Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 226/МА2023/00017

 

 

 

 

 

 

2023 11 27 226/МА2023/00017

 

 

Л.Арвинжаргалын нэхэмжлэлтэй,

Д.Баярсайханд холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны А танхимд нээлттэйгээр,

Нэхэмжлэгч Л.Арвинжаргалын өмгөөлөгч Б.Жавхлан

Хариуцагч Д.Баярсайхан /цахимаар/, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Маринагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 156/ШШ2023/00188 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.Арвинжаргалын хариуцагч Д.Баярсайханд холбогдуулан гаргасан Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 84.000.000 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагч Д.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Д.Баярсайхантай Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай Хийморь хотхоны 32 айлын орон сууцны 01 давхрын "Б корпусын 127,73 м.кв талбайтай үйлчилгээний төвийг хийж гүйцэтгүүлэхээр Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 55 сая төгрөг, 2021 оны 6 сард 1 сая төгрөг, нийт 56 сая төгрөгийг төлсөн. Захиалагч талаас үлдэгдэл төлбөрийг байр ашиглалтад орсноос хойш 5 жилийн хугацаанд төлөхөөр, гүйцэтгэгч тал уг байрыг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулсан боловч гэрээ байгуулсан өдрөөс хойш ажил удаашралтай, өөрөөр хэлбэл гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул гэрээнд заасан заалтын дагуу гэрээнд өөрчлөлт оруулах саналаа захиалагч талаас удаа дараа тавьсан ч Д.Баярсайхан нь гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагагүй, барилга удахгүй эхэлчихнэ гэж удаа дараа сатааруулсан, барилга гэрээнд заагдсан хугацаандаа баригдахгүй нь тодорхой болсон учраас Д.Баярсайхан руу мөнгөө буцааж төлөхийг шаардаж 10 гаруй удаа, 8 сарын турш утсаар ярьж хэлдэг боловч таны ажлыг хөөцөлдөж байна, мөнгийг чинь удахгүй гаргаж өгөхөөр боллоо, банк оочиртой байна гэх мэтээр олон удаа аргацааж худал ярьсаар сүүлдээ миний бие арга буюу Д.Баярсайханд бичгээр 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр, 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрүүдэд тус тус гэрээнээс татгалзаж буй саналаа шуудангаар явуулж мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй.

Иймд Д.Баярсайхантай байгуулсан 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б дугаартай Орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г цуцалж, байрны урьдчилгаанд төлсөн 56.000.000 төгрөг болон гэрээний 6.2 дахь хэсэгт зааснаар алданги 28.000.000 төгрөг, нийт 84.000.000 төгрөгийг Д.Баярсайханаас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр иргэн Л.Арвинжаргалтай Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрт 56.000.000 төгрөг авсан нь үнэн. Гэвч бидний хооронд байгуулагдсан гэрээний эрх зүйн харилцаа нь талуудын эдэлж байгаа эрх үүрэг, гэрээний гол нөхцөл зэргээс үүдэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ-ний төрөлд хамаарч тухайн гэрээтэй холбоотой зохицуулалтууд үйлчлэх ба гэрээний ажлын хөлс буюу орон сууцны үйлчилгээний талбайн үнэ нь ажил гүйцэтгэхэд шаардагдах материалын зардал, ажлын хөлс, тээврийн зардал, техник тоног төхөөрөмжийн зардал бусад зардал зэргээс бүрдэж, ажил гүйцэтгэгч нь дээрх зардлууд болон ажлын гүйцэтгэлээс бий болох ашгийг тооцсоноор нийт ажлын хөлс тодорхойлогддог.

Захиалагч Л.Арвинжаргалтай гэрээ байгуулах үед зах зээлд борлуулах орон сууцны үйлчилгээний талбайн үнийг тодорхойлохдоо барилгыг барихад шаардагдах бараа материалын зардал, тээврийн зардал, туслан гүйцэтгэгч нарт төлөх ажлын хөлс, үйл ажиллагааны зардал болон бусад зардал, талбайн хэмжээ, төлбөр төлөх нөхцөл зэргийг үндэслэн ажлын хөлсийг буюу орон сууцны талбайн үнийг 1.2 сая төгрөг байхаар тохиролцож байсан боловч 2021 оны 06 дугаар сараас эхлэн Монгол улсад хил гааль хаагдсан, ажиллах хүч багассан зэрэг хүчин зүйлүүдийн улмаас барилгын бараа материалын үнэ, ажиллах хүчний зардал эрс нэмэгдсэн.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаануудын улмаас, барилгын бараа материалын үнийн огцом өсөлт, 2021 оны 05 дугаар сард барилгын ажлыг эхлүүлэн захиалагчтай гэрээ хийх явцад бидний хүсэл зориг хяналтаас гадуур урьдчилан таамаглах боломжгүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал бий болсон нь барилгын ажилтай шууд хамааралтай бөгөөд хууль эрх зүй, эдийн засгийн шинжтэй шалтгааны улмаас манай компани эдийн засаг, санхүү, төлбөрийн чадваргүй болж, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд илт хохиролтой алдагдалтай, ашиггүй байгаа тул гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөлд хүрсэн билээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Арвинжаргал, хариуцагч Д.Баярсайхан нарын хооронд байгуулагдсан 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх Б дугаартай гэрээг цуцалж, хариуцагч Д.Баярсайханаас орон сууцны урьдчилгаа төлбөр 56,000,000 /тавин зургаан сая/ төгрөг, алданги

28,000,000 /хорин найман сая/ төгрөг, нийт 84,000,000 /наян дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Арвинжаргалд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхээс уг хэргийг хянан шийдвэрлэхдээ ...талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-т "....гүйцэтгэгч тал гэрээний 5.4-т заасны дагуу орон сууц хүлээлгэн өгөх хугацаа шинээр тогтоогдсоны дараа орон сууц хүлээлгэн өгөх хугацаа дахин хойшилсон тохиолдолд гүйцэтгэгч тал нь хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчийн гүйцэтгэсэн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө" гэж тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан...иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасны дагуу алданги тооцохоор тохиролцсон..., Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу...хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул алданги шаардсан нь үндэслэлтэй... гэж үзсэн нь нэхэмжлэгчийн шаардлагад нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Тодруулбал:

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргийг гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага огт гаргаагүй бөгөөд харин ...уг орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт өгсөн 56.000.000 төгрөг болон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги гаргуулах... гэж Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан гэрээнээс татгалзах, гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар болох төлсөн төлбөрөө эргүүлэн авах тухай шаардлага гаргасан. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзалд үндэслэл бүхий дүгнэлтийг огт хийгээгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж байгаа үйл баримтыг шийдвэрлээгүй шууд үр дагаврыг даалгаж шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулагдсан Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ" удаан хугацаанд үргэлжилсэн байнгын шинжтэй үүрэг үүсгэсэн хэлцэл биш бөгөөд талууд үндсэн үүргээ биелүүлмэгц буюу нэг талаас хариуцагч орон сууцны байруудыг шилжүүлж, нөгөө талаас нэхэмжлэгч нь хариу төлбөрийг төлмөгц гэрээний харилцаа дуусгавар болох үргэлжилсэн бус нэг удаагийн шинжтэй гэрээний төрөлд хамаарах юм. Дээрх төрлийн гэрээний харилцаанд хууль буюу гэрээнд заасны дагуу нэг талын хүсэл зоригоор гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа болон талуудын гэрээнээс үүдэлтэй шаардах эрх дуусгавар болж зөвхөн иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт "Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй" гэж заасан, өгсөн, авснаа буцаах эрх зүйн үр дагавар талуудын хувьд үүснэ. Иймээс 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ нь анхнаасаа байгаагүй эрх зүйн үр дагавар бий болж хариуцагчийн орон сууцуудыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэх үүрэг болон нэхэмжлэгчийн байрны үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг дуусгавар болсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт ...хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ" гэж заасан бөгөөд алданги нь үндсэн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилго бүхий гэрээний дагавар үүрэг. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг биелүүлэх нэхэмжлэлийн шаардлага огт гаргаагүй, талуудын хооронд байгуулагдсан


гэрээ дуусгавар болсон байгаа нөхцөлд талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2 дахь хэсэгт ...тусгасан алдангийн тохиролцоо нь үндсэн үүргийн хамт дуусгавар болсон. Нэхэмжлэгч хариуцагч нар "Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ээс татгалзаж, үүргийн харилцаа дуусгавар болсон байхад гэрээний дагавар үүрэг болох алданги 28.000.000 төгрөгийг надаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Шүүхээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч нар ижил тэгш эрхтэй оролцох тухай заасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 ".. Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно...." гэж заасныг зөрчсөн бөгөөд надад өөрийн татгалзлыг нотлох баримт гаргаж өгөх, бүрдүүлэх боломжийг олгоогүй, гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй нэг талыг барьж шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Надад хэргийн оролцогчийн эрх үүргийг шүүхээс бүрэн танилцуулаагүй, энэ талаар дутуу ойлголтой байсан. Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний биелэлт хэрэгт тайлбарласан хүнд нөхцөлийн улмаас хойшилсон байх тул миний гаргасан бусад зардлыг шүүхээс анхаарч үзээгүй тул хэргийг бүхэлд нь хянуулах хүсэлттэй байна.

Иймд Хэнтийн аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 156/ШШ2023/00188 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, алданги гаргуулан шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Баярсайханы гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Л.Арвинжаргал нь хариуцагч Д.Баярсайханд холбогдуулан 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Б дугаартай Орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г цуцалж, Д.Баярсайханаас байрны урьдчилгаанд төлсөн 56.000.000 төгрөг, алданги 28.000.000 төгрөг, нийт 84.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д.Баярсайхан нь Л.Арвинжаргалтай Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж урьдчилгаанд 56.000.000 төгрөг авсан нь үнэн. Цар тахал, барилгын материалын үнийн өсөлтөөс болж ажил зогсож гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Зохигчид Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай Хийморь хотхоны 32 айлын орон сууцны 1 дүгээр давхрын Б корпусын 127,73 м.кв талбайтай үйлчилгээний төвийг барьж гүйцэтгүүлэхээр 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгүүлэгч урьдчилгаа төлбөрт 56 сая төгрөгийг төлсөн, гүйцэтгэгч тал нь 2022 оны 02 дугаар сард үйлчилгээний төвийн түлхүүр хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцсон боловч


гэрээнд заасан хугацаанд үйлчилгээний төв баригдаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, Орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний хуулбар, гэрч нарын мэдүүлгүүд болон холбогдох бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Ажил гүйцэтгэгч Д.Баярсайхан нь гэрээнд заасан хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүнг бий болгоогүй ба ажил гүйцэтгүүлэгч Л.Арвинжаргал гэрээг цуцлах саналыг 2022 оны 3 дугаар сарын 18, 29-ний өдрүүдэд хариуцагч Д.Баярсайханд бичгээр мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан Монгол шуудангийн э-баримт, Д.Баярсайханд илгээсэн санал /1-р хх-ийн 14-17/, илгээмж /1-р хх-ийн 242-245/-ээр нотлогдож байна. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал байсан гэх боловч энэ талаар шүүхэд нотлох, нотлох баримтуудаа гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй тул түүнийг гэрээний үндсэн харилцааг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэх үндэслэлтэй.

Түүнчлэн талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулахдаа аль аль талын үүргийг хариуцлагажуулах зорилгоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар хоног тутамд алданги төлөхөөр сайн дураар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй бөгөөд шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг шийдвэртээ тусгасан байна.

 

Давж заалдсан гомдлын тухайд:

Хариуцагч гомдолдоо ...нэг удаагийн шинжтэй гэрээний ...харилцаанд хууль буюу гэрээнд заасны дагуу нэг талын хүсэл зоригоор гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа болон талуудын гэрээнээс үүдэлтэй шаардах эрх дуусгавар болж ...өгсөн, авснаа буцаах эрх зүйн үр дагавар талуудын хувьд үүснэ ...талуудын үүрэг дуусгавар болсон. ...алданги нь үндсэн үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилго бүхий гэрээний дагавар үүрэг. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг биелүүлэх нэхэмжлэлийн шаардлага огт гаргаагүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон байгаа нөхцөлд талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2 дахь хэсэгт ...тусгасан алдангийн тохиролцоо нь үндсэн үүргийн хамт дуусгавар болсон.

Шүүхээс ...надад өөрийн татгалзлыг нотлох баримт гаргаж өгөх, бүрдүүлэх боломжийг олгоогүй, ...эрх үүргийг бүрэн танилцуулаагүй, ...гэрээний биелэлт ...хүнд нөхцөлийн улмаас хойшилсон байх тул миний гаргасан бусад зардлыг шүүхээс анхаарч үзээгүй... гэсэн агуулга бүхий гомдол гаргасан.

 

Нэхэмжлэгч нь Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний урьдчилгаанд төлсөн 56.000.000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 28.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлэн, гэрээний үүргээ зөрчсөн, үүний улмаас нэхэмжлэгч гэрээний үндсэн тохиролцоо буюу Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай Хийморь хотхоны 32 айлын орон сууцны 1 дүгээр давхрын Б корпусын 127,73 м.кв талбайтай үйлчилгээний төвийг барьж



гүйцэтгүүлэх-ээр тохиролцсон тохиролцооноосоо татгалзаж буюу гэрээг цуцалж, гэрээгээр тохиролцсон хариуцлагыг хэрэгжүүлэхээр нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг зөв тодорхойлж, талуудын гаргаж өгсөн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан үйл баримтыг хуульд заасан нөхцөл журмын дагуу үнэлж тогтоон эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсан байна. Тодруулбал: зохигчдын хооронд 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, захиалагч нь урьдчилгаа төлбөрт 56.000.000 төгрөг төлөх, гүйцэтгэгч нь үйлчилгээний зориулалттай орон сууц буюу төвийг 9 сарын хугацаанд барьж 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгөх, үүргээ биелүүлээгүй тал алданги төлөхөөр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу захиалагч буюу ажил гүйцэтгүүлэгч 56.000.000 төгрөгөө төлсөн боловч гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Хариуцагч тал гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт төлсөн 56.000.000 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг эсэргүүцээгүй, няцаан үгүйсгээгүй тул хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлтэй.

Харин алданги нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрөхдөө Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг биелүүлэх нэхэмжлэлийн шаардлага огт гаргаагүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон байгаа нөхцөлд талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2 дахь хэсэгт ...тусгасан алдангийн тохиролцоо нь үндсэн үүргийн хамт дуусгавар болсон... хэмээн тайлбарлажээ.

Хариуцагч буюу гэрээний нэг тал болох ажил гүйцэтгэгч нь үүргээ зөрчиж уг зөрчлийг ноцтой гэж анхан шатны шүүх дүгнэн гэрээг цуцалсныг буруутгах үндэслэлгүй юм. Түүнчлэн алдангийн талаарх гэрээ нь хууль зөрчөөгүй талаар үндэслэл бүхий дүгнэсэн байна. Нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээ цуцлах саналыг удаа дараа бичгээр мэдэгдсэн ба Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна. Харин хариуцагч талын тайлбарлаж байгаачлан ...зөвхөн гэрээний үүргийг биелүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан үед л алданги нэхэмжлэх эрхтэй... тухай ойлголт хуульд тусгагдаагүй юм. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгүүлэгч нь ажил гүйцэтгэгчийн буруугаас буюу зөрчлийн улмаас гэрээг шүүхээр цуцлуулах нэхэмжлэл гаргасан ба дээрх хуульд заасны дагуу хохирол шаардаагүй үед уг гэрээг шүүх цуцлах хүртэлх хугацааны гэрээгээр тохиролцсон хариуцлага буюу алдангийг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь талуудын тэгш байдлын болон шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж үзлээ.

Мөн гэрээг биелүүлэхэд саад болохуйц хүндэтгэн үзэх шалтгаан байсан талаар хариуцагч тал шүүхэд нотолж чадаагүй, холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байгаа тул нэхэмжлэлийн хэмжээг багасгах үндэслэлгүй болно.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, эрх үүргийг нь тайлбарлан өгч гарын үсэг зуруулан хэрэгт хавсаргасан /1-р хавтаст хэргийн 27-31 хуудас/, хариуцагч нь хариу тайлбараа өөрөө бичиж шүүхэд ирүүлсэн /1-р хавтаст хэргийн 44 хуудас/ ба шүүхээс хариуцагчийн нотлох баримт цуглуулах, шүүхэд өгөх эрхийг зөрчсөн, энэ талаар



гаргасан хүсэлтийг хууль зөрчиж шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийн дээрх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Д.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагч Д.Баярсайханаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 156/ШШ2023/00188 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагч Д.Баярсайханаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭНСМАА

 

ШҮҮГЧИД Г.БОЛОРМАА

 

Д.ГАНЗОРИГ