Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 07723

 

 

 

 

 

 

 

 

2015 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2015/07723

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн  6-р хороо, 53-р байрны 02 тоот, “Корунд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15-р хороо, Зайсангийн гудамж, Үйлдвэр 35-р байрны А тоотод оршин суух, “Тунамал алт” ХХК-д менежер ажилтай, регистр ШБ69040825, Ончуул овогт Хавтгайгийн Оюунгэрэл,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15-р хороо, Зайсангийн гудамж, Үйлдвэр 35-р байрны А тоотод оршин суух, “Тунамал алт” ХХК-ний захирал ажилтай, регистр ЦЗ68122917, Олон овоот овогт Баатарын Ганзориг нарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 103 815 000 төгрөг гаргуулахыг хүссэн, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлтэй Корунд ХХК-д холбогдох гэрээний улмаас учирсан хохиролд 156 878 820 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг тус тус хянан хэлэлцэв.

                                                                                                                                                       

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Энхбат, түүний өмгөөлөгч К.Бауржан, хариуцагч Г.Ганзориг, Х.Оюунгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Д.Минжмаа, гэрч Г.Оюунтунгалаг, Г.Энхтайван, шинжээч Д.Санжмятав, Ш.Уранчимэг,- шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн  нар оролцов.

 

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 оны 05-р сарын 14-ний өдөр иргэн Х.Оюунгэрэлтэй гэрээ байгуулж Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг, 25-р эмийн сангийн урд оффис үйлчилгээний зориулалттай 2870 м.кв талбай бүхий 7 давхар, зоорийн давхартай 8 давхар барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэж, 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр барилгыг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Энэ төвд Х.Оюунгэрэл, түүний гэр бүл болох Тунамал алт ХХК-ийн захирал Б.Ганзориг нар хамт үйл ажиллагаа явуулдаг, төлбөрийг Тунамал алт ХХК-иас төлж байсан учраас хамтран хариуцагчаар татсан. Гэрээ байгуулсан цагаас эхлэн барилга ашиглалтад өгөх хүртэл хугацаанд иргэн Х.Оюунгэрэл, Б.Ганзориг нар нь барилгын ажлын ил далд ажлын явцыг хянаж, уг барилгыг цаашид байнгын ашиглалтад өгөхөд захиалагчийн зүгээс татгалзах зүйлгүй, барилгын зураг болон техникийн шаардлагын дагуу чанартай  болсон хэмээн дүгнэлт үйлдэж байсан. Гэрээгээр 1 м.кв-г 600 000 төгрөг буюу 1 722 000 000 төгрөгөөр гэрээ байгуулсан. Барилгын ажлын явцад захиалагч тал цахилгаан, дулааны асуудлыг шийдвэрлэж чадаагүйгээс барилгын ажил удаашран улмаар доллар, юаний ханш өсч барилгын материал болон ажилчдийн цалин хөлс, техник тоног төхөөрөмжийн зардлууд нэмэгдсэн. Үүнээс үүдэн гэрээний анхны үнээр уг ажлыг хийж дуусгах боломжгүй болж,  2013 оны 05-р сард үндсэн гэрээний 7.3-т зааснаар гэрээний хавсралт 04-ийг үйлдсэн. Энэ хавсралтаар захиалагч барилгыг улсын комисст өгснөөс хойш 3 сарын дараа 60 000 000 төгрөг нэмж төлөх, барилгын 5-р давхарт 53 м.кв оффиссийн өрөөг 1 м.кв талбайг 1 000 000 төгрөгөөр гүйцэтгэгч талд худалдан өмчлөлд шилжүүлэхээр тохирсон. Гэвч төлбөр дахин саатсаны улмаас 2013 оны 08-р сард гэрээний хавсралт 05-ыг үйлдэснээр ажил үргэлжилсэн. Гэтэл захиалагч дахин төлбөрөө төлөхгүй удааширч, ажил саатаж 2014 оны 01-р сар болгосон. Бид дахин зөвшилцөлд хүрч ажлын тооцоог эцэслэн хавсралт 6-г үйлдэж, барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Ингэснээр барилгат үйл ажиллагаа явуулах эрх нь нээгдэж “Луна плаза” нэртэйгээр өнөөдрийг хүртэл оффисс үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Одоо Х.Оюунгэрэл, Б.Ганзориг нар нь тус оффист м.кв талбайг 30 000 төгрөгөөр түрээслүүлдэг, 1 м.кв талбайг 3 600 000 төгрөгөөр худалдаж ашиг олж байгаа атлаа хавсралт 6.5-т заасан төлбөрөөс 3 815 000 төгрөгийг дутуу төлж, түүнчлэн хавсралт 6.6-д заасан  барилга байгууламжийг улсын комисс хүлээн авснаас хойш 3  сарын дараа төлөхөөр тохирсон 100 000 000 төгрөгийг төлөөгүй. Иймд Х.Оюунгэрэл, Тунамал алт ХХК-ийн захирал Б.Ганзориг нараас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирол 103 815 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Ганзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Оюунгэрэл нь Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн хувийн эзэмшлийн байрыг буулгаж 7 давхар, зоорийн давхартай нийт 8 давхар 2870 м.кв талбай бүхий барилгыг бариулахаар зураг төслийг боловсруулан зохих байгууллагаас зөвшөөрлийг авсан. Тухайн үед Корунд ХХК-ийн захирал Энхбат нь “манай компани одоогоор ажилгүй, зэрэгцэн гүйцэтгэх барилгын ажил байхгүй учир танай барилгыг м.кв-ийг 600 000 төгрөгөөр түлхүүр гардан авах нөхцөлтэйгөөр хийж гүйцэтгэх бүрэн боломжтой, БНХАУ-аас 30 гаруй ажилчдыг оруулж ажиллуулан барилгын ажлыг ондоо багтаан хийж гүйцэтгэе” гэсэн саналыг бидэнд тавьсан. Тухайн үед энэ төрлийн барилгын ажил нь м.кв нь 550-650 төгрөгийн үнэтэй байсан. Энэ дагуу “Корунд” компанитай 2012 оны 05-р сарын 14-ний өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу гүйцэтгэгч Корунд компани нь барилгын үндсэн карказ, ханын өрлөг, дотоод засал, хаяавч, довжоо, дотор сантехник, 20 метр доторх сантехник дулаан, цахилгаан дохиолол, салхивч агааржуулалт, ачааны болон зорчигчийн лифт зэрэг ажлыг иж бүрэн чанартай материалаар хийж гүйцэтгэх, захиалагч зохих шаардлага хангасан ажлын үр дүнг хүлээн авах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу 1 722 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэрээний төлбөрийг ажлын гүйцэтгэлтэй уялдуулан 3 үе шаттай төлөхөөр гэрээнд заасан. Энэ дагуу гэрээний эхний төлбөр 30 хувь болох 516 000 000 төгрөгийг 2012 оны 05-р сарын 07-оос 25-ны өдөр, 2 дугаар үе шатны төлбөр буюу 516 000 000 төгрөгийг 2012 оны 07-р сарын 23-аас 08-р сарын 31-ний өдөр хооронд төлсөн. Гэрээнд заасны дагуу нийт санхүүжилтийн 60 хувийг гүйцэтгэгч компани урьдчилан авч карказны хэсгийг бүрэн гүйцэтгэж битүүлэх ёстой байсан. Гэвч гадна фасад болон бусад ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас 2 тал харилцан тохиролцож 2012 оны 10-р сараас барилгын ажлыг түр зогсоосон. 2013 оны 04-р сараас барилгын ажил зохих ёсоор явагдсан ч 6-8 дугаар сар хүртэл барилгын ажлын оргил үеэр барилгын ажил зогссон. Захиалагч 3 дугаар шатны төлбөр болох гэрээний нийт дүнгийн 30 хувь болох 516 000 000 төгрөгөөс 445 000 000 төгрөгийг төлсөн. Мөн 2013 оны 08-р сард 81 000 000 төгрөгийг нөхөн төлсөн. Захиалагч нь үе шатны санхүүжилтын төлбөрийг дандаа урьдчилан төлж байсан. Захиалагч 3 дугаар үе шатны санхүүжилтыг төлж дуусмагц Корунд компани нь барилгын ажлыг 100 хувь гүйцэтгэж дуусахаар гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т заасан. Захиалагч гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлж байсан ба 2013 оны 10-р сар гэхэд гүйцэтгэгчид нийт 1 714 200 000 төгрөгийг төлсөн байхад ажлын гүйцэтгэл 70 хувьтай явагдаж байсан. Анх гэрээгээр 1 722 000 000 төгрөг төлөхөөр тохирсон боловч гүйцэтгэгч барилгын ажлын гүйцэтгэлийг удаашруулах замаар  шахалт дарамт үзүүлэн гэрээний анхны үнийг 60 000 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ төлбөрийг биднээр гадна фасадны хөөс авхуулснаар төлж барагдуулсан. Манай талаас захиалагчийн хяналтыг гүйцэтгүүлэхээр Батсүх инженерийг ажиллуулсан боловч гүйцэтгэгчийн зүгээс шаардлагыг нь биелүүлэхгүй байсан тул уг хүн 6 сар ажиллаад ажлаасаа гарсан. Манай талаас барилгын ажлыг удаашруулсан зүйл байхгүй. Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-д ашиглалтад хүлээлгэж өгөөгүй барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан дулаан халуун хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад хүлээн аваагүй барилга байгууламжийг цахилгаан дулаан болон халуун усаар хангахыг хориглодог тул манай зүгээс барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагтай түр нөхцөлүүдийг авсан. Гүйцэтгэгч Корунд компани нь анх барилгын ажлыг 2012 онд багтаан гүйцэтгэж дуусах байсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, учир нь тухайн компани нь 1 ерөнхий инженертэй, санхүүгийн тайлан тооцоог захирал Энхбатын эхнэр хариуцдаг, туслах нэртэй 3-4 ажилтнаас өөр хүнгүй, БНХАУ-аас нэг ч ажилтан ирээгүй. Мөн машин тоног төхөөрөмж муутай, мэргэжлийн боловсон хүчин хангалтгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан, түүнчлэн мэргэжлийн бус хүмүүсийг өдрөөр авч ажиллуулдаг байсан. Мөн талбайн болон хөдөлмөр хамгааллын инженергүйгээс барилгын ажил чанаргүй явагдсан. Үүнээс болж барилгын ажил 2013 оны 08-р сараас 2014 оны 04-р сар хүртэл хугацаагаар сунжирсан, хугацаанд нь гүйцэтгэхийг шаардахаар “тэгвэл өөр газраар хийлгэ” гэдэг байсан. Барилгын ажил явагдаж байсан 2013 оны  06 дугаар сараас эхлэн Корунд ХХК нь манай барилгын ажлыг гүйцэтгэх үйл ажиллагаатай зэрэгцүүлэн 3 барилгын үйл ажиллагааг гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажилласан байсан, үүнд, баруун 4 замд байрлах барилга, 2013 оны 06-р сард Траст трейд ХХК-ийн үйлдвэрийн өргөтгөлийн барилга, өөрийн ээжийн эзэмшлийн хашаан дахь цэцэрлэгийн барилгын ажлыг зэрэг гүйцэтгэж байсан нь сүүлд манайд мэдэгдсэн. 2013 оны 02-р сарын 21-нд талууд зөвшилцөн барилга хүлээлцэх хугацааг 2013 оны 08-р сарын 01-ний өдөр байхаар тохирсон. Барилгын ажил удааширч, чанаргүй байсан тул маргаан гарсан, гүйцэтгэгч компани нь 2 удаа барилгын ажлаа орхин явж байсан. Эхний асуудал нь зургийн дагуу хийгдэх ёстой 32-ын цэвэр усны шугамыг 1.20 м өргөнтэй азбестан хавтангаар таглаж байхыг хараад ийм хавтангаар таглуулахгүй гэдэг шаардлагыг тавихад Энхбат нь хүлээж аваагүй, харин ч ажилчдаа  татан авч харуул хамгаалалтыг үлдээж барилгын ажлыг орхиж явсан. Энэ асуудал нь Энхбатад гэрээний үнийг 2 дахь удаа нэмэх гол шалтаг нь болсон. Ийм байдлаар ажилтнуудаа татан авах, өөр барилгуудад шилжүүлэн ажиллуулах, барилгын ажлыг орхин явах зэргээр захиалагчийг шахалтад оруулж байсан. 2013 оны 08-р сард барилгын ажил явагдах оргил үед Энхбат нь Америк улсад аялахаар явсан, эргэж ирээд барилгын ажил 70 хувьтай явагдаж байхад долларын үнэ өссөн гээд ажлын хөлсийг нэмэхийг шаардан шахалт үзүүлсэн. 2 сарын өмнө гэрээнд өөрчлөлт оруулсан учраас дахин өөрчлөлт оруулах боломжгүй гэхэд дахин ажилчдаа татсан. Туслан гүйцэтгэгч гэх Архангай аймгаас ирсэн дотор заслын бригад нь 2013 оны 08-р сард мөн л ажлаа орхин явсан. Үүний шалтгаан нь миний бие барилгын ажилтай танилцан явахад ханын тэгшилгээ, замаск, өнгөлгөө шаардлага хангахгүй байна гэхэд Корунд ХХК-тай хямд үнээр гэрээ байгуулан ажиллаж байгаа үүнээс илүү хийх боломжгүй гээд ажлаа орхин явсан.  Дараа нь ангийнх нь хүүхэд гэх Алтанцэцэгийг хүүхдүүдтэй хамт нь хамт барилга дээр байрлуулж дотор заслын ажлыг гүйцэтгүүлсэн боловч мөн л хангалттай хэмжээнд хийж гүйцэтгэхгүй байж байгаад ажлыг орхиж явсан. Тэгээд таньдаг хүнээ олж Энхбаттай гэрээ байгуулан дотор заслын ажлыг гүйцэтгүүлэхдээ нөхөн төлбөр өгч өмнөх хүмүүсийн дутуу хийснийг дахин засуулж гүйцэтгүүлсэн. Үүнд 4, 5, 6, 7 давхруудын бүх өрөөнүүдийн хана, шатны хонгил, бүх давхруудын 00 өрөөний засал, 4-р давхрын дотор заслыг обой, таазны ажлыг гүйцэтгүүлсэн. Эдгээр баримтуудаас үзэхэд гүйцэтгэгч Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1-д заасан үүрэг болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь нотлох баримтаар нотлогдоно. Монгол Улсын Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасны дагуу гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн хүлээлгэн өгөх үүрэгтэй. Барилгын тухай хуулийн 16-р зүйлд заасны дагуу барилгын ажил гүйцэтгэгч нь барилгын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх барилгын ажлын явцад анхны зураг төслөөс өөрчлөгдөж гүйцэтгэсэн үе шатны ажил бүрт гүйцэтгэлийн зураг боловсруулж баталгаажуулах үүрэгтэйг заасан байдаг. Гэтэл Корунд компани нь батлагдсан зураг төслийг олон өөрчилсөн бөгөөд энэ тохиолдолд гүйцэтгэлийн зургаар баталгаажуулалгүй, энэ талаар захиалагчид мэдэгдэлгүй нуун дарагдуулсан. Үүнээс дурдвал барилгын зураг төсөлд дээврийн пронтон 1 метр 20 см өндөртэй бүрэн цутгамал байх ёстой боловч  0.36 см өндөртэй тоосгон өрлөгөөр хийгдсэн. Агааржуулалтын хоолойг зураг төсөлд заагдсаны дагуу ган металл хийцээр гүйцэтгэх ёстой байхад 250 метрийн диаметртэй хуванцар хоолойгоор хийж гүйцэтгэсэн ба үүнийгээ нуух зорилгоор 1 метрийн өргөнтэй азустан хавтангаар түүнийгээ тагласан. Үүний улмаас барилга тэр чигтээ агааржуулалтгүй болохыг 2013 оны зун мэдсэн.  Дээврийн ажлыг зургийн дагуу гүйцэтгээгүйгээс үүдэн 2014 оны зун таазнаас ус гоожсон байдалтай байгааг мэргэжлийн хяналтын байцаагч нарт үзүүлсэн. Гүйцэтгэгч компани гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тус барилгад суулт өгч цууралт өгсөн, галын дохиолол зохих ёсоор ажилладаггүй, дээврээс ус гоожсон болон гүйцэтгэлийн ажлын зураг байхгүй. Давхар хоорондын хүнсний лифт ажилд ороогүйн улмаас 4 давхрын дотор засал дутуу, хана болон шалны плита ховхорч хөндийрсөн, зарим газартаа цуурсан болно. Барилгын ажлын угсралтын явцад 115 ширхэг цонх хагарсан. Энэ нь үүнийг угсарсан Корунд компаний захирал Энхбатын эхнэрийн дүү нь уг ажлыг хийхдээ суулгалт буруу хийсэн хөшилттэй хийсний улмаас болсон. Эдгээр цонхыг БНХАУ-аас тээвэрлэхэд 1 цонх л хагарсан ирсэн. Бид цонхыг өөрсдийн хөрөнгөөр дахин шиллүүлсэн. 1 дүгээр давхрын шилэн фасад хамгийн сүүлд хийгдсэн.  Энэ ажлыг хийхээр цонхоо суулгах гэтэл зүргийн дагуу карказыг цутгаагүй, хэмжилтээ буруу авснаас үүдэн шил нь багтаагүй. 1 давхрын шалны плитан доогуур халаалтын шугам, түүн дээр хуурай зуурмаг 0.5 см пилта тавьхаар шил бүр багтахаа болсон. Гүйцэтгэгч талаас барилгын үндсэн хийц болох дам нуруунаас зүсч хийхийг санал болгосон ч бидний зүгээс  боломжгүй гэж үзэн өөрсдийн зүгээс 17 800 000 төлбөр гарган шилэн фасад шинээр авч гүйцэтгэсэн. Мөн барилга барих явцад 1 давхрын гадна талын чулуун фасадны дотор шилэн хөвөнгөөр дулаалга хийх ёстой байсан боловч хийгдээгүй, чулуун фасадны ард хөөсөнцөрийн хаягдал хийх гэж байхад нь би ерөнхий инженерт хэлэн зогсоосон. Гэвч дулаалгыг дараа нь хийнэ гэсэн боловч шилэн хөвөн хийгээгүй. Шинжээч нар тус зүйлтэй танилцсан боловч дүгнэлтэд үзээгүй гэж тайлбар өгдөг. 3-р давхрын давхар хоорондын лифт ажиллагаагүй газардуулга хийгээгүй, гал тогооны хэсэгт гүйцэтгэх ёстой чулуун шалны оронд плитан шал хийж гүйцэтгэсэн байгаа. Барилгын тухай хуулинд заасанчлан 3 жилийн дотор барилгын доголдолтой ажлыг барилгын гүйцэтгэгч компаниар засуулж янзлуулах ёстой гэж заасны үндсэн дээр 2015 оны 05 дугаар сарын 01-ний  өдөр Энхбатад дутуу гүйцэтгэсэн ажлыг дахин хийж өгөхийг шаардсан албан бичиг өгсөн. Нотлох баримтаар захилагчийн 2.5 хэсэгт зааснаар 4 дүгээр давхрын хүнсний лифтийг дутуу хийсний улмаас бид 300 м.кв талбайг офиссийн зориулалтаар түрээслүүлж чадахгүй байгаа. Бид 1 м.кв-г 30 000 төгрөгөөр тооцон түрээслүүлдэг.  Захиалагч Оюунгэрэл би 1 ширхэг лифтийг 39 770 доллараар буюу   60 000 000 төгрөгөөр авч өөрийн зүгээс гэрээнд заасны дагуу барилгын ажилд хөрөнгө оруулсан. Мөн лифт угсралтын ажилд 7 450 000 төгрөг нийт 67 450 000 төгрөг зарцуулсан. Мөн дулааны узелийн өрөө тоноглоход 31 037 500 төгрөг, гадна  талын цахилгаан дулааны тоолуурын төлбөрт 4 087 000 төгрөг нийт 350 124 500 төгрөг төлсөн. Гадна талын 20 метрээс цааших дулаан цахилгааны шугамын төлбөрийг гэрээнд заасны дагуу өөрөө хийж явсан. Хэдийгээр барилгын ажлыг 1 722 000 000 төгрөгөөр гүйцэтгэсэн  хэлдэг ч миний зүгээс чамгүй хөрөнгө гарган ажилласан. 1,2,3,4 давхрын гэрэл чийдэнг өөрийн зүгээс санхүүжүүлсэн. 3-р давхрын дотор заслын ажлыг болон бусад ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн. Дулааны техникийн нөхцөлийн дагуу шугамын материалын зардал 6 542 000 төгрөг, тээврийн зардал 270 000 төгрөг, ажлын хөлс нийт 8 400 000 төгрөг нийт 15 200 000 гадна дулааны ажилд гэрээний дагуу төлж барагдуулсан. Эдгээр нотлох баримт нь баримт 2013 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн, 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн, 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн, 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тус тус төлбөрийн баримтуудаар тус тус нотлогдож байна. 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр барилга хүлээж авах комиссыг ирэхээс 30 минутын өмнө барилгын ажлын явцад захиалагчийн хяналт хийсэн дүгнэлт дээр гарын үсэг гарын үсэг зурахыг надад мэдэгдсэн. Дээрх доголдлуудыг арилаагүй байхад гарын үсэг зурахгүй гэдгээ Энхбаяр инженерт хэлсэн. Инженер нь гарын үсэг зурахгүй бол комисс хуралдахгүй дахин хуралдуулахад 2-3 сарын хугацаа шаардлагатай гарын үсэг зурахгүй бол дараагийн комиссийг өөрсдөө хуралдуул гэж хэлсэн. Би гарын үсэг боловч энэ  нь хууль зөрчсөн үйлдэл юм. Эдгээр зөрчлүүдийг захиалагч өөрийн хөрөнгөөр зассан нь холбогдох нотлох баримтаар нотлогдож байна. Ажил дутуу байгаа гэдгийг барилга байгууламж ашиглалтад авах комисс ажлыг үзсэн ч барилгыг байнгын ашиглалтад оруулсанд бид гомдолтой байгаа. Барилгын ажил гүйцэтгэх тухай хууль болон Монгол эУлсын Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн хүлээлгэж өгөөгүй нь нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гүйцэтгэгч нь Тунамал алт ХХК-тай гэрээ хийгээгүй, иргэн надтай гэрээ хийсэн бөгөөд түлхүүр гардан авах нөхцөлтэй хийгдсэн гэрээ юм. Миний бие барилгын ажил гүйцэтгэх явцад ямар ч бичиг баримтад гарын үсэг зураагүй. Учир нь ажлууд зургийн дагуу хийгдээгүй, стандартын шаардлага хангахгүй байсан. Комиссоос урьд нь өгч байсан үүрэг даалгаврыг биелэгдсэн, ашиглалтад авахад татгалзах зүйлгүй гэж гарын үсэг зур гэж инженер Энхбаяр нь надад хэлсэн. Гарын үсэг зурахгүй бол барилгыг хүлээн авахгүй хугацаа дахин 2 сараар хойшилно гэсэн учраас дутуу ажлуудыг заавал хийж өгөөрэй гээд тус баримтад би гарын үсэг зурсан.  Бусад баримтад би гарын үсэг зураагүй гэв.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч Б.Минжмаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Оюунгэрэл нь Корунд ХХК-тай 2012 оны 05-р сарын 14-ний өдөр байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон зохих ёсоор биелүүлээгүйгээс захиалагчид учирсан хохирлыг төлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна. 1-рт: Гэрээний 1.1-д зааснаар гүйцэтгэгч нь түлхүүр гардуулж өгөх нэхцөлтэй, захиалагч 1 774 000 000 төгрөг төлөхөөр тохирсон. Гэвч захиалагч төлбөр төлчихсөн атлаа дараах ажлуудыг давхар санхүүжүүлэн гүйцэтгэсэн. Үүнд: хагарсан цонхны шилийг солих, ажлын хөлсөнд 5 000 000 төгрөг, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар давхрын дотор засалд 7 000 000 төгрөг, цонх, плитаны чигжээс хийх ажлын хөлсөнд 2 000 000 төгрөг, 3 давхрын агааржуулалтын хоолойг 1 800 000 төгрөгөөр санхүүжүүлсэн, 3 давхрын гал тогоо болон заалыг тохижуулах материал болон ажлын хөлсөнд 1 126 000 төгрөг, барилгын хаяавчийг гүйцэтгэхэд 3 675 000 төгрөг, мөн үйлчилгээний хэсэгт оруулаагүй бүх гэрлийн зардалд  5 000 000 төгрөг, бүх давхрын 00-ын өрөөний гэрлийн зардалд 1 600 000 төгрөг, 3 давхрын 00 өрөөний кабиний хэсгийг засахад 1 400 000 төгрөг, 3 давхрын 00 өрөөний мазайкний зөрүү төлбөрт  2 860 000 төгрөг, 0 давхрын тааз намдсан учраас доош ухуулахад 2 500 000 төгрөг, суурийн хэсгийг хар тосоор тосолсон зардалд 2 000 000 төгрөг, 3 давхрын шаланд 5 ширхэг радиатор тавихад  1 111 160 төгрөг, барилгын дараах цэвэрлэгээний ажилд 5 508 650 төгрөг, дээврийн пронтонг төмрөөр сольсон зардал 4 520 000 төгрөг, барилгын гадна талын эмульс хийхэд 1 630 700 төгрөг зэрэг нийт 48 531 951 төгрөгийн зардал гаргасан тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн  227.5 дахь хэсэг, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт зааснаар Корунд ХХК-иас нэхэмжилж байна. 2-рт: Корунд компани нь 1 давхрын 51.1 м.кв цонхыг хийхэд 3.70 м.кв  шилэн вакум цонхыг захиалан хийлгэсэн боловч  карказ угсралтын хэмжээ алдагдсанаас үүдэн цонх багтахаа болисон тул захиалагч өөрийн зардлаар дахин цонх хийлгэж 17 220 666 төгрөгийн зардал гаргасан байна. Мөн гэрээний хавсралт 4-ийн 4.4-д шалны паркетийг м.кв 28 700 төгрөгөөр чанартай материалаар хийлгэхээр тохиролцсон бөгөөд захиалагч төлбөрөө бүрэн хийсэн боловч гүйцэтгэгч 1050 м.кв талбайг 1 м.кв-ийг 18 500 төгрөгийн паркетан шалаар гүйцэтгэж захиалагчид 10 700 000 төгрөгийн хохирол учруулсан. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу зорчигчийн лифтны төлбөрийг гүйцэтгэгч тал төлөх ёстой. Гэтэл захиалагч лифтны төлбөр 1 590 000 төгрөгийг гүйцэтгэгчийн өмнөөс төлсөн. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7-д заасны дагуу 20 метрээс доторх гадна цахилгаан, дулаан, цэвэр бохир усны угсралтын ажлыг гүйцэтгэгч тал гүйцэтгэх ёстой боловч энэ зардлыг гүйцэтгэгч хариуцаагүй учир захиалагч гүйцэтгэгчийн өмнөөс 8 840 000 төгрөгийг төлсөн. Гэрээнд заасан хугацаанд барилгыг хүлээлгэн өгөөгүйн улмаас дулаан, ус, цахилгааны төлбөр болон тоолуур хөдөлгөсний улмаас эрх бүхий байгууллагаас тавьсан торгуулийн төлбөр 3 108 000 төгрөгийг гүйцэтгэгчийн өмнөөс захиалагч төлсөн. Түүнчлэн гэрээ болон төлбөрийн тооцоогоор үзэхэд 700 000 төгрөгийг захиалагч илүү төлсөн байна. Иймд гэрээний дагуу хариуцагчийн төлөх ёстой байсан төлбөрийг түүний орноос төлсөн учраас захиалагчид 42 534 866 төгрөгийн хохирол учирсан. Эдгээр зардлыг 1 774 000 000 төгрөгөнд багтаан төлсөн учраас дээрх зардлуудыг хохиролд тооцож нэхэмжилж байна. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 350 дугаар зүйлийн 350.1.6 -д зааснаар гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т барилгын ажил гүйцэтгэгч нь барилга угсралтын ба инженерийн шугамын ажлыг батлагдсан зураг төсөл, барилгын норм стандартын дагуу чанартай гүйцэтгэх үүргийг хууль болон гэрээгээр хүлээсэн. Захиалагч Оюунгэрэл нь Н.Энхбатаас ашиглалтад оруулах комиссын даалгаварыг биелүүлж дутуу хийсэн ажил, хийгээгүй ажлыг хийхийг удаа дараа шаардаж байсан боловч биелүүлээгүй. Барилгын ажлыг гэрээний дагуу өнөөдрийг хүртэл хүлээлцээгүй, мөн 2015 оны 05-р сарын 01-ний өдөр ажлын доголдлыг арилгах гомдлын шаардлага гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар ч ажил гүйцэтгээгүй. Корунд ХХК нь барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 5-р зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу барилга угсралтын ба инженерийн шугам сүлжээг батлагдсан зургийн дагуу хийх үүргээ гүйцэтгээгүйгээс болж дараах чанарыг доголдолтой ажлууд өнөөдрийг хүртэл тус барилгад байна. Үүнд барилгын агааржуулалтын хоолойг гөлмөн төмрөөр хийх байсан ч ПВС хоолойгоор хийсэн, барилгын пронтог 1.6 метрийн өндөртэй хийх ёстой байсан ч 0.30 см-ийн өндөртэй хийсэн, барилгыг 2014 оны 04-р сарын 01-ний өдөр хүлээлгэж өгсөн боловч 2014 оны 06-р сараас  дээврээс ус гоожсон учраас дээврийн ажлыг зураг төслийн дагуу явагдаагүй гэдгийг мэдсэн. 3-р давхрын гал тогооны хэсэгт 92 м.кв чулуун шал хийгдэх байсан боловч плитан шал хийсэн. Гал тогоонд газардуулга хийгээгүй. Барилгын гадна хананд шилэн хөвөнгөөр дулаалга хийх ёстой байтал хөөсөнцрийн хаягдлаар дүүргэсэн  байгаа ба энэ тухай шинжээчийн дүгнэлтэд тодорхой бичигдсэн байна. Давхар хоорондын лифт өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй. 4-р давхрын дотор засал хийгдээгүй тул одоог хүртэл ашиглаагүй. Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлд гүйцэтгэгч нь барилгын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх бөгөөд барилгын ажлын явцад анхны зураг төслийг өөрчилж ажил гүйцэтгэх бол гүйцэтгэлийн зураг боловсруулж захиалагчаар хянуулах үүрэгтэй тухай заасан. Гэтэл Корунд компани нь барилгын ажлыг гүйцэтгэх явцдаа зураг төслийг нилээд өөрчилсөн, энэ тухайгаа зураг боловсруулж баталгаажуулаагүйгээр үл барам захиалагч, зохиогчоос нуун дарагдуулсан байдаг. Эдгээр зөрчлүүдийг захиалагч барилгыг ашиглах явцдаа мэдсэн. Гүйцэтгэгч нь барилга угсралтын ажлын актад захиалагч, зохиогчийн гарын үсгийг хуурамчаар зурсныг 2015 оны 10-11 сард зохиогчийн хяналтыг гүйцэтгэсэн Интелект тауэр компаний захирал Оюунтунгалагын гарын үсэгтэй бичгийг хүргүүлсэн. Энэ баримтад барилга байгууламжийг ашиглалтад оруулах хурлын тэмдэглэл тусгагдсан. Комиссийн бүрэлдэхүүнээс хөргөлт агаар оруулах системийг хийгээгүй, салхивчийн гүйцэтгэлийн зургийг зохиогчоор хянуулах гэх мэт үүрэг даалгаврыг даалгасан ч ямар нэг зүйл хийгдээгүй. Барилгын ажлын гүйцэтгэлийг зохиогчоор хянуулж байгаагүй, барилгын архитектор гарын үсэг зурах баримт дээр барилгын бүтээцийн инженерийн нэрийг бичин хуурамчаар гарын үсэг зурсан байдаг. Маргаантай байгаа барилгын ажлын дээврийн хэсэгт Мөнхбат, Оюунтунгалаг нар гарын үсэг зурах ёстой боловч барилгын бүтээцийн инженер Батзаяад хянуулж гарын үсэг зуруулсан мэт хуурамч баримт үйлдсэн байдаг. Бид 2014 оны 02-р сарын 07-ны өдрийн 0714 зохиогчийн хяналтын дүгнэлтэд барилга дахь салхивчийн системийг зураг төслийн дагуу хийх шаардлагатай гэсэн мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлж байсан. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6, 350 дугаар зүйлийн 350.1.7, Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар барилгын ажил гүйцэтгэгч нь барилга байгууламжийн баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас гарсан чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгах үүрэгтэй, гэрээний 2-р зүйлд барилгын чанарын баталгаат хугацааг 3 жил гэж заасан бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн доголдол илэрвэл уг доголдлыг гүйцэтгэгч би өөрийн хөрөнгөөр арилгана гэж заасны дагуу  чанарын доголдлыг Корунд ХХК-иар дахин гүйцэтгүүлэх, хэрэв боломжгүй бол доголдлыг арилгах зардлыг гаргуулах шаардлагатай юм. Шинжээчийн дүгнэлтээр дахин хийгдэх ажлын төсөвт өртгийг 115 686 410 төгрөг байхаар тооцоолсон. Иймд шинжээчийн дүгнэлтэд заасан төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна. Түүнчлэн Корунд ХХК нь хүнсний лифтыг дутуу гүйцэтгэсэн, 4 давхрын засварын ажлыг дутуу хийсэн тул энэ давхрыг ашиглаж чадахгүй байгаа. 300 м.кв талбайг түрээслүүлж ашиг олох боломжийг Корунд компани хаасан. Ийм учраас захиалагчийн олох ёстой байсан орлого 45 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 7-р зүйлийн 7.1-т гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй хоног тутамд 0.1 хувийн алданги тооцно гэж заасан. Тиймээс 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тооцож нийт 20 812 000 төгрөгийн алдангийг гаргуулж өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэгч Н.Энхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлээр 5 шаардлага гаргасан байх ба дараах тайлбарыг гаргаж байна. 1-рт: Корунд ХХК-иас 45 531 954 төгрөгийг буцаан олгуулах тухай 17 дугаар бүхий шаардлага гаргаж, үл мэдэгдэх баримтууд хавсаргасан байх ба дээрх мөнгийг тухайн барилгад зарцуулсан нь тодорхойгүй, тухайн барилгын ажилд хамааралгүй баримтууд байна. Тухайлбал уг барилгын ажилд огт ач холбогдолгүй БНХАУ-аас худалдан авсан трансформатрийн баримт, 2014 оны 10-р сарын 30-ны өдрийн өөрсдийн хэрэглээний усны төлбөр, дулааны төлбөр төлсөн баримт, ажилчдын цалин зэргийг хавсаргасан байсан. 2-рт: Корунд компаний хийсэн ажлын доголдлыг арилгасан тухай 9 заалт бүхий тайлбар гаргасан. Эдгээр нь бүгд ор үндэсгүй бөгөөд  манай байгууллага нь ажлуудыг хийж гүйцэтгэн ил далд ажлын актыг захиалагчид гарган өгч өөрсдөөр гарын үсэг зуруулан барилгыг барилга байгууламж хүлээн авах улсын комисст хүлээлгэн өгсөн. Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 343-358-р зүйлүүдийг удирдлага болгон гэрээ байгуулсан. Доголдолтой гэдгийг мэдсээр байж ажлыг гүйцэтгүүлж дуусгасан гэдэг нь худал юм. Иргэний хуулийн 352-р  зүйлд Ажил гүйцэтгэх гэрээний талуудын тавих шаардлагуудыг заасан байгаа. 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол энэ хуулийн 352.2 дахь хэсэгт заасан шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан байдаг. Барилгын ажилтай байнга танилцаж доголдлыг мэддэг байсан тухайгаа хариуцагч Ганзориг өөрөө нотолдог. Хариуцагчийн төлөх ёстой байсан төлбөрийг орноос нь төлсөн мөн гэрээгээр илүү төлсөн 42 534 866 төгрөгийг буцаан гаргуулна гэжээ. Энэ нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч төлөх ёстой төлбөрийг ч төлөөгүй байгаа. Хариуцагч улсын комисс ажиллахад 23 815 000 төгрөгийг төлнө гэснээс 20 000 000 төгрөгийг төлсөн 3 815 000 төгрөг төлөөгүй байна. Улсын комисс хуралдсанаас хойш 3 сарын дотор 100 000 000 төгрөгийг төлнө гэсэн ч төлөөгүй байгаа. БНХАУ-с худалдан авсан гэх юу нь мэдэгдэхгүй баримт, барилгад огт хэрэглэгдээгүй бетон зуурмагийн баримт гэх мэт баримтуудыг хавсаргасан нь худал юм. Нэг давхрын цонхны шилийг шиллэсэн байхад өнгө загвар нь таалагдахгүй байна гэж буулгуулан өөрсдөө өөрчилсөн. Үндсэн гэрээний 4-р зүйлд захиалагч тал барилга барихад шаардлагатай цахилгаан, дулаан, усаар хангана гэж заасан байгаа. Үүнийг төлсөн баримтыг хавсарган нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн гүйцэтгэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс захиалагчид зайлшгүй орох байсан орлого 45 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Тус барилгын 4 давхрын заслыг бүрэн хийж барилгыг улсын комисс хүлээн авснаас хойш Ганзориг, Оюунгэрэл нар нь өөрсдөө дотоод заслаа өөрчилнө гээд обойгоо хуулсан.  Үүнийг тухайн үед очсон байцаагч нар мэдэж байгаа. Улсын комисс бүрэн дууссан барилгыг хүлээн авдаг.  Гэрээний хавсралт 6-д заасан лифтний ажлыг хийж гүйцэтгэсэн байгаа. Барилга хүлээлцэх хугацааг анхнаасаа тохироогүй байсан. Үүний дараа барилга хүлээлцэх эцсийн хугацааг гэрээний хавсралт 6-д 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэж тохиролцсон, 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр улсын комисс ажиллуулан 2014 оны 04-р сарын 02-ны өдөр комиссийн акт баталгаажсан болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлаад

 

                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  “Корунд” ХХК нь Х.Оюунгэрэл, Тунамал алт ХХК-ний захирал Б.Ганзориг нарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 103 815 000 төгрөг гаргуулахыг хүссэн, хариуцагч нар нь Корунд ХХК-д холбогдох гэрээний улмаас учирсан хохиролд 156 878 820 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх Корунд ХХК-ний нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэлээ.

 

“Корунд” ХХК нь 2012 оны 05-р сарын 14-ний өдөр иргэн Х.Оюунгэрэлтэй “Барилга угсралтын ажил гүйцэтгэх”  гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг, 25-р эмийн сангийн урд оффис үйлчилгээний зориулалттай 2870 м.кв талбай бүхий зоорийн давхартай 8 давхар барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэж хүлээлгэж өгөх, захиалагч нь 1 м.кв-г 600 000 төгрөгөөр тооцож 1 722 000 000 төгрөгийг төлөхөөр /хх 5-12/ тохирчээ. Талуудын хооронд  Иргэний хуулийн 343-р зүйлд заасан “ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Гэрээгээр талууд барилгын ажлыг гүйцэтгэж дуусах хугацаа тохироогүй байх ба харин захиалагч нь гэрээний 3-р зүйлд зааснаар төлбөрийг үе шаттайгаар санхүүжүүлэхээр, гэрээний 7.3-т зааснаар захиалагчийн саналаар нэмэлт ажил хийгдэх үнийн зөрөө гарсан тухай бүрт 2 тал харилцан тохирч акт протокол үйлдэж баталгаажуулах, 10-р зүйлийн 10.1-т “өрлөг угсралтын ажил дуусч дотор засал, монтажийн ажил хийгдэх, материалын сонголт, хийгдэх ажлын жагсаалтыг харилцан тохирч хавсралт үйлдэн баталгаажуулах”-аар тохирсон байна. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх шатанд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар харилцан тохирсон гэж үзнэ. 

 

Талууд 2013 оны 02-р сарын 21-ний өдрийн Хавсралт-3-аар дотор засал, монтажийн ажил хийгдэх материалын сонголт, хийгдэх ажлын жагсаалтыг харилцан тохирч, барилга хүлээлгэж өгөх хугацааг 2013 оны 08-р сарын 01-ний байхаар, Хавстралт-4-т гэрээний үнийн дүн болон нэмэлт ажил, ашиглалтанд өгөх хугацааны талаар, Хавсралт-5-аар  хавсралт-4-т өөрчлөлт оруулах, хавсралт-6-аар барилга угсралтын ажлын эцсийн гүйцэтгэлийн тооцоог хийж, барилгыг 2014 оны 1-р сарын 29-ний дотор дуусгахаар харилцан тохирч нэмэлт өөрчлөлтүүдийг тус тус оруулсан /хх 8-12/ байна.

 

Гэрээний хавсралт-6-д заасан 2014 оны 1-р сарын 29-ний дотор ажил гүйцэтгэгч Корунд ХХК нь барилгын ажлыг дуусгаснаар Барилга байгууламжийг ашиглалтад ашиглалтад оруулах улсын комисс 2014 оны 02-р сарын 12-ны өдөр ажилласан, улмаар 2014 оны 04-р сарын 02-ны өдөр 2014/202 тоот актаар ашиглалтад хүлээж авсан /хх 15-26/ , захиалагч “Луна плаза” нэртэйгээр тус барилгат үйл ажиллагаа явуулж байна.

 

Харин нэхэмжлэгч Корунд ХХК нь  хавсралт 6–ийн 5-д заасан улсын комисс ажиллахад гарах зардлаас 3 815 000 төгрөг, улсын комиссийн акт зурагдсанаас хойш 3 сарын дараа 100 000 000 төгрөг нийт 103 815 000 төгрөгийг захиалагч төлөөгүй гэж, харин хариуцагч нь барилга байшин доголдолтой байсны улмаас хохирсон гэж тус тус маргажээ.

                         

Нэхэмжлэгч гэрээгээр тохирсон 1 722 000 000 төгрөгийн талаар маргаагүй байна.

 

Ажил гүйцэтгэгч нь барилгын ажил гүйцэтгэх явцад гэрээгээр тохирсон 1 722 000 000 төгрөг дээр нэмэлт ажлын хөлс 60 000 000 төгрөг, 53 м.кв талбай бүхий оффисийн өрөөг 1 м.кв-ыг 1 000 000 тооцож ажил гүйцэтгэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсон /хавсралт 4/ боловч үүнээс хойш нэмж хийсэн ажил, материалын зардал, төлсөн төлбөр зэргийг тооцон эцсийн байдлаар хавсралт 6-д тооцоо хийжээ. 

 

Барилгын тухай хуулийн 15-р зүйлийн 15.1.3 дахь хэсэгт зааснаар захиалагч нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах зардлыг хариуцах үүрэгтэй байх ба хавсралт-6.6-д улсын комисс ажиллах зардалд 23 815 000 төгрөгийг захиалагч хариуцахаар тохирсон байна. Үүнээс захиалагч 20 000 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй. Харин үлдэх 3 815 000 төгрөг болон барилга байгууламжийг улсын комисс хүлээн авснаас хойш 3  сарын дараа төлөхөөр тохирсон 100 000 000 төгрөг нийт 103 815 000 төгрөгийг хариуцагч Х.Оюунгэрэлээс гаргуулах үндэслэлтэй.

 

Харин Корунд ХХК нь “Тунамал алт” ХХК-ийн захирал Б.Ганзоригтой ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй бөгөөд ажлын хөлсийг компаниас төлж байсан, “Луна плаза” төвд хамтран үйл ажил ажиллагаа явуулдаг байдал нь Корунд ХХК болон Х.Оюунгэрэл нарын хооронд байгуулсан гэрээний үүргийг хариуцах үүрэгтэй гэх үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч Б.Ганзоригт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “... ажлын гүйцэтгэлийг удаашруулах замаар  шахалт дарамт үзүүлэн гэрээний анхны үнийг 60 000 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн, манайх барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай түр нөхцөлүүдийг авсан, барилгын ажлыг 2012 онд багтаан гүйцэтгэх байсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, учир нь 1 ерөнхий инженертэй, туслах нэртэй 3-4 ажилтнаас өөр хүнгүй, БНХАУ-аас нэг ч ажилтан ирээгүй, машин тоног төхөөрөмж муутай, мэргэжлийн боловсон хүчин хангалтгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан, мэргэжлийн бус хүмүүсийг өдрөөр авч ажиллуулдаг байсан, талбайн болон хөдөлмөр хамгааллын инженергүйгээс барилгын ажил чанаргүй явагдсан, үүнээс болж барилгын ажил 2013 оны 08-р сараас 2014 оны 04-р сар хүртэл хугацаагаар сунжирсан,  барилгын ажил явагдаж байсан 2013 оны  06-р сараас Корунд ХХК нь 3 барилгын ажлыг зэрэг гүйцэтгэсэн, ажлыг 2 удаа орхиж явсан” гэж тайлбарладаг боловч эдгээр татгалзал нь талуудын тооцоогоор тохирсон төлбөрийг төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

 

                               Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч Х.Оюунгэрэл нь Корунд ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт зааснаар 156 878 820 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. Үүнд:

 

1.Талууд гэрээгээр тохирсон 1 774 000 000 төгрөгийг төлсөн боловч захиалагч 48 531 951 төгрөгийн зардал гаргасан гэж маргаж, энэ шаардлагыг нотлох баримтыг /хх 138-208/ хавсаргасан байна. Хагарсан цонхны шилийг солих, ажлын хөлсөнд 5 000 000 төгрөгийн зардал гаргасан гэх боловч гэрээний хавсралт-4-ийн 6-д “цонхны хагарсан шилийг 2013 оны 08-р сарын 22-ны байдлаар шинээр солиулах, гарсан зардлыг 2 тал хувааж гаргах, цаашид гарах үр дагаварыг захиалагч хариуцахаар тохирчээ. Үүнээс дүгнэвэл, гэрээгээр тохирсон зардлаа хариуцагч гаргасан гэх үндэслэлтэй, түүнчлэн 5 сая төгрөгийн зардлын баримт хэрэгт авагдаагүй байна.

Барилгын 2, 3, 4, 5, 6, 7 дугаар давхрын дотор засалд 7 000 000 төгрөг, цонх, плитаны чигжээс хийх ажлын хөлсөнд 2 000 000 төгрөг, 3 давхрын агааржуулалтын хоолойг 1 800 000 төгрөгөөр санхүүжүүлсэн, 3 давхрын гал тогоо болон заалыг тохижуулах материал болон ажлын хөлсөнд 1 126 000 төгрөг, барилгын хаяавчийг гүйцэтгэхэд 3 675 000 төгрөг, мөн үйлчилгээний хэсэгт оруулаагүй бүх гэрлийн зардалд  5 000 000 төгрөг, бүх давхрын 00-ын өрөөний гэрлийн зардалд 1 600 000 төгрөг, 3 давхрын 00 өрөөний кабиний хэсгийг засахад 1 400 000 төгрөг, 3 давхрын 00 өрөөний мазайкний зөрүү төлбөрт  2 860 000 төгрөг, 0 давхрын тааз намдсан учраас доош ухуулахад 2 500 000 төгрөг, суурийн хэсгийг хар тосоор тосолсон зардалд 2 000 000 төгрөг, 3 давхрын шаланд 5 ширхэг радиатор тавихад  1 111 160 төгрөг зарцуулсан талаар маргасан байх ба эдгээр шаардлагуудыг нотолсон гэх баримтууд худалдан авагч тодорхойгүй, огноо засвартай, бетон зуурмагийн талаар маргаагүй, барааны нэр тодорхойгүй, дотор засал, мозайк зэрэг үгийг тодотгож бичсэн, тухайн барилгат хэрэглэгдсэн нь тодорхойгүй, үнийн дүн засвартай, хүлээн авсан хэн нь тодорхойгүй баримтууд байна. Түүнчлэн барилгын дараах цэвэрлэгээний ажилд 5 508 650 төгрөгийн цалин олгож, цэвэрлэгээ хийлгэсэн гэх /хх 209-213/ баримтууд нь он бичигдээгүй, өөрөөр хэлбэл, хэзээ, ямар ажил хийлгэхээр гэрээгээр тохирсон болох нь тодорхойгүй,  дээврийн пронтонг төмрөөр сольсон зардал 4 520 000 төгрөгийн баримт нь худалдан авагч тодорхойгүй, барилгын гадна талын эмульс хийхэд 1 630 700 төгрөг зэрэг нийт 48 531 951 төгрөгийн зардал гаргасан нь тогтогдоогүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн  227.5 дахь хэсэг, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжилсэн нь буруу, өөрөөр хэлбэл, 227-р зүйл нь гэрээ цуцалсантай холбоотой бол, 355.2.2 дахь заалт нь доголдол арилгуулахтай холбоотой, харин хариуцагч илүү зардал гаргасан гэж маргасан байна.

 

2. Хариуцагч нар нь гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу Корунд ХХК-ний барьсан барилга нь доголдолтой байсан, доголдлыг арилгахад гарах зардлын үнэлгээний талаар маргаж шинжээчийн дүгнэлт /хх 327-378, 482-486/ гарсан байна. 

 

Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээч нар дүгнэлт гаргахдаа талуудыг байлцуулан үзлэг хийж, барилгын зураг төсөл, холбогдох баримтуудад үндэслэн дүгнэлтээ гаргасан, шинжээч  Д.Санжмятав, Ш.Уранчимэг нар нь шүүх хуралдаанд дүгнэлтээ тайлбарлаж оролцлоо.

 

“Корунд” ХХК нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 350 дугаар зүйлийн 350.1.6 -д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй талаар маргаж захиалагч нь 2015 оны 05-р сарын 01-ний өдөр ажил гүйцэтгэгчид доголдлыг арилгах гомдлын шаардлага гаргасан гэжээ.

 

Ажил гүйцэтгэгч “Корунд” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой нэхэмжлэлийн 2014 оны 9-р сарын 17-ны өдөр тус шүүхэд гаргасан байх ба хариуцагч Х.Оюунгэрэл нь 2014 оны 11-р сарын 07-ны өдөр ажил гүйцэтгэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан байна.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд сөрөг нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2015 оны 05-р сарын 01-ний өдөр гомдлын шаардлага гаргасныг /хх 451-464/ нь хуульд зааснаар шаардлага гаргасан гэх үндэслэлгүй, харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болжээ.

 

Захиалагч Х.Оюунгэрэл нь барилгын зураг төслийг 2012 онд “Гоби травел” ХХК-иар гүйцэтгүүлж /хх 395-442/, 2013 онд улсын экспертизийн албаар хянагдаж, магадлалын 1223/2013 тоот дүгнэлтээр баталгаажуулсан байна.

 

Барилга угсралтын ажлын явцад зохиогчийн хяналтыг “Интеллект тауэр” ХХК-иар  гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, 2014 оны 2-р сарын 7-ны өдрийн 07/14 тоот Зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлтийг архитектур, конструктор инженер, халаалт, салхивч, цэвэр бохир ус, цахилгаан, холбоо дохиоллын инженер тус бүрээр гаргаж баталгаажуулсан /хх 12-13/, захиалагчийн хяналтыг Х.Оюунгэрэл, Б.Ганзориг нар өдөр тутамд тавьж, улмаар “Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан иргэн Х.Оюунгэрэлийн үйлчилгээний барилгын ажлыг Корунд ХХК  гүйцэтгэсэн ба уг барилга нь ажлын зураг техникийн шаардлагын дагуу сайн чанартай болсон тул байнгын ашиглалтанд өгөхөд татгалзах зйүлгүй болно” гэсэн дүгнэлтийг /хх 14/ тус тус гаргаснаар Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисс 2014 оны 02-р сарын 12-ны өдөр ажиллаж, улмаар 2014 оны 04-р сарын 02-ны өдрийн 2014/202 актаар ашиглалтад хүлээн авсан /хх 15-26/ байна.

 

Барилгын тухай хуулийн 15-р зүйлийн 15.1.2 дахь хэсэгт зааснаар захиалагч нь барилгын ажлын явц, чанарт хяналт тавих, фото зургаар баримтжуулсан ил далд ажлын акт, барилгын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах үүрэгтэй ба ил далд ажлын актыг тухай бүр үйлдэж баталгаажуулж /хх 261-265, 491-501/ байсан, үүний дотор дээврийн ажил гүйцэтгэсэн актыг 2013 оны 9-р сарын 10-ны өдөр үйлдэж захиалагч, зохиогч гүйцэтгэгч нар гарын үсэг зурж баталгаажуулсан /хх 264/, Салхивчийн систем угсарсан сорилтоор шалгасан актыг 2013 оны 10-р сарын 08-ны өдөр үйлдсэн /хх 265/, захиалагч, гүйцэтгэгч  гарын үсгээ зурж баталгаажуулсан зэргээс дүгнэвэл гүйцэтгэгч зураг төслийг дур мэдэн өөрчилсөн гэх үндэслэлгүй.

 

Түүнчлэн барилгын пронтог 0.30 см-ийн өндөртэй, 3-р давхрын гал тогооны хэсэгт плитан шал хийсэн нь гүйцэтгэгч дангаараа зураг төслийг өөрчилсөн, захиалагч, зохиогч хяналтаа тавиагүй буюу Барилгын тухай хуулийн 16-р зүйлийн 16.7, 17-р зүйлийн 17.1.5 дахь заалтуудыг зөрчөөгүй гэж дүгнэлээ.

 

Захиалагч Х.Оюунгэрэл нь барилга угсралтын ажлын актад захиалагч, зохиогчийн гарын үсгийг хуурамчаар зурсан гэж маргажээ.

 

Хэргийн 490 дэх талд авагдсан Интеллегект тауэр ХХК-ний 2015 оны 11-р сарын 13-ны өдрийн 50/15 тоот “Зохиогчийн хяналтын талаар” албан бичигт “...Корунд компани нь барилга угсралтын ажлын явцад зураг төслөөс өөрчлөлт хийн гүйцэтгэх талаар захиалагч болон гүйцэтгэгчэс нэг ч удаа хүсэлт гаргаж байгаагүй...зохигчийн хяналт гүйцэтгэгчээр гарын үсэг огт зуруулаагүй, улмаар барилгын арихтектор гарын үсэг зурах ажил дээр барилгын бүтээцийн инженерийн нэрийг бичээд түүний гарын үсгийг дуурайлган зурсан, ялангуяа маргаантай багаа батлагдсан зураг төслөөс өөрөөр хийгдсэн дээврийн ажлын актанд дүрэм журмын дагуу барилгын архитектор болох Б.Мөнхбат, Г.Оюунтунгалаг нар хяналт тавьж, гарын үсэг зурах ёстой атал барилгын бүтээцийн инженер Э.Батзаяа хяналт тавьж гарын үсэг зурсан мэтээр бичсэн..” талаар тусгажээ.

 

Харин шүүх хуралдаанд гэрч Г.Оюунтунгалаг “... гадна фасадны материал солих хүсэлтийг хэлж байсан, барилгын дээврийн пропет материал солихыг Батсүх болон гүйцэтгэгч талын Энхбаяр нар Батзаяа инженерт хүсэлт гаргасан, болохгүй зүйл байхгүй гэвч түүнийг зөвшилцөөрэй гэж хэлсэн,  улсын комисс ажиллахад би очоогүй, харин  Батзаяа, Батсуурь, Мөнхбат гэдэг инженерүүд очсон” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Батзаяагийн “...476-482 /491-497/ хуудсанд  байгаа гарын үсэг биш, би бүтээцийн ажилд хяналт тавьсан, барилга үндсэндээ сайн чанартай баригдсан” гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэвэл гүйцэтгэгч зураг төслийг дур мэдэн өөрчлөөгүй, зохиогч, захиалагчтай зөвшилцөж, тухай бүр шийдвэрлэж байсан гэж үзнэ.

 

Түүнчлэн ил далдын ажлын актад зохиогчийн хяналт тавьсан эрх бүхий этгээд биш өөр инженер гарын үсэг зурсан нь зохиогчийн хяналт тавьсан компаний буруу бөгөөд барилга байгууламжийг ашиглалтад авах улсын комисс ажиллахад Э.Батзаяа, оролцож гарын үсгээ зурсан, улмаар зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлтэд Г.Оюунтунгалаг, Э.Батзаяа нар гарын үсгээ зурж баталгаажуулсан, эдгээр үндэслэл нь барилга байшингийн доголдлын талаар маргаж байгаа сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай хамааралгүй байна.

 

Нөгөө талаар, хариуцагч нь Корунд компаниас гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулахаар шаардсан, доголдлыг арилгаагүй бол захиалагч өөрөө доголдлыг арилгаж 115 686 410 төгрөгийн зардал гаргасан, улмаар энэ зардлаа шаардсан гэх үндэслэлгүй, түүүнчлэн доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар шаардаагүй байна. Иймд шинжээчийн дүгнэлтэд заасан зардлын төсвийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Тухайн барилгат дахин хийх ажлын 115 686 410 төгрөгийн төсөвт “салхивч, дээвэр, шал, гал зуухны лифт, дотор засал, агааржуулалтын системийн” ажлын төсөв багтсан бол  үүнээс гадна 26 290 593 төгрөгийн төсөвт өртөгт “гадна талын дулаалга, өнгөлгөөний ажил, газардуулгын ажил, парпетний ажил”-ын төсөв багтсан, өөрөөр хэлбэл, 26 290 593 төгрөгийн зардлын талаар хариуцагч маргаагүй гэж үзнэ.

 

3. Корунд компаний гэрээний дагуу төлөх байсан 42 534 866 төгрөгийг захиалагч төлж хохирсон гэжээ.

 

-Захиалагч өөрийн зардлаар цонх хийлгэж 17 220 666 төгрөгийн зардал гаргасан гэх ба энэ нь баримтаар нотлогдоогүй байна.

 

-Гэрээний хавсралт 4-ийн 4-т зааснаар шалны паркетийг /ламинат/ хамтран судалж 1 м.кв-ыг 28700 төгрөгөөс дээшгүй үнэтэй материалаар гүйцэтгэхээр тохирсон бөгөөд ажил гүйцэтгэгч 1050 м.кв талбайг 1 м.кв-ийг 18 500 төгрөгийн паркетан шалаар гүйцэтгэсэн нь буруу биш, тогтоосон үнээс дээш гараагүй байх тул захиалагчид 10 700 000 төгрөгийн хохирол учирсан гэх үндэсгүй.

 

-Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар гүйцэтгэгч зорчигчийн болон бага оврын ачааны лифт суурилуулах ажлыг гүйцэтгэхээр тохирч, гэрээний дагуу суурилуулсан байна. Харин зорчигчийн лифтны төлбөрийг гүйцэтгэгч төлөхөөр тохирсон, захиалагч лифтны төлбөр 1 590 000 төгрөгийг гүйцэтгэгчийн өмнөөс төлсөн үндэслэл тогтоогдоогүй. Түүнчлэн Тунамал алт ХХК нь Хандок элеватор ХХК-тай 2012 оны 06-р сарын 26-ны өдөр 19 тоот “Цахилгаан шат худалдах, худалдан авах гэрээ”, “Цахилгаан шат угсралтын гэрээ”-г тус тус байгуулсан /хх 224-238/ байх ба 2014 оны 7-р сарын 28-ны өдөр 1 500 000 төгрөгийг бэлэн мөнгөний орлогын баримтаар /хх 215/ шилжүүлжээ. Захиалагч Х.Оюунгэрэл Хандок элеватор ХХК-тай гэрээ байгуулаагүй, уг төлбөрийг төлөөгүй, харин Тунамал алт ХХК нь гэрээний үүргээ биелүүлсэн, түүний гүйцэтгэсэн үүргийг Корунд ХХК-д хариуцуулах үндэслэлгүй.

 

-Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7-д зааснаар захиалагч нь гадна дулаан, цэвэр бохир ус, цахилгааны шугам сүлжээг 20 метрээс хэтэрсэн шугамын ажлын зардлыг хариуцах, харин 5.6-д зааснаар гүйцэтгэгч нь энэ шугамыг 20 метр дотор гэрээний үнэнд багтааж гүйцэтгэхээр тохирсон, захиалагч нь “Корунд компани нь 20 метрээс доторх ажлыг гүйцэтгэгч гүйцэтгэх зардлыг хариуцаагүй” тул гүйцэтгэгчийн өмнөөс 8 840 000 төгрөгийг төлсөн гэж маргажээ.

 

Хэргийн 138-208 дахь хуудсанд авагдсан зардлын баримтуудад 8 840 000 төгрөгийн баримт, доторх шугамын ажилд зарцуулсан материалын болон хөлс төлсөн талаарх баримт авагдаагүй, өөрөөр хэлбэл, хариуцагчийн шаардлага баримтаар нотлогдоогүй байна. “Тунамал алт” ХХК нь “Эм Эс Эн” ХХК-тай 2013 оны 8-р сарын 28-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж халаалтын зангилаа 300 квт, хэрэгцээний халуун усны зангилаа 300 квт бүхий дулааны узелийн тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт, туршилт, тохиргооны ажлыг 31 037 500 төсөвт өртгөөр гүйцэтгүүлэхээр тохирсон /хх 239-242/ байна. Энэ гэрээ нь дээрх шугамын ажлын гүйцэтгэлтэй хамааралгүй, Х.Оюунгэрэлээс Содон эрчис ХХК-д гадна цахилгаан хангамжийн ажлын хөлсөнд шилжүүлсэн 13 500 000 төгрөгийн 2013 оны 08-р сарын 10-нй өдрийн кассын орлогын ордер /хх 243/,  Гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлын 13 501 607 төгрөгийн төсөв /хх 244-248/ нь  20 м-ээс хэтэрсэн, эсхүл 20 м доторх шугамын ажлын зардал эсэх нь тодорхойгүй байна.     

 

 -Барилгын тухай хуулийн 15-р зүйлийн 15.5 дахь хэсэгт зааснаар ашиглалтад хүлээлгэж өгөөгүй барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд энэ үүрэг нь захиалагчийн үүрэг байна.

 

Талууд барилгын ажил гүйцэтгэх гэрээний 2-р зүйлийн 2.1-д барилга угсралтын ажлыл гүйцэтгэх хугацааг 2 тал харилцан тохиролцож тогтоохоор тохирч, эхлэх, дуусах хугацааг нарийвчлан тогтоогүй байна. Харин гэрээний хавсралт-6-д зааснаар эцсийн байдлаар  барилгын ажлын гүйцэтгэлийн тооцоо хийж 2014 оны 01-р сарын 29-ний дотор дурьдсан ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохирсон байх ба энэ хугацааг ажил гүйцэтгэж дуусах хугацаа гэж үзнэ.

 

Корунд ХХК нь барилгын ажлыг тохирсон хугацаандаа дуусгаж Барилга байгууламжийг ашиглалтад ашиглалтад оруулах улсын комисс 2014 оны 02-р сарын 12-ны өдөр ажилласан, улмаар 2014 оны 04-р сарын 02-ны өдөр 2014/202 тоот актаар ашиглалтад хүлээж авсан /хх 11, 15-26/ байна. Захиалагч гэрээнд заасан хугацаанд барилгыг хүлээлгэн өгөөгүйн улмаас дулаан, ус, цахилгааны төлбөр болон тоолуур хөдөлгөсний улмаас эрх бүхий байгууллагаас тавьсан торгуулийн төлбөр 3 108 000 төгрөгийг гүйцэтгэгчийн өмнөөс төлсөн гэх боловч  усны төлбөрт 414 200 төгрөг төлсөн /хх 227/ баримт хэдэн оны баримт болох нь гаргагдахгүй, усны тоолуур 24 500 төгрөг гэсэн баримт нь хэнээс хэнд төлсөн, мөн он тодорхойгүй, хэргийн 219-222 дахь талд авагдсан 2014 оны 1-4-р сарын усны төлбөр төлөхийг мэдэгдсэн Тооцооны нэхэмжлэх нь захиалагч төлбөр төлснийг нотлоогүй баримтууд байна. Үүнээс дүгнэвэл, захиалагч 3 108 000 төгрөгийг гүйцэтгэгчийн өмнөөс төлсөн гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

-Түүнчлэн гэрээ болон төлбөрийн тооцоогоор үзэхэд 700 000 төгрөгийг захиалагч илүү төлсөн гэжээ. Талууд гэрээний хавсралт-6-аар эцсийн тооцоо хийж захиалагч Х.Оюунгэрэл нь 103 815 000 төгрөгийг төлөхөөр тооцсон бөгөөд энэ төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй. Иймд гэрээ болон төлбөр тооцоогоор 700 000 төгрөг төлсөн талаарх нэхэмжлэл  үндэслэлгүй. 

 

Иймд Корунд ХХК-ний төлөх байсан 42 534 866 төгрөгийг захиалагч буюу хариуцагч төлж хохирсон талаарх нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

4.Корунд ХХК-ний буруугаас 300 м.кв талбайг түрээслүүлж чадаагүй тул олох байсан орлого 45 000 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Корунд ХХК хүнсний лифтыг дутуу гүйцэтгэсэн, 4 давхрын засварын ажлыг дутуу хийсэн” гэж тайлбарласан байх ба  барилга байшинг ашиглалтад хүлээн авах комисс нь лифт ашиглалтгүй, засварын ажил дутуу хийгдсэн тохиолдолд барилгыг ашиглалтад хүлээж авах боломжгүй, өөрөөр хэлбэл, улсын комиссын 2014 оны 02-р сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэлд тусгагдсан зөрчлийг арилгаж лифтний өрөөнд агааржуулалт хийх, магадлал хийх, лифтчинг томилох, паспортын мэдээлэл засах зэрэг ажлыг гүйцэтгэсэн талаар даалгаварын биелэлтэд тусгагдсан, түүнчлэн 4-р давхарын дотор заслын ажил дуусаагүй буюу обой наагаагүй байх боломжгүй. Барилгын ажлыг бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд улсын комисс уг барилгыг ашиглалтад хүлээн авдаг бөгөөд наасан обойг захиалагч өөрөө хуулсан гэсэн нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлтэй байна. Барилгын эзэмшигч 300 м.кв талбайг ашиг олох зорилгоор түрээсийн гэрээ байгуулах асуудал барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагагыг хангах үндэслэлгүй. 

 

5.Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 7-р зүйлийн 7.1-т гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй хоног тутамд 0.1 хувийн алданги тооцохоор тусгасан боловч 2012 оны 05-р сарын 12-ны өдрийн гэрээгээр ажил гүйцэтгэж дуусах хугацааг тохироогүй . Гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэж дуусах хугацааг 2014 оны 01-р сарын 29-нөөс тооцсон. Харин ажил гүйцэтгэж дуусах хугацааг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үзэхгүй тул улсын комисс хүлээж авсан 2014 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл хугацаа хэтрүүлсэн гэж үзэж алданги 20 812 000 төгрөгийн алданги тооцох нь буруу.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагчийн хүсэлтээр доголдлыг арилгахад гарах зардлын үнэлгээ хийх шинжээчээр Ю-Би пропертиз ХХК-ийг томилж, шинжээч дүгнэлтээ гаргасан боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шинжээчийн зардлыг хариуцагчаар төлүүлэх нь зүйтэй.

 

Төрийн банкин дахь хариуцагч Х.Оюунгэрэл, Б.Ганзориг нарын дансны хуулга /хх 54-60/, Хас, Улаанбаатар хотын банк, Голомт банкны лавлагаа /хх 62-67, Худалдаа хөгжлийн банкны лавлагаа /хх 249-250/, ХААН банкны лавлагаа /хх 254/, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэсийн 2014 оны 11-р сарын 27-ны өдрийн 8/3823 тоот хариу /хх 282, Номин карт  ББСБ-ын хариу /хх 298/ зэрэг баримтууд нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, татгалзалтай холбоогүй, Корунд ХХК-ний дүрэм, дүрмэнд орсон өөрчлөлт, татварын албаны бүртгэл зэрэг баримтууд /хх 300-326/, Корунд ХХК болон ХААН банкны хооронд байгуулсан 20144 оны 1-р сарын 23-ны өдрийн шугамын зээлийн гэрээ /хх 384-388/ зэрэг баримтууд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоогүй гэж дүгнэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 115.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                          ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1, 352-р зүйлийн 352.2.1, 352.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хавтгайн Оюунгэрэлээс 103 815 000 /нэг зуун гурван сая найман зуун арван таван мянга/ төгрөг гаргуулж “Корунд” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Баатарын Ганзоригт холбогдох нэхэмжлэл болон “Корунд” ХХК-иас 156 878 820 /нэг зуун тавин зургаан сая найман зуун далан найман мянга найман зуун хорь/ төгрөг гаргуулахыг хүссэн Х.Оюунгэрэлийн сөрөг нэхэмжлэлийг  тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Корунд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 677 025 төгрөг, хариуцагч Х.Оюунгэрэлээс төлсөн 877 345 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Оюунгэрээс 677 025 /зургаан зуун далан долоон мянга хорин тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Корунд ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Х.Оюунгэрэлээс 2 480 000 /хоёр сая дөрвөн зуун наян мянга/ төгрөг гаргуулж Ю-Би пропертиз ХХК-д олгосугай.

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА