Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2023/0008

 

У-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын

Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Э,

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний

хүрээлэнгийн Үйлдвэрлэлийн ослыг судлан

бүртгэх комисст тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ

            Шүүгчид:                                   Г.Банзрагч

     Д.Батбаатар

                                                                 М.Батсуурь                                                                      

            Илтгэгч: Танхимын тэргүүн  Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга:           А.Гантогтох

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2022/0617 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2022/0704 дүгээр магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 38 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, хариуцагч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч болон гуравдагч этгээд Б.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагч хяналтын улсын байцаагч Л.Э, гуравдагч этгээд Б.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, өмгөөлөгч О.Б нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:

“У... Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх орон тооны бус комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б.О, Д.М, У.А нарын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг илт хууль бус болохыг тогтоолгох”.

2. Хэргийн нөхцөл байдал:

2.1. У... ажилтан Б.О, Д.М, У.А нар нь 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд томилолтоор ажиллаад буцах замдаа зам тээврийн осолд өртсөн.

2.2. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 419 дүгээр шийтгэх тогтоолоор У... ажилтан Д.М-ыг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ар гүнтийн замд У... эзэмшлийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас зорчигч Б.О, У.А нарын эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзэн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн байна.

2.3. У... Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гурван тусдаа актаар ажилтан Б.О, Д.М, У.А нарт тус тус “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт” үйлдэж, дээрх ослыг “үйлдвэрлэлийн осол”-д бүртгэж, ослын “хүнд” зэрэгт хамааруулжээ.

2.4. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Э 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр У... Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссын  2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-ыг баталгаажуулж гарын үсэг зурсан байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

3.1.  “... Комисс нь маргаан бүхий актыг гаргахдаа Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Осолдогч нар согтууруулах ундаа хэрэглэсний улмаас авто тээврийн осолд өртсөн бөгөөд үүнийг  дүрмийн 2.2-т зааснаар тусгайлан тэмдэглэх ёстой байсан. Осолдогч нарын буруутай үйлдлээс шалтгаалж осол гарсан тул үйлдвэрлэлийн осолд тооцохгүй байх үндэслэлтэй байхад дүрмийн 2.1.2-т зааснаар осолд тооцох шийдвэр гаргасан, үүнийг мэргэжлийн хяналтын байцаагч бүрэн хянаж үзэлгүй баталгаажуулсан. Иймд уг акт нь бодит нөхцөл байдалд тохирохгүй, ажил олгогчоос хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6-д заасан илт хууль бус байна.

3.2. Мөн комисс нь мэргэжлийн хяналтын байгууллагад осол гарснаас хойш 6 хоногийн дараа мэдэгдсэн, мэдээг хүргүүлээгүй нь дүрмийн 6.2, 6.6-д заасныг зөрчсөн, актыг осол гарснаас хойш 29 хоногийн дараа үйлдсэн нь дүрмийн 3.8, 3.9-д заасан хугацааг хэтрүүлэн зөрчсөн, мэргэжлийн хяналтын байцаагч акт үйлдсэнээс хойш 40 хоногийн дараа хянан баталгаажуулсан нь дүрмийн 3.10-д заасан хугацаанд хийгээгүй.

3.3. Томилолтоор ажиллах талаарх ажилтнуудад өгсөн зааварчлагааны 8 дахь хэсэгт  “ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх” заалттай байтал архи согтууруулах ундаа хэрэглэн согтуурснаас осол гарсан болох нь ажилтнууд болох бусад хүмүүсийн тайлбараар нотлогдсоор байхад комисс хууль бусаар акт тогтоож хөдөлмөр хамгааллын дүрэм зөрчсөн хууль бус үйлдлийг осол хэмээн худал тогтоосон. Эцэст нь байгууллагаас хууль бусаар нөхөн төлбөр гаргуулахыг шаардаж нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны ашиг сонирхолд халдаж байна” гэх агуулгаар тайлбарлажээ.

4. Хариуцагч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Э:

4.1. “... У... комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгаан, хүчин зүйлийг үнэн зөв судлан бүртгэх үүрэгтэй. Гэтэл тус хүрээлэнгийн захирлын тушаалаар томилогдсон комисс нь дүрмийн 2.2-т заасан орон тооны бус байнгын комисс нь судлан бүртгэсэн актад тусгайлан тэмдэглэл үйлдээгүй бөгөөд тухайн үед осолдогчийг архи уусан талаар мэдэгдээгүй, уг асуудлыг нуун дарагдуулсан байсан нь эрүүгийн хэргийн журмаар шүүхээр хянан хэлэлцэгдэх үед архи уусан байсан нь илэрч тогтоогдсон байна. Энэ нь  Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.2-т заасныг зөрчсөн.

4.2. Дүрмийн 3.9-д заасны дагуу ажлын 3 өдөрт багтаан холбогдох актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид хүргүүлнэ гэх заалтыг ажил олгогч нь зөрчин 2020 оны 11 дүгээр сарын 11-нд үйлдсэн актыг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 230 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

4.3. Тус үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн орон тооны бус комисс нь дүрмийн 5.1-д заасан бичиг баримтыг бүрдүүлж, дүрмийн 2.1.2-д ажил олгогч болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолтоор ажил, үүргээ гүйцэтгэж байх үедээ осолдсон гэж үйлдвэрлэлийн осолд тооцохоор үйлдвэрлэлийн ослын актад бичиж, бусад холбогдох баримт бичгийн хамт ирүүлсэн.

4.4. Харин дүрмийн 10-д заасны дагуу улсын /ахлах/ байцаагч нь ажил олгогч болон түүний тушаалаар томилсон үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссын гишүүдийн бүрдүүлсэн баримт материал, актыг тус байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд нь гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан баримт дээр үндэслэн шийдвэрээ гаргасан бөгөөд ирүүлсэн үйлдвэрлэлийн ослын баримтуудын үнэн худал, хуурамч эсэхийг улсын байцаагч хянан үзэх боломжгүй, комиссоос ирүүлсэн үйлдвэрлэлийн ослыг шалгах эрхгүй бөгөөд зөвхөн акт, бусад бичиг баримтыг хянан баталгаажуулах үүрэгтэй. Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.1-д заасны дагуу ослын актыг зөвшөөрч баталгаажуулсан. Нэхэмжлэгчийн талаас гаргасан шаардлагыг хууль зүйн талаас хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж маргав.

5. Хариуцагч У... Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс:

5.1. “ ... Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс нь У... захирлын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/15 дугаар тушаалаар батлагдсан бүрэлдэхүүнтэй ажилласан.

5.2. Тус комисс хуралдаад замын цагдаа, эмнэлгийн байгууллагаас холбогдох нотлох баримт, материалыг олж баталгаажуулахыг оролдсон боловч боломжгүй, хуулийн байгууллага хоорондоо мэдээллээ солилцдог гэсэн хариу сонссон. Иймд комиссын гишүүдийн саналаар согтууг гэрчлэх албан баримтгүй, ажилтнаа хохироохгүйн үүднээс үйлдвэрлэлийн осолд бүртгүүлэх санал хүргүүлсэн.

5.3. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл зэрэгтэй танилцлаа. Дээрх баримтад согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тэмдэглэсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна” гэх тайлбарыг гаргажээ. 

6. Гуравдагч этгээд нараас:

6.1. Д.М-аас “... миний бие 2020 оны 10 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Төв аймгийн Борнуур суманд байх У... судалгаа шинжилгээний газар ажиллахаар албан томилолтоор яваад буцах замдаа 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр автомашинтай осолдсон учир байгууллагаас үйлдвэрлэлийн ослын акт тогтоолгосон. Миний бие үүнийг үйлдвэрлэлийн осол гэж үзэж байна. Одоогоор биеийн байдал бүрэн сайжраагүй, эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэх,

6.2. У.А-ээс: “... миний бие У... Борнуур сум дахь туршлага үйлдвэрлэлийн талбайд төмс хураахаар 2020 оны 10 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд ажлаар яваад буцах замдаа авто осолд орсон. У... гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэх,

6.3. Б.О-аас: “... Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.2-т заасны дагуу байгууллагын удирдлагын шийдвэрийн дагуу ажлын томилолт аваад 2020 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Төв аймгийн Борнуур сумын Баянгол багт байрлах манай байгууллагын судалгаа шинжилгээний газарт албан томилолтоор очоод томилолтын хугацаандаа буюу 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буцаж яваад осолд орсон. Ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан байсан боловч 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн дагуу хөдөлмөрийн чадвар алдалт 79 хувь болж тогтоогдсон. Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.2-т тэмдэглэл үйлдсэн байна гэж зааснаас биш үйлдвэрийн осолд тооцохгүй байх зохицуулалт агуулагдаагүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбарыг тус тус шүүхэд гаргасан байна.

7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.8, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 29.4.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс:

7.1. “... Хариуцагч У... Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссын үйлдсэн маргаан бүхий актыг хуульд заасан эрхийнхээ дагуу гаргасан, тус актыг ямарваа хэлбэрээр бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Уг комисс нь акт дүгнэлт гаргах, хариуцагч улсын байцаагч нь тухайн актыг баталгаажуулах эрхтэй байх тул хариуцагч нарыг бусдын ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэхгүй.

7.2. ... Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.2 дахь заалт нь согтууруулах ундаа хэрэглэсний улмаас осолд өртсөнийг үйлдвэрлэлийн осолд тооцохгүй байх агуулгагүй харин согтууруулах ундаа хэрэглэсний улмаас осолд өртсөн нь нотлогдсон тохиолдолд актад энэ тухай тусгайлан тэмдэглэх зохицуулалт байна.

7.3. ... дүрмийн 2.1.2-т албан томилолтоор ажил, үүргээ гүйцэтгэх явцад үйлдвэрлэлийн осолд өртсөн бол акт тогтоохоор заасан бөгөөд гуравдагч этгээдүүд байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу томилолтоор ажиллаад буцах замдаа осолд орсныг үйлдвэрлэлийн осолд тооцсон актыг буруутгах үндэслэлгүй. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Э үйлдвэрлэлийн осолд тооцсон актуудыг хүлээн авч 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.1-д заасанд нийцсэн.  

7.4. ... Үйлдвэрлэлийн осолд тооцсон захиргааны актыг дүрэмд заасан хугацаанд гаргаж, батлуулсан эсэх нь тус актыг илт хууль бусад тооцох үндэслэлд хамаарахгүй. Хугацааг зөрчсөн нь захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй ч үйлдвэрлэлийн осолд тооцсон зам тээврийн осол нь 10 дугаар сарын 13-ны өдөр гарсан бөгөөд Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссыг мөн сарын 20-ны өдөр байгуулж, тус комисс 11 дүгээр сарын 11-ний өдөр гарсан нь дээр дурдсан дүрмийн 3.16-г зөрчсөн гэж үзэхгүй ...” гэх дүгнэлтүүд хийсэн байна.

8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-гийн давж заалдах гомдлоор хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 29.4.2-д заасныг баримтлан У... нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх дараах дүгнэлтийг хийсэн:

8.1. “... Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан үндэслэл байхгүй талаар зөв дүгнэсэн боловч 47.1.6-д заасан үндэслэл байгаа эсэх талаар тодорхой дүгнээгүйн дээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн заалтыг буруу хэрэглэж, хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг үнэлэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

8.2. ... Хэрэгт авагдсан баримтуудаар, тухайн осол нь гуравдагч этгээд нарын маршрут өөрчилсөн, хамтарч архи уусан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ажилтан Д.М-ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан болох нь тогтоогдсон. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д “үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно гэж заасанд уг осол нь хамаарахгүй.

8.3. Гэтэл Комисс нь ослыг судлан бүртгэх үед осолдогч нар чиглэл маршрутыг өөрчилж, ажилтнуудын хамт Улаанбаатар хот руу буцаагүй, мөн архи уусан байдал зэргийг харгалзан үзэлгүй, зам тээврийн осол гарсан байхад замын цагдаагийн албанаас ямар нэгэн лавлагаа, дүгнэлт авалгүй, үйлдвэрлэлийн осол мөн гэж тогтоон мэргэжлийн хяналтын байцаагчид хүргүүлсэн нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1, 2.1.5, 2.2-д заасныг тус тус зөрчсөн.

8.4. Хариуцагч Мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Э нь уг актыг хянасны үндсэн дээр зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй хавсарган ирүүлсэн баримт, тайлбаруудыг шалгаагүй, замын цагдаагийн байгууллагын дүгнэлт гараагүй байхад Комиссын актыг зөвшөөрч баталгаажуулан гарын үсэг зурсан нь дүрмийн 1.9-д заасныг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, 29.4.1, 29.4.2-т заасныг тус тус зөрчсөн ...” гэх дүгнэлтүүдийг хийсэн байна.

9. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: гуравдагч этгээд Б.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

9.1. “... анхан болон давж заалдах шатны шүүхүүд дараах байдлаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэснээс үүдэж тус хэргийн гуравдагч этгээд Б.О-ын эрх зүйн байдал илтэд дордлоо.

9.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар эрх олгогдсоны дагуу Засгийн газрын баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.2-т “ажил олгогч болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолтоор буюу дайчилгаагаар ажил, үүргээ гүйцэтгэж байх үед”, 2.2-т “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ” гэж заасныг үндэслэж, Ургамал хамгааллын хүрээлэнгийн ажилтнууд орон нутагт томилолтоор ажлаад буцах замдаа осолд орсон байна. Гэвч дээр дурдсан дүрмийн заалт нь согтууруулах ундаа хэрэглэсний улмаас осолд өртсөнийг үйлдвэрлэлийн осолд тооцохгүй байх агуулгагүй, харин согтууруулах ундаа хэрэглэсний улмаас осолд өртсөн нь нотлогдсон тохиолдолд актад энэ тухай тусгайлан тэмдэглэх зохицуулалт юм гэж дүгнэсэн. Энэ агуулгаар дээрх акт гарснаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг шаардсан үндэслэл тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.

9.3. Гэвч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д “үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно” гэж заасантай нийцэхгүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Тодруулбал, хэрэгт авагдсан баримтуудаар осолдогч иргэд байгууллагын тээврийн хэрэгслээр томилолтоос буцаж явсан нь илэрхий ойлгомжтой байхад шүүх дээрх байдлаар үндэслэлгүй дүгнэсэн.

9.4. Мөн давж заалдах шатны шүүх Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, орон тооны бус байнгын комисс нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.2-т “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ” гэж заасныг,

9.5. Мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 1.9-т “Осолдогч ажил, үүргээ гүйцэтгэж байх үедээ зам тээврийн осолд орсон тохиолдолд ослыг замын цагдаагийн байгууллагын дүгнэлтийн дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч судалж баталгаажуулна” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнээд маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “илт хууль бус” болохыг тогтоосон нь үндэслэлгүй байна.

9.6. Өөрөөр хэлбэл, актад тусгай тэмдэглэлээ хийгээгүй нь мөн замын цагдаагийн байгууллагын дүгнэлт хавсаргагдаагүй нь акт хүчингүй болох эсхүл актыг хүчингүй болгох хууль зүйн зохицуулалт байхгүй, нөгөөтэйгүүр гуравдагч этгээд Б.О нь У... удирдлагын томилолтоор тус байгууллагын өмчлөлийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан тул дээрх акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “илт хууль бус” акт биш юм. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

10. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: хариуцагч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Э 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

10.1. “... нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар эрх олгогдсоны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.2-т “ажил олгогч болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолтоор буюу дайчилгаагаар ажил, үүргээ гүйцэтгэж байх үед”, 2.2-т “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ” гэж заасныг үндэслэн Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтнууд орон нутагт томилолтоор ажиллаад буцах замдаа осолд орсон. Гэвч дээр дурдсан дүрмийн заалт нь согтууруулах ундаа хэрэглэсний улмаас осолд өртсөнийг үйлдвэрлэлийн осолд тооцохгүй байх үндэслэл болохгүй бөгөөд харин согтууруулах ундаа хэрэглэсний улмаас осолд орсон нь нотлогдсон тохиолдолд актад энэ тухай тусгайлан тэмдэглэл үйлдэх зохицуулалт юм гэж дүгнэсэн. Энэ агуулгаар дээрх акт гарснаар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг шаардсан үндэслэл тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.

10.2. Гэвч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д “үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно” гэж заасантай нийцэхгүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Тухайлбал хэрэгт авагдсан баримтуудаар осолдогч иргэд байгууллагын тээврийн хэрэгслээр томилолтоос буцаж явсан нь илэрхий ойлгомжтой байхад шүүх дээрх байдлаар үндэслэлгүй дүгнэсэн.

10.3. Давж заалдах шатны шүүх Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, орон тооны бус байнгын комисс нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.2-т “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ” гэж заасныг мөн дүрмийн 1.9-д “Осолдогч ажил, үүргээ гүйцэтгэж байх үедээ зам тээврийн осолд орсон тохиолдолд ослыг замын цагдаагийн байгууллагын дүгнэлтийн дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч судалж баталгаажуулна” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж дүгнээд маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “илт хууль бус” болохыг тогтоосон нь үндэслэлгүй.

10.4. Дүрмийн 10-д /Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн хяналтын, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ... хянан баталгаажуулна/ гэсний дагуу улсын /ахлах/ байцаагч нь ажил олгогч болон түүний тушаалаар томилсон үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссын гишүүдийн бүрдүүлсэн баримт материал, актыг тус байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд нь гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан баримт дээр үндэслэн шийдвэрээ гаргасан бөгөөд ирүүлсэн үйлдвэрлэлийн ослын баримтуудын үнэн худал, хуурамч эсэхийг улсын байцаагч хянан үзэх боломжгүй, комиссоос ирүүлсэн үйлдвэрлэлийн ослыг шалгах эрхгүй бөгөөд зөвхөн акт, бусад бичиг баримтыг хянан баталгаажуулах үүрэгтэй.

10.5. Дээрх актад тусгагдсан архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь дүрмийн 2.2-т зааснаар орон тооны бус байнгын комисс нь судлан бүртгэсэн актад тусгайлан тэмдэглэл үйлдээгүй нь замын цагдаагийн байгууллагын дүгнэлт хавсаргаагүй нь мөн чиглэл маршрут өөрчилсөн зэрэг нь комиссын дүгнэлтийг зөвшөөрөхгүй байх актыг хүчингүй болгох хууль зүйн зохицуулалт байхгүй, гуравдагч этгээд Б.О нь тухайн байгууллагын томилолтоор хувийн тээврийн хэрэгслээр бус байгууллагын унаанд зорчиж явсан зорчигч, өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаагүй, Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдлагын томилолтоор тус байгууллагын өмчлөлийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч /хохирогч/ тул дээрх акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “илт хууль бус” акт биш юм. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

11. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 38 дугаар тогтоолоор хариуцагч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Э, гуравдагч этгээд Б.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагч Л.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, гуравдагч этгээд Д.М, У.А нарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гуравдагч этгээд Б.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргасан тухай мэдэгдэж, цахимаар хүргүүлсэн байна. Мөн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч хяналтын журмаар гомдол гаргасныг мэдсэн эсэхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахад надад цахимаар ирүүлсэн, уншсан гэв. Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

13. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

14. У... захирлын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 71 дугаартай томилолтын хуудсаар тус хүрээлэнгийн   ажилтан Б.О, Д.М, У.А нарыг Төв аймгийн Борнуур суманд ажиллуулахаар томилсон, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Борнуураас Улаанбаатар руу буцаж явахдаа, тус хүрээлэнгийн ажилтан Д.М согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, У... эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Ар Гүнтийн замд зам тээврийн осол гаргаж, үүний улмаас зорчигч Б.О, У.А нарын эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

15. Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.2-т “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн ... нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ” гэж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “... үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ... хянана”, 29.4-т “ ... ослын акт ... -ийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: 29.4.1.ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах; 29.4.2.ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах” гэж тус тус зааснаас үзэхэд “согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас осолд өртсөн” нь баримтаар нотлогдсон байхад У... Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх орон тооны бус комиссоос 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Д.Мт холбогдуулж Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт үйлдсэнийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хянаж “үйлдвэрлэлийн осол”-оор баталгаажуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” буюу илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.

16. Тухайн тохиолдолд У... Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх орон тооны бус комисс нь ажилтан Д.М “согтууруулах ундаа хэрэглэсний улмаас осолд өртсөн” талаар актад тусгай тэмдэглэл үйлдээгүй байхад тус актыг хянах хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь уг чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу актыг шууд баталгаажуулж гарын үсэг зурсан нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүйгэх үндэслэл болохоор байна гэж үзлээ.

17. Өөрөөр хэлбэл, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн осолд өртөж, өөрөө гэмтсэнийг “үйлдвэрлэлийн осол” гэж үзэхгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д “ ... үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно” гэж заасан, Д.М-ын хувьд уг осол нь “үйлдвэрлэлийн осол”-д хамаарахгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

18. Харин гуравдагч этгээд  Б.О, У.А нарт холбогдох “үйлдвэрлэлийн ослын акт”-ын хувьд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэхээр байна.

19. “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.2 дахь зохицуулалт нь тухайн тохиолдолд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгслийг жолоодон яваад зам тээврийн осол гаргаж, өөрөө гэмтсэн У... ажилтан Д.М-т хамааралтай, харин уг автомашинд зорчиж явсан бөгөөд ослын улмаас гэмтэж бэртсэн  ажилтан Б.О, У.А нарт хамааралгүй юм.

20. Тодруулбал, Б.О, У.А нар нь тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч нар бөгөөд зорчиж явсан тээврийн хэрэгсэл нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч Д.М-ын буруугаас онхолдож осолдсон нь тогтоогдсон байх тул зорчигч Б.О, У.А нарыг согтууруулах ундаа хэрэглэсний улмаас осолд өртсөн гэж  үзэхгүй, тэдний “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” үйл баримт нь “өөрсдийн буруугаас болж осолд өртсөн” гэж үзэх үндэслэл болохгүй буюу үйлдэл хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоогүй тул Б.О, У.А нарын хувьд  уг осол нь “үйлдвэрлэлийн осол”-д хамаарна, уг асуудлаар давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийсэн байна. 

21. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1-д  “... хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол ...-д дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно: 2.1.2. ажил олгогч болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолтоор буюу дайчилгаагаар ажил, үүргээ гүйцэтгэж байх үед; 2.1.5. ажилтан ажилдаа ирэх, буцах зам ...-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед” гэж заасан байх тул У... захирлаас ажлын томилолт авч, Төв аймгийн Борнуур суманд ажилласан ажилтнууд буцах замдаа авто тээврийн осолд өртсөнийг тус хүрээлэнгийн Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх орон тооны бус комисс “судлан бүртгэж”, акт тогтоосон нь дээрх хууль болон дүрмийн заалттай нийцжээ.

22. Өөрөөр хэлбэл, Төв аймгийн Борнуур суманд томилолтоор ажилласан ажилтнууд Улаанбаатар хот руу буцаж явахдаа буюу Ар Гүнтийн замд зам тээврийн осолд өртөж гэмтсэн” тохиолдол нь дээрх дүрэмд заасан “эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолтоор  ажил, үүргээ гүйцэтгэх, ажилдаа ирэх, буцах замдаа /бүх төрлийн/ тээврийн хэрэгслээр явж байх үедээ осолд өртсөний улмаас гэмтсэн бол үйлдвэрлэлийн осолд тооцох” хууль зүйн үндэслэл, болзол, нөхцөл шаардлагыг хангасан, Борнуураас Улаанбаатар хот руу явах замд хүнсний дэлгүүр орох эсхүл шатахуун авахаар замаас хазайх зэрэг тохиолдлыг “маршрут зөрчсөн” гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “ ... сумын төвөөр орж дэлгүүр орсон тул маршрут зөрчсөн” гэх тайлбарыг хүлээж авах боломжгүй.  

23. Иймд  Б.О, У.А нарт холбогдуулан үйлдсэн үйлдвэрлэлийн ослын акт, түүнийг Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч баталгаажуулсныг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” буюу илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.

24. Түүнчлэн, Б.О, У.А нарын хувьд зам тээврийн ослын талаар замын цагдаагийн албанаас ямар нэгэн лавлагаа, дүгнэлт авалгүй үйлдвэрлэлийн ослын акт үйлдсэн нь дээрх дүрмийн 1.9-д “осолдогч ажил, үүргээ гүйцэтгэж байх үедээ зам тээврийн осолд орсон тохиолдолд ослыг замын цагдаагийн байгууллагын дүгнэлтийн дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч судалж баталгаажуулна” гэснийг зөрчсөн “зөрчил” мөн боловч энэ нь Б.О, У.А нарыг үйлдвэрлэлийн осолд өртсөнийг бүртгэж баталгаажуулсан маргаан бүхий актыг бүхэлд нь “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй гэж үзлээ.

25. Эдгээр үндэслэлээр гуравдагч этгээд Б.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хн хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь, хариуцагч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Эын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг тус тус хангаж,  анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2022/0617 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 221/МА2022/0704 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20, 21 дүгээр зүйлийн 21.1.8, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 29.4.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У... нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх орон тооны бус комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Д.М-ын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг болох мөн комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б.О, У.А нарын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              П.СОЁЛ-ЭРДЭНЭ 

 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

  ШҮҮГЧИД                                                                 Г.БАНЗРАГЧ          

    Д.БАТБААТАР

                                                                                       М.БАТСУУРЬ