Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 82

 

Н.Сүхбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Бурмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Төрбаатар, түүний өмгөөлөгч Г.Нямхүү,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 117 дугаар магадлалтай, 201625030466 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Төрбаатар, түүний өмгөөлөгч Г.Нямхүү, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, 1959 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Цонгоол овогт Намжилдагвын Сүхбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт заасан “Танхайн сэдэлтээр,  хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Сүхбаатарт Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Н.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жил 1 сар хорих ял оногдуулж, уг хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Төрбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа, өмгөөлөгч Г.Нямхүү, Б.Дашдорж нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Төрбаатар болон өмгөөлөгч Г.Нямхүү нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 16-2-14 тоотод Н.Нэргүй гэгчийнд Н.Сүхбаатар, Ц.Хандсүрэн, Н.Нэргүй, Д.Төрхүү нар нь хамт архи уух явцдаа хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй талийгаач Д.Төрхүүг Н.Сүхбаатар гэгч нь үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр цээжин тус газар нь хутгалж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд Н.Сүхбаатарын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсгээр яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж тогтоол, магадлал гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, 321.1.3 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэн” үндэслэлгүйгээр Н.Сүхбаатарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэлээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Сүхбаатар нь талийгаач Д.Төрхүүг гар утас алга болсон, тамхи байхгүй, архигүй ирлээ гэх шалтгаанаар маргаан үүсгэж, хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр зүрхэн тус газар нь хутгалж, шууд санаатай алсан нь хангалттай нотлогдсон байтал хуулийг буруу тайлбарлаж Н.Сүхбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

Улсын дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолд: “Танхайн сэдэлт гэдгийг ...ямар ч шалтгаангүйгээр эсхүл ялимгүй зүйлийг шалтаг болгосон байх”-ыг хэлнэ гэж, мөн “Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж" гэдгийг ...сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, ...хүчтэй согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг этгээд хамаарна” гэж тус тус тодорхой заажээ. Анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй, хэтэрхий нэг талыг барьж өрөөсгөл дүгнэлт хийсэн. Хэрэг учрал гарах үед хамт байсан гол гэрч болох Н.Нэргүй, Ц.Хандсүрэн нар нь холбогдогч болон түүний өмгөөлөгч нарын ятгалга, нөлөөнд автаж мөрдөн байцаалтын шатанд анх өгч байсан мэдүүлгүүдээсээ буцаж эхэлсэн байдаг. Мөрдөн байцаалтын шатанд Н.Нэргүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж сэжигтнээр тооцож, прокуророос Н.Нэргүйгийн үйлдэл холбогдлыг гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Гэтэл гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан үйлдэл нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн юм бол Н.Нэргүйгийн мөрдөн байцаалтын шатанд удаа дараа худал мэдүүлгүүд өгөөд байгаа асуудлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шалгахгүй байгаад гомдолтой байна. Мөн гэрч Ц.Хандсүрэнг мөрдөн байцаалтын шатанд яллагдагчийн талын ятгалга нөлөөнд автаж анхны мэдүүлгээ өөрчилж, зориуд худал мэдүүлэг өгсөөр байтал мөн огтхон ч шалгаагүй. Энэ талаар мөрдөн байцаагч, прокурор нарт хүсэлт гаргасан, шат шатны шүүхүүдэд ч хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүйд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт Н.Сүхбаатар нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Төрбаатарын мэдүүлгийг оруулсан бөгөөд Д.Төрбаатар нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд ч Н.Сүхбаатарыг танхайн сэдэлтээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж санаатай алсан талаар удаа дараагийн мэдүүлгүүдээрээ хэлсэн. Гэтэл түүний мэдүүлгийг харин ч эсрэгээрээ хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр гэх нотлох баримт гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай юм.

Магадлалд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан “Танхайн сэдэлт" гэдгийг Улсын дээд шүүхийн 2009 оны 14 дүгээр тогтоолд: “нийгэмд тогтоосон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн ёс заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй эсхүл үл ялих зүйлээр шалтаглан” гэмт хэрэг үйлдэхийг, өөрөөр хэлбэл нийгмийн хэв журам болон ёс суртахууны наад захын хэм хэмжээг илтэд зөрчихөд чиглэсэн хувийн бус, танхайн шинжтэй сэдэлтийг хамруулж үздэг. Харин тодорхой сэдэлттэй буюу хувийн таарамжгүй харьцаа зэргээс шалтаглан маргалдсан, ингэхдээ хэн нэгэн рүү чиглэж тухайлан хандсан үйлдлийн улмаас бусдын амь насыг хохироосон бол хүндрүүлэх нөхцөл байдалд хамруулж үздэггүй гэж тайлбарлажээ.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар талийгаач болон Н.Сүхбаатар нарын хооронд ямар ч хувийн таарамжгүй харьцаа байгаагүй, анх удаа уулзаж архи уусан талаар ч Н.Сүхбаатар нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Н.Сүхбаатар хэрэг гарах үед өөрийгөө согтуу байсан гэдгийг мэдүүлгүүдээрээ хүлээн зөвшөөрсөн, гэрч нар түүнийг согтуу байсан гэдгийг гэрчилж мэдүүлсээр байхад шийтгэх тогтоол магадлалд Н.Сүхбаатарыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй, мөн түүнийг гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байхад авч үзээгүй нь хууль зүйн үндэслэл муутай шийдвэр болсон.

Мөн тогтоолд Н.Сүхбаатарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нотлох баримт, үндэслэлээ дурдаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн.

Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын дүгнэх хэсэгтээ талийгаач Д.Төрхүүг зүй бус үйлдэл буюу шүүгдэгч рүү мөнгө нэхэж, аяга шидсэн гэж дүгнэсэн боловч хавтаст хэрэгт энэ талаарх нэг ч нотлох баримт байдаггүй, харин гэрч Ц.Хандсүрэн нь Н.Нэргүйтэй муудалцаж түүн рүү аяга шидэж хагалсан болох нь Ц.Хандсүрэн, Н.Нэргүй нарын мэдүүлгээр нотлогддог. Таалийгаач Д.Төрхүүгийн хийгээгүй үйлдлийг хийсэн болгож дүгнэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалтай тохироогүй. Мөн өмгөөлөгч миний шүүх хуралдаан дээр хэргийн бодит нөхцөл байдлыг дүгнэж хэлсэн өмгөөллийн үгийг хэрхэн үгүйсгэж байгаа талаар шийтгэх тогтоолд дурдаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлд зааснаар хэргийн бодит нөхцөлд нийцээгүй гэж үзэж байна.

Мөрдөн байцаалтын шатанд битүүмжилсэн эд хөрөнгийг хохирол бүрэн төлөгдөөгүй байхад шүүх хүчингүй болгосон байна. Тогтоолд “...хохирлын талаар нотлосон баримт шүүхэд ирүүлээгүй тул” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хавтаст хэрэгт тапийгаачийн хувийн компанид жолоочоор ажиллаж байхдаа авч байсан цалингийн тодорхойлолт, шүүхийн шийдвэр, хүүхдийн тэтгэвэр болон оюутан хүүхдийнхээ төлбөрийг жил болгон төлж байсан баримт, сургуульд сурдаг талаарх баримт, насанд хүрээгүй 2 хүүхдийн төрсний гэрчилгээ, тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байгаа талаарх баримт, түүний зөрүүг талийгаачийн сар бүр авдаг байсан цалингийн зөрүүгээр бодож тооцсон тооцоо зэргийг хавсаргасан байтал нотолж ирүүлээгүй гэсэнд гомдолтой байна.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд нийгмийн халамжийн тэтгэвэр авахаар заасан байна. Гэтэл шүүх тогтоолдоо “тэтгэлэг” гэж тодорхойлж хуульд байхгүй нэр томъёо хэрэглэсэн, Н.Сүхбаатараас хүүхдүүд нь үзүүлэх тэтгэлэг мэтээр ойлгож, дүгнэсэн байгаа нь хэтэрхий өрөөсгөл, хохирогчийн ар гэрийг хэтэрхий доромжилсон дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4, 508.4.1 дэх хэсгүүдэд  хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах талаар зохицуулсан байтал нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисонд гомдолтой байна. Эрүүгийн хэрэгтэй хамт бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Гэмт хэрэг гарах үед талийгаач 57 настай эхийнхээ хамт амьдарч, эх, хүүхдүүдээ тэжээж байсан. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.2 дахь хэсэгт “тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэйд бүх насаар нь” хохирогч нас барснаас учирсан гэм хорыг төлж байхаар зохицуулсан байна. Гэтэл үүнийг анхан шатны шүүх шийдвэрлэсэнгүй, давж заалдах шатны шүүх зөвтгөсөнгүй. Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж үндэслэлгүйгээр Н.Сүхбаатарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн, оногдуулсан ял шийтгэл нь хэргийн бодит байдалд тохироогүй, оногдуулсан ял нь хөнгөдсөн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Нямхүү шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан шатны шүүх улсын яллагчаас Н.Сүхбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилж мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээс харахад шүүгдэгч Н.Сүхбаатар нь танхайн сэдэлтээр бусдын амь насыг хохироосон болох нь нотлогдож байна. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч нь тухайн хэрэг гарах үед их хэмжээний согтолттой байсан гэдэг нь нотлогддог бөгөөд үүнээс харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй. Дээрх нөхцөл байдлаас харахад анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэдэг нь харагдаж байгаа юм. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Прокурорын зүгээс шүүгдэгч Н.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн бөгөөд хэдийгээр анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн боловч өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг гарах болсон нөхцөл шалтгаан, хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэгт ач холбогдол өгөөгүй гэж үзээд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хэрэг гарах үед гэрч Н.Нэргүй, Ц.Хандсүрэн, шүүгдэгч Н.Сүхбаатар, амь хохирогч Д.Төрхүү нар байсан байдаг. Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ц.Хандсүрэнгийн мэдүүлэг, гэрч Н.Нэргүй, Ц.Хандсүрэн нарын нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл зэргээс үзэхэд амь хохирогч нь шүүгдэгч Н.Сүхбаатарыг барьж авч хоолойг нь шахаж амь биед нь аюултай үйлдэл хийсэн болох нь нотлогдож байхад анхан шатны шүүх дээрх нотлох баримтанд ач холбогдол өгөөгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аргагүй хамгаалалтын байдалд, өөрөөр хэлбэл, энэ хуулиар хамгаалагдсан төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахдаа энэ хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй" гэж заасан байна. Шүүгдэгч Н.Сүхбаатарын хийсэн үйлдэл нь амь хохирогч Б.Төрбатын үйлдлийн улмаас өөрийн амь насыг хамгаалахын тулд хийгдсэн үйлдэл болох нь тухайн үед байсан гэрч Ц.Хандсүрэнгийн мэдүүлгээр тодорхой нотлогдож байна. Хохирогч талд шүүгдэгч Н.Сүхбаатарын ар гэрийн зүгээс баримтаар нэхсэн хохирлын мөнгийг үл маргах журмаар төлж барагдуулсан.

Иймд шүүгдэгч Н.Сүхбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хэргийг мөн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар журамлан өөрчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд: Энэ хэргийг хохирогч болон шүүгдэгч нарын хувийн таарамжгүй харьцааны улмаас үүссэн гэж шүүх дүгнэсэн. Шүүгдэгч Н.Сүхбаатар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, өмнө нь тус хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд шилжиж байсан боловч хохирогч нарын удаа дараагийн гомдлоор мөрдөн байцаалтад буцаж зүйлчлэл өөрчлөгдөж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн. Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Н.Сүхбаатар нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16-2-14 тоотод согтуурсан үедээ Д.Төрхүүгийн цээжний зүүн дээд хэсэгт нэг удаа хутгалж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Н.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Н.Сүхбаатарыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жил 1 сар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Төрбаатар, түүний өмгөөлөгч Г.Нямхүү нарын “хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй хөнгөрүүлсэн”, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн “шүүгдэгчийн үйлдэл аргагүй хамгаалалт байсан тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай гомдлуудыг хянаж үзэхэд хэдийгээр шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн цусанд 4,1 промили спиртийн агууламж илэрч энэ нь хүнд зэргийн согтолтод хамаарна гэж дүгнэсэн боловч хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд амь хохирогч болон шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд амь хохирогч Д.Төрхүү нь шүүгдэгч Н.Сүхбаатартай маргалдаж улмаар түүнийг хананд шахаж, хоолойг боосон зэрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлсэн үйл баримтыг үндэслэн хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй нөхцөл байдалтай байсан гэж үзэх боломжгүй.

Мөн шүүгдэгч Н.Сүхбаатар, амь хохирогч Д.Төрхүү нарын хооронд таарамжгүй харьцаа үүссэний улмаас маргалдаж ноцолдох явцад шүүгдэгч амь хохирогчийг хутгалсан үйлдэлд танхайн сэдэлт тогтоогдоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэдийгээр амь хохирогч Д.Төрхүү нь шүүгдэгч Н.Сүхбаатарыг хананд шахаж, хоолойг боосон гэх боловч энэ нь харилцан ноцолдох явцад үзүүлсэн эсэргүүцлийн хэмжээнд байсан бөгөөд шүүгдэгчийн амь насанд аюултай байдлаар довтолсон халдлагын шинжгүй тул шүүгдэгчийн үйлдлийг аргагүй хамгаалалтад хамааруулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Иргэний нэхэмжлэлийн асуудлыг  шийдвэрлэхдээ хохирогч талын нийт нэхэмжилсэн 117,663,613 төгрөгөөс оршуулгын зардал 11,900,000 төгрөгийг хангаж үлдэх 105,763,613 төгрөгийн шаардлагыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич шийдвэрлүүлэхээр заасан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх, ашиг сонирхлыг хязгаарлан дордуулсан гэж үзэхгүй.

Иргэний хэргийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг зөвхөн иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд шүүх хэрэгжүүлэх бөгөөд шийтгэх тогтоол, магадлалаар шийдвэрлэх боломжгүй тул Н.Сүхбаатарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1317004683 дугаартай орон сууцыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Төрбаатар, түүний өмгөөлөгч Г.Нямхүү, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 117 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Төрбаатар, түүний өмгөөлөгч Г.Нямхүү, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

 

                          ДАРГАЛАГЧ

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                          ШҮҮГЧ                                                                 Ч.ХОСБАЯР