Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2017/01087

 

Б.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

       Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2017/00645 дугаар шийдвэр,

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1182 дугаар магадлалтай,

            Б.Бын нэхэмжлэлтэй,

            “Л” ХХК-д холбогдох

             Гэм хорын хохиролд 8 801 510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

             Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

             Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Янжин, өмгөөлөгч Г.Цагаан, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Миний бие 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Л” ХХК-ийн хариуцсан хот хооронд явдаг микро автобусанд зорчиж яваад автобус осолдож, би уг ослын улмаас нурууны хүнд гэмтэл авч, бөгсөн бие мэдээгүй болсон. Байнгын клизм хэрэглэж, памперстай байдаг болсон. 2013 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 8.801.510 төгрөгийн зардал гарсныг “Л” ХХК-иас нэхэмжилж байна. Тодруулбал, би байнгын эмчилгээ, асаргаа сувилгаанд байдаг болсон. Энэ мөнгөнөөс эмнэлэгт хэвтсэн эмчилгээний зардал 3.151.950 төгрөг, памперс болон эм тарианд 5.143.060 төгрөг, ирж буцах унааны зардалд 506.500 төгрөг, нийт 8.801.510 төгрөг болсон ба тээврийн зардлыг дотор нь задлахад шүүх хуралдаанд ирж буцсан зардал 275.000 төгрөг, эмчилгээнд ирж буцсан зардал 231.500 төгрөг болно” гэжээ.

           Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Б.Б нь “Л” ХХК-иас гэм хорын хохиролд урьд нь 8.207.850 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Уг нэхэмжлэлийн дүнг нэг бүрчлэн тооцоход 6.337.410 төгрөг болдог. Энэ баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлага бүрт хариу тайлбар хүргүүлж байсан. Өөрөөр хэлбэл, 1.870.440 төгрөгийн баримтыг тухайн үед давхардуулан өгч байсан нь тогтоогдсон. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 337 дугаар тогтоолоор даалгавар гүйцэтгүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн билээ. Энэ тогтоолын 4,5 дугаар заалтууд биелэгдсэн, тогтоолын 1,2 дугаар заалтууд биелэгдээгүй байхад Б.Б нэхэмжлэлээ татан авах хүсэлтийг шүүх хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 961 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлээ татан авч байгаа нь түүнийг нэхэмжлэлээсээ татгалзсан гэж ойлгож болохоор байна. Хэрвээ татгалзаагүй бол Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх боломжтой байтал, нэхэмжлэлээ дахин гаргах хүсэлтийг шүүх хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнд нотлох баримтуудыг урьдах хэргээс авч өгсөн нь ойлгомжгүй байна. Б.Б нь урьд гаргаж байсан нэхэмжлэлдээ замын зардлыг 145.600 төгрөгөөр, эмнэлэг сувиллын зардлыг 436.000 төгрөгөөр, памперс болон эм тарианы зардлыг 703.700 төгрөг тус тус нэмэгдүүлж, харин шинжилгээний зардлыг 212.500 төгрөгөөр хорогдуулсан нь нэхэмжлэлийн үнийн дүн бодитой байгаагүйг нотолж байна. Нэхэмжлэлийн хавсралтад дурдсанаар замын зардалд 16 баримтаар 298.300 төгрөг, шинжилгээнд 13 баримтаар 835.850 төгрөг, эмнэлэг сувилалд 13 баримтаар 2.400.600 төгрөг, эм памперсанд 83 баримтаар 3.875.460 төгрөг, бүгд 7.410.210 төгрөг болж байна. Энэ нь Б.Бын сүүлчийн гаргасан нэхэмжлэл нь 336.370 төгрөгөөр дутуу байна. Дээрх 4 төрлөөр нийт 125 баримтыг судалж, тус бүрд тайлбар хийв. Эм памперс, эмнэлэг сувилал, шинжилгээтэй холбоотой нотлох баримтууд нь уг шинжилгээ сувилгааг хэн гэдэг эмчийн тогтоогдсон оношоор хийгдсэн болох нь тодорхойгүй учраас нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Өөрөөр хэлбэл, нотлох баримтын эх сурвалжийг тогтоож чадаагүй болно. Сум дундын 17 дугаар шүүхээр гэрчүүдийг асуулгасан мэдүүлэг, Өвөрхангай аймгийн “Эм гоо” эмийн сангийн 2014 оны 4-р улирал, 2015 оны эхний хагас жилд авсан эмийн түүврээр дээрх нотлох баримтууд худал болох нь нотлогдоно. Иймд Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

            Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2017/00645 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ”Л” ХХК-иас гэм хорын хохиролд 8.801.510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 8.232.320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 569.190 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Л” ХХК-иас 146.667 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ. 

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1182 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2017/00645 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “498 дугаар зүйлийн 498.1” гэснийг “499 дүгээр зүйлийн 499.4” гэж өөрчлөн, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 155.780 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн өмгөөлөгч Г.Цагааны хяналтын журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байхад нэхэмжлэгч талд үйлчилсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэсэн дүгнэлт хийж, ёс төдий өөрчлөлт оруулсанд дараах үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

           Нэг. Давж заалдах шатны шүүх Иргэний болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүхийн магадлалд Д.Баатарцогт “Л” ХХК-тай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан гэдэг үндэслэлээр Өвөрхангай аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2011.05.18-ны 46-р шийтгэх тогтоолоор гэм хорын хохирлыг “Л” ХХК-иас анх гаргуулсныг буруутгасан байна гэж ойлгож байна. Магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад "498 дугаар зүйлийн 498.1" гэснийг "499 дүгээр зүйлийн 499.4" гэж өөрчилсөн атлаа Д.Баатарцогт болон “Л” ХХК-ийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй гэж шүүх дүгнээгүй бөгөөд зам тээврийн осол гарах үед түхайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй гэж дүгнэсэн. Энэ нь уг тээврийн хэрэгслийн өмчлөгч Д.Баатарцогт, эзэмшигч “Л” ХХК гэм хорын хохирлыг хамтран хариуцах үүрэгтэй гэсэн дүгнэлт хийжээ гэж ойлгож байна. Энэ нь Өвөрхангай аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2012.06.18-ны өдрийн 1/103-р шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг удирдлага болгож Д.Баатарцогтоос 1.363.510 төгрөг, “Л” ХХК-иас 1.363.510 төгрөг тус тус гаргуулан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдож байна гэж ойлгож байгаа. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.21-ний өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч би ИХШХШ тухай хуулийн 27-р зүйлийн 27.3-т заасны дагуу Д.Баатарцогтыг татан оролцуулах хүсэлт гаргасан. Учир нь 2011.08.25-ны өдөр Б.Б нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг Д.Баатарцогт, “Л” ХХК гэж тодорхойлсон. Үүний дагуу Өвөрхангай аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2012.06.18-ны өдрийн 103-р шийдвэрээр Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 505-р зүйлийн 505.1-д заасныг удирдлага болгож, Д.Баатарцогтоос 1.363.510 төгрөг, “Л” ХХК-иас 1.363.510 төгрөг тус тус гаргуулан шийдвэрлэсэн байдаг. Давж заалдах шатны шүүхэд би ИХШХШ тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-ыг үндэслэл болгосон байхад ИХШХШ тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар гагцхүү нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний зөвшөөрснөөр хариуцагчийг сольж болох ба хариуцагч нь өөрөө өөр этгээдийг хариуцагчаар татахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн шүүхийн ажиллагаа хуульд нийцсэн байна” гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

          Хоёр. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талд илт үйлчилсэн тухайд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн хүсэлтээр архиваас нотлох баримт авахаар 2 удаагийн хүсэлтийг шүүх хүлээн авч, шүүх хуралдаан хойшлуулсан нь ИХШХШ тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг зөрчсөн. 2017.02.16-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг ямар ч шалтгаангүйгээр ирээгүй байхад нэхэмжлэгч Б.Б өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын өгсөн тайлбар, нотлох баримтыг шинжлэн судлахад Өвөрхангай аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 46-р тогтоолын хуулбар хэрэгт авагдсан боловч нотлох баримтын шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр дахин нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг 5 дах удаагаа хойшлуулсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг ИХШХШ тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж, шүүх хуралдаанд өөрөө ч ирээгүй, гаргасан хүсэлт байхгүй байхад шүүх түүний өмнөөс нотлох баримтыг шаардан гаргуулж байгаа нь шүүгч нэхэмжлэгч талд үйлчилж байгаагийн тод илрэл гэж үзэж байна. Б.Бын нэхэмжлэлийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-ийг удирдлага болгосон. 2010.01.19-ний өдөр “Л” ХХК, Б.Баатарцогт нарын хооронд байгуулсан гэрээ нь ажил үйлчилгээний гэрээ байхад Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-ийг баримталсан нь хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэсэн.

       Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтээр жилд 2 удаа ХЧА 70% , 90% болж өөрчлөгдөж байгаа нь ойлгомжгүй бөгөөд дээрх дүгнэлтээр ахуйн осол гэж тогтоосон ба гэмт хэргийн улмаас үүссэн гэх үндэслэлийг үгүйсгэж байна. Б.Б нь ахуйн ослоос үүссэн гэмтлийн улмаас эм тариа хэрэглээд байна уу, гэмт хэргийн улмаас үүссэн гэмтлээс эм тариа хэрэглээд байна уу гэдэг асуудал маш их эргэлзээ төрүүлдэг. Ийм учраас шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хариуцагч талаас удаа дараа гаргасан боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч зөвшөөрөхгүй гэдэг үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн татгалзсан. Үүнийг давж заалдах шатны шүүх "буруутгах үндэслэлгүй байна" гэжээ. Шүүхийн даалгаврын дагуу Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн 4 гэрчээс мэдүүлэг авах ажиллагаанд Б.Быг байлцуулалгүйгээр авсан гэдгээр үнэлээгүй ба шүүгчийн захирамжид нэхэмжлэгч талыг оролцуул гэсэн заалт байхгүй гээд шүүгч шүүхийн даалгаврыг биелүүлсэн. Гэтэл хэрэгт Б.Бын өмгөөлөгч П.Адъяасүрэн оролцсон жагсаалтыг хариуцагч талаас нотлох баримтаар өгсөн боловч шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Мөн хариуцагчийн хүсэлтээр П.Эрдэнээг гэрчээр асуусан боловч анхан шатны шүүх үнэлэлт өгөөгүй. Гэрч Н.Энхмаа, О.Пагмасүрэн, Д.Сувд, Ж.Жавзансүрэн нарын мэдүүлгээр “Б.Быг памперс нэг удаа 4-5 ширхэгээр авдаг, 10 дээш тоогоор авч байгаагүй бөөнөөр нь 100.000 гаруй төгрөгөөр авч байсан удаа байхгүй, зарлагын падаан олгож байгаагүй” гэж мэдүүлдэг ба хамгийн ихээр авдаг памперс болон бусад эм тариаг их хэмжээгээр авч байгаагүй болохыг нотолсон нь хохирлын хэмжээтэй шууд хамааралтай. Гэрч А.Эрдэнэтунгалагийн мэдүүлэгт “Хөдөлмөрийн чадвар алдалтыг нэг хүнийг жилд 2 удаа тогтооно гэж байхгүй, хөдөлмөрийн чадвар 70-аас дээш хувьтай хүн ямар нэгэн ажил эрхэлж болохгүй, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгож буй заалт нь доод мөчид нь саажилттай тул машин барих боломжгүй” гэж маш тодорхой хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгсөн байгаа. Давж заалдах шатны шүүх "гэрчүүдээс мэдүүлэг авахдаа Б.Быг байлцуулаагүй гэдэг үндэслэлээр тэдгээрийн мэдүүлгийг үнэлээгүй нь буруу боловч гэрчүүдийн мэдүүлэг нь гэм хорын хохирлын хэмжээг тогтоох мэдээлэл агуулаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эргэлзээгүй нотлох баримт гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.21-ний өдрийн 184/ШШ2017/00645 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.05.19-ний 1182 дугаар магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь зөв байна.

       Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “Л” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 8.801.510 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо “...2010 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Л” ХХК-ийн хариуцсан хот хооронд явдаг микро автобусанд зорчиж явахад гарсан зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд нь хохирол учирснаас гарсан зардал” гэжээ.

       Харин “... нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримтынхаа эх сурвалжийг тогтоож чадаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, түүнчлэн тухайн үед ослыг гаргасан жолооч Д.Баатарцогтыг хариуцагчаар татах ёстой, нэхэмжлэл үндэслэлгүй” гэж хариуцагч маргасан байна. 

            Хариуцагч ”Л” ХХК-ийн жолооч Д.Баатарцогт нь 2010 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 59-57 УБВ улсын дугаартай Истана маркийн бага оврын автобус жолоодон, Арвайхээрээс Улаанбаатар чиглэлд зорчигч тээвэрлэн явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс осол гаргаж, ... Б.Б нарын биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/46 тоот Шийтгэх тогтоолоор тогтоогджээ.

        Жолооч Д.Баатарцогт нь ”Л” ХХК-тай 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хот хоорондын нийтийн зорчигч тээврийн ажил үйлчилгээний гэрээ байгуулан, жолоочоор ажиллаж байхдаа зам тээврийн осол гарган бусдын биед гэмтэл учруулсныг шүүхийн дээрх тогтоолд заасан, нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч ”Л” ХХК болон Д.Баатарцогт нараас гэм хорын хохиролд 5.873.885 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг Өвөрхангай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 103 тоот шийдвэрээр шийдвэрлэж, хариуцагч нараас нийт 2.727.028 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

             Нэхэмжлэгч нь 2013 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд гарсан эмчилгээ, унааны зардал 8.801.510 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилснээс анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, 569.190 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна. 

            Анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч Б.Б нь эрүүл мэндэд учирсан хохирлоо Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар ”Л” ХХК-иас шаардах эрхтэй ...” тухай үндэслэлтэй дүгнэсэн боловч хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулан, шийдвэрт хууль хэрэглээний  өөрчлөлт оруулсан нь хуульд нийцжээ.

          Хариуцагчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын үндэслэл нь түүний давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэлтэй ижил агуулгатай байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл бүрт хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар 116.2-т нийцсэн байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж,  хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1182 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Цагааны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Хариуцагч “Л” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155.930 /нэг зуун тавин таван мянга, есөн зуун гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                                   ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН