Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 117

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

                                                                    

 

 

 

 

 

 

 

 

           Н.Сүхбаатарт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор З.Энхжаргал,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Төрбаатар, түүний өмгөөлөгч Г.Нямхүү,

Ялтан Н.Сүхбаатарын өмгөөлөгч Б.Дашдорж,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Төрбаатар, ялтан Н.Сүхбаатарын өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Сүхбаатарт холбогдох эрүүгийн 201625030466 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Цонгоол овогт Намжилдагвын Сүхбаатар, 1959 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Шинэ хороолол, 21-5 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: МЬ59121817/,   

 

          Н.Сүхбаатар нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16-2-14 тоотод архи ууж согтуурсан үедээ заамдаж авсан гэх үл ялих зүйлээр шалтаглан биеэ хамгаалах чадваргүй хүнд зэргийн согтолттой Д.Төрхүүгийн цээжний зүүн дээд хэсэгт 1 удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.  

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Н.Сүхбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Н.Сүхбаатарт Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Н.Сүхбаатарыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Н.Сүхбаатарыг 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Сүхбаатарт оногдуулсан 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Н.Сүхбаатарын цагдан хоригдсон 287 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Төрбаатарт оршуулгын зардалд нэхэмжилсэн 11.900.000 төгрөгийг шүүгдэгч Н.Сүхбаатар төлж барагдуулсан болохыг дурдаж, нэхэмжлэлээс 105.763.613 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Н.Сүхбаатарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1317004683 дугаартай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум дахь Төмөр замын 4-58 тоот 38 м2, 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Сүхбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор зааж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Төрбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний төрсөн дүү Дугарсүрэнгийн Төрхүү нь 1978 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд 56 настай эх С.Цагааны хамт амьдарч байгаад 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр бусдын гарт амь насаа алдсан. Дугарсүрэнгийн Төрхүү нь эцэг, эхээс гурвуулаа бөгөөд нэг ах, нэг эмэгтэй дүүтэй айлын дундах хүүхэд байсан юм.

Дугарсүрэнгийн Төрхүү нь бусдад хорлогдож амь насаа алдах хүртлээ 3 хүүхдийн эцэг болсон ба том охин Төрхүүгийн Анужин настай одоо оюутан, дунд хүү Төрхүүгийн Төгсбаяр 2005 онд төрсөн 12 настай, 5 дугаар ангийн сурагч, бага охин Төрхүүгийн Сарнай 2008 онд төрсөн 9 настай, 2 дугаар ангийн сурагч байна. 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16-2-14 тоотод Н.Нэргүй гэгчийнд Н.Сүхбаатар, Ц.Хандсүрэн, Н.Нэргүй, талийгаач нар нь хамт архи уух явцдаа хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй миний дүү Д.Төрхүүг Н.Сүхбаатар нь үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр цээжин тус газар нь хутгалж санаатай алсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогддог юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн ах Д.Төрбаатар миний бие оролцож, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан өөрт олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд оролцож, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр байцаалт өгөх, хэргийн материалтай танилцах, гомдол хүсэлтээ гаргах зэрэг байцаан шийтгэх ажиллагаанд оролцож явсан. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт заасан Н.Сүхбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хэргийг 3-н шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэж, гаргасан шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн бөгөөд хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадсангүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Төрбаатар миний бие гардаж авсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Сүхбаатар нь миний дүүг “гар утас алга болсон, тамхи байхгүй, архигүй ирлээ” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, Н.Сүхбаатар нь талийгаачтай харилцан заамдалцаж хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр зүрхэн тус газар нь хутгалж, шууд санаатай алсан нь тодорхой байхад Н.Сүхбаатарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалд тохирохгүй байна. Энэ нь дараах нотлох баримтуудаас харагдаж байна.

- Хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд авагдсан гэрч Н.Нэргүйгийн мэдүүлэгт “...Сүхбаатарын гар утас алга болчихоод олдохгүй түүнээс болж Хандсүрэн, Сүхбаатар, талийгаач нарын хооронд маргаан болсон, манай гэрт ерөөсөө зодоон болоогүй, тэгж байтал гэнэт хутгалчихсан байсан…” гэх,

- Хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд авагдсан гэрч Ц.Хандсүрэнгийн мэдүүлэгт “...Сүхбаатар, Төрөө хоёр тамхинаас болж маргалдаад барьцалдаж аваад бие биенээ боосон, тэгтэл Төрхүүгийн цамц урагдсан, энэ үед Сүхбаатар гүйж очоод хоолны шүүгээнээс хар иштэй хутга авчираад шууд цээж рүү нь хутгалсан, талийгаач шууд ухаан алдаад газар дээрээ унасан, тэгтэл энгэрээс нь цус гараад байсан, би Сүхбаатарыг чи хүн алчихлаа гэхэд Сүхбаатар зүгээр наадах чинь өнгөцхөн гэж хэлээд хар иштэй хутгаа аваад нуусан, энэ хүн чинь үхчихлээ шүү дээ гэхэд Нэргүй, Сүхбаатар хоёр тоосон шинжгүй, архи уугаад байсан…” гэх,

- Хавтаст хэргийн 66 дугаар хуудсанд авагдсан сэжигтэн Н.Сүхбаатарын мэдүүлэгт “...Хандаа, Төрхүүг зодсон байдалтай орж ирсэн, тэгээд Төрхүү нь юм яриад байхаар нь Хандааг өмөөрч түүнтэй маргалдаж, ширээнд дээр байсан хутга аваад айлгах гээд цээж рүү нь хутгалсан, хутганы ишийг сайн санахгүй байна, би тэр үед нилээн согтуу байсан…” гэх мэдүүлэг болон яллагдагч Н.Сүхбаатар нь миний дүүгийн амийг бүрэлгэсэн шалтгаанаа байцаалт өгөх болгондоо өөр, өөрөөр мэдүүлдэг бөгөөд энэ нь нотлогддоггүй юм.

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 507 тоот  дүгнэлтээр “талийгаачийг хүнд зэргийн согтолттой байсан” гэсэн дүгнэлт гарсан. Үүнээс үзэхэд биеэ хамгаалж чадахгүй байсан болохыг нотолж байна. Ялтан Н.Сүхбаатар нь хэрэгт холбогдох үедээ 58 настай байсан бөгөөд талийгаач Д.Төрхүү нь 38 настай, ямар ч эрүүл ухаантай хүн 58 настай өвгөнд цээжин тус газраа зүрхэндээ хутгалуулаад зогсож байна гэж байхгүй. Эдгээр нотлох баримтаас харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан “танхайн” сэдэлтээр, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж алсан” гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан “танхайн” сэдэлт гэдгийг Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай тогтоолд “нийгэмд тогтоосон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн ёс заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй догшин зан авир, бүдүүлэг үйлдэлдээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүйгээр эсхүл ялимгүй зүйлийг шалтаг болгосон байхыг хэлнэ” гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.15 дахь хэсэгт заасан “хохирогчийн бие хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай тогтоолд “бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй байхыг, эсхүл хүчтэй согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг этгээд хамаарна” гэж тус тус тодорхой заажээ.

Гэрч Хандсүрэн нь мэдүүлэхдээ “…Сүхбаатар, манай талийгаач дүүг хутгалсан байрлалыг ширээ тойрч сууж байгаад маргалдаад Сүхбаатар босож гүйж очоод гал тогооны шүүгээний нүднээс хар иштэй хутга авчираад шууд цээжинд нь хутгалсан…” гэх, мөн дараагийн байцаалтанд мэдүүлэхдээ “…ширээ, сервант 2-ын хооронд зогсож байхад Сүхбаатар нь хоолны шүүгээнээс хутга авч хутгалсан…” гэх, мөн 3 дахь удаагийн нүүрэлдүүлэн байцаалтанд мэдүүлэг өгөхдөө “…шүүгээ, ширээ 2-ын дунд зогсож байхад…” гэх зэргээр өөр өөр мэдүүлгийг удаа дараа өгч байсан. Гэтэл хэргийн газрын үзлэгээр талийгаач нь хэрэг болсон газар болох байшингийн хойморт болсон, унасан байдаг. Гэтэл Хандсүрэн, Сүхбаатар нарын мэдүүлээд байгаа хоолны шүүгээ нь байшингийн үүдэн талд байдаг, шинжээчийн дүгнэлтэнд талийгаач нь хутгалуулснаас хойш идэвхитэй үйлдэл хийх чадваргүй. Хандсүрэнгийн мэдүүлгээр хутгалуулаад тэр дороо ойчсон гэж үзэхэд Сүхбаатар нь гэрийн хойд талд хутгалсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд дээр талийгаачийн баруун чих зүсэгдэж, хөхөрсөн байдаг. Энэ нь гэрэл зургийн үзүүлэлтээс илэрхий харагддаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтэнд энэ талаар тусгаагүй бөгөөд энэ гэмтлийг хэн учруулсан талаар мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоогоогүй.

Мөрдөн байцаалтын шатанд Нацагийн Нэргүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж сэжигтнээр тооцож, прокуророос Н.Нэргүйгийн үйлдэл холбогдлыг гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Гэтэл гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан үйлдэл нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн юм бол Н.Нэргүйгийн мөрдөн байцаалтын шатанд удаа дараа худал мэдүүлгүүд өгөөд байгаа асуудлыг яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлд заасан үндэслэлээр татаж шалгахгүй, асуудлыг мухарлахгүй байгаад гомдолтой байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй, хэтэрхий нэг талыг барьж өрөөсгөл дүгнэлт хийсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнд: 1. Шүүх хэрэгт дүгнэлт хийхдээ Н.Сүхбаатарыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй байна. Энэ нь мөрдөн байцаалтын шатанд гэрч, яллагдагч нарын мэдүүлэгүүд, бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсоы байтал орхигдуулсан. Тогтоолд согтуугаар гэмт хэрэг үйлдсэн болохыг үгүйсгэх ямар нотлох баримтанд үндэслэсэн болох нь тодорхойгүй байна.

2. Мөн тогтоолд Н.Сүхбаатарын зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нотлох баримт, үндэслэлээ дурьдаагүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байна.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүхээс бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл, хариуцлагыг хөнгөрүүлж байгаа нөхцөл байдал, түүнчлэн урьд сонсгосон ялыг шүүхээс өөрчилсөн бол түүний үндэслэл, шалтгааныг тодорхойлно…” гэж заажээ. Гэтэл шүүхийн тогтоол нь энэ хуулийн шаардлагад нийцээгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байна.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дугаар зүйлийн 290.2 дахь хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна. Учир нь, Н.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд нь юугаар няцаагдсан болохыг тогтоолд дурдаагүй атлаа шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн гэмт хэрэг гарах болсон шалтгааныг зориуд худал мэдүүлсэн мэдүүлэгт хөтлөгдөн, энэ мэдүүлгээр шууд дүгнэлт хийж, тогтоолын үндэслэх хэсэг болгосон байна.

5. Мөрдөн байцаалтын шатанд битүүмжилсэн эд хөрөнгийг хохирол бүрэн төлөгдөөгүй байхад шүүх хүчингүй болгосон байна. Тогтоолд “...хохирлын талаар нотлосон баримт шүүхэд ирүүлээгүй тул…” гэжээ. Хавтаст хэрэгт талийгаачийн хувийн компанид жолоочоор ажиллаж байхдаа авч байсан цалингийн тодорхойлолт, хүүхдийн тэтгэвэр төлж байсан шүүхийн шийдвэр, оюутан хүүхдийнхээ төлбөрийг жил болгон төлж байсан, хэдэн төгрөгний төлбөртэй сургуульд сурдаг талаарх баримт, насанд хүрээгүй 2 хүүхдийн төрсний гэрчилгээ, тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байгаа талаарх баримт, түүний зөрүүг талийгаачийн cap бүр авдаг байсан цалингийн зөрүүгээр бодож тооцсон тооцоо зэргийг хавсаргасан байтал нотолж ирүүлээгүй гэсэнд гомдолтой байна. Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд ниймгийн халамжийн тэтгэвэр авахаар заасан байна. Гэтэл шүүх тогтоолдоо “тэтгэлэг” гэж тодорхойлсон нь нэгт хуульд байхгүй нэр томъёо хэрэглэсэн, хоёрт нь Н.Сүхбаатараас хүүхдүүд нь үзүүлэх тэтгэлэг мэтээр ойлгож, дүгнэсэн байгаа нь хэтэрхий өрөөсгөл дүгнэлт хийсэн байна гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлд хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах талаар зохицуулсан байна. Уг хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй талаар хуульчилжээ. Мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.2 дахь хэсэгт гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, 508.3 дахь хэсэгт төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно.

Иргэний хуулийн 508.4 дэх хэсэгт гэм хор учруулсны төлбөрийг дор дурдсан хугацаанд нөхөн төлнө. 508.4.1 дэх хэсэгт “бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл гэж заасан байтал нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисонд гомдолтой байна. Эрүүгийн хэрэгтэй хамт бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Гэмт хэрэг гарах үед талийгаач нь 56 настай эхийнхээ хамт амьдарч, эх, хүүхдүүдээ тэжээж байсан. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.2 дахь хэсэгт “тавин таваас дээш насны эмэгтэй” жараас дээш насны эрэгтэйд бүх насаар нь хохирогч нас барснаас учирсан гэм хорыг төлж байхаар хүртэл хуулийн зохицуулалт байна. Гэтэл үүнийг анхан шатны шүүх шийдвэрлэсэнгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрт туйлын их гомдолтой байна.

Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж үндэслэлгүйгээр Н.Сүхбаатарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн, оногдуулсан ял шийтгэл нь хэргийн бодит байдалд тохироогүй, оногдуулсан ял нь хөнгөдсөн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй тогтоол гаргасан байх тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хуулийн шаардлага хангасан шийдвэр гаргуулж өгнө үү…” гэв.

Ялтан Н.Сүхбаатарын өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн хэрэгт шүүхийн шатнаас оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 гэсэн зүйл ангиар зүйлчилсэн байсан. Тодорхой ажиллагаа дутуу хийгдсэн учир шүүгчийн захирамжаар мөрдөн байцаалтад буцсан байдаг. Энэ үед хохирогчийн гаргасан гомдлын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.2. 91.2.15 дахь зүйлд заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Уг хавтаст хэрэгтэй танилцахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.2. буюу танхайн сэдэлт, 91.2.15 буюу биеэ хамгаалж чадахгүй гэсэн үндсэн шинжүүд байхгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд уг хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэсэн байр сууринаас оролцсон. Хэдийгээр анхан шатны шүүх зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон өөрчилсөн боловч өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргасан. Гэмт хэрэг гарах болсон нөхцөл шалтгаан, хохирогчийн зүй бус үйл ажиллагаа мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр Н.Сүхбаатар аргагүй хамгаалалт хийсэн болох тогтоогдсон. Тухайн хэргийн газар 2 гэрч байсан. Гэрч Нэргүйгийн хувьд уг гэмт хэрэг гарах үед унтаж байсан хараагүй гэдэг. Хандсүрэнгийн хувьд үйл явдлыг хараад сууж байсан. Хохирогчийн хувьд архи уухаараа хүний хоолой боодог гэдгийг хамтран амьдрагч Хандсүрэн мэдүүлдэг. Хаана ямар газар хутгалагдсан нь Хандсүрэнгийн мэдүүлгээр тогтоогдсон. Дээрх гэрч нарын мэдүүлгээс үзэхэд амь хохирогч нь ялтан Н.Сүхбаатарыг барьж авч хоолойг нь шахаж амь биед нь аюултай үйлдэл хийсэн болох нь нотлогдож байхад анхан шатны шүүх дээрх нотлох баримтад ач холбогдол өгөөгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аргагүй хамгаалалтын байдалд, өөрөөр хэлбэл, энэ хуулиар хамгаалагдсан төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахдаа энэ хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байна.

Ялтан Н.Сүхбаатарын хийсэн үйлдэл нь амь хохирогч Б.Төрхүүгийн үйлдлийн улмаас өөрийн амь насыг хамгаалахын тулд хийгдсэн үйлдэл болох нь тухайн үед байсан гэрч Ц.Хандсүрэнгийн мэдүүлгээр тодорхой нотлогдож байна. Иймд ялтан Н.Сүхбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан зүйлд заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Төрбаатарын өмгөөлөгч Г.Нямхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн нөхцөл байдалтай тохироогүй гэж үзсэн. Тухайн гэмт хэрэг гарсан үед гэрч Хандсүрэн, Нэргүй хоёр хамт байсан. Нэргүй би мэдэхгүй унтаж байсан, намайг унтаж байхад гэмт хэрэг болоод дууссан гэдэг. Харин Хандсүрэнгийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг нь хэрэгт бусдын нөлөөнд ороогүй ач холбогдолтой үнэн зөв мэдүүлэг байсан гэж үзэж байна. Сүхбаатар талийгаач 2 тамхинаас болж маргалдсан. Сүхбаатар гүйж очоод шүүгээнээс хутга авчраад зүрхэн тус газар нь хутгалсан талийгаач газар дээрээ унасан. Би айгаад сандраад гарсан тэгээд буцаад орж ирэхэд талийгаачийн зүрхнээс цус гарсан байсан. Та нар хүн алчихлаа гэхэд “зүгээр наадах чинь өнгөцхөн зүсэгдсэн, үхээгүй” гээд тоосон шинжгүй архи уугаад суугаад байсан гэдэг. Явцын дунд Хандсүрэнгийн мэдүүлэг өөрчлөгдөж, сүүлдээ шүүгээний завсар орж хоолойг нь боосон гэдэг. Үүнийг би нотлогдоогүй гэж үзсэн. Яагаад гэхээр гэрч Хандсүрэн нь согтууруулах ундаанд донтсон, бусдын нөлөөнд автаж мэдүүлгээ өөрчилж шүүгдэгчид ашигтай байдлаар мэдүүлсэн байх үндэслэлтэй. Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлын талаар Н.Сүхбаатараас талийгаач 2.000 төгрөг нэхсэн, тэгээд өгснөөс болоод маргалдсан гэдэг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар яригдаагүй мөн хавтаст хэрэгт авагдсан баримтгүй байхад шүүхийн дүгнэлтэд дурдагдсан байгааг их гайхаж байна. Харин анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Н.Сүхбаатар хүүхдээсээ 2.000 төгрөг аваад өглөө тэр мөнгөөрөө согтууруулах ундаа авсан гэж мэдүүлдэг. Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн тухай болон нотлох баримтуудыг үгүйсгэсэн талаар шийтгэх тогтоолд дурдсан зүйл байдаггүй. Өмгөөлөгч миний зүгээс 2016 оны 3 дугаар сарын 11-нд Хандсүрэнгийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолд дурдаагүй байна. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл бий болсон гэж үзэж байна. Энэ хүний үйлдлийг яагаад танхайн сэдэлттэй гэж үзсэн бэ гэхээр, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хүнд зэргийн согтолттой гэж дүгнэсэн. Энэ хүнийг яагаад биеэ хамгаалах чадваргүй гэж үзсэн бэ гэхээр шүүх шинжилгээний дүгнэлтэд ухамсарт үйлдэл хийх боломжгүйг тодорхойлсон тул биеэ хамгаалах чадваргүй байсан. Ширээ шүүгээ хоёрын хооронд хутгалсан гэсэн боловч талийгаачийн цогцос үүдэнд байдаг. Тэгэхээр Хандсүрэнгийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн мэдүүлэг үндэслэлтэй байна. Хандсүрэнг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт тавьсан. Шүүгдэгчийн талаас түүнийг шүүх хуралдаанд ирүүлээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй байгаа тул анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Прокурор З.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Сүхбаатарт Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Н.Сүхбаатарыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Төрбаатарт оршуулгын зардалд нэхэмжилсэн 11.900.000 төгрөгийг шүүгдэгч Н.Сүхбаатар төлж барагдуулсан болохыг дурдаж, нэхэмжлэлээс 105.763.613 төгрөгийн хангахгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Уг хэрэгт Н.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүх шилжүүлэхдээ прокурорын өөрийн дотоод итгэлээр уг хэргийг зүйлчилсэн. Н.Сүхбаатар нь хэргийн газар мэдүүлэг өгөхдөө “Төрхүү намайг гаднаас орж ирэхэд шалан дээр унтчихсан байхаар нь сэрээхээр татахад энгэр нь цус болсон байсан. Тэгээд цагдаа дуудсан, хэнд хутгалуулсан талаар нь мэдэхгүй” гэж өөрийн үйлдлийг нууж худал мэдүүлсэн. Эргүүлийн цагдаа Түмэнбаярын мэдүүлгээр “дуудлага өгсний дагуу очиж шалгахад цогцосны өмссөн цамцыг задалсан байдалтай, шархны ойр орчмыг цэвэрлэсэн, шалан дээрх цусыг арчиж цэвэрлэсэн байсан” гэдэг. Н.Сүхбаатар гэрч 2 эмэгтэйг бодоход согтолтын хэмжээ бага байсан. Гэрч Хандсүрэнгийн мэдүүлэгт “Нэргүй надтай хэрүүл өдөөд байхаар нь би уурлаад шаазан авч шидсэн, нэг мэдэхэд шүүгээ, ширээ хоёрын хооронд Төрхүү Сүхбаатарын хоолойг шахсан байдалтай зогсож байсан. Тэгтэл Сүхбаатар шүүгээнээс хутга аваад Төрхүүгийн цээжинд дүрсэн. Би айгаад гараад яваад буцаад орж ирэхэд Төрхүү Нэргүйгийн орны урд талд толгойг баруун хойш харуулан дээш харуулж хэвтүүлээд хувцсыг нь ярж, цээжинд нь хутгалсан шарх нь ил харагдаж байсан” гэдэг. Эдгээр мэдүүлгээс дүгнэлт хийхэд гал тогооны шүүгээ наад талд байсан ширээ хоёрын хооронд гэмт хэрэг үйлдэгдсэн байх боломжтой байсан. Хэргийн газрын үзлэгээр очиход гэрийн гол хэсэгт талийгаачийн толгой үүд хэсэг рүү хөндлөн маягтай байрлуулсан байдаг. Энэ байдлаас харахад цогцсыг хөдөлгөж байрлуулсан нь харагддаг. Тэгэхээр Н.Сүхбаатар согтолтын хувьд өөрийн ухамсарт үйлдэл хийх боломжтой байсан. Шинжээчийн дүгнэлтээр талийгаач 1-2 алхам хийх боломжгүй, шууд үхэлд хүргэх гэмтэл авсан гэдэг. Сүхбаатар талийгаачийн цогцсыг хөдөлгөж, энэ хэргээ нуун далдлахын тулд цусыг цэвэрлэсэн байдлууд харагддаг. Тухайн үед цагдаагийн ажилтан Н.Сүхбаатарыг эрүүлжүүлээгүй. Хандсүрэн, Нэргүй хоёрыг эрүүлжүүлэх байранд авч очиход Хандсүрэн нүүрэндээ гэмтэлтэй тул хүлээж аваагүй, Нэргүйгийн хувьд хэмжилтийн багаж руу үлээх ч чадваргүй, биеийн байдлаас болоод эрүүлжүүлэх шаардлагагүй гэж үзсэн талаар хавтаст хэрэгт авагдсан. Эдгээрээс дүгнэж прокурорын дотоод итгэлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Танхайн сэдэлтийн хувьд хэрэг үйлдэгдсэн газарт эмх замбараагүй зүйл байдаггүй. Аяга шаазан хагарсан талаар хэргийн газрын үзлэгээр Хандсүрэн, Нэргүйтэй муудалцан шидсэн энэ нь Нэргүйгийн орны хөлд хэвтэж байсан. Энэ айлд байнга архидалт болдог байсан нь илт мэдэгдэж байсан. Урьд өдөр нь мөн архидалт болж Н.Сүхбаатар, Нэргүйгийнд хоносон байдаг. Хэргийн хувьд хохирогч ямар буруутай үйлдэл хийсэн талаар хэрэгт авагдсан баримтаар харагддаггүй. Гэрч Хандсүрэнгийн мэдүүлгээр хутгалах үед Нэргүй орон дээр унтаж байсан нь нотлогддог. Н.Сүхбаатарын хоолойг боомилсон талаар гэрч Хандсүрэнгийн мэдүүлгээр “шүүгээ ширээ хоёрын завсараар хоолойг нь шахсан, биенийгээ заамдалдсан байсан” гэдэг. Энэ нь ялимгүй зүйлээр танхайрсан үйлдэл харагдаж байна гэж үзсэн. Анхан шатны шүүх хуралдаанаар мөрдөн байцаалт болон хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судалж хэлэлцүүлээд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг байна гэж зүйлчилснийг дээд шатны прокурорт заавар журмын дагуу танилцуулахад эсэргүүцэл бичих шаардлагагүй гэж үзсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өгсөн баримтаар хавсаргагдсан оршуулгын зардлыг бүрэн төлж барагдуулсан. Сүхбаатарын ар гэрээс 11.900.000 төгрөгийг охиноос нь төлж барагдуулсан байдаг. Нэхэмжлэлээс 105.000.000 төгрөгийг хангахгүй орхисон. Гэм хорын хохирлоо иргэний шүүхэд баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд заасныг үндэслэлтэй гэж үзэж байна. Нэргүйг удаа дараа худал мэдүүлэг өгөөд байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлд зааснаар яллаагүй вэ гэж байна. Нэргүй 3 удаа мэдүүлэг өгдөг. Мэдүүлгийн зөрүүг гаргахаар Хандсүрэнтэй нүүрэлдүүлсэн. Тэгэхэд Нэргүй багаж руу үлээх чадваргүй согтолтын хэмжээ өндөр байсан тул санаатай худал мэдүүлээгүй гэж үзсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж үзсэн юм. Өмгөөлөгч Б.Дашдоржийн гомдолд Н.Сүхбаатарын мэдүүлгээр талийгаач Төрхүүтэй заамдалцсан байдал үүссэн талаар Сүхбаатарын хоолойд боомилсон гэх баримт болон түүний биед гэмтэл байдаггүй. Шүүгдэгчийн амь насанд аюултай байдал үүссэн гэх нөхцөл байдал мөн тогтоогдоогүй. Шүүгдэгч шүүгээнээс хутга авч амин тус газар хутгалахаас өөр арга хэмжээ авах боломжтой байсан, ийм нөхцөл байдал үүссэн гэж шүүх үндэслэлтэй тодорхой дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

                                                     ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Н.Сүхбаатар нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16-2-14 тоотод архи ууж согтуурсан үедээ Д.Төрхүүгийн цээжний зүүн дээд хэсэгт нэг удаа хутгалж “цээжний хөндийг зүүн 3, 4 дүгээр хавирганы өвчүүтэй нийлэх хэсгээр нэвтэрч үнхэлцгийн хөндийг урд дээд хэсгээр нэвтэрч зүрхний зүүн ховдолын урд ханаар ховдол хоорондын таславчийн булчингийн дагуу баруун ховдол ар хана, титэм судасны баруун салааг тасалж, үнхэлцгийн ар ханыг нэвт хатгаж гэмтээсэн, цээжний хөндийн зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж үнхэлцгийн хөндий дэх цус хуралттай, зүрх чихэлдэлт” бүхий гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Н.Сүхбаатар нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтууд нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Төрбаатарын “…манай охин Тунгалагтамир утсаар залгаад “Төрхүү ах эмнэлэгт муу байна, та яаралтай хүрээд ир” гэсэн. Би тэр өдөртөө буюу 2016 оны 3 дугаар сарын 11-ний орой 20 цаг 30 минутанд онгоцонд суугаад Монголд ирсэн. Тэгээд би хотод буугаад “дүүгээ бусдад алуулсан байна” гэж ойлгосон. Би хэргийг нарийн сайн мэдэхгүй байна. Манай ах дүүс надад хэлэхдээ “талийгаач дүүг 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хайлаастад гэрийнхээ ойролцоо айлд хүний гарт амь насаа алдсан байна” гэж хэлсэн. Миний сонссоноор “манай дүүг тэр хамт байсан хүмүүс нь дуудаад очиход архи, дарс авч ирсэнгүй, тэнд бас нэг гар утасны маргаан гарсан бололтой түүнээс болж муудалцаж араас нь хутгалсан” гэж сонссон. Би үүнийг бол санаатай дуудаж төлөвлөж үйлдсэн байна гэж бодож байна…” /хх-22-I/,

Гэрч Ц.Хандсүрэнгийн “…2016 оны 3 дугаар сарын 10-ны 17 цагийн үед …Баярмандах бид хоёр аваад Алтангэрэл гэдэг хүний дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй “Монгол стандарт” авсан. Тэгээд тавуулаа хувааж уусан. Нэг мэдэхэд Баярмандах гараад явсан байсан. Би хэзээ гарч явсныг нь мэдээгүй, би согтсон байсан. Надтай Нэргүй хэрүүл өдөөд байсан. Тэрэнд нь уурлаад би шаазан аваад шидсэн. Нэг мэдэхэд тумбочк ширээ хоёрын хооронд Төрхүү Сүхбаатарын хоолойг шахсан зогсож байсан. Тэгээд Сүхбаатар тумбочки руу гараа сарвайгаад шүүгээг нь татаж онгойлгоод Төрхүүгийн цээж рүү дүрчихсэн. Тэгээд л би айгаад гараад явсан. Би явж гэр рүүгээ орчихоод буцаад эргээд ирсэн. Эргээд ирэхэд Төрхүүг Нэргүйн орны урд талд толгойг нь баруун хойш нь дээш харуулаад хэвтүүлээд хувцсыг нь дээш ярсан байсан. Тэр үед Төрхүүгийн цээжинд нь хутгалагдсан шарх ил харагдаж байсан. Тэгээд би “та нар хүн алчихлаа шүү дээ, яаж байгаа юм бэ” гээд уйлаад сууж байтал Сүхбаатар “наадах чинь зүгээр ээ, өнгөцхөн шарх байгаа юм, удахгүй ухаан орчихно” гэж надад хэлсэн. Тэгээд би гараад явсан. Намайг гарч явж байхад Эрдэнэцэцэг гэдэг хүүхэн тааралдсан…” /хх-5-6-II/,

Гэрч Н.Нэргүйгийн “…2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 30 минутын үед …архиа уугаад сууж байтал Cүхбаатарын гар утас алга болсон. Тэгээд Сүхбаатар, Төрөө хоёр хоорондоо хэрэлдээд талийгаач Төрөө, Хандсүрэнг “та Сүхээ ахын гар утсыг авчихлаа” гээд маргаан үүсгээд тэгээд нэг мэдэхэд Төрөө, Сүхбаатар хоёр муудалцаад байсан. Би тэр үед орон дээр хэвтэж байсан. Хандсүрэн, Төрөө, Сүхбаатар 3 ширээний хажууд сууж байсан. Би нилээд согтуу байсан. Тэгтэл Сүхбаатар “би Төрөөг хутгалчихлаа” гэсэн. Тэгээд би орон дээрээс босоод иртэл миний орны урд талд ёолоод хэвтсэн. Тэгээд хартал энгэр нь нэл цус болсон байсан. Би Төрөөгийн фудволкыг хайчилж тайлаад цусыг нь арилгасан. Тэгээд түргэн дуудсан…” /хх-23/,

Гэрч М.Чойсүрэнгийн “...2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед “Согоот-10”-аас “танай хороон дээр хүн нас барсан” гэсэн дуудлага өгсөн хаягийн дагуу очиход …Нэргүйгийн хашааны үүдэнд тэр хавиар архи уугаад яваад байдаг Хандсүрэн, Сүхбаатар, бас нэрийг нь мэдэхгүй нэг эмэгтэй зогсож байсан. Түмэнбаяр “тэд нар цуг архидсан юм шиг байна” гэхээр нь би Сүхбаатарыг нь дуудаад юу болсон талаар асуухад “гаднаас орж ирээд газар унтчихсан, нэлээн их унтаад байхаар нь сэрээх гээд татахад энгэр нь цус болчихсон байсан, тэгэхээр нь эид нар цагдаа дуудсан, хэнд хутгалуулсныг нь мэдэхгүй” гэж хэлэхээр нь би Сүхбаатарыг гавлаад машиндаа суулгасан. ...Дарга нар надаас “хохирогчийг хэн болохыг орж харсан уу” гэж асуухаар нь “орж хараагүй байгаа” гэж хэлтэл “хохирогчийг орж хар” гээд орж харахад Төрөө гэдэг тэр хавиар Хандаа авгайтай архи уугаад яваад байдаг залуу байсан...” /хх-147-148-I/,

Гэрч Т.Түмэнбаярын “...Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд “Согоот 10”-аас Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16-214 тоотод “хутгалуулсан хүн байна” гэсэн дуудлага өгсний дагуу очиж шалгахад гэрийн эзэн Нэргүй гэх эмэгтэй, Сүхбаатар гэх эрэгтэйгийн хамт гэртээ байсан. Хутгалуулсан хүн нь нас барчихсан байдалтай, том өрөөний гол хэсэгт дээшээ харчихсан байдалтай хэвтэж байсан. Цогцосны дээгүүрээ өмсчихсөн байсан хувцсыг задгайлчихсан, хутгалуулсан шарх нь ил гарчихсан байдалтай, шархны ойр орчмын цус болон шалан дээгүүрх цусыг арчаад цэвэрлэчихсэн байдалтай байсан. Нэргүй гэх эмэгтэй нь “энэ хүн хүмүүстэй гадаа зодоон хийж байгаад хутгалуулчихлаа гээд ороод ирсэн” гэж хэлсэн. Гаднаас хутгалуулчихсан гэж ирсэн юм бол хашаанд нь болон байшингийн үүдэнд цусны толбо байж болзошгүй гэж үзээд байшингаас гарахад гудамжинд 50-60 насны нэг эмэгтэй миний нөхрийг алчихлаа” гээд уйлаад хашгираад байхаар нь тэр эмэгтэйгээс юу болсон талаар тодруулахад “наад байшинд чинь байгаа эрэгтэй хүн миний нөхөр Төрхүүг хутгалаад алчихлаа” гээд хашгираад байхаар нь Сүхбаатар гэгчийг жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчихөөд явсан. Гудамжинд миний нөхрийг алчихлаа гээд хашгираад байсан эмэгтэй нэлээн согтуу байсан, харин Нэргүй, Сүхбаатар хоёр нөгөө эмэгтэйг бодвол гайгүй байсан. Өөрсдийнхөө үйлдлийг хариуцах чадвартай байсан...” /хх-85-86/,

Гэрч Ж.Баярмандахын “...2016 оны 3 дугаар сарын 10-ны …өдөр Хандсүрэн эгч “өнөөдөр миний төрсөн өдөр болж байна” гээд 10.000 төгрөг гаргаад Хандаа эгч бид хоёр баруун талын дэлгүүрээс 0.75 литрийн “Монгол стандарт” нэртэй нэг шил архи аваад орсон, тэрийгээ задалж уугаад дуулаад байсан, би дээрээс нь хоёр татчихаад гэрлүүгээ явсан. 17 цагийн үед би Нэргүй эгч рүү залгатал “Сүхээ Төрөөг хутгалаад алчихлаа” гэж хэлэхээр нь би “цагдаа, эмнэлэг дуудсан уу” гэтэл “дуудсан чинь ирэхгүй байна” гэж хэлсэн. Би тэгэж хэлсэн ч гэсэн тэдний гэрлүү нь очоогүй. Намайг Нэргүй эгчийнд байх хугацаанд Сүхбаатар, Төрхүү, Нэргүй, Хандсүрэн нарын хооронд ямар нэгэн маргаан болоогүй. Сүхбаатар ахын гар утас алга болсон талаар ерөөсөө яриа болоогүй. Би урьд өдөр нь архи уучихсан байсан учраас нэлээн согтчихсон байсан, нөгөөдүүл бас л нэлээн согтчихсон байсан...” /хх-83-84/,

Н.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...2016 оны 3 дугаар сарын 10-ны …Төрхүү Хандсүрэнгээс мөнгө нэхээд байсан. Хандсүрэн байхгүй гээд байсан. Тавиур дээр байсан аягыг Төрхүү аваад над руу шидсэн. Би тэр аяганы хагархайг түүгээд байж байтал Төрхүү намайг заамдаад авсан. Би заамдуулж байгаад хананд шахагдаад гарыг нь дийлэхгүй болохоороо тавиур дээр байсан хутга аваад цээж рүү нь хутгалсан. Тухайн үед би заамдуулж байхдаа үхэх гэж байна гэж бодогдоод миний амьдралын бүх юм надад бодогдсон. Тэгтэл Төрхүү “за за, болъё” гээд өөрөө очоод газар хэвтээд өгсөн. Тэгээд би доор байсан хөнжил гудсыг нь авч өгөөд унтуулсан. Тэгээд би жаахан унтаж байгаад босохоор нь явъя гэж бодсон. Бид хоёр зодолдоогүй, маргалдаагүй, ийм л юм болсон. Бүгд л архи уусан Төрхүүг зуун хувь согтсон гэж би үзэхгүй байна. Төрхүү өөрөө эхлээд намайг заамдаж аваад хана руу хоолойг минь шахсан, би сандраад амиа хамгаалах зорилгоор боолгуулж байгаад гараа сарвайхад тавиур дээр ил байсан хутгыг авсан...” /хх-23-II/, шинжээч А.Амгаланболдыг байцаасан тэмдэглэл /хх-52-I/, шинжээч Ж.Баттулгыг байцаасан тэмдэглэл /хх-92-93-I/ гэх зэрэг мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост задлан шинжилгээ хийсэн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 507 дугаартай акт, дүгнэлтэд “...1. Талийгаачийн биед цээжний хөндийг зүүн 3, 4 дүгээр хавирганы өвчүүтэй нийлэх хэсгээр нэвтэрч үнхэлцгийн хөндийг урд дээд хэсгээр нэвтэрч зүрхний зүүн ховдолын урд ханаар ховдол хоорондын таславчийн булчингийн дагуу баруун ховдол ар хана, титэм судасны баруун салааг тасалж, үнхэлцгийн ар ханыг нэвт хатгаж гэмтээсэн, цээжний зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж үнхэлцгийн хөндий дэх цус хуралттай, зүрх чихэлдэлт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Талийгаачийн цусанд 4.1 промили спиртийн агууламж илэрсэн ба нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 4. Талийгаачийн цус нь O (l) бүлгийн харъяалалтай байна. 5. Талийгаач нь цээж үнхэлцгийн хөндий нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас хурц цус алдаж, үнхэлцгийн хөндийд цус хуралдсанаар зүрх чихэлдэж нас баржээ. 6. Талийгаачид үхэлд хүргэх архаг xууч өвчин тогтоогдсонгүй...” /хх-28-29-I/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Нэмэлт шинжилгээ хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 1399 дугаартай дүгнэлтэд “...1. Хавтаст хэргийн материал дахь цогцосны гадна үзлэгийн тэмдэглэл болон цогцост задлан шинжилгээ хийсэн шинжилгээний протоколын гадна үзлэгийн хэсэгт талийгаачийн баруун чихний гадна дэлбэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүсэгдсэн шарх бүхий гэмтлийн тухай тэмдэглэгдээгүй байна. 2. Хавтагт хэргийн 9 дүгээр хуудасны арын хэсэгт байгаа талийгаачийн таниулах зурагт баруун чих хөхөлбөр өнгөтэй харагдаж байгаа нь хүүрийн толбо байна. 3. Талийгаачийн биед цээжний хөндийг зүүн 3, 4 дүгээр хавирганы өвчүүтэй нийлэх хэсгээр нэвтэрч үнхэлцгийн хөндийг урд хэсгээр нэвтэрч зүрхний зүүн ховдолын урд ханаар ховдол хоорондын таславчийн булчингийн дагуу баруун ховдол ар хана, титэм судасны баруун салааг тасалж, үнхэлцгийн ар ханыг нэвт хатгаж гэмтээсэн цээжний зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, үнхэлцгийн хөндий дэх цус хуралдалт, зүрх чихэлдэлт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хх-9-10-II/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2349 дугаар дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн “507 Төрхүү 40 эр” гэсэн хаягтай цусанд 4.1 промилли, ходоодны шингэнд 4.0 промилли, цөсөнд 4.6 промилли спиртийн агууламж илэрч байна...” /хх-33-I/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Мөр судлалын шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2003 дугаар дүгнэлтэд “...1. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд уранхай, цоорхой гэмтэл гарсан байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн хувцасны -хар хүрмэнд үүссэн 4 см, хар гутланд үүссэн 8 см, 2.5 см хэмжээтэй уранхай болон гэмтэл татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн байна. Гутланд үүссэн 8 см наалдаасаараа салсан гэмтэл шинээр үүссэн байж болно. Харин бусад уранхай хуучин уранхай байна. Хар савхин хүрмэнд үүссэн 2.5 x 1.7 см, ногоон цамцанд үүссэн 65 см, 1.7 см, саарал цамцанд үүссэн 56 см, 2.5 см, майканд үүссэн 47.5 см, 1.7 см хэмжээтэй уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдсэн уранхай байна. Дээрх уранхай болон гэмтлүүдийн цаг хугацааг тогтоох боломжгүй...” /хх-40-41-I/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 296 дугаар дүгнэлтэд “...Н.Сүхбаатар нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. Н.Сүхбаатар нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. Н.Сүхбаатар нь хэрэг хариуцах чадвартай байна. 4. Н.Сүхбаатар нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт үгүй байна...” /хх-48-49-I/ гэх дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-7-I/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-15-19-I/, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-20-I/ зэрэг болно.  

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.    

Давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Төрбаатар “…Н.Сүхбаатар нь миний дүү Д.Төрхүүг биеэ хамгаалж чадахгүй байхад нь танхайн сэдэлтээр санаатай алсан байхад анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү…” гэж, ялтны өмгөөлөгч Б.Дашдорж “…миний үйлчлүүлэгч Н.Сүхбаатар нь хохирогч Д.Төрхүүгийн багалзуурдаж боосон үйлдлийн эсрэг өөрийн амь насаа хамгаалахын тулд аргагүй хамгаалалт хэрэглэсэн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү…” гэж тус тус давж заалдах гомдол гаргажээ.    

Н.Сүхбаатарт холбогдох эрүүгийн хэргийг Прокуророос зүйлчлэн ирүүлсэн “хүнийг санаатай алах” гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлын нэг болох “танхайн сэдэлт” гэдэгт нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар нэгэн шалтаг шалтгаангүй эсхүл үл ялих зүйлээр шалтаглан гэмт хэрэг үйлдэхийг, өөрөөр хэлбэл, нийгмийн хэв журам болон ёс суртахууны наад захын хэм хэмжээг илтэд зөрчихөд чиглэсэн хувийн бус, танхайн шинжтэй сэдэлтийг хамруулж үздэг. Харин тодорхой сэдэлтэй буюу хувийн таарамжгүй харьцаа зэргээс шалтаглан маргалдсан, ингэхдээ хэн нэгэн рүү чиглэж тухайлан хандсан үйлдлийн улмаас бусдын амь насыг хохироосон бол дээрх хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулж үздэггүй болно.

Хэрэг учрал болох үед шүүгдэгч Н.Сүхбаатар, амь хохирогч Д.Төрхүү, гэрч Ц.Хандсүрэн, Н.Нэргүй, Ж.Баярмандах нар нь архидан согтуурсан ба амь хохирогч Д.Төрхүү, шүүгдэгч Н.Сүхбаатар хоёр хувийн таарамжгүй харилцааны улмаас амь хохирогч Д.Төрхүү нь шүүгдэгч Н.Сүхбаатар руу эхэлж халдсан ба улмаар Н.Сүхбаатар нь өөрийг нь заамдаж багалзуурдлаа гэж дургүйцсэний улмаас амь хохирогч Д.Төрхүүгийн цээжин тус газар нэг удаа хутгалснаас хохирогч нас барсан үйл баримт тогтоогджээ. Хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэгт дээр дурдсан маргааны эхлэл, шалтгааныг үгүйсгэсэн, өөрөөр мэдүүлсэн зүйлгүй бөгөөд анхан шатны шүүх уг мэдүүлгүүдэд үндэслэлтэй дүгнэлт хийж, танхайн сэдэлтгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн амь хохирогч Д.Төрхүүгийн цусанд 4.1, ходоодонд 4.0, цөсөнд 4.6 промилл спиртийн агууламж илэрсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэдий ч хэрэг үйлдэгдсэн тухайн үед амь хохирогч Д.Төрхүү, ялтан Н.Сүхбаатар нар хэн хэн нь архи уусан байсан бөгөөд амь хохирогч Д.Төрхүүг биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүйгээс гадна Н.Сүхбаатарын зүгээс хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болсон үед, өөртөө эсэргүүцэл үзүүлэх боломжгүй байдлыг далимдуулж ална гэсэн урьдчилсан санаа зорилготой байсан нь тогтоогдоогүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аргагүй хамгаалалтын байдалд, өөрөөр хэлбэл, энэ хуулиар хамгаалагдсан төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахдаа энэ хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заажээ. Аргагүй хамгаалалтыг нийгэмд аюултай, хууль бус довтолгоон, халдлага бодитойгоор хийгдсэн, эсхүл хийгдэх нь тодорхой байгаа тохиолдолд хэрэглэхээр заагдсан байх ба амь хохирогч Д.Төрхүүгийн үйлдлийг Н.Сүхбаатарын амь насанд аюул учруулах нь тодорхой болсон биелэгдэх боломжтой бодит халдлага гэж үзэх боломжгүй ба Н.Сүхбаатар нь аргагүй хамгаалалт хийх нөхцөл байдал үүсээгүй байхад амь хохирогчийн цээжинд санаатай хутгалж алсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Төрбаатар, ялтан Н.Сүхбаатарын өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлууд нь хуулийн үндэслэлгүй байх тул давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Төрбаатар, ялтан Н.Сүхбаатарын өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.     

               

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

             Д.МЯГМАРЖАВ