учраас эрүүгийн хэрэгт хохирлын тооцооноос хасагдаагүй. Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг хийснээс 1 жилийн дараа бид бусдад их хэмжээний эд хөрөнгийн эрхийг залилуулснаа мэдэж цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргасан мөн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Д- ХХК-д үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн компанийн нэр дээр гаргаж өгөх тухай 22/39 дугаартай албан бичгийг хүргүүлсэн. Э- ХХК бусдад их хэмжээний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх залилуулсан Эрүүгийн 221001921 дугаартай хэрэгт Э- ХХК-ийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хохирогчоор тогтоосон. Уг орон сууцны өмчлөх эрх эрүүгийн хэрэгт гэм буруугийн асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад шүүх уг нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Нөгөө талаар Х- ХХК нь Э- ХХК-д арматур нийлүүлэх гэрээний үүрэгт тооцож орон сууц, тээврийн хэрэгсэл тооцон өгөх талаар харилцан тохиролцсон боловч энэхүү гэрээний үүрэг биелэгдээгүй.

4.а.Мөн миний бие өмгөөлөгчийн хувьд Хөгжлийн банк-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэгт шүүгдэгч Р.Батбаярын өмгөөлөгчөөр оролцож, шүүх хуралдаан давхацсан тул хуралдааныг хойшлуулах хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт хүргүүлсэн боловч шүүх хуралдааныг хойшлуулахгүй гэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан тасралтгүй явагдах учир эрүүгийн шүүх хуралдаанаас иргэний шүүх хуралдаанд давхцан оролцох боломжгүй байдал үүссэн байгааг харгалзан үзээгүйд гомдолтой. Төлөөлүүлэгч дээрх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч надад олгосон итгэмжлэлээс татгалзаагүй тул төлөөлөгчийн бүрэн эрхийг эдлүүлээгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Хаантур ХХК, Э- ХХК-уудын хооронд үүссэн эрүүгийн хэрэгт Д.Б-нийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага хамааралгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалтад хамаарахгүй. Д.Б-нэ Э- ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг 100 хувь биелүүлсэн. Төлбөрийг хариуцагч компанийн хүсэлтээр Хаантур ХХК-д төлбөрийг төлсөн. Иймд хариуцагч тал гэрээнээс татгалзах үндэслэлгүй. Нэхэмжлэгч гэрээний үүргээ гүйцэтгэсэн боловч өнөөдрийг хүртэл өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй, хохирч байна. Хаантур ХХК, Э- ХХК-уудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс өмнө Д.Б-нэ, Э- ХХК орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. Хаантур ХХК-ийн албан бичиг, гэрчийн мэдүүлгээр Д.Б-нэ орон сууцны төлбөрөө Э- ХХК-ийн төлөөлөгчийн хүсэлтээр Хаантур ХХК-руу шилжүүлсэн болох нь тогтоогддог. Шүүх хариуцагч талд шүүх хуралдааныг тов мэдэгдэх хуудсыг хуульд зааснаар хүргүүлсэн. 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хавсарган, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн. Хөгжлийн банкны шүүх хуралд 100 гаруй өмгөөлөгч нар оролцсон ба өмгөөлөгч нар бусад шүүх хуралдаанд оролцох боломжтой байсан. Анхан шатны шүүх хуульд зааснаар хэргийг шийдвэрлэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Д.Б-нэ нь хариуцагч Э- ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Хариуцагч Э- ХХК нь Д- ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Орон сууцны захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр Д- ХХК нь Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Д- хотхон, 1-р байр, 13-р давхар, - тоот 53,97 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2020 оны 4-р улиралд ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөх, Э- ХХК нь орон сууцны үнэ 97,146,000 төгрөгт цахилгаан шат нийлүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 6-8-р тал/

4.а.Улмаар хариуцагч Э- ХХК нь нэхэмжлэгч Д.Б-нэтэй 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Орон сууцны захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Э- ХХК нь Д- ХХК-тай байгуулсан Орон сууцны захиалгын гэрээний зүйл болох - тоот, хоёр өрөө орон сууцны эрхийг нэхэмжлэгч Д.Б-нэд шилжүүлэх, Д.Б-нэ нь гэрээний үнэд 70,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна. Тус гэрээний 3.6-т төлбөр тооцоо дууссан гэж тэмдэглэжээ. /хх-ийн 5-р тал/

4.б.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болох талаар зөв дүгнэсэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг тул талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай.

5.Хариуцагч Э- ХХК-ийн хамаарал бүхий гэх Хьёндэ элеватор монгол ХХК нь Х- ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр арматур нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Х- ХХК нь барилгын стандарт шаардлага хангасан арматур нийлүүлэх, Хьёндэ элеватор монгол ХХК нь арматурын үнэд орон сууц болон автомашин өгөхөөр тохиролцсон бичгийн гэрээ хэрэгт авагдсан. /хх-ийн 70-71-р тал/

5.а.Хариуцагч Э- ХХК нь Д- ХХК-д 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлсэн албан бичигтээ ... гэрээнд заасан бартерийн орон сууцыг хувь хүнрүү шилжүүлэх хүсэлтэй байгаа тул Д.Б-нийн нэр дээр орон сууц захиалгын гэрээний эрхийг шилжүүлэхэд санхүүгийн болон хуулийн хүрээнд төлбөр тооцоогүйг нотлох бичиг хийж өгнө үү гэж, /хх-ийн 11-р тал/

5.б.Х- ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 10 тоот албан бичигт ... Д.Б-нэ нь Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Д-, 1-р байр, - тоот, 13 давхрын 53,97 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны худалдан авсан төлбөр тооцоог бүрэн дуусгасан болно гэжээ. /хх-ийн 13-р тал/

5.в.Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Д.Б-нэ нь хариуцагч Э- ХХК-тай байгуулсан Орон сууцны захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээний үүргийг биелүүлж, үнийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

6.Хэдийгээр хариуцагч Э- ХХК-ийн хамаарал бүхий гэх Хьёндэ элеватор монгол ХХК, Х- ХХК-ийн хооронд байгуулагдсан арматур нийлүүлэх гэрээтэй холбоотой маргаан эрүүгийн журмаар шалгагдаж буй үйл баримт тогтоогдож байх боловч энэ нь зохигчийн байгуулсан Орон сууцны захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээтэй шууд хамааралтай гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг үүсдэг, маргаан бүхий орон сууцыг худалдах, тэрээр үнийг төлөх үүргийг нэхэмжлэгч Д.Б-нэ, хариуцагч Э- ХХК нь гэрээний дагуу харилцан хүлээсэн гэж үзнэ. Иймд Х- ХХК-тай байгуулсан арматур нийлүүлэх гэрээний асуудал эрүүгийн журмаар шалгагдаж буй нөхцөл байдлыг анхаараагүй нь буруу гэх агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, Баянзүрх дүүрэг, 22-р хороо, 15-р хороолол /13341/, Дандар Баатарын гудамж, 99А байр, 1-р орц, 13-р давхар, -  тоот буюу 1104 тоот, 53,97 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Б-нийг тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо хариуцагч талын шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг эдлүүлээгүй гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт ... давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан, зохигч дээрх хуульд заасан хугацаанд эрх, үүргээ хэрэгжүүлэх учиртай.

 

8.а.Тус хэргийг өмнө Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Анхан шатны шүүх хуралдааныг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр товлосон боловч хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх нотлох баримт гаргуулах тухай нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хойшлуулжээ.

 

8.б.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг анхан шатны шүүх хангахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй. Учир нь хуулийн этгээдийн хувьд өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч томилох замаар эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан нөхцөл байдлыг харгалзан, хариуцагч талын эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/01677 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Г.ДАВААДОРЖ