Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01363

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01363

 

М. ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01527 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: М.

Хариуцагч: М.Б, Б.Г, А.А нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Бэлэглэлийн гэрээ хүчингүй болгуулж, өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууц албадан чөлөөлүүлэх тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М. , түүний өмгөөлөгч И.Бямбасүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: М. нь эцэг Мтай хамтран М ЗГБХН-ийг үүсгэн байгуулж, эмнэлгийн чиглэлээр ажиллуулдаг байсан бөгөөд эцэг н.М 2017 оны 04 дүгээр сард нас барсан. Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, АОС 67-2 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 1997 онд дуудлагын худалдаагаар 55,920,000 төгрөгөөр худалдан авч, М ЗБН-ийн нэр дээр бүртгүүлсэн. Би Баянгол дүүргийн 3, 4 хорооллын 13б дүгээр байрны 104 тоот 40 м.кв байраа тэр үеийн ханшаар борлуулсан. Аав 50 мянгатын 17 дугаар байрны 52 тоот 3 өрөө орон сууцаа зарсан мөнгөнүүдээ нийлүүлээд дуудлага худалдаанд дэнчин мөнгийг нь өгч 55,920,000 төгрөгөөр бид Баянгол дүүрэг, 4 хороо, амины орон сууц 2 тоотод байрлах 270 м.кв талбай бүхий 2 давхар, 8 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг эмнэлгийн зориулалтаар ашиглах гэж авсан. Байрнуудаа зарчихаад эмнэлгйин зориулалттай орон сууц авах гэтэл мөнгө хүрээгүй, тэр үед 1 доллар 800 төгрөг байсан, 14 хоногийн дотор мөнгөө шилжүүлэхгүй бол дуудлага худалдаа хүчингүй болох байсан, 50 хувьд нь аав бид хоёрын орон сууц, үлдсэн 50 хувийг миний үеэлийн нөхөр 30,000 ам.доллар өгсөн мөн банкуудаас зээл авч төлсөн. Ингэж энэ сууц бидний мэдэлд шилжсэн. 1998 оноос 2011 он хүртэл аав, ээжтэйгээ эмнэлгийн үйл ажиллагаа явуулсан. Гэтэл аавыг нас барсан цагаас хойш үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бусаар бусдын нэр рүү шилжсэн болохыг би хэд хоногийн өмнө архивын лавлагаа авч олж мэдсэн. М ЗБН-ийг 2011 онд А.А гэж хүний тавьсан хүсэлтийн дагуу эмнэлгээ нэгтгэх зорилгоор шилжүүлсэн. Гэрээнд эмнэлгийн тусгай зөвшөөрөлтэй нөхөрлөлийн 70 хувийг эцэг М, би 30 хувиа түр шилжүүлсэн. М ЗБН буюу эмнэлгийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлэх тухай үг байхгүй, үл хөдлөх эд хөрөнгө нь тусдаа гэрчилгээтэй, бүртгэлтэй хөрөнгө тул бие даасан гэрээгээр шилжих нь тодорхой. Үл хөдлөхөө шилжүүлье гэсэн гэрээ хийгээгүй. 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нөхөрлөлийн эрхээ шилжүүлэх гэрээ нь өөрөө хууль бусаар хийгдсэн буюу эцэг М нь 70 хувиа шилжүүлэхэд 30 хувийн өмчлөгч М. миний зөвшөөрөл, харин би 30 хувиа А.Болдбаатарт шилжүүлэхэд 70 хувийн өмчлөгч Мын зөвшөөрөл тус тус бичгээр авагдах ёстой атал тийм зөвшөөрөлгүй А.Аын танил нотариатчаар хэлцэл хийлгүүлсэн. Гэтэл яг энэ өдөр буюу 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нөхөрлөл шууд М ХХК болж хувираад зогсохгүй ганц гишүүнтэй компани болсон. Тус нөхөрлөл нь 5 нэр төрлийн, 53,500 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөтэй болохыг хөрөнгийн үнэлгээний Золач ХХК үнэлж байсан. 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр М нь А.Ат нөхөрлөлийн 70 хувиа бэлэглэх гэрээ байгуулсан гэх боловч гэрээ байгуулсан иргэд гэдгийн ард нь М, нарын иргэний үнэмлэхийг хуулбарлаж хавсаргасан, эрх шилжүүлэх гэрээнүүдийн огноо нь 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэсэн атлаа нотариатч нь 2011 оны 01 дүгээр сарын 21-нд гэрчилсэн зэргээр бүх үйл баримт нь зөрүүтэй, хууль бус байна. 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр орон сууц бэлэглэлийн гэрээ үйлдэхдээ үл хөдлөх эд хөрөнгө нь М ЗБН-ийн нэр дээр бүртгэлтэй байсан атал М ХХК-ийн захирал А.А нь М.Ат итгэмжлэл олгож, түүгээр нь М.А нь өөрийн төрсөн охин Б.Г болон М.Б нарт бэлэглэсэн. Ашиг сонирхол нэгтэй төрсөн ээж нь төлөөлүүлэгч болоод өөрийн охинд миний өмчийг орон сууц гэж нэрлэж байгаад, М ХХК, М ЗБН гэсэн хоорондоо зөрчилтэй, бодит байдал дээр нэгэн зэрэг байх боломжгүй хоёр өөр төрлийн хуулийн этгээдийг холилдуулж илтэд төөрөгдүүлсэн, хүчин төгөлдөр бус бэлэглэлийн гэрээ хийсэн байх юм. 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр М ХХК-ийн захирал ажилтай А.А М зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн өмнөөс нөхөрлөлийн нэр дээрх хөрөнгийг бусдад бэлэглэх эрх олгох итгэмжпэл өгөх эрхгүй юм. Учир нь тус нөхөрлөл 2 гишүүнтэй ба тиймдээ ч нөхөрлөл гэж нэртэй, 2 хүний өмнөөс ганцаараа эрх олгох нь өөрөө хууль бус юм. Иймд М ЗБН-ийн 30 хувийг бусдад бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ, 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, АОС 67-2 тоот хаягт байрлах, 270,1 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөний 30 хувийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч А.Аын тайлбар, татгалзлын агуулга: М ЗБН-ийг 2011 оны 01 дүгээр сард зохих хууль, журмын дагуу шилжүүлж авсан. Тэр компани шилжиж аав, хүү хоёроос аав, хүү хоёрт ирлээ гэж билэгшээж Төрийн банкинд очиж өгөлцөж авалцаж байсан. Тэгээд 2011 оны 06 дугаар сард ЗБН-ийг өөрчилж ХХК болгоод нэг гишүүнтэй болгосон. М ЗБН-ийн нэр дээр ийм үл хөдлөх эд хөрөнгө байгаа гэдгийг эхлээд мэдээгүй, дараа нь мэдсэн. 2017 онд М гуай намайг дуудаад компаний нэр дээрх амины орон сууцыг бэлэглэх итгэмжлэлийг М.Ат хийж өг гэж хэлсний дагуу итгэмжлэлийг М.Ат өгсөн. Түүнээс би М.Аийг ч танихгүй гэжээ.

3. Хариуцагч М.Б, Б.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч М. , хариуцагч М.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А бид нар төрсөн эгч, ах, дүүс бөгөөд бидний эцэг А.М, эх С.Март нар М ЗБН-ийг 1998 оны 01 дүгээр сарын 18-нд мэдрэлийн өвчний оношлогоо, эмчилгээний чиглэлээр үүсгэн байгуулж үйл ажиллагааг явуулж байсан. М ЗБН-ийг өөрийн гэсэн эмнэлэг, үйлчилгээний байртай болгох зорилгоор 1998 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Төрийн өмчийн хороотой 15 дугаартай Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Ингэхдээ төрийн өмчид бүртгэлтэй байсан Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах 270,1 м.кв талбайтай 2 давхар барилгыг 1998 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн өмчийн хорооны Төрийн байгууллагуудын хангамжийн газраас зохион байгуулсан нийтийн дуудлага худалдаанаас 55,920,000 төгрөгөөр худалдан авч 1998 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 7074 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Бидний ээж С.Март 2002 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нас барснаар 2005 оны 08 дугаар сарын 26-ны өдөр М ЗБН-ийн үүсгэн байгуулах бичиг баримтанд нэмэлт өөрчлөлт оруулж нөхөрлөлийн гишүүнээс С.Мартыг чөлөөлж, М. ыг нөхөрлөлийн гишүүнээр элсүүлэн бүртгэсэн. Өөрөөр хэлбэл М ЗБН-ийн 70 хувийг аав А.М, 30 хувийг М. эзэмших болсон. 2011 оны 01 дүгээр сарын 20-нд А.М, А.А нарын хооронд Бэлэглэлийн гэрээ, 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулагдаж өөрийн эзэмшлийн 70 хувийн хувьцааг хариу төлбөргүйгээр, эргэн буцах ямарч нөхцөлгүйгээр бэлэглэсэн. Харин М. 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр А.Болдбаатартай Бэлэглэлийн гэрээ, 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Эрх шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулж өөрийн эзэмшлийн 30 хувийн хувьцааг хариу төлбөргүйгээр, эргэн буцах ямарч нөхцөлгүйгээр бэлэглэсэн. Үүний дараа 2011 оны 01 дүгээр сарын 25-нд М ЗБН-ний үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр гарч улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр А.М, М. нар М ЗБН-ний гишүүнээс гарсан ба ингэснээр М. нөхөрлөлийн гишүүнээс хасагдсан бөгөөд нөхөрлөлийн 30 хувийн хувьцааг буцаан шаардах эрхээ алдсан. М ЗБН-ийн хувьцааг А.Ат үнэ төлбөргүй шилжүүлэхдээ аав А.М А.Атай харилцан тохиролцож нөхөрлөлийн нэр дээр бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлж авахаар тохиролцсон байсан ба А.Аын хувьд энэ тохиролцоондоо шударгаар хүрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А надад 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр итгэмжлэл олгосон. Дээрх итгэмжлэлийг Баянгол дүүргийн тойргийн 114 дугаар тамганы дугаартай нотариатч Н.Ганхуяг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үнэн зөвийг гэрчилсэн тул надад олгосон итгэмжлэл хуульд нийцсэн гэж үзэж байгаа ба энэ үйл баримт нь Нийслэлийн архиваас газраас нотлох баримтаар ирүүлсэн нотариатын бүртгэлийн дэвтэр, холбогдох бусад баримтуудаар нотлогдож байна. М.А нь итгэмжлэлийг үндэслэн М ХХК-г төлөөлөн М.Б, Б.Г нартай 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Орон сууц бэлэглэлийн гэрээ-г байгуулж маргааны зүйл болж буй 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр бэлэглэсэн бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр М.Б, Б.Г нар хууль ёсны өмчлөгч болсон. 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ-г хүчингүй болгох хууль, эрх зүйн боломжгүй байна. Уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч М ЗБН нь манай аав, ээжийн үүсгэн байгуулсан гэр бүлийн нөхөрлөл байсан бөгөөд уг нөхөрлөлийн нэр дээр өмчлөх эрх нь бүртгэлтэй байсан хөрөнгө, мөн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө юм. Аав А.М 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан бөгөөд нас барахаасаа өмнө А.Атай уулзаж өмнөх тохиролцсоныхоо дагуу нөхөрлөлийн нэр дээр байсан үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлж авахаар ярилцаж охин М.А миний нэр дээр итгэмжлэл хийлгүүлж маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бидний бага дүү М.Б /хөгжлийн бэрхшээлтэй/, өөрийн том ач охин Б.Г нарын нэр дээр Орон сууц бэлэглэлийн гэрээ-ээр шилжүүлж өг гэсний дагуу итгэмжлэл олгогдож, гэрээ байгуулагдаж үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр М.Б, Б.Г нар бүртгэгдсэн юм. Иргэний хуулийн 528 дугаар зүйлд өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах журмын талаар зохицуулсан ба 528.1, 528.2 дахь хэсэгт өвийг хүлээн авах хугацааг заасан байх ба хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч М. ын хувьд өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авах талаар зохих байгууллага, этгээдэд гаргаагүй учраас өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэхээр байх тул шаардах эрхгүй байна. Аав маань 2015 оны 05 дугаар сард өөрийн 4 хүүхдүүд (М.А, М. , М.Батцэцэг, М.Б)-ээ цуглуулан М. т 52 м.кв тайлбай бүхий сүүлийн үеийн орон сууц авч өгч оруулах талаар өөртэй нь ярилцахад байр авахаас татгалзсан болно.

4. Хариуцагч М.Б, Б.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Аийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр М ХХК-ийн захирал А.Амгаланбаатраас М.Ат итгэмжлэлийг олгосон. Нотариатын үйлдэл дээр нэхэмжлэгч тал маргаагүй. Энэ үйлдлийг Баянгол дүүргийн нотариатч Ганхуяг гэж хүн гэрчилсэн юм. Энэ итгэмжлэлээр М.Ат 270,1 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг М ХХК-ийн өмнөөс бусдад шилжүүлэх, бэлэглэлийн гэрээ байгуулж бусдад бэлэглэх эрхийг олгосон итгэмжлэл байсан. Энэ итгэмжлэлийг үндэслээд М.А нь хариуцагч М.Б, Б.Г нартай 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр орон сууц бэлэглэлийн гэрээ байгуулсан. Энэ маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлснээр хууль ёсны өмчлөгч нь М.Б, Б.Г нар болсон. 2017 оноос хойш М. энэ байранд байгаа. 2013 оноос өөр хүнтэй гэр бүл болоод түүнээсээ хойш энэ байранд М. өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Өмчлөгч нарын хувьд байраа чөлөөлж өгөөч гэсэн шаардлагыг тавьж байгаа. Иймд М. ын хууль бус өмчлөлөөс үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Би өөрийн 3 өрөө байраа зараад энэ үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж аваад сүүлийн 24 жил амьдарч байна. Би энэ үл хөдлөхийн 30 хувийг эзэмших эрхтэй. Сөрөг нэхэмжлэл бол үндсэн нэхэмжлэлтэй холбоотой, М.Б, Б.Г нар хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон болох нь хууль ёсны дагуу байна уу? үгүй юу гэдгийг шүүх шийдэж байж тодорхой болох учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. А төлөөлөгч хэлэхдээ яагаад чи ганцаараа өмчлөгчөөр тогтоолгох гээд байгаа юм бэ? энэ чинь манай гэр бүлийн хөрөнгө гэж хэлсэн. Нэгэнт тэр хөрөнгийн 70 хувийг эзэмшиж байсан М гуай бурхан болсон учраас хөрөнгийн тодорхой хувийг эзэмших, өмчлөх ёстой гэж үзэж байна гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 280.1.1, 280.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М. ын хариуцагч А.А, М.Б, Б.Г нарт холбогдуулан гаргасан бэлэглэлийн гэрээнүүдийг хүчингүй болгуулж, өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 67/2 тоот хаягт байрлалтай, 270,1 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч М. ын эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 437,550 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хумаамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж хариуцагч М.Б, Б.Г нарт олгож шийдвэрлэсэн байна.

7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх хурал эхлэхийн өмнө ширээн дээр авчирч тавьсан нэмэлт тайлбар гэх утгатай дөрвөн хуудас нэмэлт тайлбар нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон байна. Би энэ тайлбартай танилцаж амжаагүй, уншиж тайлбар өгөх хугацаа олгоогүй нь шүүх нэг талыг барьж, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, мөн талуудын мэтгэлцээний явцад зөв дүгнэлт хийгээгүй. Хариуцагч А.Ат аав бид хоёр 2011 онд ЗБН-ийнхээ хувьцаа буюу үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө шилжүүлэн өгсөн. Ийнхүү өгөхдөө ямар нэгэн байдлаар хэн хэн нь ЗБН-ийн нэр дээр бүртгэлтэй маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлээгүй, зөвхөн Золач ХХК-ийн үнэлснээр 53,500 төгрөгийн үнэ бүхий хувьцааг буюу үндсэн хөрөнгийг 2011 онд бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн байдаг. Энэ тухай хариуцагч А.А нь анхан шатны шүүх хуралдаанд компанийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг авсан гэж мэдүүлдэг. Үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй гэдгийг эхний үед мэдээгүй, 1,2 жилийн дараа л мэдсэн гэсэн мэдүүлгээр хэн аль нь зөвхөн компанийн эрхээ л шилжүүлж өгч байна. Үл хөдлөхтэй хамааралгүй гэж ойлгож байсан ч үл хөдлөх нь ЗБН-ээ дагаад шилжсэн гэж үзсэн нь талууд өөрсдийн хүсэл зоригоос өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн буюу Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т зааснаар агуулгыг эндүүрэн хийсэн хэлцэл хийсэн байхад уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох боломжтой байсан. Ямар нэгэн хариу төлбөр авахгүйгээр М ЗБН-ийн нэр дээр байсан үл хөдлөх хөрөнгийг М.Ат итгэмжлэл өгснөөс үзэхэд ЗБН-ийн эрхийг шилжүүлэн өгөхөд үл хөдлөх хөрөнгө нь дагаад шилжээгүй болохыг харуулна. Хүн өөрийнхөө үнэ цэнэтэй объектыг огт хариу төлбөргүйгээр бусдад захиран зарцуулах эрхийг олгохгүй. Мөн бид үл хөдлөх хөрөнгө нь компанийн эрхийг дагаад шилжинэ гэдгийг мэдэж байсан бол А.Ат шилжүүлэхээсээ өмнө үл хөдлөхөө ЗБН-ийн нэрээс шилжүүлж, аав бид хоёр нэр дээр авах байсан. А.А нь Ат итгэмжлэл олгох хүртэл буюу 2017 он хүртэл тус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, бүртгэлд огт өөрчлөлт ороогүй, ЗБН нэр дээр хэвээр байсан нь үл хөдлөх эд хөрөнгө компанийн эрхтэй хамт шилжээгүйг илтгэж байна. Нотариатчийн бүртгэлийн 41-д бүртгэл олгосон тус итгэмжлэлд зөвхөн төлөөлөгч, төлөөлүүлэгч хоёр л гарын үсгээ зурсан байдаг ба дэвтэрт нь ч мөн адил.

Нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой зөв үнэлээгүйд гомдолтой байна. Хариуцагч А.А нь өөрийн бичгээр гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа талаараа, мөн үүнийгээ шүүх хуралдааны явцад мэдүүлдэг. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн нөхцөлүүдийн нэг нь хэргийн оролцогчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцаа болон маргааны зүйлийг тодорхойлох, тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг оновчтой хэрэглэж чадаагүй. Тодруулбал миний бие нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, өөрчлүүлэх гэж хоёр удаа шүүхэд хүсэлт гаргасан ч улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн гэж алийг нь ч хүлээн аваагүй. Би маргаж буй үл хөдлөхийн үнийн дүнгээр тэмдэгтийн хураамжаа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлчихсөн байхад ийм шалтгаанаас болж, өөрчилсөн, тодруулсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахгүй байсан нь миний эрхийг хангаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулж чадаагүйгээс маргааны зүйлийг зөв тодорхойлж, үндэслэлтэй шийдвэрлэж чадаагүй намайг хохироосонд гомдолтой байна.

Сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэхдээ миний хороолол дахь 3 өрөө байраа 1998 онд бусдад худалдаад уг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд оруулсныг худалдах, худалдан авах гэрээ хэрэгт авагдаагүй учраас нотлогдохгүй байна гэж үзсэн. Гэтэл шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгч болох М.Аийн мэдүүлэг болон миний шүүхэд гаргаж өгсөн үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа байсаар байтал атал нотлогдохгүй гэсэн. Тухайн цаг үед хорооллын гурван өрөө байр 10 сая төгрөгөөс дээш ханштай байсан нь нийтэд илэрхий шүү дээ. Хэдийгээр зохигчдын тайлбар, мэдүүлгээр 3 өрөө байраа зарж, хөрөнгө оруулсан нь тодорхой байгаа ч гэсэн шүүх худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдоно гэж байгаа бол нотлох баримт шаардлагатай гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгч захирамж гарган авах боломжтой. Шүүх хуралдааны дараа шийдвэрээ танилцуулахдаа энэ талаар тайлбарлаж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байсан атлаа шүүхийн шийдвэр бичгээр гарахад энэ дүгнэлт нь тусгагдаагүй. Үл хөдлөх хөрөнгө бусдад шилжиж байгаа бол үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж дүгнэсэн ч бодит байдал дээр үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлээд гэрчилгээ гаргуулсан болгон шударгаар хуулийн дагуу авсан байх албагүй. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг талуудын тайлбар, мэтгэлцээнийг тэгш явуулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой судалж, дүгнэлт хийгээгүй, маргааны үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, эрх зүйн үндэслэлд зөв дүгнэлт хийгээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

8. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн. М ЗБН нь 1998 онд анх үүсгэн байгуулагдсан. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь төрсөн эгч дүү хүмүүс бөгөөд эцэг эх нь н.Март, н.М нар нь М ЗБН нөхөрлөлийг үүсгэн байгуулсан. Тухайн үед н.Март нь нөхөрлөлийн 30 хувь буюу 19,500 төгрөгийг эзэмшиж байсан. 2002 онд н.Март гэх хүн нас барсан. Нас барснаар М. нь өв залгамжлагч болж 30 хувь буюу 19,500 төгрөгийн үнэ бүхий өв залгамжилж, улмаар 2002 онд М ЗБН-ийн үүсгэн байгуулагч болсон. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэх хэсэгт тодорхой дүгнэсэн. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Маргаж буй хөрөнгө хэрхэн бий болсон талаарх асуудлыг анхан шатны шүүх хэргийн байдлыг харгалзан үзсэн. Тодруулбал, 1998 онд Төрийн өмчийн хорооны нийтийн дуудлага худалдаанаас 55,920,000 төгрөгийг өгч, 270.1 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан. 2011 онд нөхөрлөлийн 70 хувийг н.М. н.А нарт, М. нь 30 хувийг н.Аын төрсөн хүүд шилжүүлсэн. 30 хувийг шилжүүлснээр М. нь буцаан шаардах эрхээ алдсан. 2011 онд М. нь н.Аыг таньдаг байсан бөгөөд мөн банк санхүүгийн байгууллагад өртэй байсан тул өрөө төлөх зорилгоор хувьцааг шилжүүлсэн. Тухайн үед н.М нь нийтийн дуудлага худалдаанаас худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийг буцааж авна гэж тохиролцсон. Уг тохиролцооны дагуу 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр М.Ат итгэмжлэл олгогдсон. Нэхэмжлэлийн шаардлага болох үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Б.Г, М.Б нарын нэр дээр шилжүүлсэн. Тухайн үед М.М амьд байсан бөгөөд ...төрсөн ах, дүүс байгаа тул хамгийн бага дүү М.А болон түүний охин Б.Г нарт уг үл хөдлөх эд хөрөнгөө үлдээнэ. Иймд уг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлнэ... гэж хэлсэн. Энэ хүсэл зоригийн дагуу 2017 онд орон сууц бэлэглэлийн гэрээг хийгдсэн гэх үйл баримтын дагуу анхан шатны шүүх үнэн зөв дүгнэсэн. Нэхэмжлэгчийн хувьд хууль бус итгэмжлэл олгосон, гэрээ нь хүчин төгөлдөр бус байна гэх үндэслэлээр анхан шатны шүүхэд маргасан. Хэргийн баримтууд орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэх нь баримтаар нотлогдоогүй. Орон сууц бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасны дагуу ноцтой гомдоосон гэх үндэслэл байх ёстой. Хэрэгт авагдсан баримтаар уг үндэслэл тогтоогдоогүй. Хоёрдугаар шаардлагад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоно гэх асуудал яригдсан. 1998 онд нийтийн дуудлага худалдаанаас худалдан авах үед 3 өрөө орон сууцыг худалдаж, 11,000,000 төгрөгийг оруулж, уг хөрөнгийг худалдаж авсан. Уг орон сууцыг худалдан борлуулсан талаарх гэрээ нотлох баримтаар авагдаагүй. Анхан шатны шүүхээс гэрээ нь хэрэгт авагдаагүй, бодитоор 11,000,000 төгрөг уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авахад оруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж үзэж өмчлөгчөөр тогтоох боломжгүй гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч М. нь хариуцагч М.Б, Б.Г, А.А нарт холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр сөрөг шаардлага гарган маргажээ.

3. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...М ЗБН-ийг А.А болон А.Болдбаатар нарт шилжүүлсэн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүчин төгөлдөр бус болгуулах гэж, ...М ЗБН-ийн захирал А.Ааас М.Ат өгсөн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлийг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгуулах гэж, ...2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлийн үндсэн дээр хийгдсэн 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хууль бус болохыг тогтоолгох гэж өөрчилснийг /1 хх 158 дугаар тал/ шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2022/03573 дугаар захирамжаар ...нэхэмжлэлийн тодруулсан шаардлага тодорхой бус гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.

4. Улмаар нэхэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...М ЗБН-ийг А.А болон А.Болдбаатар нарт шилжүүлсэн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээнүүдийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж, ...М ЗБН-ийн захирал А.Ааас М.Ат өгсөн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэлийг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т заасан шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгуулах гэж, Хүчин төгөлдөр бус итгэмжлэлийн үндсэн дээр байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хууль бус болохыг тогтоолгох гэж өөрчилснийг дахин /2 хх 218 дугаар тал/ шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШЗ2022/07399 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан бүрдүүлбэрийг хангаагүй үндэслэлээр хүлээн авахаа татгалзаж шийдвэрлэсэн байна. /2 хх 227 дугаар тал/

5. Ийнхүү шүүх ...нэхэмжлэлийн тодруулсан шаардлага тодорхой бус гэх, ...улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх үндэслэлээр үндэслэл нь өөрчлөгдсөн нэхэмжлэлийг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэснийг, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргана гэснийг тус тус зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчлөх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд шүүхэд нэхэмжлэлийн шаардлага анх гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээний дотор шаардлагын үндэслэлээ өөрчлөх боломжтойг анхаараагүй байна.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй, тодруулсантай холбоотой нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт болон нэмэгдүүлсэн, өөрчилсөн шаардлагыг удаа дараа хүлээн авахаас татгалзсанаар талуудын маргааны зүйлийг зөв тодорхойлж чадаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх маргааны зүйл болон түүний үндэслэлийг зөв тодорхойлоогүйгээс зохигчид хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үйл баримтын талаар буюу хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар бүрэн мэтгэлцсэн гэж үзэх боломжгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

7. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, талууд энэ талаар мэтгэлцээгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн тохиолдолд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01527 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

М.БАЯСГАЛАН