Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 86

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Г.Буяннэмэх, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Болормаа,

улсын яллагч Л.Мажигсүрэн,

иргэдийн төлөөлөгч Ж.Бэгзсүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис /¹0518/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хэлэлцэв.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтан ураг овгийн Наранжаргалын Доржмаад холбогдох 201625030107 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, эцэг, эх, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 12-69 тоотод түр оршин суудаг гэх, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн №939 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнссэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Алтан ураг овгийн Наранжаргалын Доржмаа /РД-УС88072663/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Н.Доржмаа нь 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэн шүүхээс ял шийтгүүлэн улмаар ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа давтан 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хооронд иргэн Ч.Баасанхүүгээс хүүхдийг чинь АНУ-д хэлний сургуульд явуулж өгнө гэж итгүүлэн хууран мэхлэж 1.357.436 төгрөгийг нь,

иргэн Р.Янжмаагийн гэрт нь 2015 оны 04-05 дугаар сарын хооронд амьдрахдаа охин Хонгорзулыг чинь Солонгос Улсад мастерт явуулж өгнө , танай аав Роза чинь удахгүй орон дотроо унтаад нас барах юм байна гэж хөзрөөр мэргэлж итгүүлэн хуурч мэхлэн 960,000 төгрөгийг нь,

               2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 9 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд иргэн Ч.Отгонбатыг Америкийн нэгдсэн улсын Стенфордын Их сургуульд магистрт суралцуулж өгнө гэж итгүүлэн хууран мэхлэж 18 удаагийн үйлдэлээр 9.695.886 төгрөгийг нь,

2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Үнэнбаатарыг хүүхдийг чинь Франц улсад саажилтийг эмчлэх эмчилгээнд явуулж эмчлүүлж өгнө гэж итгүүлэн 15 удаагийн үйлдэлээр 11.067.850 төгрөгийг нь тус тус хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, бусдад нийт 23.081.172 төгрөгийн хохирол учруулсан гэмтхэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгээр яллах болон цагаатгах дараах хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Доржмаа мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Б.Үнэнбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...би 7 настай хүүтэй юмаа, хүүг маань Чинбаатар гэдэг юм, анх төрж байхад эх баригч нь гар болон эгэмийг нь хугалж нуруу нугасыг нь гэмтээснээс хөгжлийн бэрхшээлтэй буюу баруун талаараа саажилттай болчихсон юм. Одоо болтол хөлд орж чадахгүй, мөлхөж чадахгүй, мөлхөж чадахгүй, ярьж ч чаддаггүй юмаа. 2-3 настай үеэс нь эхлэн хүүхдээ эрүүл болгочих гээд Бээжин рүү эмчилгээнд авч явсан, мөн Монгол улсын бүх л сайн эмч, рашаан сувилалын газруудаар явж байсан боловч эдгээгүй юм. Тухайн үедээ би нэг хүүхдийг Солонгос Улсад хагалгаанд ороод зүгээр болсон гэж дуулсан юм. Би Доржмаа гэх хүнийг 2015 оны 07 болов уу 8 дугаар сараас эхэлж таньдаг болсон бөгөөд би зээ хүү Отгонбатын хамтаар Доржмаа дээр ШУТИС-ийн нэгдүгээр давхарт уулзалдсан. Тэгэхэд Доржмаа нь Отгонбатаар сургуульд явуулж өгнө үү гэсэн өргөдөл бичүүлж авсан юм. Тэгснээ Отгонбатыг 4 билүү 6 хувь цээж зургаа өг гээд Отгонбат зураг авах үед Доржмаатай хамт явсан юм. Тэгэж л хамт уулзаж явсан юм. өөр мэдэх зүйл байхгүй.Тийм учраас сураглаж явсаар байгаад Доржмаа гэх хүнтэй танилцаад тэр хүнээс зөвлөгөө аваад нийт хэдэн төгрөгний зардал орж байсан талаар нь асууж тодруулчихаад явсан юм. Тэгээд харьцаагүй 3-4 жил болсны дараа Доржмаа гэх утасны дугаар дахиад гараад ирсэн тэгэхээр нь би одоо нөгөө хүүхэд нь яасан бол гээд утсаар ярихад Доржмаа надад хэлэхдээ нөгөө хүүхэд хөлд орчихсон, зүгээр явдаг болчихсон, эрүүл хүүхэд шиг байгаа гэж хэлсэн. Тэгэхээр би Доржмаатай уулзая гээд...2015 оны 12 дугаар сард манай ажил дээр ирж надтай уулзаад өөрийгөө гадаад хэргийн яамандаа ажиллаж байгаа шаардлагатай бол яриарай гэж хэлчихээд яваад өгсөн. Би зөвлөлийн хуралд орчихоод гараад иртэл утсанд баахан дуудлага ирчихсэн, Францаас гадаад хэргийн яамаар дамжаад төмөр замын эмнэлэг дээр саажилттай хүүхдүүдэд үзлэг оношлогоо хийх зорилгоор ирэх гэж байна гэж хэлсэн. Очиж үзүүлнэ гэвэл 50.000 төгрөг ,гэрээр үзүүлнэ гэвэл 70,000 төгрөгийг Алтантулга гэх хүний дансанд тушаасан. Гэтэл 2 хоногийн дараа дахин утсаар яриад танай хүүхдийг Франц улсын зардлаар Франц улсад эмчлэхээр болсон. Би тэрийг нь зохицуулаад өглөө гэж хэлээд хүүхэдтэй холбоотой өвчний түүх, баримт бичгүүдийг нь бүгдийг нь аваад орчуулга хийлгээд Франц улсруу явуулах гэж байна гэж ярьсан. Тэгснээ 2-3 хоногийн дараа дахиж яриад Франц улсаас хариу ирсэн, гэр бүлээрээ очиж болно гэж байна, гэр бүлийнхний зардлыг даана охинтойгоо өөрийнхөө зардлаар явна, очоод байх зардал, хоол унд, байрыг Франц улсаас даана гэсэн гэж хэлсэн. Би өмнө нь ийм юм сонсож байсан учраас итгэчихсэн, тэгээд Бээжин явах зардал, визний мөнгө, хүүхдийн сургалтын төлбөр, хүүхдийн номны мөнгө, хүүхдийн шинжилгээ хийлгэх мөнгөний 10 хувь гээд мөнгийг шилжүүлсэн. Мөн би дүүгээ дагуулж явна гээд дүүгийн визний мөнгө болон замын зардлын мөнгө нийтдээ 10.800.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл Гадаад хэргийн яамны Сайд өөрт чинь туслана гэнээ, өөрийг чинь 2-3 цэргийн мэргэжилтэй, гадаадад энхийг сахиулах ажиллагаанд явж байсан мөн хөгжпийн бэрхшээлтэй хүүхэдтэй учраас Франц улсын элчин сайдын яаманд цэргийн тал хариуцсан мэргэжилтнээр ч хамаагүй ажиллуулна гэж байна гэж яриад өөрийнхөө авсан шагналуудыг хуулбарлан авчирч өг, мөн цалингийн тодорхойлолт, байгууллагын тодорхойлолт авчирч өг гэж хэлсэн. Тэгтэл тэр үеэс эхлээд гадаад хэргийн яаманд ажилладаг Чингүүндарь гэх нэртэй хүн надруу мессеж явуулж эхэлсэн. Утсаар ярих гэхээр ярих боломжгүй байна гээд ярьдаггүй байсан. Сайдын зөвлөлийн хурлаар таны асуудал дэмжигдчихлээ, тийм учраас та ажлаасаа чөлөө ав гэж хэлсэн. Тэгхээр нь би үнэхээр итгээд Онцгой байдлын Ерөнхий газрын дарга дээр ороод чөлөө хүсэх өргөдлөө өгчихсөн юм. Тэгэхэд манай дарга надад чөлөө өгье гэж ярьж тохиролцсон. 3 cap эмчилгээ хийлгэхээр болоод 3 сарын хугацаанд чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдсөний дараа Сайдын тушаалыг үзмээр санагдаад тушаалыг үзье гэж мессеж бичиж эхэлтэл Бээжин явах билет, тушаал, хүүхдийн чинь урилга болон бүх зүйлийг бөөнд нь өгнө гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгөний хэрэг гарсан учраас машинаа зарах гэсэн юм гээд хэлчихсэн чинь визэнд орход 40 сая төгрөг байршуулдаг гээд мөнгөө хайж суутгаад авчих гэж хэлсэн. Тэгтэл тэр хүний аавынх нь найз гээд эрэгтэй хүн ярьж эхэлсэн. Тэгснээ мөнгө шилжүүлэх гэж байна гээд 2-3 хоносон. Энэ хооронд машинаа нэр дээр шилжүүлчих гээд байхаар нь мөнгөө өг тэгээд машиныг нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлсэн. Тэгсэн чинь Доржмаа гэх эмэгтэйн ээж гэх хүн утсаар яриад чамд мөнгө зээлүүл гэсэн гэж яриад 2-3 хоносон. Доржмаа надруу яриад өнөө маргаашгүй манай эцэг, эх хоер чамд мөнгө зээлүүлэх гэж байна гэсэн, манай дүүд машин хэрэг болоод байгаа учраас чи машинаа шилжүүлээд дүүд өгчих гэж ярихаар нь би мөнгөө эхлээд өгчих гэж ярьсан. Тэгээд мөнгөө шилжүүлээд машинаа ав гэж ярилцаж тохирчихоод мөнгөө авах, тушаалаа авах гээд яриад байсан боловч огт тушаалыг танилцуулахгүй байж байснаа гэнэтхэн 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нисэхээр боллоо, дараа нь 2015 оны12 дугаар сарын 30-ны өдөр нисэхээр боллоо, дараа нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нисэхээр боллоо гэж яриад байсан. Тэгснээ 2016 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр Бээжинрүү нисэж визэнд орохоор болсон гэж ярьж байсан. Билет захиалганд орчихсон гэхээр нь би үнэн худлыг нь шалгах гээд МИАТ руу залгаад өөрийнхөө нэр ус ,эхнэр хүүхдийн нэр усаар захиалга өгснийг асуухад захиалга өгөөгүй байхаар нь нөгөө хүнтэй яриад чи билет захиалаагүй байна гэж ярихад захиалга өгөөгүй байна гэсэн. Тэгэхээр нь би бусад нисэхийн компаниудруу ярихад захиалга өгөөгүй байхаар нь нөгөө хүнтэй яриад чи билет захиалаагүй байна гэж ярихад Гадаад хэргийн яамаараа дамжуулаад албан бичгээр билет захиалдаг юм. Ямар ч асуудалгүй гэж ярьсан. Тэгхээр нь би гадаад хэргийн яаман дээр очоод ийм ийм нэртэй хүмүүс танайд ажилладаг уу гэж асуухад тийм хүмүүс ажилладаггүй гэсэн. Тэгэхээр нь би Сайдын зөвлөлийн хурлаар миний материал орсон юмуу гээд лавлахад огт ороогүйдушаал ч гараагүй байхаар нь худлаа яриад байгааг нь мэдээд өөртэй нь ярихад утсаа авахаа больчихсон байсан. Мөн Доржмаа нь Б.Амаржаргал гэх хүний ХААН банкны 5093079204 дугаартай дансруу 20000 төгрөг, Энхмөрөн гэх хүний ХААН банкны 5102099043 дугаартай дансруу 10000 төгрөг шилжүүлсэн, мөн Н.Баярсайхан гэх хүний 501642230 дугаартай дансруу 200,000 төгрөг, Нарандарь гэх хүний 5800761389 дугаартай дансруу 20,000 төгрөг шилжүүлсэн байсан юм. Би Доржмаад дансаар нийтдээ 11.500.000 төгрөгийг шилжүүлсэн Бэлнээр өгсөн мөнгө бол байхгүй хохиролоо барагдуулж авмаар байна дансаар шилжүүлж өгч байсан баримтыг хуулбарлан хэрэгт хавсаргуулсан байгаа ... гэх мэдүүлэг. /хх-ийн 55-59х, 2хх-ийн 40х/

Хохирогч Ч.Отгонбатын мөрдөн байцаалтад өгсөн: "...2015 оны 05 дугаар сард манай ээж Янжмаа нь Доржмаа гээд хүүхний ах нь ШУТИС-ийн Гадаад харилцаа хариуцсан захирал юм байна, өмнө нь 2-3 хүүхдийг Америк улсруу явуулчихсан. Хамаатны хүмүүс нь Америк улсад байдаг, сургуульд оруулж өгөх боломжтой чи уулзаад үзэх үү гэж хэлсэн. Тэгээд би Доржмаатай уулзаад ШУТИС-ийн 2 дугаар байран дээр очоод өргөдөл бичүүлсэн. Тэгэхэд миний өргөдлийг авчихаад би энэ өргөдлийг чинь ахдаа өгчихнө, нэг их удалгүй бүх бичиг баримтуудаа авчирч өгөөрөй гэж хэлчихээд хэд хоногийн дараа утсаар яриад бүх бичиг баримтуудаа өг гэж хэлсэн. Тэгээд би бүх бичиг баримт болох сургуулийн баримтууд, диплом гэх баримтуудаа өгснөөс хойш сургуулийн бүртгэлийн мөнгө, байрны түрээсийн мөнгө, визний хураамж, сургалтын төлбөр гэх мэтээр мөнгө нэхэж эхэлсэн. Хамгийн сүүлд 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр визэнд оруулана гэж хэлсэн. Тэгэхээр нь хүлээж байтал нэг хүүхэд нь ирсэнгүй виз хойшилсон гэж хэлсэн. Тэрнээс хойш 7 хоногийн дараа нэг хүүхдийн чинь сургалтын төлбөр нь гүйцээгүй байгаа гээд виз чинь хойшилчихлоо гэж хэлсэн. Иймэрхүү шалтгаан хэлсээр олон cap болсон. Хамгийн сүүлд 2015 оны 9 дүгээр сард визэнд орно гээд бас нэг шалтгаан яриад л хойшлуулсан. Тэгэхэээр нь аргаа бараад мөнгөө авья гэж хэлсэн. Тэгээд бичиг баримтууд мөнгөө авья гэхэд одоо дансруу чинь шилжүүллээ, манай ээжтэй яриад мөнгөө ав гэсээр 2 cap болсон. Тэгээд утасруу нь ярихаар сүүлдээ утсаа авахаа больчихсон бөгөөд бичиг баримтаа ядаж авья гэхээр аваачиж өгнө гэж хэлээд бас л алга болчихсон байдаг юм…” гэх мэдүүлэг /хх-ийн 83-85х, 2хх-ийн 38х/

 

Хохирогч Р.Янжмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2015 оны 4 дүгээр сард Доржмаа гэх эмэгтэйтэй танилцсан бөгөөд тэр үед Доржмаа нь хөзрөөр мэргэлдэг гэж хэлээд яваад байдаг байсан. Тэрнээс хойш манай гэрт нэг cap гариу хугацаанд нөхөр болох Алтантулгын хамтаар амьдарсан бөгөөд 2015 оны 5 дугаар сараас хойш нөхрийндөө байна гэж хэлдэг байсан бөгөөд тэр үед манай хүү болох Отгонбатыг магистрт сургах гэж байсныг мэдээд Доржмаа нь манай ээж бүгдийг мэднэ, миний ах Батбаяр дээр очиход асуудалгүй гээд байдаг байсан. Батбаяр нь гадаад харилцааны сургалтын хэлтсийн захирал гэж хэлээд байсан, гарын үсэг нь байхад бүх юм болно гэсэн. Тэгээд Доржмаа нь надаас мөнгө авахдаа дандаа доллар болгоод энэ дансруу шилжүүлчих гэж хэлдэг байсан. Тэгээд 2015 оны 11 cap хүртэл Доржмаа гэх эмэгтэйгээс сургуульд явуулах юу болсон талаар асуухад одоо удахгүй явуулна гэсэн хариуг дандаа өгдөг байсан. Манай гэрт ирсэн өдөрөө л танай аав Роза чинь хагас сайн өдөр л орон дотороо унтаад нас барчих юм байна, тийм учраас 40.000 төгрөг өгчих засал хийх гэж байна гэж хэлэхээр нь би 40,000 төгрөг өгсөн. Дараа нь 30,000 төгрөг өгсөн. Түүний дараа би танай гэрийнхэнд засал хийж байгаа мөн хөзрийн мэргэ эргүүлдэг, тийм учраас шинэ хөзөр авчирч өг гээд хөзөр авчруулдаг байсан. Төд удалгүй би өөрөө ажилд орсны дараа Японы бараа зартал би энэ бараанаас гоо сайхны бараа авна гээд 170.000 төгрөгний бараа материалыг худалдаж авчихаад өгөөгүй нүүгээд явчихсан. Мөн Говь ноолуур ХХК -аас хямдралтай үнээр зөвхөн манай банкны ажилчдад бараа борлуулах үед Доржмаа надтай байж таараад нөхөр Алтантулгадаа 250.000 төгрөгийн ноолууран цамц, эх Бат-Энхдээ 170.000 төгрөгийн ноолууран өмд зэргийг авсныг нь би өөрөө цалингаасаа төлж барагдуулж дуусгасан. Мөн охин Хонгорзул дөнгөж сургууль төгсч байсан ба Солонгосын мастерт явах сонирхолтой гэж Доржмаад хэлсэн чинь хэлний бэлтгэлд явуулж өгнө гээд 300,000 төгрөгийг Доржмаа бэлнээр авсан. Доржмаа мэргэлдэг гэдэг боловч худлаа мэргэлдэг, манай аавыг өнөө маргаашгүй үхзх гэж байна гээд засал хийлээ гээд байсан, одоо болтол манай аав амьд сэрүүн байж л байна. Тийм учраас худлаа хүний сэтгэл зүйгээр тоглодог гэдгийг хэлмээр байна гэх мэдүүлэг /хх-ийн 86-90х, 2хх-ийн 41х/

 

Хохирогч Ч.Баасанхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Би Доржмаатай цуг эмнэлэгт хэвтэж байгаад танилцсан, ах нь ШУТИС-ийн гадаад харилцааны хэлтсийн дарга гэж хэлсэн бөгөөд хүүхдийг чинь гадаадад явуулж өгч чадна гэхээр нь баярлаад 1.360.000 төгрөгийг цувуулж өгсөн, тэгээд алга болчихоор нь цагдаагийн байгууллагад хандсан, би Доржмаад хүүгээ АНУ-д сургуульд явуулхаар хөөцөлдөж байгаа гэж хэлсэн чинь Доржмаа би АНУ-д сургууль төгссөн, би одоо Шинжлэх ухааны технологийн их сургуульд багшилж байгаа, манай сургууль 10 сараас хүүхдүүдийг хэлний сургуульд явуулах гэж байгаа гэж их л үнэмшилтэй ярьсан. Тэгээд би эмнэлэгт 4 хоног хэвтчихээд гарсан чинь Доржмаа надруу 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр миний утасруу залгаж ярьсанаа "би хүүхдийг чинь АНУ-д хэлний чиглэлээр сургуульд явуулахаар хөөцөлдөж байгаа, та өнөөдөр 391 доллар юмуу эсхүл монгол мөнгөөр болгоод шилжүүлчих гээд надад 5027523275 тоот Хаан банкны данс явуулсан. Тэгэхээр нь би тэр өдөрөө 787.850 төгрөгийг бэлнээр Доржмаагийн хэлсэн Хаан банкны дансруу шилжүүлж өгсөн. Тэгээд маргааш нь буюу 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр миний утас руу залгаад дахиад нөгөө Хаан банкны дансруу 360,000 төгрөг шилжүүлээд өг гэхээр нь шилжүүлсзн. Тэгээд нэг хоног өнжөөд 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Доржмаа миний утас руу залгаад дахиад мөнгөний хэрэг байна 217000 төгрөгийг бэлнээр авья гээд ... манай гэрт ирээд аваад явсан.Сүүлийн мөнгө авсан өдрөөсөө хойш сураггүй алга болчихсон, тэгээд би Шинжлэх ухаан технологийн их сургууль дээр байгаа өөрийн биеэр очоод хэлний сургуульд хүүхдүүд явуулах юмуу, танай сургуульд Доржмаа гэж багш байдаг уу гэтэл аль нь ч байхгүй гэж хэлсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 127х, 2хх-ийн 39х/

 

Гэрч Н.Цэрэнчимэдийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Отгонбат 2014 онд Солонгос улсад явж суралцана гээд 4000 орчим долларыг сурах гэж байгаа сургуульруу нь шилжүүлчихсэн байсан. Тэр мөнгө Солонгос улсаас 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр шилжиж ирсэн юм. Шилжиж ирэхдээ миний дансанд миний нэрээр орж ирсэн ба би 3000 долларыг нь шилжүүл гэж хэлсэн хүнрүү нь тус банкаар нь шилжүүлдэг байсан юм. Банкны бүх баримтуудыг хэрэгт хавсаргасан байгаа гэдгийг хэлмээр байна. Нийтдээ 4000 гаруй доллараар тооцоо хийсэн байгаа гэдгийг хэлмээр байна" гэх мэдүүлэг /1хх-ийн 91х/

 

Гэрч Т.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Доржмаа нь миний төрсөн эгч Бат-Энхийн охин хүүхэд нь байгаа юм, би Доржмаатай 5-6 жилийн өмнө л уулзалдсан. Хамгийн сүүлд одоогоос 3-4 жилийн өмнө надруу прокурорын байгууллагаас Доржмаа гэж хүүхдэд эрүүгийн хэрэгт холбогдсон гэж ярьж байсан. Тухайн үед төлбөрийн асуудал яригдсан, мөн зарим нэг хүмүүс яриад өөрийн чинь нэрийг бариад мөнгө төгрөг авчихсан гэж ярьсан. Өөртэй нь ярих гэхээр зугтаагаад байсан, тэгээд би Доржмаагийн дүү болон өөрийнхөө дүү Ариунаа нартай яриад бүгдээрээ нийлээд хохирол төлбөрийг нь төлж барагдуулсан юм.Түүнээс хойш надтай болон манай ах дүү нартай уулзалдалгүй яваад байсан бөгөөд хамгийн сүүлд намайг гадаадруу явах гэж байхад нэг хүн утсаар яриад таны нэрийг бариад намайг гадагш нь сургуульд явуулна гэсэн гэж ярихаар нь би яриаг нь таслаад наад хүн чинь надад ямар ч хамаарал байхгүй гэж хэлээд яриагаа дуусгасан...Би хэн нэгнээс нэг ч төгрөг аваагүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 42х/

 

Гэрч Д.Батбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: "... Доржмаа гэх эмэгтэй нь хааяа нэг намайг дуудаж таксинд явдаг юм. Нилээн хэдэн удаа бид хоёр таксинд явж байсан. Эцэг эхээ хүргүүлээд хүүхдүүдээ хүртэл хүргүүлдэг байсан ,намайг таксинд авч явж байгаад дансаа өгчих гээд миний Голомт банкны дансны дугаарыг аваад хүнд утсаар хэлж өгөөд миний картаар бэлэн мөнгөний машинаас миний пин кодоор өөрөө мөнгө авч байсан юм. Миний дансанд угаасаа мөнгө байдаггүй хоосон данснууд байдаг байсан юм. хэдэн төгрөг шилжүүлж авч байсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан Доржмаа гэх эмэгтэй намайг үе үе дуудаж таксигаар явдаг, тэр эмэгтэй л картыг минь ашиглаж тухайн мөнгийг авсан юм. Надад зөвхөн таксиныхаа мөнгийг өгөөд л явдаг гэдгийг хэлмээр байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 93х/

 

Гэрч Т.Уранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би урьд нь Доржмаагаар мэргэлүүлдэг байсан Доржмаа нь ...миний картны хугацаа дуусаад сунгуулах гээд өгчихсөн байгаа, ээжид паспорт байдаг учраас сунгаж чадахгүй яваад байна, та худалдаа хөгжпийн банкны дансаараа мөнгө аваад өгөөч гэж гуйхаар нь...арга буюу зөвшөөрсөн. Тэгэхэд миний дансруу ойр ойрхон мөнгө орж ирээд байхаар нь дансныхаа хуулгыг нь аваад хартал утган дээр нь сургалтын төлбөр гэх мэт янз бүрийн хүмүүсийн нэрээр мөнгө орж ирээд байхаар нь би дахиж дансаа ашиглуулж чадахгүй, ахиж битгий мөнгө явуул гэж хэл гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш мөнгө миний дансруу хийхээ больчихсон. Би Доржмаагаас нэг ч төгрөг аваагүй. Орж ирж байгаа мөнгө нь бутархай орж ирэхээр дараагийн мөнгө орж ирэлтэн дээр нэмээд авчихдаг байсан" гэх мэдүүлэг /1хх-ийн 94х/

 

Гэрч О.Мөнхтунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би хаан банкны 5027523275 дугаарын данстай. Би дансаа өөрөө ашигладаг юмаа. Би уг мөнгийг авч өөртөө ашигласан асуудал байхгүй. Миний төрсөн дүү Алтантулга нь Доржмаа гэх хүүхэнтэй 2014 оноос хойш хамтран амьдраад манайд ирж очоод л яваад байдаг бөгөөд бид нар нэг хашаанд тус тусдаа байшинд амьдардаг байсан юм. Доржмаа нь манайд бэр гуйлгаж орж ирээгүй байсан ба 2015 оны 08 дугаар сард л болж таарч байх шиг байна. Доржмаа нь намайг та Хаан банкны данстай юу гэж асуухаар нь байнаа гэж хэлсэн. Тэгээд дансаа өгтөл маргааш нь дахиж надтай уулзаад хүн мөнгө явуулах ёстой юмаа. Та картаа өгөөч гэж хэлэхээр нь би юм бодолгүй өгчихсөн. Тэгээд 2-3 хоног өөр дээрээ байлгаж байгаад миний картыг буцааж өгсөн. Дараа нь дахиад хэзээ гэдгийг нь санахгүй байна. Бодвол энэ 9 дүгээр сард нь байх. Бас надаас та картаа өгч байгаа ч таны дансны дугаарыг хүнд хэлчихсэн байгаа гэж хэлэхээр нь би арга буюу картаа өгөөд дахиж миний картаар хүнээс битгий мөнгө аваарай гэж хэлсэн. Тэгээд би Доржмаад дахиж картаа ашиглуулахаа больчихсон байж байтал 2016 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Удвал дуудаад очиж гэрчээр байцаалт өгч Доржмаа гэдэг хүүхэн миний дансаар мөнгө төгрөг авсан байсан. Миний дансаар хэдэн төгрөг орсон болохыг нь би мэдээгүй. Алтантулгын хамтран амьдрагч болоод амьдарч байсан учраас л картаа ашиглуулсан. Олон дахин карт авч ашиглаад байхаар нь би уур хүрээд дахиж битгий картаар мөнгө төгрөг аваад бай гэж хэлсэн. Тэрнээс хойш мөнгө төгрөг оруулаагүй. Гэтэл цагдаагийн байгууллагаас намайг дуудаж мөнгө төгрөг дансанд чинь орсон байна гэж хэлснээс хойш Доржмааг залилан хийж бусдын эд хөрөнгийг залилдаг гэдгийг нь мэддэг болсон. Уг нь бол өөрийгөө бид нарт танилцуулахдаа Гандан дээр юм үздэг гэж л хэлж танилцсан ... " гэх мэдүүлэг /1хх-ийн 95-96х/

 

Гэрч А.Дүүрэнжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: "...Миний ээж Баасанхүү нь 2015 оны 8 дугаар сарын дундуур 5 дугаар сургуулийн хойд талд байдаг Их тамир мандал гэдэг хувийн эмнэлэгт 10-аад хоног хэвтэж эмчлүүлсэн юм. Тэгээд би ээжийгээ өдөр болгон очиж эргэдэг байсан юм, тэгтэл нэг өдөр ээжийг эмнэлэг дээр очиж эргэхэд цуг өрөөнд нь нэг эмэгтэй хэвтэж байсан. Тэгснээ манай ээж тэр эмэгтэйтэй зээ хүүгээ хичээлийнх нь хажуугаар Англи хэлний сургалтанд явуулмаар байна гээд ярилцаж байсан тэгснээ ээж надад хажууд нь хэвтэж байгаа эмэгтэйг "энэ хүн ШУТИС-д багшилдаг гэсэн, хажуугаар нь англи хэл заадаг гэсэн би хүүгээ тэрэнд сургах талаар асуугаад сууж байна аа" гэсэн тэр эмэгтэй нь ч өөрөө Англи хэл хямдхан заагаад өгнө гээд байсан. Тэгээд тэр эмэгтэй өөрийнхөө нэрийг Доржмаа гэдэг гэж танилцуулаад байсан юм.

Тэгээд маргааш нь би дахиж ээжийгээ эмнэлэг дээр эргэх гэж иртэл Доржмаа гэдэг эмэгтэй нь ээж бид хоёрт "би АНУ-аас ирээд удаагүй байна, одоо ШУТИС-д багшилж байгаа, сургууль дээрээ ШУТИС-ийн сургалтанд суулгаж байгаад хямд үнээр хэлний чиглэлээр гадагш нь гаргаж сургалтанд явуулж өгье" гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа манай ээжрүү тэр Доржмаа гэдэг эмэгтэй нь залгаад " одоо хүүгийн чинь сургалтын асуудал болох гэж байна дансруу 391 доллар шилжүүлээд хийчих гээд дансны дугаар өгсөн байсан , энэ бүгдийг манай ээж Баасанхүү надад хэлсэн байсан. Эхний 2 удаагийн банкаар дамжуулж Доржмаа руу шилжүүлсэн баримтууд нь манай ээжид байгаа, хавтаст хэрэгт хуулбарласан хавсаргасан байх гэж бодож байна, сүүлийн 217.000 төгрөгийг зэж маань бэлнээр тоолоод өгчихсөн болохоор баримт байхгүй байгаа юм шиг байна лээ. Тэгээд сүүлд манай ээж Баасанхүү нь цагдаагийн газарт өргөдөл бичиж өгсөн, тэгтэл хэд хоногийн дараа Доржмаа нь миний утас руу залгаад визний мөнгө гэж 140 доллар шилжүүл гэхээр нь би ирээд ав гэж хэлсэн чинь таг болчихсон. Ер нь Доржмаа гэдэг эмэгтэй миний утасруу залгаад "сургуульд явуулах асуудал чинь бүтэж байгаа" гээд 2-3 удаа ярьж байсан юм. Би уг нь гадагшаа сургуульд явж суралцах талаар өөрийн биеэр 2 cap орчим судласан тэгтэл Доржмаа тэр сургуульд явуулах талаар миний судласантай яг ижил зүйлийг яриад үнэхээр итгэлтэй яриад байхаар нь ээж бид хоёр итгэсэн юм, тэгтэл сүүлдээ худлаа яриад сураг чимээгүй алга болчихсон юм. Надаас нэг удаа иргэний үнэмлэхний хуулбарыг цээж зурагтай хамт авч байсан, дахин өөр баримт бол аваагүй, хөөцөлдөж ажил бүтээж байгаа талаараа ямар нэгэн баримт авчирч өгч байгаагүй, тухайн үедээ бол их л үнэмшилтэй яриад итгүүлж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 132-133х/

 

Яллагдагч Н.Доржмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Үнэнбаатар гэх хүнийг 2012 оны эхээр таньдаг болсон. Бид хоёрын хүүхдүүд адилхан саажилттай өвчтэй учраас тэр үед зөвлөгөө өгөөд салж байсан. 2015 оны 11 дүгээр сарын эхээр надруу залгаад Үнэнбаатар байна надтай уулзъя гэж хэлээд ажлын байран дээр нь би уулзалдчихаад хүүхдийнхээ талаар ярилцаж байгаад яваад өгсөн. Дараа нь би утсаар яриад Францаас эмч нар ирж байгаа гэж хүүхдүүдээ эмчлүүлэх үү гэж хэлээд 70.000 төгрөг авсан. Дараа нь яасан болохыгоо сайн санахгүй байна. Ямар ч байсан Франц явуулах гэж байгаа гэж хэлээд янз бүрийн шалтаг шалтгаан гаргаж хэлээд 11.050.000 төгрөгийг залилан мэхэлж авсан. Хуягаа гэх хүнтэй анх танилцаад 2 сарын дараа түүний эхнэр болох Янжмаатай танилцаж түүний хүү болох Ч.Отгонбатыг Америкийн нэгдсэн улсын Стенфордын магистрын их сургуульд суралцуулж өгнө хэмээн 2015 оны 5 дугаар сарын эхнээс Янжмааг залилан мэхэлж эхэлсэн. Залилан мэхлэхдээ 3 хүний дансруу шилжүүлж авдаг байсан. Уранчимэг, Батбаатар, Мөнхтунгалаг нарын дансаар дамжуулан авсан. Эдгээр хүмүүст би мөнгө шилжүүлж авах гэсэн юм. Надад карт байдаггүй ээ. Би таны картаар мөнгө аваатхъя гэж хэлдэг байсан. Ямар учраас яах гэж байгаагаа хэлдэггүй байсан. Мөнхтулга бол Алтантулгын эгч нь байгаа юм. Уранчимэг бол надаар мэргэлүүлдэг эгч байсан. Батбаатар нь бол таксинд явдаг ах байгаа юмаа. 2015 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Ч.Отгонбатаас визны мөнгө гэж хэлээд 200 доллар бэлнээр авсан. Янжмаа эгчийн ээжээс нь Хуягаа гэх хүн 260000 төгрөг авчирч өгсөн. Би өөр мөнгө төгрөг бэлнээр аваагүй. Дансаар 10 орчим сая төгрөгийг авсан гэдгээ хэлмээр байна. Баасанхүү гэх хүнтэй 2015 оны 8 дугаар сард эмнэлэгт анх цуг хэвтэж байгаад танилцаад түүний хүүг Америкийн нэгдсэн улсруу суралцуулж өгнө гэж хэлээд 3аас 4 удаагийн үйлдэлээр 1350000 төгрөгийг залилан мэхэлж авсан. Бэлнээр 200.000 төгрөгийг аваад үлдэгдэл бүх мөнгийг дансаар авсан. О.Мөнхтулгыг дансаар авсан. Өөр ямар нэгэн үйлдсэн хэрэг байхгүй гэдгийг хэлмээр байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 190х/

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 203х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.Доржмаа нь иргэн Р.Янжмаагийн гэрт нь 2015 оны 04-05 дугаар сарын хооронд амьдрахдаа охин Хонгорзулыг чинь Солонгос Улсад мастерт явуулж өгнө, танай аав Роза чинь удахгүй орон дотроо унтаад нас барах юм байна гэж хөзрөөр мэргэлж итгүүлэн хуурч мэхлэн нийт 960,000 төгрөгийг нь,

давтан үйлдлээр 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 9 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд иргэн Ч.Отгонбатыг Америкийн нэгдсэн улсын Стенфордын Их сургуульд магистрт суралцуулж өгнө гэж итгүүлэн хууран мэхлэж нийт 18 удаагийн үйлдэлээр нийт 9.695.886 төгрөгийг нь,

давтан үйлдлээр 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хооронд иргэн Ч.Баасанхүүгээс хүүхдийг чинь АНУ-д хэлний сургуульд явуулж өгнө гэж итгүүлэн хууран мэхлэж нийт 1.357.436 төгрөгийг нь,

давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Үнэнбаатарыг хүүхдийг чинь Франц улсад саажилтийг эмчлэх эмчилгээнд явуулж эмчлүүлж өгнө гэж итгүүлэн 15 удаагийн үйлдэлээр нийт 11.067.850 төгрөгийг нь тус тус хуурч мэхлэх  аргаар залилан мэхэлж, бусдад нийт үлэмж хэмжээний буюу 23.081.172 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг буюу мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Р.Янжмаа /хх-ийн 86-90х, 2хх-ийн 41х/, Ч.Отгонбат /хх-ийн 83-85х, 2хх-ийн 38х/,Ч.Баасанхүү /хх-ийн 127х, 2хх-ийн 39х/, Б.Үнэнбаатар /хх-ийн 55-59х, 2хх-ийн 40х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, гэрч Н.Цэрэнчимэд /1хх-ийн 69х/, Т.Батбаяр /2хх-ийн 42х/, Д.Батбаатар /1хх-ийн 93х/, Т.Уранчимэг /1хх-ийн 94х/, О.Мөнхтунгалаг /1хх-ийн 95х/, А.Дүүрэнжаргал  нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтуудад нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Н.Доржмаагийн урьд 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн №939 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнссэн нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт хамрагдаж байх ба ингэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар түүний ялтай байдлын хугацаа дуусч байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнээ. Тиймээс Н.Доржмааг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх нь зүйтэй байна. 

Иймд Н.Доржмааг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар, давтан үйлдлээр залилан мэхлэж авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Н.Доржмаа нь давтан үйлдлээр хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч нийт 23.081.172 төгрөгийн хохирол учруулсан гэдэгтээ маргахгүй байх ба энэ нь хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Ч.Баасанхүүд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан гэм хорын хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь тогтоогдож байна. /2хх-ийн 39х/

Хохирогч Р.Янжмаад шүүгдэгч нийт 960.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд үүнээс нийт 170.000 төгрөгийг /2хх-ийн 41х/ төлсөн байх ба одоо нийт 790.000 төгрөгийг төлөх  үлдэгдэлтэй байх тул Н.Доржмаагаас гаргуулж, хохирогчид олгуулах нь зүйтэй.

Харин хохирогч Ч.Отгонбат, Б.Үнэнбаатар нарт шүүгдэгч нь учруулсан хохиролоо төлж барагдуулаагүй байх тул Н.Доржмаагаас 9.695.886 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Отгонбатад, 11.067.850 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Үнэнбаатар нарт тус тус олгуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Н.Доржмаад нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төрсөн Алтантулга овогтой Амарлингуй гэх охин хүүхэдтэй /хх-ийн 96х/ зэргийг үндэслэн түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулав.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 , 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Н.Доржмаагийн урьд 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн №939 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Н.Доржмааг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Алтан ураг овгийн Наранжаргалын Доржмааг хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр залилан мэхлэж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Н.Доржмааг эд хөрөнгө хураахгүйгээр, 4 /дөрөв/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Доржмаагийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Н.Доржмаагийн цагдан хоригдсон нийт 10 /арав/ хоногийг, биечлэн эдлэх хорих ялын хугацаанд нь оруулж тооцсугай.

 

7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Н.Доржмаагаас нийт 21.553.736 /хорин нэгэн сая таван зуун тавин гурван мянга долоон зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Отгонбатад /РД:ХМ86110418/ 9.695.886 /есөн сая зургаан зуун ерэн таван мянга найман зуун наян зургаа/ төгрөг,

хохирогч Б.Үнэнбаатарт /РД:АЮ79051616/ 11.067.850 /арван нэгэн сая жаран долоон мянга найман зуун тавь/ төгрөг,

хохирогч Р.Янжмаад /РД:ХМ63123009/ 790.000 /долоон зуун ерэн мянга/ төгрөг тус тус гаргуулж олгосугай.

 

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг журамлан Н.Доржмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

 

10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Доржмаад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТГЭРЭЛ

 

                                  ШҮҮГЧИД                                            Г.БУЯННЭМЭХ

 

                                                                                                   Б.ХАЛИУН