| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 101/2017/01936/И |
| Дугаар | 210/МА2023/00304 |
| Огноо | 2023-02-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2023/00304
2023 02 06 210/МА2023/00304
Ч.Гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/02833 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: Ч.Г
Гуравдагч этгээд: М
Гуравдагч этгээд: Төрийг төлөөлж Прокурор
Нэхэмжлэлийн шаардлага: Цагдан хоригдсон, сэтгэл санааны хохирол 68,502,700 төгрөг, олох ёстой байсан орлого 55,969,006 төгрөг, нийт 124,471,706 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.7, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн, гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар, Э.Болор-Эрдэнэ, төрийг төлөөлж прокурор С.Болорзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Ч.Г нь Т ХК-тай байгуулсан гэрээний дагуу тухайн компанийн эзэмшилд бүртгэгдсэн, өөрийн өмчлөлийн 57-75 улсын дугаартай, Хьюндай маркийн 45 хүний суудал бүхий автобусыг жолоодон явахдаа Улаанбаатар-Багануур хоорондын зорчигч тээвэрлэх ажлыг гүйцэтгэж явахдаа Төв аймгийн Баяндэлгэр сумын Дөтлүүрийн даваа гэх газар 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр автобусны жолоодлого алдагдаж, замын хажуу руу хажуулдан осол гарч, бусдын биед хүнд, хөнгөн гэмтэл учирсан. Үүний улмаас Ч.Гийг 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цагдаа, прокурор, шүүхийн тогтоолоор сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр тооцон, шалгагдсаны эцэст 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Төв аймгийн прокурорын газрын прокурорын 502 дугаар тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Ийнхүү шалгагдах хугацаанд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 37 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар нэхэмжлэгчийг гэм буруутайд тооцон, 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэн, тогтоол гарсан өдрөөс цагдан хорихоор шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, нэхэмжлэгчид цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 382, 389 дүгээр зүйлийн 389.2, 389.2.3-т заасан үндэслэлээр өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй.
1.2 Сэтгэл санааны гэм хорын хохирлын хэмжээг тооцохдоо цагдан хоригдсон хугацаанд Улаанбаатар-Багануур, Багануур-Улаанбаатар чиглэлд зорчигч тээвэрлэж олсон орлогын баримтыг үндэслэж 1,957,220 төгрөгөөр тооцон, 35 хоногийн нийт 68,502,700 төгрөг болж байна. Автотээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн Улаанбаатар-Багануур, Багануур-Улаанбаатар чиглэлд зорчигч тээвэрлэж олсон орлогын баримтыг үндэслэн жолоочид олгосон 55,969,006 төгрөгийг өөрийн олох ёстой байсан орлого, цагдан хоригдсон хугацааны хохиролд 68,502,700 /1,957,220 төгрөг х 35 хоног/ төгрөг гэж тооцож байна.
Иймд Засгийн газрын нөөц сангаас 124,471,706 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Нэхэмжлэлийн шаардлагаас 35 хоног цагдан хоригдсон хугацааны хохирлыг Эрүүгийн хуульд зааснаар олгоход татгалзах зүйлгүй бөгөөд уг хугацаатай маргахгүй. Харин зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөхөөр хуулиар тогтоосн тул сэтгэл санааны хохирол болон олох ёстой байсан орлогыг эс зөвшөөрч байна.
Сэтгэл санааны хохирлыг ямар аргачлалаар гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Осол гарсныг Засгийн газар биш Т ХХК хариуцах ёстой. Ажилгүй байсан хугацааны орлогыг төр гаргах ёстой гэдэг нь үндэслэлгүй. Хууль бусаар цагдан хоригдсон хугацааны хохирлыг тооцох Улсын Дээд шүүхийн зөвлөмжид тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсийг 21,5 хоногт хуваан бодох замаар шийдвэрлэж нэг өдрийн хөлсийг тооцдог.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлд зааснаар хуульд тусгайлан заасан тохиолдолд сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр тооцож болно. Нэхэмжлэгчид ямар хохирол учирч, уг хохирлоо арилгуулахаар ямар эмчилгээ хийлгэсэн эсэх баримт байхгүй. Иймд нэхэмжлэлээс 35 хоног хоригдсон хохирлыг тооцооллын дагуу зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Гуравдагч этгээд төрийг төлөөлж Прокурорын тайлбар, татгалзлын агуулга:
3.1 2016 онд Төв аймгийн нутаг дэвсгэрт авто осол болсонтой холбоотойгоор зохих журмын дагуу ажиллагаа явуулсан. Хэргийг шалгаад 2016 онд прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгохдоо гэмт хэрэг үйлдээгүй гэж шийдвэрлээгүй. Хуульд зааснаар яллагдагчид ашигтайгаар буюу тухайн гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй буюу нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Тухайн хэрэгтэй холбоотойгоор 2 хүн хүнд, 3 хүн хөнгөн гэмтэл учирсан. Хохиригчид учирсан хохирлыг нэхэмжлэгч төлсөн гэдэг боловч хор уршиг арилсан эсэх талаар баримт байхгүй. Уг осолд удаа дараагийн тогтоол, дүгнэлтээр жолоочийн буруутай үйл ажиллагаа байсан нь тогтоогдсон.
Ч.Г гэмт хэрэг хийгээгүй, эргэлзээтэй нөхцөл байдалд байна гэж үзэж байгаа бөгөөд зам тээврийн осол гаргаагүй гэдэг дүгнэлт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 35 хоног цагдан хоригдсон хугацааны хохирлыг хуульд заасны дагуу олгоход татгалзах зүйлгүй. Олох ёстой орлого болон сэтгэл санааны хохирлыг төрөөс шаардаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
4. Иргэдийн төлөөлөгч оролцоогүй болно.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1-т заасныг баримтлан 25,948,929 /хорин таван сая есөн зуун дөчин найман мянга есөн зуун хорин ес/ төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан, нэхэмжлэгч Ч.Гт олгож, нэхэмжлэлээс 98,522,777 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн байна.
6. Гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:
6.1 Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь Т ХХК-тай байгуулсан гэрээний дагуу өөрийн өмчлөлийн 57-75 дугаартай автобусаар хүн тээвэрлэхдээ тухайн автобус нь техникийн шаардлага хангаагүйн улмаас осол гарч тодорхой хүн гэмтсэн, тухайн ослоос шалтгаалан автобус ашиглах боломжгүй болсон гэсээр байтал зөвхөн цагдан хоригдсон хоног буюу 35 хоногт ажил хөдөлмөр эрхэлж олох байсан орлого бус хэрэг үүсгэсэн өдрөөс хэргийг хэрэгсэхгүй болгосон өдөр хүртэлх байдлаар олох байсан орлогыг тооцож нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн гомдолтой байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл тухайн автобус нь Т ХХК-ийн бүртгэлд байдаг, тухайн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тухайн хуулийн этгээд хариуцлах ёстой байхад ашиглах боломжгүй болсон автобусаар орлого олох боломжтой байсан гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Дээрх нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид гэмт хэрэгт шалгагдаж байх хугацааны хохиролд 22,221,779 төгрөг олгохоор шийдвэрлэн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:
7.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга бол хөдөлмөрлөх эрхийг сэргээсэн явдал юм. Өөрөөр хэлбэл, прокурорын болон мөрдөн байцаах байгууллагын яллагдагчаар татаж, шалгаж байсан шүүхийн шийдвэр, тогтоолуудыг үндэслэн тухайн хүний жолоодох эрхийг хасах зөрчилд хамааруулан шалгаж байсан. Үүнтэй холбоотойгоор жолоодох эрхийг хэрэгжүүлэх боломжгүй буюу жолооны үнэмлэхийг хурааж авсан баримт нь хэрэгт авагдсан.
Шүүх нэхэмжлэгчийг хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна гэж дүгнэсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2013 оноос хойш тээвэр ачилтын компанид ажилтнаар ажиллаж байсан ба осолд гарах үед ажиллаж байсан болохыг нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тодорхойлолтоор нотлогддог. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл олох ёстой байсан орлого юм. Энэ орлогоо гуравдагч этгээд буюу Авто тээврийн үндэсний төвөөс нотлох баримтуудаа цуглуулж нотолсон.
Шүүх шударга ёсны зарчмын үүднээс тухайн автобусны чиглэлийн олох ёстой байсан орлогын 50 хувийг олгохоор шийдвэрлэсэн. Үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн. Гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй. Тухайн сэтгэл санааны хохирлыг зөвшөөрсөн атал олох ёстой байсан орлогыг хүлээн зөвшөөрөхгүй байгаад гомдолтой байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд төрийг төлөөлж Прокурорын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:
8.1 Тухайн хэрэгт холбоотойгоор 2 хүн хүнд, 3 хүнд хөнгөн гэмтсэн. Уг хэрэгт Т ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан. Тээврийн хэрэгслийг хурааж авсан нөхцөл байдал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад битүүмжилсэн. Тээврийн хэрэгсэлд шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсан ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Тийм учраас Ч.Г нь тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Уг тээврийн хэрэгслийн улмаас учирсан хохирлыг төрөөс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд 22,221,779 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Ч.Г нь эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдсаны улмаас сэтгэл санааны хохиролд 68,502,700 төгрөг, олох ёстой байсан хохиролд 55,969,006 төгрөг, нийт 124,471,706 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах хүсэлт гаргасан. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М болон төрийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурор нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирлыг зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргасан. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй.
3. Ч.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдаж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор түүнийг гэм буруутайд тооцон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 377 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна. /1хх 9-32/
3.1 Улмаар Төв аймгийн Прокурорын газрын прокурын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 502 дугаар тогтоолоор Ч.Гт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд прокурорын тогтоол хүчинтэй хэвээр байна. /1хх 7-8/
4. Иймд нэхэмжлэгч Ч.Г нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо Монгол Улсын төрөөс шаардах эрхтэй.
5. Нэхэмжлэгч Ч.Г нь 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдож, эрүүгийн хэрэгт мөрдөгдөн шалгагдсан үйл баримт тогтоогдсон учир хууль бусаар таслан сэргийлэх арга хэмжээ авагдсантай холбоотой дээрх хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж, орлого олох боломжгүй байснаас хохирол учирсан гэж үзнэ.
6. Иймд анхан шатны шүүх Улаанбаатар-Багануур, Багануур-Улаанбаатарын чиглэлд олох ёстой байсан орлогыг Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн адил зэрэглэлийн УНА автобусны явсан бодит орлогоор тооцож хууль бусаар цагдан хоригдсон хугацааны хохиролд 2,873,150 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Энэ талаарх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй.
7. Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар 2014 оны 06 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарыг хүртэлх хугацаанд ажилгүй байсан гэж дүгнэж 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацаанд УНА улсын дугаартай машины Улаанбаатар-Багануур, Багануур-Улаанбаатар олсон бодит орлого 50,169,858 төгрөгийг 2 автобусны орлогод хуваан тооцож 25,084,929 төгрөг олох ёстой байсан гэж үзсэн нь буруу биш байна. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн дээрх автобусыг ашиглаж, орлого олох боломжгүй байсан, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусахад тухайн автобус нь ашиглагдах боломжгүй болсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Иймд гуравдагч этгээдийн ...эрүүгийн хэрэг үүсгэснээс дуусах хүртэлх хугацааны олох ёстой байсан орлогыг шүүх тооцсон нь үндэслэлгүй, ... хохирлыг Т ХХК хариуцна гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Харин анхан шатны шүүх тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.
8.1 Ч.Гийн олох ёстой байсан орлого 25,084,929 төгрөгөөс түүний цагдан хоригдсон хугацаан дахь олох ёстой байсан орлого 2,873,150 төгрөгийг хасаад, үлдэх 22,211,779 төгрөг болж байх бөгөөд үүн дээр 864,000 төгрөгийг нэмэхэд нийт 23,075,779 төгрөг болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 23,075,779 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Гт олгосон өөрчлөлтийг оруулж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.
9. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд зохигчид иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч ирээгүй байна. Иймд шүүх иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсгийг зөрчөөгүй.
Дээрх үндэслэлээр гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/02833 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын 25,948,929 /хорин таван сая есөн зуун дөчин найман мянга есөн зуун хорин ес/ гэснийг 23,075,779 гэж, 98,522,777 гэснийг 101,395,927 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
М.БАЯСГАЛАН