Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1663

 

Б.**ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч М.Наранцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2016/00427 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.**ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “**” ХХК-д холбогдох

 

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 8 801 510 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.**

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.**

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдөр "**" ХХК-ийн хот хоорондын тээврийн үйлчилгээнд явдаг микро автобусанд сууж Арвайхээрээс Улаанбаатарын чиглэлд явж байгаад осолд орж хүнд гэмтэл авсан. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд "**" ХХК нь иргэний хариуцагчаар оролцож байсан, автомашиныг жолоодож явсан Д.** нь хорих ялаар шийтгэгдсэн болно. Миний бие ослын улмаас хүнд бэртэж, хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 07 дугаар сйрын 06-ны өдрийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон. Миний нурууний гэмтлээс шалтгаалан бөгсөн бие мэдээгүй болж, өтгөн шингэнээ гаргаж чадахгүй, катетор тавиулсан, байнга памперс, клизм хэрэглэж, эм тариа эмийн сангуудаас авдаг, асаргаа сувилгаа шаардлагатай байдаг.

Иймд памперс, эм тариа авсан болон сувилуулахад гарсан зардал болох нийт           8 802 110 төгрөгийг хариуцагч "**" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "**" ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.** нь "**" ХХК-иас гэм хорын хохиролд урьд нь 8 207 850 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн дүнг нэг бүрчилэн тооцож үзэхэд 6 337 410 төгрөг болдог. 1 870 410 төгрөгийн баримтыг давхардуулан өгч байсан.

Нэхэмжлэгч Б.** урьд гаргасан нэхэмжлэлээ татан авч, дахин гаргаж байгаа нь түүнийг нэхэмжлэлээсээ татгалзсан гэж ойлгож болохоор байна. Хэрвээ татгалзаагүй бол нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж болохоор байхад түүний хүсэлтийг шүүх хүлээн авч, нотлох баримтуудыг буцаан өгсөн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ гэм хорын хохиролд 7 746 600 төгрөг гаргуулахаар шаардсан ба замын зардлыг 145 600 төгрөгөөр, эмнэлэг сувиллын зардлыг 436 000 төгрөгөөр, эм, памперсийн үнийг 703 700 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, харин шинжилгээний зардлыг 212 500 төгрөгөөр бууруулсан нь нэхэмжлэлийн үнийн дүн бодитой байгаагүйг нотолж байна. Эм, памперс эмнэлэг сувилал, шинжилгээтэй холбоотой нотлох баримтууд эргэлзээтэй, уг эмчилгээ сувилгааг хэн гэдэг эмчийн тогтоосон оношоор хийгдсэн болох нь тодорхойгүй учир нотлох баримтын шаардлага хангахгүй, эх сурвалжийг тогтоох боломжгүй юм. Сум дундын 17 дугаар шүүхээр гэрчүүдийг асуулгасан мэдүүлэг, Өвөрхангай аймгийн "Эм-гоо" эмийн сангийн 2014 оны 4 дүгээр улирал, 2015 оны эхний хагас жилд авсан эмийн түүврээр дээрх нотлох баримтууд худал болох нь тогтоогдоно. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудаас харахад нэг удаагийн худалдан авалтаар их хэмжээний памперс авсан байх бөгөөд баримт өгсөн гэх эмийн сангууд нь худалдан авагч хүссэн тохиолдолд л баримт өгдөг гэж тайлбарлаж байсан. Нэхэмжлэгч Б.** нь Эрүүгийн хэргийг шийдвэрлэх шатанд 3 455 661 төгрөг, Өвөрхангай аймгийн шүүхээр 2012 онд 1 363 500 төгрөг, 2013 онд 2 059 520 төгрөг гаргуулан авсан болно. Б.** нь одоо Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд таксины үйлчилгээ эрхэлж байгаа бөгөөд хөдөлмөрийн чадвараа 70-90 хувь алдсан тохиолдолд хөдөлмөр эрхлэх боломжгүй талаар мэргэжлийн хүмүүс хэлдэг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “**” ХХК-иас 5 361 240 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.**д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 440 270 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 100 729 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг илт зөрчсөн зөвхөн нэхэмжлэгч талд үйлчилсэн шийдвэр болсонд гомдолтой байна.

Б.**ын нэхэмжлэлийн нотлох баримт бүрт хариуцагч тал тайлбар хийсэн боловч ямар нотлох баримтыг нь шаардлага хангасан болох, ямар нотлох баримтыг мь шаардлага хангаагүй гэж үзэж хасаж байгаа ойлгомжгүй байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" 247 дугаар тогтоолыг хууль бус шүүх бүрэлдэхүүнтэй гаргасан. 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21919 дугаар захирамж, 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 00256 дугаар тогтоол, шүүхийн ерөнхий шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1342 дугаар захирамж, мөн шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 00337 дугаар тогтоол, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 00961 дүгээр тогтоолууд нь үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн.

Нэхэмжлэгч удаа дараа нэхэмжлэлийнхээ хэмжээг нэмэгдүүлдэг, гэтэл энэ удаа нэхэмжлэлээ татаж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй болсон. Өөрөөр хэлбэл, урьд нь гарсан шүүхийн даалгаварын 1, 2, 3 дугаар заалт биелэгдэхгүй болохоор хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Батбаярт шинээр нотлох баримт бүрдүүлэх боломж олгосон.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн "Хүсэлт шийдвэрлэсэн тухай" 102/ШТ2016/00122 дугаар тогтоолоор өмгөөлөгч шүүгчийг тодорхой үндэслэлээр татгалзаж байхад хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан, шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн "Гомдол хэлэлцэхээс тухай" 102/ШТ2016/00306 дугаар тогтоолыг шүүх хугацаанд танилцуулахгүй хугацаа алдсаныг өмгөөлөгчийн буруу гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийсэн, шүүхийн ерөнхий шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн "Шүүх бүрэлдэхүүний 2 шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх тухай" 102/ЕШ2016/01870 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамжийн тухай хүсэлтийг шүүх шийдвэрээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасанд хамаарна.

Өвөрхангай аймаг Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 18-ны 1/46 дүгээр шийтгэх тогтоолоор 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө "Истана" маркийн 59-57 УБВ дугаартай машин жолоодож явсан Д.** Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчиж онходсоноос гурван хүний амь хохироож, бусдын биед хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож 8 жилийн хорих ял оногдуулсан атлаа, гэм хорын хохирлыг нь "**" ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн. Шүүх Д.**ыг "**"ХХК-тай хөдөлмөрийн гэрээтэй гэж үзэж Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэсэн. Харин саяын шүүх бүрэлдэхүүн жолооч Д.** "**" ХХК-тай ажил үйлчилгээний нэг жилийн гэрээтэй ажиллаж байсан гэж үнэлсэн боловч хуучин ажиллаж байсан байгуулгаас нь гэм хорын хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь дахин хуулийг буруу хэрэглэв.

“Лотог” ХХК нь ажил олгогч биш төдийгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний гол 4 нөхцөл энэ гэрээнд яригдаагүй. Нөгөө талаас Авто тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.11-д заасны хүрээнд өөрийн амины тээврийн хэрэгслийг “Лотог” ХХК-ийн эзэмшилд шилжүүлж, тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа учраас Д.**той байгуулсан ажил үйлчилгээний гэрээний 3.3-т "зорчигчдод тав тухтай үйлчлэх, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр хөдөлгөөнд оролцоно" гэж маш тодорхой заасан байдаг. Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар Д.** нь тээвэрлэлтийн ажил үйлчилгээ эрхэлж байгаа этгээд, мөн Иргэний хуулийн 384 дүгээр зүйлийн 384.3 дахь хэсэгт заасныг  зөрчиж Д.**ын төлөх ёстой гэм хорын хохиролыг шүүх удаа дараа "**" ХХК-иас гаргуулж байгааг хууль хэрэглээний ноцтой алдаа гэж үзэж байна.

Д.** нийтийн тээврийн үйлчилгээнд ганцхан удаа явахдаа 120 000 төгрөг орлого олж, үүнээс 2 хувь амь даатгалд 2240 төгрөг, Өвөрхангай аймгийн Тээврийн газарт үйлчилгээний төлбөр 8 хувь болох 9 750 төгрөгийг суутгаж, гар дээрээ 108 000 төгрөгийг авч, компанид тээвэр зохицуулсны үйлчилгээний төлбөрт 15 000 төгрөгийг төлсөн байна. Энэ нь Д.** нь тус компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйг харуулж байна. Гэтэл "**" ХХК-иас нийт 23.3 сая төгрөгийг гаргуулаад байна.

Иймд Б.**ын 8 811 110 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд хүчингүй болгож, гэм буруутай шүүхээр тогтоогдсон этгээд Б.**оос нийт 23.3 сая төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгох боломж олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би давхардуулж баримт гаргаж өгөөгүй. Нотлох баримтын шаардлага хангаагүй баримт гэж аль баримтыг зааж хассаныг мэдэх боломжгүй байна. Миний шүүхэд өгсөн баримтууд бүгд нотлох баримтын шаардлага хангасан байгаа. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор ирсэн унааны мөнгийг хохиролд тооцохгүй хассан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ нь хариуцагчийн гэм буруутай үйлдлээс надад гарч байгаа бодит хохирол тул шүүх анхаарч зөвтгөн шийдэж өгнө үү.

Би 3 жилд гарсан бүх зардал, хохирлоо нийлүүлээд 8 сая гаруй төгрөг болсныг хариуцагч тал үндэслэлгүй гэж үзэж маргаж байгаад гайхаж байна. Би өөрөөрөө өтгөнөө гаргаж чаддаггүй учраас 2 хоног тутамд кликм тавьж байж өтгөнөө гаргадаг. Миний эмчилгээ, сувилгаа, үзлэг, оношлогоо, эм тарианд хэрэглэсэн мөнгийг үнэн зөвөөр тооцож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардалын хэмжээнд бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.** нь хариуцагч “**” ХХК-д холбогдуулан зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 8 801 510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч “**” ХХК-иас гэм хорын хохиролыг гаргуулж шийдвэрлэхдээ Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 1146 тоот шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2012, 2013 оны шийдвэрүүдийг үндэслэл болгожээ. Гэвч дээрх шүүхийн тогтоол, шийдвэрүүд нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад шүүх хариуцагч байгууллагад жолоочоор ажиллаж байсан Д.**ын үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан, ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэмтэл учирсан үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

Дээрх шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан тохиолдолд уг шийдвэрүүдээр тогтоогдсон үйл баримт энэ хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой тохиолдолд дахин нотлохгүй юм.

 

Түүнчлэн шүүх эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг тооцохдоо ямар баримтуудыг үндэслэсэн талаар дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Энэ алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан шүүх хуралдаан даргалагчийг томилсон Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй тул шүүгчдийн зөвлөлгөөнөөс тогтоосон журмын дагуу хэрэг хуваарилагдсан гэж үзэх боломжгүй болжээ.

 

Б.**ын 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлд 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх тул Б.**ын өмнө нь гаргасан нэхэмжлэлд явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт өгөөгүй гэх зохигчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2016/00427 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.**аас төлсөн 70 000 төгрөгийг, хариуцагч “**” ХХК-аас төлсөн 155 930 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

     ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА