Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00024

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 25 өдөр Дуга210/МА2024/00024

 

 

Г.Г, Ч.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/03395 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Г, Ч.Б нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Х.Га-т холбогдох,

 

Гэм хорын хохиролд 12,445,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах 14/2и байранд амьдардаг бөгөөд уг байрны анхны СӨХ-ны даргаар нь сонгогдож ажиллаж байсан. Гэтэл Х.Га нь хууль бусаар СӨХ-г шинээр байгуулж, СӨХ-ны эзэмшлийн байранд байсан иргэн Ч.Б, Г.Г нарын хувийн өмч хөрөнгө, гэрийн эд хогшил, тоног төхөөрөмж, барилгын материал зэрэг эд зүйлсийг авч цагаан өнгийн портер машинаар хоёр удаа ачиж явсан нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдож тул хохирлоо иргэний журмаар шаардах эрхтэй гэж хэлсэн. Миний хувийг өмчийн үнэлгээ нь 6,445,200 төгрөг ба уг эд хөрөнгөөс 4,662,000 төгрөг эд хогшил нь Г.Гын өмчлөлийн хөрөнгө, 1,783,200 төгрөгийн эд хогшил нь Ч.Бын өмчлөлийн хөрөнгө юм.

1.2. Г.Г миний орон сууцны гэрэл цахилгааныг санаатай тасалж, дарамталж, хохироох зорилготой цахилгааны шитийг битүүмжилж, цоож зүүн манай гэр бүлийг 6 cap гэрэл цахилгаангүй байлгасан. Г.Га нь СӨХ-ны даргаар сонгогдсон хугацаанаас хойш санаатайгаар манай гэрэл цахилгааныг тасалж байсан. Миний хувьд энэ хугацаанд тог цахилгаангүй айл, айл хэсэж уг байрандаа амьдрах боломжгүй болсон. Иймд цахилгааныг 6 cap тасалж хохироосноос байр түрээсэлсэн. Ингээд 1 сарын түрээсийн төлбөр болох 1,000,000 төгрөгөөр тооцон 6,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд бид Х.Гаийн хулгай хийж, ачиж явсан эд хогшил, тоног төхөөрөмж, эд зүйлсийн төлбөр 6,445,200 төгрөг, гэрэл цахилгаангүй бүхэл бүтэн 6 cap бусдын байрыг түрээсэлж амьдарсан бөгөөд түүнээс учирсан хохирол 6 cap х 1,000,000=6,000,000 төгрөг, нийт 12,445,200 төгрөгийг хариуцагч Х.Гаоос нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч Г.Га-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Х.Га миний бие 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нийт оршин суугчдын 57.6 хувийн дэмжлэгтэйгээр Тохь тух СӨХ-г Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн шийдвэрийн дагуу үүсгэн байгуулсан. Алтад их говь СӨХ-ны дарга Г.Г нь тус хурал дээр өөрийн СӨХ-оо өгөхгүй, та нар өөрсдөө СӨХ-гоо байгуул гэж хэлснээр оршин суугчдын хүсэлтээр Тохь тух СӨХ-г Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийг дахин шинээр үүсгэн байгуулж байсан.

Алтад их говь СӨХ-ны үед үүссэн өр төлбөрийг 3 сарын дотор барагдуулна хэмээн бичгээр батлан даалт гаргасан болно. Хурлын үйл ажиллагаа тус байрны харъяа фитнес зааланд зохион байгуулагдсан бөгөөд хурлын дараагаар сантехникийн узелийн өрөөнд ороход өрөөний хэмжээ нь 3x4.5 метр, хаалганы цоож нь эвдэрхий, ялтсан бойлуураас ус гоожсон, өрөөнд маш их ус тогтсон, чийгтэй, том хоёр моторын нэг нь эвдэрхий, туслах жижиг мотор эвдэрхий, трубанууд нь элэгдэж ус шүүрсэн, олон жилийн хог новштой, чийгийн хорхой үүрлэсэн байдалтай байсан.

2.2. Цахилгаан щитны өрөөнд ороход өрөөний хэмээ 2x3, маш их чийгтэй, узелийн өрөөний ус урсаж тогтсон, чийгийн хорхой үүрлэсэн, агааржуулалтгүй учир чийгтэй, бүгчим халуун, хог новш ихтэй байсан. Ингээд Г.Г нь оршин суугчдын хамт ажлаа хүлээлгэж өгөөд дахин огт ирээгүй ба 14/2и байрны 34 тоотод амьдардаг гэх боловч тус байранд амьдардаггүй, харин тус байрны урд байрлах Жиди констракшн ХХК-ийн Воли апартментын 1202 тоотод оршин суудаг болохыг өөрөө болон оршин суугчид хүлээн зөвшөөрсөн.

2.3. Миний бие ажлаа хүлээж авсны дараагаар Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлөөс дараах ажлуудыг хийж гүйцэтгэх ажлын чиглэл гаргасан. Алтад их говь СӨХ-ны дарга Г.Г нь дулаан, ус халаалт, цахилгаан, гарааш, СӨХ болон ашиглалтын болон нийт төлбөрийг бэлнээр өөрөө гардаж авдаг байсан тул үүнийг өөрчлөхийн тулд Тохь тух СӨХ-г байгуулж, данстай болгох, халаалт, усыг нийтийн орон сууцны конторт шилжүүлэх, эрчим хүчийг цахилгаан түгээх компанид шилжүүлэх, СӨХ-ны ашиглалтын мөнгийг тус СӨХ-ны дансанд байршуулж хураалгах, Алтад их говь СӨХ-ны дарга Г.Гын оршин суугчдад үүсгэсэн өрийг барагдуулах зэрэг ажлууд байсан.

2.4. Ингээд миний бие Тохь тух СӨХ-ны даргаар 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 14/2и байрны хоёр орцны давхар бүрийг бүрэн гэрэлтүүлэгтэй болгосон, орон сууцны конторт хүлээлгэж өгөхийн тулд узелийн өрөөг цэвэрлэж, хаалганд нь цоож хийсэн, нэг том, нэг жижиг нийт хоёр моторыг сольсон, айл өрх бүрийн усны тоолуурыг баталгаажуулан, шинээр сольж тавьсан, узелийн өрөөг завсарлаж, өрх бүрийн усны даралтын тэнцвэржүүлэн, дээд давхрын айлуудад усны түвшинг хэрэглээний хэмжээнд хүргэсэн, гол хоёр халуун, хүйтэн усны турбаг сольж хэвийн үйл ажиллагаанд оруулсан, грашид байрлах хэрэглээний усны 8 хаалт, турбаг сольж шинэчилсэн, фитнессын өрөөнд байрлах хэрэглээний усны 8 хаалт, турбаг сольж шинэчилсэн. Эрчим хүч цахилгаан түгээх станцад хүлээлгэн өгөхийн тулд нийт айл өрхийн цахилгаан тоолуурыг шинэчлэн баталгаажуулж, шитийг цоожтой болгож айлуудад хүлээлгэж өгсөн, СӨХ-ны харъяаны орц, гарааш, фитнесс бусад өрөөнүүдийн цахилгааны монтажийг сольж шинээр засварласан, цахилгаан шитний өрөөг стандартад хүргэхийн тулд өрөөний хог новшийг цэвэрлэж, иж бүрэн засварласан, бүх чийгийг хатааж, бүх будаг, шохой ажлыг хийсэн, чийгийн хорхойг устгаж, хор цацаж устгал хийсэн, агааржуулалтын цонхтой болгосон, хаалга үүдийг байнгын цоожтой болгосон зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно.

Үүний үр дүнд 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийт оршин суугчид Сүхбаатар дүүргийн нийтийн орон сууцны ашиглалтын контор, Сүхбаатар дүүргийн Зүүн түгээх төвд эрчим хүчийг шилжүүлэн Төрийн банкны Арслантай гүүр салбарт төлбөр тооцоог хийдэг болсон. Ингээд миний бие 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл шинээр үүсгэн байгуулагдсан Тохь тух СӨХ-ны захирлаар ажилласан юм.

2.5. Гэтэл өмнө нь уг байрны Алтад их говь СӨХ-ны даргаар ажиллаж байсан Г.Г намайг СӨХ-ны ажлыг булааж авсан, өрөөнд оруулж зодсон, дарамталсан гэж цагдаагийн хэлтэст 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөдөл өгч шалгуулсан ба дээрх үйлдлүүд нь тогтоогдоогүй, эрүүгийн хуульд заасан гэм хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдоогүй тул тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтгэрэл 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2092 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Г.Г нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөн надад холбогдуулан дээрх үндэслэлээр эд хогшил, тоног төхөөрөмж, эд зүйлсийн төлбөр 6,445,200 төгрөг, гэрэл цахилгаангүй 6 cap хохироосны хохирол 6,000,000 төгрөг, нийт 12,445,200 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан боловч шүүгч Д.Нямбазар 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 181/Ш32018/04044 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг.

Г.Г нь 2018 оны 5 дугаар сард дээрх үндэслэлээр тус цагдаагийн хэлтэст хоёр дахь удаагаа өргөдөл гарган шалгуулж, дахин Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Түүний өргөдөлд дурдагдаад байгаа 6,445,200 төгрөгийн эд зүйлс, тоног төхөөрөмж байгаагүй. Учир нь тус өрөө нь 2x3 хэмжээтэй, цахилгааны шитны/узель/ жижиг өрөө тул цэвэрлэж, цонх гаргасан.

Өөртэй нь уулзах боломжгүй, олдохгүй байсан тул миний бие СӨХ-ны шитны өрөөнд байсан түүний гэх эд хогшлыг ачиж аваачаад өөрийнх нь эзэмшлийн амбаарт хийсэн байдаг. Тэнд нэхэмжлэлд дурдсан шиг олон төрлийн эд хогшил, тоног төхөөрөмж байгаагүй, ашиглах боломжгүй цөөхөн тооны эд зүйлс байсан. Г.Г нь уг 14/2и байрны 34 тоотын өмчлөгч гэх боловч тус байранд амьдардаггүй. Миний бие бүх айлын тоолуурыг баталгаажуулаад цахилгааны мөнгийг банкинд төлдөг болгосон.

2.6. Гэтэл Г.Г нь өөрийнхөө тоолуурыг баталгаажуулсны дараа цахилгаан түгээх байгууллагад дуудлага өгөөд цахилгаанаа залгуулах боломжтой байсан. Гэтэл цахилгааны шитэнд хулгайгаар утас холбож, засвар хийж байсан ба засварын ажил хийгээд байна гэж хажуу айл нь гомдол гаргаад байсан.

Тийм учраас тоолуурыг гаднаас нь хардаг болгож наагуур нь төмөрлөн, утас залгах боломжгүй болгосон юм. Үүнийг орон сууцны цахилгааныг тасалсан гэж үзэхгүй Тус байрны цахилгааныг нийтэд нь тасалж байгаад тоолууруудыг баталгаажуулсан ба үүний дараа хэрэглэгч тус бүр өөрсдөө дуудлага өгч залгуулж байсан. Гэтэл өөрөө тогоо залгуулахаар дуудлага өгөөгүй байж намайг цахилгаан тасалсан, хохирсон гэж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Гаоос гэм хорын хохиролд 12,445,200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжпэгч Г.Г, Ч.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,60 дугаар зүйлийн 60.1,56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214 080 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгч Г.Г миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10-р сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/03395 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Г.Г миний бие хариуцагч Х.Гаоос хохиролоо төлүүлэхээр 2018 оны 03-р сарын 27-ны өдрөөс эхлэн СБДИХАШШүүхэд хандаж, 8-н сарын хугацаанд нийтдээ 3 удаа нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд иргэн Г.Г нь иргэн Х.Гаоос хохирлоо нэхэмжилж нэхэмжлэл гаргаж байхад хэрэгт хамааралгүй Алтад их говьСӨХ-нд хамаатуулж, Г.Г ньАлтад их говьСӨХ-г төлөөлж,нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болох нь нотлогдохгүй байна, өмнөх шүүгчийн захирамжид заасан зөрчил арилаагүй байна гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг буцааж байсан гэдэг.

5.2 Ийнхүү шүүгч Б.Мөнхбаяр нь олон жил миний хэргийг дарж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хууль бус шүүх хурал зохион байгуулж, процессын олон алдаа гаргаж, хууль бус шийдвэр гаргасан./2дахь XX 60-63 хуудас/

Уг шийдвэрийг нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хэлэлцэж анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан./2дахь XX 87-99 хуудас/

5.3. Шүүгч Б.Мөнхбаярыг алдаагаа засаж, хууль ёсны, шударга шийдвэрлэх байх гэж горьдож байсан боловч дахин хууль бусаар шүүх хурал хийж, хууль бус шийдвэр гаргасан тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хэлэлцэн дахин хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү нь хоёр дахь удаагаа буцаасан./2дахь XX 87-99 хуудас/

Миний бие нь 2021 оны 08 дугаар capын 26-ны өдөр 6 зүйл бүхий хүсэлтийг гаргасан ба хүлээн авсан эсэх, хэрхэн шийдвэрлэгдсэн талаар шүүх хуралд дээр тодруулахад хүсэлт гаргаагүй, гомдол гаргасан байна гэж хэлж байсан атал шийдвэртээ бүгдийг шийдвэрлэснээр дурдсан байдаг. Үүнд гомдолтой байна. /2дахь XX 214-хуудас/

5.4. Түүнчлэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШТ2019/00232 тоот тогтоолоор мөн, өмч хөрөнгө, эд зүйлсийн үнэлгээ хийлгэхээр Вендо ХХК-ийг шинжээчээр томилж, шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Г.Г миний бие шинжээчийн хөлс, төлбөрийг нь бүрэн төлсөн. Гэтэл Вендо ХХК-ийн шинжээч хуурамч шинжээчийн дүгнэлт гаргасан нь шалгалтаар тогтоогдсон боловч, одоог болтол залруулга хийгээгүй, шүүхийн захирамжийг бүрэн хангуулахгүй байгаа нь өөрөө хууль бус гэж үзэж байна.

Иймд шүүхийн захирамжийг нэг бүрчлэн биелүүлээгүй, санаатай бүрэн хангаагүй, хариуцагч талд үйлчилж байсан шинжээч нарт хариуцлага тооцож, Вендо ХХК-аас тайлбар, тодруулга, албан тоот гаргуулж авах хүсэлт гаргасан боловч хүсэлтүүдийг хүлээж аваагүй.

5.5. ВендоХХК нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн B19-78 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайландаа: иргэн Г.Гын эзэмшлийн путкенд хайрцганд хураалттай олон тооны номнууд байсан боловч гаднаас харахад тус хайрцаганд хулгана үүрлэсэн, номны хуудаснууд хулганад идэгдсэн байдалтай байсан тул ном нэг бүрчлэн тоолж,нэр нэршлнйг тодорхойлох боломжгүй байсан болно. гэжээ./2дахь XX 247-р хуудас/

Мөн НИХДЗШШүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хурал дээр хариуцагч Х.Га хэлэхдээ: ... Г өөрийнхөө шитнээс цахилгаан,эрчим хүч хулгай хийж байрныхаа засварыг хийгээд байна гэж хажуу айлууд нь гомдол гаргаад байсан тул тэдний давхарын цахилгаан шитийг давхар болон бүслүүр төмрөөр битүүмжилж, эрчим хүчийг нь угаар нь таслаж, тусгай цоожоор цоожилж, тог авах боломжгүй болгосон нь үнэн гэж хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байдаг.

Миний гаргасан хүсэлтийг ач холбогдолтой гэж үзэн хангаж, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШТ2021/00017 дугаартай тогтоолоор ... Тохь тух СӨХ, Алтад их говь СӨХ нарын хооронд ажил хүлээлцсэн акт үйлдсэн эсэх, хэрэв үйлдсэн бол тухайн ажил хүлээлцсэн актыг гаргуулсугай гэж шийдвэрлэсэн./ 2дахь XX 132,134-142 хуудас/

Гэтэл шүүгчийн захирамжид тусгагдсан ажил хүлээлцэх комиссын акт ирээгүй, захирамжийн биелэлт хангагдаагүй, ач холбогдолгүй бичиг баримт гарган явуулсныг шүүх хүлээн авсан./2дахь XX132,134-142 хуудас/

Мөн хариуцагч Х.Га нь өөр узелийн өрөөнд байсан Г.Гын эд зүйлсийг Г.Гын амбаарт зөөж хийсэн гэж тайлбартаа хэлж байхад шүүгч үүнийг анхааралгүй, шүүхийн шийдвэртээ:

Хариуцагч Х.Га нэхэмжлэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлийн узелийн байрнаас нэхэмжлэгч Г.Гын эзэмшлийн амбаарт шилжүүлэн зөөж хураасан үйлдлийг хууль зөрчсөн гэм буруутай, энэхүү үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын эзэмшлийн эд зүйлс алга болж, үрэгдэж хохирол учирсан, үйлдэл хохирлын хооронд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ.

5.6. Цагдаа, прокурор ч ямар ч эд зүйлс байгаагүй гээд Сүхбаатар дүүргийн прокурорын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2092 дугаартай прокурорын тогтоолоор: гэмт хэргийн талаархи гомдол,мэдээлэлийг шалгах явцад эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурьдсугай гэснээс үзэхэд путекэнд ямар ч эд зүйлс байгаагүй,хариуцагч Х.Га хулгай хийж, ачиж яваад буцааж авчирч хийж амжаагүй байсан болохыг нотлож, гэрчилж байна. /XX 148 хуудас/

Гэтэл одоо миний путкэнд хивс, дорожи, номын сантай болон хайрцаг савтай хуучны маш ховор ном, зохиолууд хэдэн арваараа, ажлын хувцас, паар, тооны машин, уртасгагч, цонх, хаалга, хувцас хунар гэх мэт хэдэн арван эд зүйлс байсан./ХХ 239-255 хуудас./

Мөн шинээр худалдан авсан Японы сунадаг металл шатыг минь хариуцагч Х.Га авч, ашиглаж байхад нь шатаа авъя гэхэд өгөөгүй ба 4-5 жил хэрэглэж, ашиглаж байгаап эвдэж, гэмтээгээд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Тохь тух СӨХ-ны 3 дахь захирал Т.Харцага гэгч нь надад хүлээлгэн өгсөн байдаг./ХХ 193-194 хуудас/

5.7. Шүүхийн шийдвэрийн 5-р хуудсанд Миний бие нэхэмжлэгч Г.Гын орон сууцны цахилгааныг таслаагүй бөгөөд бүх тоолуурыг баталгаажуулж, цахилгаан шитийг битүүмжилж тавьсны дараа оршин суугчидтай байгуулсан гэрээг шинэчилж байгуулсан. Үүний дараа өөрсдөө цахилгаан түгээх байгууллагыг дуудаж цахилгаан холбуулаагүй байж намайг цахилгааныг нь санаатайгаар тасалж, залгуулахгүй байсан гэж байгааг зовшөөрөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна. Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв гэжээ

- УБЦТС ТӨХК нь цахилгааны шитийг хэзээ ч битүүмжилээгүй, цахилгаан тоолуурыг шинэчлээгүй бөгөөд зөвхөн нэгдсэн журмаар 1 хоног баталгаажуулаад, бүх айлын цахилгааны гэрээг 3 жилийн хугацаатай 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс сунгаж өгсөн. Манайх ч гэсэн холбогдсон. Дуудаж цахилгаан холбоогүй, нэгдсэн журмаар тоолуурыг нь холболт хийж, лацдаж,тоолуурын заалтыг баталгаажуулж хүлээлгэн өгсөн. Энэ нь хариуцагч Х.Гаийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний шүүх хурал дээр гаргаж ирж 4 жил 6 сарын дараа надад өгсөн манай 413432 дугаартай гэрээний дэвтэр, төлбөр,тооцоны хуудснаас харагдаж байгаа./ХХ- 12,92-93,159,2дахь XX 11-17,39-43 хуудас/

Шүүхийн шийдвэрт: Мөн хариуцагч Х.Га нь 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Тохь тух СӨХ-ны даргаар ажиллах хугацаандаа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо,14/2и байрны нийт айл өрхийн цахилгаан тоолуурыг шинэчлэн баталгаажуулж, цахилгааны шитийг цоожтой болгосон байх бөгөөд уг ажлыг гүйцэтгэхдээ тус байрны 34 тоотод оршин суугч нэхэмжлэгч Г.Гын орон сууцны цахилгааныг тасалж, 6 сар цахилгаангүй хохироосон гэх байдал нотлогдохгүй байна гэжээ.

Хариуцагч, Тохь тух СӨХ-ны дарга Х.Га 4-5 хан cap захиалгаар, даалгавраар Хан-Уул дүүрийн Яармагаас ирж ажиллахдаа манай байрны цахилгаан тоолуурыг огт шинэчлээгүй,УБЦТС ТӨХК-н айл өрхөөс төлбөрийг нь авч нэгдсэн журмаар баталгаажуулж,лацдаж,холбож өгсөн. Мөн цахилгаан шитийг хариуцагч Х.Га цоожтой болгосон биш, 2008 онд Алтад их говь СӨХ болон хохирогч Г.Г миний бие цахилгааны тоолуур хулгайд алдахаас сэргийлж,давхар болгоны цахилгаан шитийг цоожтой болгосон. Гэтэл шүүгч санаатайгаар Алтад их говь СӨХ-ны болон нэхэмжлэгч миний хийсэн ажлыг, хариуцагч Х.Га хийсэн мэтээр хариуцагчийн талд, илт үйлчилсэн хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хавтас хэрэгт хангалттай нотолсон, фото зургууд байгаа./ 2 дахь XX 13-19 хуудас /

5.8. Шүүхийн шийдвэрийн 6-р хуудсанд: Тохь тух СӨХ-оос нэхэмжлэгч Г.Гын цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг 2015 оны 06-р сарын 13-ны өдөр УБЦТС ТӨХК-тай байгуулсан, уг гэрээний дагуу хэрэглэгч цахилгаан эрчим хүчийг хэрэглэх боломжтой бөгөөд УБЦТС ТӨХК-ны Сүхбаатар ХҮТөв 2018 оны 03-р сарын 23-ны өдрийн 21/98 тоот албан бичгээс үзэхэд Г.Г гаргасан өргөдлийн дагуу цахилгаан эрчим хүчийг залгах шийдвэр өгч, монтёр Э.Баяржавхлан залгалт хийхээр очиход тус айл эзэнгүй,хэрэглэгчийн утас холбогдох боломжгүй,давхар дундын шит цоожтой байсан шалгаанаар залгалт хийгдээгүй байна. Харин Г.Г нь 2015 оны 11 дүгээр сард өөрөө гэртээ байгаагаа мэдэгдсэний үндсэн дээр цахилгаан эрчим хүчийг залгаж өгчээ гэжээ./ХХ-10 хуудас /

- Тогоо залгуулчих боломжтой байхад Г.Г гомдол гаргаад яваад байсан юм шиг бичиж. Шүүгч 2015 оны 06-р сарын 13-наас 07-р сарын 01-ний өдрийг хүртэл хүлээгээд гэрт байсангүй гэж дүгнэж.

Гэтэл Сүхбаатар дүүргийн ХҮТөвөөс хариуцсан инженер нь ярьж танай гомдолыг хүлээж авлаа. Одоо газар дээр нь очиж танай тоолуурыг салгаж авч баталгуужуулаад шууд холбож өгнө.Ингээд монтёр ирж манай тоолуурыг салгаж өгөөд хамт явж лаборторт нь өгсөн.Энэ хооронд та,салгаад холболт хийх үйлчилгээний төлбөр 5700 төг, мөн дэвтэрийн үнэ 500 төг төл гэсэн. Би нийт 6820 төг төлөөд манай тоолуурыг баталгаажуулаад лацдаж өгсөн тул нөгөө залуутай хамт явж 2015 оны 06-р сарын 13-ны өдөр холболт хийж,манайх ямар ч асуудалгүй цахилгаантай болсон. Гэтэл хариуцагч Х.Га маргаашаас нь дахин тог таслаж, битүүмжилсэн

Ийнхүү Тохь тух СӨХ-нд цахилгаан эрчим хүчийг салгах эрхийг хуулиар олгогдоогүй байхад хариуцагч Х.Га давуу эрх эдлэж, хууль зөрчин манай гэрийн цахилгааныг угаар нь таслаж, цахилгаан шитийг давхар төмрөөр битүүмжлэн цоожоор цоожилсон.

Иймд нэхэмжлэгч Г.Г миний гаргасан нэхэмжлэлийг удаа дараа хууль бус шийдвэрлэсэн болох нь НИХДЗШШүүхийн 2020 оны 03-р сарын 02-ны өдрийн 486 дугаартай, 2021 оны 08-р сарын 06-ны өдрийн 001199 дугаартай магадлалаар тус, тус тогтоогдож байна гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч Г.Г миний гаргасан нэмэмжлэлийн шаардлагыг хангаж,Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10-р сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/03395 тоот шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Г.Г, Ч.Б нар нь хариуцагч Х.Гат холбогдуулан гэм хорын хохиролд 12,445,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ... ачиж явсан эд хогшил, тоног төхөөрөмжийн үнэ 6,445,200 төгрөг, эрчим хүч тасалж, 6 cap бусдын байрыг хөлсөлж амьдарсан хохирол 6,000,000 төгрөг, нийт 12,445,200 төгрөгийг гаргуулна. гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэлд дурдсан шиг олон төрлийн эд хөгшил, тоног төхөөрөмж байгаагүй, ашиглах боломжгүй цөөхөн тооны эд зүйл байсан. Г.Г нь тоолуурыг баталгаажуулсны дараа цахилгаан түгээх байгууллагад дуудлага өгч цахилгаанаа залгуулах боломжтой байсан. Гэтэл өөрөө тогоо залгуулахаар дуудлага өгөөгүй байж намайг цахилгаан тасалсан, хохирсон гэж байгаа нь үндэслэлгүй. гэж тус тус тайлбарлажээ.

 

Х.Гаийн хулгай хийж, ачиж явсан эд хогшил, тоног төхөөрөмж, эд зүйлсийн төлбөр 6,445,200 төгрөг, гэрэл цахилгаангүй бүхэл бүтэн 6 cap бусдын байрыг түрээсэлж амьдарсан бөгөөд түүнээс учирсан хохирол 6 cap х 1,000,000=6,000,000 төгрөг, нийт 12,445,200 төгрөгийг хариуцагч Х.Гаоос

 

Хариуцагч Х.Га нь тус Тохь тух СӨХ-ны даргаар 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл ажиллах хугацаандаа сууц өмчлөгчдийн холбоонд хамаарах дундын өмчлөлийн байранд/узель/ байсан нэхэмжлэгч Г.Гын эзэмшлийн гэх эд зүйлсийг зөөж, Г.Гын эзэмшлийн амбаарт зөөсөн талаар үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. Энэ талаар хариуцагч маргаагүй байна.

 

4. Анхан шатны шүүх сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлийн узелийн байрнаас Г.Гын өмчлөлийн эд зүйлийг шилжүүлэн зөөсөн, хураасан үйлдлийг хууль зөрчсөн гэм буруутай гэж энэхүү үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын эд зүйл алга болж, үрэгдэж хохирол учирсан үйлдэл шалтгаант холбоогүй, мөн цахилгааныг Г.Г залгуулах боломжтой байсан гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

4.1. Г.Га нь бусдын өмчийг өмчлөгчийн зөвшөөрөлгүй шилжүүлсэн нь өмчлөгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэм буруутай үйлдэл бөгөөд нэхэмжлэгч нарт узелийн өрөөг чөлөөлөх талаар албан бичгээр мэдэгдэх, болон Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргах замаар чөлөөлүүлэх хуулийн зохицуулалттай.

 

Гэтэл, хариуцагч нь Тохь тух СӨХ-ны даргаар 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл ажиллах хугацаандаа сууц өмчлөгчдийн холбоонд хамаарах дундын өмчлөлийн байранд /узель/ байсан нэхэмжлэгчийн эзэмшлийн эд зүйлсийг зөөж, шилжүүлсэн үйл баримтад маргаагүй.

 

Хариуцагч Х.Га нь нэхэмжлэгч нарын эд хөрөнгийг зөөж, шилжүүлэхдээ бүрэн бүтэн байдлыг хангаж, дутаах болон гэмтээлгүй хүргэсэн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШТ2019/00232 дугаар тогтоолоор Г.Гын гэмтсэн хөрөнгөнд үнэлгээ хийлгэхээр Вендо ХХК-ийг шинжээчээр томилсон ба шинжээч нь нэхэмжлэгч Г.Гын хураалттай 26 нэр төрлийн эд зүйлсийг 267,720 төгрөгийн үнэ цэнэтэй гэж тогтоож, олон тооны номнуудыг нэг бүрчлэн тоолж, нэр нэршлийг тодорхойлох боломжгүй гэж дүгнэлт гаргажээ./1хх-227-228, 239-250, 2хх-1-5/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Га нь өмчлөгчийн зөвшөөрөлгүй эд хөрөнгийг зөөвөрлөхдөө гэм хор учруулсан гэм буруутай байх тул Г.Гын эд хөрөнгөд учирсан хохирлыг нотлогдож байгаа хэмжээгээр буюу 267,720 төгрөгийг хариуцагч Х.Гаоос гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлээс 6,178,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

4.2. Нэхэмжлэгч нь ...Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2и байр, 34 тоотод байрлах, 61.8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 6 сарын хугацаанд бусдад түрээслүүлсэн бол 6,000,000 төгрөгийн хохирсон гэж нэхэмжлэлйин шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

 

Хариуцагч нь Г.Гын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2и байр, 34 тоотод байрлах, 61.8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц цахилгааны тасалсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, 14/2и байрны СӨХ-ийн дарга Х.Гат хандсан 02/07/2326 дугаар албан бичигт ...айлын эрчим хүчийг цахилгаантай холбоотой бус шалтгаанаар тасалсан байгаа нь Эрчим хүчиний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна... гэж дурдсан нь Х.Га хууль бусаар нэхэмжлэгчийн эрчим хүчийг тасалсан буруутай болохыг нотолж байна.

 

Тэнхлэг зууч ХХК-ийн дүгнэлт гаргаж ирүүлсэн байх ба уг дүгнэлтэд ... орон сууц хөлслөх зах зээлийн дундаж үнийг 1,080,000 төгрөг гэж тодорхойлжээ.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.

 

Эрчим хүчийг хэрэглээг таслах нь хэрэглэгчийн хэвийн амьдрах нөхцлийг алдагдуулах нэг хүчин зүйл тул зөрчигдсөн эрхийг сэргээх бололмжгүй тул нэхэмжлэгч нь нэг сарын орон сууц хөлслөх гэрээний жишиг үнэ 1,000,000 төгрөгөөр тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирол шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар тасалсан эрчим хүчийг залгуулах талаар нэхэмжлэгч идэвхитэй үйлдэл хийхгүйгээр 6 сарын хугацаа өнгөрснийг харгалзан шүүх гэм хорын хохирлыг 50 хувиар багасгаж, хариуцагчаас 3,000,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

4.3. Хариуцагч Х.Гаоос гэм хорын хохиролд 3,267,720 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г, Ч.Б нарт олгож, 9,177,480 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нийт хангаж, 9,177,480 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/03395 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Х.Гаоос 3,267,720 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г, Ч.Б нарт олгож, 9,177,480 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,080 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Гаоос улсын тэмдэгтийн хураамжид 67,233 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г, Ч.Б нарт олгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Г.Гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,080 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД  Ш.ОЮУНХАНД

 

С.ЭНХБАЯР