Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 427

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

                        

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр  тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Батжаргал 

Хариуцагч: “Лотот” ХХК

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 8 801 510 /найман сая найман зуун нэг мянга таван зуун арав/ төгрөг гаргуулах тухай  хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Батжаргал, хариуцагч “Лотот” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, А.Янжин, түүний өмгөөлөгч Г.Цагаан нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов.ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “Лотот” ХХК-ийн хот хоорондын тээврийн үйлчилгээнд явдаг микро автобусанд сууж Арвайхээрээс Улаанбаатарын чиглэлд явж байгаад осолд орж  хүнд гэмтэл авсан. Уг ослоор 3 хүний амь үрэгдэж, 2 хүн хүнд гэмтэл авсны нэг нь би юм. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд “Лотот” ХХК нь иргэний хариуцагчаар оролцож байсан, автомашиныг жолоодож явсан Д.Баатарцогт нь хорих ялаар шийтгэгдсэн болно. Миний бие уг ослын улмаас хүнд бэртэж, хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан, Эмнэлэг  хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон. Миний нурууний гэмтлээс шалтгаалан бөгсөн бие мэдээгүй болж, өтгөн шингэнээ гаргаж чадахгүй, катетор тавиулсан, байнга памперс, глизм хэрэглэж, эм тариа эмийн сангуудаас авдаг, асаргаа сувилгаа шаардлагатай байдаг. Иймд памперс, эм тариа авсан болон сувилуулахад гарсан зардал болох нийт 8 802 110 төгрөгийг хариуцагч “Лотот” ХХК-иас гаргуулж өгнө үү.

Хариуцагч “Лотот” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Батжаргал нь “Лотот” ХХК-иас гэм хорын хохиролд урьд нь 8 207 850 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн дүнг нэг бүрчилэн тооцож үзэхэд 6 337 410 төгрөг болдог. Энэ баримтанд тулгуурлан хариуцагч компани нэхэмжлэлийн шаардлага нэг бүрт тайлбар хүргүүлж байсан, 1 870 410 төгрөгийн баримтыг давхардуулан өгч байсан. Нэхэмжлэгч Б.Батжаргал урьд гаргасан нэхэмжлэлээ татан авч, дахин гаргаж байгаа нь түүнийг нэхэмжлэлээсээ татгалзсан гэж ойлгож болохоор байна. Хэрвээ татгалзаагүй бол нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж болохоор байхад түүний хүсэлтийг шүүх хүлээн авч, нотлох баримтуудыг буцаан өгсөн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ гэм хорын хохиролд 7 746 600 төгрөг гаргуулахаар шаардсан ба замын зардлыг 145 600 төгрөгөөр, эмнэлэг сувиллын зардлыг 436 000 төгрөгөөр, эм памперсыг 703 700 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, харин шинжилгээний зардлыг 212 500 төгрөгөөр бууруулсан нь нэхэмжлэлийн үнийн дүн бодитой байгааагүйг нотолж байна. Эм памперс эмнэлэг сувилал, шинжилгээтэй холбоотой нотлох баримтууд эргэлзээтэй, уг эмчилгээ сувилгааг хэн гэдэг эмчийн тогтоосон оношоор хийгдсэн болох нь тодорхойгүй учир нотлох баримтын шаардлага хангахгүй, эх сурвалжыг тогтоох боломжгүй юм. Сум дундын 17 дугаар шүүхээр гэрчүүдийг асуулгасан мэдүүлэг, Өвөрхангай аймгийн “Эм-гоо” эмийн сангийн 2014 оны 4 дүгээр улирал, 2015 оны эхний хагас жилд авсан эмийн түүврээр дээрх нотлох баримтууд худал болох нь тогтоогдоно. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудаас харахад нэг удаагийн худалдан авалтаар их хэмжээний памперс авсан байх бөгөөд баримт өгсөн гэх эмийн сангууд нь худалдан авагч хүссэн тохиолдолд л баримт өгдөг гэж тайлбарлаж байсан. Нэхэмжлэгч Б.Батжаргал нь Эрүүгийн хэргийг шийдвэрлэх шатанд 3 455 661 төгрөг, Өвөрхангай аймгийн шүүхээр 2012 онд 1363 500 төгрөг, 2013 онд 2 059 520 төгрөг гаргуулан авсан болно. Б.Батжаргал нь одоо Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд таксины үйлчилгээ эрхэлж байгаа бөгөөд хөдөлмөрийн чадвараа 70-90 хувь алдсан тохиолдолд хөдөлмөр эрхлэх боломжгүй талаар мэргэжлийн хүмүүс хэлдэг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:                                                          

Нэхэмжлэгч   Б.Батжаргал нь “Лотот” ХХК-д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 7 746 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 172 500 төгрөгөөр, 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 367 300  төгрөгөөр, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 515 710 төгрөгөөр тус тус ихэсгэж, нийт  8 801 510 төгрөг гаргуулахаар шаарджээ.      

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Батжаргал 2010 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө  хариуцагч “Лотот” ХХК-ийн эзэмшлийн 59-57 УБВ улсын дугаартай, тус компанийн жолооч Д.Баатарцогтын жолоодож явсан Истана маркын бага оврын автобусаар Арвайхээрээс-Улаанбаатарын чиглэлд зорчиж байхдаа зам тээврийн ослын улмаас  түүний биед хүнд гэмтэл учирсан болох нь зохигчдын тайлбар, Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1/46 дугаартай шийтгэх тогтоол зэрэг баримтаар тогтоогджээ.

Зохигчид болсон үйл баримт, гэм буруугийн  тухайд  маргахгүй, харин хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан хохирол, зардлын тухайд эм тариа, памперс худалдаж авсан баримтууд эргэлзээтэй, эмнэлэг сувилалд хэвтэх шаардлагатай байсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэлийн үнэ бодитой бус байгаа учир бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Энэхүү зам тээврийн осолтой холбогдох хэргийг Өвөрхангай аймгийн Сум дундын шүүх 2011 оны 5 дугаар сарын 18-нд хянан шийдвэрлэсэн 1/46 дугаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байгаа бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд нэхэмжлэгч Б.Батжаргал хохирогчоор, хариуцагч “Лотот” ХХК нь иргэний хариуцагчаар оролцжээ.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дах заалтаар “Лотот” ХХК-иас 3 455 661 төгрөг гаргуулан хохирогч Б.Батжаргал, Г.Тунгалаг нарт олгож, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсан ба Б.Батжаргал нь хариуцагч “Лотот” ХХК-д холбогдуулж гэм хорын хохирол  гаргуулахаар Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхэд хандан хоёр удаа нэхэмжлэл гаргасныг шүүх 2012 оны 3 дугаар сарын 6-ы өдрийн 103 дугаар шийдвэрээр 1 363 510 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 1/410 шийдвэрээр 2 059 520 төгрөг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, уг шийдвэрүүд биелэгдсэн байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Лотот” ХХК нь Улаанбаатар-Өвөрхөнгай-Улаанбаатар чиглэлд хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байсан, жолооч Б.Баатарцогт 2010 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр ажил үйлгээний гэрээг 1 жилээр байгуулсан, гэрээгээр талуудын хүлээсэн эрх, үүргийн тухайд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон  байна гэж дүгнэлээ.

Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт тээвэрлэгч нь зорчигчийн амь нас, эрүүл мэнд, ачаанд аюул, хохирол учруулахгүй байх, зохих ангиллын автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийг ажиллуулах үүрэг хүлээхээр зохицуулсан байх бөгөөд “Лотот” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэргээс үзэхэд тус компани 2006 оны 3 дугаар сараас  хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлсэн байна.

Ослоор нэхэмжлэгчид учирсан гэмтэл эдгэрээгүй, доод мөч мэдээгүй болсноос өтгөн шингэнээ хянаж чаддаггүй, байнгын эмчилгээ, сувилгаа, эм тариа, памперс хэрэглэх шаардлагатай, мөн хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувьтай байгаа нь  Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 0148323 дугаар шийдвэр, Б.Батжаргалын эмчлүүлэгчийн карт, түүнд бичигдсэн эмчилгээний заавар, заалтаар тогтоогдож байна.  

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан жолооч Д.Баатарцогтын ажиллаж байсан байгууллага болох “Лотот” ХХК-иас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3, 505 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан, гэм буруутай этгээд нь хохирогчийн эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсанаас олох байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн хохирлоо тооцон нэхэмжилсэн, нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг үнэлэн учирсан хохирлын хэмжээг тогтоолоо.

            Шүүх нэхэмжлэгчийн 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс хойш хугацаанд ослын улмаас эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай, эмчлэгч эмчийн зөвшөөрөл, зааврын дагуу худалдан авсан эм тариа, хэрэглэлийн үнэ,  үзлэг оношлогооны төлбөр нийт 5 361 240 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлах явцад нотлох баримтын шаардлага хангаагүй, цаг хугацааны хувьд тохирохгүй, хэн худалдаж авсан нь тодорхойгүй баримтуудыг үнэлээгүй, мөн шүүх хуралдаанд оролцох болон эмнэлэгт үзүүлэх зорилгоор Өвөрхангай аймгаас ирж, буцсан зардлууд нь гэм хорын улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Лотот ХХК-иас 5 361 240 /таван сая гурван зуун жаран нэгэн мянга хоёр зуун дөч/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Батжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 440 270 /гурван сая дөрвөн зуун дөчин мянга хоёр  зуун дал/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дах хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 100 729 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.БАТСҮХ

                                                ШҮҮГЧИД                             Ж.ЛХАГВАСҮРЭН

                                                                                                Б.ХИШИГБААТАР