Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2018/0135/З |
Дугаар | 221/МА2019/0314 |
Огноо | 2019-06-05 |
Маргааны төрөл | Татвар, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2019/0314
2019 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 221/МА2019/0314 | Улаанбаатар хот |
“Ут” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0171 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Ут” ХХК-ийн гомдолтой, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0171 дүгээр шийдвэрээр: “Зөрчил шалган шийдвэрлэх тухайх уулийн 1.8 дугаар зүйлийн 6, 6.12, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 3, 7 дугаар зүйлийн 3, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.11, 18 дугаар зүйлийн 18.1.1, “Ут” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч О.Б, Ц.Ц, Ч.Э нарын О.Б, Ц.Ц, Ч.Э нарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 232201790 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О давж заалдах гомдолдоо: “... Нэг. Монгол Улсын хуулийн этгээд болох “Ут” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын Богины ам нэртэй газарт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2008 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаал, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт ашиглах 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 797 тоот дугаартай гэрчилгээний үндсэн дээр 30 га газар ашиглаж, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа болно.
Манай компани нь 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 797 дугаартай “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай 5 жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээний 1 дүгээр зүйлийн 6-д “Газрын төлбөрийн хэмжээ: а/ нэгжийн төлбөр 88 төгрөг, б/ бүгд 26400,0 мян төгрөг” гэж заасан байдаг. Гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулаагүй байдаг. Энэ гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд газар ашиглагч нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гэрээнд заасан хувь хэмжээгээр газрын төлбөрөө төлсөөр ирсэн. Энэ гэрээ нь 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр байсан болохыг шүүгч болон татварын хяналтын улсын байцаагч нар анхаарч үзсэнгүй.
Хоёр. Улмаар 2013 онд газар ашиглах эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр хугацаа хуульд заасан журмын дагуу таван жилийн хугацаа сунгагдаж, “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-г Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай байгуулах болсон. Хэрэгт авагдсан болон татварын улсын хяналтын байцаагч нарын судалсан гэх “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ” нь 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэсэн огноотой байгаа. Гэвч энэхүү гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга батлаагүйн улмаас хүчин төгелдөр болоогүй. Хан-Уул дүүргийн Засаг дарга гэрээг баталгаажуулахгүй байх шалтгаанаа тухайн үед огт тайлбарлаагүй бвгввд харин 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/591 дугаартай мэдэгдлээр гомдол гаргагч “У т” ХХК-д тайлбар өгсөн байдаг Уг мэдэгдэлд хэд хэдэн шалтгаан дурьдсан байдаг боловч анхан шатны шүүхийн шүүгч дан ганц шалтгааныг үндэслэл болгон шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт тэмдэглэж, гомдол гаргагчийг буруутгасан нь хууль хийгээд захиргааны шүүхийн мөн чанарт нийцэхгүй байна.
2013 оны “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 1-д “Энэхүү гэрээ нь Байгаль орчин, ногоон хөгжпийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга гарын үсэг зурж баталсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно” гэж заасан байдаг тул уг гэрээ хүчин төгөлдөр болоогүй. Хүчин төгөлдөр болоогүй гэрээг үндэслэн шийтгэл ногдуулж байгаа нь хууль хийгээд шударга ёсонд нийцэхгүй.
Гурав. 2013 оны “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-нд газрын төлбөрийн хэмжээг тогтоохдоо нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07-р сарын 16 өдрийн 5/39 дугаартай тогтоолыг үндэслэл болгон “а/ нэгжийн үнэ 792, б/ бүгд үнэ 237600000 төгрөг” гэж тогтоосон. Мөн хариуцагч нар нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07-р сарын 16 өдрийн 5/39 дугаартай тогтоолыг үндэслэл болгон төлбөх ёстой байсан гэх газрын төлбөрийн хэмжээг тогтоож захиргааны шийтгэл ногдуулсан. Гэтэл нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07-р сарын 16 өдрийн 5/39 дугаартай тогтоолын үйлчлэлийг хүчин төгөлдөр магадлалаар түдгэлзүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн 269 дүгээр магадлалаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 дугаар сарын 16 -ны өдрийн 5/39 дугаартай “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай” тогтоолыг нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлсэн. Магадлал хүчин төгөлдөр байгаа бөгөөд магадлал гарснаас хойш нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухайн асуудлаар дахин шинэ акт гараагүй. Захиргааны актын үйлчлэлийг түдгэлзүүлнэ гэдэг нь тухайн актыг шууд баримтлах, хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхийг шаардах хууль зүйн үндэслэлгүй болно гэж ойлгогддог.
Захиргааны байгууллага нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлж дахин шинэ акт гаргаж, газрын төлбөрийн хэмжээг тогтоохдоо өмнө тогтоосноос их эсхүл бага тогтоох эсэх талаар хууль зүйн зохицуулалт байхгүй. Тэд тодорхой судалгааг хийж, нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр төлбөрийн хэмжээг тогтоох байх. Гэтэл анхан шатны шүүхийн шүүгч асуудалд хувийн үзлээр, субьектив байдлаар дүгнэлт хийж "... газрын төлбөрийг өмнө нь тогтоосон хэмжээнээс бага хэмжээгээр тогтоох, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжид бага хэмжээний газрын төлбөр ногдуулах эрх үүсгэх ёсгүй тул" гэж тэмдэглэсэн нь хууль хийгээд шударга ёсонд нийцээгүй болно. Түүнчилэн гомдол гаргагч нь газрын төлбөрийн хэмжээг бага болгож өгөөч гэдэг шаардлага гаргаагүй бөгөөд гагцхүү үйлчлэлийг нь тудгэлзүүлсэн захиргааны актыг үндэслэл болгосон нь хуульд нийцэхгуй байгаа тухай маргасан. Үйлчлэлийг түдгэлзүүлсэн актыг үндэслэл болгож бусдыг буруутгаж, улмаар шийтгэл ногдуулж байгааг зөвтгөх нь ардчилал, хүний эрх, шударга ёсыг хамгаалах ёстой шүүхийн үүрэг, мөн чанар мөн гэж үү.
Дөрөв. Хавтаст хэргийн 44-46 дугаар хуудсанд байх “Газар эзэмших, ашиглах гэрээ дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт’’-уудыг шүүх огт шинжлэн судалсангүй. Өөрөөр хэлбэл, газрын төлбөрийг хураан авах эрх, үүрэг бүхий Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албатай байгуулсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн актууд нь гомдол гаргагч газрын төлбөрийг тогтоосон хэмжээгээр, хугацаандаа төлж байсныг нотолдог.
Иймд дээр дурьдсан үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 12/ШШ2018/0171 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, “У т” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурал 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Энэ зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан зарчим нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй” гэсэн заалтыг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар дүгнэлтийг хүлээн авч хүчингүй болгосноор шүүх гомдлоор үүссэн хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг цуглуулах боломжтой болжээ.
Үүнтэй холбогдуулж анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий дараах нотлох баримтуудыг цуглуулж, тус компанийн газрын төлбөр төлөөгүйг зөрчил гэж үзсэн татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.
Хэрэгт авагдсан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болсон татварын улсын байцаагч болон “У т” ХХК-иас гаргаж ирүүлсэн тус компанийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2008/797 дугаар гэрээний огноо /2009.07.22-2014.07.22 гэх/ зөрүүтэй, засвартай байгаагаас гадна төлбөрийн хэмжээг бүгд 26400,0 төгрөг гэж тус гэрээнд тусгасан байхад шийтгэлийн хуудсанд 2012, 2013 онд тус тус 211,000,000.0 төгрөг төлөөгүй гэж үзсэн нь ямар үндэслэлтэй болох талаар баримт цуглуулах шаардлагатай. Уг гэрээг хэрэгжиж байхад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолоор газрын төлбөрийн хэмжээг ихэсгэсэнтэй холбогдуулан нийтэд мэдээлж, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч этгүүдэд мэдэгдэж, заавал төлөхийг үүрэгжүүлж, эрх бүхий этгээд уг асуудлаар холбогдох аж ахуй нэгжтэй гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч байсан эсэх талаар тодруулах нь дээрх төлбөрийг тухайн онуудад төлөөгүй зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байна.
Мөн хэрэгт авагдсан 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн газар ашиглах гэрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга гарын үсэг зураагүй, мөн Хан-Уул дүүргийн өмч, газрын харилцааны албаны 2013.03.04, 2015.01.20-ны Газар эзэмших, ашиглах гэрээг дүгнэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн актуудад “Төлөх” хэмжээг “26,400,000” гэж, “үлдэгдэл 6,600,000” гэж тооцоо нийлсэн байх бөгөөд татварын улсын байцаагч нар аль баримтад үндэслэн 2014 онд, 2015 онд зөрчил гаргасан гэж үзсэн нь тодорхойгүй байна. Тухайн үед холбогдох газрын албанаас яагаад Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолоор заасны дагуу гэрээнд тусгагдсан хэмжээгээр тооцоо нийлж байгаагүй талаар тодруулах шаардлагатай.
Энэ талаарх гомдол гаргагчийн “... хэргийн 44-46 дугаар хуудсанд авагдсан тооцоо нийлсэн актыг шүүх огт шинжлэн судлаагүй” гэх гомдол үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүх нь хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, нотлох үүргээ хэрэгжүүлсний үндсэн дээр энэхүү маргааныг хянан шийдвэрлэх нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.