Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 355

 

 Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, Л.Соёлмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг 8 дугаар хэсэгт оршин суух, 72 настай, эмэгтэй, одоо өндөр насны тэтгэвэрт Шангас овогт Түүтэйн Норов  /МХ-44070143/;

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багт оршин суух, 46 настай, эмэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг Шангас овогт Норовсангийн Цэцэгмаа /МХ-70050806/ нарын нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг Тийрэг 1 дүгээр хэсэг цаг уур 6 гудамж 58 тоотод оршин суух, 51 настай, эрэгтэй, одоо “Шүрэн тариа” ХХК /захирал Нанзай овогт Дорлигийн Батнасан /ИХ-65032612/-д холбогдох 

  “Эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 4.200.000 төгрөг гаргуулах тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэндсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, хариуцагч Д.Батнасан, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, гэрч Х.Батмөнх, иргэдийн төлөөлөгч П.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов. 

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч Т.Норов, Н.Цэцэгмаа нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлээс:

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд газар тариалан мал аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг Д.Батнасан захиралтай “Шүрэн тариа” ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр сумын төвийн төвлөрсөн хогийн цэгийн гадна талд муудсан хаягдал рапс ил задгай асгаж хаяснаас болж иргэн Т.Норов миний 5 толгой үхэр, иргэн Н.Цэцэгмаа миний 1 толгой үхэр тус рапснаас идэж хордон үхэж хохирол учирсан юм. “Шүрэн тариа” ХХК нь хаягдал рапсаа төвлөрсөн хогийн цэгийн хашаан дотор хаях журамтай байтал тус журмыг зөрчиж хогны хашааны гадна ил задгай хаяж асгаснаас болж бидний амьжиргааны эх үүсвэр болсон үхэрнүүд тус рапснаас идэж хордож үхсэн юм. Нэхэмжлэгч бид “Шүрэн тариа” ХХК-ний буруутай үйл ажиллагааны талаар тухайн үед нь сумын Засаг даргын тамгын газарт болон Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн билээ. Бидний гомдлын дагуу зохих шалгалт хийгдэж тус компаний буруутай үйлдлийг тогтоосон юм. 

Нэхэмжлэгч Т.Норов миний 4 толгой үхрийн нийт үнэ 3.360.000 төгрөг, нэхэмжлэгч Н.Цэцэгмаа миний 1 толгой үхрийн үнэ 840.000 төгрөгийг хариуцагч “Шүрэн тариа” ХХК-иас тус тус гаргуулж бидэнд учирсан хохиролыг барагдуулж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Т.Норов нь миний ээж 70 гаруй настай, Н.Цэцэгмаа нь миний төрсөн дүү байгаа юм. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Д.Батнасангаас үнэлгээний байгууллагаас үнэлж гаргасан төлбөр болох гэм хорын хохирол 4.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний хувьд нууж хаагаад байх зүйл байхгүй ээ, би үхсэн 2 үхрээ хаяад үлдсэн 3 үхэрнийхээ арьс шир, махыг бөөний үнээр ченжид 950.000 төгрөгөөр зарсан. Миний хувьд махны үнэ болох 950.000 төгрөгийг нэхэмжилж байгаа мөнгөнөөс хасахгүй гэж бодож байна. Учир нь: Бид уг малыг өөрийнхөө сайн дураар худалдан борлуулж зараагүй. Рапс идэж хордсон учраас л  махыг нь зарсан. Д.Батнасангийн хувьд бол газар тариалангийн үйл ажилагаа олон жил эрхэлсэн мөн хортой рапс хамаагүй газар асгаж болохгүй мал идээд хордоно гэдгийг мэдэхийн дээдээр мэддэг хүн. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэх.

Хариуцагч Д.Батнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь рапсны цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг тухайн компанийн ажилчид 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хогийн төвлөрсөн цэг дээр асгасан байсан. Гэхдээ рапсыг асгахдаа төвлөрсөн хогийн цэг дээр очиж асгасан. Уг төвлөрсөн хогийн цэг нь 2015 оны 11 дүгээр сараас хойш хашаагүй, далангаар хүрээлэгдсэн жалга гадна талаараа хог нь үргэлжилсэн жалганд нь хог нь багтахгүй, орох газрын хаалга үүд нь хаана байгаа нь мэдэгдэхгүй болохоор манай ажилчид над руу утасдаад “хаана рапсаа асгах вэ?” гэж асуухаар нь би “хогийн цэг нь үргэлжилсэн юм бол наанаа асга” гэж хэлсэн. Тэр хавиар бол мал дураараа бэлчдэг байсан харин эзэн нь хариулгатай малаа өөрсдөө хариулах ёстой гэж бодож байна. Манайх бол хортой рапс хаяагүй. Рапсын хог хаягдлыг малын тэжээлд хэрэглэдэг, энэ жил өнөтэй өвөл болсон учир малд өгөөгүй байх. Н.Цэндсүрэн бол өөрөө байгаль хамгаалагч хүн. Ер нь би хогийн цэг дээр хог асгахаас өмнө рапсыг хаана асгах талаар бодсон. Тэгэхэд хогийн цэг дээр дотор нь орж рапс асгах боломжгүй байсан. Тэр хавиар ургамалын хог хаягдал болон рапсыг яг тэнд хаяарай гэж зааж өгсөн зүйл байхгүй. Хогийн цэгийг хариуцах эзэн миний мэдэхээр л лав 10-11-р сард байгаагүй. Н.Цэндсүрэнгийн дүү нар нь надтай энэ үйл явдал болсоноос бараг 2 сарын дараа ирж уулзахдаа “одоо яах вэ” гэж асуугаад ирэхээр нь би “миний буруугаас болоогүй болохоор надад асуудал алга” гэж хэлсэн. Гэхдээ тэр үед би “хөгшин настай хүний сааль сүүнийх нь үхэр юм байна” гэж бодоод Н.Цэндсүрэнгийн дүү нарт “ахаасаа нэг тугалтай гунж аваарай” гэж хэлэхэд зөвшөөрөөд явцгаасан. Тэгээд түүнээс хойш сар гарангийн дараа надад холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Иймд энэ асуудлын талаар хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсч байна гэх.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Х.Батмөнх мэдүүлэхдээ:

Би 2016 оны 02 дугаар сарын 24-ний өглөө эрт н.Чинзоригийн хамт хогийн цэг дээр компаний рапсны хог хаягдлыг асгасан. Машин орох боломжгүй учир гадна талд нь асгасан. Баруун талд нь шуудай нь цоорсон рапсны хог хаягдал байсан. Машин ордог үүд нь таглагдсан байсан учир гадна талд нь асгасан гэх.  

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Т.Норов, Н.Цэцэгмаа нарын нэхэмжлэлтэй Цагааннуур сумын “Шүрэн тариа” ХХК-нд  холбогдох “Эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 4.200.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Учир нь: 2016 оны 02 дугаар сарын 24-ний өглөө Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг гэх “Шүрэн тариа” ХХК нь тус сумын төвлөрсөн хогийн цэгийн гадна талд өөрсдийн тарьсан рапсны хог хаягдлыг асгаж уг рапсыг Т.Норовын 3 үхэр идсэний улмаас хордож үхсэн болох нь зохигчдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. 

Зохигчдын хэн аль нь рапсны хог хаягдлыг хогийн цэгийн гадна талд нь хаясан талаар маргаагүй бөгөөд дээрх хаясан рапсыг идсэнээс Т.Норовын 4 үхэр /хээлтэй/, Н.Цэцэгмаагийн нэг үхэр /хээлтэй/ хордож үхсэн болох нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн 2016 оны 03 дугаар сарын. 24-ний өдрийн “Тодорхойлолт”, мөн сумын ЗДТГ-ын ХАА-н тасгийн дарга, байгаль орчны байцаагч нарын хордсон үхэр үзсэн талаарх “Хорогдсон болон...малд үзлэг хийсэн тухай тодорхойлолт”, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн малын их эмчийн “Тодорхойлолт”, гэрэл зургийн үзүүлэлт /10 хуудас/, гэрч Х.Батмөнх, Н.Энэбиш нарын шүүх хуралдаанд болон шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Харин хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу “Шүрэн тариа” ХХК-ийн хогийн цэг дээр хаясан рапсны хог хаягдлыг нэхэмжлэгч нарын үхэр идээгүй, хүлээн зөвшөөрөхгүй талаараа нотлох баримтаар няцааж чадаагүй  байна. 

Хэдийгээр нэхэмжлэгч нарын үхэр нь рапсны хог хаягдлыг идэснээс болж үхсэн хэдий ч тэдгээрийн буруутай ажиллагаа нөлөөлсөн. 

Тухайлбал: Хогийн төвлөрсөн цэг байгааг мэдсээр байж түүн рүү малаа хариуллагагүй явуулснаас үүдэж үхэр нь хордож үхсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.  Мөн хордсон 3 үхрээ нядалж зарсан нь болох нь зохигчдоос сумын үнэлгээний комисст гаргасан хүсэлт, Цагааннуур сумын үнэлгээний комиссын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Малын халдваргүй өвчний улмаас хорогдсон малын үнэлгээ”, “Малын халдваргүй өвчний улмаас нядалсан малын үнэлгээ”, гэрч Ч.Чинзориийн шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр Т.Норовын хүрэн, улаан алаг зүсмийн, эрээн нүүртэй 3 тооны үнээг нядалж малын ченжид 950.000 худалдсан болох нь нотлогдож байх тул энэхүү мөнгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй.      

Иймд нэхэмжлэгч нарыг зохих хэмжээгээр гэм буруутай гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4.200.000 төгрөгнөөс Т.Норовын 3.360.000 төгрөгний 30 хувь буюу 1.008.000 төгрөгийг хасч тооцон үлдэх 2.352.000 төгрөгнөөс зарсан гэх махны үнэ 950.000 төгрөгийг хасч үлдэх 1.402.000 төгрөг, Н.Цэцэгмаагийн 840.000 төгрөгний 30 хувь буюу 252.000 төгрөгийг хасч тооцон үлдэх 588.000 төгрөгийг “Шүрэн тариа” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Т.Норов, Н.Цэцэгмаа нарт тус тус олгож, нэхэмжлэлээс 2.210.000 төгрөгний шаардлагыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Н.Цэцэгмаагийн  төлсөн 24.710 төгрөг, Т.Норовын төлсөн 68.710 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 18.290 төгрөгийг Н.Цэцэгмаад, 37.382  төгрөгийг Т.Норовт тус тус гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар “Шүрэн тариа” ХХК-иас 1.402.000 төгрөгийг Т.Норовт, 588.000 төгрөгийг Н.Цэцэгмаад тус тус гаргуулан олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.210.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд нийт төлсөн  93.420 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37.382 төгрөгийг Т.Норовт, 18.290 төгрөгийг Н.Цэцэгмаад тус тус  гаргуулан олгосугай.   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай. 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн   шүүхэд давж заалдах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Л.ЭНХТАЙВАН

                                     ШҮҮГЧИД                                                Д.МӨНХЦЭЦЭГ

                                                                                      Л.СОЁЛМАА