Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 209/МА2024/00002

 

 “*********************” ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  11 дүгээр сарын 08-ны өдрийн 135/ШШ2023/01415 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дархангурил тэжээл” ХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Цахилгаан эрчим хүчний төлбөр 11,935,760.13 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

           “Дархангурил тэжээл” ХК нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг зөрчин цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, цахилгаан эрчим хүчний төлбөрөө хугацаанд нь төлөхгүй 2022 оны 9 дүгээр сараас эхлэн өр үүсч 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 10,378,921.83 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
           “Дархан гурил тэжээл” ХК болон “Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК тус байгууллагууд нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлж хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр болон алданги 11,935,760.13 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тооцоо нийлж, акт үйлдсэн.

Тус компанид цахилгаан эрчим хүчний төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд цахилгаан эрчим хүчийг түдгэлзүүлэх тухай албан бичиг удаа дараа хүргүүлж, цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөх шаардлага тавьсан боловч өр төлбөрөө барагдуулахгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байна.

Иймд тус компаниас хугацаандаа төлөгдөөгүй эрчим хүчний төлбөр 10,378,921.83 төгрөг, тус байгууллагатай байгуулсан аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 5 дугаар зүйлийн 5.7, 5.8 дугаар зүйл заалтууд, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу түүнд ногдох алданги 1,556,838.3 төгрөг нийт 11,935,760.13 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

   “Дархангурил тэжээл” ХК нь “Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-д 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 10,378,921.83 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа.

   Манай компани нь санхүүгийн түр зуурын хүндрэлтэй байдлаасаа шалтгаалан үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Хүнс экспортлох төслийн хүрээнд БНХАУ-д гурил экспортлох эрх авсан 10 гурилын үйлдвэрийн нэгээр шалгарч 2026 оныг дуустал бүтээгдэхүүнээ экспортлох эрхтэй болсон юм. Манай компани 2023 оны намрын ургацаас түүхий эд худалдан авч үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа сэргээхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүгийн асуудал шийдэгдмэгц эхний ээлжинд цахилгааны төлбөрөө барагдуулах болно.

   Бид хэрэглэсэн цахилгааны төлбөрийн үлдэгдэл 10,378,921.83 төгрөгийг төлж барагдуулах бөгөөд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

   3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг баримтлан хариуцагч "Дархангурил тэжээл" ХК-иас 11,935,760.13 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч "Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Дархангурил тэжээл" ХК-иас улсын тэмдэгтийн хураамж 205,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсгийг баримтлан дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж буюу "...Дархангурил тэжээл ХК-иас 11,935,760 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-нд олгосугай” гэж шийдвэрлэсэн.

“Дархангурил тэжээл” ХК нь Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 10,378,921,83 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа. Манай компани санхүүгийн түр зуурын хүндрэлтэй байдлаасаа шалтгаалан үйлдвэрлэлийн ажиллагаа явуулж чадахгүй байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Хүнс экспортлох төслийн хүрээнд БНХАУ-д гурил экспортлох эрх авсан 10 гурилын үйлдвэрийн нэгээр шалгарч 2026 оныг дуустал бүтээгдэхүүнээ экспортлох эрхтэй болсон юм. Манай компани 2023 оны намрын ургацаас түүхий эд худалдан авч үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа сэргээхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүгийн асуудал шийдэгдмэгц эхний ээлжинд цахилгааны төлбөрөө барагдуулах болно. Бид хэрэглэсэн цахилгааны төлбөрийн үлдэгдэл 10,378,921,83 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн, харин алданги болох 1,556,838.30 төгрөгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөөгүй билээ.

Манай компани нь цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч, төлбөрийг төлж барагдуулах талаар Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн холбогдох ажилтнуудтай тогтмол уулзаж нөхцөл байдлаа хэлж байсан. Алданги гэж үндсэн төлбөрийнхөө 10/1-ээс ч илүүг төлөхөөр шийдвэрлэгдсэн энэ үед санхүүгийн хүндрэлтэй байгаа манай байгууллага санхүүгийн хүнд гарз хохирол хүлээх юм. Манай компанийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал, үндсэн төлбөрөө төлөхийг зөвшөөрч буйг харгалзан авч үзэж шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасны дагуу багасгах үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангийн хэмжээг багасгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

            3. Нэхэмжлэгч "Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХК нь хариуцагч "Дархангурил тэжээл" ХК-иас эрчим хүч ашигласны төлбөр, алдангийн хамт 11,935,760,13 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

            Хэргээс судлан үзэхэд:

4. Нэхэмжлэгч Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК нь хариуцагч Дархан гурил тэжээл ХК-иас нь эрчим хүч ашигласны төлбөр 10,378,921.83 төгрөг, алданги 1,556,838.3 төгрөг бүгд 11,935,760.13 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ

5. "Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХК, "Дархангурил тэжээл" ХК нарын хооронд 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г байгуулж, эрчим хүчээр хангаж байсан нь талуудын тайлбар, цахилгаан эрчим хүчээр хангах тухай гэрээгээр тогтоогдож байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

6. "Дархангурил тэжээл" ХК нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл хугацааны цахилгаан эрчим хүч ашигласны төлбөр 10,378,921.83 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын тайлбар, аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангах тухай гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдсон байна. Энэ үйл баримтын талаар талууд маргаагүй, харин хариуцагч нь гэрээний хариуцлага болох алданги 1,556,838.3 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

7. Талуудын хооронд байгуулагдсан “Аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ний 5.7-д “хэрэглэгч нь цахилгаан эрчим хүчний бичилт хийснээс хойш 5 хоногийн дотор хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг хангагчийн харилцах дансанд шилжүүлнэ” гэж,

5.8-д “хэрэглэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хүртэл хувьтай тэнцэх алдангийг хангагчид төлнө” гэж,

мөн Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т “Хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй” гэж, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нь дээрх хууль болон гэрээний дагуу эрчим хүч ашигласны төлбөр, алдангийг шаардах эрхтэй байх ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцон нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг зөрчөөгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

8. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцсон алдангийн хэмжээг  илт их гэж үзэх боломжгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж зааснаар алдангийн хэмжээг  багасгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангийн хэмжээг багасгаж шийдвэрлэж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь: 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны  11 дүгээр сарын 08-ны өдрийн 135/ШШ2023/001415 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 40,000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Л.АМАРСАНАА                                                    

                                            ШҮҮГЧИД                                    Я.ТУУЛ         

                                                                                                       Г.МЯГМАРСҮРЭН